5.29.2020

Елюй Жин (951-969), Елюй Сянь (969-982) хаадын үеийн Хятан улс

Елюй Уюй хаан 951 онд Хожуу Жоу улсыг довтлохоор явж байх замдаа нас барж, хаан ширээ Елюй Дэгуаны хүү Елюй Жин-д шилжив. Елюй Жин-ий үед өмнөх хааны адил эрх мэдлийн төлөөх хуйвалдаан бослого тасарсангүй. Түүнийг эсэргүүцсэн бүлгийг Елюй Уюй-ийн дүү, нагац талынх нь удирдаж байв. Бослогыг даруй дарж, гол удирдагчдыг цаазлан шийтгэжээ. Гэвч 953, 959, 960 онуудад хааны эсрэг бослого хуйвалдаанууд гарсаар байв. Эдгээр бослогууд ихэвчлэн хааны хувийн зан араншингаас үүдэн гарч байсан бололтой. Учир нь Елюй Жин архи сархадад толгой мэдүүлж, согтохоороо харгис хэрцгий авирладаг тул төрийн хэрэг цалгардах, алдагдах явдал байнга гарах болжээ.
Гэтэл энэ үед Хятан улсын гол өрсөлдөгч Хожуу Жоу улсын хаан урьд өмнөх аль ч улсын хаадаас илүү улсаа сайн зохион байгуулалттай жолоодон удирдаж, эрх мэдлийг гартаа улам төвлөрүүлэн зузаатгасаар байв. Тиймээс Го Вэй болон түүний залгамжлагч Чай Жун (921-959) нар Ляо улсыг өөрсдөд нь аюул учруулна хэмээн үзэж байв. 953 онд Го Вэй бие тэнхээ муудаж улсын бүх эрхийг өргөмөл хүү Чай Жунд даатган үлдээгээд 954 оны 1 сард өөд болжээ. Го Вэ-г өөд болсныг дуулмагц хөрш улсаа довтлох аятай шалтаг гэж үзэн Умард Хань улсын Лю Чун Хятан улсын хаанд элч илгээж тусламж хүсчээ. Елюй Жингийн 10000 морьт цэрэг, Лю Чунгийн 30000 цэрэгтэй нэгдэн Лүжоу хүртэл давшаад Хожуу Жоу улсын багахан хүчтэй тулж ялжээ. Үүний дараа Чай Жун их цэрэг авч Умард Хань-Хятан улсын нэгдсэн цэрэгтэй тулалдахаар шийдэв. Шийдвэрлэх тулалдаан 954 оны 3 сард Гаопин хэмээх газар боллоо. Тулалдаанд Умард Хань-Ляогийн цэрэг, Хожуу Жоу улсын цэргийн тооноос илт давуу байсан учир Лю Чун хүчиндээ эрдэн Ляогийн цэргийн оролцоогүй дайнд ялна хэмээн бодов. Харин Чай Жунд хамаг хүчээ дайчлан эрэлхэг зоригтой тулалдахаас өөр арга байсангүй. 10 гаруй өдрийн тулалдаан Чай Жунгийн ялалтаар төгсөв. Ялалт байгуулсан Чай жун 2 сарын дараа цэрэг илгээн Умард Хань улсын нийслэл рүү довтлуулсан боловч энэ удаа хотыг хамгаалж байсан Хятан улсын морин цэргийн хүчинд цохигдон бүх цэргээ татжээ.
Гаопингийн ялалтын дара Чай Жун дайнд цэргийн тоо биш харин чанар чухал гэдгийг ойлгосон тул Хожуу Жоу улсад томоохон цэргийн шинэчлэл явуулж хил хязгаарын бэхлэлтийг улам чангатгасан байна.  Дайнд ялагдсан Умард Хань улсын Лю Чун хаан өвчинд шаналж 954 оны 11 сард өөд болжээ. Түүний хүү Лю Жүнь (954-968) энэ мэдээг Хятан улсын хаанд илгээснээр Елюй Жин хаан Лю Жүнийг Умард Хань улсын хаанаар өргөмжлөв.
Хожуу Жоу улс Өмнөд Тан улсын Хөх мөрнөөс хойшхи нутгийг өөрийн болгосны дараа Хятан улсад алдсан 16 мужаа эргүүлж авах зорилгоор “Умардын аян дайн”-ыг 959 оны 3 сард эхлүүлж, 18 өдрийн дараа Ляо улстай хил залгах бүсэд орших Цанжоу хотод ирсэн байна. Эндээс тэд дайралтаа эрчимжүүлж 5 сарын эх гэхэд Вацянуань, Можоу, Инжоу, гэсэн стратегийн чухал цэгүүдийг эзлэн авав. Тэд цааш Южоу руу хүрэх зорилготой байсан ч Чай Жун хаан гэнэт нас барсанд ухрахаас өөр аргагүй болжээ. Чай Жуны оронд түүний 5 настай хүү хаан суусан ч 960 оны эхээр ордны хамгаалах цэргийн ерөнхий жанжин Жао Куанинь (927-976) төрийн эргэлт хийж Хожуу Жоу улсыг мөхөөж, шинэ төр Сүн улсыг (960-1279) байгуулжээ.
