5.31.2015

11.Бага хаад - Боди Алаг хаан

Батмөнх хааны дараа Даян хааны  ахмад хүү Төрболдын ууган хүү Боди-Алаг угсаа залгах байсан ч нас бага хэмээн баруун түмний жонон  Барсболд  1517 онд хаанд болжээ. Хэдий тийм ч Боди-Алаг баруун түмэнд очиж “ Би ёст эзэн чинь билээ, чи надад мөргө. Эс мөргөвөөс дайлалдая” хэмээн хатуу хэлсэн бөгөөд Барсболд жонон хүч сул ч байсан байх, бас эв эеийг ч бодсон байх 1519 онд  Боди-Алаг хаан ширээнд сууж мөн ондоо Барсболд жонон өнгөрчээ.

Баруун түмнийг  Барсболд жононгийн хүү Гүнбилэг мэдэх болов. Боди-Алаг жононгийн үед баруун түмэн нилээн хүчирхэг болж Гүнбилэг  жонон Ордосыг  эзэмшихээс гадна түүний дүү Алтан, Лабуг нар авга ах Арцболдын долоон түмэдийг, Баясал, Бодидари нар авга ах Убсанжын Асуд, Юншээбүүг, Баядари Цахарын цагаан татар нарыг захирч байлаа.

Харин Боди-Алаг хаан өнөөгийн монгол нутгийн зүүн хэсэг, одоогийн Өвөр монголын Хөлөнбуйр, Шилийн гол хавийн нутгийг эзэмшиж байв. 1524 оны үед Боди-Алаг хаан баруун гурван түмнийг тарааж, зүүн тэмэнд нэгтгэхийг санаархаж байсан ч Урианхай түмний бослого гарч төлөвлөгөөгөө орхин бүр баруун түмнээс тусламж хүсчээ. 

Ийнхүү урианхай түмэн Боди-Алаг хааны эсрэг боссон хорь гаран жилийн хугацаанд  Боди-Алаг хаан, баруун түмний жонон Гүнбилэг түүний дүү Алтан нар Урианхай руу нийт зургаан удаа цэрэглэжээ. Бослого 1544 онд дарагджээ. Энэ үеэс Урианхай нарын нутаг Хангай нурууны зүүн хэсэг халх түмэнд шилжжээ.

Урианхай нарыг дарсны дараа зургаан түмний монгол ноёд Чингисын найман цагаан гэрийн өмнө чуулж дайнд гавъяа байгуулсан хэмээн Боди-Алаг хаанд “Гүдэн” Гүнбилэгт  “Мэргэн жонон” Алтанд  “Төр хашигч Шидау” хэмээн цол хайрлажээ.

Үүний дараа Боди-Алаг хаан Хөх нуурыг эзлүүлэхээр Гүнбилэг Алтан нарыг илгээжээ. Гүнбилэг мэргэн жонон 1542 онд нас барсан тул Алтан хэргийг ганцаар үргэлжлүүлэн Ибрай тайшын талын Бурхай тайш руу довтолж  бутцохин Хөх нуурийг өөрийн бага дүү Бодидари тайжын ууган хүү Энхдалайд захируулжээ. Боди-Алаг хаан Алтанг хөхүүлэн Түшээт хан  цол олгосон бөгөөд  Алтан буцахдаа Хотонг дагуулжээ.

Боди-Алаг хааны үед баруун түмэн хүчирхэгжиж ирсэн бөгөөд их хааны зүүн түмэн Мин улстай дангаар харьцаж чадахгүй урианхайн гурван харуулаар дамжин харьцаж байлаа.
1547 онд Боди-Алаг хаан нас барж түүний орыг ахмад  хөвгүүн Дарайсун, Гүдэн цолтойгоор залгамжилж түүхэнд  Дарайсун Гүдэн хаан гэж алдаршжээ. Дарайсун хааны  эзэмшил нь өнөөгийн Шилийн гол аймаг, монгол орны зүүн хэсэг, өмнө зүг Хатаны гол, Хойд зүг Хөлөнбуйр хүрч байв.

