6.18.2019

Хар булган дах

Лян улсын түүхэн мэдээгээр 515 онд Жужанчууд Вэй улсад элч илгээн хар булган дах барьжээ. 520 онд өөрсдийн бүтээгдхүүн бүхий алба барьсан элчийг дахин илгээсэн байна. Яваандаа Жужанчууд жилд хоёр удаа зун цагаар Тоба Вэй улсад элч илгээж хар булган дах мэтийн ангийн үнэт үслэг эдлэл бүхий бэлэг барьдаг болжээ.

Хар булган дахаар алба барьсан тохиолдол үүнээс өмнө хэд хэдэн удаа давтагдсан байна. Тухайлбал, Жужаны Ижин хаан 477 онд, Богд хаан 508 онд захидлын хамт тус тус хар булган дах барьж байсан байдаг. Жужанчууд ийнхүү удаа дараа хар булган дах барьж байсан нь нутгийн гаралтай бүтээгдхүүнд ихээхэн хүндтэй байр эзлэхийн дээр үнэ цэнэтэй байсныг дам харуулна.

Энэхүү хар булган дах нь Жужанчуудаас эхлэн Монголчуудын төр ёсны уламжлал болон гадаад харилцааны чухал хэрэгсэл болон төлөвшиж тогтсон нь хожим Түмэжин, ван хан Тоорил нарын харилцаагаар илэрч харагддаг.
“Монголын эртний түүх” ном, гутгаар дэвтэр “Жужан”

6.17.2019

Жужан (Нирун) улсын төгсгөл


552 онд Амгай хааныг тэнгэрт хальсны дараа түүний хүү Амаржин Умард Ци (549-577 он) улс руу зугтан оджээ. Амьд үлдсэн Жужанчууд Амгайн эцгийн бага дүү Дэншуцзыг өргөмжлөн удирдагч болголоо. Удалгүй түрэгийн хаан Түмэн нас барж, түүний сууринд хүү Коло нь Исиги хаан цолтойгоор суусан ба тэр Жужаны Дэншуцзы хаантай Му Лай ууланд тулалдан ялсан байна. Гэвч түрэгийн Коло хаан нас эцэслэв. Ингээд Коло хааны дүү Кигинь Муюй хаан цолтойгоор сууринд суужээ.

Үйл явдал ингэж өрнөжээ. Амгайн хүү Амаржин явахдаа үеэл ах сэлифа цолт Дэнчжу болон түүний хөвгүүн Годойн албат нарыг авч явсан. Зугталгүй үлдсэн Жужанчууд  552 онд Дэнчжугийн хоёрдугаар хөвгүүн Тибэдийг өргөмжлөн удирдагчаа болгосон байна.

553 онд Умард Ци улсын хаан Вэн Суан Ти, Дэнчжу болон түүний хөвгүүн Годой нарыг нутагт нь буцаажээ. Удалгүй Тибэд хааныг Хятан нар довтлон хороосны дараа Жужанчууд Дэнчжу сэлифаг өргөмжлөн удирдагчаа болгов. Гэвч өндөр тэрэгтний Афути нарын эрчүүд түүнийг хороож, Годойг хаан ширээнд суулгасанд түүнийг эсэргүүцэгчид Амгайн авга ах Дэншуцзыг хаанд өргөмжилсөн бөгөөд ийнхүү Жужан улс нэгэн үе хоёр хаантай болсон байна.
553 оны сүүлээр Түрэгийн удирдагч Коло Жужан улсад довтолж, ялалт байгуулснаар Годой хаан албат нарынхаа хамт Умард Ци улсад очиж хорогдоход Умард Ци улсын хаан Түрэгүүдийг довтлон хөөж, Жужанчуудыг ивээлдээ аваад зогсохгүй Годойг алж хаан ширээнээс буулгаад, Амгайн хүү Амаржинг Жужаны хаан болгож, бэлэг сэлт болж, хорогдож хоолохыг нь хариуцсан байна.

Гэвч удалгүй 554 оны 3 сард Амаржин хаан Умард Ци улсын эсрэг босоход Ци улсын хаан Вэнь Сюань өөрийн биеэр цэрэглэн Амаржинг ихэд дарсан ч түүнийг олзолж чадсангүй. Мөн энэ үед Жужанчууд түрэгүүдтэй хэд дахин байлдсан ч ялагдал хүлээсээр байв.

554 оны 4 сард  Жужанчууд дахин Умард Ци улсад довтолсон ч цохигдон ухарчээ. Ци улсын цэрэг тэднийг араас нь мөшгөн хөөж, Амаржин хааны эхнэр хүүхэд тэргүүтэй 3 түмэн хүнийг олзлон авсан байна. Амаржин хаан сураггүй алга болжээ. Энэ үеэр Жужаны Ичжань дархан  Баруун Вэй улс руу довтолсон ч мөн ялагдан хэдэн мянган хүнээ алдав.

Үүнээс хойш 554 оны 5 сард Умард Ци улсын хаан Вэнь Сюань умард зүг довтлон Жужаныг бутцохисон.
554 оны 6 сард 5 түмэн цэрэгтэй байсан Жужанчууд аймаг олноороо дорно зүг рүү нүүж, өмнө зүг рүү дайран орохыг завджээ. Ци улсын Вэнь Сюань хаан урьдаас бэлтгэлтэй байсан тул сонин хэлбэрийн халхавч бариулан байлдснаас ихэд ялжээ.

Амаржин хаан сураггүй алга болсноос хойш Жужаны цорын ганц удирдагч болоод байсан Дэншуцзы хаан, түүний талын Жужанчуудыг Умард Ци улсын хаан 555 оны 6,7 сард довтлон, тэдний селифа цолт Айяньди, Лоуади, Тутоуфа нарыг 2 түмэн иргэдийн хамт олзолж, хэдэн буман үхэр, хонь дээрэмджээ. Ялагдан доройтсон Жужаны язгууртан Лицзяти гэгч өөрийн аймгийн хамт Умард Ци улсыг дагав.

Үүний дараа түрэгийн Муюй хааны довтолгоонд ялагдал хүлээсэн Дэншуцзы хаан 1000 гаруй өрх иргэдээ дагуулан Баруун Вэй улсын нутагт зугтан очжээ. Энэ тухай сурвалжид: “Жужан Түрэгт шахагдан бүх улсаараа дагаар орохыг хүссэнд Ли Би цэрэг дагуулан тэднийг угтсан. Шувууны өдөөр сүлжин хийсэн асар бүхий бүрээ гишгүүр, цан хэнгэрэг болон ихэд хүндэтгэн хүлээж аваад янз бүрийн торго дурдан 6000 толгой шагнажээ” гэжээ.    

Гэвч энэ үед Баруун Вэй улсыг Умард Ци улсаас хамгаалах гол өмөг түшиг нь Түрэгүүд болж байсан учраас түрэгийн Мухань хаан Баруун Вэй улсад удаа дараа элч довтолгон Жужанчуудыг хядахыг шаардан шахалт үзүүлж байлаа. Баруун Вэйн хаан Табгач, Ко Чжоу Вэнь хатны ятгалгаар хүндэтгэн хүлээж авсан Дэншуцзы хаан тэргүүтэй 3000 хүнийг олзлон Түрэгийн элч нарт өгчээ. 

Тэднийг Чаньань хотын Цинмэнь хаалганы гадна толгойг нь цавчин цаазалсан бөгөөд эрийн цээнд хүрээгүй хүүхдүүд харин энэ цуст хядлаганд өртсөнгүй. Тэднийг Баруун Вэйн хаан хан хөвгүүд болон бэйсүүдийн гэрт зарц боол болгон өгчээ. Энэ үйл явдал 556 онд болсон бөгөөд Жужан улс бүр мөсөн мөхсөн байна.

6.11.2019

Жужаны (Нирун) сүүлчийн хаан Амгай


520 онд Чуну хааныг үхүүлсний дараа түүний эх болон язгууртнууд Чуну-гийн дүү Амгайг хаанд өргөмжиллөө. Амгайг хаан суугаад дөнгөж арваадхан хонож байхад сылифа тушаалтай үеэл ах Шифа нь хэдэн түмэн цэргээр довтлов. Амгай дүү Ицзюйфа-гийнхаа хамт цөөн цэрэгтэйгээр зугтаж 520 оны 9 сард Вэй улсад хоргоджээ.

Энэ үед Вэй улсын төрийн хэргийг хатан хаан Ху явуулж байсан бөгөөд 520 онд хунтайж Юань И хааны ордонд төрийн эргэлт хийж, хатан хааныг баривчлан, шоронд хийгээд байв. Ийнхүү улс төрийн хямралд хүч нь суларсан Вэй улсын эрх баригчид Амгайг хүндэтгэн хүлээн авчээ.
520 оны 10 сард Тоба Вэй улсын Сицзун хаан ордондоо Амгайд зориулан хүндэтгэлийн их найр хурим хийжээ. 

