11.29.2018

Сяньбичүүдын умард хятад дахь ноёрхолын эхэн үе


181 онд нэгдсэн Сяньби улсыг байгуулсан Таньшихуай нас нөгчсөн. Таньшихуайн залгамжлагчид хэрэг шийтгэхдээ шударга бус, шунахай сувдаг тул сяньбийн олон аймаг захирагдахаас татгалзах болжээ. 235 он гэхэд сяньбийн нэгдсэн улс задарч, табгач буюу Тоба сяньби, муюн сяньби, түгүхэнь сяньби зэрэг бие даасан хэд хэдэн хэсэгт хуваагджээ. Гэвч нэгдсэн Сяньби улс задрах үйл явцтай зэрэгцэн хөрш хятадад мөн улс төрийн тогтворгүй байдал, их үймээн самуун дэгдсэн үе байжээ.

220 онд Хожуу Хань улс мөхөж, хятадын 3 улсын үе эхэлдэг бөгөөд Вэй улс 220 онд, Шү улс 221 онд, Ү улс 229 онд байгуулагджээ. Умард хятадад Вэй улсыг Хань улсын сайд Цао Цаогийн хүү Цао Пи үндэслэн байгуулсныг түүхэнд Цао Вэй хэмээн нэрлэх нь буй. Цао Вэй умард хятадыг нэгтгэсэн хүчирхэг улс байв. Гэвч яваандаа засгийн бүх эрх хааны гэр бүлд биш үнэн хэрэгтээ цэргийн жанжин Сыма И мэдэх болов. 251 онд Сыма И нас барж, эрх мэдэл түүний хүү Сыма Ши улмаар түүний хүү Сыма Жаод шилжжээ.

Сыма Жао 263 онд Шү улсыг эзэлж, Вэй улсад нэгтгэв. 265 онд Сыма Жао нас барахад түүний хүү Сыма Яньд эрх мэдэл шилжив. Улмаар Цао Вэй улсын хаан 266 онд хаан ширээнээсээ татгалзахаас өөр аргагүй болж, Сыма Янь хаан ширээг өөртөө авч Зинь улсыг (266-420 он)байгуулсан. 280 онд Зинь улс Ү улсыг буулган авснаар хятадын түүхэн дэх 3 улсын үе төгсгөл болов. Хятадыг дахин нэгтгэсэн Зинь улсын түүхийг Түрүү Зинь (266-317 он) Хожуу Зинь улс (317-420 он)гэж хувааж үздэг.

290 онд Сыма Янь нас барснаар “Найман ноёдын үймээний үе” гэж нэрлэгдсэн үе эхэлнэ. Замбараагүй байдал бослого тэмцэл хаа сайгүй өрнөнө. Сыма Яний залгамжлагч хүү Сыма Жун (209-307 он) бие муутай чадваргүй нэгэн байв. Үнэндээ 301 оноос засгийн эрх Сыма Лүний гарт орсноор хааны гэр бүлийнхний хоорондын тэмцэл хурцадсан. Сыма Лүн болон хуучин хааны хатан Ян Жи-гийн Ян овгийнхон нэг болж, хатан Зя Нанфэний Зя овгийн эсрэг тэмцэл өрнүүлсэн ч Зя овгийнхон засгийн эрхийг бүрэн хянах болов.

307 онд Сыма Жун нас барж хүү Сыма Жи (307-313 он) залгамжилжээ. Түүний үед муж хязгааруудад бослого тэмцэл өрнөж, эмх замбараагүй байдал улам их газар авчээ. Энэ үед умард хятадад түрэн орж ирсэн хүннү, сяньби, ди, цян, зе угсааны нүүдэлчид  хойд нутгуудад ноёрхож, өөрсдийн улсыг байгуулах болсныг  түүхэнд “Умардын 5 бүдүүлгийн 16 улсын үе” гэж нэрлэдэг.

311 онд Умард Хань улсыг үндэслэн байгуулагч хүннү угсааны Лю Цон Лоян хотыг эзлэн авчээ. Тэрээр эзэн хаан Сыма Жи-г баривчлан Умард Хань улсын нийслэл Пинян хотод аваачин шоронд хорьсон бөгөөд 2 жилийн дараа Сыма Жи тэндээ нас баржээ. Түүнийг хүү Сыма Е 313 онд залган хаан ор суусан ч Лю Цон нийслэл Чанань хотыг эзлэн, эзэн хааныг нь мөн л шоронд хорьсноор 316 онд Сыма Е нас барж Түрүү Зинь улсын үе төгсжээ.

Чанань хот эзлэгдэж, сүүлийн 2 ч эзэн хаан нь хүннү нарт баригдан шоронд нас барж Зинь улс умард хятадад хяналтаа алдснаар нийслэлээ өмнө зүг шилжүүлж, дахин сэргэх гэж оролдсон үеийг Хожуу Зинь улсын үе (317-420 он) гэдэг. Ийнхүү Зинь улсын газар нутаг Хөх мөрний өмнөд нутгаар хязгаарлагдах болжээ. Сыма Рүй 318 онд Нанжин хотыг нийслэлээ болгож өөрийгөө хаан өргөмжилснөөр Хожуу Зинь улсын үе эхэлдэг.  

Сыма Дан хааны үед 347 онд Сычуаныг эргүүлж авч чадсан байна. Зинь улсын хаадаас Сыма Ё (373-396 он)нилээн удаан төр барьж Фэй голын дэргэдэх шийдвэрлэх тулаанд Хожуу Цин улсын цэрэгт томоохон цохилт өгч хойд хятадыг нэгтгээд байсан Хожуу Цин улсын задралыг түргэтгэж чаджээ. Сыма Ё-гийн хүү Сыма Дэзон (397-419 он)болон түүний жанжин Лю Үй нар умард зүгийн зарим газрыг буцаан нэгтгэж чадсан ч түүнийг залгамжилсан  хүү Сыма Дэвэнийг 420 онд жанжин Лю Үй хаан ширээнээс буулгаж өөрийгөө хаанд өргөмжлөн Сун улсыг үндэслэн байгуулжээ. Ийнхүү хятад дахь улс төрийн тогтворгүй байдал, үймээн самуун нь умардын нүүдэлчдийг умард хятадад түрж орон, ноёрхлоо тогтоох боломж олгов.

Ялангуяа “Найман ноёдын үймээн” нь улс орныг хямраасан төрийн хямрал болж “Таван бүдүүлгийн 16 улсын үе”-ийн эхлэл болсон. Хятадын он дараалалын бичигт хүннү, сяньби, ди, цян, зе аймгийг умардын таван бүдүүлэг хэмээн нэрлэж байв. Энэ үед хятадад улс байгуулсан бүгдийг тоочвол 40 орчим болох бөгөөд зарим нь ердөө ганц хоёр жил оршин тогтносон ажээ. 

Эдгээр олон улсын дотроос хамгийн хүч нөлөө бүхий улсуудыг хүннү, сяньби нар байгуулжээ.
“Умардын таван бүдүүлгийн 16 улсын үе” хүннү угсааны Лю Юаньхай 304 онд Хожуу Хань (хожим Түрүү Жао гэж нэрийг нь өөрчилсөн)улсыг байгуулснаар эхэлж 439 онд Сяньби угсааны табгач нарын байгуулсан Умард Вэй улс умард хятадыг нэгтгэснээр төгсдөг. Хятадын түүх бичлэгт умард хятадад ноёрхлоо тогтоож байсан нүүдэлчин улсуудын түүхийг хятадынх болгон бичиж, мушгин гуйвуулсан байдаг ч үнэн хэрэгтээ тэдгээр нь нүүдэлчдийн байгуулсан улсууд буюу хятад бус төрт улсууд байсан билээ.

Умард хятад дахь эдгээр нүүдэлчид дотроос сяньби нар ихээхэн хүчирхэг байсан бөгөөд сяньби нар дотроо олон аймагт хуваагдаж байв. Бүр 2-р зуун эхэн гэхэд одоогийн Монгол орны нутагт 50 гаруй сяньби аймаг байсан бөгөөд тэдгээр аймгуудын бүх нэр түүхэнд тэмдэглэгдэн үлдээгүй ч хятад сурвалжид томоохон аймгуудын талаар тэмдэглэжээ. Эдгээр аймгуудад цифү, түфа, шивэй, күмоси, хятан, туюйхунь, жужан, мужун, тоба нар хамаарна.
Хятад сурвалжид үндэслэн Дунхугийн бүлгийн аймгуудыг тодорхойлбол:
1.Ухуань
2.Сяньби
3.Тоба буюу Табгач
4.Цифү
5.Түфа
6.Жужан
7.Түгүхүнь буюу Туюйхунь
8.Муюн
9.Күмоси
10.Хятан
11.Мэнгү шивэй нар аж. Монголын түүх бичлэгт Дунхугаас гаралтай эдгээр аймгуудыг “монгол угсааны аймгууд” хэмээн үздэг.

