6.27.2014

Бэсүд аймгийн Зэв жанжин

Чингис хааны гарамгай их жанждын нэг Зэв бол бэсүд аймгын хүн. Рашид Ад-дины “Судрын чуулган”-нд бэсүд аймаг болон Зэв жанжны тухай нэгэн бүлэг болгон бичсэн байдаг.

Бэсүд аймаг бол Тумбинай сэцэн ханы бага хүүгээс улбаатай ба тэд эхлээд Чингис хаантай тэрсэлдэж байсан ч хожим түүнд захирагдан тус дэм болдог болсон байна. Энэ аймгийн бөөнүүд л дэг журам сахиулах, ёс заншлыг мөрдүүлэх ажлыг хэрэгжүүлдэг байв.

Чингис хааны үед энэ аймгийн алдартан гэвэл Зэв ноён байлаа. Бэсүд нар их хаантай тэрсэлдэж байх үед Чингис хаан нэг удаа тэднээс давамгайлж гараад бүх хөрөнгийг нь булааж авчээ. Харин энэ аймгийн хагас нь нуугдсан бөгөөд тэдэн дунд Зэв байлаа. Чингис хаан нэгэн удаа ан тавьж явтал  ан үргээсэн хүмүүсийн дунд Зэв байж.  Хаан түүнийг таньж түүнтэй тулалдах гэтэл Бүржи ноён өгүүлрүүн “... түүн рүү би довтлоё” гээд харин ам цагаан хул морио унуулахыг гуйв. Хаан хэлснээр нь болж тэр довтлон орж Зэв ноёныг харваад оносонгүй, харин Зэвийн харвасан сум түүний морийг оносонд үхлээ. Зэв зугтаалаа. Нилээд хугацаа өнгөрөсний дараа Зэв хүч тэнхээгүй болж аргаа баран Чингис хаанд очиж захирагджээ.

Тэр зүрх зоригтой хүү байсан болохоор Чингис хаан түүнийг аравны ноён болгосон бөгөөд тэрээр сайн зүтгэсэн болохоор түүнийг зуутын ноён улмаар их хичээнгүй зүтгэл чармайлт гаргасан учир удалгүй мянганы ноён болгожээ. Зэв бол удаан хугацаанд их хааны дэргэд байж боол мэт дуулгавартай зүтгэж олон аян дайнд оролцож алба сайн залгуулдаг байв.

Таян хааны хүү Хүчүлүг Чингис хаанаас зугтааж Хар киданы нутагт очин тэндээ хүчирхэгжиж эхэлсэн тул хаан Зэвийг цэргийн хамт түүнийг даруулахаар явуулжээ. Түүнд ялагдсан Хүчүлэг дутааж Бадахшаны хязгаарт очсон боловч тэндээ алагджээ. Энэ тухай Чингис хаан сонсоод Хүчүлэгийг дарсан нь том ялалт боловч түүндээ бардамнан сагсуурч болохгүй хэмээн сургамжлан хэлүүлжээ.

Зэв Чингис хаанд дагаж ирэхдээ “Ам цагаан хул морийг алсан гэдгийг би мэдэж байна. Хэрэв Чингис хаан намайг өршөөж хайрлавал би үнэнчээр зүтгэж байгаагийн тэмдэг болгож тийм морь олныг авчирч өгнө” гэжээ. Хожим ньи Хүчүлэг хаантай хийсэн дайны дараа эргэж ирэхдээ тэр хязгаараас цагаан амтай мянган морийг хаанд бараалхахдаа бэлэг болгон барьжээ.

“Монголын нууц товчоо”-нд Зэв ноёнг Чингис хаантай нөхөрлөсөн тухай арай өөрөөр бичиж үлдээсэн байдаг.
147 дугаар зүйл. Чингис хаан өгүүлрүүн: Хүйтэн гэдэг газар урагшлах, ухрах зэргээр байлдаж байхад уулан дээрээс харваж миний байлдааны ам цагаан хул морины аман хүзүүг хэн шархтуулсан бэ? гэвэл тэр үгийг сонсож байсан Зэв өгүүлрүүн: Уулан дээрээс харвасан хүн би билээ. Одоо хаан намайг албал ал, аварбал Чингис чамд хүчээ өгье  гэвэл Чингис хаан:  Дайсны хүн дайсагнаж явснаа нууж худал хэлэх бөлгөө. Чи шударга хэлж байна. Ийм хүнтэй нөхөрлөж болно. Чиний Зургаадай нэрийг халж байлдааны ам цагаан хул морийг зэвээр харвасан тул Зэв гэж нэрлэе. Миний дэргэд зэв мэт хамгаалж яв! гэж зарлиг болов.

