4.30.2020

Есөн татар


“Умард шивэйн есөн аймаг нь 10-р зууны үед Хөлөнбуйраар нутаглаж байсан 9 татартай аймгийн тоо, нутаг дэвсгэрээрээ тохирч байна. Хар тэрэгт Дадань (Татар) нь хар тэрэгт шивэйн удам бололтой гэж Х.Пэрлээ абугай 1966 онд дүгнэжээ.  Тан улсын хуучин судрын тэмдэглэл ёсоор Умард шивэй үнэхээр Линси, Шаньбэй, Хуантоу, Да рүжэ, Сяо рүжэ, Пово, Нэбэй, Лото болон Мэн-ү гэсэн есөн (найман) овогтой. Доод тал 1000 орчим, дээд тал нь 2-3 мянган өрхтэй есөн овог, аймгийг умард шивэйчүүд гэдэг. Зүүн Вэй, Умард Ци, Суй, Тан улстай 6-р зууны 2-р хагасаас эхлэн харилцсаар ирсэн есөн аймаг бүхий  Бэй шивэйн зан айль, газар нутаг, амьдрал ахуйн талаар “Бэй ши, Суй шу”-д их тодорхой өгүүлдэг. “Бэй ши”-д “Нань шивэйгээс хойш 11 өдрийн замд Бэй шивэй байдаг, есөн овог аймагтай, Туга уулыг хүрээлэн нутагладаг. Ахлагчдыг цинь мохэдэ гэдэг. Овог болгонд ахлагчийн туслах гурван мохэфу бий. Уур амьсгал тэсгэм хүйтэн, морь мал шигдээд далдрахуйц гүнзгий их цас унадаг. Өвөл болохоор хүмүүс нь ууланд гарч газар, нүхэн гэрт амьдардаг. Хүйтнээс болж цөөнгүй үхэр хөлдөж үхдэг. Гөрөөс буга элбэг тул тэднийг авлаж амь зуудаг. Ангийн мах идэж арьсаар нь хувцаслана. Мөс цоолон усанд орж тороор загас, яст мэлхий шүүрддэг. Цас их унаж газрыг дарахаар нүхэнд унахаас сэргийлж, хавтгай, нимгэн мод углаж явмуй. Цөм булга агнаж чаддаг. Малгайг үнэг, булгын арьсаар, хувцас хунараа загасны арьсаар оёдог. Хойд зүгт Бэй шивэйгээс мянган газар Хубу уулын хажууд Бо шивэй бий. Тэдний дунд Бэй шивэй олон бий, гэвч хэдэн овог болох нь үл мэдэгдэнэ. Гэрээ үйсээр хучдаг, бусад нь Бэй шивэйтэй адил. Бо шивэйгээс баруун урагш дөрвөн өдөрчийн газарт голын нэрээр нэрлэгдсэн  Шэньмода шивэй сууна. Өвөл нь хүйтнээс зайлж нүхэнд амьдардаг. Бэй шивэй хааяа алба өргөхөөр элч илгээдэг ч үлдсэн аймгуудаас элч ирдэггүй” гэхчлэн олон сударт өгүүлдэг.

Тухайн олон мэдээнээс үзвэл Бэй шивэйн олон бүлэг түүнд багтдаг Мэнгү шивэйд тал нутгийн нүүдэлчдийн дүр төрх ажиглагдахаас илүүтэй ойн анчин эсвэл ой тайгийг түшиж амьдардаг хагас суурьшмал овог аймгийн дүр төрх маш тодорхой харагдаж байна. Ийм аж ахуй, зан үйлтэй нүүдэлчин бус овог аймаг хэдэн зууны турш нүүдэлчдийн тэргүүн эгнээнд явж, нэгэн үе бүр төв Азид гол хүчин болж байсан Есөн татар болсон гэдэг нь маш буруу дүгнэлт.   

