7.29.2014

Бага газрын чулуу

          

Дундговь аймгийн Бага газрын чулуу нь Дэлгэрцогт сумаас баруун хойш 35 орчим км зайтай бий. Эргэн тойрон тэгш талаар хүрээлэгдсэн  байгалийн өвөрмөц энэхүү боржин тогтоц нь  урт нь 15 км өргөн нь 10 гаруй км үргэлжлэх ба хамгийн өндөр цэг нь далайн түвшнээс дээш 1768м өндөрт өргөгдсөн Тахилгын хавцал юм.
Бага газрын чулуунд түүхийн янз бүрийн үед хамаарах 200 гаруй булш хирэгсүүр бий мөн сонин содон  хэлбэртэй хад цохио элбэг. Ажиглаад явбал бүхий л зүйлийн амьтан нэрлэж болно.

Бага Газрын Чулууны их хөндийн зүүн хойд төвд жижгэвтэр чулуун толгодын ёроолд Жаргалантын агуй бий. Энэ нутагт ганц ямаатай хөгшин суудаг байгаад ямаа нь агуй руу орж алга болсон тул араас нь орж, дахин эргэж гарч ирээгүй гэж домоглодог ба агуйд дахин хүн оруулахгүйн тулд 3 метр орчим яваад нарийхан хэсэгт нь таглаж битүү болгосон хэмээн ярьцгаадаг.
Жаргалантын агуйгаас 1 км орчим зайд хавтгай  элгэн хадан дээр зориуд өрөмдсөн мэт харагдах хагас метр орчим гүн нарийнхан
цооног нүхэнд хурын ус тогтсоныг
нутгийнхан Нүдний рашаан гэж нэрлэдэг. Нүдний өвчин, харалган хүмүүст ач тустай гэдэг. Үнэхээр сонин, яг л хүн өрөмдсөн нүхэлсэн мэт.

Бага газрын чулуун Сөдөтийн амыг урьд өмнө сөд өвс элбэг ургадаг байсан учраас ийнхүү нэрлэжээ. Эл амны чулуун хавцал дунд ургасан улиасан төгөлийн дунд 300 гаруй жилийн өмнө хоёр лам даяанчлан сууж, тус тусын гэрийг барихдаа уулын бяцхан горхийг гэрийнхээ дундуур урсаж байхаар байрлуулж, гэрээсээ гаралгүй ус авч цай хоолоо зэхдэг байжээ.
Лам нарыг өөд болоход нь туурвисан бүтээлүүдтэй нь зэрэгцүүлэн эл хавьд бунхалсан гэдэг. Сөдөтийн аманд нэгэн хийдийн туурь байх бөгөөд түүнийг Ловончомбын хийд гэдэг. Мэргэн мөр хэмээн алдаршсан цорж лам бясалгал хийх үүднээс эл сүмийг бариулсан гэдэг. Хожим эрдэмтэн лам Зава Дамдин хэсэг суурьшин бүтээл туурвиж байжээ



7.28.2014

Урианхай аймгийн Сүбээдэй баатар

Чингисийн үнэнч дөрвөн нохос буюу дөрвөн хошуучийн нэг Сүбээдэй баатар.

1176 онд төрсөн тэрээр Зэлмэ жанжны адил Урианхай аймгийн нэг салбар Жарчигудай урианханы хүн бөгөөд 1189 онд Зэлмийн дүү Чагурхайн хамт Жамухаас салж Тэмүжиний  дэргэд ирснээс хойш Их Монгол улс байгуулагдах хүртэлх бүхий л тулалдаанд идэвхийлэн оролцож 1206 онд наян найман гавъяатны тавин нэгдүгээрт шагнагдан мянганы ноён болсон.

Сүбээдэй баатар мэргэдүүдийн үлдэгдлийг Чуй мөрөн хүртэл хөөн устгаж явсан ба 1211 Чингис хаан Алтан улсыг дайлахад тэрээр Хуанжу балгасыг түрүүлж эзэлсэн тул нэг тэрэг бөс бараа алт мөнгөөр шагнагдаж явжээ.

