Монголын
хүрэл ба төмрийн түрүү үеийн нэг чухал
дурсгал бол буган хөшөө юм. Эрдэмтэд
буган хөшөө хэмээн гонзгой урт чулууны
хажуугийн дөрвөн талыг сайтар засаж,
гурав зааглан гол төлөв нүүрэн талын,
заримдаа нүүрэн ба ар талын оройн хэсэгт
нар сар хоёроос гурван ташуу зураас,
хүний нүүрний дүрс, хөшөөний их биеийг
ороолгон сүрэг бугыг загварчлан дүрслэн
тэдний доогуур бүс татаж зэр зэвсэг
зүүсэн байдалтай дүрсэлсэн хөшөө чулууг
хэлдэг. Хөшөөнөө чинжаал, байлдааны
алх, хутга, нум сум, жад, бамбай зэрэг
зэр зэвсэг, хүрэл толь дүрслэхээс гадна
зарим хөшөөний бүсийг янз бүрийн хээ
гарган чимсэн байдаг.
Буган хөшөө
дунджаар 1-4 м өндөр, 20-40 см зузаан, 30-80 см
өргөн хэмжээтэй бөгөөд түүнийг үйлдэхэд
зураг, сийлбэр, уран баримлын аргуудыг
хослуулан ашигласан байна. Мөн бугыг
бодит байдлаар дүрсэлсэн, бугын оронд
адуу, зээр зэрэг өөр амьтад дүрсэлсэн,
эсхүл огт амьтны дүрсгүй бүс, зэр зэвсэг
болон бусад зүйлсийг дүрсэлсэн хөшөө
ч бий.
Евроазийн
хээр талын бүс нутагт хүрэл ба төмөр
зэвсгийн түрүү үед өргөн тархсан түүх
соёлын гайхамшигт дурсгал болох буган
хөшөөг эрдэмтэд 100 гаруй жилийн өмнөөс
судалж 700 гаран буган хөшөөг илрүүлжээ.
Үүнд монгол нутгаас 550 орчим, Өвөр
байгалийн нутгаас 20 гаруй, Саян Алтайгаас
бас 20 орчим, Уулын Алтайгаас 60 орчим,
Казакстан Дундад Азиас 20 орчим, баруун
тийш Оренбург, Кавказ, Укриан Эльба гол
хүртэл 10 гаруй олджээ.
Буган
хөшөөг эрдэмтэд хэлбэр төрхийн хувьд
үндсэн гурван төрөлд хувааж үздэг.
1.Монгол-Өвөр
байгалийн бугын загварчилсан дүрст
буган хөшөө
2.Саян-Алтайн
амьтдын бодит дүрст буган хөшөө
3.Ази-Европын
амьтны дүрсгүй буган хөшөө
Монгол-Өвөр
байгалийн бугын загварчилсан дүрст
буган хөшөө
Энэ
төрлийн буган хөшөө тооны хувьд хамгийн
олон бөгөөд манай улсын Архангай,
Өвөрхангай, Завхан, Баянхонгор, Булган,
Төв, Сэлэнгэ, Хөвсгөл, Хэнтий, Ховд, Увс,
Баян-Өлгий аймгийн нутаг бий боловч гол
цөм нь Хангай, Хэнтий Соёны уулсын орчмын
нутаг юм. Монгол улсын нутгаас гадна
Өвөр байгаль, Тува Алтайд цөөн тоогоор
тархжээ. Архангайн Эрдэнэмандал сумын
нутагт Хануй багийн төвөөс зүүн тийш
Хануй голын хойд дэнж дээр олон жижиг
2-3 м голдочтой дугуй далангаас бүтсэн
том дөрвөлжин хэлбэрийн тахилын
байгууламжууд хиригсүүр, том
дөрвөлжин
хашлага бүхий бусад байгууламж, хэдэн
арван буган хөшөө бүхий ёслол, оршуулгын
цогцолборыг бий. Энд бүх хөшөөнөө бугыг
загварчилан дүрсэлсэн бөгөөд нар, сар,
зэр зэвсэг, гоёл чимэглэлийг сийлжээ.