“Монголын нууц товчоо” “Судрын чуулган”ы мэдээ зүйлийг түрэгийн бичээст хөшөө, хятад судар зэргийн мэдээтэй харьцуулан үзвэл чухам татаруудын нэрийг тоймлон мэдэж болно гэж бичсэн Х.Пэрлээ Рашид Ад Дины зохиолд баркуй (баргу), камаши, ниучи, терат, тутуклиут, койн, чаган, алчи хэмээх 8 татар байна. “Монголын нууц товчоо”-нд чаган, алчи, дутаут, алукай, айируут гэсэн 6 татарын нэр гардаг. Дээрх 2 заалтыг нягталбал 4 татарын нэр давхардсан боловч 10 татарын нэрийг ялган мэдэж болно. Тэр 10 татарын нэрийн доторхи чаган татар нь эрт цагт Есөн татарын тоонд ордоггүй байжээ. Тийм учраас 9 татар гэдэг байсан хэмээн өгүүлжээ. Улмаар Х.Пэрлээ “9 татарын нэрийг жагсаавал Тутукулиут (МНТ-нд тутагуд) татар, Алчи татар, Куин (ойн) татар, Баркуй (баргу? МНТ-нд алухай) татар, Терат (тариат?) татар, Камаши татар, Ниучи татар, Буйругуд татар, Айиругуд татар болох бөгөөд хожим Иншань уулын хавиас нүүж ирсэн Цагаан татар нэмэгдсэн...” гэж дүгнэжээ.

Есөн татарын бүрэлдхүүнийг буруу тогтоожээ. Учир нь Есөн татарт багтаасан камаши буюу камачи бол их хожуу үеийн бүлэг иргэн, Красноярскийн Мань голоор нутагтай, сибирийн ард түмний нэг. Бас цагаан татарыг Иншаниас ирсэн гэдэг эргэлзээтэй, учир нь Цагаан татар нэрийг Онгуд аймгийн өөр нэр болгон хэрэглэх явдал элбэг. Ниучи татар нь “Судрын чуулган”-ы орчуулгын зүүлтэд тайлбарласнаар Умард хятадад ноёрхож байсан Зүрчидийн хятад нэр Нюй-чжэнь нэрнээс үүдэлтэй.

МНТ ба Судрын чуулган тус бүрдээ 6 татарыг л дурддаг гэсэн П.Пеллио, Л.Амби нар МНТ-ны буйрут-ыг монгол буйруг-н олон тоо, харин айириут нь буйрутын чимэг, гуншин гэж үзэхэд үгүйсгэх тайлбар олж харахгүй байна гээд Айири”ут нь олон тоо, ганц тоо нь Ауири”ун бөгөөд Айири”ут Буйру”ут гэдэг нь Хори түмэдийн адил хоёр үгнээс бүтсэн гэж дүгнэжээ. Ариун буюу Ариг буйруг татар гэсэн нэг л нэр.

МНТ-ны Алухай эсвэл Арухай-гийн утга тодорхойгүй, аруухан ба арухай төстэй байгаа нь хамгийн боломжтой нь гэсэн франц эрдэмтэд Тутуклиут аймгийн нэрний тутук бол Тангийн дуоду цол, Тутуклиут нь “тутукын хүмүүс” гэсэн утгатай гэжээ. Харин Х.Пэрлээгийн ойн хэмээн тодорхойлсон Куиныг “Хүйтэн хэмээх газрын татар” гэсэн утгатай, Нэрэйт эсвэл Терат татар нэр нь МНТ-ны айириутын гажсан хэлбэр гэж оноовол арга ядсан шийдэл болох ч юм шиг гэж хэлээд Баркуй-г болохоор МНТ-ны Арухай-Алухайтай, Жүйин татарыг болохоор Шуй дада буюу Су монголтой адилтгажээ. Тэдний саналаар 11-13 зууны татарт 1.Ариун (Нэрэйт/Терат) буйругийн татар, 2.Цагаан татар, 3.Алчи татар, 4.Тутукын татар, 5.Алухай/Арухай (Баркуй) татар, 6. Куин (хүйтэн) татар, 7. Жүйин (усан) татар иргэн байжээ.

И.Рахевильз Татарын жүйин иргэний жүйин бол “зүйх, цуглуулах, үйвэр түүвэр, зүйвэр” гэсэн утгатай үйл үгэн дээр нэр үг үүсгэгч “н” дагавар залгасан хятан гаралтай үг гэж үзжээ.

Төв Азийн нүүдэлчдийн ертөнцөд үнэхээр энд тэндээс хурааж цуглуулсан, нэг ёсны юм зүйж босгож, бүтээсэн мэт үүсч бий болсон овгийн жишээ олон бий. Монголын жүрхэн, Түрэгийн ашина, Хятаны тэлитэмянь, хэшу овог нь үндсэндээ зүйвэр овгуудын сонгодог жишээ болно.