Умард хятадад ноёрхохын төлөөх сяньбийн улсуудын тэмцэлд яваандаа табгач Сяньби нар ялж, Умард Вэй улсыг байгуулжээ. Хятад сурвалжид Тоба, руни бичгийн дурсгалуудад Табгач хэмээжээ. Табгач Шийзянь хаан 310 онд Тобагийн Дай улсыг үндэслэн байгуулж, Шэнли (одоогийн Өвөр Монголын Хорин гэр хошууны нутаг дахь) хотыг нийслэл болгосон аж. Түүний дараа Табгач Гуй 386 онд улсаа Вэй хэмээн нэрлэсэн нь түүхнээ Умард  Вэй (386-534 он) улс гэж алдаршсан байна. Гуй хааныг Табгач Си (409-423 он), түүнийг Табгач Дао (423-452 он) залгамжилжээ.  424-425 онд Жужан улстай байлдан ялалт байгуулжээ. 

Дао хаан умард хятадыг нэгтгэх бодлого явуулж, 431 онд Цинь болон Ся улсыг, 436 онд Умард Янь улсыг, 439 онд Умард Лян улсыг эзлснээр “Таван бүдүүлгийн арван зургаан улсын үе” дуусч умард хятад, өмнөд Монголыг нэгтгэсэн хүчирхэг Умард Вэй улс мандсан билээ. Хожим нь Умард Вэй улс задарч Баруун Вэй (535-581 он) болон Зүүн Вэй (534-550 он) гэх хоёр улс болжээ.

Цифү аймгууд Баруун Цинь улс (385-431 он), түфа аймгууд Өмнөд Лян улс (397-414 он), муюн аймгууд Түрүү Янь (337-370 он), Хожуу Янь (384-409 он), Баруун Янь (386-394 он), Өмнөд Янь (398-410 он) улсууд, түгүхүнь нар Түгүхүнь буюу Тогоон улс (285-663 он), табгач нар Умард Вэй (386-534 он) улсыг байгуулж, умард хятадад ноёрхож байснаас үзвэл дунхугийн угсааны монгол хэлт аймгууд тухайн үеийн Төвийн Азийн улс төрийн тавцанд чухал үүрэг гүйцэтгэж байсан нь тодорхой харагдана. Үүн дээр юйвэнь аймгийн Вэй улс унасны дараа байгуулсан Хожуу Жоу улс, ухуань, күмоси нарын  гүйцэтгэсэн үүрэг, Жужаны хаант улсын түүхэнд эзлэх байр суурийг нэмбэл дунхугийн угсааны өвөг монгол аймгуудын эзлэх орон зай, далайц, төрт ёс, угсаа соёлын хөгжил тодрон гарч ирнэ.

11.24.2018

Сяньбийн нэгдсэн улсын задрал


181 онд Таньшихуай нас барсан нь Сяньбийн нэгдсэн улсын хувь заяанд томоохон нөлөө үзүүлсэн байна. Таньшихуайг түүний хүү Хэлянь залгамжлан хаан суужээ. Хэлянь нь ухаан чадлаар аавдаа хүрэхгүй нэгэн байсан бөгөөд эд баялагт ховдог шунахай, завхай зайдан явдалтай, зарга таслахдаа голч биш хэмээн сурвалжид тэмдэглэгджээ. Иймээс Сяньбийн олон аймаг түүнд захирагдахаас татгалзах болсон байна.

Нэгэн удаа Хэлянь Бэйди тойргийг довтолсон байлдааны үеэр мэргэн харваачийн суманд онгдон  алагджээ. Хэляний хүү нас бага тул түүний ахын хүү Куйтоу хаан ор суусан нь хожмын хаан ширээний төлөөх тэмцлийн эхлэлийг тавив. “Хожуу Хань улсын судар”-ын “Ухуань Сяньбийн шастир”-т “Хэляний хүү Цяньмань нас бага учир түүний ахын хүү Куйтоу хаан ширээнд өргөмжлөгдсөн байна. Хожим Цяньмань өсөж том болоод Куйтоутой төр булаалдахад ард олон нь сарнин бутарчээ” гэжээ. Хаан ширээний төлөө тэмцсэн Цяньмань ч хаан болж чадсангүй, Сяньби улс сулран доройтоход хүрчээ.

Куйтоуг нас барахад дүү Бүдүгэнь заламжлан хаан  болов. Бүдүгэнь ч Сяньбийн задралыг зогсоож чадсангүй.

Сяньбийн хааны эр мэдэл хумигдан, орон нутгийн язгууртнууд бие даах  болсныг ашиглан Бүдүгэний дундах ах Фулохань хэдэн арван мянган иргэдээ дагуулан тусгаарлажээ. Дай тойргийн Ухуаний Нэнчэньди Фулоханийг дагахаа илэрхийлж, Фулохнь, Нэнчэьди нар Кэбинэн рүү элч илгээж хамтрахыг урьжээ. Кэбинэн тэр даруй түмэн морьт цэрэг дагуулан хүрч ирснээр Фулохань, Кэбинэн, Нэнчэньди нар нийлэн чуулжээ. Чуулганы үеэр Кэбинэн Фулоханийг алж, Фулоханий хүү Сегуйни Кэбинэнийг дагахаар болов. Бүдүгэнь үүнээс болж  Кэбинэнд дургүйцэх болжээ. Улам хүчирхэгжих болсон Кебинэнтэй Бүдүгэнь хэд хэд тулалдсан ч ялагдан өөрийн 10000 өрхөө дагуулан Тайюань, Яньмэнь тойрогт нүүн очжээ. Кебинэний тухай сударт “ Кэбинэн нь Сяньбийн бага аймгийнх бөгөөд баатар зоригтой, зарга тэмцлийг шударгаар шийддэг. Эд юманд шуналгүй. Хүмүүс түүнийг  толгойлогч болгов. Аймаг нь хил хязгаарт ойрхон... Цэргийн зэвсэг хийхэд сургаж, үсэг бичигт шамдан суралцав” хэмээн тэмдэглэжээ.

Бүдүгэнь хаан Фулоханий хүү Сэгуйнийг өөртөө татан авч, нийлүүлэн улмаар 224 онд Вэй улсад бараалхан, түүний умард хилийг хамгаалахаар болжээ.

Кэбинэн Сяньбийн бусад толгойлогч Мицзя, Сули хоёртой  сяньбийн олон аймгуудыг өөр хоорондоо хувааж, хилийн дээсийг тогтоож, дур дураараа Вэй улстай адууны худалдаа хийхгүй байх гэрээ байгуулж, андгай өргөсөн байна. Гэвч 228 онд Сули дангаараа Вэй улстай 1000 адуу наймаалснаас болж, Кэбинэн ял асуун цэрэглэн ялсныг сурвалжид “Кэбинэний харъяат олон хүчирхэгжин мандав. 100000 гаруй нум сум агссан морьтныг захирна” гэжээ. 

Кэбинэний тухай мөн  “дээрэмдэж олзлох бүрдээ эд баялгыг тэгш хуваана. Өнөө хүртэл хувиа бодож байсангүй. Харъяат олон нь түүнд  үнэнчээр зүтгэдэг бөгөөд бусад аймгийн ахлагчид бүгдээрээ хүндэлж, түүнээс айна. Гэвч Таньшихуайд  хүрдэггүй” гэх мэтээр  тэмдэглэн үлдээжээ.

228 онд  Кэбинэн 30000 цэргийн хүчээр Мачэн хотод Тянь Юйгийн цэргийг 7 хоног бүслэхэд Шангу тойргоос цэрэг ирж байж бүслэлтийг сэтлэн аварчээ. Кэбинэн улам хүчирхэгжиж байв.

233 онд Кэбинэн Бүдүгэньд найрамдах санал тавьсныг Бүдүгэнь хүлээн авчээ. Улмаар Бүдүгэнь, Сегуйни нар албатаа дагуулан Бинжоуг тонон дээрэмдчихээд тэндээс нүүж явжээ. Гэвч удалгүй Сегуйни буцан нүүж, Кэбинэнээс салж, Бинжоуд урьдын адил амьдрах болжээ. Харин Кэбинэн Бүдүгэнийг алж, албат иргэдийг нь өөртөө хураав.  Кэбинэний манлайлал дор Сяньбичүүд нэгдэн хүчирхэгжих болсонд  Вэй  улс аюултай хэмээн үзэж, сяньбийн  язгууртнуудыг эвдрэлцүүлэх бодлого эрччижүүлж эхэллээ. 235 онд Бинжоу мужийн захирагч Сюн санаачлан Кэбинэнийг алуулжээ. Түүх  сударт Кэбинэний алагдсан энэ 235 оныг  Сяньби улс задран унсан он  жил гэж үздэг.

Гэтэл Сяньби улс задарснаар Сяньбийн төрийн уламжлал үгүй болж, бууран доройтоогүй, харин ч газар нутгаа тэлж, умард хятадад шилжин суурьшиж, тэндээ төр улсууд байгуулж, улмаар хэдэн зуун жил ноёрхсон нь бодит түүх юм. 