1211 онд Чингис хаан Алтан улсыг дайлахад Зэв жанжин зүүн жигүүрийг удирдан байлдаж Цавчаал боомтонд хүрч цэргээ хуурмагаар ухруулан дайсныг өдөөж гарган бут цохиж явжээ. Мөн Алтан улсын зүн нийслэл Дүн Чанг эзлэхдээ зургаан өдрийн газар цэргээ ухруулаад, гэнэт  хөтөлгөө морьтойгоор шөнөжин эргэж давхин очиж  эзэлжээ.

1219 оны Хорезмын дайнд Зэв, Сүбээдэй баатрын хамт Мухамед шахыг завсаргүй хөөсөөр устгаж цааш үргэлжлүүлэн Каспийн тэнгисийг тойрсон аян дайныг амжилттай дуусгасан. Уг аяны үеэр Азербайжан, Гүрж, Булгар, Куман улсуудыг дарсан бөгөөд Калка голын хөвөөнд Орос Кипчакуудын хамтарсан цэргийг бут ниргэжээ.


Зэв жанжин Кипчакийн нутгаас Монгол руу буцаж явахдаа Ханлины нутагт 1224 онд нас барсан гэдэг. 

6.25.2014

Монголчуудын үеийг эргэн харахад

Арван гуравдугаар зууны үеийн монголын байлдан дагуулал нь дэлхийг хөмрүүлэн эргүүлж , бөмбөрцгийг Германаас Солонгос хүртэл нэвт сүлбэж, хаант болон эзэнт улс гүрэн бүгдийг сөгдүүлэн дагуулж хуучин ертөнцийн ихэнх хэсгийг чичрүүлэн өөрчилсөн бөлгөө.

Бөмбөрцөгийг чичрүүлсэн монголчуудын цар хүрээ, нөлөөллийн хувьд юутай ч адилтгашгүй болой. Монголын арми Германы хил, Адриатикийн эрэг дээр зогсож байснаасаа хойш гучин жилийн дараа Япон, Явыг дайран довтолж байжээ. Ялалтыг зохион байгуулагч гэдгээрээ дэлхийд хамгийн агуу их хүн болох Чингис хааны цэргийн сод ухааныг бид арга буюу хүлээн зөвшөөрдөг билээ.

Хээр талаас цэргийн ажиллагаагаа эхэлж газар зүйн хувьд давуу талтай байлаа гэж үзсэн ч, хүч чадлаар сул, хоорондоо эв нэгдэлгүй байсан улсуудыг довтолж устгасан гэж үзсэн ч, ямар ч болов түүний үйл ажиллагааны жинхэнэ үр дүнг бүрэн ойлгох аргагүй нэн гайхамшиг хэвээр байсаар байна.  

Бүхэл Ази болон Европын хагас дахь улс төрийн төрх байдал нүүдэлчдийн хүчит шуурганд дагжин чичэрч хамгийн хүчтэй соёл иргэншил бүхий улс гүрнүүд ч хүчинд автагдан нам дуугүй суухаас өөр үггүй болсон байлаа. Европынхныг хуурай болон усан замаар Азид нэвтрэн орж ирэх сувгийг нээлттэй болгов. Чингисийн үед эхэлсэн тэр хэлхээ холбоо сүүлд нь өрнөдийнхний санаачлагаар дахин сэргэж Алс дорнодод хүрэх шинэ замыг эрэлхийлэх болж Америк болон Сайн итгэлтийн хошуугаар тойрон Энэтхэгт хүрэх далайн замыг нээжээ.

Монголын эзэн хаант улс ноёрхож байх хугацаанд Ази болон түүний нутаг дэвсгэр дээгүүр өнгөрөх их замууд  цагдаа харуулаар хамгаалагдан аюулгүй байдлыг бүрэн хангасан байлаа. Европын зоригт аялагчдын нэг Плано Карпини болон түүний нөхөд Лионоос гарч явснаас хойш жараад  жилийн дараа Францисконы гэлэнгүүд Бээжинд хамбын суудалтай болж Хятад дахь Монголын засаг захиргаанд Марко Поло иргэний алба хааж байжээ.

