9.28.2018

Ижиси шаньюйн үеийн Хүннү


НТӨ 126 онд Гүнчин шаньюй нас барж, түүний дүү зүүн гули ван Ижиси шаньюй болов. Гүнчин шаньюйн хүү Юйдань болон Ижиси нарын хооронд хаан ширээний төлөө тэмцэл өрнөж, энэхүү тэмцэлд Юйдань ялагдан, Хань улсад дагаар оржээ. Хань улс хүлээн авч, Шэань хоу өргөмжилсөн ч хэдхэн сарын дараа нас барсан байна. Ижиси шаньюй болмогцоо тэр зундаа хэдэн түмэн цэргийн хүчээр Дай тойргийг довтолж, 1000 илүү хүн алав. Мөн НТӨ 125 онд хүннүгийн 30000 цэрэг Дай тойрог, Динсян, Шан тойрог руу довтлов.

Хүннүгийн баруун сэцэн ван Хань улс Хэнаний Шофаны газрыг эзлэн авсанд өширхөн, хэдэн удаа уулгалан довтолж, дээрэм тонуул хийв. НТӨ 124 оны хавар Уди хаан Вэй Цинийг захирагчаар томилж, 6 жанжнаар удирдуулсан 100000 цэргээр хүннүг довтлов. Баруун сэцэн ван сэрэмжгүй байсан тул Хань улсын цэрэгт бүслэгдэн, бүслэлтээс цөөн цэргийн хамт арайхийн гарчээ. Баруун сэцэн вангийн 15000 иргэд олзлогджээ. Намар нь хүннү нар Дай тойрогт халдаж, 1000 илүү хүнийг алж дээрэмджээ. НТӨ 123 онд Уди хаан дахин 6 жанжнаар удирдуулсан 100000 цэргийг илгээсэн нь 19000 хүннү нарыг алж устгажээ. Харин Хань улсын 2 замын  цэрэг нь хүннү нарт бут цохигдон , өмнөд замын цэргийн жанжин, урьд нь хүннүгийн бага ван байсан Жао Синь Хүннүд бууж өгчээ. Ижиси шаньюй түүнийг вангаар өргөмжилж, дүү охинтойгоо гэрлүүлсэн байна. Энэ удаа Хань улсын цэрэг үлэмж хохирол амсчээ. Үүний дараа Хүннү цэрэг Шангү рүү довтолж, хэдэн зуун хүнийг алж утсгав.

“Түүхэн тэмдэглэл”-ийн “Хүннүгийн шастир”-т өгүүлснээр Жао Синь шаньюйд: “Хүчээ хойш татаж, Хань улсын цэргийг ядраан даруй хилд ойртохгүй байя гэв. Шаньюй түүний аргаар болов” хэмээсэн байдаг нь шаньюй орд өргөөгөө говийн хойно гарган Хань улсын цэргүүдээс сэргийлэх арга хэмжээ авсныг өгүүлжээ. Хүннү Ханьгийн удаан үргэлжилсэн дайнд хүннү нар Ханьгийн томоохон довтолгооны дараа хариу довтолгоо хийж эсрэг талдаа хохирол учруулах тактикийг баримтлах нь  элбэг байлаа. Уди хаан олон цэргээр хүннүгийн газар нутагт цөмрөн орж, газар дээр нь устгах бодлого нь төдийлөн амжилт олоогүй бөгөөд асар их зардал чирэгдэл дагуулж байлаа. Харин хүннүгийн гэнэтийн довтолгоо нь Хань улсад үлэмж хохирол учруулж байв.

Уди хааны бодлого төдийлөн амжилт олохоо больсон тул Хүннү нарт баруун, зүүн гарт нь цохилт өгөн, Хүннүгийн нөлөө ноёрхлыг таслах бодлогод шилжлээ. Анх Уди хаан Хань улсад дагаар орсон хүннү нараас Хүннүгий шаньюй Юэжиг довтолж, түүний ванг алж, гавлын ясаар нь архины аяга хийсэн тухай болон Хүннүд цохигдсон Юэжи нар алс баруун зүг зугтсан бөгөөд хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тухай олж сонсжээ. Уди хаан баруун бүс нутаг руу Юэжи нарыг олж холбоо тогтоолгохоор НТӨ 138 онд Жан Цянь хэмээх ордны хаалгачийг илгээсэн байна. Жан Цянь аялалаа дөнгөж эхлээд хүннү нарт баригдсан ба Хүннү нар түүнд эхнэр авч өгөн 10 жил нутагтаа хорьжээ. Гэвч Жан Цянь зорилгоо умарталгүй оргон гарч, аялалаа үргэлжлүүсэн бөгөөд буцаж ирэхдээ дахин хүннү нарт баригдсан боловч Гүнчин шаньюй нас барж, Ижиси шаньюй өргөмжлөгдөх үед, хүннү нар анхаарал суларсныг ашиглан дахин оргожээ. Тэрээр Юэжи нартай холбоо тогтоож чадаагүй ч НТӨ 126-125 оны үед эргэж ирээд Уди хаанд баруун бүс нутгийн талаархи бодит мэдээлэл өгөхийн зэрэгцээ “Хүннү нарын баруун гарыг таслах” хэмээх өргөх бичиг өргөсөн байдаг.

