12.22.2015

Монголын Юань улсын хаад – Заяат хаан Төвтөмөр

Хайсан хүлэг хааны дэд хөвүүн Төвтөмөр 1304 онд төржээ. Гэгээн хаан Шадбалын үед Хайнань газрыг сахин сууж байгаад Есөнтөмөр хааны үед зарлигаар эгэн ирж ван хэргэм хүртсэн байна.

1328 онд Есөнтөмөр хаан нас барж түүний хүү Ашидхэв Шаньду хотноо хаан өргөмжлөгдөхөд сарын дараа буюу 9 сард Төвтөмөр Дайду хотноо эцгийн шадар ноёдын туслалцаатайгаар хаан суужээ.

Хаан суусан даруй Ашидхэв хааны жанжид Ванчин, Зүүндэй, Хулдай, Түмэндарь  нарыг ээлж дараалан бутцохиж Шаньдуг эзлэн  эсрэг этгээдээ төвшитгэсэн байна.

1329 оны цагаан сараар Төвтөмөр хаан ах Хүслэндээ элч зарж их орыг залгамжил хэмээн хэлүүлж 3 сард Яньтөмөрт эрдэнийн тамга бариулан ах Хүслэн хаандаа хүргүүлжээ. Тамгыг хүлээн аваад Хүслэн хаан Төвтөмөрийг хунтайжид өргөмжлөн, Яньтөмөрийг баруун гарын чинсан болгож, цэргийн явдлыг мэдүүлж  дархан цол олгов.

1329 оны 5 сард хунтайж Төвтөмөр,  хаан ахаа тосохоор Дайду хотоос мордож 8 сард Онгоцот хэмээх газар золголдон их найр үүсгэснээс  4 хоногийн дараа Хүслэн хаан гэнэт нас баржээ. Ингээд Шаньду хотод Төвтөмөр эргэн хаан суув.

1330 оны 1 сард Юньань газрын Тэгэн, түмний ноён Бэх нар Төвтөмөр хаанаас урван хэд хэдэн хотыг байлдан эзлэсэнд  Төвтөмөр хаан Өлзийд 5 түмэн цэрэг өгч байлдуулахаар явуулсанд Бэх нар түм гаруй цэргийг нь устган үлдэн хөөсөнд хаан дахин 10 түмэн цэрэг цуглуулан илгээсэнд  11 сард хааны цэрэг Бэх нарыг ихэд дарж Бэхийн дүү Баясгал, хамсаатан Байбух, Баянтөмөр зэрэг 10 гаруй хүнийг барьж алжээ. Босогчид дарагдсан ч цөөн тооны хүмүүс уул шугуй, далайн хойгт дутаан ороод гарч ирэхгүй болсон тул Төвтөмөр хаан зарлиг буулгаж их цэргийн хагасыг нь Юньаньд дарангуйлан суулгаж хагасыг нь эргүүлэн татаж нутаг оронд нь буцаав.

Юньаны бослогыг төвшитгэсний дараа Төвтөмөр хаан улсын сан хөмрөгөөс 2300 лан алт, 14600 лан мөнгө, 1700 бүхэл торго, 91 алтан бүс гарган энэ удаагийн байлдаанд гавъяа байгуулсан 91 хүнийг ихээр шагнажээ.

Төвтөмөр хааны үед чинсан Яньтөмөрийн эрх мэдэл үлэмж их болсон бөгөөд улсын санхүүгийн байдал ихэд доройтсон байна. Хаан “Жиньань газрын хүн түмэн таар аму хүргэж ирвэл долдугаар зэргийн түшмэл болгоно. Шаньши газрын хүн 15000 таар аму хүргэж  ирвэл долдугаар зэргийн түшмэл болгоно. Лхенэн газрын  хүн 2 түмэн таар аму хүргэж ирвэл долдугаар зэргийн түшмэл болгоно. Лам хүн бас аму хүргэж ирвэл багшийн зэрэг нэмж олгоно” хэмээн зарлиг буулгаж байжээ.

Төвтөмөр хаан 1332 онд Шаньду хотод тэнгэрт хальжээ. Тэрээр  зураг зурах дуртай, чадварлаг найрагч нэгэн байв.


12.18.2015

Монголын Юань улсын хаад – Ашидхэв хаан болон Хутагт хаан Хүслэн

1328 онд Есөнтөмөр хаан Шанду хотод  нас барахад их орыг түүний хүү хунтайж Ашидхэв залгав. Тэрээр 1320 онд төрсөн бөгөөд  түүний  эцэг нь Хубилай хааны хүү Чингимийн ахмад хөвүүн Гамалагийн Есөнтөмөр хаан бөгөөд  эх нь хонгирад удмын Бабухан хатан.