Эзэн хаант гүрний улс төрийн эв нэгдэл сулран ганхаж Бэрх, Хүлэгү нар хоорондоо 1260 онд байлдах болсон цагаас Их Монголын задрал эхэлж Азиар өнгөрөх эх газрын аян зам удаашралтай, аюултай, саад бэрхшээл дүүрэн болжээ.

Монголчуудын цэргийн техникийг эртний хүннү, скифийнхтэй харьцуулж болмоор ч тэд илүү ур чадвартай, илүү мэргэжил дадлага бүхий удирдагчтай байж үр дүн нь онцгой ялгарч байна. Монголын ялалт бол биширмээр сэтгэгдэл төрүүлдэг бөгөөд эцсийн эцэст соёл иргэншилт ард түмнийг ялсан ялалт болой...

Английн түүхч Ж.Ж.Саундерс “Монголын байлдан дагуулал” номноос зурвасхан...


6.23.2014

Монголын төмөр мэт морьт цэрэг

Чингис хаан төр улсаа байгуулсан үед монголын арми арван хоёр түм илүү хүнтэй болсон ба бүгд морьт цэрэг байлаа. “Монгол хүн дайнд мордохдоо хүн бүр хоёр, гурван морь бэлтгэх буюу зургаа долоог ч бэлтгэх нь буй” гэж 12-р зууны үед монгол нутгаар  биеэр жуулчлан явсан Сүн улсын элч Шюй Дин тэмдэглэсэн байдаг. Энэ олон тооны агтыг гагцхүү мал аж ахуй эрхэлдэг монголчууд л хангахаас бус өөр үндэстэн бол сэтгэшгүй хэрэг билээ.

Марко Поло “хүнс дутагдах үест хүн бүр морины нэг судсыг ханаж уун морины цусаар амьдармой” хэмээн бичиж үлдээсэн нь морь бол цэргийн амьд зэвсэг болох бөгөөд тухайн үед зам харилцааны хамгийн хурдан хэрэгсэл болж байв.
Мориноос гадна тэр үеийн монгол цэргийн гол зэвсэг бол нум сум, махир илд, төмөр шийдэм, урт жад,  халх бамбай бөгөөд эдгээр зэвсэг бол тэр үеийн хамгийн хурц зэвсэг болно. 

Дайнд зэвсэг чухал ч түүнийг эзэмшигч дайчдын ур чадвар шийдвэрлэх үүрэгтэй нь мэдээж. Тиймээс их хааны төмөр морин цэрэг  хэрхэн бэлтгэгдэж байсан нь хүн бүхэнд сонин.
“Монгол татаарын бүрэн тэмдэглэл” “Юань улсын түүх” зэрэгт монгол үндэстний үр хүүхэд нь морины нуруун дээр өсөн бойжиж харвах намнахдаа гаргуун, мориндоо мордвол байлдаанд бэлэн, мориноос буувал малаа хариулдаг тухай олонтоо бичиж үлдээсэн байдаг.

Мөн ан гөрөөг нарийн нягт зохион байгуулалттайгаар хийдэг нь хүнс тэжээлээ базаахаас гадна цэргийн томоохон сургуулилт болдог байна.

Бас тусгайлан цэргийн сургуулилтыг хийж байжээ. Энэ тухай монголч эрдэмтэн И.Н.Березин “ Тэд Чингисийн үнэнч нөхөр болох Боорчи, Мухулай, Зэлмэ нарын удирдлага дор харвалт, мэхлэх, зайлах, бултах хийгээд, байлдааны нягт журам ба байлдах аргын сургуулилтыг хийдэг юм” хэмээн тэмдэглэжээ.

Чингис хааны цэрэг байлдааны талбарт хатуу сахилга баттай байсан. Байлдааны явцад дайсны олзонд шунан саатаж үл болох ба дайралт сарнивал анхны байрлалдаа эргэж ирэх ёстой ба үл ирэгсдийг цаазлан шийтгэдэг байж.

Хэнгэрэг бол монгол цэргийн байлдааны сүр сүлд болохоос гадна байлдааны дохио болдог байна. Монгол цэргийн хэнгэрэг хар бухын арьсаар бүрсэн гэж “Монголын нууц товчоо”-нд гардаг бол Юань улсын үед Хубилай хаан их хэнгэрэгээ заанд ачин явдаг гэж Марко Поло тэмдэглэжээ.


