4.08.2019

Жарун (Шэлүнь) хааны үеийн Жужан улс


Битүбатыг даран Жужаныг дангаараа захирах болсон Жарун дотоодын самууны хөлд нэрвэгдсэн аж ахуйгаа сэргээх, хүн ардаа тамиржуулах бодлого барих болов. Тэрээр юун түрүүн Табгачийн улстай зах нийлсэн өмнөд хил орчмын нутгаар зөрчил гаргахгүй цаг хожих үүднээс хэсэг зуур ч нам тайван байх бодлого барьсан нь туйлын зөв байлаа. Энэ талаар түүхэнд тэмдэглэхдээ “397 онд эзэн хаан Зю Фу-г Хуй хуанжен хотын жанжнаар нөхөн томилон хойд зүгийн бусад аймгаас хамгаалуулав. Жужан нар түүнийг хараад цөм айн эмээж дотогшоо довтлон үймүүлээгүй” гэжээ.

Жарун мөн Тоба Вэй улсаас гадуур, магадгүй түүний эсрэг ч байж болох харилцаа тогтоох эрмэлзэлтэй байсны илрэл нь хожуу Цинь улсын хаан Яо Синтай ураг барилдаж, энх ургийн гэрээ байгуулсан явдал болно. Гэтэл Тоба Гуй (Тай-цзу) хаан үүнд нь хорсож, Яо Сины харъяаны хүрээнүүдэд халджээ. Учир нь Тай-цзу хаан   Яо Си-ээс охиныг нь гуйж байсан ч тэр татгалзаж байжээ. 402 онд тоба нар Чуфу, Сугуянь хүрээг довтолсон бөгөөд адуу 3000 гаран, үхэр хонь 700000 олзолжээ. Жарун морьт цэрэг илгээн Сугуянь хүрээг аврахаар оролдсон ч тоба нар ялан хөө хуяг бүхий морьд 2000 олзолсон байна. Энэ ялагдлын дараа Жарун говийн ард бүр лавтай нүүн оджээ.

Жаруны говийн ард саадгүй нүүх болсон нь нэгд, Тоба Гуй хаан умард хятад даяар ноёрхолоо тогтоох бодлого явуулж, муюн нарын хожуу Янь улсыг унагаахаар 396 оны 9 сард 400 мянган морьт цэрэг хөдөлгөн Чжүншань (одоогийн Бээжин) нийслэлийг буулган авч, 397 онд өөрийн нийслэлээ урагшлуулан Датун орчимд шилжүүлэн улсын нэрээ Юань Вэй болгон өөрчилж, умард зүг тавих бодлого нь суларчээ. Хоёрт говийн араар нутаглаж байсан өндөр тэрэгтнүүдийн хүчийг 388 онд Тоба Гуй хаан Жолошуй гол (Тамирын гол) хүртэл довтолж ихэд туйлдуулсан нь Жарун хаанд ашигтай нөлөөлжээ. Иймээс Жаруныг говийн ар чиглэсэн их нүүдэл хийхэд Вэй улсын зүгээс бодитой саад хийх боломж хомс байсан ба замд нь хүчтэй эсэргүүцэл үзүүлж болох байсан өндөр тэрэгтнүүдийн хүч нэгэнт суларсан байлаа.

Өндөр тэрэгтний нутагт гүн цөмрөн орсон Жарун зам зуурын хүрээнүүдийг онцын эсэргүүцэлгүй нэгтгэн авч хүчээ зузаалсаар Жолошуй голын (Тамирын голын) умард этгээдэд хүрч хүлгийн жолоог татжээ.

402 онд Жолошуй гол хүрсэн Жарун цэргийн цааз тогтоож, 1000 хүнийг нэг анги болгон жанжин томилон харин 100 хүнийг нэг туг болгон даамал тавьжээ. Дайсанд түрүүлэн орогсод олзны хүн ба эд зүйлсийг түрүүлэн хүртэж, харин айн зугтаагч хэн бүхнийг чулуугаар толгойг хага зохиж хорооно хэмээжээ. Үүний дараа Жаруныг хүннүгийн үлдэгдэл баян, нөлөө бүхий хүрээ болох Жибаецы нар довтоллоо. Эгэньхе буюу Орхон голын хөвөөн дээр Жарун зууралдсан тулаан хийж Жибаецы нарыг хиартал цохиж, газар нутгийг нь өөртөө нэгтгэн улам хүчирхэг болов. Энэхүү жибаецы хүрээ бол руни дурсгалын Байырку, “Судрын чуулган”-ны Баргут буюу монгол хэлт Баргажин аймаг болох аж.

