12.01.2016

Аавын нутаг

Миний аав хуучнаар Засагт хан аймгийн Эрдэнэ бэйсийн хошуу, шинэ засгийн үеийн Хантайшир уулын аймгийн Сутай уулын хошуу, одоогийнхоор Ховд аймгийн Дарви сумын уугуул билээ. Миний аавыг Ядамын Нархүү гэдэг.


Наран урсах  өрнө зүгт
Наадаж би тоглож өсөөгүй ч
Нулимс ивэлгэн, сэтгэл огшоон
Намайг даллах нутаг  тэнд бий...

Номин цэнхэр баруун хязгаарт
Надад  овгоо  хайрлах гэж
Нарны хүү  болж сарны дор  
Аав минь тэнд мэндэлжээ
Өнөд  гэрэлтэх  Ховд  нутагт
Өөрийн удмаа үргэлжлүүлнэ гэж
Өвгөдөө залган ургаа тэлж
Аав минь  тэнд төржээ
Холоос хөхрөх Ховд нутаг
Хонгор аавын минь нутаг болохооор
Хайртай хүүгийнхээ зүрхийг догдлуулж
Хоргоож дандаа дуудах юм
Аугаа тэр Ховд нутаг
Амин аавын минь нутаг болохоор
Аягахан зүрхийг минь булиглуулж
Алсаас намайг урих юм
Үжингийн үргэлжлэл нутаг
Өвгөдийн гэрийн буурь
Өөр хэнийх ч биш миний аавын нутаг аа

Бөгтийн гүйх бөхөнгийн сүрэгтэй уралдан туулах
Дөргөний их хүрэн тал
Бөртийх ч үүлгүй тэнгэрийн дор мяралзан урсах
Тунгалагийн  цэнгэг ариун булаг
Жаран жарандаа өвгөд минь суусан
Жаргалант хайрхан бас Жанжин их овоо
Бууж мордоход сэтгэлд  элгэмсүү
Буурлын минь нутаг Бумбат хайрхан
Цайны минь дээжний  үргэлжлэл
Цэмбийн цайрах Сутайн их уулс
Омогт хааны нагац Олхонуд түмний нутаг
Очирт Алтайн үргэлжлэл онгон дагшин нутаг
Домог түүх арвин  Дарвийн  сүглэгэр уулс
Дэндүү их тансаг,дуулим энэ л хязгаарт
Бодлоо  гүйцээлгүй бурханг зорьсон
Бууралтаж амжаагүй аавын минь
Багын дурсамж, буурлын сургаал нь
Бууцных нь салхитай исгэрч яваа...
Дөрөөндөө хүрээд цалгиж явахад тань
Дөргөн нуур тань түшээ дээ
Дэлхийг эмжин  алхаж явахад тань
Дээлтэй Богд тань ивээгээ  дээ...
Тоглож гүйсэн газар бүрт тань
Давхар солонго татдаг юм билээ
Таны хишиг таван хүүхэд тань
Түүнийг хараад баярлаж явсаан
Тэнгэрт сүслэдэг буурал ээж минь
Таны төлөө залбирч суусан...
Аяа миний аавын минь нутаг
Алтан дэлхийн гоёмсог диваажин
                                                               2016 он
 Н.Энхболд

10.20.2016

Чингис хааны гэрэлт хөшөө


Цаг төр хэцүү байх үед их хааны 800 жилийн ойд зориулан улс төрч Д.Төмөр-Очирын санаачлагаар , уран барималч Л.Махбал энэхүү хөшөөг босгожээ.
Хөшөөний өндөр 11.7 метр, суурийн урт 10 метр, өргөн нь 4 метр уг хөшөө Хэнтий аймгийн Дадал сумын Гурван нуурын дэргэд бадамлан асч буй галын дөл мэт сүртэй сүндэрлэнэ.
Нэрийг нь ч чанга дуудаж болдоггүй тэр аюумшигт үед боссон энэ сайхан хөшөөний нүүрэн талд их хааны ихэмсэг дүр, их цагаан сүлд бий.
"Алд бие минь алжааваас алжаатугай
Ахуй төр минь бүү алдартугай!

