Дахэ аймгийн холбооны сүүлчийн тэргүүн Хэтүю-г тус
аймгийн холбооноос гадуур оршиж байсан Ишихо аймгаас гаралтай цэргийн жанжин
Гожэ, Тан улсын цэргийн тусламжтай 734 онд хороосон боловч жилийн дараа өөрийн
аймгийн Сингэн Ниар хэмээгчид хороогдсон байна. Сингэн Ниар Дахэ аймгийн
холбоонд хамаарагдаж байсан хийгээд гадуур байсан хятан овог аймгуудыг шинэ
аймгийн холбоонд зохион байгуулсан боловч тус холбооны тэргүүн буюу хаанаар Яонянь
аймгаас гаралтай Зү-у хэмээгчийг өргөмжлөн өөрийгөө тус аймгийн холбооны
цэргийн толгойлогч буюу илижинь болгосон байна. Яонянь аймгийн холбооны цөм нь
хятан найман аймгаас бүрэлдэн томорсон бөгөөд тэдгээр найман аймгийн нэг болох
Ишихо аймгаас тус холбооны цэргийн толгойлогчдын төрөн гардаг Ила аймаг
салбарласан гарсан агаад харин тэрхүү Ила аймгаас хожим Яонянь аймгийн холбооны
сүүлчийн тэргүүн буюу хаан болж, Хятан улсыг үндэслэсэн Абаожи-гийн (872-926) хамаарах Елюй
овог үүссэн ажээ. Тиймээс Сингэн Ниарыг түүх бичигт Хятан улсыг үндэслэн
байгуулагчийн дээд өвөг хэмээн бичсээр иржээ.
744 онд уйгурууд бослого гаргаж Хожуу Түрэг улсын Озмыш (742-744) хааныг хороож
Уйгурын хаант улс байгуулав. Ийнхүү хятанчуудыг эрхшээж байсан хоёр том улсын
нэг Түрэг үгүй болсон явдал хятаны шинэ аймгийн холбоо богино хугацаанд бэхжих
таатай боломжийг бүрдүүлжээ. 742 оноос Тан улс умард хил хязгаарыг чангатгах
арга хэмжээг авч эхэлснээр хятан аймгийн
холбоо үлдсэн том хүч болох Тан улстай энхийг эрхэмлэж буйгаа илэрхийлсээр 745
онд Сюаньзун хаантай худ ургийн холбоо тогтоож чадав. Гэвч энэ харилцаа удаан
үргэлжилсэнгүй. Күмоси, хятанчуудын хязгаар нутгийг хариуцсан Тан улсын цэргийн
захирагч, согд эцэг, түрэг эхтэй Ань Лүшаний довтолгоонд хятанчууд удаа дараа
өртөх болжээ.
Ань Лүшань хүчирхэгжсээр 755-756 оны заагт Тан улсын төр
солигдох мөчийг ашиглан бослого гаргав. Сар гаруйн дараа тэрээр түрэгийн үлдсэн
хүчтэй хамт Лоян, түүнээс хэдэн сарын дараа нийслэл Чанань-ийг эзлэн авчээ. Тан
улсын хаан Сюаньзун зугтаж явахдаа хорлогдож, түүнийг залгамжлан 757 оны 8 сард
өргөмжлөгдсөн шинэ эзэн хаан, цөхөрч туйлдсан Сүзүн-д (756-762) Ань Лүшань болон
түүний дараа гарсан Тан улсын цэргийн жанжин Ши Симин нарын бослогыг дарахын
тулд Уйгур улсын хаанаас бүхий л аргаар тусламж хүсэхээс өөр зам үлдсэнгүй.
Бослогыг их гарз хохирол амсан байж дарсны дараа Тан улсын алтан үе шувтарч,
Уйгур улсын сүр хүч нэмэгджээ. 763 оноос Тан улс, зүүн хойт хил хязгаарыг хянаж
байсан гол хотуудаа Уйгурт алдсан тул энэ үеэс хятанчуудад уйгуруудаас үзүүлэх
дарамт шахалтаас өөр аюул үгүй болов. Нангиадын төр улстай харьцуулбал уйгурууд
хаан өргөмжлөх, аймгийн толгойлогчдыг халж солих, дайн тулаан хийх зэрэг
хятанчуудын дотоод хэрэгт оролцож байсангүй гагц алба гувчуур татах замаар
эдийн засгийн ихээхэн дарамт үзүүлж байжээ. Эдийн засгийн ийм харилцаанаас
гадна уйгур, хятан язгууртнууд болон энгийн иргэдийн хооронд худ ургийн харилцаа
их тогтож байв. Абаожигийн хатан Чүньчинь (879-953) нь чухамдаа
уйгур-хятан язгууртан гэр бүлээс гаралтай байсан юм.