Найр өндөрлөх үед Амгай сөгдөн ёсолж хэлэхдээ “Түшмэг бидний дээдэс Их Вэйтэй гарваль нэгтэй билээ“ хэмээхэд Вэйн хаан “ үүнийг бид сайн мэднэ” гэсэн байна. Амгай “Бидний дээдэс өвс усыг даган малаа бэлчээрлүүлж, говиос хойш нутаглаж байсан. Элэнц хуланцаас эхлээд бидний дээдэс үеийн үед умард нутаг, уул усаар зааглагдсаар байсан боловч, баярласан сэтгэлээ илэрхийлэх гэж мөрөөдсөөр байгаад өнөөг хүрсний учир нь гэвэл өндөр тэрэгтэн нар бослого гарган манай түшмэг улсад самуун дэгдээсэн болохоор элч мордуулан үнэнч сэтгэлээ илэрхийлж чадаагүй билээ. Хэдэн жилийн урьд өндөр тэрэгтэн нарыг аажмаар түвшитгэж, түшмэг улсын ёсоор хүндэтгэл үзүүлэхээр Гунгули зэрэг хүнийг Вэй улсад элч болгон илгээсэн. Ингээд Цао Даочжи умар зүг элчээр очиход би,  хаан суусан миний ах бид, танай зарлигийг хүлээн авахаар таван том түшмэл илгээсэн. Ах бидний уг санаа таны сонорт хүрээгүй байтал өндөр тэрэгтэн нар дахин довтолсны учир манай улсад, өөдгүй түшмэд самуун дэгдээн, ахыг минь алаад, би өргөмжлөгдөөд ердөө арав хоног болон, хаан таны ивээл хайр тэнгэр шиг уудам болохоор хааны зарлигийг дагахаар танай оронд яаран сандруу хөнгөнөөр даган оров” гэхэд 
Вэйн хаан “ та хэлмээр байгаа зүйлээ бүгдийг ярьсангүй, ярих зүйл өшөө бий. Цааш нь яригтун гэхэд Амгай “Миний гэр оронд зовлон тохиолдсон учир хөнгөнөөр ордонд дагаар ирэв. Хөгшин ээж минь түмэн газар алслагдан тэнд үлдлээ. Харъяат иргэд салж сарнив. Эзэн хаан та бидэнд энэрэл үзүүлж, цэрэг агт морь гаргаж тусалбал би нутаг буцан, самууныг даран, сарнисан олноо хураан, хөгшин эх минь амьд ахул уулзан золгож, үхсэн ахул өшөөг авч ачийг хариулах болно. Миний бие хэрэв тэнд үлдсэн олноо хураан дагуулж чадваас дөрвөн улиралд алба тасралтгүй барих болно” гэжээ.

Вэй улсынхан Амгайн үгийг дагаж түүнд хурдан шуурхай дэмжлэг үзүүлсэнгүй. Харин цаг хожин саатуулж, Амгайд “Умардын хошой гүн, Жужаны ван” цол олгож, түшмэлийн хувцас тэрэг өгчээ.

Энэ үед Амгай ч Тоба Вэйн хааны ордонд дэмий цагийг нөхцөөсөнгүй. Вэйн хааны ордонд 520 оны 12 сард Амгайг нутаг буцаах эсэх талаар зөвлөгөөн болж, түшмэдүүдийн санал хуваагдахад Амгай цэрэг захирагч зайсан Юань Ча-г 100 жин (3 кг гаруй) алтаар хахуулдан умард зүг буцах зөвшөөрөл гаргуулж чаджээ. Ийнхүү Тоба Вэйн ордонд Амгайг дэмждэг бодитой хүчин бий болов.

Харин энэ үеэр Жужан улсад Амгайгийн үеэл ах Шифа нь түүний эх хийгээд хоёр дүүг нүднээс далд болгосон байв. Үүний хойно Нагай хааны хүү Бракман хэдэн түмэн цэргээр Шифаг довтлон бут цохиход тэрээр дидоуюйн хэмээх нэгэн аймагт зугтан очоод алагджээ.

521 онд Бракман Мохоожих гэх өргөмжилсөн нэртэй хаан суулаа. Шинэ хаан тодорсон энэ үед Амгай Вэй улсын хаанд дахин бараалхаж шадар нөхдийнхөө хамт нутаг буцахад туслахыг хичээнгүйлэн гуйсанд Вэйн хаан зөвшөөрчээ.

521 оны цагаан сараар Амгай буцах болоход Вэйн хаан Сицзун ордондоо хүлээн авч, эх зохиогч түшмэл Му Би-гээр зовлон зүдгүүрийг нь хуваалцсан уран үг хэлүүлж, харийн хийцийн хүн ба морины хуяг хос, морь ба хүний төмөр хуяг 6, мөнгөн утсаар ороосон иштэй, адууны цагаан хялгасан мончоготой жад 2, улаан доллоготой иштэй адууны цагаан хялгасан мончоготой жад 10, хар доллоготой иштэй дадартай жад 10, торгоор бүрсэн нум, сумтайгаа 2, сувдан доллоготой хадран модон нум, сумтайгаа 6, хар доллоготой нум, сумтайгаа 10, тус бүр мэстэй улаан  доллоготой бамбай 6, мэстэй хар доллоготой бамбай 6, улаан доллоготой бөмбөр эвэр 20 гэх мэт эд зүйлсийг ихээр бэлэглэж, хилийн тойрогт хүргэж өгөх зарлиг буулгасан байна.

Харин Амгайг аян замд гарахаас өмнө Вэй улсын бүс нутгийг хамгаалах жанжин Ян Зунь хаандаа бараалхаж “Жужан улсын дотоодод ах дүүсийн тэмцэл улам ширүүсэж байна. Хаан ширээнд  шинэхэн суусан Бракман ах Шифагаа алсан. Тэр Амгайг нутагтаа буцаж очиход таатай байхгүй нь мэдээж. Хэрэв Амгайг нутагт нь буцахыг тэд зөвшөөрөхгүй бол орогнуулсан Тоба Вэй улсын нэр хүндэд үлэмж харшлах нь гарцаагүй. Тиймээс Амгайг нутаг буцахад нь тусалж, түүнтэй хамт цэргийн томоохон нэгтгэл илгээх нь зөв” хэмээжээ.

Жанжны өргөн мэдүүлснийг сонссон Вэйн хаан Сицзун Амгайн талаар Жужаны хаан ямар бодолтой байгааг мэдэх зорилгоор өмнө нь тус улсад элчээр очиж байсан Деюань Цзюйчжэнийг 521 оны 2 сард Жужан руу илгээв. Бракман элчийг тоомсоргүй байдалтай хүлээн авсан боловч Вэйн элчийн хамт өөрийн 6 том түшмэлийг 2000 цэргийн хамт илгээжээ. Харин Амгай сэжиг төрүүлсэн ийм нөхцөл байдлыг дүгнээд шууд нутаг буцахаас түдгэлзсэн байна.

521 онд өндөр тэрэгтний ван Ифу Жужанчуудын дотоод тэмцлийг далимдуулан Бракман хаан руу гэнэт довтолсонд тэрээр 10 аймаг дагуулан Вэй улсын Лянчжоу мужид зугтан очиж амь гарсан байна. Ийнхүү Жужан улсын хоёр хаан хоёулаа даган ирсэнд хэрхэх тухай Вэй улсын хааны ордонд томоохон зөвлөгөөн болжээ. Вэй улсын томоохон түшмэл эзэн хаандаа “Бидний сонссоноор Хан улс (МЭӨ 206-МЭ 220 он) умард өмнөд шаньюйг тогтоосон. Цинь улс (265-420 он) баруун, зүүн хоёр хуваагдан бие биенийхээ эсрэг сөрөн байж, тус орны хувьд хэрэм болон гай зовлонгоос хамгаалсаар байсан. Тиймээс Амгайг өрнө зүгт Тужосицюань нутагт, Бракманыг Сихай мужид суулган, тус тусынхаа харъяат нараа захиран, тарсан сарнисан улсаа цуглуулаг. Амгай дөнгөж нутаглаж байгаа болохоор Шоучжоу муж 200 тонгорцог маалингат будааг түүнд тэмээгээр илгээх, Бракман хил дотор Сихай мужид байгаа болохоор хэрэглэл, хамгаалал Амгайтай адилгүй байх ёстой” гэсэнд Вэйн хаан Сицзун зөвшөөрчээ.

522 онд Бракман хаан зугтан очиж амь хорогдсон Лянчжоу муж руугаа халдахад Вэйн хаан цэрэг илгээж олон удирддагчдыг нь хороожээ. Харин Бракман хаан үлдсэн хүн ардаа хураан Вэйн эсрэг тэмцсээр өөрийн эгч дүү гурван эмэгтэйг хатан болгож авсан Эфталит улсад очихоор явсан боловч баригдан олзонд байхдаа 524 онд Доян хотод  үхжээ. Бракман хааны мэдэлд байсан цэргүүд Амгайн цэрэгтэй нийлж түүний хүчийг ихээр нэмэгдүүлэв.

522 онд Амгай нутагтаа буцан ирээд Вэй улсаас тариалах хар будааны үр гуйн авч байсан бөгөөд 523 онд Жужаны ардууд өлсгөлөнд нэрвэгдэн Вэй улсын зах хязгаарыг тоноход Вэйн хаан Сицзун түшмэл Юань Фу-г учир явдлыг мэдэж ир гэж илгээжээ.  Гэтэл Амгай түүнийг олзлон авч, цэргүүдээрээ олон зуун мал сүрэг дээрэмдүүлэн, хойд зүг туулгаж одсоныхоо дараа Юань Фу-г суллан явуулжээ. Вэйн улсын хаан их жанжин Ли Чунг буман цэрэг захируулан Амгайг хөөлгөсөн боловч гүйцээгүй байна.

525 онд Амгай Вэй улсын хааны гуйлтаар Вое цэргийн тойргийн өндөр тэрэгтэн Полюхань Балин гэгчийн толгойлсон бослогыг буман цэрэг удирдан очиж дарж өгснөөр Жужан, Тоба Вэй улсын харилцаа нааштай болов. Вэйн хаан тусгайлан элч илгээн Амгайд үлэмж хэмжээний бэлэг барьжээ. Жужан улсын дотоодод амар тайван болж,  ардуудынх нь амин зуулга нь өсөн хүчирхэгжин Тэнгэрт мэндтэй гэх өргөмжилсөн нэртэйгээр Амгай дахин хаан сууринд суулаа.

Тоба Вэй улсад 524 оноос улс төрийн дотоод тэмцэл хурцдаж, шоронд байсан хатан хаан оргож, дахин улс орноо мэдэх болсон ч эхийгээ төрийн хэргээс зайлуулах гэсэн хааны санаархал эцэстээ түүний болон эхийн аминд хүрч 528 онд Вэй улс шинэ хаантай боллоо. Торгоны замд хяналтаа  Эфталитуудад алдсан Вэй улс болон Өндөр тэрэгтэн аймгуудын хүчийг сулруулсан Жужан улсуудын хоорондын хүчний харилцаа өөрчлөгдөж, олон талаараа нүүдэлчдэд ашигтай болж ирэв.