9.09.2016

Көльтигины гэрэлт хөшөө

Архангай аймаг Хашаат сумын Хөшөө цайдамд байх уг хөшөөг 731 онд нас барсан дүү Көльтигиндээ зориулж Хөх түрэгийн Билгэ хаан 732 онд босгожээ.

Хөшөөнийй өндөр нь 335 см бөгөөд анх хөшөөг яст мэлхий дээр суурилуулсан байсан бөгөөд суурь мэлхий хагарч эвдэрсэн тул 1911 онд тахилын боржин чулуун хавтангаас хэсэглэн авч суурилуулсан байна..

Хөшөөний зүүн нүүрэн талд нь 40 мөр, өмнө болон хойд нүүрэн талдаа 13 мөр руни үсгээр, түрэг хэлээр бичсэн бичээстэй ба энд Хөх түрэгийн үеийн түүхэн үйл явдлууд хийгээд Билгэ хааны эв нэгдэлтэй, бүрэн бүтэн байхыг захисан захиас бичиг байх ба үүнийг Ёолдугтигин гэгч бичжээ.

Харин уг гэрэлт хөшөөний баруун нүүрэн талд нь Тан улсаас Көльтигинийг таалал төгссөнтэй холбогдуулан бичсэн эмгэнэл хийгээд түүний алдар гавъяаг магтан дуулсан хятад бичээс бий.

Көльтигиний хөшөөний зүүн нүүрэн талд нийт түрэг угсаатны тамга болох янгир, оройн хэсгээрээ хүүхэд хөхүүлж буй чоныг дүрсэлжээ.

4.26.2016

Чингис хааны зарлигийн бичээс

2019 оны 5 сард Чингис хаан Хорезм улсыг дайлаар мордож, Найманы нутгаар явж байхдаа хааны шадар барлаг Лю Чжун Лу, Жабар нарт барсын толгойт алтан пайз өгч Чингис хааны урилгын зарлигийг бариулан  Чань-Чун бомбыг залахаар Шаньдун мужын Лайчжоу өөд томилжээ.

Уг зарлигт

“Мэдэгдэх нь, Алтан улсын жаргал цэнгэл хэлтийдсэн учир мөнх тэнгэр буруу үзжээ. Хаан миний бие ар газар төрсөн тул тугал хургын хамт өсөж, хүчир бэрхшээлийн дунд бойжин, идэж уух өмсч эдлэх нь дөхөм борогжуун бөгөөд хүсэл тачаалд үл шунах ажгуу. Ард иргэдийг үр хөвгүүдээр үзэж, цэрэг байлдагчид ах дүү мэт ханддаг. Хэлэхүйд эелдэг, энэрхүйд өгөөмөр, харъяатныг боловсруулахад биеэр манлайлж, хатгалдан байлдахуйд үхэхийг үл сэтгэмүй. Тийнхүү долоон оны дотор их үйлсийг бүтээж, таван өнгө дөрвөн харийг нэгэн жолоогоор шударгатгавай. Энэ болбоос хаан миний эрдэм чадал бус болой, харин Алтан хааны төр доройтсны үр бөгөөд мөнх тэнгэрийн ивээлээр их суурийг хаан надад соёрхож, өмнөш Чжао овогтны Сүн улс лугаа зах залган, умарш Уйгар лугаа үргэлжилж, дорно өрнийн улс угсаатан цөм өргөл барин харьяат болов. 

Бодвоос энэ нь манай Шаньюйгийн улсаас нааш олон зуун жилд ер байгаагүй хэрэг болжээ. Түүнчлэн төр гүрний энх үйлсийг засахуйд эс хүрэлцэх газар бас байх тул бэрхшээмүй. Харинхүү онгоц салыг үйлдэх нь гол мөрнийг гатлах хэрэгцээ мэт, мэргэн эрдэмтнийг урин сонгох нь дэлхий дахиныг төвшитгэх хэрэгцээ болжээ. Хаан миний бие сууринаа сууснаас нааш төр улсын түмэн засагт сэтгэлийг чилээсэн атал, түшмэд сайдын дотор зөвлөх мэргэд хараахан илрээгүй болой. Сурвалжлан сонсвоос, багш та болбоос төр тунгалаг, суртахуун цэгц, үзсэн түгээмэл, сонссон оновчтой, эрдэм гүн, мэдлэг өргөн, ёс ариун эрхэм тул эзэн хаадын оврыг ахиулж, эрхэм хувилгаадын сурталыг бүрэлдүүлжээ. Бас аглаг агуйд удаан саатаж, агуу дүрийг далд байлган, аршийн их ёсыг бясалгаснаас агуйн оронд хурсан билигтэн номтон асар олон хэмээлээ. 