235 онд Сяньби улс задарснаар Сяньби угсааны хэдэн хэдэн  улс үүсэн, тэдгээр улсууд нь умард хятадад ноёрхлоо тогтоон, Умард Вэй, Жужан улсууд 6 дугаар зууны дунд үе хүртэл, Түгүхүнь улс 663 он хүртэл  оршин тогтнож  байв. Тиймээс Сяньбийн түүхийг;
1.Нэгдсэн улс байгуулагдахаас өмнөх үе
2.Сяньбийн нэгдсэн улсын үе (НТ 156-235 он)
3.Сяньбийн задралын үе (235-304 он)
4.Умар Хятад дахь Сяньбийн олон улсын үе (304-439 он)
5.Сяньбийн угсааны 3 улсын үе /Умар Вэй, Жужан, Түгүхүнь/ (663 он хүртэл) хэмээн үечилж болно.

11.22.2018

Сяньбийн нэгдсэн улс – Таньшихуай


Сяньбичүүд Таньшихуайн үе хүртэл нэгдсэн улс байгуулаагүй бөгөөд ляодуны сяньби, ляосигийн сяньби гэх мэт бие даасан жижиг ханлиг улсууд байв. Сяньбийн олон ханлигуудыг нэгтгэн, нэгдсэн их улс байгуулсан удирдагч бол Таньшихуай юм. 

“Хожуу Хань улсын судар”-ын Таньшихуайн намтарт;
“Хуань Дигийн (НТ 147-168 он) үед Сяньбийн толгойлогч Таньшихуай хэмээгч, аав нь Тоулухоу болно. Хүннүгийн цэрэгт 3 жил алба хаагаад ирэхэд гэртээ үлдсэн эхнэр нь хүү төрүүлсэн байжээ. Тоулухоу ирээд гайхаж, эхнэрээ алах гэхэд эхнэр нь: “өдөр гадаа  явахдаа тэнгэр дуугарахыг сонсоод, дээш хартал мөндөр аманд орж залгигдсан. Түүнээс шалтгаантай болж, 10 сар болоод энэ хүүг төрүүлсэн. Энэ хүүхэд ер бусын гайхамшигтай болно, аажимдаа мэдэгдэнэ”  гэж. Тоулухоу үнэндээ итгэсэнгүй, түүнийг хаяжээ. Эхнэр нь гэрийн түшмэлдээ нууцаар  хэлсэнд тэр нь авч тэжээсэн. 

Таньшихуай 14-15 насандаа цөс зоригтой, арга ухаантай эр болжээ. Өөр аймгийн ахлагч түүний нагацын үхэр, хонийг дээрэмдсэнд  Таньшихуай ганцаар мордож, хойноос нь хөөн, тэдний газар хүрээд алдсанаа цөмийг нь эргүүлэн авчирчээ. Үүнээс хойш аймгаараа сүрдэн түүнийг дагах болов. Тэгээд Таньшихуай хууль, цээр, зөв бурууг тогтоосон, тэдгээрийг хэн ч зөрчихийг зориглоогүй. Түүнийг их ахлагчаар өргөмжилсөн” гэжээ.
156 онд Таньшихуай Сяньбийн хаанаар өргөмжлөгдөн, Сяньбийн нэгдсэн улсыг  байгуулав. 

Сурвалжид “Сяньби нь өмнө зүгийн хил хязгаарыг дээрэмдэж, хойшоо Динлинд тулж, зүүн зүгт Фүюйг ухруулж, баруун зүгт Усунийг цохиж, Хүннүгийн хуучин нутгийг бүгдийг нь эзлэв. Зүүнээс баруун тийш 14 мянга илүү ли, өмнөөс хойшоо 7 мянган ли уул тал, ус шанд, бүгдийг эзлэн захирсан” гэжээ.

156 оны намар Таньшихуай Юньжуныг уулгалсан бол 158 онд Сяньбичүүд Хань улсын умард хилд халджээ. Мөн оны өвөл өмнөд Хүннүгийн шаньюй, жанжин Жанхуаны хамт Сяньби руу довтлон 200 гаруй хүн алав. 159 онд Сяньбичүүд Яньмэнийг довтолж, 163 онд Ляодунг уулгалжээ. 166 онд Сяньбийн хэдэн түмэн морьт цэрэг олон замд хуваагдан Хань улс руу довтолж, ноёд түшмэдүүдийг нь алж, дээрэм тонуул хийжээ. Хань улс өмнөд Хүннүгийн Жанхуаныг томилон довтлуулахад Сяньбийн цэрэг хилээс гарч явсан байна.

“Хожуу Хань улсын судар”-т Хааны ордон аюул зовлонд учирсан ч яаж ч чадахгүй байв. Тэгээд элч томилон тамга тэмдэг бариулж, Таньшихуайг ван өргөмжилж, энх ураг барилдая гэв. Таньшихуай үл зөвшөөрөн дээрэм тонуул хийх нь улам хэцүү болов” хэмээн бичсэн байдаг.

Таньшихуай газар нутгаа тэлж, улс орныхоо гадаад байдлыг бэхжүүлэхийн зэрэгцээ дотоод бодлогодоо анхаарч хүннүгийн уламжлалаар улс орноо зүүн, баруун, төв гэсэн гурван хэсэгт хуваан төвхнүүлжээ. Сударт бичсэнээр “Юбэйпинээс зүүн тийш Ляодун, Фүюй, Хүймо хүртэлх 20 гаруй аймгийг зүүн гар болгов. Юбэйпинээс баруунш Шангу хүртэлх 10 гаруй аймгийг төв хэсэг болгов. Шангугаас баруун зүгт Дуньхуан, Усунь хүртэлх 20 гаруй аймгийг баруун гар болгов. Тус тусад нь их ахлагчаар удирдуулна. Бүгд Таньшихуайд захирагдана” гэжээ.

174 оны өвөл Сяньбийн цэрэг Бэйдийг довтолсон бол, 176 онд Южуныг, 177 оны зун Хань улсын хилийн 3 тойргийг довтолжээ. Хань улсын хаан цэрэг цуглуулж, 3 замд хуваан,  Ша Юйн цэргийг Гаолюгаас, Тянь Яний захирсан цэргийг Юньжунаас, өмнөд хүннүгийн Занмин жанжны цэргийг Яньмэнаас хөдөлгөж, Сяньбиг довтлуулжээ. Тус бүр 10000 цэрэгтэй 3 замын цэрэг 2000 ли газар явжээ. Таньшихуай 3 гарын удирдагчдыг тосон байлдахыг тушаасан байна. Гэвч Сяньбийн цэрэг ялагдаж, жанжид нь цөөн хүний хамт зугтан ирсэнд Таньшихуай хилэгнэн шоронд хорьжээ. 178 оны өвөл Сяньбичүүд Зюцюанийг довтолж, Ханьгийн хил хязгаарыг түйвээв.

Таньшихуайн тухай нэгэн түүх сударт тэмдэглэгдсэн нь  Сяньбийн хүн ам өсөж, хүнс хоол хүрэлцэхгүй болсныг Таньшихуай улс орноо эргэж яваад мэдсэн байна. Гэтэл Ухоуцинь гол загас ихтэй боловч загас барих аргыг сяньбичүүд мэддэггүй байв. Таньшихуай Во хүмүүс загас барихдаа сайн гэдгийг дуулаад зүүн зүгт Во улсыг довтолж, 1000 илүү өрхийг олзлон авчирч, Ухоуцинь голын хөвөөнд суулган загас бариулан, хүнсэндээ хэрэглэх болжээ.
Сяньби улсыг үндэслэгч Таньшихуай Хүннүг их гүрэн болгосон Модунь шаньюйтай харьцуулбал ахар насалжээ. Тэрээр 181 онд 45 насандаа нас барав. Түүний үхэл Сяньби улсын хувь заяанд нөлөөлсөн нь Сяньби улс гүйцэд бэхжиж амжаагүйтэй холбоотой ч байж мэднэ. 

11.18.2018

Дунхугийн үргэлжлэл Сяньби


Хятадын түүхийн “Го юй” буюу “Улсын өгүүлэл” зохиолд “ Урьд Чэн ван ( НТӨ 1024 – 1005 он) Цияньд язгууртнуудын хуралдааныг хийлгэхдээ Чу улсыг Цзин жоугийн бүдүүлэг аймаг гэж үзээд ... Сяньбийн хамт тахилгын гал мануулахаар явуулсан тул хуралдаанд оролцож чадсангүй” гэснээр Сяньби нэр анх хятад сурвалжид тэмдэглэгджээ. Мөн эртний хятад зохиолд “Сяньби шиг бэлхүүс нарийн, хүзүү гуалиг” хэмээн шүлэглэн бичсэн нь ч бий.

“Хожуу Хань улсын судар” “Сяньбийн шастир”-т “Сяньби хэмээгч нь Дунхугийн салбар бөгөөд Сяньби ууланд очиж сууснаар тийнхүү нэрлэгджээ. Хань улсын эхэн үед Модуньд цохигдон алс холын Ляодун боомтын гадна дутаан очиж, Ухуаньтай залгаа суухаас өмнө Дундад оронтой байнгын харилцаагүй байлаа... НТ 49 онд Сяньби анх элч илгээжээ”  хэмээжээ.