Эрдэмтдийн саналыг үндэслэвэл 11-12 зууны татарт 1. Ариун (Айириут) буйругийн татар, 2. Татар Жүйин иргэн, 3. Чаган (Цагаан) татар, 4.Алчи татар, 5. Тутукулит татар, 6. Алухай татар гэсэн зургаан аймагтай байжээ.
Гурван аймаг нь хэзээ Есөн татарын бүрэлдхүүнээс гарч, хаана шингэсэн тухай баримт өрнө дорнын сурвалжуудад үлджээ.

Араб сурвалжийг үндэслэвэл 7-р зуунд эсвэл 750-800 оноос өмнө Татарын нэг хэсэг өрнө зүг нүүж Эрчист хүрч Кимакийн угсаа улс төрийн томоохон нэгдлийг үүсэн бий болоход гол үүрэг гүйцэтгэжээ.

 “Кимакийн үүсэл ийм бөлгөө. Татарын толгойлогч үхэхэд хоёр хүү үлджээ. Ууган хүү улсаа өвлөхөд удаахь хүү атаархах болов. Бага хүүгийн нэрийг Шад гэнэ. Тэр ахаа хөнөөхийг завдсан ч азгүйтжээ.. Өөрийн амийг аврахын тулд амраг шивэгчнээ авч ахаасаа оргон зайлж гол мөрөн нь том, ан гөрөө элбэг, ой модтой нутагт ирж орон гэрээ босгож амьдран суух болжээ. Ан гөрөө хийж амь зуун булга, хэрэм, үенгийн арьсаар хувцаслан амьдарч байв. Хожим төрөл садангийн Ими, Имек, Татар, Баяндэр, Кипчак, Ланиказ, Ажлад хэмээх 7 хүн иржээ. Тэд өөрийн эзний адууг хариулж байжээ. Адуу маллаж байсан тэр газар нь хувхайрсан тул өвс хайсаар Шад байсан нөгөө этгээдэд хүрч ирсэн байна. Тэднийг харсан шивэгчин гарч ирээд Иртыш (Эрчис) буюу зогс гэж хэллээ. Эндээс голыг Эрчис гэх болов. Тэд шивэгчинг таниад бууж гэр майхнаа босгожээ. Шад ангаас олз омогтой ирж тэднийг дайлав. Тэд өвөл болтол байжээ. Цас унахад буцах аргагүй болсон ч өнтэй тул тэд өвлийг тэнд өнгөрөөжээ. Цас ханзарч газар өнгө засахад тэд аймгийнхаа тухай мэдэхээр нэгнийгээ Татарын хүрээ рүү илгээв. Тэнд очсон нөгөө этгээд нутаг нь үгүйрч хүнгүй болж, дайсан ирж дээрэмдэж тоносныг харжээ. Аймгийн үлдэгдэл хүмүүс уулнаас бууж тэр хүнтэй уулзав. Тэр нөхөддөө Шадын тухай ярьсанд цөм Эрчис рүү зүтгэв. Хүрч ирээд өөрсдийн толгойлогч мэтээр Шадад мэндчилж, түүнийг хүндэтгэх болов. Үүнийг сонссон бусад нь бас ирсээр 700 хүн цугларав. Тэд олон жил Шадад зүтгэж байжээ. Сүүлд олширсон тул уул хөндийгөөр тархан сууж долоон аймаг үүсгэж,  дурдсан долоон хүний нэрээр нэрлэгдэх болов. Эдгээр Кимакчууд бусдаас хэрцгий, харамч, найрсаг бусаараа ялгардаг” хэмээн тэмдэглэн үлдээжээ.