Монгол нутагт ингэж загварчилан дүрсэлсэн
буган хөшөө элбэг.
Саян-Алтайн
амьтдын бодит дүрст буган хөшөө.
Энэ
төрлийн буган хөшөө Монгол улсын баруун
талын Увс, Хөвсгөл, Ховд, Баян-Өлгийн
нутагт зонхилон тархсан байдаг. Энэ
төрлийн буган хөшөөний нэг нь Хөвсгөл
аймгийн Шинэ Идэр сумын нутаг Дөрөлжийн
амны өргөн хөндийд том хиригсүүрийн
дунд буй дөрвөн буган хөшөө юм. Эдгээрийн
нэг хөшөө нь цайвар саарал өнгийн боржин
чулуугаар хийсэн 3 м өндөр бөгөөд түүний
оройн хэсэгт төвгөр гарган малгай мэт
зүйлийг дүрсэлсэн ба хөшөөний оройн
хэсгийн эргэн тойрон нэг эгнээ олон
хонхор гаргаж доод талаар нь нарийвтар
бүс татаж гурав заагласан байна. Хөшөөний
баруун хажуугийн дээд оройн хэсэгт хоёр
ташуу зураас, бүснээс хоёр үзүүр нь дээш
тахийж ээтийсэн эдлэл, нүүрэн өргөн
талын дээд хэсэгт нар, дунд хэсэгт дөрвөн
бугыгнэгийг нь хөндлөн, гурвыг нь
хөшөөний орой уруу хандуулан цувуулж
бодит байдлаар дүрсэлжээ.Зүүн хажуугийн
дунд хэсгийн дээхэн талд зогч буй ганц
буга, арын өргөн хажуугийн оройн хэсэгт
нар, дунд хэсэгт таван бугыг хөшөөний
орой уруу хандуулан цувуулж бодит
байдлаар дүрсэлж, бүсний доод талд
чинжаал урлажээ.
Ази-Европын
амьтны дүрсгүй буган хөшөө.
Буган
хөшөөний нэгэн өвөрмөц төрөл болох буга
болон амьтны дүрсгүй харин нар, сар
заримдаа ээмэг ч гэдэг, зэр зэвсэг, бүс
зэргийг дүрсэлсэн хөшөө Монгол орны
баруун аймгуудын нутгаар мөн Оросын
Алтай, Дундуд Ази, Дорнод Европ хүртэл
цөөн тоотой тархсан байдаг. Эдгээрийн
нэг нь Увс аймгийн Түргэн сумын Дэлгэр
мөрөн багийн төвд бий. Хөшөөний дээд
хэсгээр нарийн ховилон хонхор тойруулан
татаад нүүрэн ба ар талын дээд хэсэгт
тус бүр нэг нэг нар, хажуу нарийн талд
ташуу гурван зураас татжээ. Дунд хэсгийн
урд талд алхан зээтүү, дунд талд тахир
эдлэл, арын өргөн талд саадганд буй нум
дүрсэлжээ.
Мөн
сумын Бурхутайн өвөрт буй нэгэн хөшөөний
дээд хэсгийн ар, өвөр талд тус бүр нэг
онги дүрсэлж доогуур нь нарийн зураасан
бүс татжээ. Улаангом хотын хойд талаар
урсах Хархираагийн голын Цагаан сайрт
буй нэгэн хөшөөний оройг нь хүний хүзүү
мэт нарийсган засаж өргөн талд нь олон
зэрэгцээ хонхорыг хоёр эгнээ доош ташуу
дүрсэлсэн ба хажуугийн нарийн талын
дээд хэсгээр нэг эгнээ олон хонхор,
түүнээс арай доогуур ганц нарийн ховилон
зураас татжээ. Завхан аймгийн Тэлмэн
сумын нутагт нэг дор буй 6 буган хөшөөний
гурав нь загварчилсан бугын дүрстэй
гурав нь бугын дүрсгүй зэр зэвсэг
дүрсэлсэн байдаг.
