Буган хөшөө бол бичиг үсэг хараахан бий болоогүй байсан хүрэл ба төмрийн түрүү үеийн нүүдэлчдийн түүх, утга соёл, шашин шүтлэг, нийгмийн байгууллыг судлах чухал дурсгал юм. Мөн Монголын эртний түүхэн газар нутгийн дүр төрхийг сэргээн харуулах хамгийн тодорхой дурсгалын нэг бол буган хөшөөнүүдийг босгосон чулуун булш, хиргисүүрүүд мөн билээ.
2000 оны эхээр хийсэн судалгаагаар Евроазийн эх газарт
700 гаруй буган хөшөө бүртгэгдсэнээс 500 илүү нь Монголд байна гэж үзэж байсан
бол эдүгээ 1000 гаруй буган хөшөө байгаа болох нь тогтоогдоод байна. Ялангуяа
Монгол Алтайн баруун ба өмнөд хэсэг, Хангайн нурууны төв хэсгээс 200 орчим
буган хөшөө шинээр илэрч судлагдаад байна.
Буган хөшөөг нас барсан хүнд зориулан , хүнийг
төлөөлүүлэн үйлдсэн гэдэг нь тодорхой болоод байгаа бөгөөд үүнийг үйлдэхдээ
тусгайлан 4 талт болгон зассан чулуунд хүний нүүр, эдлэл хэрэглэл зэргийг
дүрсэлсэн байдаг. Уг чулууны оройн хэсэг ихэвчлэн налуу байх ба зүүн зүг
хандуулан нарийн талыг нүүр болгож, дээд хэсэгт хүний нүүрийг төлөөлүүлэн ташуу
3 зураас, хоёр хажуугийн өргөн дээд хэсэгт цагираган хэлбэрийн дүрслэл (нар, сар гэх нь
бий), эдгээрийн
доогуур дугуй болон зуйван дугуй хэлбэрийн жижиг хонхруудыг бүрэн тойруулж,
хөшөөний дунд хэсэгт бүс, бүснээс чичлүүр хутга, нум сум зэрэг зэр зэвсгийн эд
зүйлсийг дүрсэлсэн байдаг. Эдгээр дүрслэлүүд нь нийт буган чулуун хөшөөнд
дүрслэгддэг нийтлэг зүйлс юм.
Түүнчлэн 10 гаруй буган хөшөөнд хүний нүүрийг дүрсэлсэн
байдаг нь уг дурсгал хүнийг төлөөлсөн болохыг баттай харуулсан баримт болдог.
Буган хөшөөний хамгийн өндөр нь 4 метр орчим бөгөөд түүнээс доош янз бүрийн
хэмжээтэй байх ба хамгийн намхан нь 40 см орчим өндөртэй байна.
Буган хөшөө Ази, Европ тивийг дамнан тархжээ. Тархалтын
төв нь Монгол нутаг мөн бөгөөд нийт 1200 орчим буган хөшөө илрүүлэн судлаад
байгаагаас дурсгалын 90 орчим хувь нь манай улсын нутагт байна. ОХУ-ын Буриад
улсын Байгаль нуур орчимд 20, Алтай Саянд 80 орчим, Казакстан Дундад Азид 20
орчим, баруун тийш Оросын Оренбург муж, Кавказ, Украин, Германы Эльба мөрөн хүртэл
10 гаруй олджээ.
Буган хөшөө нь баатар дайчин эрийн бэлгэдлийн дүрслэл
учраас зэр зэвсэг, тусгай хэрэгсэл зэргийг сийлбэрлэсэн байдаг. Хөшөөний дээд
хэсэгт титэм юм уу малгай, хоёроос гурван ташуу зураас, хүний нүүр, ээмэг,
хүзүүний зүүлт зэргийг дүрсэлсэн байна. Судалгааны өнөөгийн түвшинд буган
хөшөөнүүдийн дээд хэсгийн дүрслэлүүд болох дугуй цагирагуудыг нар сар, түүний
доогуур буй жижиг хонхруудыг од эрхсийн дүрслэл хэмээн тайлбарладаг байсан
өмнөх үзлээс татгалзаж, хүний толгойн хэсгийн эд чимэглэл болохыг ихэнх
судлаачид хүлээн зөвшөөрчээ.
Монгол орны нутагт оршиж буй буган хөшөөнүүд, тэдгээрийн
бүх хэлбэрүүд тэдгээрт дүрсэлсэн хүний нүүр, ээмэг, хүзүүний зүүлт, бүс, зэр
зэвсэг болон бусад эд өлгийн дүрслэлүүд нь уг дурсгал хүнийг төлөөлүүлсэн
болохыг гарцаагүй нотолж байна. Өөрөөр хэлбэл хүрлийн үеийн нүүдэлчдийн
нийгмийн тодорхой бүлэг хүмүүст буюу овог аймгийн толгойлогч – язгууртан хүмүүст
зориулан бүтээсэн дурсгалын хөшөө болох нь баттай бөгөөд түүнд дүрслэгдсэн
дүрслэл, тахилгын байгамжийн зан үйлд эртний нүүдэлчдийн ертөнцийг үзэх үзэл
хийгээд бөө мөргөлийн үзэл санаа шингэсэн байдаг гэж үзэж болох ажээ.