528 онд Амгай Вэй улсын гуйлтаар хойд хилийнх нь тойрогт гарсан бослогыг дарж өгчээ. Энэ үеэс Жужан улс  нэгэнт Вэйн улсын хараат байхаа больж, Вэй улс Жужанчуудыг өөртөө дайсагнуулахгүйн тулд хуучин бодлогоосоо ухарч, тэднийг бие даасан хөрш улс хэмээн хүлээн зөвшөөрчээ.

532 онд Амгай хаан Вэй улсад элч илгээн ууган хүүдээ бэр гуйлгасанд  Ланъу гэгч гүнжээ өгөхөөр шийдсэн ч Вэй улсын дотоод улс төрөөс шалтгаалан биелсэнгүй. Удалгүй Тоба Вэй улс нь Зүүн Вэй (534-550 он) Баруун Вэй (534-581 он) улс болон хуваагдлаа. Ингээд Жужаны байр суурь үлэмж өссөн ч 533 онд өндөр тэрэгтэн нар өрх тусгаарлажээ.

Зүүн Вэй улсын хаан Жужан улстай найрсаг харилцаатай байхыг чармайж байв. 534 онд Амгай Зүүн Вэйд элч илгээн худ ураг болохыг санал болгоход Зүүн Вэйн хаан зөвшөөрч, Мэй Леань гэдэг гүнжийг өгөхөөр амласанд Амгай бэр гуйхаар очихдоо 1000 адуу тууж очжээ. Мөн өөрийн охиноо Зүүн Вэйн Ци Сяньу ванд өгч, торго зэрэг үлэмж бэлэг авчээ. 534 онд Зүүн Вэйн элч Жужанд, 537 онд Жужаны элч Зүүн Вэйд зочилж, харилцан бэлэг солилцож байлаа.

Энэ үед Баруун Вэй улс нь  Зүүн Вэй улс Жужанчуудтай дотно болж байгаад болгоомжлон нэг түшмэлийнхээ охиныг гүнж хэмээн зарлаж, Амгайн дүү Дарханд хатан болгон өгчээ.

537 онд Амгай хаан Зүүн Вэйн элч Ян Чаныг баривчлан, Баруун Вэйн элч Жо И-д тушаажээ. 537 оны 3 сард Амгай хааны 13 настай охин Лоян хотод ирж, Баруун Вэй улсын Вэньди хааны Вэн Дяо нэрт хатан болж өргөмжлөгдсөн байна. Вэньди хаан өөрийн авааль хатанаа гэлэнмаа болгосон ч байнга холбоотой байхын тулд үсийг нь авалгүй хэвээр нь үлдээжээ. Ингэж Амгай хаан Зүүн, Баруун Вэй улстай хоёулантай нь худ ураг болж, жил бүр бэлэг авах болов.

538 оны 5 сард Амгай хаан Зүүн Вэй улс руу халдаж, урьд нь баригдсан өөрийн элч Вэньдоуфа нарыг нэгэнт алагдаа биз гээд Зүүн Вэйн элч Юань Чжэнг барин авч алжээ. Гэтэл Зүүн Вэйн хаан Амгайг аргадан тайтгаруулахаар өөрийнх нь элч Вэньдоуфа нарын мэдээг хүргүүлэхээр Жужаны элч Луньуцзюйг гэдрэг буцаахад Амгай хаан ихэд бодлогоширон ичэнгүйрч байсан гэдэг.

539 онд Жужанчууд Зүүн Вэйд халдахад Зүүн Вэйн хаан Амгай хааныг тайтгаруулж, ихээхэн хэмжээний бэлэг илгээж байв.

540 онд Жужанчууд Гаоли (Солонгос) улсын тэргүүн Пу Ти-г ялж, улсыг нь мөхөөв. Харин эдгээр жилүүдэд буюу 537-546 онуудад хоёр Вэй улс хоорондоо тасралтгүй байлдаж, харин Жужан улсын нэр нөлөө улам өсөн нэмэгдэж байв. Л.Н.Гумилев энэ үеийг “Жужаны цуст алдар нэрийн сүүлийн туяа” хэмээн нэрлэжээ.

Баруун Вэй улсын хаан Вэньди өөрийн гэлэнмаа болсон хатантайгаа холбоотой байсан хийгээд Баруун Вэйд очсон Амгайн охин сэжиг бүхий үхсэн явдлыг Зүүн Вэй улсын хаан Шэнь-У овжин ашиглаж, Чжан Хуйцзуныг Жужанд элчээр илгээхдээ “ Таны охиныг Вэньди хаан, түүний гэлэнмаа эхнэр Чжоу Вэнь хоёр алсан. Тэд бас хааны холын садан Юань И-гийн охин 
Хуа Чжэн гэдэг хуурамч гүнжээр танайтай ураг барилдсан. Бас өрнө зүг довтлон Шар мөрнийг гатлахаас чинь өмнө агт нь өвс тэжээлгүй болж, урагш бүү яваг гэж гэлэнмаа хатан Чжоу Вэнь өвсийг шатаалгасан. Баруун Вэй улсынхан ийм л зальхай хуншгүй этгээдүүд. Зүүн Вэй бол жинхэнэ хууль ёсны улс учраас Жужаны төрд аюул тулгарахад манай улсыг түшин байж төрөө хамгаалж чадсан... Та нар урьдын энэрлийг минь санаж, найрсаг байхыг хүсч байгаа бол одоо манай улсын төр барьж буй тэнгэрийн хүүгийн хамгийн ойр төрөл гүнжийг танай улсад бэр буулгаж өгнө, цэрэг мордуулан самуун дэгдээгч боолыг залхаан цээрлүүлж, Жужаны хааныг доромжилсны өшөө хорслыг авах болно” гэж хэлүүлжээ.

Зүүн Вэйн хаан Шэньугийн айлтгалыг сонссон Амгай хаан том хурилдай хийж, Зүүн Вэйтай найрамдаж, 540 оны зун нь Баруун Вэй улсад халдав. Баруун Вэйн хаан Вэньди айн сандарч, хуучин хатан нь амиа хорлов. Хүчин мөхөс Баруун Вэй Жужан улсад 10 жин алт, 300 толгой торго өргөн барьж, худ ураг болохыг хүсжээ.

540 оны 8 сард Амгай Зүүн Вэйд элч илгээж хөвгүүн Амаржиндаа бэр гуйлгасан байна. Зүүн Вэйгийн хааны зарлигаар чаншань ван Чжи-гийн дүү охин Ле Анийг Ланлин Цзюньчан гүнж хэмээн өргөмжилж, Амаржинд хатан болгохоор 541 оны 4 сард сүр бараатай, их инжтэй хүргүүлсэн байна.

542 онд Амгай хаан өөрийн зээ Амаржингийн охиныг Зүүн Вэй улсын хааны есдүгээр хөвгүүн Чангуан гүн Чжэньд хатан болгохоор өгсөн ба зарим сурвалжид Шэнь-У хаан өөрт нь өгсөн гэдэг.

550 он хүртэл Амгай хаан хоёр Вэй улстай ураг барилдах талаар нийтдээ 7 удаа харилцаж байжээ. Үүнээс гадна тэр 536 онд өндөр тэрэгтний удирдагч Юэцюйд цохилт өгч Лян улстай найрсаг харилцаатай байх уламжлалт бодлогоо хэвээр хадгалж 528, 529, 538, 541 онуудад тус тус элч илгээн бэлэг хүргүүлж байлаа.

Амгай хаан 548, 549, 550 онуудад Зүүн Вэй улсад элч илгээн бэлэг хүргүүлж байсан бол 550 онд Баруун Вэйн элч Жужан улсад ирж, найрсаг харилцаа тогтоосон байна.

546 онд Жужан улсад довтлох гэж байсан өндөр тэрэгтний теле аймгийг түрэгийн удирдагч Түмэн бут цохиж, 50000 өрхийг нь эрхшээлдээ оруулан авчээ. Ийнхүү түүхийн тавцанд түрэгүүд баттай гарч ирлээ. Ингэж Жужаны төрд гавъяа байгуулан хүчирхэгжсэн түрэгийн удирдагч Түмэн, Амгай хаантай ураг барилдахыг гуйжээ. Амгай хаан маш их уурлаж, “Чи бидний төмөрчнөөс өөр хэн ч биш. Яаж бидэнтэй ингэж харилцах зориг гаргаж байна аа” гэжээ. 

Үүнийг сонссон Түмэн мөн ихэд хилэгнэж, хэл хүргэж ирсэн эрийг цохиж алаад, Жужантай бүх харилцаагаа таслан, улмаар Баруун Вэй улсад элч илгээн худ ураг болжээ.

552 оны эхээр Түрэгийн Түмэн Жужан улсад довтлон, хүчтэй цохилт өгч, олзлогдсон хаан Амгай ялагдалдаа хорсож, амиа егүүтгэжээ. Идэр залуу язгууртан Амгай хоромхон зуур хаан ширээнд сууж, эрх мэдлээ төдөлгүй алдаж, хайрт эхээ орхин хүний газар амь зулбан очсон. Тэрээр нэр төрөө умартан байж, Тоба Вэйн эрх баригчдаас дэмжлэг олж, эх нутагтаа эргэн ирж, олон бэрхийг туулан эргэн хаан ширээндээ сууж, Жужаны төрийг 30 гаруй жил захирч чадсан удирдагч байлаа. Гэвч түүний төгсгөл эмгэнэлтэйгээр дууссан. Хаанаа алдсан Жужаны төр ч дахин сэргэж чадаагүй билээ.