Перс түүхч Жувейны “Дэлхийг байдан дагуулагчын түүх” номондоо Чингисийн цэргийн зохион байгуулалт нь Адамаас аваад Чингис хааны үрс дэлхий ертөнцийн ихэнхийг эзлэх хүртэл ямар нэг улс гүрэн, ямар нэгэн эзэн хааны цэрэг боловч татаарын цэрэг адил цэргийн түүхэнд ер байгаагүй, бичиг номонд тэмдэглэгдээгүй. Энэ цэрэг бол аюул түгшүүртэй нугаршгүй тэмцдэг, ач өршөөлийг марталгүй хариулдаг, аливаа байдалд зохицдог. Энэ нь хишиг пүнлүүд горилсонгүй, мөртөө зэрэг чимэгт ч дурласангүй. Дайны үед байлдааны талбарт шувтлан дайрахдаа тэд сургуультай арслан барс авын амьтанд довтлох мэт ордог, энгийн тайван өдрүүдэд харин хонь шиг номхон, үнээ шиг өгөөмөр. Хүчир бэрхшээл, аюул түгшүүртэй үед тэд ердөө уурлаж бухимддаггүй хэмээн магтан бичсэн байдаг.

6.12.2014

Чингис хааны дөрвөн ордон

Чингис хаанд нийт дөрвөн ордон байв. Энх цагт эдгээрт тогтсон хатад татвар нь суудаг ба дайны үед хааны зарлиг захиа буулгах улс төрийн төв болдог байв.
Эхний ордон бол Хэрлэнгийн их ордон болно. Энэ ордон Хэрлэнгийн Хөдөө аралд байсан ба  эрхлэгч гол хатан бол Чингис хааны их хатан Бөртэ үжин. Үүнээс гадна зургаан хатан нэг татвар сууж байлаа гэдэг.
Бөртэ хатан бол журамт гэргий, энэрэлт эх төдий биш их хааны дайчин үйлсын хань, дархан төрийн түшээ билээ. Бөртэ үжин Зүчи, Цагаадай, Өгөөдэй, Толуй дөрвөн хүү Хожинбэхи, Чэчэйхэн, Алахабэхи, Тэмүлэн, Алтулухан нэрт таван охин төрүүлжээ. Бөртэ үжин хэдийд нас барсан нь тодорхойгүй ч 1265 онд Хубилай хаан “Богдын түшээ гэгээн ивээлт хатан” хэмээх цол өргөмжилжээ.
Хоёрдугаар ордон бол Саарь хээрийн Харилт дахь ордон. Энэ ордныг Хулан хатан эрхэлж байсан ба энд гурван хатан нэг татвар сууж байжээ. Хулан хатан бол мэргэдийн Дайр Усуны охин бөгөөд 1204 онд эцэг нь охиноо Чингис хаанд өргөж өөрөө дагажээ.
Хулан хатан төрөлхийн цэцэн сэргэлэн, гуа үзэсгэлэн тул хааны хүндлэлийг олж баруунш дайлсан аянд түүнийг дагалдан явжээ. Түүнээс Хүлгэн нэрт нэг хүү төрсөн ба Өгөөдэй хааны үед ахмад хөвгүүдийн дайнд оролцож яваад үрэгдсэн гэдэг.
Гуравдугаар ордон бол Туулын хар шугуй дахь ордон. Энэ ордныг Есүй хатан эрхэлж байсан ба мөн зургаан хатан гурван татвар сууж байжээ. Есүй бол татарын их Чэрингийн охин, Есүхэн хатны эгч билээ.
Есүй хатан сэцэн сэргэлэн алсын бодолтой тул их хааны төрийн үйл хэрэгт байнга оролцдог байв. 1225 онд Чингис хааны сүүлийн дайн Тангудыг дарах дайнд тэр дагалдан явсан. Түүнээс Чагур нэрт нэг хүү төрсөн ч бага насандаа эндсэн гэдэг.
Дөрөвдүгээр ордон бол Есүхэн хатны ордон. Энэ ордон бол найманы Таян хааны ордон байсан газар бөгөөд  Есүхэн хатан эрхэлж захирахаас гадна дөрвөн хатан долоон татвар сууж байжээ. Лу. “Алтан товч”-д  Есүхэн хатныг Харачир, Харагту, Чахур гурван хүүтэй гэжээ. Энэ ордон бол Чан Чунь бумбын баруунш Чингис хаан руу зорьж явахад таарсан түүний тэмдэглэлд гардаг ордон ба энд Чингис хаанд Алтан улс болон Тангудаас өгсөн гүнж нар амьдардаг байж.  