Жибаецы хүрээг эзэлснээр Жаруны үеийн Жужан улсын нутаг өргөжин тэлж баруун зүг Карашар, зүүн зүгт Солонгоын хойг, умар зүг Байгаль нуур хүрч, өмнөдөд элсэн говьд тулж байлаа. Энэ нь Хүннү, Сяньби улсуудын хуучин нутаг билээ.

Бага буурай хүрээнүүд Жаруны довтолгоо, сүр хүчнээс эмээн түүнд дагаж орсоор байв. Үүнтэй уялдан Жаран өөртөө “Цюдоуфа хаан” хэмээн цол олгожээ. Энэ нь табгачийн хэлээр “тэлж, томсгон засаглагч хаан” гэж В.С.Таскин орчуулсан бол Н.Бичурин “давхиан дунд харвагч, Ц.Хандсүрэн “хазаарлан захирах, тэргүүлэн удирдах” гэх мэтээр хөрвүүлэн буулгажээ.

402 оны хэрэг явдлын дараа Жарун ургийн холбоотой Цинь улсын хаан Яо Синд 8000 адуу хүргүүлэхэд Жужантай эргэн найрамдсанд Хожуу Цинь улсын Хэ Лянь урваж, Жаруны морьдыг гол гаргуулахгүй гацаажээ. Энэ үед Яо Син хаан Бо Бо-д сяньбийн 5 аймаг болон олзлогдогсдыг нийлүүлэн 2 түмэн өрх болгон умардыг тохинуулахаар явуулжээ. Өнөөх 8000 адууг Яо Синд өгөхөөр гол гаталгаад Да Чень хүрэх үед Хэ Лянь, Бо Бо нар эдгээрийг авч хоцроод өөрсдийн 3 түмэн иргэдийн хамт урван оджээ.

Жаруны дотоодод хэрэгжүүлж буй бодлого амжилттай хэрэгжиж түүний нэр хүнд ихэд түгсэнд ойр төрлийнх нь зарим хүмүүст таалагдаагүй бололтой. Тухайлбал 404-408 онд түүний суудлыг авах оролдлогыг авга ах Пухуний хүү Юэдай, Дана нар хийжээ. Вэй улсын бичигт “Жаруны үеэл дүү Юэдай, Дана нар түүнийг хороож, орыг нь Дана эзлэхээр үгсэн хуйвалджээ. Гэвч илэрсэн байна. Чингэмэгц Дана нөхдийн хамт Вэй улсын зүг зугтан очиход Дана-д сипин хоу, Юэдай-д иян-цзы цол олгожээ” гэжээ. Иймэрхүү урвалт нэг бус удаа давтагдсан бөгөөд Тоба Вэй улсын зүгээс тэднийг урамшуулан шагнах нь түгээмэл байлаа.

Жарун Вэй улсын хилд халдан дээрэм тонуул хийхээр үе үе уулгалан орж байсан мэдээ бий. Тухайлбал 406,409 онд цагаан хэрэм даван ийм халдлага хийж байсан бол 410 онд Тоба Вэй улсын Тай-цзу хаан Жаруны эсрэг гэнэдүүлэн довтлоход тэрээр зугтан зайлах замдаа нас баржээ. Энэ үед түүний хүү Дуба нь нас бага байсан тул нүүдэлчид Жаруны дүү Хөхлүдийг Айкугай кэхань буюу “Сайхан шинжит хаан” цолтойгоор Жаруны орыг залгуулжээ.