Одоогийн байдлаар манай улсын нутагт хүний нүүрний
дүрстэй буган хөшөө 13 байна. Эдгээр хөшөөнүүдээс Завханы Яруу сум, Төв аймгийн
Өнгөт, Баян-Өлгий аймгийн Могойтын голын болон Алтай сумын 3-р баг, Хөвсгөлийн
Тээл, Баянхонгорын Тэмээн хүзүүний буган хөшөөнүүд нь хожим Түрэгийн үед буган
хөшөөг ашиглаж, хүний нүүр нэмж дүрслэн хүн чулуу болгон зассан нь илт
мэдэгддэг. Харин бусад буган хөшөөнүүдэд дүрслэгдсэн хүний нүүрийг эрт үед
дүрсэлсэн бөгөөд зарим судлаачид иймэрхүү хүний нүүр дүрсэлсэн хөшөөнүүд буган
хөшөөний соёлын эхэн буюу эрт үед холбогдоно хэмээн үздэг.
Хилийн чанадад цөөн тооны хүний нүүрний дүрслэлтэй буган
хөшөөнүүд бий. Тухайлбал Орос Алтайн Чуй голд нэг, Кызыл-Джарынд нэг,
Өвөрбайгальд нэг буган хөшөөнөө тус тус хүний нүүр дүрсэлсэн байдаг.
Мөнхүү буган хөшөөг хүнийг төлөөлүүлсэн хөшөө болохыг
илтгэдэг өөр нэг дүрслэл бол Саян Алтай болон Евроазийн хэлбэрийн буган
хөшөөнүүдийн оройн хэсгийг тойруулан бүслүүр мэт өргөн, нарийн ховил дүрслэл (заримдаа
товойлгон гаргасан нь ч бий) юм.
Энэхүү дүрслэлийг судлаачид титэм, малгай, толгойн боолт гэхчилэн үздэг. Тэрчлэн зарим буган хөшөөний
ар тал руу оройгоос доош унжсан үс юм уу малгайн бүч гэлтэй дүрслэл сийлсэн
байдаг нь буган хөшөөний оройн хэсэгт хүний толгойн дүрслэл байгаа болохыг
давхар баталдаг юм.
Түүнчлэн олон тооны буган хөшөөнүүдэд хоёр хажуу талын
дугуй дүрснээс нэг болон хоёр салаа унжлага зүүж дүрсэлсэн байхаас гадна мөн
хүзүүний зүүлтнээс амьтны соёо зүүснээр дүрслэн харуулсан байдаг нь нэмэлт
баталгаа болдог.
Бидний өгүүлэн буй нэгээс гурван ташуу зураас, хүний
нүүр, амьтны соёо зэрэг дүрсүүдийг ихэнх тохиолдолд буган хөшөөний наран ургах
зүг харсан нарийн талд дүрслэн гаргасан байдаг бөгөөд эдгээр дүрслэлээр буган
хөшөөний нүүрэн талыг таних боломжтой. Түүнээс гадна судлаачдын бамбай хэмээн
үздэг “тагнай хээтэй таван талт” дүрс ихэнх тохиолдолд буган хөшөөнүүдийн
зөвхөн ар талд дүрслэгдсэн байдаг. Буган хөшөөнүүдийн оройг ихэнх тохиолдолд
нүүрэн талаас ар тал руу нь ташуу болгон зассан байдаг гэх мэт маш олон шинж
тэмдгүүд бий.
Загварчилсан бугын дүрс бол буган хөшөөн дээрх хамгийн
гол дүр ба дүрслэл юм. Монголын зарим эрдэмтэд буган хөшөөний бугын дүрсийг
тайлбарлахдаа “Буга нь Төв Азийн нутагт өргөн тархсан арьс, мах, эвэр зэрэг
бүтээгдхүүн өгдөг, хүнд ямар нэгэн хор хөнөөлгүй амьтан учраас түүнийг эрт
цагаас эрхэмлэн шүтэх болсон” хэмээн үзэж байхад зарим нь “эртний хүмүүүс
өөрсдийгөө тухайн овгийнхоо шүтэж ирсэн тотемоос үүсэлтэй хэмээн үздэг байсан
бөгөөд эдгээр буган хөшөөний дурсгалыг үлдээгчид өөрсдийгөө буганаас гарсан гэж
үзэж байсантай холбоотой” гэжээ.