Энэ бүх тэмдэглэлийг  “Юань улсын түүх”-ын “Хатад татварын тэмдэглэл” болон Лу.”Алтан товч” зэрэг олон сурвалж бичгүүдэд  тодорхой бичиж үлдээжээ. 

6.11.2014

Төмөр хаан

Монголын барулас овгийн ноёны хүү Төмөр нь Бухар хотоос баруун өмнө зүгт орших Кеш буюу одоогийн Узбекстаны Шахризаб хотын захирагчийн гэрт төржээ. Багадаа зүүн хөлөө гэмтээж доголон болсноос түүний дайснууд доголон Төмөр хэмээх болж. Тэр бол Цагаадайн хаант улсын хаан, гүр эмир цолтой цэргийн гарамгай удирдагч монгол хүн билээ.

Төмөр хаан байлдан дагуулалтаа 1371 онд эхэлж 1380 он гэхэд есөн удаагийн аян дайнаар өнөөгийн Афганистаны дийлэнх нутаг дэвсгэрийг эзлэн эрхшээлдээ оруулж эсэргүүцэл үзүүлсэн дайсны цэргүүдийн толгойг тасдаж пирамид босгож явав. 

Төмөр 1376 онд Тохтыхмаш жанжинд Алтан Ордны улсын хаан болоход нь цэргийн туслалцаа үзүүлсэн ч цаадахь нь хожмоо ачийг нь бачаар хариулж их хор учруулсан.

Нийслэл Самарканд хотоо үнэт эрдэнэсээр дүүргэж эзлэн түрэмгийлсэн орнуудаас нийтдээ 150 мянга гаруй уран гартан авчирч гоёмсог ордон харш бариулж тэдгээрийг Монголын цэргийн байлдан дагуулалтыг харуулсан зургаар чимэглэж байжээ.

1386 онд Кавказ руу дайн хийж Тифлис хотын ойролцоо болсон тулалдаанд гүржийн цэргийг бут ниргэн нийслэл хотыг нь түйвээж хөрш орших Армянийг явуут эзэлжээ. 1388 онд Хорезмийн хаант улс ширүүн эсэргүүцэл үзүүлсэн ч Монголын морин цэргийн удаа дараагийн дайралтыг тэссэнгүй бууж өгсөн ч Төмөр түүний нь үл харгалзан нийслэл Ургенч хотыг бүх оршин суугчдын хамт хүйс тэмтэрчээ. Энэ үед Амударья мөрний эрэг дагуух бүх нутаг Памирийн уулсаас Арал тэнгис хүртэлх нутаг түүний эрхшээлд орсон байв. 

1839 онд Балхаш нуурын зүг Семиречья нутагт, өнөөгийн Казакстаны өмнөд нутаг руу аян хийж дараа нь Персийн эзэнт гүрний нутаг руу хөлгийн жолоог залах үед нь Алтан Ордны улсын Тохтамыш хаан Төмөрийн нутагт халдаж хойд нутгийг нь түйвээж байгаа мэдээ авч нийслэл Самарканд хотдоо буцан ирж томоохон дайнд бэлтгэж эхэлжээ. 

Төмөр хаан Алтан Ордны улс руу 1389, 1391, 1394- 1395 онуудад нийтдээ гурван удаа аян дайн хийж тухай бүр нар төөнөсөн хээр талаар 2500 километр зам туулж байв. Харин сүүлчийн удаа Каспийн тэнгисийн баруун эрэг дагуу Азербайжений нутаг, Дербент цайзаар дайрч явжээ.


1391 оны долоодугаар сард Кергель нуурын дэргэд болсон шийдвэрлэх тулалдаанд хоёр талаас тус бүр 300 мянга орчим цэрэг оролцож Төмөр эмирийн цэрэг ялж Алтан Ордны улсын нийслэл Сарай хотыг эзлэн түйвээсэн ч тус орны нутгийг эрхшээлдээ авсангүй, нутаг буцжээ. 1395 онд Алтан Ордны улсыг дахин түйвээсний дараа Оросын нутагт хүрч хилийн Елец хотыг эзэлж түймэрдсэний дараа яагаад ч юм бас л буцан явжээ.