Багшийг Шаньдуны уул нутагтаа бясалган саатаж ахуйг хаан би Чжунюанаар дайлахуйдаа сонссон бөгөөд цээж дүүрэн бишрэн бахдаж байлаа. Тийн атал хэрхэн хөсгөөрөө залсангүй учир нь уул усан аглаг хол, албан тушаал биед тулгаран аху тул өөрөө эс бараадаж ёсыг алдвай. Өдгөө шадар түшмэл Лю Чжун Лу нарыг сонгож, хөнгөн унаа хөсөг тэргийн хамт түмэн газрын алсаас багшийг урихаар томилбой. 

Хэрвээ багш та алс холын элсэн говийг бэрх хэмээн алжаалгүй, түмэн иргэдэд амгаланг энэрэх, хаан миний  тэнхлүүнийг тохинуулах сэтгэлийг өвөрлөж морилон ирвээс, таны аршийн ширээнд хаан би биеийг ариутган үйлчилж, багшийн сургасан үгсийг хэдүй ч болов эрхэмлэн хүлээх ажгуу. Өдгөө хаан миний өчүүхэн сэтгэлийг илтгэж, түмний нэгэн төдийг бичиглэн бариулав. Эрхин багш их ёсондоо толилж, хамаг тусыг хэзээд  үйлддэг атал хар тэргүүтний хүслийг хэрхэн хөсөрдүүлэх  буй за!   Үүний тул зарлиг бариулав, толилму. “ хэмээжээ.

4.21.2016

Өнөөгийн ертөнцийг үндэслэгч эзэн Чингис хаан

“Монголчуудын өвөг дээдэс хичнээн зовлон зүдгүүрийг туулж, ямар их хатан зориг гаргасныг бид өдрөөс өдөрт улам илүү мэдэрч байна” Жак Уэтерфорд

...Нэр алдраа дуурсгасан түрэмгийлэн эзлэгчид дайн тулалдааныг нэгэнт орхиж хөндийрсөн байдаг тавин насанд Чингис хааныг сүлдэт туг нь нүүдэлчин аймгуудыг олон зууны турш дарлан доромжилж явсан суурин орнуудын цэргийн хүчийг сөрөн тулалдахаар алс холын аглаг нутгаа орхин аян дайнд мордоход хүргэсэн юм. 

Туг сүлдээ сүслэн дагасан тэрбээр амьдралынхаа үлдсэн он жилүүдэд говийг туулж, Шар мөрнийг гатлан Хятадын нутаг дахь хаант улсууд, Дундад азийн түрэгүүд, алс холын уулархаг Афганистанаас Инд мөрнийг хүртэл Персүүдийг олон удаа довтолж, ялалт байгуулж суу алдраа мандуулсан юм.

Чингис хааны тулалдааны шинэлэг арга барил нь дундад зууны Европын өвч дуулгатай тайж нарын үе өнгөрснийг нотолж, анги хэсгээрээ хамтдаа урагшлан довтолдог төмөр мэт хатуу сахилгатай морин цэргээр солигдсоныг  харуулсан юм.

Монголын цэрэг 25 жилийн хугацаанд дайтан эзэлсэн улс орон, хүн ам нь дөрвөн зууны туршид Ромчуудын эзэлснээс ч хол давсан байна. Монгол морьдын туурайнд Номхон далайгаас Газар дундын тэнгис хүртэлх бүх гол мөрөн, нуур цөөрмийн ус цалгилж байлаа. 