НТӨ 121 оны хавар Хо Цюйбин жанжин 10000 хөнгөн морин цэрэгтэй Хөхнуур, Ганьсу дахь Хүннүгийн ван Сютүг довтлон цохиж 8000 хүн алж, Сютү вангийн тахилгын 2 алтан хүнийг олзлов. Зун нь Хо Цюйбин, Чи Хоу нар хэдэн түмэн морьт цэрэгтэй Луйси, Бэйдигээс хөдөлж, 2000 ли газар явж, Цилянь хүрч 3 түмэн хүн олзолжээ. Хүннүгийн цэрэг Дай болон Яньмэньд хариу довтолгоо хийсэн байна. Мөн Хань улсын Во Ван Хоу болон Ли Гуанли нар Бэйпэнээс мордож, хүннүгийн зүүн сэцэн ванг довтолсон ч хүннүгийн цэрэгт бүслэгдэн 4000 хүнээ алуулж, бүслэлтээс арайхийж гарчээ.

НТӨ 121 оны намар Ижиси шаньюй Хүнье ван болон Сютү ван нарыг  Хань улсад хэдэн түмэн хүнээ олзлуулсанд уурлаж, тэднийг цаазлах гэв. Хүнье болон Сютү нар айж, Хань улсад дагаар орохоор хэлэлцсэн байна. Эцсийн мөчид Сютү ван эргэлзсэнд Хүнье ван түүнийг алж, 40000 албатаа дагуулан Хань улсыг дагасан нь Хүннүд маш хохиролтой хэрэг боллоо.  Хүннүчүүд Ганьсу, Хэси мөрний баруун хэсгийн стратегийн чухал ач холбогдолтой газраа алдсандаа:
Цилянь уулаа алдаад зургаан хошуу мал минь өсөхөө байлаа
Яньжи уулаа алдаад авгай хүүхнүүд маань энгэсэггүй боллоо хэмээн гунхиран дуулж байжээ. 

Хүнье вангийн урвалтаар олж авсан газар нутгийг хятадын түүхэнд анх удаа баруунш “цонх” гаргаж авсан хэрэг гэж үздэг.
НТӨ 120 оны намар Хүннү нар баруун Бэйпин, Динсян руу хэдэн түмэн морьт цэргээр довтолж 1000 илүү хүн алж олзлов. НТӨ 119 оны хавар Хань улс сайтар бэлтгэл базаасны эцэст Вэй Цин, Хо Цюйбин нараар 100000 цэргээ хоёр хуваан удирдуулан Хүннү рүү довтолжээ. Ижиси шаньюй чимээ аваад ачаа хөсөгөө хөнгөлж, шилдэг цэрэгтэйгээ говийн ард тосон хүлээв. Эхний өдрийн байлдаанд шаньюйн цэрэг давамгайлж байсан ч хүчтэй салхинд  нум сумаар байлдах давуу талаа алдсанд Хань улсын цэрэг бүсэлж авав. Шаньюй хүчлэн байлдсан ч дийлдэн шадар цэргийн хамт бүслэлтийг сэтлэн умард зүг оджээ. Ижиси энэ байлдаанд 19000 цэргээ алджээ. Баруун гули ван Ижиси шаньюйг тулаанд алагдсан гэж сонсоод өөрийгөө шаньюйд өргөмжилсөн байсан ч Ижисиг амьд эргэн ирэхэд хуучин цолоо авчээ.

Хань улсын нөгөө замын цэрэг зүүн сэцэн ванг довтлоход тэр ялагдан 70000 хүнээ алуулж олзлуулжээ. НТӨ 119 оны Ханьгийн цэргийн довтолгооны дараа хүннү нар их хохирол амсжээ. Энэ тухай “Түүхэн тэмдэглэл”-ийн “Хүннүгийн шастир”-т  “Түүнээс Хүннү хол явав. Элсэн говиос өмнө вангийн ордон байхгүй болов. Ханьчууд голыг гатлан Шофангаас баруун зүг Зиньжюд суурьшав. Суваг татан тариа тарих дарга дайчидтайгаа тав зургаан түмэн хүн болов” гэжээ.

НТӨ 118-115 оны хооронд Жан Цянь дахин баруун бүсийн нутгуудаар явж Хүннүгийн эсрэг холбоотон хайжээ. Усуньд ирж Күньмог ятгасан боловч тэр хүннү нарын эсрэг холбоолохыг хүссэнгүй. Улмаар Жан Цянь усунь хүнээр замчлуулж Даюань, Канжү, Их Юэжи, Дася, Аньси, Шэньдү, Юйтянь, Юймо зэрэг хөрш орнуудаар нь очиж Хүннүгийн эсрэг холбоотон болохыг хүссэн ч бүгд Хань улсын бодлогыг дэмжсэнгүй. Ижиси шаньюй 13 жил хаанчлаад НТӨ 114 онд нас баржээ.
“Монголын эртний түүх” Тэргүүн боть “Хүннү” номноос

9.24.2018

Гүнчин шаньюй


Лаошан шаньюй НТӨ 161 онд нас барахад хүү Гүнчин залгамжлан шаньюй болов. Гүнчинг шаньюй болмогц Вэньди хаан энх ургийн гэрээг дагахаа илэрхийлж, гүнжээ илгээхийг хүсэхэд хүннү нар зөвшөөрчээ. Гэвч НТӨ 158 онд хүннүгийн 30000 цэрэг Шан тойрог руу довтолж түйвээжээ. Хань улс их хэмжээний цэрэг илгээсэн боловч тэднийг очиход хүннү нар аль хэдийн нутаг буцсан байв. Вэньди хаан НТӨ 157 онд нас барж, НТӨ 156 онд Зинди хаан суумагц энх ургийн гэрээг баталгаажуулах хүсэлт тавьж хүннүд элч илгээжээ. 
Энэ тухай “Түүхэн тэмдэглэл”-ийн “Хүннүгийн шастир”-т “Сяо Зинди хаан Хүннүтэй энх ургийн гэрээг сэргээж, боомтын захыг нээв. Хүннүд өгөх бэлгийн хэмжээг нэмж, гүнжээ илгээв” гэжээ.

