12.28.2017

Монголын сүүлчийн хаан буюуу наймдугаар Богдын тухай зурвасхан

1874 онд да лам Лувсан-Иш тэргүүтэй 8 хүн Богд Жавзандамба хутагтын наймдугаар дүрийг тодруулахаар Их хүрээнээс гарч, Бээжингээр дамжин Лхасад хүрэлцэн очжээ. Далай лам, Банчин богд хоёр ер биш гэгдсэн 9 бяцхан хөвгүүний нэрийг бичиж алтан бумбад хийгээд мөнгөн савхаар сугалж 3 нэр үлдээв. Тэрхүү 3 нэрнээс алтан савхаар сугалж Лхасын ойролцоох нутгийн их язгуурт Гончигцэрэнгийн дөрвөн настай дөтгөөр хүү Агваанлувсан тодров. Түүний бие байдал зан төрх, ааш авир, төв ихэмсэг шинжээрээ түрүүчийн дүртэй их л төстэй байж гэнэ.

Жавзандамба хутагт бол 2500 жилийн тэртээх бурхан багшийн 500 шавийн нэг гэдэг. Тэгээд ертөнцөд дахин тодорсноос хойш 23 удаа хувилжээ. Түүний 10 нь энэтхэгт, 15 нь түвдэд, 2 нь Монголд тодорчээ.

Наймдугаар Богдыг залж ирэхэд Монголд урьдын адил их хөл болжээ. Баруун зуу буюу Лхасад түрүүлж очоод манз барих ёслолд зориулж богдын сангаас 40000 лан, халхын дөрвөн аймгийн засаг хошуу бүрээс 10000 лан, ван засаг ноёдоос 1000 лан мөнгө гаргав. Бяцхан Агваанлувсанг Лхасаас Хөх нуурт залж авчрах унаа хөсгийг түвд, дээд Монгол, Хөх нуурынхан, Их хүрээ хүртэлх уналгыг халх Монголчууд даалаа.

19 сар үргэлжилсэн энэ аянд Агваанлувсан түүний эцэг эх, 3 ах, нэг дүү нь дагалджээ. 1875 оны 10 дугаар сарын 3 ны өдөр наймдугаар Богд их хүрээнээ ирж 5-ны өдөр хутагтын ширээнээ залрав. Энэ ёслолын үеэр манжийн хааны зарлигаар өргөмжлөн “Шашныг мандуулагч, амьтныг жаргуулагч Жавзандамба ламын тамга” гэж монгол, манж, түвдээр бичсэн тамгыг алтан өргөмжлөлийн хамт гардуулжээ.

Агваанлувсангийнхан Их хүрээнээ ирээд хүнийрхэж харилхалгүй эрх дураараа аж төрөв. Эцэг Гончигцэрэн үг дуу цөөнтэй, шулуун шударга, цайлган цагаан сэтгэлтэй, ажилч хичээнгүй нэгэн бол эх Ойдовдулам гэр ахуйн цаг хугацаагүй нүсэр ажилд дассан бөгөөд өдөр бүр маань уншиж, мөргөл үйлдэн Их хүрээг гороолдог байжээ.

Агваанлувсангийн гурван ахыг Лувсанхайдав, Лувсанбалдан, Бадамцэрэн гэх ба дүүг нь Норов гэнэ. Лувсанхайдав шагай харвах дуртай наргианч хүн аж. Догшин сахиусуудыг шүтсээр яваад чойжин болжээ. Түүний байгуулсан “Өршөөлийг хөгжүүлэгч” сүм Чойжин ламын сүм гэж алдаршив. Лувсанхайдав Наймаа гацааны зайсан Дамдины охин Сүрэнхоролтой дэр нийлүүлжээ. Тэдний охин нь Ж.Лхагвасүрэн жанжны эхнэр Дашцэдэн билээ.

Лувсанбалдан нь насаараа нүгнэй сахисан томоохон лам байв. Дүү Норов нь гүжир хамба гэж алдаршжээ. Агваанлувсан ах Бадамцэрэнтэйгээ илүү дотно байлаа. Бадамцэрэн номд сайн. Дүүгээ хаан ширээнд суусны дараа тэрбээр "Богд Жавзандамба хаан ширээнд заларсны нууц түүх ялгуусны хөвгүүний баясгалант хуримын далай” хэмээх ном туурвижээ. 

1880 онд Түшээт хан аймгийн Амгаабазарын зэрэг 4 хошуунд ган гачиг, зуд турхан болж 1000 гаруй хүн өлбөрч үхэж, 7600 гаруй хүн турж үхсэн малын зовлогоор өл залгаж байв. Агваанлувсан тэдэнд зориулж, сангаа нээж 10000 жин шар будаа түгээж байжээ.

1882 онд Дэчингалавын дуган шатав. Өндөр гэгээнээс эхлээд наймдугаар Богд хүртэл 200 жилийн турш цуглуулж хуримтлуулсан хувцас хунар, чимэг зүүлт, бурхан тахил, ном судар Энх-Амгалан хаанаас Бадруулт төр хүртэлх манжийн 10 хаанаас найман удаагийн Богдод бэлэглэсэн түүх соёлын дурсгалт зүйлүүд галд хайлжээ.

Бүрэн засагч хаан 1875 онд нас барахад Агваанлувсан балчир бага ч гэсэн очих ёстой байлаа. Энэ бол бүр Энх-Амгалангийн үеэс уламжлал болж ирсэн юмсанж. Гэсэн энэ уламжлалыг тэрбээр аймшиггүй зөрчив. Бие төлөөлөгчөөрөө шанзав Цэдэндоржыг илгээжээ. 

Түүний дараах нь Бадруулт төр хааны ээжийн 60 насны ой болов. Тэрхүү ойд Агваанлувсан бас л очих ёстой байсан ч очилгүй хамба номун хан Лувсанчоймбол тэргүүтэй дөрвөн хүнийг явуулжээ. Агваанлувсан эрийн цээнд хүрсэн үедээ ч манжийн хааны удаа дараагийн урилга заллагыг янз бүрээр аргацаан хүлээж авдаггүй байснаараа түрүүчийн долоон богдоос ялгардаг.

                                           
                                                          “Монголын найман Богд” номноос                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

11.24.2017

Цонжийн чулуу зорихуй

Харандаан хад хэмээн олонд  танил болсон баганалаг хүрмэн чулуун тогтоцууд нь сүүлийн үеийн судалгаагаар Монгол нутагт 20 гаруй газарт байдаг, тийм ч ховор тогтоц биш болтой.  Шинжлэх ухааны тайлбар нь хүрмэн чулуу буюу магма  нь хайлмаг үедээ асар өндөр даралтанд орж, царцахдаа талст хэлбэртэй болж тогтдог байна. Байршлын  жагсаалт нь Дорноговийн Дэлгэрэх сумын Цонжийн чулуу, Говь-Алтайн Тайширын Хомбого толгой, Архангайн Жаргалант сумын Салхитын хясаа, Баянхонгорын Шинэжинстийн хүж
хад,  Архангайн Түвшрүүлэх сумын Бүрдний харандаан хад гээд л үргэлжилдэг байх нь. Эдгээрээс хамгийн зөв хэлбрийн,тэгш талст үүсгэн тогтсон нь Цонжийн чулуу.
Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын нутаг дахь Цонжийн чулууг үзэх хүсэл бол эрт төрсөн. Бас элчилгүй уудам говийн эл нутаг миний сэтгэлийг татдаг байсан нь аавтай минь холбоотой. Миний аав Монголын анхны геохимич Я.Нархүү 1968 онд Москва хотын Их сургууль төгсөж ирээд, ажлын гараагаа Монгол-Болгарын хамтарсан экспедицийн бүрэлдхүүнд,   Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын нутгаар хөндлөн гулд явж байсан байх юм. Залуу халуун насандаа, аавын минь геологчийн алхаа барин, алхаж явсан энэ л нутагт очиж нэг үзэхсэн гэсэн бодол тээсээр явлаа.

Санаж явбал бүтнэ ээ гэж... Сайхан тохироо бүрдэж, эхнэр охинтойгоо  дорнын говийг зорих боломж гарлаа. Дэлгэрэх рүү хаагуур л бол хаагуур очиж болох ба зам бүхэн Дайду хүрнэ гэх эртний үг яг дүйцэнэ. Бид гурав шууд давхиад хүрэхийг төвдсөнгүй, олон замаас Хөдөө арлаар дайран, Хэрлэн мөрнөө гарч урагшлахаар төлөвлөв.

Эртлэн дорно зүг зорин, Хэнтий аймгийн Жаргалтхаан сумаас урагш салж Дэлгэрхаан  руу 40 гаран км шороон замаар давхисаар, эртнээс олон түмнийг илааршуулж, эдгээж ирсэн Тосон нууранд ирлээ. Сумын төвөөс 5 км зайтай Аварга, Тосон гээд хоёр нуур байхаас, Тосон нуураа тойроод  амралт, сувилал, хувийн гэр , байшин битүү. Гэвч тус тусдаа хашаа, хаалт хийчихсэн, ер нь замбараагүй, учир нь үл олдох газар аж.


Тосон нуураас урагш 10 км яваад, бидний зорьж ирсэн, “Монголын нууц товчоо” хэмээх гайхамшигт өв соёлыг өлгийдэн авсан Хөдөө аралд хүрнэ. Хэрлэн мөрөн Хэнтий ханаас эх аван урагш урссаар зүүн эргэж , их тохой үүсгэх ба  Хэрлэнбаян улаан уулаас урагш, Хэрлэн тооно уулын  зүүн бие дэх Цэнхэрийн гол, Аваргын голоор хашигдан  үүссэн арлыг “Монголын нууц товчоо”-ны төгсгөлийн 282-р бүлэгт  гардаг “Их хуралдай болж, хулгана жилийн хуран сард Хэрлэний Хөдөө арлын Долоон болдог, Шилхэнцэг хоёрын завсар хааны орд бууж байхад бичиж төгсгөв”хэмээн өгүүлсэн Хөдөө арал мөн хэмээн эрдэмтэд баталжээ. Хэрлэнбаян улаан уулын өвөр дэх долоон жижиг толгойг одоо нутгийнхан Долоод гэдэг ч түүнийг эртний Долоон болдог мөн хэмээн бас нотолсон байх юм.