Хүчирхэгжин мандах үедээ 11-12 сая хавтгай дөрвөлжин бээр газрыг эзэлж байсан Монголын эзэнт гүрэн цар хэмжээгээрээ Африктай дүйж, Карибын тэнгис дэх арлын улсууд, Төв Америк, Канад, Мексик, АНУ-ыг оролцуулсан хойд Америкаас ч давсан байлаа.

Түүнд мөс цасанд даруулсан Сибирээс халуун дулаан цаг ууртай Энэтхэгийн хөндий, Пакистаны тутаргийн талбайгаас Унгарын улаан буудайн тариалан, Солонгосоос Балканы хойг хүртэл үргэлжлэх асар уудам нутаг багтаж байлаа. Монголчуудад эзлэгдсэн тэдгээр нутагт өдгөө гурван тэрбум гаруй хүн ам бүхий 30 гаруй улс орон оршиж амьдарч байна.

Энэхүү амжилтын гайхалтай тал бол нийт монголчууд нэг сая хүрэхгүй өөрөөр хэлбэл өнөөгийн аль нэг компанийн ажиллагсдаас хавьгүй цөөн байсанд байгаа юм. 

Энэхүү нэг сая хүнээс Чингис хаан нэг бумаас илүүгүй зоригт эрсийг шилж армиа бүрдүүлсэн нь орчин цагийн хөл бөмбөгийн томхон цэнгэлдэх хүрээлэнг дүүргэх төдий билээ.

Чингис хааны морьт цэргүүд 13 дугаар зууныг туулахдаа тив дэлхийн хил хязгааруудыг өөрчлөн шинэчилсэн юм. Тэр хад чулууг бус улс үндэстнүүдийг бүтээн бий болгож байлаа. Дорнод Европт Монголчууд славянийн арав гаруй вант улс, хотуудыг Орос оронд нийлүүлсэн. Зүрчид Түвд, Тангуд улсыг,  Зүүн түргестаны Уйгарын нутагтай Сүн улсын үлдэгдлийг нэгтгэн гурван үеийн туршид Хятад улсыг эмхлэн байгуулсан юм. Монголчууд эзэмшил нутгаа тэлж өргөжүүлэхийн хэрээр тэдний тогтоосон хил хязгаарыг орчин цагт бараг тэр хэвээр нь хадгалж хоцорсон Солонгос, Энэтхэг улсууд үүссэн.

1162 онд түүнийг мэндлэх үед Хятадууд Европыг, Европчууд Хятадын тухай дуулаагүй, тэдний хооронд хэн ч аялан зорчоогүй үе байсан. Тэгвэл Чингис хаан 1227 онд бие барахын цагт тэдгээр орнуудад дипломат болон худалдааны хэлхээ холбоо тотсон нь өдгөө хадгалагдсаар байна.

Чингис эзэнт гүрнийхээ тулгуурыг бат бэх бүрдүүлсэн болохоор төр улс нь түүнээс хойш 150 жил хүчирхэгжин өргөжсөн бөгөөд дараа дараагийн зуунд сарнин задарсан боловч үр сад нь олон хэсэгт хуваагдан гүрэн улсаа удирдаж Орос, Турк, Энэтхэг, Хятад мэтийн том гүрнүүдийг захирсаар байсан юм. Тэд хаан, эзэн хаан, султан, шах, эмир болон далай лам гэх мэт цол хэргэм эдэлсээр байсан. Түүний угсаа залгамжлагчид эзэнт гүрний голомтыг 700 –ны туршид тэргүүлсэн билээ. Британчууд Бахадур шахыг  хөөн зайлуулж хоёр хүү, ач нарынх нь толгойг авах хүртэл Моголчууд хэмээгдэн Энэтхэгийг захирсан. Чингис хааны угсаа залгамжлагч нарын сүүлч Бухарын эмир Алимхаан Зөвлөлтийн улаан хувьгалын түрлэгт автагтан 1920 онд эрх мэдлээ алдах хүртлээ Узбекстаныг захирч байлаа.