Жарун хааны өмнөх үеийн Жужан (Нирун) улсын улс төрийн байдал


Жужан нарын талаар Вэй улсын бичигт “Жужан Дунхугийн удам, овог нь юйцзюлюй. Ливэй (220-277 он) хааны засаглалын сүүлээр тонуул хийж явсан морьтонгууд хөмсөгнөөсөө ургасан үс нь толгой дээгүүр нь бүрхсэн боолыг барьжээ. Тэр өөрийн нэр угсаагаа санахгүй байсан учраас түүний эзэн Мугулюй гэж хоч өгчээ. Мугулюй гэдэг нь мүгэлэн буюу мухар толгойт гэсэн утгатай. Мугулюй нь юйцзюлюй ойролцоо дуудагддаг учир юйцзюлюйг өөрийн овог болгосон “ гэжээ. Мөн Жужаны толгойлогч Амгай 524 онд Сяньбийн табгач (тоба)  нарын байгуулсан Умард Вэй улсын хааны ордонд эзэн хаан Сяо Мин (516-528 он)-тэй уулзах үедээ “Таны албатын өвөг дээдэс угтаа их Вэй улсаас гаралтай” гэхэд эзэн хаан “Бид энэ тухай мэдэж байгаа” гэж хариулсан нь тэмдэглэгдэн үлджээ. Эндээс Дунхугаас гаралтай тоба аймагтай Жужанчууд гарал нэг болох нь харагдаж байна.

Мугулюй эрийн цээнд хүрээд боолоос чөлөөлөгдөж морин цэрэг болжээ. Табгачийн эзэн Илу Муди (308-316 он) хааны үед дайчилгааны товоос хожимдож, цаазаар авахуулах болсон тул Мугулюй зугтаж уудам говийн хавцалд нуугдан зугтагчдыг цуглуулан 100 гаруй хүнтэй болоод Шуньтулинь хүрээг түшжээ.

Мугулюйг үхсэний дараа хүү Чаругуй нь эрэлхэг дайчин, шийдмэг хүн байсан тул юуны түрүүн Мугулюйн хүрээг авч өөрсдийгөө Жужан (Нирун) хэмээн нэрийджээ. Ийнхүү 260-317 оны үед явагдсан Умард Хүннү улсын задралын дараа хятадын умард хил орчмоор нутаглагч тархай бутархай байсан нүүдэлчдийн угсаатны янз бүрийн нэгжүүдийг нэгтгэх эхлэл тавигджээ. Жужан улсын эхлэл болсон энэ үйл явдал 316-330 оны орчим болсон бөгөөд Мугулюйн хүрээгээр цөм болсон монгол хэлт аймгууд, Жужанчууд нэрийн дор  ийнхүү улс үүсгэн бүрэлдэж эхэлжээ. Хүннүгийн дараа өөрсдийн гэсэн толгойлогчтой, өмч хөрөнгө бэлчээртэй нүүдэлчдийн хэдэн зуу хүрээ сурвалжид дурдагддаг бөгөөд тэдгээрээс зөвхөн хэдхэн хүрээ түүхэнд нэрээ үлдээжээ.

Чаругуйн хүрээ говийн урд захад зусаж, түүний ард өвөлжих зэргээр эртний нүүдэлчдийн босоо шугамаар нүүдэллэж байв. Чаругуй хүрээгээ мэдэх болсон цагаас л Табгач (Тоба) Вэй улсад адуу мал, булга, үнэгний арьсаар жил бүр алба барьдаг байв. Тэр үед Вэй улсад алба барьдаг нүүдэлчдийн хүрээ, улс 170 орчим байжээ.
Чаругуйн дараа түүний хүү Тоногой хаант төрийн дэг ёсны дагуу эцгийнхээ орыг залгав.Тоногойн дараа Бутай, түүнийг үгүй болсны хойно хүү Дэсүгэн төрийн хэргийг явуулжээ.

Дэсүгэний ахмад хүү Битүбат түүний хууль ёсны залгамжлагч байв. Гэтэл тэрээр өөрийн дүү нар болох Онгудай, Пухунь нартай тодорхой шалтгааны улмаас муудалцжээ. Ингээд Битүбат улсынхаа дорнод хэсгийг, Онгудай Пухунь нар баруун хэсгийн хүрээнүүдээ хуваан мэдэх болжээ.

Сяньби нарын Табгач Вэй улсын хаан Чжао Чэн нас барсныг далимдуулан Онгудай,  Өмнөд Хүннүгийн язгууртан Лю Вэйчэнтэй хамсан  Табгач нарын Вэй улсын эсрэг босжээ. Жужанчуудын эсрэг Вэй улс цэрэг хөдөлгөн Наньчуан уулын дэргэд ширүүн тулалдаан хийсэн байна. Энэ тулалдаанаас үлдсэн цэргээ аван Битүбат болон нэгэн хүрээний толгойлогч Уцзи нар зугтан нүүр буруулан оджээ. Тэдний араас Табгачийн Чансунь Сун, Чансунь Фэй нар мөрдөж Уцзийг даран цаазалж, Битүбатыг буун өгсөнд, гэрт нь буцаажээ.