Кимак аймгийн нэгдлийн цөмийг бүрдүүлэхэд татарын оролцоо, чухам Шад толгойлогчтой бүлэг татарчууд оролцсныг энэхүү түүхэн домог нотолж байна. Хамгийн гол нь Гардизигийн тэмдэглэж авсан энэ домог Есөн тараын бүрэлдхүүнээс Шад цолтой нэгэн язгууртны толгойлсон овог (700 хүнтэй) ойж гарч нутаг сэлгэн Эрчис хүрснийг гэрчилж байгаа нь юм. Түрэг Уйгурын үеийн руни бичгийн баримтууд 8-р зууны эхээр токуз (Есөн) татарууд Хэрлэн Туулын сав газар Хэйрэ (Сайр хээр), Гурван Бүрки (Мөнгөнморьт Гурван Бүрхийн гол), Агу (Налайх Уу булан), Бөхөг Түргэний гол, Хараа, Бороо хавийн нутагт Могилян, Баянчур нартай олон удаагийн хүнд ширүүн тулалдаан хийснийг мэдээлдэг. Тэгэхээр татарууд эдгээр нутгаас дорно зүг нутаглаж байсан гэсэн үг. Буйр нуур бүр эрт үеэс татарчуудын нутгийн төв байсаар иржээ.
Хотан-сак, хятад сурвалжийн мэдээгээр Алшаа, Эзний гол түүний баруун этгээдээр нэг бүлэг татарчууд 840 оны орчмоос 1040-өөд он хүртэл нэлээд тогтвортой нутаглаж байжээ. Энэ бүлэг татарыг Богдын татар (965-981 оны хотан-сакын баримт) гэж нутгаар нь эсвэл Дагань юй-юе вангийн (Ван Яньдэ-гийн аяны тэмдэглэл 982-984), Тала Юйгэ-гийн татар (Ляо улсын судар 982,990 он) гэж толгойлогчоор нь нэрлэж байжээ.

Богд гэдэг нь татаруудын сууж байсан газрын нэр бол Дагань, Тала юй гэдэг нь тус бүлэг татарын толгойлогчийн цол хэргэмээс үүдсэн нэр. Дархан үгэ цолтой толгойлогчийн Татар гэж хэлж болно.Томоохон аймаг байсныг нь бусад мэдээ баталдаг. Тухайлбал Дорнод Туркестан орж Уйгур улсад аялж явсан Ван Яньдэ Татарын хамгийн эрхэм аймаг нь Хэлочуань орчим нутаглаж байсан Татар юм, ахлагч нь дархан цолтой байсан гэж 981 онд дурджээ. Хэдэн жилийн дараа Хятаны цэргийн эрхтэн Елюй Суса 984 оны 11 сард Цзубу (татар) аймгийн Дарханыг устгасан тухайгаа улсынхаа эрх баригч нарт мэдэгдэж байв.

Хойд Тан улсын Ли Цунке хаанд 934 оны билгийн 2 сард Юньчжоунаас өргөсөн айлтгалд Хулумо ирж худалдаа хийсэн мэдээ байдаг. Г.Сүхбаатар Хулумо-г аймаг гэжээ. Харин тус нэрийн сэргээлтэнд тулгуурлавал 934 оны 3 сарын 18-наас 4 сарын 16-ны хооронд Юньчжоу-д (Шаньси, Датун) татарын Улугбэг гэгчийн захирсан бүлэг ирж худалдаа хийсэн гэж үзэж байна. Бас бие хүний нэрээр аймаг нь нэрлэгджээ гэж үзэж болно.

МНТ, Судрын чуулганы 6 татар аймаг дотор яах аргагүй язгууртны зэрэг цолоос үүсэлтэй хоёр ч аймгийн нэр байна.Буюрук, тутук цолоос Айириут Буйрут (Аригун Буюрук) татар, Тутуклиут (Тутукын эсвэл Дудугийн) татарын нэр үүсчээ. Гэтэл Эрчис мөрний хөндийд 8-р зууны эх, дунд хавиар очиж Кимак аймгийг үүсгэсэн бүлэг татарын толгойлогчийг Шад, Ганьсу-д (965-990) нутагладаг татарууд Дархан үгэ буюу дархан цолтой толгойлогчтой, харин одоогийн Шаньси мужийн ар бие нутгаас Юньчжоу-д (Датун) 934 онд очсон Татарын тэргүүнийг Улугбэг гэж байгаа нь Тутуклиут, Буйрут лугаа адил төстэй харагдаж байна. Татарын гурван бүлгийн толгойлогчийг тутук, бюрукийн адил шад, дархан, улугбэг гэж нэрлэж байжээ.

Есөн татарын гол аймаг Тутуклиутыг хамгийн анх түүхэнд тэмдэглэжээ.Тобагийн хаанаас зугтаасан Жужаны анхны эзэн Мугулюйн түшихээр очсон Чуньтулинь овог бол хожмын Тутуклиут мөн юм. Харин сурвалж бичигт нүүдэлчин овог аймгийн нэр л гарвал нэг бол түрэг эсвэл тунгус угсааны овог, аймаг хэмээн сайн дураараа зүтгэх нэн дуртай зарим эрдэмтэд сурсан зангаараа тус аймгийг өндөр тэрэгтний Хэтулинь овог гэж шууд бичжээ. Чуньтулинь аймгийн нэрийг тэмдэглэсэн утга үсгийн сэргээлт ялангуяа эхний хоёр үеийн хэлбэр, Вэйгийн хаан Вэньди-гийн Хуанчу-гийн 3-р онд (222 он) бий болгосон тойргийн цэргийн асуудал хариуцдаг дуду хэмээх түшмэлийн цолтой нэлээд дөхүү хэлбэртэй байгаа юм.  