Хүннүгийн Модунь шаньюйд цохигдсон Дунху нар Ухуань, Сяньби хэмээн хоёр хуваагдан зугтаж, Ляодунгийн боомтын гадна очиж суужээ. Сяньби нар Хүннүгийн зүүн гарт багтан, Ухуаний ард сууж байсан тул Хань улстай шууд  харилцаа үгүй учир сурвалжид нэг хэсэг тэмдэглэгдсэнгүй. НТ 45 онд Сяньби болон Хүннү нар Ляодунг довтолсон ч Хань улсын цэрэгт цохигдон ухарчээ. Энэ үеэс л Сяньби нар сурвалжид олонтоо үзэгдэх болсон нь бүс нутгийн улс төрд идэвхтэй оролцох болсныг харуулна. Ялангуяа Хүннү гүрэн хоёр  хуваагдах болсноос хойш бие даасан бодлого явуулах болжээ.

Сяньбийн Пяньхэ Хань улстай нийлж, Хүннүгийн зүүн гарын Июйзы аймгийг довтолж, 2000 гаруй хүнийг алсан. Түүнээс хойш  Пяньхэ жил дараалаан умард Хүннүг довтолж, алсан хүнийхээ тоог Ляодунд мэдүүлж, шагнал авч байжээ.
НТ 54 онд Сяньбийн толгойлогч Юйчоубэнь, Маньтоу нар Хань улсын хааны ордод очиж, дагахаа илэрхийлжээ. Хань улсын хаан Юйчоубэнийг ван цолоор, Маньтоуг хоу цолоор тус тус шагнав.

НТ 90 оны дундуур Хань улс сяньбийн цэргийг умард Хүннү рүү довтлуулж, томоохон ялалт байгуулсан талаар сурвалжид “ ... Хүннүг цохиулахад умард шаньюй зугтаан одов.. Сяньби түүний газарт орж суув. Хүннүгийн үлдсэн 100000 гаруй өрх бүгдээрээ өөрсдийгөө Сяньби хэмээв. Сяньби түүнээс  эхлэн аажмаар хүчирхэгжив” гэжээ.

НТ 97 онд Ляодунгийн Сяньбичууд  Фэйжи сум рүү довтолсон бол НТ 101 онд Юбэйпинийг дээрэмдээд, Юйяныг довтолсон ч амжилт олсонгүй. Хань улсын цэрэг мөрдөн хөөсөн ч Сяньбийн цэргийн отолтонд өртөж, жанжид цэргүүд нь бүгд үхжээ.

НТ 115 оны намар Ляодунгийн Сяньби Улю сум руу халдаад, Фүли хуаранг довтолсон. 117 онд Ляосигийн Сяньбийн Ляньсю нар Ханьгийн хил хязгаарт халдахад, Ухуаний толгойлогч Юйжизюй хилийн тойргийн цэргүүдтэй нийлж, Сяньби нарыг цохижээ. НТ 118 оны Сяньбийн 10 түмэн цэрэг Дай тойрог руу довтолж, өвөл нь Шангу тойрог руу томоохон довтолгоо хийв. 119 оны Сяньби нар Мачэн харуулаар орж, ахлах түшмэлийг нь алав.

120 онд Ляосигийн Сяньбийн толгойлогч Улинь, Цижизянь нар албат иргэдээ дагуулан Хань улсад дагав. Гэвч 121 онд Цижизянь бослого гаргаж, Зюй-юныг дээрэмдэж, Юньжун тойргийн захирагчийг алав. Сяньбичүүд цаашлан Ухуаний Сючанийг Мачэн хотод  бүслэв. Хань улсын туслах цэрэг ирж  байж арайхийж Сючаныг  бүслэлтээс гаргав. 122 онд дахиад л Яньмэн, Динсян тойргуудад халдаж, цөс зориг нь бадарсан хэдэн зуун морьтон дайчид Хань улсын умард хилийг түйвээж байв. 123 оны өвөл  Цижизянь  өөрөө түм илүү морьт дайчдаа удирдан Дун Линаар орж, хэдэн зам хуваагдан, өмнөд Хүннүг Манбайд довтолж, жижү ван болон 1000 илүү хүн алав. 124 оны намар Гаолюг дээрэмдэн, мөн өмнөд Хүннүг цохив.

126 оны намар Сяньбийн толгойлогч Цижизянь цэргээ удирдан Дай тойргийг уулгалж, тойргийн захирагчийг алжээ. 127 оны  хавар Хань болон өмнөд Хүннү хамтарч, 10000 гаруй цэргээр Сяньбийг довтолж ялалт байгуулжээ. Түүний хариуд Ляодунгийн сяньбийн 6000 гаруй морьт цэрэг Ляодун, Сюаньтүг дээрэмдэв. Ухуаний Гэние хил дагуух Ухуань цэргийг дайчилж, хилээс гарч Сяньбийг довтлон  ялжээ. 

129 онд Сяньбичүүд Юйян, Шофанийг уулгалсан бол 131 онд Ухуаний Гэние цэргээ удирдан гарч, Сяньбийг довтлон ялж, 800 хүн алж, хүн мал олныг олзолжээ.

132 оны өвөл Ухуаний Гэние цэргээ удирдан умард зүг Сяньбийг довтолж ялсан бол 133 оны хавар өмнөд Хүннүгийн гудухоу Фүшэн Хань улстай хамтарч мөн Сяньбийг цохижээ. Үүний хариуд Сяньби нар 133 онд Ляодуныг уулгалж, Мачэн хотыг довтолж, Дай тойргийн цэргийг бут цохижээ. Удалгүй Сяньбийн толгойлогч Цижизянь нас барснаар Сяньби нарын довтолгоо цөөрсөн хэмээн түүхэнд тэмдэглэжээ.

11.16.2018

Дунхугийн үргэлжлэл Ухуань


Хүннүд цохигдсон Дунху нарын гол мөхлөг Сяньби болон Ухуань нар Хянганы уулс тийш шилжин суурьшиж, Хүннүгийн ханлиг хэлбэрээр оршин байсан бол үлдсэн аймгууд нь Хүннүд уусан оджээ.

“Ухуань бол уг нь уг нь Дунху юм. Хань улсын эхэнд Хүннүгийн Модунь шаньюй эзэмшил нутгийг нь мөхөөж, үлдсэн хүмүүс нь Ухуань ууланд сууснаар ийнхүү нэрлэгдэх болжээ” хэмээн түүхэнд тэмдэглэсэн байдаг. Сурвалжид “ухуаньчууд  дайн тулаанд үхэхийг эрхэм үйлс хэмээнэ. Үхэгсдээ авсанд хийж, уйлж шаналан, дуу бүжгээр үдэн оршуулна. Нэгэн нохойг бордон тэжээж, өнгийн утсаар уяж, талийгаачийн эдэлж байсан хүлэг морь, хувцас хунарыг цөмийг нь шатаана. Тэдний хэлэх нь үхэгсдийн сүнсийг нохойд даатган, Улаан ууланд удирдан оруулна. Улаан уул нь Ляодуны баруун хойно хэдэн мянганы газарт байдаг” хэмээн тэмдэглэсний Улаан уул гэдэг нь судлаачдын анхаарлыг эртнээс татсаар ирсэн. Ухуань гэдэг монгол хэлний улаан гэсэн утгатай үг хэмэээн үзэх үндэслэлтэй аж.

“Хожуу Хань улсын судар”-ын “Ухуаний шастир”-т; “хүлэг морь унах, харвах намнахдаа гарамгай, ан гөрөө хийж аж төрнө. Өвс усны сайныг дагаж мал маллана. Орон сууц нь тогтворгүй, эсгий дугуй майхнаар гэр хийж, дорно зүг хандуулан барина. Мах идэж цэгээ уун, арьс ноосоор хувцас хийнэ. Залууг хүндэтгэн, өтгөс өвгөдөө үл тооно. Зоригтой бөгөөд хэрэг маргааныг таслах чадвартай хүнийг их ахлагч болгоно. Үе дамжин залгасан ажил үйл гэж байхгүй. Хот айл болгон бага удирдагчтай. Харин хэдэн зуу, эсвэл хэдэн мянган айл нийлж нэг аймаг болно. Ахлагч дуудахдаа мод сийлж, захидал болгон илгээнэ. Хэдийгээр бичиг үсэг байхгүй ч аймаг олон нь түүнийг зүрхлэн зөрчихгүй. Овгийн нэр тогтворгүй, ахлагчийнхаа нэрээр нэрлэнэ. Ахлагчаас доош тус тусдаа малаа маллан аж төрнө, бие биенээрээ туслуулдаггүй.

