Гэвч хятанчуудын хүчирхэгжилт, дайралтаас өөрсдийгөө
хамгаалахын тулд Лю Жэньгун сөрөг довтолгоон хийхээр шийджээ.Түүнийг ийм
шийдвэр гаргахад өөрийнх нь дарангуй засгаас дайжсан харъяат олон ардыг нь хил
дагуу хятанчууд нутаг дэвсгэртээ хүлээж авч хорогдуулах болсон нь ихээхэн
нөлөөлж, эцэст нь 887 онд бүх цэргийн хүчээ хуримтлуулан Жайшин уулыг даван
хятаны нутагт халджээ. Тэрээр хятанчуудыг мохоохын тулд юуны түрүүнд адууны
бэлчээрийг нь шатаах уран арга бодож олсон нь үр дүнгээ өгч хятанчуудыг төдий л
эсэргүүцэлгүй бууж өгч, агт мориор алба барихад хүргэв. Гэвч энэ нь гэнэтийн
халдлагыг түр зуур аргалан тогтоох арга хэмжээ байжээ. Хэсэг хугацаанд
тэнхэрсний дараа тэд хариу довтолж, энэ удаа Лю Жэньгуний хүү Шоугуан-ы
хамгаалж байсан Пинжоу хот руу түмэн цэргийн хүчээр дайрсан байна. Хятанчуудын
дайралтыг зогсоохын тулд Шоугуан эцгийнхээ адилаар уран мэх хэрэглэв. Тэрээр
бууж өгөх дүр эсгэн тал газар гэр босгоод зоог барьж ёслол үйлдэн түүндээ
хятаны цэргийн удирдагчдыг урьж, улмаар гэнэдүүлэн цохиж барьж авчээ. Хятанчууд
цэргийн удирдагчдаа суллахын тулд Шоугуаны хүслийг дагахаас аргагүйд хүрч,
эцэст нь Яонянь аймгийн холбооны тэргүүн Чиньдэ үлэмж гарз хохирлоор бууж өгөв.
Энэ явдлаас хойш 10 гаруй жил хятанчууд Лүлүнгийн нутагт халдсангүй.
Дайнд ялагдсан явдал Яонянь аймгийн холбооны засаглал
хямрах үүд хаалгыг нээж, Чэньди тэргүүлэх байр сууриа аймгийн холбооны цэргийн
удирдагчид алдахад хүрэв. Харин Абаожиг холбооны аймгийн засгийг авахад Лүлүнгийн
дотоодод гарсан нийгмийн хямрал тусалжээ. Учир нь Шоугуан эцгийнхээ адил
дарангуй засгийн бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлсээр байсан тул түүний ард
иргэд хятаны нутаг руу дүрвэн зайлсаар байжээ. Дүрвэн зугтсан нангиад голдуу
тэдгээр иргэдийг хилд хамгийн ойр орших Ила аймгийн толгойлогч Абаожи хавчиж
шахсангүй харин ч талархан хүлээж авч өөрийн хэрэгт овжноор ашиглаж байснаар
барахгүй эцэг хүү Лю-гийн хямарч суларсан нутаг руу халдан зарим хот тосгоныг
дайран эзэлж хүн амыг олзлох замаар улам хүчирхэг болсоор байв.
901 онд Яонянь аймгийн холбооны тэргүүн Чиньдэ цэргийн ур
чадвараа нотлон харуулсан залуу Абаожиг аймгийн tama буюу хааныг хамгаалагч шадар цэргийн даргачаас илижиньд
сонгон томилов. Аймгийн холбооны шинэ илижинь эцэг, авга нарынхаа адилаар юуны
түрүүнд хөрш зэргэлдээ нүүдэлчдийг эрхшээлдээ оруулж, газар нутгаа өргөтгөхөөр
шийджээ. 901 онд Абаожи умардын шивэй, юйжүэ, баруун умардын зүрчин, өмнөдийн
си зэрэг олон тооны нүүдэлчдээс гадна мөн ойр зэргэлдээ орших суурин иргэдийг ч
довтолж эхлэв. Зүрчиний зарим аймгийг 903
онд дайрч 300 өрхийг олзолж, улмаар шивэй рүү довтлов. Шивэй аймгуудыг,
ялангуяа хар тэрэгтэн шивэй нарыг 904-907 онуудад жил болгон тасралтгүй
довтолсоор 909 онд эрхшээлдээ бүрэн оруулсан байна. Хятанчуудын тэлэлтийн дараа
дайжин зугтсан шивэйн олон аймаг баруун, өмнө тийш нүүдэллэн одож, ингэх явцдаа
өөр бусад хүчирхэг нүүдэлчидтэй улс төрийн эвсэлд нэгдэх юм уу эрхшээлд нь
орсоор эцэстээ тэдэнд уусан шингэжээ.