1219 онд Чингис хааны баруунш хийсэн аян дайнд Зэв жанжны хамт хоёр түмэн цэргээр Хорезмын султан Мухамедийг нэхэн дарж Азербайжан, Гүрж, Армени, Орос, Болгар, Кипчакуудтай байлдан гялалзтал ялж  түмэн газрыг туулан гайхамшигт аяныг хийн 1224 онд Чингис хаантай нийлж өрнө дахинаас олзолсон түмэн агтаа өргөсөн гэдэг.

1225 оны их хааны сүүлчийн аян дайн, Тангудын эсрэг дайнд оролцож 1227 онд Чингис хааныг нас эцэслэхэд түүний шарилыг Сүбээдэй нар хамгаалан нутаг буцжээ.

Өгөөдэй хааны үед монгол цэргийн захирагч жанжин болж Толуй ханыг даган урагш довтолж 1233 онд Алтан улсын өмнөд нийслэл Бянлян хотыг эзлэн хааных нь ураг төрөл тайж хатдыг олзолсон байна.
Түүний бас нэгэн гайхамшигт  аян дайн бол 1235 онд монголоос баруунш хоёрдохь удаагаа хөдөлсөн “Ахмад хөвгүүдийн дайн” юм. Энэ дайнд Сүбээдэй баатар Бат хааны хамт гайхамшигийг үзүүлж Европын төв хүртэл аялж Орос, Унгар, Польшуудыг дарж Легницийн талд Герман Чехийн рыцаруудыг бутцохин, Адриатикын тэнгисээс морьдоо усалж явав. Энэ дайн Өгөөдэй хаан нас барснаар зогссон юм.

Монголын гарамгай жанжин Сүбээдэй 1246 онд Гүюг Монгол улсын их хаан болох хурилдайд оролцоод Туул гол дахь гэртээ ирсний дараа 1248 онд далан гурван насандаа нас нөгчсөн гэдэг. Тэр Номхон дөлгөөн далай Атлантын далайн хооронд 60 гаруй тулаанд ялж явжээ

7.26.2014

Урианхай аймгийн Зэлмэ жанжин

Чингис хааны амийг гурвантаа аварч, түүний хүү Тулуйн амийг аварч явсан дөрвөн хүлэг баатарын нэг урианханы Зэлмэ.

Зэлмэ бол Жарчигудай өвгөний хүү бөгөөд түүний дээдэс бол Бодончарын барьж авсан эм Жаржигудай Атанхан Урианхжин гэгчийн гэдсэндээ тээж явсан хөвүүн болно. Тиймээс харь овогтон ч их хаанд өөрийн хүчийг харамгүй зориулсаар түүний чухал дотно, итгэлт нөхдийн нэг болсон байна.

“Монголын нууц товчоо”-нд Чингис хаан:
Жарчигудай өвгөн үлээх хөөргөө үүрч өчүүхэн хөвгүүнээ дагуулж, Бурхан халдун уулнаас бууж ирээд, Ононы Дэлүүн болдогт намайг төрөх цагт булган өлгийг өгөв. Түүнээс хойш ч босго хатавчны боол, өрх үүдний өмч болж өдий төдий тусыг хүргэв. Булган өлгийд төрсөн буянт нөхөр минь, хамт төрөөд хань болж өссөн хайрт нөхөр Зэлмэ минь чамайг есөн удаа осол гаргахад буруушаан яллахгүй хэмээн зарлиглажээ.
Зэлмэ бол ёс дэх мянганы ноён билээ.

Рашид-дины мэдээгээр Зэлмийн угсааны урайнхай мянгатууд их хааныг онголсон Бурхан халдуны их хоригийг өөрсдийн хүчээр хамгаалж иржээ. Хожим энд мөн Тулуй хан, Мөнх хаан, Хубилай хааны ч их ясыг тавьсан байна.

Ороо гөрөөсний уталга болсон
Омогт дайсны зүрхийг чичрүүлсэн
Унах морь үгүй болоход унаа авчирч өгсөн
Ундаасан цангах цагт уух дарс өгсөн
Сэргэг бага нойртой
Сэцэн мэргэн ухаантай
Улс төрийн төлөө урьд цагаас зүтгэсэн
Урианханы сайн Зэлмэ минь (Лу.Алтан товч)

                                                              хэмээн их хааны магтан дуулсан Зэлмэ жанжин.

