5.05.2020

Хятан нар

Хятан нар өнөөгийн Өвөр Монголын дорнод хэсэг болон Манжуурын талаас гаралтай нүүдэлчин ард түмэн юм. Хятан нарын тухай нангиад бичлэгийн уламжлалаар бичсэн түүхийн бүтээлүүдээс 6-р зуунд бичигдэж дууссан “Умард Вэй улсын судар”-т анх “чидань” хэмээх нэр бүхий 4-р зууны үеийн нүүдэлчдийн улс төрийн нэгдлийн тухай гарч байх агаад үүнээс улбаалан хятан нарын тухай өдий төдий мэдээллийг Сүй, Тан, Сүн, Юань улсын үеийг хүртэлх хятад хэлээр үлдэж хоцорсон түүхийн сурвалжуудад өмнөхөөсөө хуулбарлах буюу дээр нь нэмж зүйх байдлаар бичиж үлдээсэн байна.
Харин умар Вэй улсын (386-535) түүхэнд “хятан” нэрээр тун тодорхой өгүүлэгдэж буй тэдгээр ард түмэн түүнээс өмнө ямар түүхтэй байсан, чухамдаа тэд хэн байсан тухай өнөөгийн бидний мэдлэг хомс. Эрдэмтдийн судалснаар хятанчууд дунхугийн аймгийн холбооноос гаралтай сяньбийн нэг салбар байсан, НТӨ 3-р зууны эхэн үед хүннүчүүд дунхугийн холбоог ялж, бутаргах үед дунхугийн холбоонд багтаж байсан бусад аймгуудын хамт өнөөгийн Өвөр Монголын зүүн хойд орон тийш ухран нүүсэн болохыг мэдэж болно.

Дорнод Хан улсын үед Хүннү улс мөхөн задарсны дараа сяньби нар Шар мөрний хавьцаа үлдэж хоцорсон хүннүчүүдийг багтаах болсон тухай түүхэнд бичсэнийг үзвэл сяньбийн угсааныхны дотор хүннүтэй зэрэгцэн юйвэнь, күмоси, хятан нарын өвөг дээдэс оршин байжээ. Ямартай хятан нар НТ-ын 2-р зуунаас дунхугийн холбоонд багтажбайсан бүлгээс гараотай дорнод сяньбийн юйвэнь аймгийн нэг хэсэг байсан нь мэдэгдэж байна. Нэн хожуу үеийн сурвалж болох “Шинэ Тан улсын судар”-т дурдсанаар хятадын гурван улсын үед буюу “Цао Вэй хааны Чинлунгийн (233-237) үед аймгийн толгойлогч Кэбинэн тэрслэн боссонд Южоугийн захирагч Ван Шёнд алагдав. Доройтон буурсаар тэд Хуаншүй голын өмнөд, Хуанлун голын умардад дутаав. Юань Вэйн (Умар Вэй) үед хятан нэрийг авчээ” гэж тэмдэглэжээ.

Гэвч энэ  үед хятан нэрээр дурдагдсан аймгийн дотор сяньби, хүннү аль аль аймгууд багтаж байсан тул хятанчууд чухам ямар байдалтай, юугаараа ялгаатай, хэн байсан нь тодорхойгүй.

Харин “Умар Вэй улсын судар”ын мэдээгээр сяньбийн өөр нэг хүчирхэг аймаг болон тодорсон Түрүү Янь улсыг (337-370) үндэслэн байгуулагч Муюн Хуан (297-348) газар нутгаа тэлэх бодлого баримтлан зүүн тийш дайн хийж, 344 онд цэргээ удирдан юйвэнь нартай байлдан ялахад юйвэнь нь гурван аймагт салж бутарсны нэг нь шивэй, удаахь нь күмоси, харин гуравдахь буюу күмосийн томоохон хүчийг хятанчууд бүрдүүлж байжээ.Түрүү Янь улс түүний залгамжлагч Хожуу Янь улс болон Баруун Янь улсын эхэн үеийг хамарсан харьцангуй тайван энэхүү 45 орчим жилийн турш күмоси-хятан аймгууд улс төрийн эвсэл байгуулан оршин тогтнож байжээ. Энэ үед сяньби гаралтай аймгууд цөм өнөөгийн ӨМӨЗО, Шаньси, Хэбэй, Гирин, Ляонин мужуудыг дайран өнгөрөх Ляо голын сав газар оршиж байсан байна. Тус мөрөнд цутгах Шар мөрний сав дагуух тал хээрийн бүсэд хятанчууд, мөрний дунд, доод хэсгээр күмоси нар хятанчуудын зүүн зүүн умард этгээдэд, харин нэлээн алсхан Хөлөнбуйрын баруун хэсгээр шивэй аймгууд нутаглаж байв. Энэ үеийн хятанчуудын нутаглаж байсан газрыг сурвалжид Сунмо гэж тэмдэглэсэн байх ба энэ нь өнөөгийн ӨМӨЗО-ны Халуун голын умард этгээдийн Хэшигтэн хошууны өмнөд хэсэг, Онниуд хошууны баруун хэсэгт дүйх Шар мөрөн, Лууха голын эхэн хавьцаа болохыг эрдэмтэд тогтоожээ.