Түрэг Уйгурын үеийн Есөн татар. Татарчууд 8-р зууны эхнээс Төв Азийн улс төрийн амьдралд идэвхтэй оролцож иржээ. Ялангуяа Токуз огуз аймгууд Түрэгтэй ширүүн байлдаж байсан 715-716 он болон Түрэгийн хаант улс мөхөж Уйгурын хаант улс байгуулагдаж байсан түүхэн эгзэгтэй цаг үеийг татарчууд бас өөрсдийн эрх ашгийн төлөө ашиглахыг оролдсон явдал нүүдэлчдийн сурвалжид тэмдэглэгдэн үлджээ.
Хүндхэн өвлийг давсны дараа 716 оны хавар Могилян нэг бүлэг цэргээ захирч Гурван огузыг довтолжээ. Тулалдаанд огузууд ялагджээ. Тэд Есөн татартай холбоо тогтоож цэргээ нэгтгэн Могиляны эсрэг морджээ. Могиляний түрэг цэрэг, Есөн татар-Огузын нэгдсэн хүчтэй Агу гэдэг газар учирч хоёр тал байр хийн тулалдав. Руний бичгийн дурсгалын мэдээнээс үзэхэд хүнд ширүүн тулалдаан болжээ. Түрэгүүд хоёр ч удаа улайран дайрч байж Огуз-Татарын нэгдсэн цэргийн жагсаалыг эвдэж эрхшээлдээ оруулжээ. Агу-гийн тулалдаан 716 оны 5-7 сарын хооронд Налайхийн Уу булан хавьд болсон юм. Үүний дараа татарууд хэсэгхэн зуур судар бичигт үл гарна.

Уйгурууд Түрэг улсыг мөхөөж, Төв Азийн нүүдэлчдийг эзэгнэхийн төлөө эхэндээ басмил, карлукыг ашиглаж байсан ч хожим тэднийг ээлж дараалан довтолж, Монгол нутгаас хөөн явуулжээ. Чингэхдээ Уйгурууд токуз огуз дотроо хамгийн олон хүн амтай Байырку аймагтай хүч хавсарчээ. Хожим Уйгурын Куллиг Бойла хаан ширээнд суугаад байыркугийн Тай Билгэ тутукт өндөр цол хэргэм шагнаж, 747 онд ябгу өргөмжлөв. Тариатын бичээсээр цол хэргэм шагнасан ёслолын ажиллагаанд оролцсон олон аймгийг Есөн татар тэргүүлж бичигдсэн явдал нь тэд Уйгурын хожуу хаант улсыг үүсгэн байгуулахад ямар үүрэг оролцоотой байсныг гэрчилж байгаа юм.

Гэвч хожмийн түүхэн явдлаас харахад уйгур, есөн татарын холбоотны харилцаа удаан үргэлжлээгүй. Могойн шинэ усны руни бичээст 747-751 оны Уйгур улсад өрнөсөн түүхэн үйл явдлын мэдээ үлдсэн байдаг. Могойн шинэ усны бичээсээр 747 онд байыркугийн Тай Билгэ тутукт ябгу цол өгсний дараа нэг их удалгүй Гудолу пицзя цюэ Куллиг Бойла хаан нас эцэслэжээ. Түүнийг Баянчур хүү нь залгаж хаан суув. Харин Гули Пэйло гэнэт шахуу үхсэн явдал Тай Билгэ тутукт хаан болох боломж нээжээ.
Могойн шинэ усны бичээсээр бол Баянчур, Байырку аймгийн Тай Билгэ тутук нарын хооронд болсон таван тулаанд Тай Билгэ тутук дангаараа 749.06.18нд Сэлэнгийн сав, Шып толгойд, 749.09.17 нд Чыгылтыр нууранд Уйгуртай хоёр удаа тулалджээ. Чыгылтыр нууранд болсон тулалдаанд Тай Билгэ тутук ихэд ялагдаж, зугтаан 749.11.18-нд Тан улсын нийслэл Чананьд очиж хорогджээ. Байырку аймгийн нэг язгууртан үүний урьд 716 онд Түрэгийн Капаган хааныг отож алаад толгойг нь огтолж, Тан улсад хүргэж байсан билээ. Тай Билгэ тутук Тан улсад очсон Байырку аймгийн хоёрдох том язгууртан байх. Үүнээс хойш Жужаны үеэс Төв Азид нэр алдраа мандуулж явсан, хүннүгийн удмын Байырку аймаг аажмаар хүч нь буурч урууджээ.