Абаожигийн хүч зүрчин, шивэйн зэрэгцээ си нарыг эзлэхийг
хичээж байв. 906 онд си рүү ахин довтолж бүрэн эрхшээлдээ оруулж чадав.
Хятанчуудын довтолгооноос зугтсан си нар баруун, зүүн хоёр хуваагджээ. 911 онд
Абаожи эдгээр си нарт сүүлчийн цохилт өгч, эхлээд баруун си-г, дараа нь зүүн си
нарыг бутцохисноор си нар ахин улс төрийн нэгдэл байгуулж чадсангүй. Си-гийн
язгууртнууд хятаны алтан ургийн Елюй овгийнхонтой худ ургийн харилцаа тогтоож,
яваандаа тэдэнтэй адилссан байна. Хятаны цэргийн хүч баруун хойшоо өнөөгийн
Монголын хил хязгаар руу улам дөхсөөр байв.
Абаожи нүүдэлчдээс гадна Тан улсын хил залгаа Лүлүн,
Хэдун хоёр муж руу цэргийн ажиллагаа явуулав. “Ляо улсын түүх”-д дурдсанаар
тэрээр 902 онд 400000 цэрэг дайчлан Хэдунгийн хязгаар нутаг болон өнөөгийн
Датуны нутагт оршиж буй Дай сян буюу Дай хотын умардад довтлон... 9 хот, 95000
хүн, тоо томшгүй олон тэмээ, адуу, хонь, үхэр олзлон авчээ” Энэхүү чухал
ялалтын дараа Абаожи аймгийн холбооны юүюү-гээр сонгогджээ. Аймгийн холбооны
илижинь, юүюү гэсэн хоёр чухал албыг зэрэг хаших болсноор Абаожи албан ёсоор
бүх цэргийн удирдагч, хааны удаахь хүн болсон байна. Ийнхүү өсөн дэвжиж буй
Абаожи Тан улсын хил хязгаарт халдахад бэлэн болов. Түүний гол бай нь
хятанчуудын өст дайсан Лүлүн мужийн захирагч Лю Жэньгун байсан агаад түүнийг
дарахын тулд Абаожи юуны өмнө Хэдунгийн захирагч Ли Кэюнтэй эвсэл байгуулсан
байна. Кэюнгийн хувьд Тан улсыг бүрмөсөн сөнөөхөөр сэтгэл шулуудаад байсан Жү
Вэнь-ээс (852-912) өөрийн эзэмшил
болон эзэн хаанаа хамгаалах нь эн тэргүүний тулгамдсан асуудал болоод байсан
тул хүчирхэгжиж буй хятан нартай зөрчилдөхөөс зайлсхийж, түүнийг ямар нэг
хэмжээгээр хүлээн зөвшөөрхөөс өөр арга байсангүй. Хятад сурвалжид бичсэнээр
Абаожи Кэюн нар “ахан дүүгийн барилдлага” тогтоохоор 905 онд Юньжоу буюу
өнөөгийн Датун хотноо уулзсан байна. Тэд зоог барьж, сархад тогтоосны дараа
Кэюн Абаожиг Лүлүн рүү довтолбол хавсарч дэмжихээ мэдэгдсэн байна. Тэр жилдээ
багтаж Абаожи Лүлүний зарим хот руу довтолж хүн ардыг олзолжээ. Яг энэ үед 906
онд Яонянь аймгийн тэргүүн Чиньдэ нас баржээ. Чиньдэ-г нас барахад Абаожигийн
сүр хүч, нэр алдар нь аль хэдийн хаанаасаа давсан байв. Одоо түүнд Яонянь
аймгийн холбооны дүрмийг зөрчин хаан сэнтийг гагц өөрийн гарт авах л үлджээ.