1990 онд “Монголын нууц товчоо” зохиогдсны 750 жилийн ойд зориулсан дурсгалын хөшөөний дэргэд зогсож байхад Монголын гурван ч хаан, Өгөөдэй, Мөнх, Есөнтөмөр нар их ор сууж, түм түжигнэж, бум бужигнаж байсан түүхт газар шүү дээ хэмээн омогших сэтгэл төрнө. Хөшөөний урдхан талд  Чингис хааны Аураг ордны туурь байх ба малтлагаас гарч ирсэн эд өлгийн зүйлсээр нь музей байгуулж, зорьж ирсэн аялагчдад дэлгэн үзүүлж буй нь их сайхан санагдлаа. Аураг гэдэг нь эртний агуулах, хадгалах сав гэсэн утга бүхий үг бөгөөд одоо үед сунжирсаар Аварга болжээ.
Аураг орд нь уртаашаа 1200 метр, өргөөшөө 500 метр талбай эзлэн дөрвөн хэсгээс бүрдэх том газар ч, гадуураа хэрэм хашаагүй байсан аж. Чингис хааны дөрвөн хатан нэг, нэг ордтойгоос Хөдөө арал дахь Аураг ордны хэргийг Бөртэ үжин эрхлэн явуулдаг байжээ. Ордноос холгүй, Аваргын голын өмнө этгээдэд  их хаадын хүртэж асан Аваргын рашаан бий. Зун цагт энд олон машин тэрэг эгнэн зогсож, хүмүүс рашаанд дугаарлан зогсох нь нилээн хөлтэй харагдана.

Бид Хөдөө арлаас Хэрлэнгээ өгсөж , Төв аймгийн Баянжаргалан сумын нутагт голоо гүүрээр гарч, Иххэтээр Дэлгэрэх орох төлөвлөгөөтэй байсан ч Хэнтийн Баянмөнх сум шинэ бетонон гүүртэй болсон гэж сонсоод Хэрлэн тооно уулын зүүн сугаар ороон өмнийг зорилоо. Чингис хааныг нас барснаас хойш 9 жилийн дараа өмнөд Сүн улсын аялагч “Чингис хааны шарилыг Хэрлэн мөрөн эмжин урсаж байна” гэж тэмдэглэн үлдээсэн байдаг ба эрдэмтэд Хэрлэн тооно уулыг хэлжээ хэмээдэг нь үнэхээр Хэрлэн мөрөн,Хэрлэн тооно уулыг эмжин урсдаг билээ.
Баянмөнх сумаас Галшарын замаар гарч,  давхисаар Оч багаар дамжин, Хужиртын хийд хүрлээ. Хуучны Сэцэн хан аймгийн Бишрэлт вангийн нутаг дахь энэ хийдэд 500 гаруй лам хурал хурдаг номын газар байсан нь хэлмэгдэн сүйрч , одоо туурин дээр нь шинэ хийд сэргээн босгожээ. Тогтмол ном хурдаггүй болтой, эзгүй байна лээ.

Хийдээс зүүн урагш хэсэг яваад, Дэлгэрэх рүү салж болох байсан ч Цонжийн чулуу маань Сүхбаатар аймгийн Түвшинширээ талдаа, бас айл амьтан ховор, эзгүй энэ их бэсрэг уулсын дунд цагаан зээр ёстой л мянга мянгаараа бэлчих нь, тэр нь их, энэ нь цөөхөн сүрэг гэж өөрсдийгөө баясгаж явсаар Түвшинширээ сум хүрэлгүй нэгэн намхан уулын өвөрт майхан юугаа босгож хоноглолоо.

Өглөө бослоо. Цайллаа. Түвшинширээ сумын төвөөр дайрч, замаа сайн заалгаж авав. Олоход бол их л төвөгтэй санагдлаа. Залаа уулынхаа араар явсан ч, өмнүүр явсан ч очих нь бол очино. Алсаас харагдахгүй, тулж очиж байж л үзэгдэнэ. Дэлгэрэх сумын нутагт ортол 60, 70 км огт айл байхгүй. Зам бол олон сална, гэхдээ л бараг зам болгон Дэлгэрэх орно. Болохгүй бол Дэлгэрэх талаасаа айл амьтан зусландаа гарчихсан, олоход амар 20 орчим л км. За нэг иймэрхүү яриаг 2 ч хүнтэй хийсэн дээ.

Залаат уулын өврөөр явлаа. Өгөөмөрийн говийнхоо захыг бариад сайхан явж байтал хөөж явсан зам маань нэг булаг дээрээс огцом урагшаа чиглээд явчихлаа. Арай л биш санагдаад, холдолгүй буцаж булаг дээрээ ирэв. Харлаа, хойшоо нэг бүдэг зам байна аа, дагаад явж байтал, бодож байсан зүгээс минь ашгүй нэг зам ороод ирэхээр зүг нь юм даа гээд дагалаа. Намхан уулсын дундуур, зээрийн сүрэгнээс өөр эзэнгүй газраар 60 орчим км давхисны эцэст эхлээд тэмээ, дараа нь энд тэнд хэсэг бусаг адуу тааралдаж эхэлсэн нь айл ойртож буй шинж буй заа. Удалгүй алсад бөндийсэн цагаан гэрүүд харагдаж эхлэх нь сайхан.  Ашгүй хонь хариулж яваа хүү ч гараад ирлээ. Зорьсон газраа асуутал, тусч хүү маань “ холгүй ээ, би заагаад өгье” гээд л мотоциклынхоо ард суулгаж аваад нэг ухаа даваад жижиг бор толгойн дэргэд хүргэж ирсэн нь бидний зорьж ирсэн Цонжийн чулуу маань байлаа. Бид бараг дэргэд нь ирчихсэн байж.

Говийн намхан уулсын дунд буй дотроо бяцхан тогоо хэлбрийн хонхортой  энэ жижигхэн толгой Монгол нутгийн минь гайхамшигтай нэгэн шигтгээ юм аа. Харандаан чулуунууд нь үнэхээр гайхалтай, хүн урлаа юу гэмээр зөв, тэгш талст үүсгэсэн харагдана.  Дотроо аялагчдад зориулан байгалийн чулуугаар нь сандал ширээ бүтээж тавьжээ. Тэр бүр хүмүүс зорьж ирдэггүй, алс хол болохоор хаа очиж ил задгай хог, шил лааз харагдсангүй нь сайшаалтай. Зочдод зориулсан ширээнээ сууж бид гурав өдрийнхөө цайг уучхаад, зорьж ирсэнийх худалч хүнд бол чулуу болгонтой нь л зургаа авахуулсан даа.

Хэсэг саатсаны дараа Дэлгэрэх сум руу хөдөллөө. Зам саадгүй 20 гаруй л км юм.  Дэрст ухаан намхан уулсаас сугарч, Чандмань толгойн нилээд өмнүүр саадгүй давхисаар сумынхаа араас оров.

Түшээт хан аймгийн Говь мэргэн вангийн хошуунаас таслан авч байгуулсан Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын, хээр тал, говь хосолсон энэ л уудам нутагт, аав минь эрдэс баялгийг нээж илрүүлэхээр анхны алхамаа хийж байсан байх нь. Хараа цуцам их талыг ширтэн зогсоход, алхаа барьсан аав минь энэ л алсыг бас итгэл дүүрнээр харж зогсох мэт харагдан, сэтгэл булаана. Сайхан нутаг юм аа. Сумын төвд дэлгүүр хэсэх зуур ширүүн бороо дайран өнгөрч, ган гачигт ангаж цангасан газрыг бага ч гэсэн чийглэхэд, энэ нутагт бороо дагуулан ирэх ерөөлтэйдээ ихэд олзуурхан билэгшээж байлаа.

Дэлгэрэх сумаас  баруун урагш чиглэн гарахад, 10 орчим км яваад нэгэн намхан хар уул таарах нь өвөртөө, тэртээ МЭӨ 2000 жил буюу хүрлийн дунд үед хамрагдах шоргоолжин булшны дурсгал, наашлаад хүннү, бүр Их Монголын үед хамаарах олдворуудыг агуулсан Чандмань хар  уул билээ. Энэ уул төмрийн хүдрийн агууламж ихтэйгээс хар өнгөтэй харагдах ба уулынхаа ар шил дээр аль хэдийн уурхай ажиллаад эхэлжээ.

Зам Чандмань хар уул харагдаад урдуур, хойгуур нь хоёр сална. Урдуур нь гарвал аймгийн төв Сайншанд хот хүрнэ. Арын зам нь Алтанширээ сум руу шулуун хөтлөх бөгөөд энэ бол бидний замнасан зам бөгөөд Дорноговь аймгийн Алтанширээ сумын Ширийн чулуун дахь Сэнжит хадыг зорьсон юм.

Зам бол яах вэ, говийн дэржигнүүртэй замаар 70 орчим км гүйгээд л Алтанширээ сумын төв орно. Ширийн чулуу маань сумын төвөөсөө хойшоо 45 км зайтай. Монголын их боржингийн бүсэд хамаарах эл газар, байгалийн тогтоцоороо Бага газрын чулуутай ихэд төстэй, ялгаатай нь ус ховор тул аргаль, янгир үгүй гэнэ. Хойноосоо урагш 15 км үргэлжлэх, 2 км орчим өргөн, үелэн өрсөн мэт боржин чулуун бүлэг, бүлэг хаднуудын дундуур сүлжин явахад янз бүрийн хэлбэр дүрстэй тогтоцууд их байхаас, нутгийн зохиолчийн онож хэлсэн “Байгаль ээжийн цонх” гэх нарийн хэсэгтээ 1 метр орчим, зарим газраараа 2 метр ч хүрэх өвөрмөц нэгэн сэнжит хад бий. 

Энэ хавийн уулс хад нь өвөлдөө нөмөр нөөлөг болтой олон бууц өвөлжөө байх юм. Зундаа амарч зугаалахад тохиромжтой, үзэж харах зүйл ч их, дэргэдээ бүр амралтын газартай юм.
Ширийн чулуунаас Тойг багаар дамжин Айраг сум хүрэхэд  100 км, зам төөрөх будилах юмгүй, шулуухан. Бороотой уралдан шуугиулсаар Айраг сум хүрч, төв замтайгаа нийлсэн бид, Чойр хүрэлгүй, үргэлж сэтгэлийг минь татдаг, үзэсгэлэнт Чойрын богд уулнаа хүрч, нөмөр газар бараадан, майхан саваа барьж тухлав. Сайхан хоолны дараа салхины сэвшээнд бүүвэйлэгдэн нам унтлаа.

Өглөө нартай уралдан чоно хүртэл амиа даатгадаг гэх Чойрын богд уулаа тойрон хэдэн аргаль хонь харчих санаатай хөдлөв. Тэнгэр ивээж, нарны эсрэг таарсан ч хэд хэдэн сүрэгтэй таарлаа. Азтай л байна, харагдахгүйгээ тулбал бас харагдахгүй шүү.

Улаанбаатар хотоос холгүй 200 гаруй км зайтай, байгалийн өвөрмөц тогтоцтой, 200, 300-гаар тоологдох аргаль  хонь бэлчих энэ ууланд аялаж явахад сайхан мэдрэмж төрж, сэтгэл хоргодоод байдаг юм. Нэрний тухайд Чойр гэдэг нь буддын шашны, гүн ухаан судалдаг салбарыг хэлдэг бөгөөд  энд зүүн жанжин Чойрын хийд  гэж 1500 лам хурал хурдаг,  том суурин газар байсан нь 1938 оноос хойш туурь болон үлджээ. Хаднаа гайхамшигтайгаар сийлж урласан эрчүүдийн шүтээн Дагвасүндэл бурхан, урт наслахын ерөөлтэй Цагаан дарь эх байхаас гадна хүүхдэд ээлтэй Хүүхдийн овоо, хүсэл бүхнийг биелүүлэгч Хүслийн хад гээд л сонирхолтой, харууштай газрууд элбэг.