Буган
хөшөө тал хөндий, уулын ам бэл, жижиг
уул толгойн орой дээр ганц нэгээрээ
буюу хэд хэдээрээ бүр арав хориороо ч
тохиолдох ба хиригсүүр дөрвөлжин булшны
дэргэд тэдний хана, булангийн хөшөө
болгож босгосон байдаг. Буган хөшөөг
тойруулан чулуугаар цөөн хэдээс хэдэн
зуун жижиг цагираг өрж үйлдсэн байх нь
элбэг. Архангай аймгийн Ихтамир сумын
нутаг Шивэртийн аманд буй буган хөшөө
бүхий дурсгалд 30-35 см өндөр, 2 м голдочтой
чулуун далантай өрлөг 7 байсныг малтахад
тус бүрээс нь нэг нэг адууны толгой, нэг
удаа тэмээний толгойн яс гарчээ.
Архангай
аймгийн Эрдэнэмандал сумын Хануй голын
хөндийн олон арван буган хөшөө бүхий
томоохон цогцолбороос зарим хэсгийг
малтахад хазаарын хүрэл амгай, зуузай
зэрэг гарсан байна. Буган хөшөөнүүд
тэднийг тойрсон хэдэн арван зуу хүртэлх
тахилгын чулуун өрлөг, том дугуй чулуун
далантай булш, дөрвөлжин булш зэрэг нь
нэг бүхэл бүтэн цогцолбор дурсгалыг
бүрдүүлсэн байх нь цөөнгүй.
Буган
хөшөө нь оршуулгын зан үйлд хэрэглэгдэхээс
гадна хөшөөн дээр буганаас гадна металл
зэр зэвсгийг дүрсэлсэн байдгаас түүнийг
металл зэвсэг үйлдвэрлэлд нэвтэрч хүй
нэгдлийн овгийн байгууллын дотоод
зохион байгуулалтанд үндсэн өөрчлөлт
оруулж, эцгийн эрхт ёс тогтсон тэр үед
дайчин эрд зориулан бүтээж байжээ. Буган
хөшөөг хүрэл зэвсгийн сүүлч, төмөр
зэвсгийн түрүү үеийн дөрвөлжин булшийг
үйлдэхэд жирийн материал болгон өргөн
ашигласан, түүн дээр хүрэл зэвсгийн
дунд үед холбогдох зэр зэвсгийн зүйлсийг
дүрсэлсэн, түүнийг баатар дайчин эр
хүнд зориулан босгосон зэргээс энэхүү
гайхамшигт дурсгал, сүрлэг баримлыг
хүрэл зэвсгийн сүүл үеэс (МЭӨ
2000 жилийн сүүлч) эхлэн
төмөр зэвсгийн түрүү үеийг (
МЭӨ 700-300 он) дуустал
бүтээж байжээ.
Буган
хөшөөний эртний дурсгалууд зөвхөн
Монгол улсын төв нутгаас олдож байгаа
нь энэхүү гайхамшигт дурсгал анх Монголын
төв нутагт хүрэл зэвсгийн дунд үед үүсэж
төмөр зэвсгийн түрүү гэхэд Монгол нутаг
даяар түгэн дэлгэрч цаашдаа одоогийн
Тува, Байгаль нуурын наад бие хүртэл
өргөн тархсан ба улмаар Казакстан,
Дундад Ази, Оренбург муж, Умард кавказ,
Эльба мөрний сав хүртэл цөөн тоогоор
нэвтэрсэн нь суурьшмал иргэдийн дунд
олон арваар бүтээгдэж байгаагүй
нүүдэлчдийн дурсгал юм.
“Монгол
улсын түүх” тэргүүн боть