Харин Байырку болон Есөн татарын нэгдсэн цэрэг Бүкегүк, Бургу гэдэг газруудад 749.03.23-24-нд болон 749.03.30-нд Уйгуртай гурвантаа зэвсэг зөрүүлжээ. Есөн татарууд 749.09.30-нд Хэйрэ-гийн эхийн Гурван Бэркү-д Уйгуртай дангаараа том тулалдаан хийжээ. Үүгээр тулалдаан дуусаагүй юм. Есөн татарууд сүүлд дангаараа 750 оны намраас 75.05.30 хүртэл Уйгуртай дахин байлджээ.

714 оноос эхлэн 750-аад оны хооронд Есөн огуз, Иыр Байырку аймагтай хамтарч түрэг, уйгуруудтай зэвсэг зөрүүлэх зэргээр Төв, Ази Монгол орны нүүдэлчдийн улс төрийн амьдралд идэвхтэй оролцож байсан Есөн татарын тухай мэдээ 8-р зууны хоёрдугаар хагасаас 842 онд хятад сурвалжид Татар нэр дурдагдах хүртэл хэсэг тасардаг. Түүнээс хойш Татарын нэр тасалдалгүй болж, зай давтамж нь ойртож ирдэг.

Уйгур улс мөхсөний дараа Уйгурын Энянь 848 онд үлдсэн 500 хүнээ дагуулан Шивэйд иржээ. Шивэйгээс элч ирэхэд нь Ючжоугийн захирагч Чжан Чжуну нутагтаа харихаараа босуул уйгуруудыг гаргаж өг гэж шаарджээ. Үүнийг дуулсан Энянь хаан эхнэр, хүү болон 9 дагалт хүнээ авч өрнө зүг зугтжээ. Үлдсэн хүмүүсийг нь 7 овгийн Шивэй нар өөр хоорондоо хуваан авчээ. 3 хоногийн дараа (748 оны 3 сар) Киргизийн Або сайд янз бүрийн аймгийн 7 түмэн цэрэг дагуулан ирж Шивэйг довтолж бут цохиод тэнд хорогдож байсан Уйгуруудыг цуглуулж говийн ар луу буцаажээ.

Уйгур улсыг мөхөөх балагт үйлийг эхлүүлсэн Уйгурын сайдын “урилгаар” довтолж ирсэн Киргизүүд хэзээ буцсан, Уйгурыг мөхөөгөөд оронд нь Төв Азид ноёрхсон эсэхийг батлах, үгүйсгэх нухацтай баримт ховор ч гэлээ ганц бас бус мэдээнүүд үлджээ. Тухайлбал Киргизүүд Тан улстай харилцаж, элчин солилцож, захидал илгээж байсан баримтууд Киргизүүд Монголд ноёрхсон үгүйг тогтоох сурвалж болно. 