Удтал хэсүүчилж, өдрийн хугасыг өнгөрөөсөн Чойрын богд уул ард үлдэж, Улаанбаатар руугаа зүглэснээр, чихээр сонсож байснаа нүдээрээ харж, сэтгэлийг таашаал эдэлсэн гайхалтай нэг аялал ийн өндөрлөлөө.    





11.10.2017

Дархадын цэнхэр хотгор

Цагаан бөлбөө буюу бадамлянхуа нь тогтмол нуур цөөрмийн усанд өглөө дэлбээгээ нээж орой нь хумьдаг, Монгол орны улаан номд бүртгэгдсэн нэн ховор олон наст цэцэг. Монголчууд мөн Усан хатан хаан хэмээн өргөмжлөн, хиргүй тунгалагийг билэгдэн соёмбо үсгийнхээ доор залсаар ирсэн билээ. Нуурын усан дотор ургаж, нуурын мандалд дэлбээлдэг эл цэцэг Их нууруудын хотгорын Хар ус нуур, Идэрийн голын хөндийн нэгэн жижигхэн нуур, Дархадын хотгорын  Цэцэгт нуур гээд л цөөхөн, тун цөөхөн газар гайхамшигаа дэлгэн үзүүлдэг байна. Бид энэ содон цэцгийг харчих санаатай Дархадын хотгорын Цэцэгт нуурыг сонгон, зуны эхэн сард Улаанбаатараас Дархан чиглэлд гарсан юм. Найрамдлын Дархан хотноо хүн хүчээ нэмж, ачаа бараагаа цэгцлэн аялалдаа идэвхийлэн бэлдсээр нэгэн өдрийг барав.

Дархан хотоос яарамгүй гарч цэвэрхэн, цэмцгэр Эрдэнэт хотод тохилог, тавлаг “Gemstone” буудалд тухлан алжаал юугаан тайлж өдрийн хоол зооглон, хотоор зугаалцгааж, Баян-Өндөр хайрханы өвөрт босгосон 22 метр өндөр бурхан багшийн сэрэг дүрийг сонирхон сүсэглэж, өдрийг тун чиг сайхан өнгөрөөн цаашилцгаалаа. Булган хотоор шууд дайраад өнгөрсөнгүй, Хатанбаатар Магсаржавын бунханг зориуд зорьж очсон ч цайвар цэнхэр хаалга нь цоожтой дуулга хэлбэрийн эзгүй бунхан л угтав. Уг нь музей ажиллаж байх болов уу л гэж бодсон юм. Гэхдээ л бунханг тойрч, энэ Монголын төлөө амь хайргүй олон тулаан хийсэн ч нэг ч ялагдаж яваагүй их хүнд хүндэтлгэлээ илэрхийлсээн. Амралт аялал хослуулж яваа манайхан нэг их газар хороохоор шамдсангүй, Булган хотоос холдолгүй  Хан жаргалант уулын өвөрт, Чацартын голын хөвөөнд хоног төөрүүлэхээр бууцгаасан нь хүүхэд багачуудад ихэд таалагдаж байгаа болтой. Амралтын газраар л нэг тарж бутарсан, тоглож хөөрсөн хүүхдүүд. Харин маргаашийн мандах нарнаар Түлүүгийн даваанаа, шинэ өдрийг угтаж, алсын бараа ширтэн зогсоцгоож байлаа. Зарим нь бүр ой руу захлан өнгө өнгөөр алаглах цэцэгсийг бахдан, зураг хөрөгтөө харамгүй цагийг зарцуулсны дараа даваанаас буун, Мэргэн хөтлөөр даван төв замаасаа салж, Уран уулынхаа чанх өмнө арваад км алслагдах Тулга уулын тогоонд өглөөнийхөө цайг ууцгаахаар тухлав. Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутагт багтах эртний галт уулын үлдэгдэл эдгээр бэсрэг уулсыг хүмүүс Уран тогоо гээд л нэг уул мэт ойлгох нь элбэг. 
Гэвч Тулга, Тогоо, Жалавч, Уран гээд л бүгд өөр өөрийн өвөрмөц хэлбэр хэмжээтэй өөр өөр уулс. Бидний цайлсан Тулга уулын тогоо нь гурван газраараа сэтэрч тулгын гурван чулуу мэт хэлбэртэй болсон бол зэрэгцээ Тогоо уул нь амсар нь сэтрээгүй бүтэн, хонин тогоо мэт содон. Тогоо уулын баруунтаа Жалавч уул байх ба ганцхан газраар сэтэрчээ. Эдгээр уулсыг 20000-25000 жилийн өмнө унтарсан галт уулс гэх. Тулга уулын тогоон дотор элдэв содон сэнж бүхий хад чулуу элбэгээс гадна түүхийн дурсгалт хөшөө, тахилын байгууламж бас цөөнгүй харагдана. Тулга уулнаас Тогоо уулын тогоо руу өнгийхийн тул чамгүй хөөрхөн алхалт хийсэн бид энэ хавьдаа үд өнгөрөөлөө.
Сайхан бүхнийг харах гэж чамгүй ядарцгаасан ч цаашлах замаа хөөж, хүрмэн чулуун хавцлаар урсан өнгөрөх Сэлэнгэ мөрний цутгал Хануй голыг гүүрээр гарч энэ өдрийн эцсийн цэг, Шарга нуур луу шууд салж болох байсан ч Баян-Агт сумын төвд дугуй янзлуулах хэрэг гарсан тул сум руу зорьж, ажлаа амжуулангаа үзэж, харсан сумдынхаа тоог нэгээр нэмэв. Эндээс Шарга нуур маань баруун өмнө зүгт арав гаран км зайтай. Бид шуугиулсаар нуурын эрэгт хур бороо дагуулсаар л буусан даа. Шингэх нарны туяанд шувуудын шулганалдах чимээг даран, жаргалтайяа баясах манайхны инээд цалгиан дунд өнгөрөөсөн Шарга нуурын дэргэдэх тэр нэгэн үдэш энэ аялалын бас нэг чимэг байсан.