Гүнчин шаньюйн үед Хүннү, Хань улсын харилцаанд энх ургийн гэрээ тогтвортой үйлчилж, дайн дажингүй, харьцангуй энх амгалан байв. “Хань улсын судар”-ын Зинди хааны бүлэгт тэмдэглэснээр НТӨ 148 онд Хүннүчүүд Янь руу довтолжээ. Мөн НТӨ 144 онд Яньмэнь тойргийн Фэнзин рүү довтолж  байсан ч эдгээр нь орон нутгийн дээрэм тонуулын шинжтэй байж, энх ургийн гэрээнд нөлөөлсөнгүй.

Баруун бүс нутагт ч том хэмжээний дайн, байлдаан болсонгүй. Лаошан шаньюйг нас барсны дараа Усуний ван Күньмо харьцангуй бие даасан бодлого явуулах болжээ. Энэ талаар “Түүхэн тэмдэглэл”-ийн Даюаний тэмдэглэлд:  “Шаньюйг үхсэний дараа төдий л удалгүй Күньмо хүмүүсээ дагуулан хол нүүж, тусгаар удирдагч гэдгээ зарлан, Хүннүгийн засаг захиргааны цугларалт болон дайчилгаанд очихоо больсон. Хүннү нар цэрэг илгээж түүнийг довтолсон ч ялалт байгуулж чадаагүй ажээ. Тэд үүнийг тэнгэрийн санаа биз хэмээгээд түүнийг зүгээр орхисон байна. Түүнийг өөрийн харъяат хэмээн үздэг ч том хэмжээний довтолгоо хийсэнгүй” хэмээн тэмдэглэжээ.

Гэхдээ Күньмо ван Хүннүгийн хараат гэдгээ хүлээн зөвшөөрч, НТӨ 1 дүгээр зууны үед ч Хүннүд алба төлж байсныг сурвалжийн мэдээ нотолдог. “Хань улсын судар”-ын 96 дугаар бүлэг “Баруун орны тэмдэглэл”-д “Баруун орны улсуудын ихэнх нь суурьшмал амьдралтай. Хот суурин , тариалан, малтай. Хүннү болон Усунь нараас өөр заншилтай. Бүгдээрээ Хүннүгийн харъяат. Хүннүгийн баруун талын жижү ван, тунпү дүвэйг баруун оронд томилон илгээж Яньци, Вэйсюйн дунд байнга суулган, олон орноос татвар авч, хөрөнгө цуглуулдаг” гэжээ. Баруун бүсийн орнуудыг өөрийн мэдэлд захиран, хяналт тавих үүрэгтэй Тунпү дүвэй хэмээх байгууллага байгуулан, цэрэг суулган татвар хураадаг байжээ.

НТӨ 126/125 онд Хань улсын Уди хааны элч Жан Цянь дахин ирснээр Хань улс баруун зүгийн орнуудын талаар анхны ойлголттой болсон байна. Харин Хүннү нар энэ бүс нутагт аль хэдийн ноёрхлоо тогтоож, татвар авч, хамгаалалтдаа авсан байв.  Өрнөдийн түүх бичлэгт Уди хааны үед баруун бүсийн нутаг орнуудыг хятадууд нээж, торгоны замын эхлэл тавигдсан гэдэг ойлголт байдаг ч үнэндээ түүнээс өмнө Хүннү нар баруун бүс нутгийн орнууд болон худалдааны замд хяналтаа тогтоосон байжээ.

Хань улсын Уди хаан (НТӨ 141-87 он) сууринд суумагц энх ургийн гэрээг НТӨ 139 онд баталгаажуулжээ. Уди хаан энх ургийн гэрээг дагахаа илэрхийлж, боомтын худалдааг өргөн дэлгэр болгон, Хүннүд өгөх тансаг эд агуурсыг улам бүр нэмэн өгчээ. Хүннү нар цагаан хэрмээр чөлөөтэй орж гарч байв. Гэвч Хань улсын гадаад бодлогодоо огцом өөрчлөлт гаргаж, Хүннүгийн эсрэг дайтах бодлого явуулах болж,  НТӨ 133 онд Уди хааны зохион байгуулсан отолтын улмаас итгэлцэл үгүй болон энх ургийн гэрээ зогсжээ.

НТӨ 134 онд Уди хааны ордонд зөвлөгөөн болж, Хүннүгийн шаньюйг хууран отолтонд оруулах тактик боловсруулжээ. Хань улсын хилийн худалдаачин Ние Вэн-и хүннүтэй нууцаар худалдаа хийдэг нэгэн байж. Тэрээр “Ма И хотын захирагчийг алж, хотыг таньд дагаар оруулж чадна. Тэндэхийн эд агуурс таны эзэмшил болно” хэмээн шаньюйг ятгажээ. НТӨ 133 онд Гүнчин шаньюй 100000 цэргээ дагуулан Ужоу боомтоор нэвтрэн оров. Хань улс 300000 цэрэг Ма И-д нууцаар байршуулжээ. Ма И-гаас 100 ли буюу 40 орчим км газар дөхөж ирэхэд хөдөө хээр мал байвч эзэнгүй байгаад шаньюй гайхаж, нэгэн байшинг нэгжиж үзвэл Янь Мэний түшмэл Вэйши нуугдаж байгаад баригджээ. Тэрээр Хань цэрэг отож байгааг хэлсэнд, шаньюй ихэд цочин “ угаасаа сэжигтэй байсан билээ” гээд цэргээ татаж, даруй буцжээ.  Хилээс гараад “ Вэйши түшмэлийг олзолсон нь тэнгэрийн ивээлээр болов. Тэнгэр элчээ явуулж хэл хүргүүлэв” гээд Вэйши түшмэлд “тэнгэрийн ван” цол олгожээ.