“Та тусгайлан алс холоос элч илгээж, аргамаг хүлгээр бэлэг барьжээ... Бид удахгүй хөрш болох тул алба элчин тасрахгүй гэдэгт найдаж байна... гэвч гол буруутнууд (уйгурууд) зугтаж амжжээ... Гэвч бид зугтагсад дахин мууг сэдэн өс өсөлж дахин танай хилийг уулгалах болуужин хэмээн зовниж буй. Тиймээс та ч гэсэн нухацтай бэлтгэн, ов мэх зохиож хамтын хүчээр уйгурыг дайлан устгаж хожим зовохгүйн үүднээс уг үндсийг нь таслах хэрэгтэй байна. Урьдын бүх талын найрсаг, эвтэй хөршийн харьцааг алс хол оршиж байгаагаас үл хамааран үргэлжлүүлнэ гэдэгт найдаж байна. Тэдний олон аймгийг нэн даруй бут цохих нь зүйтэй. Тэгэх аваас та бид хөрш улсууд болно. Хамгийн чухал нь бүх аймгууд дагаар орсон байх ёстой... Тэд өөрсдийн нутаг усаа санаж байгаа бөгөөд эргэж нүүх сэтгэлтэй нь мэдээж юм. Маш хурднаар энэ нутгийн аймгийг үртэсгүй болтол устгах хэрэгтэй. Тэгэж байж амжилт олж тэдний итгэлийг үгүй хийнэ. Та нарын амьдрах газар, хувцас хунарын хувьд гэвэл бүгдийг өөрчлөх хэрэгтэй бөлгөө. Хэрвээ та урьдын дассан зүйлээ хадгалж агуулсаар байх юм бол яаж умардыг тэвчиж бүх аймгийг дагаар оруулах билээ... Таны захианд бас алс холын уул, гол мөрнийг гаталдаг бэрх зам бас саад болж байна гэж өгүүлжээ. Бид танай улстай үл хиллэх нь манай хоёр улсад саад үл болох бөлгөө. Бас бид энэ намар таныг уйгурын ордонд нүүн ирж, тэдний их улсыг устгах тухай мэдлээ. Та хуучин нутагтаа байсан ч бүх харийнхан хүч чадлаас тань айхад хангалттай бөлгөө. Хэйчэцы нар хятадын хилээс мянга гаран ли хол цөлд байдаг гэдгийг мэднэ. Урьд нь хятадын зүгт хүрэх гэж оролдож байгаагүй. Бас Уйгурууд бүгд ямагт Аньси руу зугтахыг туйлаас хүсдэг гэж сонслоо. Энэ намар би Ючжоу, Тайюань, Тяньди гэсэн мужид чухал зам цэрэг гаргахыг тушаах болно. Байлдааны энэ цагт гэрээний нөхцөлийг чанд мөрдөх хэрэгтэй” гэсэн үгтэй Ли Дэюйгийн захидал байна. Захидлын агуулгаар Киргиз нар Уйгурыг ялсан ч уугуул нутагтаа суусаар байсныг шууд илтгэж байна.

Өөр бусад баримтууд байна. Аньсийн Уйгурын эзэнд хаягласан Тангийн Сюаньцзун хааны 856 оны хаврын зарлигт Уйгурууд өөрсдийн хуучин нутгийг буцааж авахыг хүсэж буйг дурдсан бол киргизүүд тэдний нутгийг эзэмшсэн талаар үг алга.

Умард Сүн улсын хоёрдугаар хаан Тайзуны үед Гаочан, Бешбалыкаар төвлөрөн нутаглах болсон шинэ Уйгур улсад элчээр томилогдон очсон хятад түшмэл Ван Яньдэ-гийн аяны тэмдэглэлийн 5-д Уйгурын хожуу хаант улс мөхсөний дараах үеийн Татар Хятаны байр суурийн талаар маш сонирхолтой нэг мэдээ үлджээ. Түүнд: “Хууч яриагаар Хятан урьд цагт Уйгурын хонь ямааг хариулдаг, Татар урьд цагт Уйгурын үхэр хариулдаг байв. Уйгурууд Ганьжоу руу нүүснээр Хятан, Татар нар урт хугацаанд хоорондоо хэн нь тэргүүлэхийн төлөө өрсөлджээ” гэсэн мэдээ байна.

Энэ мэдээнээс үзвэл Төв Азийн нүүдэлчдийг эзэгнэхийн төлөөх тэмцэлд лав киргизүүд оролцоогүй, гол өрсөлдөөн Хятан, Татар нарын хооронд явагджээ. Татарууд чамгүй хүчтэй болж эхэлснийг хятад сурвалжийн бусад мэдээ ч гэрчилнэ.

868 онд татрууд Чжуе Чисинийг даган Тангийн эсрэг боссон Пан Сюнь-ийг довтолж байсан бол 880 онд Ли Чанго (Шато аймгийн Чжуе Чисинь) дайнд дийлдээд өөрийн талын хүмүүсээ дагуулан Татар аймагт очиж хоргоджээ. 882 оны 8 сард Ли Чанго өөрийн захиргаанд байсан хүмүүсээ дагуулан Татар аймгаас Дайчжоуд буцаж иржээ. Шатогийн толгойлогч Чжуе Чисиний хүү Ли Кэюн (856-908) Дай, Вэй, Шоучжоугийн Татарын 35000 морьт цэргийг элсүүлэн дагуулж, нийслэлийн цэргийг довтолж байсан байна.