Олон булаан эзлэгчдийг түүх буруушаан зэмлэж амь насыг нь егүүтгэсэн. Их Александр 33 насандаа Вавилионд учир битүүлгээр амиа алдсан бол албатууд нь түүний гэр бүлийнхнийг егүүтгэн, газар нутгийг нь эзэмшсэн. Юли Цезарийг хамтран зүтгэгчид, урьдын холбоотнууд нь Ромын сенатын танхимд хутгалан хөнөөсөн. Устгал сүйрэл, бослог самууныг даван туулсан ч ганцаардаж цөхөрсөн Наполеон энэ гаригийн хамгийн буйд нэгэн аралд орь ганцаар хоригдсоор хорвоог орхисон.

Гэтэл Чингис хаан бараг 70 насалсан ч цэргийнхээ хүрээнд, гэртээ, дотны хайртай хүмүүс, анд нөхөд, түүний тушаалаар эзнийхээ төлөө амиа өргөхөд бэлэн үнэнч цэрэг эрсийнхээ дунд бие барсан юм...

Жак Уэтэрфорд  “Өнөөгийн ертөнцийг үндэслэгч эзэн Чингис хаан” номноос

2.29.2016

Жаргалд умбасан өдөр

                                              Жаргалд умбасан өдөр
С.Сэлэнгэ
Аав ээжийгээ догдлуулан байж
Алган дээр нь ирэхдээ жаргасаан би
Алаг дэлхийд ирснээ дуулган
Амьдрал хурайлж орилохдоо баярласаан би
                   Ай миний жаахан биеэрээ
                  Жаргалд умбасан өдөр минь ээ
Өмгөр жаахан хошуугаараа
Өөрөө мөөмөө эрэхдээ жаргасаан би
Амин хэлхээгээр ивлэн асгарсан
Ангир уургаа амтлахдаа баярласаан би
                   Ай миний жаахан биеэрээ
                   Жаргалд умбасан өдөр минь ээ
Хүчлэн байж нүдээ нээгээд
Бурхан ээжийгээ харахдаа жаргасаан би
Хүйн холбоогоор учирсандаа талархан
Хөөрхөн хуруугий нь атгахдаа баярласаан би
                 Ай миний жаахан биеэрээ
                Жаргалд умбасан өдөр минь ээ
Тэвэрт нь ирж зүрхий нь сонсоод
Тэнгэр аавыгаа таниад жаргасаан би
Ханхар цээжинд нь наалдан байж
Хайр нөмрий нь ойлгохдоо баярласаан би
              Ай миний жаахан биеэрээ
             Жаргалд умбасан өдөр минь ээ
Өөдөсхөн намайг өр зүрхнээсээ хайрлах
Өвөө эмээтэйгээ золгохдоо жаргасаан би
Үнэн голоосоо яаран хүлээсэн
Өчнөөн ах эгчтэйгээ уулзахдаа баярласаан би
              Ай миний жаахан биеэрээ
             Жаргалд умбасан өдөр минь ээ