Өглөөний цай сайхан байлаа. Нуур хөвөөлж хэсэг алхлаа. Багачууд ч босож цааш аялахад бэлэн болжээ. Шарга нуурын хойд эргээр түүхийн дурсгалууд, хиргэсүүр их элбэг юм. Голдуу тахил тайлгын зориулалттай, эд өлгийн зүйлс ховор гардаг гэдэг утгаараа ухаж төнхөөгүй үлдсэн болтой.Бид Залаатаар давлаа. Залаат бол Хөвсгөл, Булган аймгийг зааглан сүндэрлэх ДТД 1900м өндөрт орших сүрлэг даваа. Даваа уруудаад л 20 гаруй км давхиад,  саатах юмгүй Рашаант сум хүрнэ. Хуучны Сайн ноён хан аймгийн Мэргэн гүний хошууны нутаг, рашаан усаар элбэг арвин гэх энэ суманд сайхан сэгсэрсэн цуйван шажигнуулчихаад хойш хөдөллөө. Бид арай намыг нь бодож Тариатаар давалгүй Хамар даваагаар даван Сэлэнгэ мөрний хөндий рүү орсон юм. Олон жилийн өмнө Мөрөн талаасаа нэг удаа Тариатын даваагаар давж билээ. Манантай сэрүүхэн өдөр ч таарсан, уул үүл нь нийлсэн мөн ч сүртэй байсан шүү. Даваанаас их мөрөн хүртэл олон янз өнгө төрх, уул ус, элст манхан, мод ургамал гээд л үзэсгэлэнтэй, харууштай сэтгэл татам байгаль дундуур л давхина. Сэлэнгэ мөрнөө хөвдөг гүүрээр гарч, 5 км яваад л төв замтай нийлнэ.
Мөрөн хотод  хальт дэлгүүр ороод л шууд Хатгал чиглэн хөдөлж, өглөө Булган аймгийн Шарга нуурын эрэгт байсан бид, орой нь Цахир толгойн өвөрт, цалгилан долгилох далай ээжийн дэргэд, гэр буудалд тухалсан байлаа.  Бидний очих үетэй зэрэгцэн Монголын минь ганц хөлөг онгоц “Сүхбаатар” зуны гараандаа бэлтгэн энэ жилийн анхны аялалаа хийж байсан тул энэ завшааныг ч бид алдсангүй, далай ээжтэйгээ, дээгүүр нь хоёр цаг гаран хөвж мэндчиллээ. Тасалбар түгээгүүр дээр нэг хөгжилтэй явдал болсон нь хүүхдүүдэд хүүхдийн тасалбар авах гэж томчуудынх нь насыг дарж ядаж байхад, багачууд нь том болох гэж насаа нэмж, зүгээр ч үгүй тасалбар түгээгчтэй өөрсдөө тулж харьцацгаах юм. Зохицуулах гэж бөөн инээдэм болов.
1987 оны зун аав ээжтэйгээ бидний таван хүүхэд анх Хөвсгөл далайн эрэгт ирж шинэхэн ирсэн энэхүү “Сүхбаатар” хөлгөөр Хатгалаас Ханх, Ханхаас Хатгал руу хонон өнжин аялаж байж билээ.  Бараг 30 жилийн дараа өөрсдөө, үр хүүхдүүдээ дагуулан, эжий аавтайгаа аялаж явсан энэ онгоцоор тэр их далайд хөвж явах нь бас л нэг сайхан мэдрэмж.
Далайд ирснийх Жанхай давж нилээд өгсөн, Тойлогт нуур хүрч, их бага хоёр нуурынхаа дунд, саглагар модны сүүдэрт майхан саваа буулган хэд хонохоор төхөөрцгөөлөө. Далайн эргийн хөвөөн дээр хоёр өдөр шинэ загасны шөл уусан шигээ, завиар нааш цааш сүлжин, зугаатай өнгөрөөсөн нь манай хэдэн хүүхдүүдэд ихэд таалагдсан болтой одоо ч дурсан ярина. Сэтгэлд нь хоногшихоос ч аргагүй дээ. Тойлогтоос Ар давхар уулын дэргэдэх Хүслийн хад хүртэл тунгалаг, цэнгэг их далай дээгүүр хөвөхөд талдаа л бараг цаг гаран давхина. Зах хязгааргүй үргэлжлэх Хөвсгөл нуур сэтгэл булаах ч түүнтэй зэрэгцэх шувууд ихээр чуулах, өтгөн мананд дарагдан буй Тойлогт нуур ч бас гайхалтай.
Далай ээжийн дэргэдэх сэтгэлд хоногшсон өдрүүд ард хоцорч, нэгэн тунгалаг өглөө цаашлах замаа хөөлөө. Аялах ч сайхан шүү, спидометрын заалт ихсэх тусам л урд минь шинэ зам, шинэ нутаг. Давааны цаана даваа, уулсын цаана уулс.
Жанхайн даваан дээр тува гаралтай, цаатан отог дээр буун урц юугий нь сонирхон, багацуул цаа буга унан, айж уйлж, инээж хөхөрч,  хэсэг хөгжилдөж аваад ,Хатгалд сааталгүй урагшлан, Өлхөн сайрыг гарч төв замаасаа баруун салж Өрхтийн агуйгаар шагайн, Цагаан чулуутаар дайран, Хөлөртийн уулсын тагаар, Байшинтын даваагаар давж Улаан-Уул сум чиглэв. Өндөр ч,сүрлэг ч даваа юмаа, дээш өгсөх тусам чулуу элбэгшиж, дов сондуул нь олширч бартаатай болж байна шүү. Даваа уруудаад  Торойлог нуураар дамжин, Бэлтэс хүрэхийн өмнө  намгархаг хөрст эрэгтэй, эвгүй том чулуун гарамтай Ар Гялаадын голыг гарсан даа. Цааш харин сааталгүй Бэлтэсийн гол хүрч, гүүрийн дэргэдэх гуанзанд нь нэг сайхан цуйван сэгсэрч өгөөд л алдарт Тоомын даваа өгслөө. Даваанаас алсад Улаан тайгийн уулс үзэсгэлэнтэй хөхрөн харагдана. Бас л сайхан даваа даа. Тоомын даваанаас Өлийн даваа холгүй.
Халхын Автай сайн ханы хүү Цэнгүүн баатар хунтайжын 500 жилийн өмнө босгосон их овооны хоёр талаар дархадын бөө нар 12 овоо бүтээсэн нь өдгөө Дархадын 13 овоо гэх болжээ. Өлийн халзан даваан дээр бас нэг сонирхол татахуйц зүйл байгаа нь “Таныг их Монголын эцэг өвгөдийн алтан бууц Эргүнэ кун угтаж байна” гэсэн Монголчуудын гарал үүсэлтэй холбоотой ганц домог, Эргүнэ кун бол Шишгэдийн хотгор, түүний эх Хөх эрэг, Гун гол мөн хэмээн баталсан дурсгалын самбар юм. Энэ самбарт МЭ 560-аад онд хожуу Түрэгийн үед монгол угсааны нохос, хиян хоёр аймаг одоогийн Ховд аймгийн Баатар хайрханы орчимд түрэгүүдэд цохигдон зугтаж , Алтай Хангайн нурууг орхин явсаар Шишгэдийн хотгор руу ордог ганцхан жим Өлийн даваагаар даван бууж нутагласан хэмээгээд яагаад Эргүнэ кун мөн болох тухай 3 нотолгоо бичжээ.
1207 онд их хааны ууган хүү Зүчи ойн иргэд, хиргис, хорь түмэдийг дагуулахдаа энэ л даваагаар давж явж, бас 1757 онд шадар ван Чингүнжав манж нарт шахагдан ухарч, Өлийн даваанд ирээд, өөрийн цэргүүдээ тарааж, зуугаадхан хүн дагуулан Оросыг зорьсон түүхтэй билээ.  Өлийн давааг тонгойход л Дархадын цэнхэр хотгор, Хорьдол сарьдагийн уулс ын бишрэм үзэмж мэдрэгдэнэ. Даваанаас бууж, бэлд нь хүрэлгүй л өвөл зундаа гялалзаж байдаг Мөнх мөс угтана. Тэгээд Гун гол, сумын төв. Хөвсгөл аймгийн Улаан-Уул сум нь дархад ястан голцуу суурьшсан Улаанбаатар хотоос 950 орчим км алсад орших Дархад, Шишгэдийн хотгорийн гурван сумын нэг. Бид хоноглохоор нэг сайхан зантай дархад айлыг сонгон, хашаанд нь буй илүү байшинд тухаллаа. Сумын төв гэхэд уран зургын галерей л гэсэн үг. Хажууд Хорьдол сарьдаг налайж, хойморт Саяаны уулс дүнхийнэ.
Маргаашийн нарнаар зорьж гарсан Цэцэгт нуур луугаа чиглэлээ. Бахмахын голыг гарч Хурганы нуур, Хулстайн нуурын дэргэд өглөөний цайг уух зуур байгалийн сайхныг л шагшиж сууцгаав. Дээд цагаан нуурынхаа дэргэдүүр өнгөрч, Шишгэдийн голыг хөвдөг гүүрээр гарч, Жаргалан голын хоёр ч салааг гармаар гарснаар Ренчинлхүмбэ суманд ирлээ. Эндээс Цэцэгт нуур чанх хойшоо 45 км. Сумаас хөдлөөд хэсэг  яваад, нэг  хуурай сайр хөндлөн гарч модноосоо цухуйхад л, нөгөө дуунд гардаг уул үүл нь нийлэн харагдах, умрын сайхан хангай байна. Баянгийн нурууны Ар Дархинт уул, Хонин өндөр уулын дундуур урсан гарах Ходон голыг гармаар гарч, Зуслан голын хөвөөнд ирэхэд үд өнгөрч, тэнгэрт цахилгаан цахилж, хур бууж эхэллээ. Нутгийн өвгөнөөр заалган байж Зуслан голоо гараад Цэцэгт нууранд хүрэв. Энэ удаа бидний аз дутаж бөлбөө цэцгээ харж чадаагүй ч, их багасаж байсан Цэцэгт нуур энэ жил усаа нэмжээ. Нутгийнхны Цэцэгт нуур маань дүүрэн устай сайхан байна. Цэцэг нь л харин жаахан оройтож гарах нь гэх яриа бидний сэтгэлийг гонсойлгосонгүй. Харин ч Дархадын хотгорын олон жижиг нуур цөөрөм ширгэж, ором төдий болсныг нүдээрээ харж явсных нэг ч гэсэн нуур нь усаар бялхаж байхыг харах баяртай байлаа. Нуур нь устай байхад цэцгийг нь үзэж амжих байлгүй дээ.
Бадамлянхау цэцгийн дэргэд баясаж, Цэцэгт нуурын эрэгт хэд хонох төлөвлөгөө маань огцом  өөрчлөгдөж хотгор болгондоо нуур, цөөрөм бүхий Дархадын хотгороор тойрч Цагааннуур сум хүрэхээр боллоо. Зуслан гол, Ходон голоо гарч багасаж дундарч байгаа Цойцон нуурын дэргэдүүр өнгөрч Шаргын гол, хөвдөг гүүрийн ард үлдэв. Нэрлэж ч амжихгүй олон ч нуур тааралдлаа. Дархадын хотгор нуур усаар үэнхээр элбэг юм. Хогоргын голоо бас л хөвдөг гүүрээр гарч Тарган нуурын хөвөөгөөр дархадын цагаан адуутай уралдан гишгэсээр Шишгэд голын гүүрэнд тулав. Голоо гарч Доод цагаан нуураа дагаж эмжсээр Цагааннуур суманд ирлээ.  Хуучин Загасны аж ахуй байсан, сум болоод удаагүй энэ жижиг суурин Хармайн голын хөндийд,  Цагаан нуурынхаа эрэгт, байгалийн сайхныг сонгон суурьшжээ. Эндээ хоноглов.
Өглөө нуурын эрэгт хэсэг зураглачхаад  үзэсгэлэнт Цацагт уул,  Тогост уулсын дундуур  давж, Ивэдийн голын гарам дээр саатан нутгийн сайханд автан, хэсэг нүд хужирлав. Хөгийн голын гүүрний орчим хэдэн хором саатаж зогссон нь алсад Тольжгийн боом харагдаж байвч, хадан дээрх сүг зураг нь цөөхөн, олоход төвөгтэй гэж сонссон тул очих уу, болих уу гэж шийдэж ядсаных билээ. Хөг аялгуу нийлүүлэн, шуугин урсах Хөгийн голыг модон гүүрээр гарч Улаан-уул сум руу шууд чиглэлээ. Баруун гар талд Улаан тайга, зүүн гар талд Хорьдол сарьдагийн нуруу, дунд нь бид Дархадын хотгороор гишгэж явна. Энэ үзэмж төгс цэнхэр хотгороор 2 өдөр аялаад, бүтэн тойрчихоод  Улаан-уул сумынхаа сайхан зантай, зочломтгой  айлдаа ирж, ёстой л гэртээ байгаа аятай тухаллаа. Бүр угаалгын машиныг нь авчирч байгаад л тоос шорооноосоо салав. Гэхдээ зарим нь голын ус хавьгүй дээр гээд гол бараадсан даа.
Дархадын цэнхэр хотгор бол ёстой л диваажин юм аа. Хүмүүс Швейцарьтай зүйрлэх. Швейцарьт очиж үзсэн биш. Гэхдээ Австри улсаас Альпийн нурууг давж Итали хүрэх завшаан тохиолдож билээ. Тэр Европын орон зайг Монголтой минь  жишиж болно гэж үү. Бас л давчуу шүү дээ. Монгол минь сайхан, уужим дэлгэр, дутуу юмгүй үзэсгэлэнтэй.  Бөлбөө цэцэгээ харж чадаагүй ч, бараг бүх нуураар сүлжиж явсан манайхан Өлийн халзан даваа, Тоомын даваа гээд л буцлаа. Ар,Дунд, Өвөр Гялаадыг гарч Хөндлөнгийн даваагаар давж Эрхэл нууранд хүрч Улаан толгойн ар шил дээр таньдаг айлдаа бууж, дайлж цайлууллаа. Наадмын бэлэг,хундан цагаан хонио төхөөрч  аваад, Улаан толгойн өвөрт буй Ази тивдээ хамгийн өндөрт тооцогдох 3.40 метр өндөр буган чулуугаар толгойлуулсан 5 буган чулуу, хэд хэдэн дөрвөлжин, дугуй хиргэсүүр бүхий цогцолборыг үзэж сонирхсон юм. Эл цогцолбороос Эрхэл нуур сайхан харагдаж байна. 
Эндээсээ нэг их холдсонгүй Гэзэгт уулын ар биед нөөлөг газар бараадан бууж, шинэ хонины шөл ууцгаан, зарим нэг махассан хүүхэд  үмхсөн өөхөө газар унагаачихаад, авч өгөхийн завдалгүй орь дуу тавин сандрахыг харан, баясаж хоноцгоолоо. 
Бидний хоноглосон газраас Арбулаг сум тийм ч хол биш, сумаар дайрч ус ундаагаа цэнэглэчихээд, төвөөс урагш арваад км-т харагдах Хотгойд түмний шүтээн Цагаан чулуутын овоог зорив. Хотгойдууд алсын бараа харагдац сайтай, наран ээвэр эл газрыг сонгон, шадар ван Чингүнжавыг 1757 онд Бээжинд цаазлуулсных нь дараа эрхий хурууг нь таслан авч, эх нутагт нь авчирч, эр биеийг нь төлөөлүүлэн, мөнгөн хайрцагт хийж , ёслол гүйцээн оршоосон гэдэг. Их гол овоог хавтгай чулуугаар метр гаруй өндөр  өрж, түүн дээрээ дахин багавтар үе бас л чулуугаар босгож, дээр нь модоор дөрвөн талт пирамид хатгаж, монгол гэрийг билэгдэн босгожээ. Их ов
ооноосоо дөрвөн зүг, дөрөв дөрвөн бага чулуун овоотой.
Энэ өндөрлөг газраас алсыг ширтэн зогсоход, их хүмүүний чадварлагаар эхлүүсэн их үйл хэрэг, бас боломжоо дутуу ашигласан байж ч мэдэх түүхэн үйл явдлууд, харамсалтай төгсгөл сэтгэлд буух нь уйтай.
Цагаан чулуутын овооноос урагш Сөртийн хөндий рүү бууж давхисаар Дэлгэр мөрний ар биед Улаан уушиг уулын өвөрт орших өвөрмөц буган хөшөөнүүдийн чуулбар Уушигийн өвөрийн цогцолборт ирлээ. Энд өөр хаана ч байхгүй оройн хэсэгтээ хүний толгойг урнаар дүрсэлсэн буган хөшөө байхаас гадна 3000-4000 жилийн настай ч элэгдэж балраагүй тод хээтэй буган хөшөө ч бий.  Мөрөн хотоос баруун тийш 20 гаруй км-т байх эл газар 15 буган чулуу, олон тооны хиргэсүүр булштай, манай өнө эртний түүхийг хадгалсан содон газруудын нэг.