1392-1398 онуудад Перс, хөрш орших Кавказын чанад дахь нутгийг түрэмгийлэхдээ 1394 онд Патила хотын ойролцоо Персийн Мансур шахын их цэрэгтэй томоохон байлдаан хийж дайсны хориглолтын төв хэсэг рүү морин цэргийн дайралт хийсэн нь бүтэлгүйтэж нөөцөнд байсан хүнд морин цэргээ тулалдаанд оруулж байж сая нэг дийлжээ. Энэ ялалтын үр дүнд Персийн эзэнт гүрнийг бүрэн эрхшээлдээ оруулжээ.

1398 онд Энэтхэгт нэвтэрч ялагдашгүй гэгдэж байсан Мератх хотыг бүсэлж газар доогуур нүх ухаж эхлэсэн нь удааширахад залгамал шат ашиглан хотод нэвтэрч бүх иргэнийг нь хядсаны дараа цайзын хэрмийг нураажээ. Ганга мөрний эрэг дээр болсон нэгэн тулалдаанд Монголчууд морьтойгоо усанд орж Энэтхэгийн усан флотын онгоцууд руу дайрч нум сумаар усан цэргүүдийг алж 48 голын завь, усан онгоцыг нь булаан авчээ.

1398 оны сүүлчээр Дели хотод Махмуд Туклакийн удирдсан цэргийг бут ниргэж хүн ам олонтой, баян хотыг оргүй тонон дээрэмдэж тээвэрлэж болох эд зүйлсийг нь Самарканд руу илгээж бүх байшин барилгыг нь нураан газрын хөрстэй тэгшилж Деличүүд төрөлх хотоо бараг зуун жил хөдөлмөрлөж байж сая нэг сэргээн босгож чадсан гэдэг. 

Төмөр 1400 онд Сирийн эмирүүд удирдсан туркийн цэргийг ялж нийслэл Дамаск хотыг 1401 оны нэгдүгээр сарын 25- нд эзэлж үнэтэй цайтай бүхнийг нь нийслэл Самарканд хот руу зөөжээ.

Сирийг эзлэсний дараа туркийн эсрэг дайн эхэлж хилийн Кемак цайз, Сивас хотыг эзэлж Туркийн султанаас энхийн хэлэлцээ хийлгэхээр элч ирүүлэхэд тэднийг айлгах зорилгоор 800 мянган цэргийнхээ жагсаалыг харуулж байв. Удсангүй нийслэл Анкара хотыг бүслэв. 

1402 оны зургаадугаар сарын 20- ны өдөр Ангара хотын хажууд болсон 300 мянган цэрэг, Энэтхэгээс авчирсан 32 байлдааны заантай Монголын цэрэг Туркийн талын хөлсний Крымийн Татар, Серб болон Оттоманы эзэнт гүрний олон ард түмний төлөөлөгчдөөс бүрдсэн 200 мянган цэрэгтэй тулж дайсны хоёр жигүүр рүү хийсэн морин цэргийн дайралт, тэрчилэн 18 мянган Крымийн Татаруудыг урвуулан авснаар ялалт байгуулжээ.


Дараа нь тэнгисийн эргийн Смирна хотыг эзэлж Дундад Ази руу хөлгийн жолоо залахдаа зам зуур Гүржийг байлдан дагуулжээ. Үүний дараа хөрш орших орнууд нь байлдан дагуулалтаас нь эмээж эрхшээлд нь орсноо мэдэгдэж ихээхэн татвар төлбөр өгдөг болжээ. Тухайлбал 1404 онд Египетийн султан, Византийн эзэнт гүрний хаан Төмөр эмирт асар их бэлэг ирүүлж байв.

Чингис хааны цэргийн байгуулалтын уламжлалыг үргэлжлүүлж асар их цэргээ чадамгай удирдаж байснаар аугаа их байлдан дагуулагч Төмөр хаан том эзэнт гүрэн байгуулж чадсан юм. 

Алтан ургийн хүргэн Төмөр монголын эзэнт гүрнийг сэргээх өөрийн чин хүслээ гүйцээхээр Хятадын Мин улс руу аян дайн хийхээр явж байгаад 1405 онд өөд болжээ.

Гүржийг хоёронтоо ч дарж явсан түүний бунхныг гүрж гаралтай И.В.Сталин ухуулан толгойг салган судлахаар авч явсны маргааш германчууд ЗХУ руу довтолсон гэдэг. Харин түүнийг эргүүлж хийсэн 1943 оноос зөвлөлтийн цэргүүдэд ялалт эргэн ирж давшилтаа эхлүүлжээ. Энэ яриаг түүний бунхнаас гарч ирсэн “Миний бунханыг хөндөх аваас нэгэн жилийн дараа танай улсыг хүчирхэг нэгэн гүрэн халдан довтлох болно” гэсэн утгатай бичигтэй холбон тайлбарладаг.