7.16.2014

Барулас аймгийн Хубилай ноён

“Монголын нууц товчоо”-нд Хабич баатрын хөвүүн Мэнэн тудун бvлгээ. Мэнэн тудуны хөвүүн Хачи хvлvг, Хачин, Хачиу, Хачула, Харалдай, Хачиун, Начин баатар эд долоо. 

Хачи хvлvгийн хөвүүн Хайду, Намулун эхээс төрсөн.

Хачины хөвүүн Ноёгидай нэртэй бvлгээ. Ноён шиг авиртай тул ноёхон овогтон болов.

Хачиугийн хөвүүн Баруладай нэрт бvлгээ. Их биетэй ба идээ барах ховдог тул Барулас овогтон болов.

Хачулагийн хөвүүн бас идээ барах ховдог тул их барула, өчүүхэн барула гэдэг хоч нэртэй болж, улмаар эрдэмт барула, тодойн барула тэргүүтэн бүгд барулас овогтон болов хэмээн гардаг.

Чингисийн үнэнч сайн нохой мэт дөрвөн баатрын нэг Хубилай барулас овогтон. Тэр 1180 онд Жамуха Тэмүжин хоёрыг салахад Чингис хаантай нийлж 1189 онд Хар зүрхний хөх нуурын дэргэд Тэмүжин хамаг монголын хаан болоход Хасарын хамт хэвтүүлүүдийн ахлагч илдэчийн тушаалд томилогдон хааныг хамгаалж байв.

1202 онд Татаартай хийсэн дайнд Алтан, Хучир, Даридай гурав цааз зөрчсөн тул Чингис хаан Хубилай ноёныг явуулан олзолсон зүйлсийг хураалган олонд түгээж байж. 1204 оны намйныг дарсан Наху гүны байлдаанд ч идэвхийлэн оролцжээ.

1206 онд их монгол улс байгуулагдсаны дараа Хубилай наян найман гавъяатны наймд шагнагдаж байсан ба Чингис хаан түүнд:

"Чи хvчтэний хүзүүг мушгиж,
бєхчүүдийн бєгсийг шороодуулж єгєв. Одоо Хубилай, Зэлмэ, Зэв, Сvбээдэй та
дєрвүүл сайн нохой мэт итгэлтэй нөхөд мєн. Та нарыг хаана ч илгээвэл,

Хvр гэсэн газар хvрч
Хvр чулууг хэмх цохиж
Халд гэсэн газар халдаж
Хад чулууг хага цохиж
Цэгээн чулууг бутартал
Цээлийн улсыг цалгитал
Ниргэж нядалж явав.

Хувилай, Зэлмэ, Зэв, Сvбээдэй дєрвєн нохойгоо зорьсон газартай явуулаад,
Боорчи, Мухулай, Борохул, Чулуун дєрвєн хvлэг баатраа дэргэдээ авч,
хатгалдах єдєр хамгийн түрүүнд урууд, мангудын цэргийг Жорчидай Хуйлдар хоёроор
толгойлуулан мордуулбал сая миний сэтгэл бvрнээ амардаг билээ" хэмээн хэлсэн ба мөн:

"Хубилай чи цэргийн vйл бvгдийг ерєнхийлєн захирч бай" гэж соёрхон зарлиг болж байжээ.

Мөн “ Бидvгvн, их дуулгаваргvй тул би буруушааж, мянганы ноён болгосонгvй. Чи түүнийг
сургаж vз. Тэр чамтай зєвшиж нэг мянганыг захирч явтугай. Бидvгvнийг хойш ямар
болохыг бид vзье" хэмээн Хубилайд зарлиг болгожээ.

1208 онд Хубилай ноён хааны зарлигаар цэрэг дайчилж Харлагуудыг дагуулсан ба Харлагийн Арслан хан 1211 онд Хэрлэнгийн хөдөө арал дахь хааны их ордонд ирж бараалхсан байдаг. Үүний дараа удалгүй Хубилай ноён үхсэн гэдэг.