Энэ өдөр гадаа температур +36 градус зааж байлаа. Дэлгэр мөрний хөвөөн дээр, дэргэж дэрвэж өслөө дөө гэдэг шиг усанд хэсэг сэрүүцэж аваад Мөрөн хот руу шидлээ. Тэнд нэг их саатсангүй, Мөрөн хотын парк, талбайтай нь дөнгөж танилцчихаад, халуунаас зугтаан машиндаа сууж аваад, шинэхэн замаар Тосонцэнгэл, Их уул сумдаар шүргэж, Намнан уулынхаа араар намнасаар Булган нутаг хүрлээ. Хутаг-Өндөр сумын Гуртын гүүрээр Сэлэнгэ мөрнөө орхихын  өмнө усанд сэрүүцэн хэсэг саатсан. Ёстой нар шарсан, зуны аагим халуун өдөр байлаа. Зам салах биш, үргэлжлүүлэн давхисаар хоноглохоор зорьсон Уран ууландаа ирэв. Хөвсгөл Булган хоёр аймгийг холбосон, төв замын дэргэд шахуу харагдах энэ унтарсан галт уул нь ДТД 1686 метрийн өндөрт орших ба дотроо тогоотой, тогоон дотроо нууртай, хажуу хавирга нь халзан, араараа модтой, үнэхээр үзэсгэлэнтэй, үзүүштэй газар даа. Бид ч хоноод өглөө нь тогоо руу нь авирч, зарим нь ч бүр бууж нуурын уснаас амсав. Эндээс арваад км яваад Мэргэн хөтөл дээр бидний энэ удаагийн аялалын тойрог битүүрч, гэрийн зүг хүлгийн жолоо сунгалаа. Аялах сайхаан.