Түүнээс гадна буган хөшөөний буга болон бусад дүрслэлийг
эртний хүмүүсийн бие дээрх шивээс хэмээн үзэх хандлага бас байна. Тэдгээр
эрдэмтэд Алтайн мөнх цэвдэгт хадгалагдан үлдсэн пазырыкийн соёлын булшнаас
гарсан хүмүүсийн бие дээрх шивээстэй адилтган харьцуулан үздэг. Түүнчлэн
скифүүдийн дунд өргөн дэлгэр байсан амьтны загварт урлагийн нөлөө хэмээн үздэг
судлаачид ч олон бий. Хэдий тийм боловч буган хөшөөний соёлын холбогдох он цаг
нь Скифийн соёлоос даруй хэдэн зуун жилээр эрт үед хамаарагдах нь сүүлийн үеийн
судалгаанаас илэрхий болж байна. Үүнээс үзэхэд скифийн амьтны загварт урлаг
буган хөшөөний амьтны загварт урлагт нөлөөлсөн биш харин эсрэгээрээ буган
хөшөөний соёлоос амьтны загварт урлаг үүссэн тухай ярих нь үндэслэлтэй.
Ер нь буган хөшөөний буга болон бусад амьтдын дүрсний
утга агуулга нь эртний шүтлэг, зан үйлийн илэрхийлэл болох тул бөө мөргөлийн
зарим ойлголттой холбоотой болох талаар зарим судлаачид авч үздэг. Бугын
шүтлэгийг тайлбарлахын тулд юуны түрүүнд тухайн үеийн хүмүүсийн шүтлэгийн
ойлголтыг авч үзэх нь зүйтэй.
Евроазийн ард түмний дунд “тэнгэрийн буга”-ны үзэл санаа
маш эрт үед бүрэлдэн тогтсон бөгөөд энэ нь бөө мөргөлөөр дамжин уламжлагдан
үлдсэн аж. Энэ бүс нутгийн бөө мөргөлийн зан үйлд бугын холбогдолтой үзэл
санаа, зан үйл баялаг бий. Тухайлбал Евроазийн олон угсаатнуудын бөө нарын
малгай дээр бугын эвэрний дүрсийг төмрөөр хийж байрлуулсан байдаг. Бөө нарын
малгай дээрх бугын эвэрний энэ дүрс нь “... тэнгэрийн буганы бэлгэдэл төдийгүй
бөөг тэнгэр огторгуйд нисэхэд тусалдаг шидэт хүч..., ... буга хэлбэртэй туслагч
онгодыг илэрхийлж байгаагаас гадна бөө нарыг тэнгэртэй холбоотой гэдгийн
бэлгэдэл болдог” байна. Манж, түнгүс бөө нарын хувьд бөөгийн сүнс нь бугын
дүрстэй байдаг төдийгүй бөөгийн өвөг дээдсийн сүнс нь бас буга хэмээн үздэг
ажээ.
Түүнээс гадна ихэнх бөө нар онгод тэнгэрийн унаа хэмээн
үздэг хэнгэрэгээ буга согоо болон бусад амьтдын арьсаар бүрдэг байсан бөгөөд
монгол бөөгийн ойлголтоор бол “...Онгодын унаа бол морь” хэмээн үздэг ч марал бугыг дээдлэн
шүтдэг ойн монгол аймгуудын уламжлалаар марал буга буюу согооны арьсаар
хэнгэрэгээ бүрдэг байсан нь тодорхой байна.
Бөө нар хэнгэрэгээ бугын арьсаар бүрэхийн сацуу хэнгэрэг
амилуулах ёслол гэж тусгай ёслол үйлддэг. О.Пүрэвийн бичсэнээр “... ойн монгол
аймгуудын бөө нар эртнээс нааш онгод тэнгэрийнхээ унааг буга, согоо” байсан
гэдгийг бөөгийн хэрэглэгдхүүнээр нягталжээ.
Түүнээс гадна Сибирийн олон угсаатнуудын дунд бөөгийн гол
өмсгөлүүдийн нэг малгай буюу титэм дээр бугын эвэрний дүрс байдаг бөгөөд энэ нь
туслагч онгоны дүр төдийгүй бөөгийн онгод, сүнсний өвөг дээдэс нь гэж үздэг.
Мөн Оросын Алтайд малтсан Пазырыкийн соёлын цөөнгүй ухмал модон авсны гадна ханыг
бугын дүрстэй арьсаар чимэглэсэн байжээ.
Эдгээр баримтаас харахад эртний шүтлэгийн ухамсраар буга
нь энэ ертөнцөөс нөгөө ертөнцөд хүргэдэг, бөө хүнийг дээд ертөнцтэй холбодог,
сүнс тээдэг шидэт онгод хүлэг, муу муухай зүйлээс хамгаалах шидэт амьтан болох
ба энэхүү эртний үзэл санааны буга, буган хөшөөн дэх буга хоёрын хооронд ямар
нэг холбоо хамаарал байгааг таамаглаж болно.
“Монголчууд нэн эртнээс 12-р зууны эхэн” номноос