Хятанчууд Уйгуруудын нөлөөнд оршиж байсан ч Тан улстай эв
найрамдалтай харилцахыг эрмэлзэж байв. Хятан аймгуудын холбоо 762 оноос Уйгур
улс мөхөх хүртэл 80 гаруй жилийн хугацаанд Уйгур улсын зэрэгцээ мөн Тан улсад
алба өргөсөөр байжээ. Тан улстай эвтэй найртай байсан энэ үе хятанчуудад
нангиад соёл нэвтэрч, тэд ан гөрөө, мал бэлчээрийн аж ахуйгаас гадна гар урлал,
газар тариалан улам ихээр эрхлэх болов.
Уйгур улс мөхсөний дараа 842 онд Чүшү (84?-860) тэргүүний үед
хятанчууд Тан улсын нөлөөнд багтаж буйгаа илэрхийлэв. Тангийн төрөөс түүнд
Юнхуйгийн жанжин, Баруун этгээдийн У-вэй цол өгчээ. Мөн Уйгур улсын хятанчуудын
бүс нутгийн хамаарагчийн тамгыг Тан улсаас сольж, “Улсад зүтгэгч хятаны тамга”
гэсэн бичигтэй шинэ тамгыг үйлдэн өнөөгийн Бээжингийн баруун өмнөд тойрогт
оршиж байсан Южоу хотын цэргийн захирагчаар хятаны тэргүүнд хүргүүлсэн байна.
Чүшү-г Сиаржи (860-882), Сиаржи-ийг
Чиньдэ харин Чиньдэ-г Гуанчи (885-887) залгамжлав.
Абаожигийн өмнөх Яонянь аймгийн холбооны эдгээр тэргүүнүүдийн үед хятанчуудын
хүч асар их нэмэгдэн газар нутгаа тэлэх бодлого хэрэгжүүлэв. 880 оны сүүл гэхэд
хятанчууд зүүн, умар тийш си, шивэй, зүрчид, баруун тийш татар, өмнө тийш
түрэгүүдийн нөлөөнд байсан зарим газар нутгийг эрхшээлдээ оруулснаар барахгүй
баруун, өмнө тийш Тан улсын нутаг дэвсгэрийн гүнд гэвтрэн Южоу хүртэл халдан
довтлох болсон байна. Сиаржи хаан си нарыг довтлон 700 өрх олзолж байв. Мөн Абаожигийн
эцэг Салади ч гэсэн си нарыг довтлон 700 өрх олзлон өнөөгийн Ляонин мужийн
Нинчэн хотын баруун этгээдэд аваачин боол болгож байжээ. Салади-гийн дүү,
Абаожигийн авга Шилү шивэй, татар, си зэрэг хөрш зэргэлдээх овог аймгуудыг
байнга дайран довтолж байв. Шилү хятаны аймгуудын холбоонд онцгой гавъяа
байгуулсан хүнд өгдөг, хааны дараа орох ерөнхий сайдын дайтай алба болох юүюүэ
хэмээх албанд анх томилогдож байжээ.
Абаожигийн өвөг дээдэс дан ганц цэргийн хүчээр газар
нутгаа тэлэх бодлого барьж байсангүй. Ялангуяа Салади, авга Шилү-гийн үед Ила
аймаг бусад хятанчуудын дундаас Тан улсын газар нутагт хамгийн ойр оршиж байсны
хувьд бүхий л талаар бие даахын тулд Тан улсын эдийн засаг, соёлын ололтыг
нэвтрүүлж, ашиглахыг оролдож байв. “Ляо улсын судар”-т бичсэнээр Салади “анх
төмөр хайлуулсан. Төмөр давтахыг хүмүүст зааж сургасан”. Харин дүү Шилү нь “анх
чулуугаар барилга барьж, хэрэм хот байгуулсан. Ялам мод, олс ургуулж, хэрхэн
нэхэхийг сургасан” ажээ. Сурвалжийн энэ мэдээ нь чухамдаа Абаожи-г төрж өсөх
үед Ила аймаг хөрш зэргэлдээ улсуудтай эдийн засаг, худалдаа, соёлын өргөн
хэмжээний харилцаанд орж, тэдгээрийг цэргийн удирдагчид нь хүртэл дэмжин зохион
байгуулдаг болж өөрчлөгдснийг гэрчилнэ.
“Монголын эртний түүх”
No comments:
Post a Comment