Энэ үйл явдал 907 оны эхээр тохиож Абаожи хятаны аймгийн
холбооны тэргүүн болж, “Их хятан улс” байгуулагдав. 907 оны хаврын тэргүүн сард
Абаожи хятаны хаан сонгох хуралдааныг зарлан хуралдуулж, тэнгэрийн ивээлээр
хаан болсноо зарлан галын тахилга үйлджээ. Шинэ хааны гэр бүл хятанчуудын өмнөх
9 хааны гэр бүлд албан ёсоор тооцогдож 10 дахь орд болов. Мөн хуучин албан тушаалтнуудыг
халж оронд нь өөрийг нь дэмждэг ах дүү, ураг саднаасаа хүмүүс томилжээ. Мөн
тэрээр өөртөө аймгийн бүх эрх мэдлийг найдвартай барихад туслах хааны бие
хамгаалагч шадар цэргийн хүчийг үүсгэн бэхжүүлэв. Ингэснээр Абаожи аймгийн
холбооны чухал шинж чанар болсон тэргүүнийг тодорхой хугацаагаар сонгон
томилдог 270 гаруй жилийн уламжлалыг хаан ширээ залгах ёсоор эвдэн сольсноор
Яонянь аймгийн холбоо үнэн хэрэгтээ үгүй болж, хааны гэр бүлд туулгуурласан
хаант төр байгуулагдах үндсийг тавив.
Абаожиг хятаны уламжлалт улс төрийн тогтолцоог өөрчлөх
үндсийг тавьж байхад Зүүн Азид улс төрийн цоо шинэ нөхцөл байдал үүсч байлаа.
906 онд Жү Вэнь-ний цэргийн хүч Хэдун болон Лүлүний зарим хэсгийг эзлэн авсан
байна. Тус хоёр мужийг захирч байсан Ли Кэюн, Лю Жэньгун нар цэргийн эвсэл
байгуулж Жү Вэний хүчийг тогтоож чадсан боловч аль аль нь дотооддоо ихээхэн
хямарч байснаас байр сууриа удаан хадгалж чадсангүй. Ялангуяа Лю Жэньгун,
Шоугуан нарын хооронд эцэг хүүгийн харилцаа үгүй болж, улмаар Жэньгуний хоёр
хөвгүүний хооронд цуст тэмцэл гарахад хүрчээ. 907 оны зун Жү Вэнь Тан улсын
тоглоомын, сүүлчийн эзэн хааныг ширээнээс нь зайлуулан, 300 жилийн түүхтэй
хүчирхэг гүрнийг мөхөөж, оронд нь орон нутгийн чанартай Хожуу Лянь (907-923) улсыг байгуулан
өөрөө түүний хаанд өргөмжлөгдөв. Тан улс мөхөж оронд нь шинэ улс байгуулагдсан
нь түүний хил дагуух улс төрийн үйл явцыг орвонгоор нь өөрчилсөн юм.
Хэдийгээр Жэньгуний хоёр хөвгүүн хоёул Хожуу Лян улсын
хаанд дагаар орсноо илэрхийлсэн боловч аль аль нь аятай боломж ирэх үед босох
санаатай байв. 908 онд Жү Вэнь-ний эртний дайсан Ли Кэюн 53 насандаа өөд болж
түүний ууган хүү Ли Цүньшү (885-926) эцгийн орыг залгамжлан авч, Жин (908-923) улсын хунтайж
гэгдэх болов. Тэр эцгийнхээ адил Абаожигийн холбоотон болсон бөгөөд Абаожи
Жэньгуний ахмад хөвгүүн Шоувэнд дүү Шоугуанаас эцгийнхээ өшөөг авахад нь
туслав. 909 онд хятан цэргүүд Хэбэй муж руу мордож өнөөгийн Тяньжин хот хавьцаа
Шоугуаний хүчийг мохоосон байна.