Хүргэн хүмүүн,  эмийн гэрт 2 жил хүч өгвөл, эмийн гэрээс сая бэлэг сэлттэй, малжих нутагт нь хүргэж өгнө. Эцэг эх нь үхвэл хойд эхээ авч, бэргэнтэйгээ залган сууна. Хэрвээ бэргэнтэйгээ залган суух үгүй болбоос өөрийн хөвүүнд өгнө. Дахивал авга нар нь залган сууж, үхсэний хойно анхны эрийн гэрт буцаана.  Арга бодлогоо эхнэрүүдтэйгээ ямагт зөвлөлдөнө. Дайтах найрамдах асуудлыг гагцхүү өөрөө шийднэ. Эцэг хүүхэд, эр эм өөд өөдөөсөө харан сөхрөн сууна. Мулзан толгойг ая тух хэмээнэ. Бүсгүй хүмүүн харьд  мордохын цагт гэзэг үсээ чимж, шанхлан ороож, хатгамал хатган, алт хашаар чимсэн гоузюэ өмсөх нь Дундад улсын эхнэр, бүсгүйн толгойн засал өмсгөл гобуяотой адил. Эмэгтэйчүүд нь арьсан гуталд хатгамал хатган хээ угалз гаргаж, эсгий даавуу нэхнэ. Эрчүүд нь нум сум, эмээл чөдөр хийж, алт төмрийг давтан зэвсэг үйлдэнэ” гэх зэргээр ухуаний зан заншил, аж ахуйн талаар тэмдэглэн үлдээжээ. Эдгээрээс харахад Ухуаньчуудын эрхлэх аж ахуй, хөдөлмөрийн хуваарь, амьдралын хэв шинж нь хожмын Монголчуудынхтай адилхан харагдана.

Ухуаньчууд Ухуань ууланд очиж сууснаас хойш баруун зүүн Хань улсын үед хоёр удаа урагш нүүдэллэжээ. НТӨ 119 онд Хань улсын Уди хааны үед буюу Хүннү Хань улсын дайны ид үед  Ханьгийн Хо Цюйбин жанжин Хүннүгийн зүүн сэцэн ванг довтолж ялаад, Ухуанийг Шангу, Юйян, Юбэйпин, Ляоси, Ляодун 5 тойргийн гадна суулгаж Хүннүгийн хөдөлгөөнийг тандаж байхыг даалгажээ. Ухуаньчуудын толгойлогчийг Ухуанийг хамгаалах сяовэй түмшэл хэмээн өргөмжилж,  тамга тэмдэгтэй болгож, цалин пүнлүү олгож эхэлжээ.

Ухуаньчууд Жао Ди (НТӨ 86-73 он) хааны үед аажмаар хүчирхэгжиж, хүннү нарт дургүйцлээ илэрхийлэн, хүннүгийн шаньюйн онгоныг тонож байв.  Хүннүгийн шаньюй ихэд хилэгнэн Ухуань нарыг довтлон цохисон бөгөөд Хань улсын 20000 цэрэг Ляодунгаас хөдөлсөн боловч  Хүннү нар гэдрэг буцсан байв. Ханьгийн жанжин Хүннү нар нэгэнт буцсаныг мээдмэгц хүчин суларсан Ухуаньчуудыг довтолж, 6000 хүн болон 3 ванг алжээ. Үүний хариуд Ухуаньчууд Южоуг довтолж, дээрэмдсэн байна. НТӨ 71 онд Ухуаньчууд хүннүг зүүн талаас нь довтолсон бол усуньчууд баруун талаас нь, Динлинчүүд умараас нь довтолж Хүннүд их хохирол учруулсан гэдэг.

НТӨ 5 онд Ухуаний нэг ноён Хүннүгийн зүүн өмнөд нутагт довтлон олон тооны мал, их хэмжээний эд зүйл олзлон буцсанд Үжүлю шаньюй түүнийг нэхэн цохиж, эд зүйлээ эргүүлэн аваад зогсохгүй хүүг нь барьцаанд байлгахаар болгожээ.
НТ 9 онд Ван Ман өөрийгөө хаанд өргөмжлөн Хань төрийг халж, Синь улсыг байгуулсан ба ухуаньчуудыг хүннүд татвар өгч болохгүй хэмээн мэдэгджээ. Хүннү нар татвар авах гэхэд Ухуаньчууд Хүннүд татвар төлж болохгүй хааны зарлиг бий гэв. Хүннүгийн элч ихэд уурлан ахлагчийг нь алахад, Ухуаьнчууд хүннүгийн элч, дагагчдыг нь алжээ. Шаньюй үүнийг сонсоод Зүүн сэцэн вангаар Ухуанийг довтлуулан 1000 гаруй эмэгтэйчүүд, хүүхдийг олзлон авч явав. Ухуаний ванд арьс ширээ авчраад сольж ав гэж хэлүүлжээ. Ухуаньчууд татвараа авч очсон ч хүннү нар барьцааны хүмүүсийг нь явуулаагүй аж.

Хүннүгийн цэрэг Синь улсын умард хилийг эрчимтэй довтлох болсонд, хүннүг дайлах цэрэгт Ухуань, Динлин нарыг дайчлан Дай тойрогт суулгажээ. Тэдний эхнэр  хүүхдийг хилийн дотор суулган барьцаанд авсан байна. Ухуаньчууд  нутаг буцахыг хэд хэдэн  удаа гуйсан ч Ван Ман зөвшөөрсөнгүй. Тиймээс ухуаньчууд өөрсдөө оргон нүүсэнд Ван Ман эхнэр хүүхдүүдийг нь алсан ажээ. Ван Манд өсөлсөн Ухуаний удирдагчдад Хүннү нар цол хэргэм шагнаж, өөрсдөдөө  татах болов. Удалгүй Ван Маны засаг унаж, Зүүн Хань улс байгуулагдсан ч Хүннү, Ухуаний довтолгоо үргэлжилсэн хэвээр байв. НТ 25 онд Хүннү, Ухуань нарын цэрэг нэгдэн Дай тойргоос зүүн тийшх хилийг уулгалан дайрчээ. НТ 45 онд Хань улсын цэрэг Ухуаний довтолгоог отолтонд оруулах оролдлого хийсэн ч амжилтгүй болж, Ухуаньчууд ухарсан байна. Хань улсын цэрэг хойноос нь хөөж зуугаад хүнийг алсан боловч буцах замд нь Ухуаньчууд довтолж, Ханьгийн цэрэг өдөр шөнөгүй зугтаасаар санд мэнд хилийн харуулаар буцаж орсон байна. Энэ байлдаанд Хань улс 1000 орчим морьдоо алдсан гэдэг.

НТ 46 онд Хүннүд язгууртнуудын тэмцэл газар авч, хүчин доройтсныг ашиглан Ухуаньчууд Хүннүд цохилт өгч Хүннү нар умард зүг хэдэн мянган ли газар ухарч, говийн өмнөд хэсэг хоосорсон хэмээн сурвалжид тэмдэглэжээ.
НТ 49 онд Ляосигийн Ухуаний толгойлогч Хэдань 922 албат иргэдээ дагуулан Хань улсыг дагахаа илэрхийлэв. Ухуаньчууд улмаар Хань улсын умард хилийг сахих болж, Хань улстай хамтран Хүннү, Сяньбийг довтлох боллоо.

“Хожуу Хань улсын судар”-ын “Өмнөд хүннүгийн шастир”-т тэмдэглэснээр  НТ  76 онд өмнөд Хүннүгийн шаньюйн хүсэлтээр Ухуаньчууд хилээс  гарч, Гаолинь ванг довтолж, хэдэн зуун хүнийг алж, 4000 хүн олзолсон байна. Умард хүннүг  НТ 87 онд Сяньбичууд довтлон шаньюй алагдаж, томоохон ялагдал хүлээснийг далимдуулж, НТ 88-93 онд болсон өмнөд Хүннү, Сяньби, Хань улсын довтолгоонд Ухуаньчууд оролцож байсан байна.

109 оны намар Яньмэн тойргийн Ухуаний ван Ухэ, Сяньбийн толгойлогч Чюлунь нар өмнөд Хүннүгийн гудухоутай нийлэн 7000 цэргийн хүчээр Уюанийг довтлон Хань улсад ихээхэн хохирол учруулсан байна. Гэвч Хань улс томоохон цэргийн хүч илгээхэд Ухэ бууж өгч, Сяньби нар хилээс гарч оджээ.

135 онд Ухуаньчууд Юньжунийг довтолж, 1000 илүү тэрэг, үхэр олзлон буцжээ. 140 онд Ухуаны толгойлогч Азян, Цяньцюй нар өмнөд Хүннүгийн зүүн гарын Гоулун Усытэй нийлж бослого гаргасан боловч дарагдсан байна. 155-157 онд Шофаны ухуаньчууд бослого гаргасан ч мөн л дарагджээ. НТ 166 онд Ухуаньчууд Сяньби болон өмнөд Хүннүтэй нийлж, Хань улсын умард хилийн 9 тойргийг ихэд сүйтгэжээ.

187 онд Жуншань тойргийн захирагч Жан Чунь бослого гаргаж, Ляосигийн Ухуаньд очин сууж, өөрийгөө Тянь-Андин ван өргөмжлөн, аажмаар олон тойргийн Ухуаньчуудын толгойлогч болж Хань улсад ихэд хохирол учруулах болов. Хань улс их хэмжээний шагнал зарлан байж, түүнийг алуулснаар умар хилийн мужууд нь амгалан болов гэдэг.