Хятанчууд Татарыг эзэлсэн нь. Ван Яньдэ-гийн аян замын тэмдэглэлээр бол уйгурууд улс гэрээ алдсны дараа чухам хятан, татарчууд хоорондоо өрсөлдөж, улс гэрээ томруулж, хил хязгаараа тэлэхийн төлөө хоорондоо тэмцэлдэж байжээ.

Хятан нар Монгол нутагт байсан татарыг 924, 994 онд хоёр удаа довтолжээ. Тэр тухай Хятаны судар тэмдэглэлд хэлсэн нь “923 оны 6 сард хаан биеэр “Зүньбү зэрэг аймгуудыг дайлахыг тогтоов. .. найман сарын ...хөх морин өдөр эртний Шаньюйн улсын газар хүрээд Алтан Индэр (Хотонт уул, Хотон бол өндөрлөг, индэр гэсэн монгол үг) ууланд гарч, есөн сарын шинийн нэгний улаан бичин өдөр эртний Хуйхүү хот хүрч чулуу босгож, гавъяагаа сийлж тэмдэглэв. Улаан морин өдөр морьт цэргээр Зүньбү аймгийг дайлуулав... Зарлигаар Пил хааны хуучин гэрэлт хөшөө чулууг баллан шүргүүлээд, дахин хятан, түгюй, нангиад үсгээр түүний гавъяаг тэмдэглэв... цэрэг гарган Люша (нунтаг элс)-г гэтэлгэж, Фүтүчэн хотыг авч баруун дахь олон аймгийг цөм авав” гэжээ. Монгол нутаг дахь татарууд ингэж хятан нартай анх тулалджээ. Үүнээс хойш олон жил өширхөлдөн тэмцэлдсэн байдаг.

Алаша, Иньшань уул, Хэлочуанаар нутагтай Дархан үгэ-гийн татарыг 984 онд довтолсон байна. Ван Говэй, К.Виттфогель, Фэн Цзяншэн нарын түүвэрлэснээр татарууд хятанд 932, 933, 939-941, 986, 990, 994 онд нийт 13 удаа алба барьжээ. Мөн 1005 онд Татарын “есөн улс” Хятан улсад элч заржээ. Түүврээс харвал татар хятан нар 941 оноос 986 оны хооронд 46 жил ямар харилцаатай байсан нь мэдэгдэхгүй байгаа нь Монголд нутаглаж байсан Татарыг хятан нар 923-924 оны нэг удаагийн довтолгооноор буулгаж авч чадаагүй нь харагдаж байна.

Ер нь монгол нутаг Хятанд Сяо Хулянь (-1007) хатны удирдаж явуулсан дайнаар эзлэгдэж, татар зэрэг овог аймгууд захирагдсан билээ.

Хулянь хатан бол Хятан улсын тавдахь Цзинзун (948-968-982)  хааны хатан Сяо Яньянь-ний төрсөн эгч юм. Өөрийн нөхөр Ци ван Янь Саго-г нас барсны дараа өөрийгөө Ци-фэй хэмээн зарлажээ. Тангут гаралтай боол, адуучин залууг нөхрөө болгохыг Хулянь, хаанаас хүссэнд Сяо Яньянь зөвшөөрөхийн хамт Ци-фэйг Дадань аймгийн эсрэг дайлаар мордуулах зарлиг гаргаж, баруун хойд замын Угу зэрэг олон аймаг, мөн Юншин ордны цэргээс бүрэлдсэн 3 түмт цэрэг захируулжээ. Баруун хязгаарыг тохинуулах хааны зарлиг 994.09.24 нд гарчээ. Хулянь зарлигийг биелүүлж, баруун газрыг Хятан улсад нэгтгэв. Монголын төв хэсгийг эзлээд тэнд хот байгуулж, “дарангуй цэргийн тогтолцоо” хэрэгжүүлж нутгийн аймгуудыг эрхшээлдээ бүрэн оруулжээ. Дайны дараа Хэрлэн голоорх баруун хилд 3 түмт цэрэг захиран суужээ. 1004 онд Хатан хотыг барьж дуусгасан байна. Хулянь сүүлд улсаас урваж, Гуличжи улс руу зугтах гэсэн хэргээр 1006 онд баригдаж, 1007 онд шоронд нас баржээ.
“Монголын эртний түүх”


No comments:

Post a Comment