7.15.2014

Их газрын чулуу

Монголын их боржингийн  бүсийн хамгийн их хэмжээтэй хэсэг нь Дундговь аймгийн Говь- Угтаал, Гурвансайхан сумдыг дамнан орших Их газрын чулуу юм. Их газрын чулуу нь хойноос урагшаа чиглэлтэйгээр 20 орчим км үргэлжилсэн 2 хэсгээс тогтох бөгөөд хамгийн өндөр цэг нь хойд хэсгийн Ерлөг уул ДТД 1706 метр өргөгдсөн. Их газрын чулууны боржин цохио нь ухаа ягаан өнгөтэй, том ширхэгтэй талстуудаас бүрдэх ба тууш, босоо, хөндлөн янз бүрийн хагарлуудтай. Их газрын чулуу нь хурц шовх оргил, үлдэц хадан цохио бүхий өвөрмөц тогтоцтой үзэсгэлэнтэй газрын нэг билээ. Энд өвгөн чингис хад, Лусын эзэн, Хаан, хатан хоёр, Загасны ам, Эхийн умай хад зэрэг гадаад

хэлбэр төрхөөрөө нэрлэгдсэн байгалийн өвөрмөц тогтоц бүхий хад чулуу элбэгтэй. 



Их газрын чулууны орчимд салхин ба халалт хөрөлтийн гаралтай багавтар хэмжээний 10 гаруй агуй байдаг. Их газрын чулууны  Өлзийт Сүмбэр уулын урд хэсэгт тусгаар орших боржин цохионд үүссэн хэд хэдэн агуй байгаагийн томоохон нь Тоонотын агуй юм. Агуйн ам гаднаас харахад 2.8 м өргөн, 1.4 м өндөр тэгш өнцөгт байдалтай. Агуйн өндөр цаашлахад нэмэгдэж 2.8 м болно. Нийт урт нь 27м бөгөөд агуй төгсгөл хэсэгтээ орой дээрээ цоорхой учраас "Тоонот" гэж нэрлэжээ.

Мөн Агуйтын агуй гэж 11.4 м урт хонгилтой агуй Тоонотын агуйн хадны ар шилд боржин цохионы баруун урагш харсан хажууд байна. Өөрөөр хэлбэл Агуйт, Тоонот хоёр нь нэг боржин цохионы ар, өвөр хэсэгт байрлах ажээ. Энэ агуйн 2.2 м өргөн, 5.2 м өндөр зууван амсартай, агуйн мухар руу өндөр нь намссаар төгсгөл хэсэгтээ 1.6м болдог.

Тоонотоос зүүн тийш 1.4 км зайд орших боржин цохио бүхий  уулын өвөр элгэнд, боржин цохионы дундаас дээш хэсэгт байрлах бас нэг жижиг агуй байгааг Өлгийн агуй гэж нэрлэдэг. Агуйн өргөн 5 м, урт нь 7.5 м бөгөөд өндөр нь агуйн амнаас цааш нэг намсаад дахин өндөрсөж төгсдөг. Дээр үед энэ агуйд ном судар их байсан гэдэг. Агуй байрлаж буй хадан цохионууд нь харгана, шаваг, буйлс

7.08.2014

Чингисийн есөн өрлөг

“Чингисийн есөн өрлөгтэй өнчин хүүгийн цэцэлсэн шаштир” хэмээх уянгын зохиолд есөн өрлөгийг нэрлэсэн байдаг. Сүлдэсний Сорхон шар, Жалайрын гуа Мухулай, Зүрчидийн Чу мэргэн, Аралудын хөлөг Боорчи, Уриаханы Зэлмэ, Бэсүдийн Зэв, Ойрадын Хара Хиру, өргөмөл хүү Борохул бас Шихихутуг.

Саган сэцэний “Эрдэнийн товч”-д  есөн өрлөг тэргүүлэн хүчээ өгөгсөд гэж тэмдэглэсэн байдаг бол Лу. “Алтан товч”-д Чингисийн дотоод есөн сайд хэмээн гардаг.