НТӨ 129 онд Уди хаан 4 замаар Хүннүгийн эсрэг довтолсноор 38 жил үргэлжилсэн их дайн эхэлсэн бөгөөд 4 замын цэргээс Вэй Цин жанжны цэрэг Шангүгээс гарч Лүнчэн хүрч 700 гаруй хүн алж ялалт байгуулжээ. Нөгөө нэг замын цэрэг нь хүннүгийн цэрэгтэй тааралдалгүй буцсан бол үлдсэн 2 замын цэрэг нь ялагдаж, нилээд хохирол амсжээ. Дараа жилийн намар буюу НТӨ 128 онд Хүннүгийн 20000 цэрэг Хань улсад довтолж, 2000 хүн олзлоод буцав. Хариуд нь Хань улсын Вэй Цин жанжин 30000 цэрэгтэйгээр Яньмэниэс, Ли Ши жанжин Дай тойргоос хөдөлж , хүннүгийн нутагт хүрч хэдэн мянган хүн алжээ. Дараа нь Вэй Цин Юньжунаас дахин мордож Лоуфань, Байяны ванг Хэнаньд дайлав. Хэдэн мянган хүн алж, хэдэн зуун мянган үхэр, хонь олзолж, Хэнаний газрыг Хань улсад нийлүүлэв. Энэ үйл явдлын дараа жил буюу НТӨ 126 онд Гүнчин шаньюй нас барлаа.

“Монголын эртний түүх” Тэргүүн боть “Хүннү” номноос...


9.21.2018

Гиюй буюу Лаошан шаньюй

НТӨ 174 онд Модунь шаньюй нас баржээ. Модунь НТӨ 209 оноос НТӨ 174 он хүртэл 35 жил шаньюй суухдаа улс орны гадаад, дотоод байдлыг ихээхэн бэхжүүлж, Хүннү нь Евроазийн хээр тал нутгийн хамгийн хүчирхэг гүрэн болсон байв.

Модуны хүү Гиюй НТӨ 174 онд Лаошан хэмээх өргөмжилсөн нэртэйгээр шаньюй залгамжилжээ. Түүний үе хүннүгийн хамгийн хүчирхэгжилийн үе байсан бөгөөд  Хань улсын Вэньди хаан энх ургийн гэрээгээ дагахаа илэрхийлж түүнд өөрийн гүнжээ илгээсэн байна.
НТӨ 166 онд Лаошан шаньюй өөрийн биеэр 140000 цэрэг удирдан, Хань улсын Чаона, Сяогуань боомтоор нэвтэрч, Бэйди тойргууд дахь цэргийг бут цохин, Пэнянийг эзлээд, Юнганьцюаньд хүрчээ. Вэньди хаан хэдэн замын цэрэг илгээн, урагшлах замыг хааж, нийслэл Чанань хотоо бэхлэв. 

“Түүхэн тэмдэглэл”-ийн “Хүннүгийн шастир-т: “Шаньюй цайзад сар гаруй болоод буцав. Ханьгийн цэрэг дагаж хил гараад мөн буцав, алж шархдуулж болохгүй байжээ. Хүннү улам дээрэнгүй болов. Жил бүр хил хязгаарт халдаж, хүн ардыг алж, эд мал ихээр дээрэмдэх болов. Юньжун, Ляодун машид гамшигт өртөж, Дай тойргоос түм илүү хүн хэлмэгдэв. Хань улс зовлонд унаад, элч явуулж, Хүннүд бичиг хүргүүлэв. Шаньюй данху түшмэлийг хариу илгээж, эв ургийг сэргээсүгэй хэмээв” гэж энэ тухай дурджээ.

Вэньди хаанаас Хүннүгийн шаньюйд илгээсэн хариу захидалд: “Өвөг хааны гэрээсэнд: Цагаан хэрмээс хойшхи нум сумтны нутаг шаньюйн харъяанд буй. Цагаан хэрмээс дотогш малгай бүстний нутаг миний захиргаанд буй” хэмээгээд энх ургийн гэрээг шинэчлэн баталгаажуулахыг хүсч: “Өнөө сонсвол танхай муу ард ашиг олох сэтгэлдээ баригдан тангараг болзоог таслан огоорч, хотол ардын аминд хор хүргэх болов. Хоёр эзний санаанаас тэрсэлжээ. Тэглээ ч өнгөрсөн хэрэг болжээ...Хаан, шаньюй бид хоёулаа хамаг амьтны эзэн буй. Өнгөрсөн хэргийг үргэлжид тунгааж, орчих зүйг бодож суунам... Өнгөрсөн мууг огоорюу, өнө удааныг барьюу, хоёр улсын ардыг нэг гэрийн гэж бодюу”гээд шишээр хийсэн архины хөрөнгө, алд бүс, торго дурдан, хөвөн эд бараа зэрэг их хэмжээний эд агуурсыг илгээж байгаагаа захидалдаа дурьджээ.