10.18.2017

Их Алтайн уулсын нутгаар

Аажуухан хөдөлсөн бид Өвөрхангай аймгийн төв Арвайхээр хотод ирж хонолоо. Бид гэдэг маань эгч дүүс нийлсэн 15 хүн. Хамгийн бага нь ой гарантай , ахмад нь 50 шүргэж яваа гурван машинд хуваагдан суусан, аялах дуртай хэсэг бүлэг хүмүүс  Монгол Алтайн мөнх цаст оргил Алтай таван богдын уулсыг  зорьж яваа нь энэ.
Маргааш өглөө нь бол их чухал өдөр. Олон жилийн өмнө аав минь мөнх тэнгэрийн орныг зорихдоо бидэнд нэг овоо үлдээгээд явсан юм. Тэр нь  Арвайхээр хотоос дөнгөж гараад л... Тэр овоогоо бид Цагаан овоо гэж нэрлээд , очих бүрдээ аль болохоор цагаан чулуу олж нэмдэг юм. Тэр ажлаа сайхан амжуулчхаад, Монгол түмний морины их шүтээний дэргэд очиж өглөөний цайгаа уучхаад, зам харгуй төвөггүй дардан болсон болохоор Баянхонгор аймагт эрт ирэв. Хонгор нутаг ээжийн минь нутаг, сайхан нутаг... Энэ удаа элсээр шууран  тухгүй угтсан ч үүнийг нь эс харгалзан Хөх толгойн хормой доорх үлэг гүрвэлийн цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалан хэдэн хүүхдээ баясган хэсэг зураглав. Аймгаас Хөх эргийн гармаар гарч Шалын хоолойгоор давхин Говь-Алтайн Дэлгэр хүрч засмал замтай нийлэн баруунш одох төлөвлөгөөтэй байсан ч бодлоо өөрчлөн Байдрагийн голыг гүүрээр гаран Бууцагаан сумаар Алтай хот хүрэхээр Бөмбөгөр сумын Хөх толгойн багийг чиглэн гарлаа. Хэсэг будилсан ч Нарийны голыг гүүрээр биш хойгуур гармаар гарч хоймор  харагдах Дааган дэл уулыг  харан давхисаар Бөмбөгөр сумын төв оролгүй шууд Байдрагийн гүүрэн дээр ирэхэд  нар бууж, Ухаа толгойн зэсэн бөмбөгөр уулс  байгалийн гоёмсгийг өмнө минь дэлгэн угтах нь тэр. Хэсэгхэн  зураглаж аваад шинэ сум төслийн загвар сум Бууцагаан суманд ирж хонолоо. Их нүүдлийг сааруулахад энэ төсөл өгөөжөө өгөх нь илт харагдаж байна. Цэмбэгэр, цэгцтэй, цомхон...  Өглөө эртлэн давхиж Үнээн усан дээр Говь-Алтай аймаг, Ховд аймгийг холбосон шинэ цардсан замтай нийлж аваад, Дэлгэрийн хүрэн талыг хялбархаан туулж Алтай хотод хүрэв.
Бид аавынхаа төрсөн газар Дөргөн нууранд Говь-Алтай аймгийн Хөхморьт сум талаас хүрэхээр зорьж яваа тул Хантайширын нуруу, Хасагт хайрханыг зааглах Баарингийн даваагаар даван хавцал дундуур шинэ замаар уруудан давхисаар нэгэнт салаа замын эрхээр засмал замаа орхин Хасагт хайрханаа даган өгсөж, Улаан эргээр Баян-Уул суманд ирж, тэндээ нэг их удсангүй, нэг их ч хол явсангүй нутгийнхний ганц алжаалаа тайлдаг Урд голын эх хэмээх сайхан  газар хоноглохоор буулаа. Шувууд чуулсан, мал амьтад идээшсэн үнэхээр үзэсгэлэнтэй газар юм. Өндгөө дарсан эх хун, өл залгуулах эцэг хун. Нутаг нь гандуу ч энэ хавьдаа ус ургамал нь жигдэрсэн зуншлага сайтай үзэсгэлэнт газар хоног тааруулжээ.
Бид Голын эх гэх энэ сайхан газар өглөөнийхөө цайг уучхаад Хөх морьт сум, Хүйсийн говийг зорин хөдөллөө. Эндээс 10 гаран км яваад уулын нугачаанаас гарахад баруун урагшаа Сутай хайрхан алсад мөнгөрөн харагдах нь юутай сүртэй. Хүйсийн говийн зүүн захаар захлан давхихад өвчинд нэрвэгдэн үгүй болж буй гэх Монгол бөхөн хаа нэг таарах.  Хөхморьт сумаас Монгол элснийхээ урд хөвөөгөөр эмжин явахад байгаль яруу тансаг  юм аа.  Бөхөн ч элбэг тааралдах боллоо. Хавчиж гэж нэг сайхан газар байна аа. Эртний нуур, далайн ёроол байсан газар юм уу даа. Талбайн хэмжээ нь бага болохоос  Хэрмэн цав л гэсэн үг. Улаан, цагаан суварга, пирамид хэлбэрт жижиг уул толгод, ногоон, цагаан цав гээд л үзэмжтэй газар байна аа, энд. Харин энэ сайхан газраас гараад дэржигнүүртэй зам гэж юу байдгийг ёстой нэг үнэн утгаар нь үзүүлж байна шүү. Нэг машин маань явдал дундаа гэнэт унтраад нам зогссон нь аппаратурын тэжээлийн утас дэржигнүүрт тасраад  бүрээсэндээ баригдаад байсныг нь олохгүй хэсэг л юм болов. Машин тэрэг элбэг явахгүй газар, айл амьтангүй эзгүй талд бас л тиймхэн юм билээ шүү...
Машинаа асааж авсан бид Монгол элсэн дээр хүүхдүүдээ хэсэг баясгаад, их элсэн дундах сувд лугаа Цоохор нуурыг зорьж, хүрсэн боловч эрэгт  нь хүрч чадалгүй баахан дэрс сүлжиж  тойрсоор их цаг авав. Нар их буусан тул оройтохоос өмнө амжиж Жанжин овоо хүрч төвхнөхөөр шууд   цаашлан Дөргөн нуурыг зорилоо. Таван жилийн өмнө давхар солонго татан угтаж байсан аавынхаа нутагт таван хүүхэд нь салхи татуулан буув. Жанжин овоондоо ч мөргөлөө. Жаргаж хэд хонохоор майхан саваа буулгаж  кэмпэлж авлаа. Маргааш нь бүтэн өдөржингөө Дөргөн нуурандаа шумбаж, дур дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж, баясаж өнгөрөөв. Эндээс Сутай хайрхан, Бумбат хайрхан, Жаргалант хайрхан сайхан харагдана.   
Аавынхаа төрсөн газар Дөргөн нуурын хөвөөнд хоёр хоног жаргасан бид Сутай хайрхан зүг Цэцэг нуур зүглэв. Замдаа Тунгалагийн булгийн овоонд мөргөн хэсэг саатсан нь бидний өвөг дээдэс Бумбат хайрхан, Жаргалант хайрхан, Жанжин овоо, Дөргөн нуур, Тунгалагийн тал, Тунгалагийн булгаар нутагласаар өнөө үед ирснийх. Талын дундах энэ овооноос хавийн газар сайхан харагдана. Сутай хайрхан бүр үзэсгэлэнтэй үзэгдэнэ. Энэ их хайрханыг өдөр бүр харж өссөн аав минь энгүй байх нь аргагүй юм байна. Ай сайхан хайрхан минь.
Дарви сум орж машин тэргээ цэнэглэж аваад засмал замаараа Хөшөөтийн голоо гараад Хөшөөтийн уурхай руу салж даваагаа даван уурхайн дэргэд Барлагийн засмалтай нийлж Цэцэг сум хүрч төвөөр нь захлан Цэцэг нуурынхаа баруун биед гарч нууртайгаа, Сутайтайгаа хамт зургаа татуулах гэсэн ч нуур маань ширгэн жижгэрч, зам нь шаварлаг, дэрс ихтэй тул тойрч явсаар ихээхэн цаг зарцууллаа. Бүрэнхийтэй уралдан Мөст сумын зам дээр гарч, газрын зурагт Таван амт уул хэмээн тэмдэглэгдсэн уулын ард нэг жижигхэн толгойн өвөрт отоглов.
Өглөө тэнгэр сайхан ч Сутай хайрхан маань униартаад бүдэгхэн үзэгдэнэ. Сайхан газар хоноглосон бид Алтайн уулсын гүн лүү цаашлан зүтгэлээ. Баруун гар талд Баатар хайрхан, зүүн гар талд Мянган угалзатын нурууны салбар уулс... Сайхан нутгаар явсаар Ховд аймгийн Мөст сум хүрэв. Энэ сайхан газраас Бооржийн голоо гарч 18 км яваад л Бодончийн хавцлын, Ховд аймгийн бас нэг бүтээн байгуулалт шинэ замтай нийллээ. Эртний алдарт Бага Улаан давааг сэтэлж нилээн багасгасан ч Улаан даваа Улаан даваагаараа л байна. Давааны оройн тэр үзэмж, бас тэр их салхи, ай сайхаан...
Монголын минь өнө эртний түүхийн гэрч болсон буган чулуун дурсгалын нэгэн цогц Баянзүрхийн буган чулуун цогцолбор нь Бодончийн хавцлын эхэнд замын дэргэд үзэгдэнэ. 30 орчим буган чулуу байх ч Хөвсгөл аймгийн Уушигийн өврийн буган чулуун цогцолбороос илүү онцлог нь  Баянзүрхийн буган чулуунд таван өнцөгт дүрс, чичлүүр хутга бас элдэв зүйлийн зэвсэг мөн  үл ойлгогдох дүрс зураг ч их бий гэж эрдэмтэд тэмдэглэжээ. Буган чулууд бөөнөөрөө байхаас гадна энд тэнд ганц нэгээрээ үзэгдэнэ. Элбэг юм аа.
Бид цаашлан Бодончийн хавцлаар байгалийн үзэмжийг бишрэн байнга л зогсож зурагласаар явлаа. Бодончийн хавцал бол 100 гаруй км үргэлжлэх ч урьдын хонон  өнжин туулдаг газар биш болжээ. Байгалийн үзэмжийг л харж саатахаас өөр саатах зүйлгүй зам харгуйг нь жижиг гэлтгүй гольдролыг тооцон гаргаж, сэтгэлд нийцтэл барьжээ.
Саатан баяссаар Бодончийн хавцлаа гарч, Алтай сумын араар захлан Үенч сум руу гишгэв. Ихэнх сумд алсаас харагддаг ч Ховд аймгийн Үенч сум гэнэт дэргэд минь гарч ирэх нь сонин. Үенч голынхоо хөндийд нуугдан орших захчин түмний нутаг Үенч сум бас л сайхан газруудын нэг юм аа. Эндээ хонож төвхнөхөөр болж, хуучин АИХ-ын депутатуудын хурлын тамхим, одоо  буудал болсон саруулхан том өрөөнд бөөнөөрөө хонож, бас зүгээр ч үгүй халуун ус ажиллуулдаг эзнийг нь дуудуулж хотынхоо амьдралаар нэг оройг сайхан өнгөрүүллээ.
Үенч нутагт эртний нэгэн улсын хилийн зааг, дохио тэмдэг дамжуулдаг байсан гэх Харуул овоо хэмээх нэгэн сэтгэл татам байгууламж байх. Жаргалан уулын оройд буй эл байгууламж сууриараа 7 орчим метр диаметртэй, дээшээ налуу шувтан болох бөгөөд 10 гаруй метр өндөр. Далайн түвшнөөс дээш 1942 метр, хавийн бараа харагдахуйц өндөрт байрлана. Яг ийм байгууламж өөр 2 бий гэх ч улсын хилийн гадна гарчээ. Үдээс өмнө Харуул овоотой тулж танилцан дээш доош бишгүй явсан бид даваа уруудан Хойд Жаргалант голынхоо хөндий рүү бууж давхисаар Ховд аймгийн Булган суманд хүрэв. Их том суурин, аймгийн дайтай сум юм. Олон ястны өлгий нутаг, Ховд нутгаар аялж явахад таарсан, уулзсан хүн болгон сэтгэлээсээ хандаж байсанд Монгол түмний зочломтгой, цайлган зан чанар энэ хязгаар нутагт үлдэж хоцорчээ хэмээн ихэд баяртай явлаа. 