6.05.2019

Чуну хааны үеийн Жужан (Нирун) улс

Богд хааны орыг 508 онд түүний хөвгүүн Чуну залгамжилж (508-520 он) Төр бэх баттай гэх өргөмжилсөн нэртэй, оны цолоо мандан бадрах хэмээн нэрлэжээ. Чуну хаан 511 онд Вэй улс руу лам Хун Сюаныг илгээн сувдан бурхан бэлэглэснээс гадна 514, 517, 518 онуудад мөн элч илгээж байжээ.

Ингэж Вэй улстай найрсаг харилцаа тогтоож, урд зүгээс ирэх аюул заналыг түр намжааж байгаад 516 онд Өндөр тэрэгтэн нарыг довтлов. Чуну хаан тэдний эзэн Миэтуг олзлон авч догшин морьдын сүүлнээс чирүүлэн тасар татуулан хороож, гавлын ясаар нь аяга хийж эцгийнхээ өшөөг авчээ. 

520 он гэхэд Жужанчууд урд өмнө өөрийн захиргаанд байгаад өмнө зүг буруулан нүүсэн өндөр тэрэгтэн болон хөрш жижиг аймгуудыг бүгдийг нь эргүүлэн хурааж авснаар үлэмж хүчирхэгжсэн. Энэ үед Тоба Вэй улс ч Жужантай илүү найрсаг байхыг хичээх болсон байна.

Чуну хаан баруун зүг Эфталит улстай найрсаг харилцаа тогтоосон ба дараа нь харилцаагаа Жужаны гүнж, Эфталитын язгууртан хоёрын хуримаар улам баталгаажуулжээ. Харин зүүн зүгт манжуурын аймгуудыг довтолж, Вэй улсын Манжуур дахь нөлөөг ганхуулах зорилготой Гаоли (Солонгос) нартай холбоо тогтоосон. Мөн 515, 516, 520 онуудад Чуну хаан Лян улсад бэлэг хүргүүлсээр байв. 

Жужан нарын энэ хүчирхэг байдал удаан тогтоогүй нь Чуну хаанаас өөрөөс нь болжээ. Чуну хааны Цзухуй нэртэй хүү гэнэт алга болов. Бүх хүчээрээ хайгаад ч олсонгүй. Уинь овогт Фушэмоугийн гэргий Дивань гэгч удган байж. Урьд нь Чуну хаанд итгэгдсэн тэрээр “хүү тань тэнгэрт байна. Би дуудаж авч ирье” гэхэд Чунугийн эх хүүхдүүд бөөн баяр болжээ. Чингээд дараа жилийн намрын дунд сард том нуурын дунд асар босгож, долоо хоног мацаг барин тэнгэрт мөргөхөд Цзухуй гэнэт асарт бий болж, “би тэнгэрт байсан” гэж хэлжээ. 

Чуну төрийн хурилдай хийж Диванийг хатан болгон авч, нөхөр Фушэнмоу-г түшмэлээр томилон 3000 толгой мал соёрхжээ. Дивань бөөлөхөөс гадна нэн царайлаг учир Чуну нэн эрхэмлэн хайрлаж, түүний үгэнд итгэж, төрийн хэргээ бусниулж эхэлжээ. 

Хэдэн жил өнгөрч Цзухуй эрийн цээнд хүрэх үед эх нь болсон явдлыг асуухад Цзухуй “би байнга Диваний гэрт байсан. Тэнгэр дээр байсан гэдэг нь Диваний заасан үг” гэжээ. Цзухуйн эх үүнийг Чуну хаанд хэлэхэд “Дивань хэтийн явдлыг мэддэг учир түүний үгэнд итгэхгүй байж зохилдохгүй. Гүтгэлгэнд итгэх хэрэггүй” гэжээ. Чингээд Дивань айж, Цзухуйг Чунуд худал гүтгэн ховлосон ба хаан хүүгээ хилсдүүлэн сэм алуулжээ. Энэ явдал Жужан улсын хувь заяанд сэв суулгаж, язгууртан ноёдын хагарал, тэмцлийн үүдийг нээжээ. 

Чуну хааны засаглал суларч, дотоод тэмцэл ихэссэн энэ үед Чунугийн эх нь мохэ тушаалт Цюйфэнь, Лицзюйле нараар Диванийг бүтээж алуулан ач хүүгийнхээ өшийг авчээ. Чуну хаан үүнд хилэгнэн Цюйфэнь нарыг цаазлах зарлиг буулгасан боловч энэ үед өндөр тэрэгтэн нар довтолсонд тэрээр угтан байлдахаар явжээ. 

Тулалдаанд Чуну хаан ялагдан буцан ирэхэд эх нь том түшмэдүүдтэйгээ эвсэн түүнийг хороолгожээ. Хаанаа хөнөөсөн Чуну хааны эх, язгууртнууд түний дүү Амгайг хаанд өргөмжлөв.

Богд хааны үеийн Жужан (Нирун) улс


Нагай хааныг үхсэний дараа хөвгүүн Богд (506-508 он) Тархан гэх өргөмжилсөн нэртэй хаан сууж оны цолоо Энх төвшин хэмээн нэрлэжээ.

Богд хаан 506 онд хэси овгийн Улюбаг гэгчийг элч болгон Тоба Вэй улсад илгээсэн боловч хаан Сюань Ү ди өөрөө биечлэн хүлээн авалгүй, өөрийн шадраар угтуулан тосуулж “Жужан нарын өвөг дээдэс Шэлүнь хаан Тоба улсын дайсан байсан. Үүнийг үл тоон Тоба улс өнгөрсөнг мартан, Жужаны элч нарыг хүлээн авдаг байв. Харин өнөөдөр Жужан улс бууран доройтсон. Үнэндээ бидний улс хятадыг захирч, цэцэглэж буй иргэншлийн эзэн болсон. Зөвхөн улсын маань Ян зы голын өмнөд хэсгийн нутагтай холбоотой цөөхөн асуудал байгаа. Иймээс та нартай одоогоор хамтрах ямар нэгэн бодол алга” гэж хэлүүлжээ.

507 оны 12 сард Жужанд харъяалагдаж байсан өндөр тэрэгтэн аймгууд Вэй улсад дагаар орохоо илэрхийлжээ. Ийнхүү өндөр тэрэгтэн нар Жужаны эсрэг Тоба Вэй улстай холбоотон болов.

508 онд Богд хаан дахин элч илгээн Тоба Вэйн хаанд булган дах бэлэглэсэнд түүнийг авахаас татгалзжээ. Ийнхүү өндөр тэрэгтний эсрэг Тоба Вэй улсын дэмжлэгийг авах гэсэн оролдлого нь бүтэлгүйдсэн учир Богд хаан цэргээ авч мордон Пу Лэй хай нуурт өндөр тэрэгтний шинэхэн удирдагч Миэтутай тулалдаж эхний удаа дийлсэн боловч төд удалгүй Миэту Вэй улсын хаанаас тусламж авсан байна. Үүнийг Богд хаан мэдээд зугтсан боловч гүйцэгдэн Пу Лэй хай нуурт дахин тулалдаж тэдэнд бут цохиулжээ. 

Өндөр тэрэгтний толгойлогч Миэту Богд хааныг хороож, тоног авч, хуйхыг нь Вэйн хаанд хүргүүлжээ. Тоба Вэйн хаан ихэд баярлан хариуд нь иж бүрэн хөгжмийн зэмсэг, 80 хөгжимчин, 10 хуй хүрэн улаан торго, 60 хуй олон өнгийн торго бэлгэнд илгээжээ.

Ийнхүү Богд хаан 508 үхэхэд түүний хүү Чуну хаан ор залгаж эцгийн өсийг авч Өндөр тэрэгний эзэн Миэту-г догшин морины сүүлнээс чирүүлэн тасар татуулж, гавлын ясаар нь аяга хийж авсан байдаг.

Нагай хааны үеийн Жужан (Нирун) улс


Түлүн хааны авга ах Нагай (492-506 он) Хөг бүтээгч гэх өргөмжилсөн нэртэй 492 онд хаан сууж оны цолоо “Машид тайван” хэмээн нэрлэжээ. Түлүн хааны ялагдлыг Л.Н.Гумилёв Жужанчуудын дундад Ази дахь ноёрхлын төгсгөл гэж үзсэн байдаг.

Энэ үед Тоба Вэй улсад мөн томоохон өөрчлөлт гарч 493 оноос хятад эхтэй Вэй улсын хаан Хиовен маш хурдтайгаар Сяньби нарыг хятадчилах бодлого явуулж, сяньби хувцас өмсөхийг хориглож, 30 нас хүрээгүй түшмэдүүдийг хятад хэлнээс өөр хэлээр ярихыг хоригложээ. Мөн хятадын хан болон сяньби үндэстэнг гэр бүл болохыг албан ёсоор хүлээн зөвшөөрөв. Лоян хотыг нийслэл болгон урагшилсан 496 оноос тоба ёс заншил, тоба хэлийг хааны ордонд хориглосон нь Тобагийн язгууртнуудын хүчтэй эсэргүүцэлтэй тулгарчээ. 

Харин энэ хятадчилах бодлогодоо бүхий л анхаарлаа хандуулаад байсан Вэй улсын эрх баригчдын захиргаанаас Монгол угсааны кумоси буюу татаби аймгууд гарч Жужан улсыг дагалаа. Мөн 498 онд өндөр тэрэгтнүүд Жужанчуудын захиргаанд орсон байна. Хэдийгээр Вэйн эрх баригчид Жужанчуудын довтолгооноос холдож нийслэлээ нүүлгэж, хүн амаа өсгөж чадсан ч Жужан улсын эсрэг урьдынх шигээ хүчирхэг дайралт хийх боломжгүй болсон байв.

Нагай хааны төр барьсан 20 орчим жилийн турш Жужан болон Тоба Вэй улсын хооронд дайн тулаан харьцангуй цөөн болжээ. 501 оны намар Жужанчууд халдсан байдаг. 