192-193 оны үед Ухуаний толгойлогч Цюйлизю үхэж, түүний хүү Лоубань нас балчир тул дүү Тадунь өргөмжлөгдөв. Тадунь нийт 3 аймгийг захирдаг бөгөөд түүнийг дуулгавартай дагана. 196 онд Зижоу мужийн захирагч Юань Шао болон жанжин Гунсунь Зань нар хоорондоо тэмцэлдэн Тадуний дэмжлэгтэй Юань Шао ялжээ. Дараа нь Шангугийн Ухуаний толгойлогч Наньлоу болон Ляодуны Ухуаний толгойлогч Супуянь нар Лоубанийг шаньюй өргөмжилж, Тадунийг ван болгосон бөгөөд тэрээр дотоод асуудлыг нь давхар хариуцаж байна. Ийнхүү Ухуаний вангууд хоорондоо нэгдснээр хүчирхэг боллоо. 

Энэ үед Юань Шао, Юань Шан нар Цао Цаод ялагдаад Ухуань руу зугтан, Тадуны өмгөөлөлд оржээ. Мөн Хань улсын дотоод үймээний улмаас Южоу, Зижоу тойргийн ноёд 100000 өрхөө дагуулан Ухуаньд очсноор Ухуань улам хүчирхэгжив. Ийнхүү Цао Цаогийн дайснууд Тадунийг тойрон цугларах болсонд 207 онд Цао Цао өөрийн биеэр цэрэг авч Ухуанийг довтлон, Тадунийг ялж, түүнийг хороосон төдийгүй 20000 гаруй хүнийг устгасан байна. Юань Шан, Лоубань, Уянь нарын Ухуаний вангууд бүгд Ляодун руу зугтаан очиход тойргийн захирагч Гунсунь Кан бүгдийг нь цаазалсан ажээ. Ухуаний үлдсэн хүн амыг дундад улсад тараан суулгасан байна. Үүнээс хойш ухуаньчууд дахин сэргэж, сэхэл авч чадаагүй бөгөөд бүс нутгийн түүхэнд нөлөөтэй байхаа больжээ. Гэвч хожим хүртэл Ухуаньчууд ямар нэг хэмжээгээр түүхэнд нэр дурьдагдсаар байсан билээ.

Ухуаний Тадуний талаар “Хожуу Хань улсын судар”-ын Ухуань Сяньбийн шастирт;
“Лин Ди, сянь Диний үед хоёр хулгай (Ухуань, Сяньби хоёрыг хэлж байна) ээлжлэн хүчирхэгжиж байв. Эрэлхээг Таньшихуай шаньюй бүх газрыг эзээлсэн бол догшин Тадунь Ляосигийн газрыг эзээлсэн. Тэд Дундад улсыг зайдлан унав” гэж тэмдэглэсэн байдаг.  

11.13.2018

Өвөг Монголчууд - Дунху


Монгол нутаг дахь нүүдэлчин ард түмнүүдийг хятад сурвалжид;
-Шангийн (- -НТӨ 1045 он) үед гүйфан
-Баруун Жоу улсын (НТӨ 1045 – НТӨ 771 он) үед сяньюнь, жун буюу нохой жун, баруун жун, уулын жун, сүжун
-Зүүн Жоу улсын (НТӨ 771 – НТӨ 475 он) үед ди буюу улаан ди, цагаан ди, умард ди
-Байлдаант улсуудын (НТӨ 475 – 221 он)үед ерөнхийд  нь ху хэмээн нэрлэдэг ч дотор нь дунху, линьху, хүннү, лоуфань гэж ялгаж салган, нэрлэж бичиж иржээ. Сяньби нарын өвөг болох 

Дунху нарын дунху  гэдэг нь дун гэдэг нь дорнод, ху гэдэг нь бүдүүлэг гэсэн үг аж. Дунху нар Хүннүгийн зүүн талд оршин байсан тул ийнхүү дорнод ху хэмээжээ. Хүннү Дунху нарын хил хязгаарын тухай “Түүхэн тэмдэглэл”-д Хүннү Дунхугийн хооронд 1000 гаруй ли газар хүн нутагладаггүй зэлүүд газар буй.Түүний захаар оуто ( хил хамгаалах алба) байгуулан сууцгаана” гэжээ.

Дунху гэдэг нэр түүхэнд анх Байлдаант улсын үед бичигдсэн “Ижоу судар”-т анх гардаг нь; “Дунху шар хүрэн байвгай өргөн барив. Уулын жун жунгийн буурцаг өргөв” хэмээжэхүй. Энэ нь дунху нарын хамгийн анхны мэдээ аж. Түүнчлэн “Ижоу судар”-ын тайлбарт “ Дунху хэмээгч нь зүүн хойдын харь буюу Хүннү,  Дунху  нь Бэйдигийн өөр нэрийдэл ажээ” гэж тэмдэглэсэн байдаг.

Модунь НТӨ 209 онд Хүннү гүрнийг байгуулахдаа хүннү, дунху, юэжи улсуудын төр ёсны уламжлал дээр тулгуурлан байгуулсан билээ. Тиймээс НТӨ 209 оноос өмнө Хүннү, Дунху, Юэжи улсууд зэрэгцэн оршиж байсан бөгөөд Модунь хүннүгийн манлайлал дор эдгээрийг нэгтгэн эрхшээлдээ оруулж, гүрэн болон өргөжсөн байна.

НТӨ 4-р зууны үед дунху, хүннү нарын ху нар ихээхэн хүчирхэг байсан тул Байлдаант улсуудын ванлигууд нүүдэлчдээс үлгэр авч, нүүдэлчдийн хувцас өмсөж, харваж намнахыг сурч морин цэрэг байгуулж байв. Хувцсаа өөрчилж, харваж намнахыг сурсан Жао ванлиг төдийгүй бусад ванлигууд  нүүдэлчдийг умард зүг шахан, газар нутгийг нь эзлэн авах бодлого явуулж эхэлжээ. 
“Түүхэн тэмдэглэл”-ийн “Хүннүгийн шастир”-т;
“Янь улсын мэргэн жанжин Цинь Кай гэж байжээ. Ху нарт барьцаанд байсан бөгөөд ху нар түүнд их итгэдэг байв. Буцаж ирсний дараа дунхуг гэнэдүүлэн цохиж явуулав. Дунху нар 1000 илүү ли (400 км) ухрав” хэмээн тэмдэглэсэн байна. Энэ үйл явдал НТӨ 270-260 оны үед болсон гэж үздэг.

Дунхугийн бүрэлдхүүнд сяньби, ухуаны хүчирхэг холбоо байсан бөгөөд эдгээрт ухуань, тоба, муюн, тогон, цифү, түфа, күмоси, юйвэнь, жужан, хятан нар багтаж байв. Дунху нь хүннүгээс дутуугүй хүчирхэг байсан талаар сурвалжид тодорхой өгүүлсэн байдаг. 

“Түүхэн тэмдэглэл”-ийн “Хүннүгийн шастир”-т “Энэ үед Дунху хүчирхэгжин, Юэжи цэцэглан мандаж байсан бөгөөд хүннүгийн шаньюй Түмэн байв” хээмээснээс гадна “Зинь улсын судар”-ын 108-р бүлэг “Муюн Гүйн намтар”-т “Дунху нар Хүннүтэй нэг зэрэг мандан гарсан бөгөөд нум сумт цэрэг 200000 гаруй буй. Зан заншил, түшмэдийн цол нь хүннүтэй адил” гэжээ. Эдгээр мэдээ нь дунху нар хүчирхэг армитай байсан төдийгүй олон зэрэг дэв бүхий түшмэдтэй байсныг баталдаг.

НТӨ 209 онд Модунь эцэг Түмэн шаньюйгаа егүүтгэн шаньюй болоход Дунху улс төрийн дарамт үзүүлэн Түмэн шаньюйн хайртай аргамаг хүлэг мөн хайртай хатна өгөхийг шаардахад Модунь шаньюй өгсөн нь Модуний тактик байсан байсан боловч  нөгөө талаар Дунху нарын хүчирхэгийг харуулна. Улмаар Дунху  нар  хилийн дагуух орхигдсон газрыг авахыг санаархахад Модунь “Газар бол улсын үндэс” хэмээн өгөхөөс татгалзан гэнэдүүлэн довтолжээ. Дунху нар түүнийг довтолно гэж бодолгүй бэлтгэлгүй сууснаас  бут цохигдсон байдаг.
“Монголын эртний түүх” “Сяньби”

11.11.2018

Хүннүгийн түшмэдийн зэрэг дэв


Сыма Цяны “Түүхэн тэмдэглэл”-ийн 110-р бүлэг “Хүннүгийн шастир”-т;
“Зүүн баруун сэцэн, зүүн баруун гули ван, зүүн баруун их жанжин, зүүн баруун их данху, зүүн баруун гудухоу тавьдаг. Сянь буюу сэцэн гэдгийг хүннүгээр туци гэдэг бөгөөд шаньюйн ууган хүү туци вангаар томилогддог. Зүүн баруун сэцэн вангаас данху хүртэл хүчирхэг нь түмэн морин цэрэгтэй, буурай нь хэдэн мянган морьт цэрэг бүхий 24 дарга байна. Тэдгээр нь түмэн морин цэрэгтэн буюу түмтийн дарга цолтой. Бүх том түшмэд угсаа залгамжлана. Хуянь овог, Лань овог, Сюйбу овог энэ гурван овог нь сурвалжит удамтай болно. Зүүн гарын ван жанжид Шангүгээс зүүн зүгт Хуйхэ, Солонгостой хиллэн зүүн гарт нутаглана. Баруун гарын ван жанжид нь Шан тойргоос цаашлан Юйжи, Цян нартай хиллэн баруун гарт нутаглана. Шаньюйн орд нь Дай, Юньжуны харалдаа буй. Өөр өөрийн хувь газартай, ус бэлчээр даган нүүдэллэнэ. Зүүн баруун сэцэн ван, зүүн баруун гули ван нар хамгийн том эзэмшилтэй, зүүн баруун гудухоу нар төрийн хэрэгт тусална. Хорин дөрвөн түмтийн дарга тус бүр мянгат, зуут, аравтын дарга, доод жижиг ван, сян, дүвэй, данху, цецюй нарыг томилно” хэмээн тэмдэглэсэн байдаг.