388 онд күмоси Хожуу Янь улсын Муюн Чүй (384-395) болон табгачийн Умар Вэй улсыг байгуулагч Тоба Гүй (371-409) нарт цохигдоход хятанчууд күмоси нараас салж, зүүн хойт зүгт Шар мөрөн, Лууха голын бэлчирт шилжин сууж, бие даан оршин тогтнох болсон энэ үеэс нахиадад бие даасан угсаатны бүлэг болон танигдах эхлэл тавигджээ.
Хятан нэрийн утга гарал үүслийн тухай Фэн Жяшэнгийн таамаглалаас гадна хятад эрдэмтдийн дунд хоёр ч өөр таамаглал байна. Эхнийх нь Тайваний хятад судлаач Жао Жэньжи хэл шинжлэлийн үүдснээс таамаглал дэвшүүлж “хятан” (хитан) гэх үгний эхний ханз хи болбоос “сяньби” –тай дуудлага ойролцоо сонсогдоно, харийн сүүлийн ханз тан нь “газар” гэсэн утгатай тул “сяньбийн газар” газар гэсэн утгатай үг гэж тайлбарлажээ.

Харин хоёрдохь таамгийг хятан судлаач японы эрдэмтэн Отаги Мацүо, хятадын эрдэмтэн Фэн Жичинь нар дэвшүүлж түүх археологи, хэл шинжлэлийн үүднээс тайлбарласан байна. Тэдний үзсэнээр хятанчуудыг анх 6-р зууны эхэн үеийг хүртэл хятад хэлний сурвалжуудад xidan хэмээн нэрлэж байсан бөгөөд үүнийг си-гийн хүмүүс буюу күмоси нартай төстэй, си нарын дунд амьдардаг хүмүүс гэсэн утгаар хэрэглэж байжээ. Үүнийг нотлох хоёр дурсгал байгаагийн нэг нь Ваньфо агуйн археологийн дурсгал болно. Ляонин мужийн Чаоян хотын харъяа И сянаас баруун хойт Далин голын баруун эрэгт орших энэхүү дурсгалт газрын баруун талын агуйд 499 оны Вэй улсын түүхэнд холбогдох нэгэн бичээс байдаг агаад түүнд сидань буюу си-гийн хүмүүсээс ирсэн элч нарын тухай дурддаг. Мөн 11-р зууны эхээр Сүн улсын үед бичигдсэн “Цэфү юаньгүй” хэмээх тайлбар толь бичгийн 96 дахь ботид Тан улсын хаан Шэньзун 810 онд сиданы төлөөлөгчдийг хүлээн авч зэрэг дэвийнх нь дагуу өнгөт торгоор шагнасан тухай бичсэн байна. Тэгэхээр хятанчуудыг Умард Вэй улс болон түүний дараа сяньбийн удмын нүүдэлчдийн байгуулсан Умард Ци улсын үед күмоси нартай төстэй, нэг угсааны боловч овог аймгийн хувьд ялгаатай гэсэн утгаар “”си”-гийн хүмүүс” хэмээн хятанчуудыг нэрлэж, хожим тэр нэр хятан болон гэж үзжээ.

Хятаны хөшөөний бичээсүүдийн бичвэрт хийсэн сүүлийн үеийн судалгааны үр дүнд хятанчууд өөрсдийн улсыг gita.un/gita.un.i/gita.i хэмээн нэрлэж байсан ажээ. Харин хятан гэх нэр тухайн үеийн болон хожмын янз бүрийн үндэстэн угсаатны тогтвортой хадгалагдан үлдсэн нэршил болжээ. Энэ нэршил өнөөгийн улс орнуудын хэлэнд хятад/китай гэх шилжсэн утгат үгээр идэвхтэй хэрэглэгдсээр байна.

Эрдэмтэд бичгийн сурвалжийн мэдээнд үндэслэн 4-р зуунаас Ляо улс байгуулагдсан 907 оныг хүртэлх үеийг Хятанчуудын төр улс байгуулахын өмнөх үе хэмээн нэрлэдэг. Энэ үеийг 3 үед хуваадаг.
1.344-628 оны үе буюу эртний аймгуудын үе
2.628-730 оны үе буюу Дахэ аймгийн холбооны үе
3.730-907 оны үе буюу Яонянь аймгийн холбооны үе
"Монголын эртний түүх"

No comments:

Post a Comment