504 оны 9 сард Нагай хаан 120 мянган цэргээр 6 замаар Вэй улсад халдахад Вэйн Цзопушэ тушаалт Юань Хэ Жужанчуудыг ухраажээ. Энэ тухай Г.Сүхбаатар өгүүлэхдээ Жужанчууд ийм олон цэргээр Вэй улсыг довтолсон тухай мэдээ хятадын төрийн түүхүүдийн Жужаны бүлэгт байхгүй, зөвхөн Вэй улсын бичиг, Вэйн түүхийн Юань Хэ-гийн намтарт л байна. Ийм олон цэргээр, 6 замаар замаар довтолсон мөртлөө ганц жанжны цэрэгтэй тулалдаад зугтсан гэх нь эргэлзээтэй гэсэн байдаг. 

Нагай хааны үед Жужанчууд анхны давхар хэрэмтэй Мөөмт хотыг (502-519 он) барьж байгуулж эхэлсэн байна. “Түрэг Монголын олон аймгийн ариун дагшин газар Өтүгэнийг Жужанчууд эзэлснээр бүс нутаг дахь нөлөөгөө улам нэмсэн билээ. Мөөмт хотыг одоогийн Архангай аймагт хайх хэрэгтэй. Учир нь Хүннүгийн нийслэл Лунчэнь хот Жужаны үед ч ач холбогдлоо алдаагүй ариун дагшин хэвээрээ байсан. Тиймээс энэ газрыг сонгох нь санамсаргүй хэрэг биш юм. Жужан улсад цохилт өгөх Умард Вэй улсын цэрэг Хангай нуруу хүрч зогссон нь ч санамсаргүй хэрэг биш” гэж Ю.И.Дробышев өгүүлсэн байдаг.

506 онд Нагай хаан нас барж, түүний хөвгүүн Богд хаан ор суужээ.

Түлүн хааны үеийн Жужан (Нирун) улс

485 онд Ижин хааны хөвгүүн Түлүн (485-491 он) Бүгдийн гэх өргөмжилсөн нэртэй хаан сууж оны цолоо машид түвшин хэмээн нэрлэжээ. Түүнийг “харгис хэрцгий, алан хядах донтой” хэмээн сурвалжид тодорхойлсон байдаг. 

Учир нь Вэй улстай найрсаг харилцаатай байх талыг баримталдаг, өмнө зүг үл довтлохыг ятгасан түшмэл Хонин, Шолохоу нарыг буруутгаж гурван үеэр нь хороожээ.

Жужанчууд 485 оны 12 сард Вэй улсад халдахад жэньчэн ван Дэн тэднийг няцаасан боловч 486 оны 1, 12 сард Жужанчууд Вэй улсад дахин довтолсон. 487 оны 8 сард Жужанчуудыг довтлоход Вэй улсын пиньюань ван Лу Шу 5000 морьт цэрэгтэй тосон няцааж, Шицу хүртэл хөөж, жужаны Чихэту жанжинг хэдэн зуун цэрэгтэй нь олзолсон байна. Гэсэн ч Жужанчууд 487 оны 11 сард мөн дахин довтолсон байна.

487 онд Жужаны Түлүн хаан эзний ёсоор өөрийн харъяат кумоси буюу татаби хийгээд өндөр тэрэгтний фуфуло аймгийн толгойлогч нарыг Вэй улс руу хийх довтолгоонд хамтрахыг шаардсан байна. Харин өндөр тэрэгтний фуфуло аймгийн толгойлогч Афучжило, түүний үеэл ах Цюнци нар бослого гарган бум гаруй өрхөө толгойлон өрнө зүг зугтан, Дорнод Туркестанаас баруун хойш очжээ.

488 оны 12 сард Жужаны И У-гийн цэргийн толгойлогч Гао Гао Цы нь 3000 хүнтэй, 489 онд Жужаны нэгэн аймгийн жанжин Чилюйцинь өөрийн хүмүүстэйгээ Вэй улсыг дагав.
Энэ үед өндөр тэрэгтнүүд Сэлэнгэ мөрнөөс баруун тийш Эрчис мөрний эх рүү очоод Афучжилог “Тэнгэрийн их хүү” буюу эзэн, Цюцийг дэд эзэн гэх утгатай хоубэй хэмээн өргөмжилжээ.

Тийнхүү Түлүн хааны харъяат өндөр тэрэгтэн нар өрх тусгаарлаж байхад 492 оны намар Тоба Вэй улс 12 жанжнаар удирдуулсан 70000 цэргээр Жужан руу довтлов. Гэвч Жужанчуудад хүчтэй цохилт өгч чадаагүй бололтой.

Вэй улсын цэргийн дайралтын дараагаар Түлүн хаан унаган албатаа хураахаар хоёр замаар их цэрэг хөдөлгөжээ. Түлүн хаан Цзюнь-зишань уулын умар талаас, авга ах Нагай нь Алтайн уулнаас гарч, хоёр чиглэлээр тулалдахад Түлүн хаан хэдэн удаа цохигдож, Нагай харин хэдэн удаа ялалт байгуулжээ.

Жужаны нийт язгууртнууд Нагайг тэнгэр ивээж байна гэж түүнийг хаан өргөмжлөх гэхэд Нагай: “Зарц байж чадахааргүй хүн эзэн яаж болох билээ” хэмээн цааргалахад язгууртнууд Түлүнийг эхтэй нь хамт хороож, Нагайд үзүүлснээр Түлүн хааны авга ах Нагай эзэн суув.

Ижин хааны үеийн Жужан (Нирун) улс


Тогочин хааны дараагаар түүний хөвгүүн Ижин (464-485 он)Золбоот хэмээх цолтойгоор эцгийн орыг залгажээ. Ижин хаан мөн Ашид амгалан гэж оны цолыг анх хэрэглэжээ. Тэрээр хаан ширээнд суусан даруйдаа улс төрийн хямралтай, сул дорой Тоба Вэй улсын бүс нутгуудад халдаж эхлэв.

Харин 468 оны 4 сард Татар хааны дүү, Жужаны зүүн гарын ноён Пили Тоба Вэй улсад элч нараа толгойлон очсон байна. Үүнээс удалгүй 470 онд Ижин хаан Вэй улс руу довтлоход хаан нь өөрийн биеэр 5000 шилдэг цэрэг дагуулан мордож тулалдаад 50000 хүн алж, 10000 хүн олзолж, тоо томшгүй зэр зэвсгийн олз омогтой Жужаны нутгийн гүнд ирж, очих 6000 мод газрыг 9 хоногт туулснаа гавъяа гэж үзэн чулуунд “умард зүг довтолсон магтаал” хэмээн сийлүүлэн үлдээсэн гэж сурвалжид гардаг. 

Харин энэ үйл явдлыг Вэй улстай дайсагнагч Өмнөд Ци улсын түүхэнд “Вэйн боолуудын эзэн Юань Хун (471-499 он) Жужанчуудыг түрэмгийлэн шахахын тулд пиньюань ван Цзя Лухунь, лунсян жанжин Ян Янь нарыг хэдэн буман морьт цэрэг толгойлуулан Жужанчуудыг довтлуулахад ихэд хүйтрэн, цас орсноос олон морьт цэрэг үхсэн” гэжээ. Үүнийг түүхч Г.Сүхбаатар илүү бодитой гэж үзсэн байдаг. Тэгээд ч 5000 цэргээр Жужанчуудыг тийм олноор нь хороож олзлон авах боломжгүй.

Хэдий дээрхи үйл явдлаар Жужанчууд ялагдсан мэт боловч сурвалжид: энэ үед Ижин хаан Ши юү буюу одоогийн Шинжаан дахь олон хотуудыг байлдан дагуулж, эрхшээлдээ оруулсан тухай өгүүлдэг. 470 онд Жужанчууд Хотаныг дээрэмдэж тоносон ч хүчирхэгжиж буй Эфталить улс тэдний довтолгооныг зогсоожээ. Ингэж Тэнгэр уул нь Жужанчуудын хил болсон бөгөөд тэдний Торгоны зам дахь нөлөө ч улам баталгаажжээ. 

471 онд Жужанчууд Вэй улсад хэд хэдэн удаа довтолж байсан бол 472 оны 2 сард Вэй улсын зүгээс цэрэг илгээсэн тул буцжээ. Мөн яг энэ үед чилэ-гийн дорнод аймгийнхан Вэй улсын эсрэг бослого гаргаж, Жужан улсыг дагасан байдаг. 

472 оны 6 сард Жужаны нэг аймгийн толгойлогч Цилучжэнь 3 түмэн морьт цэргээр Вэй улсыг довтлоход Вэйн жанжин Дохоу түүнийг няцаажээ. Мөн энэ үед Жужаны өөр нэг аймгийн толгойлогч Дуба Дуньхуан хавиар довтолж байв. 9 сард Жужанчууд Вэй улсад цөмрөн Уюань муж хүрэхэд эзэн хаан нь цэрэглэн тэднийг говийн хойно шахан гаргажээ.

473 онд Жужаны Адахань гэгч ноён 1000 өрх дагуулан Вэй улсад дагаж орсон бол мөн оны 7 сард Жужанчууд дахин Дуньхуан хавиар Вэйн хил рүү довтолж, 12 сард нь чилэ-гийн Жоусюань Вэй улсаас салж, Жужаныг дагажээ.

475 оны 5 сард Жужаны элч Вэй улсад бэлэг хүргэж ирсэн боловч мөн оны 7 сард Жужанчууд Дуньхуан хавиар довтолсонд Вэй улсын түшмэл Дуньхуан мужийг Лянчжоу муж руу нүүлгэх санал гаргасан байдаг.

475 онд Жужан улс Тоба Вэй улстай найрсаг хөрш байх үүднээс Вэйн хаанд ураг барилдах санал хүргүүлжээ. Гэвч Вэйн хаан бөөрөнхийлэн учир битүүлэг хариу илгээсэн тул 477, 478 онуудад Жужаны хаан ураг барилдах саналаа дахин дахин хүргүүлж, өөрийн шадар Ви Па хэмээгчээр агт морь, булган дах зэргийг барьж байлаа. Вэйн удирдагчид худ ураг болохыг зөвшөөрсөн ч гэрээ байгуулан хэрэгжүүлэлгүй хойш тавьж байв.