Ах дүү хоёрын тэмцэлд шинээр тодорсон хоёр хүч, Жү Вэнь
Абаожи хоёрын байр суурь шийдвэрлэх үүрэгтэй байсан бөгөөд харин тэдний аль аль
нь нөхцөл байдлыг өөрт ашигтайгаар эргүүлэхийг хичээж хоёрдмол байр суурь
баримталж байв. Абаожи эхлээд Ли Цүньшү болон Лю Шоувэнь нарыг дэмжиж байсан
боловч Жү Вэньтэй тохиролцон Лян улсад Жин улсыг дарахад нь туслахаар болов. Жү
Вэнь ч эхлээд Лю Шоувэнийг дэмжиж байсан ч Жин улсыг устгахын тулд эцсийн мөчид
Шоугуанийн талд оржээ. 909 онд Шоугуан, Ли Цүньшүд Лян улсыг дарах, харин Жү
Вэньд Жин улсыг дарах санал зэрэг тавив. Ингэснээр ах дүү хоёрын тулалдаанд
Шоувэнь ганцаардан ялагдаж эцэст нь 910 онд алагдав.
Шоугуан ингэж дүүгээ устгаж санасандаа хүрээд 911 онд Их
Янь (911-914) улсыг
байгуулснаа зарлав. Түүгээр ч зогсохгүй Жин улсын элчийг доромжлон хөнөөснөөр
бүх хөрш холбоотнуудаа хөндийрүүлж, эцэст нь өөрийн харъяаны И-у-гийн захирагч
Ван Чүжийг довтолжээ. Ван Чүжи Жин улсаас тусламж эрж, Цүньшүтэй хамтарсан хүчээр
Шоугуаныг дайрахаар болов. Харин Жү Вэнь өрсөлдөгч Жин улстай дайтах гэсэн
боловч төд удалгүй Шоугуанд туслах санаагаа ч гэсэн орхижээ. Гэтэл Янь улс Жин
улстай дайтаж байх хооронд 912 оны 7 сарын 18-нд Жү Вэнь төрсөн хүүдээ, төрсөн
хүү нь 913 онд бага дүүдээ хорлогдож, 2 жилийн дотор хоёр ч хаан солигдов.
Шоугуан ганцаардан түүнд хятанчуудаас өөр туслах холбоотон үлдсэнгүй. Улмаар
түүний цэргийн зарим жанжин Жин улсад урваж, бас Хань Яньхуй тэргүүтэй цэргийн
эрхтнүүд Абаожид дагаар орсноор Янь улсын нийслэл Южоуг хамгаалах хангалттай
хүч үлдсэнгүй. 914 онд Жин улсын Ли Цүньшү Их Янь улсын нийслэл Южоуг эзлэн авч
Лю Шоугуаныг цаазаар авчээ. Харин Лян улсын анхаарал Тан улсын мөхөлтэй хамт
зэрэгцэн тусгаар тогтносон өрнөд хоёр улс руу ханджээ. Ингэснээр Абажид бүс
нутагтаа өрсөлдөх ганц Жин улс үлджээ.
Абаожигийн хувьд дотоодод учирсан хамгийн том бэрхшээл нь
Яонянь аймгийн холбоонд багтаж байсан эртний Ниэла аймгийн зүгээс ирэв. Абаожи
бослогыг даруулахаар дүү, Диэлэ аймгийн илижинь Лагэ-г илгээжээ. Лагэ тэдний
эсэргүүцлийг хялбархан даржээ. Абаожи түүний илижинь-нээс шинээр үүсгэсэн
тигин-д томилсон байна. Гэвч Лагэ бусад Диэла, Индиши, Андуань зэрэг дүү
нартайгаа нэгдэн 911 онд Абаожигийн эсрэг босохоор хуйвалджээ. Хуйвалдааны
шалтгааныг сурвалжуудад дурьдаагүй ч аймгийн тэргүүнийг 3 жил тутам сонгодог
уламжлалыг үргэлжлүүлэхийг хүссэн гэж судлаачид санал нэгтэй тайлбарладаг. Тус
хуйвалдааныг Андуаны эхнэр илчилж мэдүүлснийг хаан шалгуулан баталсан ч дүү
нараа шууд шийтгэсэнгүй. Харин тэднийг уулын өөд дагуулан гарч, тэнгэр газарт
тахиж мөргөөд өршөөсөн ажээ. Хуйвалдааныг тэргүүлсэн Лагэ-г тигиний албанаас
буулгаж, буцааж аймгийн холбооны илижинь болгожээ.Харин түүний оронд аймгийн
холбооны язгууртнуудын шахалтаар авга ах Шилү-гийн хүү Хуагэ-г томилсон байна.