Дарайсун хааны үед баруун түмний Алтан хан маш хүчирхэг болж, баруун түмнийг нэгтгэх нь битгий хэл Алтантай эвтэй найртай харьцах бодлого явуулж байв.
Дарайсун хаан 1551 онд Урианхайн гурван харуулын Фуюй, Доин харуулуудыг эзлэн авчээ. Урианхайн гурван харуул бол Мин улсын эхэн үеэс монгол нангиад нарыг зааглаж ирснээс гадна монголчуудын худалдааны гол гүүр болсоор ирсэн чухал түшиц газрууд билээ. 

Тухайн үед Фуюй харуул Кайюаны цаагуур Ляохэ гол орчмоор, Доин харуул Шанхай боомтоос баруунтаа Губэйкоугаас зүүнтээ нутагт, Тайнин харуул Ляонины цаагуур нутаглаж байлаа. Дарайсун хаантай зэрэгцэн баруун түмний Алтан ханы дүү Бадур урианхай гурван харуун руу довтолж баруун хэсгийг эрхэндээ оруулж авлаа.

Мин улсын хаалттай бодлогын энэ үед монгочууд урианхай харуулуудыг булаалдан эв эвдрэлцэж байсан ч Хятадууад өөрсдийн болзлоо хүлээлгэхийн тулд нэгдэж Мин улсын хилийг уулгалан  довтолж байлаа.  Тэр үеийн хятадын сурвалжуудад ” Бүдүүлгүүдийн удирдагч Дарайсун, Алтан, Бадур нар манай Цзиньжчоу руу довтолж 1000 гаруй хүн хороосон” хэмээн бичиж байсан бол Алтан Бадур  нар Датунь руу довтолж байхад Дарайсун хаан Сюаньфу, Чичэн, Цзинин руу халдаж байлаа.


Ийнхүү Дарайсун гүдэн хаан дотооддоо эв эвдрэлцэхийг үл хичээн Мин улсад өөрийн болзлыг тулган худалдаа хийхийг эрмэлзэж явжээ. Тэрээр 1557 онд нас баржээ. 

5.29.2015

10.Бага хаад – Батмөнх Даян хаан

Мандуул хаан нас барсны дараа Хасарын удмынхан хаан ширээнд санаархаж байх үед Мандуул хааны бага хатан Мандухай өнчин хоцорсон Болох жонон Баянмөнхын ганц хүү Батмөнхыг олж асран  1480 онд долоон настайд нь хаан сэнтийд залж даяарыг элбэн тохинуулах болтугай хэмээн Даян хэмээн цолложээ.

Хаан бага балчир тул эхний үед Мандухай хатан хамаг хэргийг захирч бүх монголыг нэгтгэх зоримог хэргийг эхлүүлсэн билээ. Төмөр чинсангийн охин Мандухай Батмөнх даян хааныг хаан суухад 33 настай байсан бөгөөд юуны түрүүнд  Даян хааныг үхэрт тэргэнд суулган Ойрадыг эрхэндээ оруулахаар цэрэглэжээ. 

Тасбүрд гэдэг газар болсон энэ тулалдаан Мандухай ялж Ойрадуудууд зориулан хатуу цааз гаргажээ.  Хутгаар бүү мах огтол! Битгий завилж суу, сөхөрч суу! Малгайныхаа залааг гурван хуруунаас бүү хэтрүүл! Хэмээн зарлиглахад Ойрадууд гуйж махаа хутгаар идэх зөвшөөрөл авсан гэдэг.

Даян хаан төрийг бэхжүүлэх үүднээс хэт их эрх мэдэлтэй болсон тайш, чинсан цолыг халж жонон цолыг баталгаалжуулжээ. Тэр үед ар, өвөр монгол Баруун зүүн түмэн болж Ойрадууд бие даасан байдалтай байлаа. Зүүн түмнийг эзэн хаан биеэрээ захирч баруун түмнийг жонон захирч байлаа.

Батмөнх даян хаан эхлээд бүх эрх мэдлийг гартаа атгасан Исмаил тайшын эсрэг үйл ажилгаагаа чиглүүлэв. Исмаил бол мэргид аймгийнх бөгөөд Баянмөнх болох жононг хөнөөж түүний хатныг авч дараа нь Бэгэрсэн тайшыг хороон Юншээбүү аймгийн толгойлогч болж мөн гурван харуулыг ч эрхэндээ оруулсан байлаа.

