Абаожи Бохай улсыг эзэлж байх зуур түүний гол өрсөлдөгч
Хожуу Тан улсын Цүньшү хаан ордонд гарсан бослогын үеэр нас барж, орыг Ли
Сиюань залгамжилсан байлаа. Елюй Дэгуан, Ли
Сиюаний үед хоёр улсын харилцаа тайван байв. Харин түүнийг 933 онд нас
барахад өргөмөл хүү Ли Цункэ (885-937) 934 онд хаан
орыг хүчээр булааж авав. Энэ үед Хожуу Тан улсын хааны ордонд байсан Бэй дүүдээ
захидал бичиж, хөрш улсын тогтворгүй байдлыг ашиглаж эзлэхийг сануулав. Елюй
Дэгуан цэрэг удирдан дайрсан ч хатан нь амаржих явцдаа эндэж амь алдсан тул
гэдрэг буцжээ. Хятанчуудыг буцсаны дараа Хятан улстай хил залгах Хэдун мужийн
цэргийн захирагч мөн Ли Сиюаний хүргэн болох Ши Жинтан болон хэд хэдэн тойргийн
захирагч нар шинэ хааныг дэмжсэнгүй, эцэст нь 936 оны 5 сард эсэргүүцлээ хаанд
илэрхийлснээр тэдний харилцаа хурцаджээ. Ли Цунькэ 5 сарын сүүлээр Жи Шинтаны
захиргааны төв хот Тайюань руу их цэрэг илгээж, харин Ши Жинтан энэ хооронд
Хятан гүрний Елюй Дэгуан хаанаас тусламж хүсчээ. Тусламж хүссэн захианд Елюй
Дэгуан хааныг өөрийн эцэг хэмээн хүндэлж, дагаар орохоо мэдэгдэхийн сацуу
стратегийн онц чухал бүс нутаг болох
Южоу, Юньжоуг хамарсан 16 мужийг өгөхөө амласан байна. Тэдгээр 16 муж бол өмнө
нь Абаожи хааны уулгалан дайрч байсан хотуудыг агуулж байв. 9 сарын эхээр Елюй
Дэгуаний биечлэн удирдсан 50000 морьт цэрэг өмнө тийш хөдөлж, өнөөгийн Шаньси
муж дахь умард-өмнөдийг холбосон Цагаан хэрмийн Яньмэнь боомтоор дайран гарч
Тайюань хотод хүрээд Жинтангийн хүчтэй нэгджээ. 9 сарын 15 нд болсон тулалдаанд
Хожуу Тан улсын цэрэг ялагдаж, бүслэгдэв. Хэдэн сарын дараа тэд бууж өгч, 11
сарын 12-нд Елюй Дэгуан Их Жин улсыг байгуулсныг зарлан түүний хаанаар Ши
Жинтанг өргөмжилжээ. Ийнхүү түүхэнд Хятан гүрний бас нэг, улс төрийн “тоглоомын” улс бий болсныг
түүхэнд Хожуу Жин (936-947) хэмээн нэрлэдэг.
Тусламж хүргэсний хариуд Жинтан амласан 16 мужийг өгөөд
зогсохгүй жил бүр 3000 толгой торгоор алба барихаар болов. Харин Елюй Дэгуан
цэргээ татаж нутаг буцсаны дараа зугтсан Ли Цунькэ хаан амиа егүүтгэжээ.
Ингэснээр Хожуу Тан улс мөхөж, түүний эзэмшил Хожуу Жин улсын мэдэлд очив.
Хятанчуудын хувьд Хожуу Тан улсын 16 мужийг эзэмшснээр түүнтэй зэрэгцэх хүчтэй
улс Умард Хятадад үгүй болж, хятанчууд эдгээр мужуудаар дамжин Шар мөрөнд
саадгүй хүрч, улмаар тус мөрний өмнөд этгээдэд орших нангиадын тариаланч
нийгмийн төвд бодитой аюул учруулах боломжтой болжээ. Улсаа байгуулсны дараа Ши
Жинтан хаан нийслэлээ Шар мөрөнд ойртуулан Лоянгаас Далян руу шилжүүлснийг
үзвэл тэрээр чухам ийм болзошгүй аюулыг сайтар ухаарч байсан бололтой. Их хятан
гүрэн 16 мужийг нэгтгэсэн явдал асар их ач холбогдолтой байсан болохоор Елюй
Дэгуан хаан Их Хятан гүрний нэрийг өөрчлөн Да Ляо улс буюу Их Ляо улс хэмээн
нэрлэж, өөрийн оны цолыг халж, хуйтун хэмээн шинэчилжээ. Елюй Дэгуан засаг
захиргааны хувьд тус мужуудыг хоёр хэсэг хуваан, шинээр байгуулсан 5 нийслэлийн
Баруун, Өмнөд нийслэлийн захиргаанд оруулжээ.
Жинтан хааныг 942 оны 7 сард өөд болсны дараа хаан ширээ
залгамжилсан түүний ахын хөвгүүн Ши Цунгүй Хятан улсаас хараат байхыг
хүссэнгүй. Тиймээс Елюй Дэгуан хоёр жил дайнд бэлтгэн 944 оны 1 сард их цэрэг
хөдөлгөв. 4 жил орчим үргэлжилсэн энэхүү дайны явцад Цунгүй хаан Хятаны
дайралтыг няцааж чадсан боловч Хожуу Жин улс нийгэм эдийн засгийн хувьд гүн
хямарч, түүний хэд хэдэн цэргийн жанжин хятанчуудад урван эцэст нь 947 оны 1
сард нийслэл Далян хотод орж ирсэн Елюй Дэгуаний цэргийн хүчинд бууж өгсөн
байна. Елюй Дэгуан ялалтынхаа дараа дунд нийслэлийг Хуто мөрний умард эрэгт
орших Жэньжоу хотод байгуулснаа зарлажээ. Гэвч харамсалтай нь Елюй Дэгуан
цэргээ татан нутаг буцаж явахдаа өвдөн тэнгэрт халив. Их Ляо улсын шинэ хаанаар
Елюй Бэй-гийн ууган хүү Елюй Уюй (947-951) тодорчээ.
“Монголын эртний түүх”
No comments:
Post a Comment