Жужан улс 463-478 оны хооронд Сун улс руу 8 удаа элч илгээн бэлэг хүргүүлж байсан нь Сун улсыг Вэй улсын эсрэг холбоотон болгож хамтран цохих зорилготой байсан ба энэ нь ч биелсэн байна. 478 онд Сун улс зайсан Су Даочэн, жанжин Ван Хунгуй нарыг Жужан улсад илгээж, Вэй улсыг хамтран довтлох хугацааг тохирсон байна.

Жужаны хаан Ижин 479 оны 8 сард 300000 морин цэргээ өмнө зүг илгээн Пинчэн хотод 700 мод газар ойртон очжээ. Тоба Вэйн цэрэг бэхлэлтээс гарч дайтаж чадахгүй байв. Тиймээс Ижин хаан Яньжаншань уулын хормойгоор ан хийж байгаад буцжээ. Энэ нь Вэй улсыг өмнөд талаас цохих учиртай Сун улсын төр солигдож, өмнөд Ци улс байгуулагдснаас Жужан улс Сун улсын хэлэлцээр бүтэлгүйтснээс болжээ. Гэсэн ч Жужан улс Вэй улсын эсрэг холбоотонтой болох хүслээ орхилгүй 480, 481 онуудад шинээр байгуулагдсан Өмнөд Ци улсад элч илгээж, бэлэг явуулж байв.

Тоба Вэй улс Жужаны довтолгооноос сэргийлэн хамгаалахын тулд түшмэл Гаолю хэмээгчийн гаргасан саналын дагуу 484 онд урт цагаан хэрмийг нэг сарын хугацаанд 6000 мод уртасгахаар төлөвлөжээ. Гэвч 485 онд Ижин хаан тэнгэрт хальжээ. Түүнийг хөвгүүн Түлүн (485-491 он) нь залгамжиллаа.

6.04.2019

Тогочин хааны үеийн Жужан (Нирун) улс

Энгүдэй хааны дараа түүний их орыг хөвгүүн Тогочин (444-464 он) Зөв гэх цолтойгоор эзлэн хаан суусан байна. 
449 оны эхэнд Вэй улс 3 замаар цэрэг хөдөлгөн Жужан нарыг довтолж ирэхэд Жужаны нэгэн толгойлогч болох Цюйши тушаалтан Эрмянь таба 1000 өрх айл дагуулан Вэй улсад дагаар оржээ. Харин хаан ширээнд суугаад удаагүй байсан Тогочин хаа нэг тийш зайлан одсон байна.

Мөн оны 9 сард Вэйн хаан өөрийн биеэр цэрэг авч Жужан улсыг 3 замаар довтлохдоо Гаочан ван На хэмээгч нь зүүн замаар, Ляоян ван Цзеэр хэмээгч нь дунд замаар мордоод, хааны цэрэгтэй Дифучы буюу Давст нууранд уулзахаар болзсон байна.

Гэтэл Жужаны Тогочин хааны цэрэг Вэйн жанжин На-гийн удирдсан цэргийг хэдэн арван давхар бүслэн авсанд На-гийн цэрэг хорогдох нүх ухан түүндээ ороод хэдэн хоногоор гарч байлдахгүй байсанд Тогочин хаан На-гийн цэрэг цөөн гэж бодоод, түүнд туслахаар цэрэг ирж болзошгүй гэж сэрэмжлэн, шөнө дунд бүслэлтээ татан зайлан оджээ. Тоба Вэй улсын На жанжин үндсэн цэргийн хүчээ хүлээлгүй Тогочин хааны хойноос 9 өдөр, 9 шөнө салалгүй нэхсэнд Тогочин хаан бүх тэрэг, бараагаа орхин, эрчүүдийнхээ хамт Циун Лун Лин нэрт ууланд зугтан гарч алга болжээ.

Жужанчууд 450 онд Сун улсад элч илгээн Вэй улсыг 2 талаас нь хавсайдан цохих санал тавьж хугацаагаа тохирсон байдаг.

458 онд Вэй улс 100000 морьт цэрэг, 150000 тэрэгтэйгээр Жужаныг довтлохоор хөдөлж, говийн хойно ирэх үед Тогочин хаан албат ардаа дагуулан аль хэдийн алс нүүдллэн одсон байжээ.

Харин энэ үеэс буюу 460 онд Жужанчууд 3-р зууны үеэс Тэнгэр уулын хойгуур нүүдэллэн Турфаныг хяналтандаа байлгаж байсан Хүннүгийн цзюйцюй аймгийн шинэ удирдагч болох Аньжоуг довтлон цохиж, түүний оронд Каньбочжоуг вангаар тавьсан байна. Үүнээс хойш Жужанчууд энэ бүс нутгийг 508 он хүртэл эрхшээж байлаа.

464 онд Тогочин хаан тэнгэрт хальж, түүний хөвгүүн Ижин сууринд суужээ.

Энгүдэй хааны үеийн Жужан (Нирун) улс


429 оны намар Татар хааныг нас барсны дараа түүний хүү Энгүдэй (429-444 он)Тэнгэрийн хэмээх өргөмжилсөн нэртэй хаан сууринд суужээ. Энэ үед Сяньби гаралт Тоба Вэй улс ихээхэн хүчирхэгжиж 430 оноос хойд хятадын нутаг дахь тусгаар улсуудыг нэгтгэх ажлаа эрчимжүүлсэн бөгөөд 431 онд Сиа улсыг, 436 онд Хойд Янь улсыг, 439 онд Хойд Лян улсыг эзэлж, Фу Жиан улсаас хойш хагас зуун жил хүрэхгүй хугацаанд Шар мөрний эргийн нутгийг нэгтгэж чаджээ.

Тиймээс Жужаны эрх баригчид Вэй улстай аядуу найрсаг харилцах бодлого баримталж байв. 431 онд Жужаны хааны элч Вэй улсын хааны ордонд бэлэг сэлттэй айлчилж ирснээс хойш 3 жил тэд хоорондоо дайн байлдаангүй амгалан тайван байжээ. Хоёр улсын хаад энэ харилцаагаа худ ураг барилдан улам баталгаатай болгон 434 онд Энгүдэй хаан Вэй улсын хаан Тай Вутигийн охин Сихай гүнжийг хатан болгон авч, хаан өөрийн ах тэргүүтэй хэдэн зуун хүний бүрэлдхүүнтэй элч илгээн 2000 агт бэлэг болгон хүргүүлсэнд Вэй улсын хаан ихэд талархаж, үнэтэй бэлэг сэлтээр хариу барьжээ.

Тоба Вэй улсын хаан Тай Вути Жужан улсын эсрэг холбоотон хайх зорилготой 20 хүнтэй элчийг Си-юу буюу Шинжаан руу илгээсэн нь Као чань хотын дэргэд Жужанчуудад олзлогджээ. Энэ явдалд Энгүдэй хаан дургүйцэн 436 оноос Вэй улсын хилд халдах болжээ. Тиймээс 438 онд Вэйн хаан цэргээ бөөгнөрүүлэн 3 замаар Жужан улс руу довтоллоо. Хаан өөрөө Тэнгэр уулыг чиглэн яваад түүний баруун талын Байфу уулан дээр гарч аялан явсан тухайгаа сийлэн тэмдэглээд Жужанчуудтай тааралдалгүй буцсан ч буцах замдаа Жужаны түмэн морьт цэрэгтэй тааралдан хөөгджээ. Тэр үед говиос хойш их ган болж, өвс ус ховордсон үе тул Вэй улсын цэргийн олонхи нь хангадаж үхжээ.

439 оны 6 сард Хүннүгийн цзюйцюй аймгийг Вэй улс довтлоход тэд Жужаны Энгүдэй хаанаас тусламж хүсжээ. Тиймээс Жужанчууд Вэйн нутагт халдаж, Энгүдэй хааны ах Цилегуй шилмэл морин цэргээр Цицзешань уул хүрэн Вэйн нийслэл Пинчэн хотод дөхөв. Харин Энгүдэй хаан өөрийн цэрэгтэй Тутуйшань ууланд Вэйн түшмэл Чансунь Даошэний цэрэгтэй тулалдсан байна. Гэвч Гавал (Иньшань) уулнаас хойш болсон тулалдаанд Жужанчууд ялагдаж Энгүдэй хааны ах Цилегуй мөн хааны авга ах Таулуху болоод 500 жанжин цэргийн хамт олзлогдож, түм гаруй цэргээ алуулан их хохирол амсжээ. Баригдсан Цилегуй “цзюйцюй нар биднийг баллалаа” гэснийг Энгүдэй сонсоод гэдрэг буцжээ.

Гэсэн ч энэ үед Жужанчууд урьдын адил хүчирхэг хэвээрээ байсан бөгөөд Энгүдэй хаан 439 онд баруун газрын орнуудад элч илгээн “Вэй улс аль хэдийн сул дорой болсон. Одоо ертөнцөд гагцхүү бид хүчтэй байна. Вэй улсын элч дахин ирвэл битгий хүндэтгэгтүн” хэмээн хэлүүлж байв. Учир нь Тоба Вэй улс 439 онд Хүннүгийн үлдэгдэл аймгуудыг довтлон Вэй улсын Хэси-д нэгтгэснээр Түрэгийн ашина аймгын харъяат 500 өрх Жужан улсыг даган орж төмрөөр алба өргөх болжээ.

Харин Вэй улс 439 онд олзлогдсон Цилегуйг 441 онд шофан ван болгон өргөмжилсөн нь Жужан улсын удирдагчдыг хагаралдуулж, заримыг нь өөртөө татах бодлого явуулж байсныг харуулна. 