1483 онд Батмөнх хаан Исмаил тайшаас ял асуухаар цэрэг хөдөлгөж Юншэбүү аймгийг бутцохиж ялагдсан Исмаил үлдсэн хүмүүстэйгээ Ганьсу муж хавиар амьдарч байгаад 1486 онд үхжээ.
Исмаил тайшыг дарсны дараа Ойрадад гарсан дотоодын хямралыг дарахаар Мандухай цэцэн хатан 1489 онд хоёрдохь удаагаа цэрэглэжээ. Үүнээс хойш Батмөнх хаан нэг биш удаа ойрад руу цэрэглэж байв.

1509 онд Батмөнх даян хаан Улсболд хүүгээ баруун монголын жононд суулгахад Юншээбүүгийн Ибрай тайш, Ордосын Мандулай нар жононг хороожээ. Ихэд хилэгнэсэн хаан Цахар, Халх, Урианхай түмнээ авч Ордос, Юншээбүү, Түмэд түмнийг дарахаар гарч Далан нөмрөг гэдэг газар тулалдав. Энэ дайнд Ойрадууд Батмөнх хаанд цэрэг гаргасан байдаг. 

Тулалдаанд Ордосын Мандулай алагдан Ибрай тайш баруунш зугтаажээ. Ибрай бол Эсэн хааны ач бөгөөд  тэр дүүгийн хамтаар ирж Исмаил тайшын Юншээбүү аймгийг эзлэн Ордос хавиар суух болжээ. Батмөнх хаанд цохигдсоныхоо дараа ч Ибрай хүчтэй хэвээр байж Ганьсу Хөх нуур хавиар нутаглан Мин улсад багагүй хохирол учруулж явжээ.

Батмөнх хаан Ордос, Юншээбүү нарыг эрхэндээ оруулсны дараа түмэд аймгийг хурааж Урианхай нарыг бүр номхотгож авчээ. Энэ хэрэгт хааны шууд мэдлийн цахар түмэн, Халх голын урсгал дагуу нутаглаж байсан халх түмэн голлон хүчээ өгчээ.

Батмөнх даян хааны үед мин улс  монголчуудын эв нэгдлийг бутаргах бодлого явуулж байсан ч Мин улсын эхэн үеийнх шиг дотоодын хэрэгт нь хөндлөнгөөс шууд оролцож чадахүй байлаа. 1500 онд Мин улсаас нэг удаа залхаан цээрлүүлэх цэрэг оруулсан ч эсрэгээрээ Батмөнх даян хаан Мин улс руу олонтоо довтолж өөрсдийн болзлыг тулгаж байлаа. Даян хааны үед Монгол Мингийн харилцаа бүрэн тэгш байж, Монголчууд харин цэргийн хувьд илүү давамгайлж байв.


Монголчуудыг тархай бутархай байдлаас салган нэгтгэх их үйлийг хийж чадсан Батмөнх даян хаан  1517 онд нас баржээ. Тэрээр арван нэгэн  хүү нэг охинтой байлаа.   

5.28.2015

9.Бага хаад – Мандуул хаан

Молон хаан 1465 онд Мулихайд хорлогдсноос хойш монгол оронд  хаан суудал хэсэг эзэнгүй байж улс төрийн задрал улам эрчимжиж иржээ. 1475 онд Тогтох буха Тайсун хааны дүү Мандуул Ихирис аймгийн ноён Бэгэрсэний тусламжтайгаар хаан суудалд залрав. Бэгэрсэн өөрийн охин Юнгиныг их хатан болгон, өөрөө тайш болжээ.

Мандуул хаан болсон ч монголчуудыг нэгтгэн зангидаж чадаагүй, бүр өөрийн сууж байсан Цахар аймгийг ч бүрэн хянаж чадахгүй байв. Харин Мандуул хаан Ойрадаас зугтаж ирсэн Боржгон удмын Баянмөнхөд Болох жонон хэмээн цол хүртээж ихэд баясан угтаж авсан гэдэг.

Тэр цаг дор монголд Бэгэрсэн, Алчу, Болох жонон Баянмөнх, Гурван харуулын Доин харуулын ноён Тогооч, Исмаил тайж нар хамгийн их нөлөөтэй нь байсан. Ойрадууд харин нэлээн нэгдмэл хүчирхэг байж Иштөмөр  ноёноор удирдуулсан 40000 цэрэг гаргах чадалтай байв.