                                                                                                2016 он

1.08.2016

Монголын Юань улсын хаад – Ухаант хаан Тогоонтөмөр


1332 онд Шаньду хотноо Төвтөмөр хааныг нас барахад түүний гэрээслэснээр Хүслэн хааны дэд хөвүүн Ринчинбалыг хаанд өргөмжилжээ.  Энэ нь ч учиртай.
Заяат хаан Төвтөмөр хаан суух зуураа өөрийн ахыг цөлж, төрсөн хүүгээ хунтайжаар өргөмжлөхөд, түүний хатан Будшир өөрийн хүүгийн өв залгамжлалыг баталгаажуулахын тул Хүслэн хааны хатан Бабушаг   хороож, Ринчинбалын ах Тогоонтөмөрийг Солонгос руу цөлжээ.  Гэвч удалгүй  Төвтөмөр хааны төрсөн хүү өвчнөөр өнгөрч, хаан өөрийн ахынхаа гэр бүлд хийсэн хэрэгтээ гэмшин Ринчинбалыг хаан ор залгуулахаар нэрлэжээ.  Ринчинбал хаан ширээнд суухдаа 7 настай байсан бөгөөд 43 хоног хаан залраад нас баржээ.
Тогоонтөмөр бол Хайсан хүлэг хааны солонгос хатнаас төрсөн Хутагт хаан Хүслэнгийн ууган хүү билээ. Тэр 1320 онд Хүслэн хааны Харлуг аймгаас гаралтай хатан Маалайдайгаас төржээ.
Тогоонтөмөрыг бага ахуйд  Хүслэн хааныг  гэрээсээ хол газар байхад төрсөн тул Хүслэн хааны хүү биш хэмээн Төвтөмөр хааны талынхан цуурхал дэгдээн 1330 онд Солонгосын Чэжү, дараа нь Ганьсу муж руу цөлсөн байдаг.
1332 онд Ринчинбал хаан нас барсны дараа 1333 онд төрийн хэргийг ихээр мэдэж  байсан чинсан Яньтөмөр мөн нас барж Төвтөмөр хааны хатан Будшир тэргүүтэй ихэс дээдэс Тогоонтөмөрийг Шаньду хотод   хаанд өргөмжилжээ.
Тогоонтөмөр хаан суугаад 1340 он гэхэд  эцэг эхийн өшөөг авч Будшир хатан болон Төвтөмөр хааны талынхныг төрийн хэргээс зайлуулан цөллөгт явуулж  дууссан байлаа. Түүний хаанчлалын үед Мэргэдийн Баян, Тогтох, Хама, Бортөмөр нар төрийн хэрэгт ээлжлэн идэвхийлэн оролцож байсан ч Тогоонтөмөр хааны нөлөөтэйгээр бүгд үхсэн байна.
1337 онд их хаан зарлиг буулгаж Монгол нутагт тариа тарин сууж байсан хятад цэргийг эргүүлэн татаж мөн хятадын өмнөд газар сууж байсан монголчуудыг нутагт нь буцаах ажлыг хийлгүүлж  байв.
Нэгэн удаа Хүслэн хааны шадар түшмэл Алх Бух “Хаан хүн гагцхүү өөрийн биеэ итгэж төрийн хэргийг явуулбал осол эндэл гарч, муу нэр мандана. Харин чинсанд тушааж хийлгэвээс их хэргийг бүтээж болно.” хэмээсэнд  Тогоонтөмөр хаан зөвшөөрч алив хэргийг баруун гарын чинсан Баянаар мэдүүлээд өөрөө дотоод ордондоо өдөржин шөнөжин цэнгэлдэн суух болжээ.
Тогоонтөмөр хааны Жанжин нэрт түшмэл “Сайд би бодвоос, хаан та идэр наснаасаа төрийг эзлэн их сууринд суусан тул жаргал цэнгэлд тун хялбархан ташуурав. Дэлхий дахиныг энх амгалан гэж бодоод санаа амар суувал зовлонд учирч мэднэ. Харин өвгөд дээдсийн зовж зүдрэн тулгар төр байгуулсныг сэтгэж хичээнгүй, болгоомжтой төрийг засваас түмэнтээ нэгийг алдахгүй байх. Иймээс элдэв албыг зогсоож, өнгө дарсанд унахыг цээрлэн, ордны охидыг цөөлөн шалин бүрэлгэхийг тэвчвээс зохино.  Ард иргэд өлсөж өлбөрөөд амьдрахын аргагүй болвоос дөрвөн зүг найман зовхист хулгай дээрэм самуурч, бослого тэмцэл гарахгүй хэмээн хэн баталж  чадах аж. Тэр үед гэмшивч хожимдоно” хэмээн айлтгасанд хаан эс сонсов.