6.10.2014

Чойрын Богд уулын орчмын дурсгалт газрууд

Чойрын Богд уулыг 1997 онд орон нутгийн тусгай хамгаалалтанд, 2011 онд байгалийн нөөц газрын ангилалаар улсын тусгай хамгаалалтанд авсан. Одоогоор тус ууланд 200 гаруй аргаль хонь нутагшиж байна.
Тус хайрхан нь өвөрмөц тогтоцтой хад чулуу элбэгтэй, хойд талаар нь хүн, амьтан ундаалдаг Уулзварын гол урсдаг.
Ховор ургамал, аргаль, янгир, чоно, үнэг, туулай, цармын бүргэд, идлэг шонхор зэрэг ан амьтан элбэгтэй.
Чойрын Богд уулын орчимд Дагвасүндэл бурхан, Зүүн Жанжин Чойрын хийдийн туурь, Цагаан дарь эх бурхан, Хүүхдийн овоо зэрэг олон түүх соёлын дурсгалт газрууд бий.

Зүүн Жанжин Чойрын хийдийн туурь

Түшээт ханы Боржигин хошуунд буддын олон арван хийд жас байсны нэг нь энэхүү хийд юм. Зүүн жанжин Чойрын  хийдийг 1779 онд Боржигин цэцэн вангийн хошууны дөрөв дэх Засаг Бэйл В.Дагдандоржийн хошуу захирч байх үед одоогийн Говьсүмбэр аймгийн нутагт  Чойр Жүд мамба, Дүйнхор зэрэг 5-7 дацантай 1500 орчим ламтай байгуулагдан бурхны ном буяны үйлээ таслалгүй явуулсаар 1938 оны их хэлмэгдүүлэлтээр устан одоо зөвхөн хийдийн туурь л үлдсэн байдаг.

Баруун Чойр нь одоогийн Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын нутаг Мушгиа зандан гэдэг газар төвлөрсөн халхын томоохон хийдүүд байжээ. Хоёр Чойрын хийдээс буддын гүн ухаан, яруу найраг орчуулан зурхайн ухаанд үлэмж мэргэшсэн олон арван зохиол бүтээл туурвиж бичсэн мэргэд олон төрж гарчээ.

Дагвасүндэл бурхан

Эрчүүдийн шүтээн, цог хийморийн билэгдэл Дагвасүндэл бурхан, урт наслуулахыг ерөөлт бурхан Цагаан дарь эх, хүүхдэд ээлтэй хэмээн шүтэгч Хүүхдийн овоо нь аливаад тэгш дүүрэн гэр бүлийг баттай амар амгалан оршоох хийгээд хүүхдийн эрүүл мэндэд үлэмжийн өршөөлтэйн дээр айлын ганц хүүхдийн амь болоод хийморь сүлдийг өргөх тусыг агуулдаг хэмээн шүтсээр иржээ. Энэ гурвалыг сүсэглээд дээрх газруудаар мөргөж хүндэтгээд ирэхэд аравнай шүншиг адис жанлав тэгширч лус аргадах тэнгэрлэг шүтээний авралд багтаад ирдэг гэсэн домог яриа байдаг.

 Цагаан дарь эх

Боржигин нутгийн Зүүн жанжин Чойрын хийдийн Цогчин дугана байсан газраас холгүй арын Цагаан Дарь эх хэмээх хадны бурхан бий. Энэхүү бурхныг маш эртний галбын барзгар боржин чулуун хадны элгэн биеэс ургуулах мэт товойлгон долоон тохой хагас  талбайд товойлгож сийлсэн нь бусдаас ялгагдах ур хийц юм.

1828 онд Зүүн Чойрын хийдийн орчимд хэжиг өвчин дэлгэрч лам хар олон хүний аминд хүрсэн гэдэг.Иймд энэ өвчнийг дарах арга хайсан нутгийн ардууд урт наслуулахын ерөөлт бурхан Цагаан Дарь эхийг Чойр дацангийн дуганы гол хаалга чиглүүлж уран бурханчаар бүтээлгэвэл дарагдана гэснээр уул хадаар хэрэн хэсэж бурхан бүтээж явдаг нэгэн бурханч ламыг залж энэхүү бурхныг хийдийн гол дуганыг чиглэн байрлах боржин хадан дээр бүтээлгэсэнд халуун хэжиг өвчин дарагдсан гэдэг.