Алчу ноён эртнээс Ордосыг хянаж байсан ба Болох жонон Алчутай дотно харьцаатай байсан ч эе эвдрэлцэн Болох жонон Бэгэрсэнтэй нийлэн Алчуг Ордосоос хөөн гаргажээ. Улмаар Мандуул хаан, Бэгэрсэн тайш, Болох жонон нар нийлэн Ордосоос Мин улсыг уулгалах болжээ.

Мандуул хаан Болох жонон нар хамтран 60000 цэрэг гаргаж байсан ба Мин улсын хилийн хамгаалалт Монголчуудын довтолгооныг зогсоож хүчрэхгүй байв. Гэвч 1476 оноос монгол ноёдын дунд хагарал гарч эрх мэдлийг хэтэрхий атгасан Бэгэрсэнд дургүйцсэн ноёдууд нийлж Бэгэрсэнг хороон Исмаилыг тайш болгожээ.


Мөн хаан жонон хоёрыг хагаралдуулах хорон үг гүйж Мандуул хаан Исмаил тайшид цэрэг өгч явуулан Болох жононг хороон эхнэр Шихэрийг нь Исмаил хатан болгон авчээ.

Удалгүй 1459 онд Мандуул хаан нас барж Монголчуудын тархай бутархай байдал улам гаарлаа. Энэ нь цаашлаад монголчуудын тусгаар тогтнолд улам аюултай болж ирсэн тул заавал нэгдэж нягтрах чухал зорилт тулгарсан юм.

7.Бага хаад – Эсэн хаан

Ойрадын Тогоон тайшийн хүү Эсэн тайш Монголын хаан Тайсун, түүний жонон Агваржин нарыг үгүй хийж  хороосны  дараа өөрөө хаан суухаар бэлтгэлээ базааж эхэлжээ. Тэрээр эхлээд тогтворгүй байдыг ашиглан Мин улсаас довтолж магадгүй хэмээн Мин улсын хилийн дагуу цэрэг суулган сэргийлж  1452 онд монгол ноёдыг цуглуулан чуулж өөртөө захирагдахыг шаарджээ.

Эсэн  алтан ургийн бус тул  хаан ширээнд суух эрхгүйгээс  ихэд болгоомжлон өөрийн хүрээнд 1453 онд хаан залах ёслолыг цомхон хийж  өөрийгөө их Юань улсын тэнгэрлэг Богд хаан хэмээн өргөмжлөн хоёрдугаар хүү Амасанчийгаа тайшаар тохоон томилжээ.

Мин улс руу хаан болсноо мэдэгдэхэд түүнийг зөвхөн Ойрадын хан хэмээн хэлсэн байдаг ба монгол ноёд ч цаагуураа түүнийг алтан ургийнх бус хэмээн дорд үзэх болжээ.  

Тайсун хааны үед монголын нэгдсэн төрийн төлөө шаргуу тэмцэж явсан Эсэн тайш хаан болсныхоо дараа зөвхөн  хувийн явцуу  эрх ашгийг хөөн Ойрадын өшөө хонзонг алтан ургийнхнаас авах бодлого явуулж эхэлжээ.  Тухайлбал урьд ойрад монголын их тулааны өмнө эрүүлд гарч дийлж явсан Шүүстэй баатрыг дүү Олхуйн хамт өөрсдийнх нь сэлмээр цавчиж хороожээ. Мөн Эсэн боржгон овгийнхныг байнга хүйс тэмтрэнэ гэж заналхийлэх болж Тайсун хаан дүү, Агваржин жононгийн ганц хүү  Хархуцаг тайжын хүү Баянмөнхийг  Самар гүнж элдвээр хамгаалж далдасны хүчинд зүүн Монгол руу оргуулж чаджээ.

Энэ мэт Эсэн хааны нэр хүнд олны дунд унахаас гадна шадар туслахуудтайгаа таарамжгүй болж эхлэв.  Олон дайнд хамт оролцож гавъяатан болсон Алагтөмөрийг Эсэн хаан илт нүднээс далд болгож чадахгүй тул  хоёр хүүг нь Хөх нуур луу дайнд явуулаад нэгийг нь очиж явахад нь, нөгөөг нь буцаж ирэх замд нь хороолгуулжээ. 