1350 оны эхээр дундад газар бослого хөдөлгөөн ихээргарч тэд өөрсдийгөө улаан алчууртнууд хэмээн ихэд хүчийг авч эхлэсэн байна. 1352 онд Тогоонтөмөр хаан өөрийн чинсан Тогтоход зарлиг буулган олон замын цэргийг захируулан бослогыг даруулахаар илгээсэнд  тэрээр босогчдыг ихэд ялсанд түүнд хорссон хэдэн түшмэд хаанд бураашаан ховлож түүний цэрэг захирах эрхийг хасуулж өөрсдийн талын Тайбухыг томилуулжээ.
1355 оноос  улаан алчууртны босогчдын түрүү  улам их газрыг хамран Солонгос руу довтолж, өмнө зүг эргэн дээд нийлэл Шаньдуг шатааж байв. Энэ үед Тогоонтөмөр хааны хоёр их  жанжин Болдтөмөр, Цагаантөмөр нар харилцан цэрэглэсэн байна. Энэхүү чимээг сонссон даруй  Тогоонтөмөр хаан дахин зарлиг буулган тэр хоёрыг эедүүлэн тус тусын нутаг буцаагаад дөнгөж байдал намжтал умард газар дахин нэг бослого гарчээ.
Өгөөдэй хааны наймдугаар үеийн хойч Алхтөмөр 1360 онд цагаан хэрмийн гадна их цэрэг цуглуулан Дайду хот руу довтлоно хэмээн Тогоонтөмөр хаанд “ Өвөг дээдэс минь дэлхий дахиныг чамд тушааж байхад чи хамгаалж чадалгүй ихэнх газар орныг минь алдлаа.  Тиймээс улсын эрдэнэ хас тамгыг надад авчирч өг. Би хаан сууя” хэмээн сүрдүүлэн элч илгээжээ.
Тогоонтөмөр хаан тэр элчийг “Тэнгэрийн зарлиг чамд байдаг бол чи хаан суутугай” хэмээн хэлж буцаагаад   өөрийн түшмэл Тугтөмөрт цэрэг өгч умарш илгээсэн боловч Тугтөмөрийн цэрэг хатгалдан байлдаад ялагдан Шаньду тийш ухарчээ. Гэвч 1361 онд Алхтөмөрийг өөрийнх нь нэг түшмэл хороосон тул эл бослого намджээ.
Монголчуудыг ийнхүү өөр зуураа байлдаж байх зуур улаан алчууртны нэг толгойлогч Жу Юань Жан өөрийгөө хаанд өргөмжлөн улсаа Мин хэмээн зарлаж  “монголчуудын үндэс угсаа ондоо болохоор Дундад улсыг мөнх тэнгэрийн хүчээр эзэлснээс биш, хүний хүчээр эзэлсэн биш юм. Иймээс дундад улсыг засч чадахгүй нь лавтай билээ. Ялангуяа Төмөр хааны үеэс эхлэн засаг самуурч, тэнгэрт таалагдахгүй болсон тул би ард иргэдийг амаржуулахын төлөө дайлсан юм” хэмээн очсон газар бүртээ ухуулан явжээ.
1368 оны 2 сард Жу Юань Жан өмнөд хятадыг бараг эрхшээж улсын нийслэлээ Нанжинд шилжүүлэн улмаар Дайду хотыг эзлүүлэхээр цэргээ 3 замаар илгээв. Тогоонтөмөр хаан итгэлт жанжин Баянтөмөрийг баригдсныг сонсоод ихэд цочин Алхад “ Өвгөдийн сүмийг хурааж олон үеийн хаадын хөргийг цуглуулж хунтайж лугаа умарш буцах”-ыг зарлиг болгоод нийслэлээ хамгаалан бэхлэн тулалдая гэсэн чинсан нарынхаа   үгийг үл сонсон хатад хүүхдүүдээ аван 1368 оны 9 сард Дайду хотыг орхин гарч дээд нийслэл Шаньду хотод түр хөл татжээ. Мин улсын цэргүүд ч Дайду хотыг тун хялбархан эзлэн авав.
Төд удалгүй Тогоон төмөр хаан Шаньду хотыг орхиж улам умарш эргэж Хэрлэн мөрний хөвөөнөө  хүрч Барс хотыг  байгуулан нийслэлсэн байна. Тэр 1370 онд өвчнөөр нас баржээ.
Тогоонтөмөр хаан Монголын Юань улсын сүүлчийн их хаан байлаа. Тэрээр зургаан түмэн монголоо дагуулан Дайду хотыг орхин гарч эх нутагтаа эргэн ирсэн ч гэсэн түүнийг нас барахад түүний мэдэлд цагаан хэрмээс хойших нүүдэлчдийн эх нутаг үлдсэн, монгол төр оршсоор  байв.  Дундад газрын Юньань мужид монголчууд 1381 он хүртэл Мин улсын цэргийн довтолгооныг няцааж суув. Монголчууд хүчирхэг байв.