Ийнхүү НТӨ 162 онд энх ургийн гэрээ шинэчлэгдэн батлагджээ. Хань улсын зарлиг үйлдэх түшмэл Юй-си : “Хүннүгийн шаньюйгаас Хань улсад бичиг ирүүлэв. Энх ураг нэгэнт батлав. Оргон зугтагсад толгой далдлах газаргүй болов. Хүннү хилээс давахгүй, Хань хилээс гарахгүй болов. Зарлиг болзооноос тэрслэгчдийг цавчина” хэмээн энх ургийн гэрээг түмэн олонд тунхаглан зарласан байна.

Лаошан шаньюй өмнөд хөрш Хань улстай харилцах харилцаанаас гадна баруун бүс нутагт ноёрхлоо бэхжүүлэх, Дундад Азийн орнуудад өөрийн нөлөөгөө тогтооход ихээхэн анхаарал тавьж, газар нутгаа өргөтгөжээ. Модунь шаньюйн үед Юэжи нарын эсрэг хоёр томоохон довтолгоо хийж, дорнод Туркестаны 26 хотыг эзэлж, ноёрхолоо тогтоогоод байв. Лаошан шаньюйн үед баруун бүс нутагт ноёрхлоо бэхжүүлэхдээ Усуний хүчийг ашиглаж байв. 

“Түүхэн тэмдэглэл”-ийн “Даюаний тэмдэглэл”-д Усуний ванг алагдахад түүний хүү Күньмог шаньюй авч тэжээсэн тухай өгүүлээд: “Күньмо эрийн цээнд хүрэхэд цэргийн дарга болгосон. Тэр хэдэн тулалдаанд ялалт байгуулж нэр хүндтэй болов. Шаньюй түүнд аавынх нь захирч байсан ард иргэдийг захируулан, баруун хязгаарыг хамгаалах үүрэг өгчээ. Күньмо хүмүүсээ цуглуулан, тэднийг удирдан, эргэн тойрны жижиг улсуудыг довтолсон. Тэрээр аль хэдийн 20000-30000 нум сумт цэрэгтэй болж, тэднийг цэргийн хэрэгт сурган боловсруулжээ” хэмээжээ.

Лаошан мөн Юэжийн эсрэг томоохон довтолгоо хийж, шийдвэрлэх цохилт өгчээ. Юэжийн эсрэг хийсэн хүннүгийн гурав дахь удаагийн энэхүү довтолгоонд Юэжийн ван алагдаж, тэдэнд үлэмж хохирол учиржээ. Ялагдсан Юэжи нар дахин баруун тийш зугтаж Амударъяа мөрний хөвөөнд очиж суужээ. Лаошан шаньюйн хийсэн довтолгооны тухай “Түүхэн тэмдэглэл”-ийн “Хүннүгийн шастир”-т ямар нэгэн мэдээ байхгүй боловч 123-р бүлэг “Даюаний тэмдэглэл”-д Жан Цянь баруун бүс нутаг руу Уди хааны элчээр яваад эргэн ирж хаанд өргөсөн илтгэлд тодорхой мэдээлжээ.

“Их Юэжи нь Даюанаас баруун тийш 2000-3000 ли газарт Амударъяа голын умард хэсэгт оршдог. Тэд өмнө талаараа Дасятай, баруун талаараа Анситай, умард зүгт Канжүтэй хиллэнэ. Тэд бол нүүдэлчин угсаатан, малаа хариулан нэг газраас нөгөө газар руу нүүдэг. Тэдний зан заншил хүннүтэй адилхан. Тэд 100000-200000 нум сумт дайчидтай. Хуучин тэд ихээхэн хүчирхэг байсан бөгөөд хүннүг тоодоггүй байв. Модуний үед Хүннү хүчирхэгжин, тэрээр Юэжиг довтлон ялсан. Лаошан хүннүгийн шаньюй байх үед тэд Юэжийн ванг алж, түүний гавлын ясаар аяга хийлгэжээ. Угаасаа Юэжи нар Цилянь, Тэнгэр уул ба Дунхуаны хооронд сууж байсан. Гэвч Хүннүд ялагдсны дараа тэд алс хол нүүж, Даюанийг өнгөрч, баруун зүгт Дася ру довтлон эзлэв. Дараа нь Амударъяа голын умард хөвөөнд нийслэл байгуулж, тэнд ван нь суух болсон”

Сыма Цянь тухайн цаг үед амьдарч “Түүхэн тэмдэглэл”-ээ бичиж байсан тул Жань Цяньтай уулзан яриаг нь тэмдэглэж, хаанд өргөсөн илтгэлийг үзэх боломж түүнд байсан нь тодорхой. Уг сурвалж Хүннү болон Юэжийн харилцаа, Юэжийн нүүдлийн талаар өгүүлсэн хятад сурвалжийн гол мэдээ билээ.

Ийнхүү Юэжи нар Модунь шаньюйн үед нутгаасаа цохигдон Или голын хөвөөнд суурьшсан бол Лаошан шаньюйн үед Или голоос зугтаан Амударъяа мөрний хөвөөгөөр төвлөн суух болжээ. Энэ довтолгоо болсон жил тодорхойгүй боловч НТӨ 166 онд Хань улстай дайны байдалд байж байгаад НТӨ 162 онд найрамдлын гэрээг сунгасан. Тиймээс Юэжи рүү хийсэн довтолгоо нь НТӨ 166 оноос өмнө юм уу эсвэл НТӨ 162 оны дараа болсон гэж үзэж болно.
Лаошан шаньюй НТӨ 161 онд нас баржээ.