440 оны үед Тоба Вэй улс Жужан нарыг бүрмөсөн цохиж, эзлэн авах бодлого хэлэлцэх үед ордны түшмэл Лю Цзе хаандаа “боолууд (жужанчууд) байнгын сууршил байхгүй, нүүдэллэн тогтворгүй байдаг. Урьд нь цэрэглэн халдаад барьж олзолсон юмгүй. Уудам тариагаа эрхлэн тариан сангаа арвижуулсан нь дээр байх” гэхэд олон түшмэл түүнийг дэмжсэн ч ганцхан Цуй Хао довтлох нь зүйтэй гэхэд хаан зөвшөөрсөн байна. Энэ үеэр буюу 442 оны 10 сард Жужаны элч Сун улсад очиж бэлэг сэлт хүргүүлсэн нь Вэйн довтолгооны эсрэг холбоотонтой болох зорилготой ажээ. 

Вэйн цэргийн хүчин 443 онд дайтахаар мордохдоо Өгий нуурт уулзахаар товлон болзсон боловч дайтахаас татгалзсан хэсэг түшмэд болзоот хугацаандаа ирэлгүй хожимдсон тул хааны цэрэг товлосон газартаа 6 хоног хүлээн саатах зуур Жужанчууд хэдийн зайлан холджээ. Тэдний хойноос Вэйн цэрэг Чулуутын гол хүртэл гэзэг даран нэхсэн боловч гүйцэж чадсангүй. Ингээд дайснууд буцах замдаа их элст говьд хоол хүнсээ баран, өлсөж цанган олон цэрэг мөн үхжээ. Мөн оны намар Вэйн хаан хөнгөн морьт цэргээр Жужан нарыг довтолсон боловч түүний Умардыг тохинуулагч жанжин Фэн Та урван, дайсандаа дагаар орсон тул довтолгоон амжилтгүй болсон байна. 

444 онд Вэй улс дахин Жужаны Энгүдэй хааныг гэнэдүүлэн довтолсон боловч тэр харъяат ардаа аван ул мөргүй зайлан одсон тул Вэйн хаан аргагүйдэн буцав. 444 онд Энгүдэй хаан тэнгэрт хальжээ. Түүний их орыг хөвгүүн Тогочин (444-464 он) Зөв гэх цолтойгоор залган хаан суужээ.

Татар хааны үеийн Жужан (Нирун) улс

414 онд Дэсүгэний ач хүү Татарыг Моуханьгэшэнгай хаан буюу “Ялгуусан хаан” цолтойгоор хаан (414-429 он) ширээнд залжээ. Татар бол Жаруны авга ах Пухуний хүү юм. Тэрээр эхлээд баруун газрын тусгай хүрээг захирч байв. Ард олныхоо итгэлийг хүлээсэн хүн байсан бөгөөд хэдийгээр хаан удмын юйцзюлюй ургийн хүн боловч хаан ширээг задгамжлагч асан Онгудайн удмын хүн биш юм.

Жужан улс Татар хааны үед үлэмж мандан бадарч цэрэг зэвсгийн талаар ч ихээхэн хүчирхэг болсон байна. Энэ үед Жужан, Тоба Вэй улсын хоорондын дайн тулаан ч улам ширүүсэж ирсэн үе аж.

414 оны сүүлээр Татар хаан цэрэг хөдөлгөн өмнө зүг мордож цагаан хэрмийн дагуух Тоба Вэйн суурингуудийг довтолж эхэлэхэд Тайцзу хаан цэргээ авч Жужанчуудын эсрэг сөрөг довтолгоо хийжээ. Харин Татар хаан говь өнгөртөл зайлан ухарчээ. Тайцзу хааны тушаалаар тэднийг шанъян хоу цолт Си Цзинь мөрдөн хөөсөн боловч ширүүн цасан шуургатай таарч, цэргийнх нь 10 хүний 2-3 нь осгож үхсэн байна.

418-419 онд Жужанчууд болон дундад азийн хүннүчүүд, юэчжи нарын хоорондын дайн тулаан дахин сэргэж жужанчууд Тарвагатайд нэвтэрч бүхнийг айдаст автуулсан тул юэчжи нарын удирдагч Цидоло тэдэнтэй хөрш зэргэлдээ байхаас татгалзаж, өмнө зүг зугтаажээ. Ингэж Татар хаан нутгаа баруун тийш тэлж, Тэнгэр уулын өмнө орших Хами хүртэл эрхшээх боллоо.

423 онд Татар хаан хоёр дахь удаагаа Тоба Вэй улсад халдан довтлоход тэд Жужан нарын довтолгооноос хамгаалахын тулд Цагаан хэрмийг өргөтгөн засаж, 2000 ли хэмжээгээр уртасгажээ. Мөн 423 онд Жужанчууд Умард Лян улсын цзюйцюй Мэн Сунийг цохин эвдэж, ашина аймгийг олзолж, Алтай уулын өвөрт суулган төмөр хайлуулах ажил хийлгэх болжээ. Ингэж Татар хааны үед түрэгүүд Жужан улсын харъяанд орсон байна.

423 оны 11 сард Татар хаантай хэлэлцээр хийхээр ирээд, бохир заваан хүмүүсийг хараад өөрийн шадар ноёдууддаа “ энэ нохой улсад айлчлахыг хүссэн намайг та нар хараад инээх ёстой биш үү” хэмээн доромжилсон Варвализ буюу буюу юэбань аймгийн вангийн араас цэрэг илгээсэн боловч гүйцээгүй байна.

424 оны намар Татар хааны цэрэг Юньчжуны нутагт довтлоход Вэй улсын Шицзу хаан өөрийн биеэр цэрэг авч мордоод 3 өдөр, 2 шөнө явж байж Юньчжуньд хүрч очиход ашигтай байрлал эзэлсэн Татар хааны морин цэрэг Шицзу хааны цэргийг даруй 5 давхар бүслэн авч хоморголоход морьдын толгой нь эгнүүлэн давхарласан шургааган хэрэм мэт сүртэй харагдаж байсан гэдэг. Гэвч нэг удаагийн дайралтанд Татар хааны үеэл дүү Юйчжицзинийг Тобагийн мэргэн харваач устгаснаас цэргүүдийн санаа сэтгэл унаж, энэ нь байлдааны явцад нөлөөлсөн учир Татар хаан цэргээ татан буцжээ.

424 оны 12 сард Тоба Вэй хаан 5 түмэн морин цэргээр Жужанчуудыг довтлоход Татар хаан умард зүг дутааж, Жужаны Могу ноён өндөрт тэрэгтний 5000 цэргээр Вэйн цэрэгтэй байлдсан боловч ялагдсан байна.

425 онд Вэй улсын эзэн хааны ордонд “Жужанчууд шувуу шиг гэнэт цугладаг, аюул тохиолдвол зэрлэг араатан амьтад шиг хурдан алга болдог. Их цэрэгтэйгээр тэднийг мөшгөн дарна гэдэг боломжгүй. Бага хүчээр араас нь явсан ч тэдэнтэй тулгарна гэдэг бас боломжгүй” гэсэн яриа гарсан ч Шицзу хаан 425 онд Жужанчуудын уулгалж довтлохыг зогсоохын тулд их цэргээ 5 зам болгон хувааж умард зүг морджээ. Энэ довтолгоонд Жужан улсаас Вэй улсыг дагасан Люйдафэй, Юэбодафэй нар оролцсон байна.

Вэйн хаан Шицзу говийн урд захад ирээд их хөсгөө орхиж, 15 хоногийн хүнс бэлтгэн хөнгөн морин цэргээр довтлоход Татар хаан гэдрэг нутгийн гүнд ортлоо зугтжээ. Энэ үед Жужаны зүүн гарын захирагч Татар хааны дүү Пили цэргээ ахынхаа цэрэгтэй нийлүүлэхээр явж байгаад Вэйн цэрэгт цохиулан баруун зүгт зугтсан ба Татар хаан ч энэ мэдээг сонсон гэр тэргээ шатаан баруун зүг зайлжээ. Вэй улсын хаан Татар хааныг үхсэн гэж олзны хүнээс сонсч, буцахдаа өндөр тэрэгтнийг довтлон сая гаруй адуу, үхэр, хонь олзлон дээрэмдсэн байна. Гэвч удалгүй Жужанчууд Татар хааны зарлигаар Вэй улсын хилд довтлох болжээ. Учир нь 427 онд Тоба Вэй улс Хүннүгийн үлдэгдэл аймгуудтай тулалдан ялагдаж, хаан нь шархдан олон цэргээ олзлуулаад байсан юм.

428 оны 8 сард Татар хааны хүү түм илүү морьт цэргээр Вэйн хилд халдан довтолж урагшлахад, Вэй улсын эрхшээлд ороод байсан өндөр тэрэгтнүүд тэдний өөдөөс довтлон хөөсөн байна.

429 онд Вэй улсын хаан бэлтгэлээ сайн хангаад, өөрийн биеэр 100 мянган цэрэг удирдан Жужан нарыг бут цохихоор довтлов. Тоба Вэйн цэрэг говьд хүрээд цэргээ хөнгөлж, хөнгөн морьт цэрэгтэйгээр гавшгайлан говийг гаталжээ. Татар хаан дайсны цэрэг улс орон луу нь довтлон ирж байгааг огт мэдээгүй тул ямар нэгэн арга хэмжээ авч чадаагүй байна. Дайснууд Хэрлэн гол хүрэх үед л Татар хаан мэдсэн бөгөөд гэр тэрэгнүүдээ шатааж, мөрөө буруулан албат нараа аван яаруу сандруу зугтжээ. Вэйн цэргүүд түүний ул мөрийг ололгүй хоосон хоцорсон байна.