Хүслийн хад: Цагаан дарь эх бурханы арын хананд орших бөгөөд хадан дунд яг хүний толгой багтах нүхийг зориуд хүмүүс гаргасан юм шиг байдгаараа нилээд өвөрмөц дурсгал юм. Уг хадны нүхэнд нь толгойгоо шургуулан нэг л хүслээ шивнэвэл хүсэл нь биелдэг гэж нутгийн ардууд үздэг байна.

Хүүхдийн овоо

Анх нутгийн ардууд энэхүү овоог цагаан овоо гэж нэрлэдэг байснаа хожим нь Хүүхдийн овоо гэж нэрлэж тахин шүтэж ирсэн.Овооны тахилга хийж хүүхдүүд уралдуулан хувь өгдөг байжээ. Одоо цагт хүмүүс чулуун тоглоомын гэр дугуйлан барьж шүтсээр байна. Энэ нь хүүхдүүдэд болон түүний дотроос айлын ганц хүүд маш сайн гэж хэлэлцдэг.
Иймд эцэг эхчүүд үр хүүхдээ аз жаргалтай амьдруулах, буян заяаг нь даатгаж сүслэн залбирдаг байна.


6.09.2014

Их хааны гутгаар хөвгүүн Өгөөдэй

Чингис хааны орыг залгасан түүний гуравдугаар хөвгүүн Өгөөдэй 1186 үны улаан морин жил төржээ. Тэрээр бага наснаасаа эцгийнхээ бүхий л үйл хэрэгт идэвхийлэн оролцож их нэр төрийг олсон ба Чингис хаан амьд ахуйдаа түүнийг өөрийн залгамжилагчаар тохоон томилсон.
1225 онд түүнд хувилж өгсөн газар бол Эрчис мөрний орчим газар бөгөөд сүүлд Өгөөдэйн үр ач нар Өгөөдэйн хаант улсыг байгуулж Эмил хотод төвлөж байв.
Өгөөдэй 1229 онд их ор залгаж арван гурван жил хаан суусан. Тэр хаан сууж байхдаа 1230-1234 оны хооронд Алтан улс руу дайрч түүнийг эцэслэн мөхөөж эцгийн гэрээслэлийг биелүүлсэн ба 1236 оноос баруунш хийсэн монголчуудын хоёрдохь их дайн - Ахмад хөвгүүдийн дайныг зохион байгуулж эхлүүлжээ.
Мөн нөгөө талаар Елюй Чуцай тэргүүтэй эрдэмтэн мэргэдийг олноор хэрэглэн хууль ёсыг чангатган, гааль гувчуурын дүрмийг мөрдүүлж, Хар хорум хотыг анхны нийслэл хотоор хөгжүүлж, хот балгасыг байгуулан сэргээж, говь цөлд худаг ус гаргуулан, өртөө улааны алба байгуулан олон жилийн дайн дажны шарх сорвийг эдгэрүүлэх олон арга хэмжээ авч явуулсан байдаг.
Түүнд хаан хүнд баймгүй өөрийн буруугаа өөрөө шүүмжилдэг эрхэм чанар буй. “Монголын нууц товчоо”-нд миний хийсэн дөрвөн муу үйл хэмээн хуруу даран тоочсон байдаг.
Өгөөдэй хааны өөрийн хэлсэн болон түүх шастирт бичснээс харвал бор дарсанд хэт орсон нь ажил үйлс амь насанд нь хүртэл нөлөөсөн бололтой байдаг.

Тэр 1241 оны 11 сард аяны ордондоо гэнэт нас баржээ. Түүнийг Дөргэнэ хатан хорлосон, Дөргэнэ хатны даалгавараар Фатима хэмээх Перс бүсгүй хорлосон, эгч нь хорлосон гэх мэт олон таамаглал байдаг. Мөн зарим эх сурвалжид Өгэдэй хаан 1241 оны намар ан ав хийж байхдаа Араб худалдаачин Абдур Рахман хэмээгчтэй шөнөжин архидаж хоноод маргаашийн үүрээр нас барсан гэх ба Абдур Рахман нь Дөргэнэ хатны нууц амраг байсан хэмээдэг.