“Хожуу Хань улсын судар”-ын “Өмнөд Хүннүгийн шастир”-т;
“Том түшмэдээс хамгийн сурвалжит нь зүүн сэцэн ван, дараа нь зүүн гули ван, баруун сэцэн ван, баруун гули ван орно. Тэдгээрийн 4 эвэртэн гэнэ. Цааш нь зүүн баруун жижи ван, зүүн баруун вэньюти ван, зүүн баруун жанжин ван байна. Тэдгээрийг 6 эвэртэн гэнэ. Тэдгээрийн аль аль нь шаньюйн хүү болон дүү нар байна. Дүү нь шаньюй болдог ажээ. Өөр урагийн том түшмэдээс зүүн баруун гудухоу, дараа нь зүүн баруун шижү гудухоу болон жижү, цецюй, данху гэгч түшмэд буй. Түшмэдийн зэрэг дэвийн дээд доод нь эрх тушаалын байдал, харъяат хүмүүсийн олон цөөнөөс шалтгаална. Шаньюйн ураг нь Сюйляньти. Өөр урагаас хуянь овог, сюйбу овог, цюлинь овог, лань овог. Энэ 4 ураг нь улсын доторх нэр хүндтэй угсаа болно. Байнга шаньюйтай ураглана. Хуянь овог нь зүүнд, лань овог, сюйбу овог нь баруунд шүүхийн хэргийг эрхлэн ял оноож, тэр тухайгаа шаньюйд амаар илтгэнэ. Үсэг бичиг дэвтэр тэмдэглэл үйлддэггүй” хэмээжээ.   

11.02.2018

Хүннү гүрний хуваагдал


Хүдүэрши шаньюй НТ 46 онд нас барж, түүний хүү Уда ор залгасан ч удалгүй үхэж, түүний дүү зүүн сэцэн ван Пүнү шаньюй боллоо. 

Энэ үед шаньюй болж чадаагүйдээ хорссон Ужүлю шаньюйн хүү Би Хань улстай хуйвалдан, Хүннүгийн газрын зургийг нууцаар илгээсэн байна. Би-г хянаж байсан 2 гудухоу түшмэл шаньюйд Би-гийн урвалтын талаар дуулгаж, түүнийг хороох тухай яриаг Би-гийн дүү ван олж сонсож, Би-д хэл хүргүүлснээр Би ван алагдахаас айн өмнө зүгийн 8 аймгийн 40-50 мянган цэргийг засан зугтахаар зэхэж байхад нь Пүнү шаньюй өөрийн мэдэлд байсан 10000 цэргээ аван очсон ч хүч тэнцвэргүй байсан тул цэргээ татан буцсан аж. Ингээд НТ 48 онд өмнө зүгийн 8 аймгийн ахлагчид хуралдаж, Би-г Хуханье шаньюй түүхчид хоёрдугаар Хуханье хэмээдэг) хэмээн өргөмжилжээ. Ийнхүү Хүннү гүрэн Пүнү шаньюйн захирсан умард Хүннү, ХуханьеII шаньюйн захирсан өмнөд Хүннү хэмээн хоёр хуваагдлаа.

НТ 49 онд Хуханье II шаньюй өөрийн дүү зүүн сэцэн ван Мо-д 10000 цэрэг өгч, умард Хүннүгийн Пүнү шаньюйн дүү болох зүүн сэцэн ванг довтлуулж, түүнийг олзолж авав. Улмаар умард Хүннүгийн орд өргөөг эзлэн авч, 10000 илүү хүн, 7 мянган адуу, 10000 гаруй үхэр, хонь олзолсон байна. Пүнү шаньюй умар зүг 400 гаруй км алслан нүүв.

НТ 50 онд Хань улс Хуханье шаньюйг хүлээн зөвшөөрч, элч илгээн Юньжунд суурьшуулах хааны зарлигийг гардуулжээ. Мөн оны зун олзонд байсан умард Хүннүгийн зүүн сэцэн ван өөрийн харъяат албатууд болон өмнөд Хүннүгийн 5 гудухоу түшмэлийн хамт 30000 гаруй хүн ардыг дагуулан умард Хүннү рүү зугтан гарч, умард Хүннүгийн шаньюйн орд өргөөнөөс  150 орчим км газарт суурьшсан ч удалгүй хоорондоо байлдан 5 гудухоу бүгд алагдаж, албат иргэд нь умард Хүннүд захирагдав. Өвөл нь 5 гудухоугийн хөвгүүд 3000 орчим албатаа дагуулан өмнөд Хүннү руу зугтсанд умард Хүннүгийн цэрэг мөшгин хөөв. Тэднийг угтуулахаар өмнөд Хүннүгийн шаньюй цэрэг илгээсэн ч умард Хүннүгийн цэрэгт бут цохигдов.

Хань улс умард Хүннүгийн довтолгооноос сэргийлэн өмнөд Хүннү нарыг дахин урагш нүүлгэж, цагаан хэрмийн дотор оруулан, найман газарт хуваан суулгаж, умард хилийг хамгаалах үүрэг хүлээлгэв.

Хүннү гүрэн хоёр хуваагдан, өмнөд Хүннү Хань улсыг дагах болсон нөхцөлд умард шаньюй Хань улстай энх ургийн гэрээг сэргээж, харилцаагаа сайжруулахыг зорьж байв. НТ 51 онд умард шаньюй элч илгээсэн ч өмнөд Хүннүг шууд дэмжих бодлого барьсан Хань улс элчийг хүлээж авалгүй буцаажээ. НТ 52 онд умард шаньюй баруун бүсийн олон орны элч нарын хамт дахин элч илгээсэнд энэ удаа элчид бэлэг өгөн буцаасан ч энх ургийн гэрээ байгуулахгүй гэжээ. НТ 55 онд дахин элч илгээж найрамдах санал тавьсан байна.

Би шаньюй НТ 56 онд нас барахад түүнийг дүү зүүн сэцэн ван Мо нь Чюфүю шаньюй нэртэй залгамжлаад нэг жил болоод нас барав. Түүнийг дүү Хань нь Ифаюйлю нэртэй НТ 57 онд ор залгаад 2 он болоод нас барав. Түүнийг Би шаньюйн хүү Луань залган Ситун шаньюй хэмээн ор суугаад 4 жил болоод нас барав. Түүнийг Мо шаньюйн хүү Сү залгамжлан Чючүжүлинь шаньюй хэмээн өргөмжлөгдсөн ч хэдхэн сар сууринд суужээ. Түүнийг залгаж Луань шаньюйн дүү Чан НТ 63 онд хаан ор сууж Хуе шаньюй хэмээн өргөмжлөгдөв. Ийнхүү өмнөд шаньюй нар шаньюйн суудалд удаан суулгүй нас барж байсан шалтгаан тодорхойгүй ажээ. Харин Хуе шаньюй 23 жил төр барьсан байна.

Умард Хүннү нар НТ 62 оноос Хань улстай харилцах бодлогоо өөрчлөн, Ханьгийн хилийг довтлох болов. Энэ тухай “Хожуу Хань улсын судар”-ын “Өмнөд Хүннүгийн шастир”-т “Энэ үед умард Хүннү хүчирхэгжин хил хязгаарыг дээрэмдэв.Төрийн ордон түүнд санаа зовж, Умард Хүннүгийн шаньюйтай уулзан зах нээе хэмээвээс  элч явуулан энх ураг барилдая гэв” хэмээн өгүүлжээ.
НТ 73 онд Хань улс өмнөд Хүннүтэй хамтран 4 замаар умард Хүннүг довтолсон байна. Умард Хүннү нар элсэн говийн ард гарснаар Ханьгийн цэрэг говь гаталж чадалгүй буцжээ. Мөн онд умард Хүннү нар хариу цохилт хийж Юньжун тойрогт халдаж, Юйян хүрэв. НТ 83 онд умард Хүннүгээс 40-өөд мянган хүн өмнөд Хүннүд дагаар оржээ. Чухам энэ үес л умард Хүннүгийн язгууртнууд хоорондын тэмцэл эхэлсэн гэж үздэг байна.
НТ 85 онд өмнөд Хүннүгийн Чан шаньюй нас барж, түүнийг Хань шаньюйн хүү  Сюань залгамжилж, Итүюйлү шаньюй хэмээн өргөмжлөгдөв. “Хожуу Хань улсын судар”-т умард хүннүгийн талаарх мэдээ хомс байдаг ба ямар ч гэсэн НТ 85 оноос умард хүннүгийн дотоод байдал тогтворгүй болж, хөрш Сяньби, динлин, баруун бүс нутгийн улсуудын довтолгоонд нэрвэгдэж эхэлсэн байна.