Харин Жужан улсын зүүн хэсгийг захирч байсан Пили ахдаа туслахаар мордсон боловч Чан Сунханы удирдсан Вэйн цэрэгтэй тулгарч үлэмж хохирол амссан байна. Тус тулаанд Жужаны 100 гаруй ноёд язгууртнууд алуулжээ.
Тоба Вэйн хаан Шицзу өөрийн цэргийн хамт Хэрлэн голыг даган баруун тийш Татар хааныг мөрдөн 7 сар гэхэд Туул гол хүрээд, цэргээ жижиг ангиудад хуваан, ой тайгаар самналт хийснийг хятад сурвалжид зүүнээс баруун тийш 5000 мод, урдаас хойшоо 3000 мод өргөнтэй газар самналт хийсэн гэж тэмдэглэжээ.

Энэ үед Жужанчуудын хүчин суларсныг мэдсэн өндөр тэрэгтнүүд Татар хааныг довтолж, 3000 мянган эрчүүд болон тоолж баршгүй их зэвсэг, агт морь олзолсон байна. Жужаны ард олон тарж бутран уул хөндийд нуугдан, үхэр мал нь харах эзэнгүй талаар нэг бэлчиж байсан гэдэг.

Хүндээр ялагдаж, гашуун зовлонд унасан Татар хаан өвчин олж, улмаар 429 оны намар тэнгэрт хальжээ. Түүнийг амьд сэрүүн байх үеэс л албат харъяат, үр удмыг нь татарынхан гэж нэрлэж байснаас хожим Татар гэдэг Монголын томоохон аймгийн нэр болон түүхэнд үлдсэн байдаг. Татар хааны дараагаар түүний хөвгүүн Энгүдэй (429-444 он) Тэнгэрийн гэх өргөмжилсөн нэртэй хаан суусан байна.

Хөхлүд хааны үеийн Жужан (Нирун) улс

410 онд Тоба Вэй улсын Тай-цзу хаан Жаруны эсрэг гэнэдүүлэн довтлоход тэрээр зугтан зайлах замдаа нас баржээ. Энэ үед түүний хүү Дуба нь нас бага байсан тул нүүдэлчид Жаруны дүү Хөхлүдийг Айкугай кэхань буюу Вэй улсын хэлээр “сайхан шинжит хаан” цолтойгоор Жаруны орыг залгуулжээ. Хөхлүд хаан ор суугаад умардад Хэшуе эзэмшлийг нэгтгэн, зүүн тийш Биличэнь хүрээг довтолжээ.
Энэ үед Жужан улс нь гадагш дайн тулаан хийсэн талаар өөр баримт байхгүй бөгөөд хаан харьцангуй энх тайванч бодлого явуулж, элдэв зөрчлөөс аль болох зайлсхийж явжээ. 411 онд Жужаны Хөхлүд хаан элч заран Янь улсын Фэн Ба хааны охин Ло Лан гүнжийг гуйж, 3000 адуу өргөжээ. Фэн Ба түшмэдүүдтэйгээ зөвлөн, тэднийг эсэргүүцэхэд “охин хүн угаас нөхрөө дагах тавилантай. Мянган мод газар юуны хол билээ. Хаан би өөрөө бусдын заншлыг хүндэтгэдэг учраас яахин мэхэлж болох билээ” хэмээн зөвшөөрөн, 2000 морьт цэргээр хамгаалуулан охиноо Жужанд хүргүүлжээ.
Ийм холбоог Вэй улс сайшаагаагүй нь илт билээ. Вэй улсын явуулгаар 411 онд Юэхоудодицянь тэргүүтэй Хөхлүдийн садангийн хэдэн зуун хүн Хөхлүдийг орхин Умард Вэй улсын ивээлд орохоор оджээ. Хөхлүд амгалан байдлыг эрхэмлэж тэдний араас нэхэн уулгалсангүй зөнд нь орхисон байна.
Үүний хор уршгаар Хөхлүдийг Жужаны хаан суудлаас авч хаях ордны хуйвалдаан, төрөл төрөгсөд, авга нарынх нь дунд эрчимжиж иржээ. Хаан төрийн хэрэг цалгардах, назгайрах шинжтэй болсны золиос нь Хөхлүд хаан өөрөө суудлаасаа эгнэгт зайлуулагдсан явдал болно. Үйл явдал хэрхэн өрнөсөн талаар Вэй улсын сударт ийнхүү бичжээ.
414 онд Янь улсын (409-436 он) хаан Фэн Ба-тай ураг барилдах найрамдлын гэрээ хийжээ. Фэн Ба Хөхлүдийн охиныг эхнэр болгон авахаар тохироод байтал сүйт бүсгүйг хүргэний талд хүргэж өгөх ёстой байсан Хөхлүдийн ахын хүү Булучжэнь “Таны балчирхан охин чинь алс хол газар одох нээ, тэнд гэрээ санан бэтгэрэн шаналж өвчилбөл яана, тиймээс энэ Шули, Удиян нарын түшмэдийн охид үнэн хэрэгтээ инжинд нь хамт явж, тэнд байх ёстой бус уу” хэмээн Хөхлүдэд хэлжээ. Тэрээр зөвшөөрсөнгүй. Гэтэл Булучжэнь тэднийхээс гараад Шули болон бусдад хандан Хөхлүд алс харийн оронд та нарын охидыг инжинд явуулах бодолтой байна хэмээжүхүй. Тэгэхэд нь Шули нар Хөхлүдийн гэрийн орчим шөнө цуглахаар тохирч, Хөхлүдийг гэрээс гарахыг нь отож байгаад барьж авчээ.
Ингээд Хөхлүдийг охиных нь хамт Умард Янь улсын нийслэл Хэлун хот руу илгээжээ. Булучжэнь, Шули, Татар нарт хөөгдөн ордноо орхин ирсэн Жужаны хаан Хөхлүдийг Янь улсын хаан Фэн Ба зочны ёсоор угтан авсан байна. Хөхлүд хаан Фэн Ба-д бичиг барин умард нутгаа буцахыг хүссэнд Фэн Ба: “улсаас холдон түмэн газрын хол явахад дотоодтой ямар ч холбоо байхгүй болно. Хэрэв их цэргээр хамгаалуулан хүргүүлэх бол хоол хүнс, унааг залгуулах хэцүү. Цөөхөн цэрэгтэй явахад хүчин чадал бат биш. Ер нь мянган мод газраас улсыг довтлоход эртний хүмүүс мөхөсддөг байхад хэдэн мянган мод газрыг хэлэх үү” гэхэд Хөхлүд дахин гуйж “би олон түмнийг чирэгдүүлэхгүй, харин надад 300 морьт цэрэг байхад л болно. Лай Цзиньд хүрээд авбал улсын иргэд баярлан хүлээн авах болно” гэсэнд Янь улсын хаан зөвшөөрч түшмэл Ван Лин-г 300 морьт цэргийн хамт түүнийг хүргүүлэхээр томилсонд Ван Лин холын албанаас зүрхшээн Хэй Шань ууланд хүрмэгц Хөхлүд хааныг алаад өөрөө буцжээ.
Үүний дараа хуйвалдагчид Булучжэнийг хаан ширээнд залсан ч тэрээр төрийн хэргийг Шули-д мэдүүлжээ.
Өндөр тэрэгтэн Чилохоу урьд өмнө өөрсдийнхөө удирдагчийн эсрэг босон, Жарунд зам заан өгч Өндөр тэрэгтний хүрээг ялагдуулсан хүн билээ. Жарун үүнд нь ихэд талархан ахлагчаар тавьжээ. Булучжэнь нь Жаруны хүү Шэба-гийн хамт Чулохоугийнд морилон түүний бага эхнэртэй янаг амрагийн харьцаатай болсон байна. Өнөөх эм, эр нөхрөө Татарыг хаан ширээнд залах хүсэлтэй, түүнийгээ батлан алтан хазаар илгээсэн хэмээн Булучжэньд хов хүргэжээ.
Үүнийг сонссон Булучжэнь 8000 морьт цэрэгтэй эргэн ирж, түүнийг бүсэлсэн байна. Чулохоу үнэ цэнэтэй эд юмсаа шатаан, эцэст нь хоолойгоо хэрчин амиа егүүтгэжээ. Үүний дараа Булучжэнь цэрэглэн Татарыг гэнэдүүлэн довтолсон ч тэрээр цэрэг илгээн, Булучжэнийг Шэба-гийн хамт барин цаазлаад өөрөө орыг нь эзлэн суув.
Татар Жаруны авга ах Пухуний хүү юм. Тэрээр эхлээд баруун газрын тусгай хүрээг захирч байв. Ард олныхоо итгэлийг хүлээсэн хүн байсан бөгөөд тэдний дэмжлэгээр Моуханьгэшэнгай хаан буюу “Ялгуусан хаан” цолтойгоор хаан ширээнд заларчээ.
Татар хаан хэдийгээр хаан удмын Юйцзюлюй ургийн хүн боловч хаан ширээг задгамжлан асан Онгудайн удмын хүн биш юм. Баруун Жужаны толгойлогч Онгудайн орыг ахмад хүү Цзегуйчи залгах ёстой байсан боловч түүхэнд дахин нэр гараагүй бөгөөд магадгүй эцгийн хамт барьцаанд үлдэж, тоба нарын гарт амиа алдсан байж болно. Отгон хүү буруулан одоод мөн л үрэгдсэн тул Жарун түүнийг залгамжлан, улмаар Битүбатын угсаа залгамжлалыг үгүй хийж, дангаар захиран суужээ. Түүний дараа хүү нь ор залгах эрхтэй боловч балчир байсан тул дүү Хөхлүд хаан болжээ. Түүнийг үеэл Булучжэнь (магадгүй Цзегуйчжи-гийн хүү байх) хуйвалдаанаар залган авсан. Ингэхдээ тэрээр Жарун Хөхлүд нарын адил цол чимэг хүртээгүй нь угаасаа хууль бусаар хаан ширээнд суусныг харуулна. Булучжэнээс хаан ширээг булаан авсан Татар бол Онгудайн дүү Пухуний хүү билээ.