“Монголын эртний түүх” тэргүүн боть “Хүннү” номноос

9.19.2018

Модунь хааны захидал


Хань улсын Хуйди (НТӨ 194-188) хааны үед ээж Лю нь хэрэг дээрээ засгийн эрхийг барьж байв. Хүннү нар Дидао, А-Ян руу довтолж 2000 гаруй хүн олзолжээ. “Хань улсын судар”-ын Хүннүгийн шастирт Модунь шаньюйгаас хатан хаанд илгээсэн захидал тэмдэглэгдэн үлджээ.

Модунь шаньюй: “Хойд газрын эзэн би хөдөө талд төрж, үхэр адуутай газар өслөө. Хилээр хэдэн удаа очлоо. Хятадаар зугаалъя хэмээн саналаа. Хатныг ганцаараа, уйтгартай байна гэж сонслоо. Хоёр эзэн уйтгартай байнам. Хоосныг байгаагаарай нөхөж, хоёул хамтдаа амьдаръя” хэмээн ихэмсэг дээрэнгүй захидал илгээсэнд , хатан хаан ихэд уурлаж, түшмэдүүдээ дуудаж зөвлөгөөн хийжээ. 

Түшмэдийн зөвлөгөөн дээр Фан Хуй: “ түшмэл би 10 түмэн цэрэг авч Хүннүг дайлъя” хэмээхэд, Гаоди хаан 32 түмэн цэрэгтэй Пинчэнд ялагдсныг сануулж, Фан Хуй харин дэлхий дахиныг үймүүлнэ гэнэ. 10 түмэн цэрэг аван алж хядна хэмээн амандаа орсныг чалчих юм. Омгорхог байна хэмээсэн шүүмжийг хатан хаан “зөв” хэмээн зөвшөөрч, хариу захидал илгээхээр болжээ.  Шаньюйд илгээсэн хариу захидалд:  “Шаньюй намайг мартаагүй ажээ. Сайхан санаа гаргаж захидал бичсэн байна. Захиаг уншаад баахан сандарлаа. Санаагаа тогтоогоод үнэнээ хэлье. Нас ахиж тэнхээ үгүй болж, гэзэг үс минь унаад даанч хөгширчээ. Алхаж гишгэхэд хүртэл хэцүү байна. Шаньюй та хэтрүүлж сонссон байна. Санааг тань би хөсөрдүүлэх дургүй. Ялыг минь өршөөж хайрла.” хэмээн найрсаг харилцаатай байхыг эрмэлзэж байгаагаа илэрхийлжээ.

Хань улсын Вэньди хаан (НТӨ179-157) сууринд суумагц энх ургийн гэрээг мөрдөхөө амлаж, элч илгээн баталгаажуулсан байна. Гэвч НТӨ 177 онд хүннүгийн баруун сэцэн ван Хэнань нутагт халдан довтолжээ. Хань улс 8 түмэн цэрэг илгээсэнд баруун сэцэн ван хилээс гарч, нутаг буцжээ. Дараа жил нь Модунь шаньюйгаас Хань улсад илгээсэн захидалдаа: “Тэнгэр заяат Хүннүгийн их шаньюйгаас хуандийн амгаланг ирж мэндчилье. Урдах хаан энх ургаар больё хэмээсэн бөлгөө... Хань улсын хязгаарыг баруун сэцэн ван халдан довтолжээ. Баруун сэцэн ван зөв суралгүй Хоу И, Лухоу, Наньжи нарын аргад унаж, хоёр эзний тангарагийг тасалж, ах дүүгийн ёсыг огооров, ... Бага түшмэл эв эвдсэн тул баруун сэцэн ванг баруунш Юэжиг дайл хэмээн илгээв.  Эцэг тэнгэрийн ивээлээр, эрэлхэг дайчдын сайнаар, хүлэг морьдын шандас хүч чадлаар Юэжиг номхотгон дарав. Эвээр больё гэснийг нь энэрч, эсэргүүцснийг нь цавчив. Лоулань, Усунь, Хузе зэрэг хол ойрын 26 улсыг хураан авч нэгтгэн захирлаа. Өдгөө тэд Хүннүгийн албат болжээ. Ийнхүү нум сумтан ард түмэн бүгд нэгэн их гэр бүлд багтаад, хойд нутагт энх амгалан ёс тогтов. Хүлэг морьдын нурууг амрааж, эрэлхэг дайчдынхаа ядаргааг тайлъя, Өмнөх хэргийг огоорч, урьдах гэрээг сэргээе,..” гэжээ 

Хань улсын ноёд түшмэдүүд цугаар хэлэлцээд, “шаньюй саяхан Юэжиг дарав. Эрч хүчтэй байгаа, байлдаж болохгүй... Эв ургаар болбол сайн” хэмээснийг хаан зөвшөөрөв.
“Монголын эртний түүх”  тэргүүн дэвтэр “Хүннү” номноос


9.17.2018

Монгол нутагт анхны төр улсууд бүрэлдсэн нь


“Түүхэн тэмдэглэл”-ээс өмнөх хятад сурвалжуудад нүүдэлчидтэй харилцсан асуудлыг голлон өгүүлдэг бөгөөд харин тэдний нийгмийн дотоод асуудлын талаар бичдэг уламжлал байсангүй.
Байлдаант улсын үе (НТӨ475-221)-ээс хятадын ванлигууд умард зүгийн нүүдэлчдийг “Ху” хэмээн ерөнхийлөн нэрлэх болсноос гадна тэднийг дотор нь ялган Дунху, Линьху, Лоуфань, Хүннү гэх зэргээр нэрлэх болжээ. Хүннү Дунху  хэмээх нэр анх хятад сурвалжид хэдий үеэс тэмдэглэгдэх болсон талаар судлаачдын санал нэгдмэл биш байдаг.