Хуагэ бол Чиньдэгийн үед эцгийнхээ эсрэг хуйвалдаанд оролцож бусад аймгуудад
нэр олж авсан хүн байв.
Удаах жил Абаожигийн эсрэг хоёрдох бослого эхлэв. Бослогод өмнөх бослогын эзэд
болох дүү нараас нь гадна холбооны юүюү ноён Шади тигинээр томилогдоод удаагүй
байсан Хуагэ нар оролцсон байжээ. Энэ нь Абаожиг эртний заншил ёсны дагуу
аймгийн холбооны тэргүүнээс буулгахын тулд эрх мэдлээрээ түүний дараа орох
илижинь, тигин, юүюү зэрэг өндөр дээд түшмэл нар хамтран боссон хэрэг байлаа.
Тэд дайнаас буцаж явах замд нь Абаожиг гэнэдүүлэн цохихоор төлөвлөсөн байв.
Хариуд нь Абаожи зам буруулан зайлахдаа эртний уламжлалт галын тахилгыг үйлдэж,
өөрөө өөрийгөө хаан суудалд ахин улируулан сонгожээ.
Абаожигийн энэ үйлдэл түүнийг эсэргүүцэгчдийг эрс ширүүн,
хүч хэрэглэсэн бослого дэгдээхэд хүргэжээ. Бослогын гуравдах давалгаанд Иши
аймгийн язгууртнууд нэгдсэн байна. 913 оны хавар гэнэт дэгдсэн бослогын Лагэ
тэргүүтэй үндсэн жигүүрийг Абаожи нэхэн хөөж байх зуур Индиши тэргүүтэй нөгөө
жигүүр хааны орд өргөө рүү довтлон хааны бэлэг тэмдэг, туг хэнгэрэгийг эзэлжээ.
Абаожи шивэй, туюухуны нэмэлт хүчний тусламжтайгаар босогчидтой тулалдсны эцэст
хоёр сарын дараа сая нэг буулгаж авчээ. Бослогын дараа Абаожи аймгийн холбооны
ахмадуудыг хуралдуулаад галын тахилга үйлдэн өөрийгөө хаанаар сонгуулав. Тэрээр
өөрийн дүү нараас бусад бослогыг удирдсан ноёдыг цаазалж шийтгэв. Тэдэнтэй хамт
бослогод оролцсон гэх аймгийн холбооны 6000 хүн, хүнд хөнгөн ял авчээ. Абаожи
дүү нарынхаа урвалт, бослогыг дарж, эртний аймгийн холбооны оршин тогтнох
үндсийг үгүй хийсний дараа 916 онд угсаа залгамжлах хаант улс байгуулснаа албан
ёсоор зарлав. Энэ үеэс Их хятан улсын хааныг нангиад ёсоор хуанди, Абаожиг Их
богд их гэгээн тэнгэрийн хуанди, оны цолыг Шэньцэ хэмээн нэрлэх болжээ. Харин
түүний хатан Чүньчинь Тэнгэрт цацагч их гэгээн газрын хатан цол авав. Мөн
тэрээр хаан ширээ залгамжлагчаараа Бэй нэрт ууган хүүгээ сонгоод, хаант улсаа
суурин, нүүдэлчин хоёр хэсэгт ялган тус бүрд нь тохирсон арга ухаанаар засаг
төрийн үйл ажиллагааг явуулахын тулд Умардын сайд, Өмнөдийн сайдыг томилов. Энэ
түшмэдийн алба өмнө нь 907 онд бий болсон байсан боловч улам өргөжин Абаожигийн
санаачилсан шинэтгэлүүдийг хэрэгжүүлэх гол түшиц газар болсон байна. 918 онд
Абаожи Шар мөрний умард этгээдэд Их Хятан улсын нийслэл байгуулах зарлиг
буулгаж, хожим 20 жилийн дараа 938 онд Дээд нийслэл болгож байжээ. Абаожи хааны
төр барьсан 5 дахь жил буюу 920 онд Абаожигийн үеэл Лүбүгү, Түлюйбү нар их,
бага хятан бичиг зохиож, түүний дараа жил Түлюйбү төрийн их, бага хэргийг
шийтгэх их цаазыг эмхэтгэн бичсэн байна. Ийнхүү Абаожи Хятан улс байгуулагдах
үндсийг тавьжээ.