“Монголын нууц товчоо”-нд Чингис хаан дотоод есөн сайдаа дагуулан ан хийж яваад 300 тайчуудыг дарсан тухай өгүүлсэн хэсэгт сайдуудаа магтан хэлэхдээ Зүрчидийн Чу мэргэн хэмээдэг.  Энэ хүн Зүрчидийн Алтан улсын түшмэл кидан угсааны Елюй Чусай мөн бол тэр 1215 оноос монгол улсад хүчээ өгсөн бөгөөд Монголын нэгдсэн улс байгуулахад гар бие оролцоогүй ба тайчуудыг дарахад мэдээж байхгүй байсан  нь тодорхой. Ойрадын Хара Хиругийн тухай тодорхой мэдээ үгүй.

Чингисийн есөн өрлөгийн тухай бас нэгэн хувилбар бол дөрвөн нохос буюу дөрвөн хошууч Хубилай, Зэлмэ, Зэв, Сүбээдэй  дөрвөн хүлэг Боорчи, Мухулай, Борохул, Чулуун хоёр манлай Мангуудын Хуйлдар, Уруудын Зүрчидэй нар.

1203 онд Хуйлдар нас барснаас хойш есүүлээ өрлөг жанжны үйлдлийг үзүүлж байсан байна. Чингис хаан нэгэнтээ “Дөрвөн сайн нохосоо зорьсон газраа явуулаад, дөрвөн хүлэг баатраа дэргэдээ авч, хатгалдах дайны тэргүүнд Хуйлдар, Зүрчидэй хоёрыг мордуулбаас сая миний сэтгэл амардаг бөлгөө” хэмээн хэлж байжээ.

  

7.06.2014

Их нарт

Их нарт  байгалийн нөөц газар бол Дорноговь аймгийн баруун хойд хэсэгт Айраг, Даланжаргалан сумын заагт 43 мянган га газрыг хамран оршдог.

Их нартын сүрлэг хадны тогтцууд нь Дорноговь аймгийн баруун хойд цөлөрхөг хээрийг чимэхийн зэрэгцээ элдэв төрлийн амьтад үүрлэн нутаглах гол үндэс болдог.  Дэлхий дээрх хамгийн том уулын хонь болох сүрлэг сайхан угалзаас өчүүхэн жижигхэн орог зусаг хүртэл янз бүрийн хөхтөн амьтан энд бий.

Хар сүүлт, цагаан зээр ч элбэг амьдардаг. Хотны бүгээхэй, зээрд шонхор тохиолдоно. Идлэг шонхор, начин шонхор, сохор элээ, шилийн сар, цармын болон талын бүргэд зэрэг махчин шувуу, ялангуяа нөмрөг тас олноор үүрлэнэ. Хөхтөн амьтан, хэвлээр явагчдын 40 гаруй зүйл, 120 гаруй зүйлийн жигүүртэн шувуу Их нартад амьдарч буйг судлаачид тогтоосон байна.

Таана, хөмүүл, хайлс, цагаан бургас, алтан харгана, лидэр, алтан үндэс, монгол буйлс, морин зээргэнэ, цайны бут, зээрийн ундаа, чихэр өвс, мангир, барагшун зэрэг 120 гаруй нэр төрлийн эмийн болон эмийн бус ургамал, эмэнд ордог 10 гаруй төрлийн чулуу бий.

Мөн энд янз бүрийн өвчин анагаах чадалтай Халзан-Уулын рашаан зэрэг рашаан усны нөөц ихтэй.
Их нартад Хульхан ам, Шинэ усны ам, Хөх усны ам, Элсний ам, Бургасны ам гэх мэт булаг, модтой үзэсгэлэнт газрууд байхаас гадна Нартын хийдийн туурь, хадны оршуулга зэрэг түүх, соёлын дурсгалт газар олон.

Их нартад ердөө 250 метрийн зайнаас аргаль хонийг харж болох нь гадаад, дотоодын аялагч жуулчдын сэтгэлийг хамгийн ихээр татдаг бөгөөд ийм боломж дэлхийд маш цөөхөн газарт л байдаг билээ.