Торгуудын Хө өрлөг тэргүүтэй нүүдэл төв Азиас хөдөлж замдаа таарсан бүгдийг мөхөөсөөр Ижил мөрөн хүрч суурьшсан нь 17-р зууны эхэн үе.  Оросын хааны өмнөөс олон дайн тулаанд орж гавъяа байгуулж явсан тэд Аюух хааны үед ихэд алдаршиж Европ дахинаа нэрээ дуурсгаж явав. 18-р зууны сүүлээр Оросын хааны элдэв хавчлагыг тэсэхээ больсон торгуудууд Увш хаанаараа удирдуулан Монгол нутгаа зорьж түмэн бэрхийг туулан ирэхэд Манжийн хаан угтан авч Зүүнгарын говьд тархаан суулгасны нэгэн хэсэг нь бидний зорин ирсэн энэ Булган голын хөндийд  суурьшжээ. Домог түүхээр арвин, байгалийн үзэсгэлэн төгөлдөр торгууд түмний нутаг Булган суманд машин тэргэндээ ойр зуурын засвар үйлчилгээ хийж, хүнс хоолоо нөөцөлж маргаашийнхаа аялалд базаан хэрэндээ л бужигнаж хоноцгоолоо. Маргааш биднийг Булган голоо даган өгсөх, заримдаа ганц машин л багтах, голоор шахагдан хашсан хясаан дээгүүр гарах, ус ихтэй байгаа бол олон гол горхи гаталж гарах гээд л  Баян-Өлгий аймаг руу зорих адал явдал дүүрэн, адармаатай аялал хүлээж байх ёстой. Аялах сайхаан.
Маргааш өглөө бид эртлэн хөдөлсөн ч нүүдэлчид аль эрт замдаа гарчээ. Бидний аяллыг ивээж нүүдлийн улирал эхэлж байгаа тул зам анги гарч, хаврын шар усны үерт эвдэрсэн замыг янзлахаар гараад хоёр хонож байгаа гэнэ. Голдуу ЗИЛ-130 машин дээр гэр бараагаа ачаад оройд нь хэдэн хүүхдүүдээ бөмбийтэл суулгачихсан нүүдэл явах ч хаа нэг ердийн хөсгөөр нүүцгээж байна. Зам заримдаа голд тулан хоёр машин зөрөмгүй нарийхан болох ч хонь мал, ачаа хөсөг, машин тэрэг бие биенээ хүлээж байгаад найрсгаар цувж гарсаар, аажуухан ч гэсэн урагшилсаар л явна. Сайн өдөр таарсан бололтой, айлуудын нүүдэл элбэг байлаа. Булган голд нийлдэг голуудаас Хар усны гол ширүүхэн урсгалтай ч төвөггүй гарцгаачихлаа. Нүүдэлчдээс хэсэг холдохоор голын нэгэн үзэсгэлэнтэй тохойд буудаллан өглөөний цайгаа ууцгаахаар буув. Тансаг байгальд сайхан цай уугаад, өглөөний аниргүйг эвдэх, голын шаагих чимээг сонсон модны сүүдэрт суух ч жаргал шүү.
Индэртийн хясааны наахна нь зам ангийнхантай таарч, цаашлан өөрсдөө чулуугаа засан хясаагаа гарсныг эс тооцвол бид дажгүй явсаар Баян-Өлгий аймгийн нутаг руу орж Улаан хусын гүүрээр Булган голынхоо баруун биед гарлаа. Баян-Өлгий аймаг ороход андашгүй Дундад Азийн стануудын нутагт ороод ирсэн аятай намхан намхан дөрвөлжин байшин элбэг тааралдана. Сөхөл багийн дэргэд Булган гол гүүртэй ч аль ч замаар нь явсан Өлгийн Булган сум хүрнэ. Бид гүүрээр гарч Сөхөл баг руу дөхөн өндөр уулын араас цухуйх Мөнххайрханы цаст оройд бага ч гэсэн ойртохыг хүсэв. Энэ сайхан өдөр Баян-Өлгий аймгийн Булган сумын төвөөс гарч Булган голын эрэгт отоглосноор өндөрлөлөө.    
Алтайн их уулс дунд хоноглосон бидний зам Алтайн уулс дундуур л цааш хөвөрлөө. Улаан давааны голоо нааш цааш гарч, цас мөс нь хайлж амжаагүй Улаагчны голоо даган өгссөөр тарвага гэж амьтан бэлчих алдарт Улаагчны даваан орой дээр гарахад өмнө минь байгалийн сайхныг урнаар дүрсэлсэн гайхалтай нэгэн зураг угтаж билээ. Үгээр хэлж, үсгээр бичихийн аргагүй сайхан мэдрэмж.  Цаашлан Ганц модны рашаанаас эх аван урссаар Буянт голд нийлэх Ганц модны гол, Дэлүүн сумын дэргэдэх Чигэртэйн гол, Дэлүүний гол, Ямаатын хөндийн цаагуур сүндэрлэн цайрах Баян-Өлгий, Ховд аймгийг зааглах Хөх сэрхийн нуруу гээд л сайхан бүхэн  үргэлжилнэ. Тэгээд болоогүй ээ, Дэлүүн сумаас гараад хэсэг давхиад нэг хөтөл дээр гарахад Сайр хайрхан хэмээх нэг сайхан мөнх цаст уул угтана. Өдөржин л уулсын сүрлэг, усны тунгалгийг магтан дуу алдсаар явсан бид Толбо нуурын хөвөөн дэх жуулчны баазад казак гэрийг сонгон хоног төөрүүлэхээр шийдлээ.
Толбо нуур Монгол Алтайн уулс дундах томоохон цэнгэг уст нууруудын нэг. Бас ч үгүй, 1921 оны намар Монгол Зөвлөлтийн  дайчид Хасбаатар, Байколов нарын  удирдлага дор цагаантны давуу хүчинд бүслэгдсэн ч 42 өдөр тэссэн түүхэн газар. Эндээс аймгийн төв Өлгий хот ойрхон, засмал замаар 70 хүрэхгүй км гүйгээд л орно.
Өлгий хот. Явуулын бидэнд их л сонин содон газар юм. Хүн машин ихтэй, худалдаа дэлгүүр элбэг, монгол, орос, хятад, казак гээд л төрөл бүрээрээ байна. Хаана ч орсон танихгүй хэлээр ярьсан хүмүүс. Бид Алтай таван богдын тусгай хамгаалалттай газрын зөвшөөрөл, Хил хамгаалах газрын зөвшөөрөл зэрэг бичиг баримтаа цэгцэлж аваад Бай-Өлке хэмээх төв талбайн дэргэдэх буудалд бууж, казак түмний хоол ундыг амтлахаар зоогийн газарт нь тухлав.
Аяллын арваннэг дэх өдрөө бид Өлгий хотоос Сагсай чиглэлд гарч баруун өмнө зүг Бага түргэний хүрхрээ чиглэн хөдөлсөн юм. Сагсай сумаас гараад 30 гаран км яваад нэг мундаг даваа давлаа. Газрын зурагт Ачаа гардаг даваа гэж тэмдэглэсэн ч нутгийн залуу өөр нэр хэлсэн юм, мартжээ. Даваа уруудаад Харганатын голын хөндий орж, зүүн гартаа Цэнгэл хайрханы мөнх цаст оргилыг харан баясаж, голоо даган давхисаар нэг хөтөл давж Хар нууранд хүрч цайлав. Эндээсээ Годон голоо Хар чулуутын гүүрээр гарч, Хурган нуурынхаа өмнө этгээдэд гарч Сыргаль чиглэн хөдөллөө. Зам харгуй дардан биш, бартаа ихтэй. Мод нь ихэд муудаж, эвдрэх дөхсөн гүүрээр эвийг олоод хоёр ч уулын түргэн урсгалтай голоор гаран аажим урагшилсаар. Харин байгаль бол жинхэнэ гайхамшиг. Дархадын хотгор лугаа хонхор болгонд нуур цөөрөм тогтсон. Алсад Хурган нуур цэнхэртээд, дэргэд ногоорон гэрэлтэх ойн дундаас  мөнгөрөн цайрах уулс хөглөрөөд, янзтай. Бага түргэний голд тулж ирэхэд гүүр нь эвдэрсэн, доогуур гармаар гол гарч байгаа болтой.  Гарам нь нилээн өргөн ч ширүүн урсгал нь зөөлөрсөн, нарны туяанд нилээн тогтуун боломжийн харагдаж байна. Гурвуулаа ээлжлээд гарчихлаа. Бага түргэний голд ирчихсэн юм чинь хүрхрээ рүүгээ очоод, ядаж л дөхөөд хоночих юмсан гэж бодож байсан ч, тийм амар биш юм байна. Баян-Өлгий нутагт  нэг бэрхшээл байнга тулгарч байсан нь монгол хэлтэй казак хүн ховор, бараг байхгүй юм. Зам асуухад мэдэхгүй ээ гээд л толгой сэгсрээд инээнэ. Энэ үзэгдэл их олон давтагдсан даа. Бага түргэний голд харин бидэнтэй монгол хэлтэй, тусархуу казак залуу таарч цаг орой болсон тул  өнөөдөр бол хүрч амжихгүй, зам богино ч бартаа ихтэй учир Их түргэний голынхоо хөвөөнд  хоноглосон нь зөв болохыг ойлгууллаа.  Тэгээд ч зогсохгүй, өглөө өөрөө мотоциклтэй замчилж хүргэж өгье, саяхан хэсэг хүмүүс хүрхрээ зорьж яваад машинаа эвдэж хот хүрээ рүү сэлбэг захиж олон хоносон хэмээн ярьж, хүсвэл нутгийн фургон олж өгч болох тухай ч хэлэв.  Дүүгийн саналыг уриалгахан зөвшөөрөөд, бид майхан саваа буулган 2, цаг агаар сайхан байвал 3 ч хонохоор төвхнөлөө. Бидний буусан газар үнэхээр сайхан, ширүүн урсгалт Их түргэний голын хөвөөнд. Маргааш дүүгийн олж өгсөн нутгийн фургон руу өөрсдийнхөө тэргээр дөхөж очоод, суудлуудаа авчихсан хонины машинд казак хивс дэвсүүлж аваад л бүгд зуллаа. Бидний буусан газраас хүрхрээ хүртэл 12 км ч, зам бол үнэхээр овоо юм аа. Чулуу ихтэй юм, шавартай ч юм. Нэг горхи гарах гэж байгаад шаварт суулаа. Гэхдээ биднийг машин явж болох замын төгсгөл хүртэл хүргэж өгсөн дөө. Цаашаа 500 орчим метр алхаж хүрдэг юм байна. Байгаль эхийн гайхалтай нэгэн бүтээл. Үнэхээр дуу алдам. Цас мөс, өндрөөс шуугин урсах их усны дуу чимээ, уулын цавчим өндөр хавцал, ногоон ойн дунд халиурах өндөр өвсөн дундах ялаа шумуул. Өвөл үү, зун уу?... Газар ойрхон ч энэ өдөр сайхан бүхнийг үзэж, содон бүхэн рүү үсчсээр ихэд ядарцгаасан манайхан казак залуугийнхаа гэрт зочлон дайлуулчхаад майхандаа ирэхэд  нар хэдийн бууж орой болсон байв.
Цааш аялах зам урт тул өглөө эртлэн босож цайлчхаад  хөдөллөө. Хотон нуур, Хурган нуурыг холбосон хоолойн дэргэд байрлах Сыргалийг дайран Цэнгэл сум хүрэх, тэндээсээ Алтай таван богд руугаа нилээн дөхөж хонох төлөвлөгөөтэй. Зам зуур байгаль ч ярих юм биш, янзын сайхан. Сыргалийн дэргэд хэсэг өгсөж Хотон нуурыг тольдлоо. Хурган нуурыг байнга л харж явав. Могойтын гол, Ховд голын бэлчрийн дээхнэ Ховд голоо гүүрээр гарчхаад, дагаж уруудсаар яваад Цэнгэл сум хүрлээ. Ер нь Бага түргэн дээр байхад л хүмүүсийн ярианаас Бага Ойгороор явбал зам нь арай цагаан гэсэн ойлголт авчихсан байсан болохоор Улаанхус суманд банкнуудаа дүүргэж аваад шууд Согоог чиглэн гарсан юм. Зам дэржигнүүр ихтэй болохоос  торох юм алга. Хөх хөтөл баг хүртэл өндөр хүчдэл татчихсан, багийн төв гэхэд багахан шиг сумын төв аятай томхон суурингууд угтан өнгөрнө. Маргаашийн сайн өдөр Монгол орныхоо дээвэр Алтай таван богдод хүрнэ гэсэн сайхан бодлоо тээгээд энэ өдөр эртхэн амрахаар Бага Ойгорын гол хүрэлгүй бууцгаалаа.