Абаожи Их Хятан гүрнийг байгуулмагцаа 916-917 онд өмнө
зүг Санган, Ян мөрний сав дагуу орших Жин, Хожуу Лян улсын нутаг дэвсгэрт
довтолж, Шожоу, өнөөгийн Шаньси, Южоу, Синьжоу, Ужоу, Гүйжоу, Жужоу гэсэн
хотуудыг довтолж улмаар түүний цэргийн хүч Цавчаал боомтод тулж ирэв. 918-919
Абаожи улсын дотор Угул нарын нутагт бослого гарсныг даржээ. 918 оноос татарууд
алба гувчуур өргөх болов. 920 оны зун цэргийн хүчийг баруун өмнөдөд чиглүүлж
Тангудын хязгаар нутагт аян дайн хийж, хоёр сарын дараа Тяньдэ хотыг эзлэн
авснаар хятанчууд хил хязгаараа өнөөгийн Өвөр Монголын Улаан сухай нуур хүртэл
тэлж чаджээ.
921 онд хятанчууд Жин улсын өмнөд нутаг, мөн хуучин Их
Янь улсын мэдэлд байсан нутгууд руу өргөн хэмжээний довтолгоон хийв. Энэ удаад
тэд Цагаан хэрмийн дагуу Цавчаал
боомтоос зүүн тийш Губэйкоу хүртэлх нутгийг бусниулан улмаар ойр орчмын Таньжоу
тэргүүтэй 10 гаруй хотыг өөрийн болгожээ.
Хятанчууд цэргийн хүчээр газар нутгаа тэлж байх зуур
Хожуу Лян, Жин улсын хооронд 917 оноос ширүүн өрсөлдөөн явагдан Жин улс
давамгайлж эхлэв. Абаожи өмнөд хил Жао, И-у-д үүссэн тогтворгүй байдлыг ашиглан
дайралт хийсэн боловч Цүньшү өөрийн биеэр цэргээ удирдан хятанчуудтай тулан
тэдний дайралтыг няцааж чаджээ. 923 он гэхэд Цүньшүгийн цэргийн хүч Хожуу Лян
улсынхаас илт давуу болсон байлаа. Харин хожуу Лян улсын хааны ордонд гарсан
эрх мэдлийн төлөөх тэмцэл улс орныг улам доройтуулж байв. Тус оны намар Циньшү
улсаа Хожуу Тан улс (923-937) гэж нэрлэв.
Намар 11 сард Цүньшүгийн цэргийн жанжин Ли Сиюань Хожуу Лян улсын хотуудыг ээлж
дараалан эзэлсээр нийслэлд нь тулж ирэв. Ирж буй мөхлийг мэдсэн Жү Жэнь хаан
амиа егүүтгэснээр Хожуу Лян улс мөхөв. Үүний дараа 925 онд Хожуу Тан улс өнөөгийн
Сычуаньд төвлөрч байсан өмнөд хөрш Их Шу (907-925) улсыг эзлэн
авлаа. Ингэснээр Умард хятадын зүүн хэсэгт Хятан гүрний эсрэг зөвхөн шато түрэг
гаралтай Хожуу Тан улс сөрөн зогсох болов.