Ашидхэв хааныг Шаньдуд их ор сууснаас нэг сарын дараа Дайду хотноо Хайсан хүлэг хааны итгэлт ноёд Яньтөмөр, мэргэдийн Баян нар түүний хүү Төвтөмөрийг хаан ор суулган Шандутай дайн зарлан хоёр тал хоёр сар гаруй тэмцэлдээд  балчир хааны тал ялагджээ. Ашидхэв хааны хувь заяа түүхэнд тодорхойгүй үлдсэн ч ихэнх түүхчид дайны хөлд амь үрэгдсэн гэж үздэг.

Есөнтөмөр хааны талынхнаас хаан суурийг өөрийн талд баттай шилжүүлж авсан Төвтөмөр хаан их орыг өөрийн ах Алтай орчим нутаглаж байсан Хүслэнд шилжүүлэхээр элч илгээжээ. Энэ ч учир шалтгаантай байв. Хайсан хүлэг хаан Хүслэнг цохож хаан суулгахаар нэр зааж байжээ.

Хүслэн хаан 1300 онд Хайсан хааны Ихэрэс овгийн Шүншири  хатнаас төржээ. Төмөр хаан нас нөгчихдөө өөрийн ач хүү Хайсангаар их суурийг залгамжлуулсан ба  Хайсан хаан их суурийг авмагц дүү Аюурбалбадаа хунтайж өргөмжлжээ.  Аюурбалбад хаан суусны дараа 1315 онд Хүслэнг ван өргөмжлөн алтан тамга соёрхоод хунтайж өргөмжлөх хэргийг зөвлөлдөхөд чинсан Тэмүдэр бялдуучлан Есөнтөмөр хааны хүү Шадбалыг хунтайж болгожээ. Иймээс 1317 онд Аюурбалбад хаан Хүслэнг Дайду хотоос холдуулж  Юанань газрыг захируулахаар явуулжээ.

Хүслэн Юанань явах зам зуураа босож Алтай уулнаа хүрч Цагадайн хаант улсын ивээлд оржээ. Энэ газар арав гаран жил амьдрахад Аюурбалбад хаан нас нөгчиж, Шадбал хаан хорлогдон, Есөнтөмөр хаан ч төрөл арилжжээ. Мөн Ашидхэв хаан алагдаж дүү Төвтөмөр нь хаан суужээ.

Хүслэн хааныг Алтайд сууж байхад хаан ширээндээ ирж залрана уу хэмээн илгээсэн Төвтөмөр хааны элч ирэхэд хаан ширээ залгамжлах Хайсан хүлэг хааны ахмад хөвүүн мөн боловч  дүү Төвтөмөр нь хаан суугаад хэдэн сар болчихсон байсан тул итгэж ядан байлаа. Гэвч зүүн баруун гарын олон ван ноёд  ихэд шамдуулан ятгасан болохоор зүүнш аялж эхэлжээ. Түүнийг Цагаадайн улсын эзэн Балтөмөр хамгаалан дагалдан явжээ.

1329 оны цагаан сард Хүслэн хаан Хархорум  хотын хойхно байх Цэцэг цагаан нуурын дэргэд их ор суун Дайду тийш элч илгээн “Миний дүү урьдаас ном бичиг унших дуртай билээ. Иймээс төрийг засч тэгшрүүлсний хойно бичгийн эрдэмтдийг сонгож, түүх шастирийг ялган, эрт эдүгээгийн самуурсан ба олж алдсан тэргүүтнийг  үргэлж надад сэрэмжлүүлэн ярьж өгөх болтугай!”  хэмээн Төвтөмөрт хэлүүлжээ.

Дайду хотод сууж байсан Төвтөмөр баруун гарын чинсан Яньтөмөрт эрдэнийн тамга бариулж  Хүслэн хааныг угтуулав. Яньтөмөр Шаньду чиглэн ирж явсан Хүслэн хаанд  эрдэнийн тамгийг өргөж хаан суурийг улам баталгаажуулжээ. Хүслэн хаан  Дайду хот руу элч илгээн өвгөдийн сүмийг тахиулж, Төвтөмөрийг хунтайж өргөмжлөв.

Мөн оны 8 сард Хүслэн хааныг угтсан Төвтөмөр нар Онгоцот хэмээх газар золголдон их найрыг үүсгэжээ. Дөрвөн өдрийн дараа Хүслэн хаан нас нөгчлөө. Энэ тухай хожим Тогоонтөмөр хаан “Төвтөмөр муу сэтгэлээ үл хаян, өөрөө угтаж ирээд, олон түшмэдтэйгээ миний эцгийг хорлож билээ” хэмээжээ.



Хүслэн хааныг нас барсны дараа Хутагт хаан хэмээн өргөмжилжээ.