963 оноос Сүн улс Хөх мөрнөөс урагш орших хүн ам олон, үржил шимтэй, үйлдвэрлэл хөгжсөн, баян чинээлэг боловч улс төрийн хувьд тархай бутархай улсуудыг өөртөө нэгтгэж эхлэв. Умард Хань улс Гаопингийн тулалдаанд ялагдснаас хойш Сүн улсад аюул занал учруулах чадваргүй болсон байсан ба харин Хятан улс тасралтгүй өсөхийн зэрэгцээ Сүн улсын цэргийн хүчнээс бараг 3 дахин их буюу 500000 хүртэл морьт цэрэг дайчлан гаргаж чадах хүчирхэг хэвээр байсан ч Елюй Жин хаан 960-969 оныг хүртэл засгийн хэрэгт оролцох нь илт багасаж, улс төрийн идэвхгүй бодлого баримталж байв. Сүн улсад 938 онд алдсан 16 мужийг эргүүлэн авахын өмнө Хөх мөрнөөс өмнөх нутгийг нэгтгэхэд 15 жил шаардагдав. Энэ хугацаанд Чү улсыг (907-963), Жиннань улсыг (924-963), Хожуу Шу улсыг (934-965), Өмнөд Хань улсыг (917-971), Өмнөд Тан (937-975), У-юэ улсыг (907-978) нэгтгэсэн ба 978 он гэхэд Сүн улсад Ляо улсыг эс тооцвол ердөө ганц улс үлдсэн нь Ляо улсын хараат улс Умард Хань улс үлдсэн байв.
Умард Хань-Сүн улсын харилцаа үндсэндээ Ляо улсын байр сууриас бүрэн хамаарч байв. Сүн улс довтлох цагт Умард Хань улсад Ляо улсын дэмжлэг юунаас ч илүү чухал байсан тул Елюй Жин, ялангуяа түүний дараа хаан суусан Елюй Сянь (969-982) хаанд сар бүр элч илгээх болсон байна. Хятан улсын хувьд Умард Хань, Сүн улсын аль алинтай нь найрсаг харилцааг хөгжүүлэхийг эрмэлзэж байв. Учир нь тэд зүүн хойд зүгт Зүрчид (973, 976) баруун зүгт Тангуд (973) нартай дайтаж байлаа.
Сүн улс У-юэ улсыг нэгтгэсний дараа жил бюу 979 он гармагц бүх хүчээрээ Умард Хань улс руу халдав. Энэ үед Хятаны хаан Чан Шоу гэгч элчийг илгээн довтолгооны учрыг асуулгасанд “хэрэв Хятан улс Умард Хань улсад тусламж үзүүлэхгүй бол энхийн харилцаатай байна, үгүй бол дайтах болно” гэсэн хариу өгчээ. Сүн улсын довтолгооны амжилт Хятан улсын тусламж Умард Хань улсын нийслэл Тайюаньд хүрэхгүй байхаас их хамаарч байв. Энэ бодлого амжилттай хэрэгжиж Хятан улсын тусламжийн цэргийг Байма даваанд няцааж чадлаа. Тусламжгүй болсон Тайюань хот 2 сар бүслэгдсний эцэст бууж өгчээ. Тэгснээр Сүн улс алдсан 16 мужаа хятанчуудаас эргүүлэн авах л үлдлээ. Хялбархан ялалт байгуулсандаа эрдсэн Сүн улсын Тайзун хаан (976-997) цэргийнхээ жанждын сануулга, эсэргүүцлийг эс тоон Хятан улсын нутаг руу халдан, улмаар Хятан улсын дээд нийслэл Южоу хотыг бүслэн хаахыг оролдов. Гэвч эцэст нь 7 сард Гаолян голын хөвөөнд Елюй Сюгэ, Елюй Шиэжэнь нарын хүчинд бут цохигдсон байна. Түмэн цэргээ алдсан Сүн улсын хаан эцэстээ өөрөө шархдан дутааж, арайхийн амиа аварч чадсанаар ялалтаар эхэлсэн Сүн улсын аян дайн гутамшигт ялагдлаар төгсжээ. 979 оны тулалдааны үр дүнд Хятан, Сүн улсын хооронд “жийргэвч” улс үгүй болж шууд хиллэх боллоо. Урьд өмнө тогтоосон энхийн харилцааг эрс өөрчилж 25 жил үргэлжилсэн “хүйтэн дайн”-ы нөхцөл байдал бий болов. Энэ харилцаа 1004 оныг хүртэл сэргээгүй билээ.
“Монголын эртний түүх”

No comments:

Post a Comment