Чаньсун Фэй Онгудайн хөвгүүд болох Цзэгуйчжи, Хэдохань, Жарун, Хулью нарыг олон хүрээнүүдээр тараан байрлуулав. Онгудай өөрөө баруун зүг цаашлан зугтсан ч Бана уулын орчим гүйцэгдэн табгач хааны хатуу хяналтан дор суужээ.

Энэ үйл явдлын дараа Хэдохань, Жарун нар дахин бүх хүрээгээрээ баруун зүг чиглэсэн их нүүдлийг эхлүүлсэн байна. Чаньсун Фэй жанжин эсэргүүцсэн бүхнийг хатуу шийтгэн, Онгудайг хороон, түүний бага хүү Хулюй буюу Хөхлүдийг амьд үлдээжээ.
Сурвалжид өгүүлснээр 394 онд Хэдохань, Жарун нар эцгээ орхин баруун зүг харъяатаа аван дахин буруулжээ. Чансунь Фэйгийн хөнгөн морьт цэргүүд Шанцзюнь тойргийн Бана ууланд тэднийг гүйцэн Хэдоханийг цавчин хороож, бүх харъяатыг нь хүйс тэмтэрчээ. Жарун амь мултран зугтаж, авга ах Битүбатын хүрээг бараадсан байна.

Битүбат урилгагүй зочноо арга буюу өөрийн өргөөнөөс урагшаа 500 мод (250км)  газар суулгажээ. Ингэхдээ Жаруны зүгээс элдэв самуун өдөөх, харъяатуудынх нь сэтгэл санааг урвуулах үйлдэл гаргаж болзошгүй гэж өөрийн 4 хүүгээр давхар мануулжээ. Битүбатын энэ үйлдэл нь табгач нарын Вэй улсаас хараат бус бие даан улс орноо мэдэж байсныг давхар нотолдог ч даанч энэ байдал удаан үргэлжлээгүй бөгөөд Жарун Битүбатын сэрэмж алдсныг далимдуулан 4 хөвгүүнийг нь барин авч, өөрийнх нь хүрээг довтлоход бусад хөвгүүд нь үлдсэн хүмүүсээ авч Өндөр тэрэгтний хулюй хүрээг бараадан оджээ.

Жарун Битүбатыг өршөөсөн дүр үзүүлж, тавьж явуулахаар шийдсэн  нь түүний дийлэнх харъяатууд хөвгүүдийг нь даган мөнхийн өрсөлдөгч өндөр тэрэгтний зүг одсон бөгөөд хүчээр авах эрсдэлтэй алхам хийснээс эцэг дээрээ ирэх цагийг нь анах нь хялбар байв. Үнэхээр ч түүний санаснаар болж сарын дараа хөвгүүд нь Битүбат дээр уван цуван ирэхэд, нууцаар цэрэг хуралдуулан гэнэдүүлэн дайрч Битүбатыг хороожээ. Энэ үйл явдлын дараа Битүбатын Цибауцзе нарын 15 хүүхэд нь Табгачийн Тай-цзу хааны мэдэлд орохоор ирсэн байна.  Тай-цзу хаан тэднийг хүлээн аваад Цибауцзе-г алс газрыг тохинуулагч Пинцзи хоу цол хүртээжээ.

Жарунд Битүбатын хийгээд түүний хөвгүүдийн бүх хүрээнүүд үлдсэн бололтой байдаг. Учир нь өндөр тэрэгтнээс нүүн ирээд удаагүй, хөвгүүдийнх нь эзэмшил төвхнөж амжаагүй байхад Жарун гэнэт довтолсон тул ард иргэдээ аван одох байтугай тэд өөрсдөө хэрхэн Жаруны гараас мултарсан нь тодорхойгүй. Магадгүй Жарун ард иргэдийнх нь эсэргүүцэл тэмцэл гарахаас болгоомжилж тэднийг цаазлалгүй Табгачийн зүг хөөн явуулсан байж мэднэ. Жаруныг хятад сурвалжид “маш их зальтай, догшин ширүүн” хэмээн тэмдэглэсэн байдаг.