Хожуу Тан улсыг газар нутгаа тэлж байх зуур Хятан гүрэн ч
газар нутгаа тэлж байв. 924-925 онд Абаожи туюухун, тангуд, уйгур, зүбү зэрэг
нүүдэлчин, хагас нүүдэлчин гаралтай улс түмнүүдийг эрхшээлдээ оруулахаар 3
чиглэлээр хөдөлжээ. Эхнийх нь баруун хойд зүгт Монголын өндөрлөгийг чиглэн У-гү
шань, цаашлан Хуйхучен хүрч, тэнд эртний түрэг уйгурын бичээсийг арилган, оронд
нь хятанчуудын хийсэн үйлсийг алдаршуулан сийлж бичэж үлдээгээд улмаар Хүмүси
уулын нүүдэлчдийг эзэлсэн байна. Удаах нь говийн элсэн цөлийг туулж бурханы
шашинт Фүтүчэн буюу Гаочангийн Уйгурын нийслэл Бышбалык хотыг эзэлжээ. Үүнээс
хоёр сарын дараа өнөөгийн Ганьсугийн
хоолойд орших Ганьжоу хотыг дайрч, түүний захирагч Билгэ гэгчийг олзлон
улмаар Ганьжоугийн уйгуруудын хаан Ормуздыг дагаар оруулав. 925 онд бас нэгэн
цэргийн хүч Иньшань уул хавьд нутагладаг нүүдэлчид болон Ордосын зүүн-хойт
хэсгийн туюухун, Дансян буюу Тангудын зарим нутаг руу довтолж эзэлжээ.
Абаожи энэ аян дайнаас эргэж ирээд Манжуурын талыг
эрхшээлдээ бүтэн оруулах зорилготой дараагийн томоохон аян дайныг 925 оны
сүүлээр эхлүүлэв. Их төлөв мохэ нүүдэлчид болон мөхсөн Когүрю улсын үлдэгдлээс
бүрдсэн Бохай улс нь (713-926) Манжуурын зүүн
хойд хэсэг, Солонгосын хойг, Оросын алс дорнодын Приморийн хязгаарыг хамран
оршиж байв. Энэ үеэс Тан улсыг мөхөх хүртэл хятанчуудаас гадна хуурай замаар
түрэгүүд болон Солонгосын нэгдсэн Шилла улс (676-935), 918
оноос Корёо улс (918-1392), далайгаар Японтой
хиллэж байсан юм.
926 оны эхээр Абаожи Бохай улсын хамгийн баруун цэгт
орших Фуюйфу-д хүрч эзэлсний дараа Бохайн цэргийн гол хүчтэй тулж няцаагаад
умард, өмнөд жигүүрээр салж, Тэ Инсөнь (906-926) хааны нийслэл
Хуханьчэн хотыг бүслэн авчээ. Тэ Инсөнь хаан бууж өгсөн ч дараа нь эсэргүүцэн
босчээ. Абаожи бослогыг хялбархан дарж Бохай улсыг мөхөөснийг албан ёсоор
зарлав. Үүний дара Бохай улсын умард, өмнөд, дорнодын гол хотууд дагаар орсноо
хүлээн зөвшөөрчээ. Ийнхүү Абаожи тус улсыг мөхөөгөөд нэрийг нь Дундань буюу
Зүүн Дань улс, нийслэийг нь Тяньфу болгон өөрчлөөд хаанаар нь Абаожиг
залгамжлагчаар тодроод байсан ууган хүү Бэй-г сонгожээ. Бохай улсыг дарснаар
умард хятадад Хожуу Тан улсыг эс тооцвол Хятан гүрэнтэй эн зэрэгцэх улс үгүй
болж, Манжуурын талд амьдарч байсан түнгүс зүрчид угсааны аймгуудаас гадна
Япон, Корёо, Зүбү, Татар мөн Тангуд, Уйгур зэрэг улсуудаас алба гувчуур өргөх
болсон байна.
Абаожи хаан Бохай улсыг мөхөөгөөд буцаж явахдаа өвчин
тусаж 926 оны 7 сард 54 насандаа өөд болов. Түүний цогцсыг удаахь жил нь Хятаны
нийслэл хотоос зүүн-өмнө зүгт 30 км-т орших Сайлэмүгэ гэх уулын бэлд буй “Өвөг
дээдсийн бунхан”-д оршуулжээ. Түүний үйл хэргийг үргэлжлүүлж 927 онд
Абаожийгийн хоёр дахь хүү Яогу буюу Елюй Дэгуан (902-947) хаан
ширээ залгамжлав.
“Монголын эртний түүх”
No comments:
Post a Comment