“Ижоу судар”-ын 7-р бүлэг “Ванхүйгийн чуулбар”-т Жоу улсын тахилгын ёслолд 4 зүгийн харь улс орнууд оролцсоны дотор дунху, уулын жун, хүннү зэрэг умардын олон угсаатны элч төлөөлөгчид байж, ховор сонин зүйлүүдийг өргөн барьжээ. Тухайлбал, “дунху нар шар хүрэн баавгай өргөв. ... Хүннү банхар нохой өргөв. Тэр нь том биетэй бөгөөд  4 мөч нь үсгүй” хэмээн дурьджээ. Түүнчлэн “Ижоу судар”-ын “Шан улсын И-Иний төрийн бэлэг”-ийн бүлэгт “чанх хойно байгаа ... хүннү, лоуфань, юэжи, ... цилун, дунху нараас тэмээ, цагаан хаш, зэрлэг адуу, хулан, луус, сайн нумаар өргөл өргөхийг шаардана” гэж тэмдэглэсэн нь дунху, хүннүгийн талаарх хятад сурвалжийн хамгийн эртний мэдээ юм. Түүүнчлэн –Ижоу судар”-ын тайлбарт “дунху хэмээгч нь зүүн хойдын харь буюу”, “Хүннү, Дунху нь Бэйдигийн өөр нэрийдэл ажээ.” гэж тэмдэглэсэн байна. “Ижоу судар”-ыг Байлдаант улсын үед бичигдсэн гэж үздэг.

Харин “Шанхайзин” бичгийн 11-р бүлэг “Уул усны ойллого”-д “Дунху том нуурын зүүнээ оршино. И-чүүд дунхугийн зүүн талд оршино” гэжээ. Дээрх сурвалжийг мөн Байлдаант улсын үед бичигдсэн болон дахин нөхвөрлөгдсөн хэмээн үздэг. Харин “Түүхэн тэмдэглэл”-ийн “Хүннүгийн шастир” дахь “Зинь-ээс хойш Линьху, Лоуфань, жун Янь-гаас хойш дунху, шаньжун нар нутаглана” гэсэн мэдээнд Жоугийн Сян вангийн үе(НТӨ652-619)-ийн хэрэг явдалтай холбогдон дунхугийн талаар өгүүлдэг. Энэ мэдээг үндэслэн зарим судлаач дунхугийн талаар хятад сурвалжын анхны мэдээ НТӨ 7-р зуунд холбогдоно гэж үздэг бол зарим нь үгүйсгэн хожим Сыма Цянь нэмж оруулсан оруулга гэж үздэг.

Хүннү хэмээх нэр сурвалжид тэмдэглэгдсэн нь “Шо Юаны”-ны 1-р бүлэг “Хаадын замнал”-д “Яньгийн Жао ван Го Вэйгээс асуухын дашрамд ийн өгүүлрүүн: ...Миний газар нутаг хавчигдмал, хүн ард цөөн. Ци-чүүд найман хотыг булаан авч, хүннүчүүд лоуфаний хилийн орчмоор морьтой давхилдаж байна” хэмээсэн Янь-гийн ван болон мэргэн ухаант Го Вэй нарын ярианы хэсгийг тэмдэглэсэн байдаг. Ци улсаа Яньгийн найман бэхлэлт хотыг эзлэн авсан үйл явдал НТӨ 314-312 оны үед болсон. Энэ бол хүннүгийн талаар хятад сурвалжид тэмдэглэсэн анхны мэдээнүүдийн нэг.

“Түүхэн тэмдэглэл”-ийн  43-р бүлэг “Жаогийн язгууртны цадиг”-т “Эдүгээ Жуншань манай улсын дунд буй. Умардад Янь, зүүн талд Ху, баруун талд Линьху, Лоуфань, Цинь, Ханьтай хиллэдэг. Хүчирхэг цэрэг байхгүйн улмаас улс минь мөхнө, яах вэ? Энэ дэлхийд илүү нэр алдартай болно гэвэл заавал энгийн байдалд тушигдана. Би Ху- гийн хувцас өмсье гэж бодож байна” хэмээх сурвалжийн мэдээнд  “зүүн талд ху” гэж дунхуг зааж байна гэж судлаачид үздэг. 

НТӨ 4-р зууны 2-р хагаст хятадын Янь, Жао зэрэг ванлигууд нүүдэлчдийн морьт цэргийн довтолгоонд өртөн хүчин мөхөстөж байсан тул Жао Улин ван нүүдэлчдээс үлгэр авч тэдний хувцсыг өмсөж, морь унаж, харваж намнахыг ард иргэдээ сургах зарлиг гаргажээ. НТӨ 307 оны 1-р сард Жао Улин вангийн ордонд нүүдэлчдийн хувцас өмсөж, морь унаж, харваж намнахыг сурах асуудлаар томоохон зөвлөгөөн болсон аж. Бүдүүлгүүдийн хувцас өмсөхийг олон түшмэдүүд эсэргүүцэж байсан ч Жао Улин тэдэнтэй уулзаж ятгаж зөвшөөрүүлсэн байна. Тиймээс НТӨ 4-р зууны сүүлчийг хятадын бичиг сударт “харьчуудын өмсөж, харваж намнахыг сурсан үе” хэмээн нэрлэдэг билээ. Жао ванлиг нүүдэлчдийн хувцас, морь унах, морин дээрээс намнахыг сурж, морьт цэрэг зохион байгуулснаар ихэд хүчирхэгжсэн байна. Улмаар газар нутгаа тэлж Жуншань улсыг эзэлж, Линьху, Лоуфань нүүдэлчдийг довтлон ялж, нөлөөндөө оруулжээ.