Өглөө ч сэтгэл өндөр хөдөлцгөөв. Хөх хөтөлөөс Бага Ойгорын голоо дагаж явсаар Ямаатын голд тулаад, голоо гаралгүй Цагаан эрэг уулаа хойгуур нь ороонгоо сая Ямаатын голоо гармаар гарч, даваа өөд шууд өгсөн оройд нь гарахад алсад Алтай  таван богд уулсын орой үзэсгэлэнтэйеэ гялалзаж угтана. Сэтгэл алдам сайхан юм аа, миний Монгол. Даваа руу буугаад Жалпак гэх Их Ойгор баг хүрэв. Баг дөнгөж өнгөрөөд Усайн голыг гармаар гараад нэгэн улаан уулыг ороон тэгшхэн сайхан хөндийгөөр хэсэг давхив. Ямартаа ч Их Ойгорын голоо олж авлаа. Багаас цааш тусгай хамгаалалттай газрын хил хүртэл ямар ч айл амьтан байхгүй, GPS дээр ч, газрын зураг дээр ч зам байхгүй, тэгсэн хэрнээ тэр хөндийгөөр дүүрэн хөндлөн гулд замтай, ийм л юм. Бид харин төвөггүй Их Ойгорын голдоо хүрч, сөрж өгссөөр өндөр уулсын дунд чимэг болон номин өнгөөр туяарсан Ногоон нуур хүрч хэсэг саатав. Цааш айл амьтан ч ихсэж, төд удалгүй тусгай хамгаалалттай газрын пост дээр ирлээ. Эндээс 9 км яваад ерөнхийлөгчийн овоо хүрэхэд л Алтай таван богд маань нүдний өмнө ирэх нь байна. Даанч том том цэргийн хүнд техникүүд яваад замыг ёстой там болгосон гэх. Бид ч өөрсдийн тэргээр өгсөж цаг алдахыг хүссэнгүй, нутгийн залуугийн фургонд суугаад шууд дээш өгслөө. Бага түргэний дэргэд суусан хонины фургоныг бодвол тансаг ангиллын, суудалтай, хөгжимтэй их эд байна аа, энэ фургон маань. Нээрээ, зам бол үнэхээр их эвдэрсэн, намаг шавар их, нутгийн хүнтэй явсан нь оножээ. Манай  залуу хаана зөөлөн явах, хаана нь дайруулах,  хаагуур нь  тойрох гээд л гаргаахгүй юм аа. Ерөнхийлөгчийн овоонд хүрэнгүүт л урьд нь олонтоо зургийг нь харж байсан мөнх цаст Алтай таван богд Хүйтэн, Найрамдал, Малчин, Бүргэд, Наран оргилууд.
 Мөнх цас нь наранд үзэсгэлэнтэй гялалзана. Үзэмж төгс Монгол Алтайн уулсын эдгээр оргил бидний энэ аяллын эцсийн цэг. Эндээс нутгийн зүг хүлгийн жолоог эргүүлнэ. Миний нутгийн баруун хязгаар үнэхээр сэтгэл хорогдом сайхан юм. Үзлээ, харлаа, бахархлаа. Эргэн тойрон ганцаараа, бөөнөөрөө, хэсгээрээ гээд л зургийг ч нэг авахуулж өглөө. Харин Потанины мөсөн голоос амсана гээд явсан 3 маань ирдэггүй дээ. Харахад уг нь гайгүй харагдсан болохоор юм хэлээгүй явуулчихсан юм. Тэгсэн харин гүвээ нугачаа их, талдаа бараг л цаг гаран явсан юм аа даа. Байж байж, юу ч болоогүй аятай, ядарч үхэх нь гэсэн хүмүүс,  санаа зовж ар өврөөс нь гүйлдсэн бидэнтэйгээ нийлж нэг юм бөөгнөрцгөөлөө.  Тэнгэр хангай биднийг ивээж их сайхан өдөр заяажээ. Тэр холоос зорьж ирэхэд шуураад угтсан бол яана аа. Өдрийн сайхныг магтсаар, дуу дуулсан шиг ээ бууцгаалаа. Зам бол үнэхээр эвгүй юм. Постон дээр буцаж ирээд казак гэр хөлсөлж аваад бүгд сайхан цуйван захиалсан ч хэлний бэрхшээлээс болж ихэнх нь шөлтэй хоол идсэнийг эс тооцвол энэ өдөр гайхалтай өнгөрлөө. Маргааш нь элдэв адал явдалгүйгээр, ирсэн замаараа шахуу буцан Өлгий хотод ирж, Бай-Өлке буудалдаа өөрийн гэртээ ирж байгаа аятай тухлав.
Нутгийн зүг эргэсэн бид Увс, Баян-Өлгий аймгуудыг зааглах Ачит нуурыг чиглэн эртлэн гарлаа. Өнөөдөр Гоожуурын хүрхрээ хүрч хонох ёстой. Өлгий хотоос гарч, Ховд голоо хэсэг дагаж давхисаар Ачит нуурын хөвөөнд өглөөнийхөө цайг уучхаад Усан хоолойн гүүрээр Увс аймгийн Ховд сум хүрлээ. Ачит нуур нь цэнгэг уст нуур бөгөөд Сийлхэм, Түргэний уулсаас буух гол горхиор тэжээгдэн усаа Ховд голд юүлэх ба нуурын дэргэдээс алсад мөнх цаст уулсын сүрлэг оргилууд харагдана. Бас Дэвэлийн арлын шагшуурганд ховор шувууд элбэг чуулах юм. Ачит нуураас Улаан лонх уулын хөтөлөөр давахад Ховд голынхоо өмнө этгээдэд  Цамбагарав хайрхан бүр тод гоёмсог харагдахыг яана. Ховд сумаас зүүнш чиглэн Шивэрийн голыг гүүрээр гарч, нуурын арын даваагаар Шаазгай нуур хүрэхэд  зам саатах юмгүй, харин Цагаан хөтөлөөр давахад чулуу элбэг, нугачаа гүвээ нь бартаа ихтэй юм. Хөтлөө давчихвал хэсэг зам гайгүй ч Гоожуурын голоо гараад хүрхрээ хүртэлх  зам богино, гэхдээ бас л бартаатай. Зам харин хүрхрээндээ бараг тулж очно, үнэхээр гайхалтай газар.  Гоожуурын хүрхрээ нь Хархираа Түргэний уулсын баруун биед буй Олон нуурын уулсын дунд орших ба 17 метрийн өндрөөс унана. Энэ үзэсгэлэнтэй газар хоног төөрүүлж, байгалийн сайхныг биширч, хүрхрээн дэргэд ширээгээ заслаа.
Дараагийн өдөр нь зураг хөрөг гэсээр байгаад хүрхрээнээс аажуухан хөдөлж, харин Шаазгай нуур хүрэлгүй баруун салж Шивэрийн голынхоо хөндий рүү хялбархаан орчихлоо. Гоожуурын хүрхрээ хүрэхдээ Ховд сумаас 80 км явсан бол буцахдаа 60 гүйгээд л сумын төв  орчихлоо. Ховд сумаас Рашааны ам гэж өнгө өнгөөр алагласан олон нууртай, вансэмбэрүү битүү ургадаг үзэсгэлэнтэй газар очихыг нутгийнхан зөвлөсөн ч вансэмбэрүү цэцэглэх цаг нь таараагүй учир дараа тухтай ирэхээр Ачит нуурынхаа нилээн хойгуур Багануураар дайран Хотгорын нүүрсний уурхай чиглэн замаа хөөсөн юм. Увс аймгийн Бөхмөрөн сумын нутагт орших хүрэн нүүрсний эл уурхайд хур бороо дагуулан буусан бид шууд Байрамын даваа чиглэн цаашлав. Баруун аймгуудын бас нэг мундаг даваа. Бас л өгсөнө шүү. Давааны ар руу ч бас эвгүй. Тормоз гишгэсээр наклад улайсаад барихаа болиод л бууна, хэсэг амраахгүй бол ч...
Даваанаас буугаад л Түргэний уулс, Цагаан шувуутын уулсаар хашигдсан хотгорт тогтох Үүрэг нууранд хүрнэ. Байгалийн үзэмж цөм бүрдсэн энэ сайхан нуурын дэргэдэх жуулчны бааз энэ өдрийн бидний эцсийн зогсоол боллоо. Сайхан амарцгаачхаад өглөө нь бас л нуурын эргээр хэсэг зугаалж аваад, Увс аймгийн төв Улаангом хотыг зорив. Зам асуудалгүй, нэг хөтөл даваад л цаашлан Сагил, Түргэн сумдын зааг ДТД2580 метрийн өндөрт өргөгдсөн алдарт Улаан даваа даваад, уруудаж өнхөрсөөр Боршоогийн боомтын засмалтай нийлж, төвөггүйхэн Увс аймгийн төв орно. Бид Улаангомд хоноглох буудалдаа төвхнөчхөөд, аймгийн төвөөр хэсэг дарцгаалаа. Дэлгүүр хоршоо хэсэв, “Увсад үйлдвэрлэв” ч сонирхов, ус хүнсээ ч нөөцөлж авав. Харин үдээс хойш Улаангом хотоос 30 км алслагдсан, цайран харагдах, Монгол орныхоо хамгийн том нуур болох Увс нуурын хөвөөнд хэсэг саатлаа. Зах нь үл харагдах, их бага 38 гол цутгах, Их нууруудын хотгорын хойд зах болох намуухан долгилох Увс нуур. Гадна дотныхон битүү шавжээ. Хүн амьтан, хүүхэд шуухад цуглахаас ч аргагүй гүехэн, чулуугүй, бүлээхэн, усанд ороход таатай газар юм. Цахлай шувууд энд хүний гараас хооллон ихэд ээнэгшин дасчээ. Гайхалтай энэ газар оройг өнгөрөөгөөд буцаж буудалдаа ирж амарцгаалаа.
Оросын жуулчин “Хуучин ба шинэ Монголд”-ыг бичсэн Бурдуков “Хэцүү хад бол байгалийн сонин тогтоц бөгөөд үзэсгэлэнт сайхнаараа Монголд хоёрдогч нь юм” хэмээн дуу алдан биширсэн энэ өвөрмөц содон газар бидний энэ өдрийн зорьж очих, ганц нэг хонож алжаалаа умартах газар билээ. Улаангом хотоос  230 орчим км алс хол ч, дэд бүтэц сайтай Хяргас нуураа хөвөөлж давхисаар нуурынхаа төгсгөлд байх гэр гуанзаар баруун салж, 45 км шороон замаар харайлгасаар давсархаг усан давалгаанд нүдүүлсээр шохойн цагаан өнгөтэй болсон эгц цавчим хадан цохио бүхий  болор тунгалаг эрэгт тулж ирэх нь олны нэршсэн Хэцүү хад. Зам зуур олон өнгөөр алаглах зосон хүрэн улаан уулын өвөрт байх Хар тэрмэсийн рашаан хүртэж, хар цагаан шавар түрхэн амарсан ч болно.
Хэцүү хад бол үнэхээр л үзэсгэлэн төгөлдөр өвөрмөц газар юм. Арал мэт усны дундаас цухуйх хадан цохионд үй олон шувуудын үүр байх нь шувуудын диваажин байсан нь илт. Одоо харамсалтай нь, хүний хөлөөс эзэд нь дайжиж эзгүй олон үүр л үлджээ. Хадан дээрээс харахад том жижиг загас багширалдан бэлчих нь хараад л баймаар тансаг. Биднийг энд хоёр хоноход салхи үгүй тогтуун байсан ч шуургатай үед нуурын давалгаа хадан цохио нүдэх нь далайн хар шуурга шиг сүртэй сайхан гэх нутгийнхны яриа нүдэнд харагдан төсөөлөгдөж суулаа.
Хорвоогийн жаргалтай сайхан хоёр өдөр өнгөрч, дараачийн өртөө рүүгээ хүлгийн жолоо залах цаг болов. Төлөвлөгөө ёсоор бол Хэцүү хад, Ойгон нуур, Бүст нуур гэж явах ёстой байсан ч хоног шахамдуу болсон болохоор ярилцаж хэлэлцээд энэ өдөр Тэлмэн нуур хүрч хонохоор шийдэн ирсэн замаараа гишгэсээр нуурын Үзүүрийн булагийн гэр гуанзны дэргэд төв замтайгаа нийлж аваад, наран мандах зүг чиглэлээ. Олон жилийн өмнө Увс аймгийн Өндөрхангай, Зүүнхангай сумдаар их явдаг байсан болохоор дурсамж сэргээсэн танил нутгаараа  довтолгосоор Завхан нутаг хүрэлгүй шороон зам дээр гарч  тонгочуулсаар Сонгино суманд машинуудаа цэнэглэчхээд,  элдэв адал явдалгүй Түдэвтэй сумын өмнүүр гарч Нөмрөг сумын төвөөр дайран Хүрэн шовх уулын өвөрт Тэлмэн нуурыг тольдон өвөлжөөнөөс аргал хөрзөн авчирч овоолж байгаад их гал өрдөн нэг оройг зугаатай сайхан өнгөрөөв.
Өглөө нь цайлчхаад Тосонцэнгэл, Их-Уулаар дайран Солонготын даваагаа давж Архангай аймгийн Цахир сумын цайны газар өдрийнхөө хоолыг идчихээд Тэрхийн цагаан нуур, Чулуутын хавцал гэж дуртай нь бууж зураглан тааваараа явсаар Тайхар чулууны дэргэд Тамирын голын хөвөөнд  өдрийг үдэж шөнийг угтлаа. Нэг хоногийн нөөц гарсан тул маргаашийн өдрийг Өгий нуурт өнгөрөөхөөр шийдэн аажуухан хөдөлцгөөж, Цагаан даваагаа даван эртний нийслэл Хархорум зүг эрчтэйхэн гишгэж хүрэв. Билгэ хааны зам гэх Туркуудын барьсан нарийхан замаар Хөшөө цайдам хүрч дурсгалын музей үзчихээд Өгий нуур хүрэхүйеэ шингэх нарны туяа нуурын усанд бууж өнгө нэмэн үзэсгэлэнтэйеэ угтан авлаа. Өгий нуур Улаанбаатар хоёр 330 км зайтай. Үүнээс 20 хүрэхгүй нь л шороон зам. Бас шууд давхиад байхгүй. Хар бухын балгас, Чин толгойн балгас, Баяннуурын зэгс, Долоон даваа, Туул гол гээд л үзэж харах зүйл арвин, Гурванбулаг, Дашинчилэн, Баяннуур, Лүн, Аргалант гээд Булган, Төв аймгийн овоо хэдэн сумдын нутгаар дайрна. Олон хоног аялаад Шар хөвийн дөрөлж даваад орж ирэхэд улсын маань нийслэл Улаанбаатар ч сайхан даа.