НТ 87 онд Сяньби умард Хүннүг довтолж ихэд ялжээ. Үүний улмаас умард өргөө ихэд үймж, 58 овгийн 200000 хүн өмнөд хүннүг дагажээ. НТ 88 онд Сюань шаньюй нас барж, Түньтүхэ залгамлан Сюлань шаньюй хэмээн өргөмжлөгдөв. Түньтүхэ шаньюй умард Хүннү доройтсныг ашиглан Хань улстай хамтран мөхөөх бодлого явуулсан байна. Түньтүхэгийн хүсэлтээр Хань улс цэрэг гаргаж, НТ 89 онд умард хүннүг довтлоход умард шаньюй ялагдан зугтаж, ихээхэн хохирол амсжээ. НТ 90 онд өмнөд шаньюй умардын эсрэг хамтран довтлоё хэмээн дахин өргөх бичиг барьжээ. Энэ удаа умард шаньюй хүчлэн байлдсан ч ялагдан, хэдэн арван хөнгөн морьт цэргийн хамт бүслэлтийг сэтлэн зугтжээ. Умард шаньюйн хас тамга, хатан, шаньюйн таван хүү, охин болон хэдэн мянган хүн олзлогджээ. НТ 91 онд өмнөд Хүннү дахин умард руу довтолж умарш зугтаалгасан байна. 

НТ 92 онд Хань улсаас умард шаньюйг төрийн тамга, сэлмээр шагнаад, НТ 93 онд умард шаньюйг хэлэлцээр хийе хэмээн хуурч, барьж алжээ. Иймээс умард Хүннүг НТ 93 онд мөхсөн гэж бичдэг ч НТ 104, 106 онуудад умард шаньюй Хань улсад элч илгээн энх ураг барилдая гэсэн хүсэлт тавьж байсныг “Хожуу Хань улсын судар”-т өгүүлжээ.
НТ 93 онд өмнөд шаньюй Түньтүхэ нас барж, түүнийг Сюань шаньюйн дүү Аньго залгамжлав. Зүүн сэцэн ван байхдаа нэр хүнд муутай байсан Аньго шаньюй болоод зүүн гули ван Шизиг зүүн сэцэн ван болголгүй түүнтэй зөрчилдөн үгүй хийхийг хүсэх болов. Аньгогийн цэргүүд Шизиг довтолоход тэрээр урьдчилан мэдээд, зугтаж Маньбай хотод хоргоджээ. Аньго Маньбай хотыг бүсэлсэн ч эзэлж авч чадсангүй. Энэ бүх зөрчлийн эцэст НТ 95 онд Аньго шаньюй алагдаж Шизи нь Тиндү шаньюй хэмээн өргөмжлөгдөв.

Аньгог буруутган хөнөөж шаньюй болсон Шизиг умард Хүннүгээс ирсэн дүрвэгсэд эсэргүүцэн, Шизигийн өргөөг дайрч бослого эхлүүлжээ. Шинээр дагасан 15 аймгийн 200000 хүн бослогод оролцон бослогын толгойлогч Фэнхоу цэргээ удирдан, Хань болон Ухуань, Сяньбийн хамтарсан хүчтэй амжилттай байлдаж, умард зүг одсоныг Ханьгийн цэрэг хөөж гүйцсэнгүй. НТ 98 онд Шизи шаньюй нас барахад түүнийг Чан шаньюйн хүү Тань залгамжлан шаньюй болов. Шаньюй болмогц цэрэг явуулан Фэнхоуг довтолж, хэдэн мянган мал олзолсны улмаас албатууд нь гачигдах болсон байна. 117 онд Фэнхоуг Сяньби нар довтлон ялж, аймаг албатууд нь сарнин умард Хүннүгийн зүг буцжээ. Фэнхоу өөрөө Шофан цайзад ирж бууж өгснөөр 13 жил үргэлжилсэн их бослого дарагдсан аж.

Өмнөд шаньюй Тань 27 жил хаан ор суугаад нас барахад, түүний дүү Ба-г Ужи шаньюй өргөмжлөв. Энэ үеэс Ханьгийн умард хилд халдах Сяньби нарын довтолгоо эрчимжжээ. Ба шаньюй 4 жил хаан суугаад 128 онд нас барахад түүний дүү Сюли нь Чютэ шаньюй хэмээн өргөмжиллөө. 140 онд Хүннүгийн зүүн гарын Жулуны ван Уси, Жүнью нар бослого гаргав. 

Ханьгийн хаан шаньюйг албатаа захирч чадсангүй хэмээн зэмлэж, ял тулгасны улмаас Чютэ шаньюй, зүүн сэцэн ван нар амиа хорлож нас барсан гэж түүхэнд бичжээ. Бослого улам газар авч 140 оны намар Жүньюг шаньюй өргөмжилж, зүүн тийш Ухуанийг дагуулж, баруун тийш цянжин зэрэг нүүдэлчдийг нэгтгэн захирах болов. 141 онд Ма И-д болсон тулалдаанд Жүнью ялагдан Хань улсад бууж өгөн дагаар орсон бол Уси ван Ухуаний цэргүүдийн хамт үргэлжлүүлэн тэмцэв. 143 онд Хань улс Уси ванг хөлсний алуурчнаар алуулж, 144 онд Усигийн хүмүүсийг довтолж, бослогыг дарсан байна.

143 онд Доулоучуг Ханьгийн нийслэлд Хулань шаньюй хэмээн өргөмжлөв. Хулань шаньюй 5 жил болоод нас барахад Жүжүэрийг 147 онд Илин шаньюй өргөмжлөв. 155 онд хүннүгийн зүүн Юзяньтайчи нар дахин бослого гаргахад Ханьгийн дүвэй түшмэл Жан Хуан довтлон буулган авчээ. 158 онд мөн бослого гарахад Жан Хуан буулган аваад шаньюйг улсаа захирч чадахгүй байна хэмээн хорьж, зүүн гули ванг шаньюй болгожээ. Ханьгийн хаан зарлиг гарган “Илин шаньюй нэгэн сэтгэлээр үнэнч зүтгэдэг. Ямар ялаас болоод халав. Түүнийг өргөөнд нь буцаан хүргэ” гэсэн тул Илин шаньюйг буцаан сууринд нь залжээ. Илин шаньюй 25 жил их ор суугаад 172 онд нас барсан. Түүнийг Түтэ шаньюй залгамжлав.

Хүннүгийн нутагт тэднийг залган мандсан Сяньби нар 156 онд Таньшихуайн манлайлал дор нэгдэж их улс байгуулав. Хань улс өмнөд Хүннүг цэрэг хөдөлгөж Сяньбиг довтлохыг шаардах болсонд 177 онд Түтэ шаньюй Таньшихуайтай байлдсан боловч ихэд ялагджээ.Тэр жилдээ Түтэ шаньюй нас барж, хүү Хувэй залгамжлан 178 онд шаньюй болов. Хувэй шаньюй  Жан Сю түшмэлтэй таарамжгүй харьцаатай байв. 179 онд Жан Сю дураараа шаньюйг алж, баруун сэцэн ван Цянчюг шаньюй болгов. 188 онд өмнөд Хүннүгийн баруун гарын 100 мянга гаруй хүн бослого гарган Цянчю шаньюйг алжээ.

Цянчю шаньюйг түүний хүү баруун сэцэн ван Юйфүло залгамлан Чижи шаньюй өргөмжлөгдөв. Түүний аав Цянчю шаньюйг алагсад дахин бослого гарган, Сюйбогийн гудухоуг шаньюйгаар өргөмжилснөөр өмнөд Хүннү 2 шаньюйтай болов. Сюйбо овгийн шаньюй шар алчууртны бослогынхонтой нийлж дээрэм тонуул хийж, хилийн тойргуудыг сүйтгэж яваад жилийн дараа нас баржээ.

Харин Чижи шаньюй 7 жил ор суугаад 195 онд нас барсанд, түүний дүү Хүчүцюань залгамжлан шаньюй болов. Энэ үед Сяньби нарын довтолгоонд өмнөд Хүннү олонтоо нэрвэгджээ.  Хүчүцюань шаньюй өмнөд Хүннүгийн сүүлчийн шаньюй бөгөөд 216 онд Хожуу Хань улсын нийслэлд очиход нь тухайн үед засгийн эрхийг барьж байсан Цаоцао өмнөд шаньюйг ордонд нь буцаасангүй. Энэ талаар “Хожуу Хань улсын судар”-т “шаньюй төрд бараалхахад  Цаоцао түүнийг Е хотод үлдээв. Цюй Бэй-г томилон түүний улсыг хянуулах болов” гэжээ.  Ийнхүү 216 оноос өмнөд Хүннү шаньюйн нэгдсэн захиргаанд байхаа больж, Ханьгаас томилсон түшмэлд захирагдах болжээ.   
"Монголын эртний түүх" "Хүннү"