“Түүхэн тэмдэглэл”-ийн “Хүннүгийн шастар” дахь хүннүгийн төр, нийгмийн байгуулалтай холбоотой гол мэдээ нь Модунь шаньюйн үеэс эхэлдэг. Түмэн шаньюйн үеийн хүннү, дунху, юэжийн талаарх товч мэдээ л буй.
Хятад сурвалжид янз бүрийн нэрээр тэмдэглэгдсэн Төв Азийн эртний нүүдэлчдийн дундаас  хүннү, дунху, юэжи, усунь, динлин нар анхлан төр улсаа байгуулжээ.Хүннүгийн зүүн талд дунху, хойд талд динлин оршиж байв. Харин  хүннүгийн баруун өмнө болон баруун талд  юэжи, усунь байсан бөгөөд тэднийг индо-европ хэлтэн хэмээн үздэг. Ийнхүү индо-европ хэлтнүүд алтай хэлтнүүдийг улам бүр зүүн тийш шахах болсон ч Хүннүгийн хүчирхэг гүрэн байгуулагдснаар тэдний түрэлтийг зогсоож, баруун тийш эргүүлэн шахсан гэж үзэж болно.

Монгол нутагт байгуулагдсан анхны төрийг Модунь хүннүгийн шаньюй болсон НТӨ 209 оноос эхэлж тооцдог түүх бичлэгийн тогтсон уламжлал байдаг. Гэвч НТӨ 209 оноос өмнө Хүннү, Дунху, Юэжи зэрэг улсууд оршиж байсан бөгөөд Модунь шаньюй болсноор Хүннү улс нь хөрш зэргэлдээ улс ханлигуудыг эрхшээлдээ оруулж, гүрэн болон өргөжсөн гэсэн саналыг судлаачид дэвшүүлэх болжээ.

Дунху, хүннү юэжийн төр ёсны хөгжил нэлээд  өндөр түвшин, төр улсын хөгжлийн шатанд НТӨ 5-4 дүгээр зууны үе гэхэд хүрсэн гэж үзэж болохоор байна. “Түүхэн тэмдэглэл”-ийн 110-р бүлэг “Хүннүгийн шастир”-т “Энэ үед Дунху хүчирхэгжин, Юэжи цэцэглэн мандаж байсан бөгөөд хүннүгийн  шаньюй Түмэн байв”, “Зинь улсын судар”-ын 108-р бүлэгт “Дунху нар Хүннүтэй нэг зэрэг мандан гарсан бөгөөд нум сумт цэрэг 200000 гаруй бий. Зан заншил түшмэдийн цол нь хүннүтэй адил” гэжээ.

Дээрх хоёр мэдээнээс үзвэл хүннүгийн зүүн, баруун талын хөрш юэжи, дунху нар бас хүчирхэгжин мандаж байсан ажээ. Хятад сурвалжид тэмдэглэгдсэн анхны шаньюй Түмэн боловч түүнээс нилээд өмнө хүннүчүүд шаньюй өргөмжлөх болсон төдийгүй шаньюйн угсаа залгамжлах ёс нилээд нарийн тогтсон байжээ.  “Хүннүгийн шастир”-т бичсэнээр: “Түмэн шаньюйн хан хөвгүүнийг Модунь гэдэг. Хожим хайртай хатан нь бага хөвгүүн төрүүлэв. 

Шаньюй Модунийг үгүйсгэж бага хөвгүүнээрээ өөрийгөө залгамжлуулах гэв. Тэгээд Модунийг юэжи нарт барьцаанд явуулаад, Модунийг Юэжид байхад нь Түмэн юэжийг гэнэт довтолжээ. Юэжи Модунийг алах гэв. Гэвч Модунь тэдний аргамаг хүлгийг хулгайлан унаад зугтан ирэв. Түмэн баатарлаг зоригийг үнэлэн түүнийг түмэн цэргийн захирагч болгосон.” ажээ.

Сурвалжийн дээрх мэдээнээс үзвэл, Түмэн шаньюй угсаа залгамжлах ёсыг зөрчихөөсөө эмээн арга хэрэглэж байснаас үзэхэд шаньюйн угсаа залгамжлах ёс тогтсон байсан нь тодорхой байна. Хүннүгийн шаньюйн угсаа залгамжлах ёсонд Модунь шаньюгаас өмнө буюу Түмэн шаньюйн үе гэхэд ахмад хөвүүн нь угсаа залгамжлах ёс нэгэнт тогтсон байжээ. Иймд хэдийгээр хятад сурвалжид дурьдагдаж буй хүннүгийн анхны шаньюй нь Түмэн боловч түүнээс өмнө хүннүчүүд шаньюйг өргөмжлөх болсон хэмээн үзэж болно. Ямар ч байсан НТӨ 209 оноос өмнө Хүннүгийн төрийн тэргүүн шаньюйн институт хэлбэржин төлөвшсөн байжээ.

“Монголын эртний түүх” 1-р боть “Хүннү” номноос