9.28.2014

Нарванчин гэгээний тухай

Намайг долоо найман настай байхад Нарванчин гэгээнийг залах яриа гарч, хийдэд маань бөөн ажил боллоо. Хуучин Нарванчин гэгээний жасад нэн ядуу шавь ардын эхнэрээс шинэ гэгээн мэндэлжээ.

Тэр бүсгүй нэг монгол хүнтэй ханилж байгаад хожим нь Тинг хэмээх хятадыг дагаж Ховд руу оджээ. Тинг эхнэрийнхээ өмнөх нөхөрт жаахан мөнгө өгч, хүүг үрчилж аваад Шинжааны Или нутаг руу явсан байна.

Тэр хүүг Нарванчин гэгээний дүр гэж тодруулмагц түүнийг олж ирүүлэхээр Или нутагт элч илгээхэд хятадууд тэр хүүг 35000 лангийн барьцаанд авчээ.

Хүүг залж ирэхээр морь тэмээ бүхий дөчөөд хүн илгээсэн ба  аз болоход Алтайн торгууд нар манай хүрээтэй сайн харьцаатай байсан тул тэд унаа залгуулж байв. Энэ зуур элчийг нааш цааш явуулсаар нэг жилийг өнгөрөөсөн бөгөөд мөнгө амласан авч түүнийг нь цаад тал хүлээн авахаас татгалзжээ. Тэгээд цөхрөнгөө барж эргэж иртлээ зуныг нь Бор талд, өвлийг нь Илид өнгөрөөсөн.

Дараахь намар нь хиа нарын хамт арван хоёр хүрэхгүй хүнийг илгээсэн бөгөөд тэд нь Или хүрч удтал ярилцсаны эцэст хандиваар хуримтлуулсан 10000 лан мөнгийг өргөж  хүүг эргүүлэн авчирсан.


Дилов хутагт Б.Жамсранжавын дурсамжаас... 

No comments:

Post a Comment