Үүнийг мэдсэн Алаг төмөр өөрийн цэргийг аван Эсэн рүү гэнэдүүлэн довтолж, дийлдсэн Эсэн хоёр дагуултайгаа зугтаж яваад  Юншээбүү аймгийн нутагт нэг айлаас ус гуйж ороход урьд хилсээр хороож явсан бөх Сорсуны гэр байжээ. Түүний гэргий Эсэнг хазгар явдлаар нь таньж,  хүү Богон түүнийг барьж хороожээ.

Их Монгол улсыг дахин мандуулна  хэмээн монголчуудын тархай бутархай байдлыг хэсэгхэн  халж Тогтох буха Тайсун хааны хамт Мин улстай эрэлхэгээр тулалдан хааныг нь хүртэл олзолж явсан Эсэн төрийг хүчээр булаан авч эргэлт хийн сүүлдээ,  эрх мэдэлдээ ташууран өөрийн атгаг санааны золиос болон 1454 онд амь үрэгджээ.


5.27.2015

8.Бага хаад – Маркус хаан

Эсэн хаан нас барсны дараа монголд дахин бутрал явагдаж хаад түргэн солигдож байлаа. Энэ үес Мин улсын сударт Монгол хаадыг бага хаад хэмээн бичих болжээ. Тайсун хааны хоёрдугаар хөвгүүн Маркус 1454 онд наймхан насандаа хаан ор суув. 1455 онд Ойрадтай дайтсан дайнд Маркус хааныг үхэгт тэргэнд суулган дагуулж явсан гэдэг. Энэ цагаас түүнийг үхэгт хаан Маркус гэх болжээ. 
Энэ цаг дор монголд хааны эрх мэдэл бага харин  Эсэн хааныг хороосон Алагтөмөрийг дарсан Харчины Болай тайш, Онгиуд аймгийн захирагч Бэлгүүдэйн удмын Мулихай нар их эрх мэдэлтэй байлаа.

Алагтөмөр чинсангийн  хүү Анхат Болайгаас эцгийн өшөөг авахыг санаархах болсонд Болай дотогшлон нүүж Мин улсын хил дагуу нутаглах болжээ. 1457-1461 оны хооронд Болай Алчу ноёнтой хамтран Мин улс руу байнга уулгалж тэндээс нангиадуудыг шахаж Ордосыг тусгаарлаж авч  чаджээ.

Энэ үеэс Мулихай Болай нарын зөрчил бүр ихсэж Болай Ордосыг орхиж Урианхайн гурван харуулыг эрхэндээ оруулж аван улмаар Зүрчид рүү довтлох болжээ. Болай зүрчид руу гурван харуултай нийлэн 90000 цэрэг гаргаж байсан гэдэг.

Маркус үхэгт хаан Мин улстай харьцаж бэлэг солилцож элч явуулан тогтмол худалдаа арилжаа хийхийг санаархаж  байхад Болай дангаараа бие даан Мин улстай харилцаж байжээ.

1465 онд  Болай Маркус хааныг хорлож,  удалгүй Болайг  Мулихай ван хороожээ. Мулихай Тогтох буха хааны Алтжин хатны хүү Молоныг хаан болгосон ч жил ч хүрэлгүй 1465 онд өөрөө хороожээ. Маркус хаан хорин настай, Молон хаан хорин таван настай байжээ.

Молоны өслийг Хасарын удмын Шигүшидэй баатарын хүү  Өнөболд  авсан гэдэг.  Өнөболд ванг цэрэглэн хөдөлгөснийг мэдсэн Мулихай зугтсан ч түүнийг барьсан Өнөболд:

“Есүхэй баатар эцэг минь билээ.  Өүлэн эхээс Тэмүжин, Хасар, Хачиун, Отчигон бид нэг хэвлийтэй бөлгөө. Сочихэл эхээс Бэгтэр, Бэлгүүдэй хоёр нэг хэвлийтэй бөлгөө.  Бэгтэрийг Богд эзэн Хасарыг дагуулж явж аллаа. Түүний өшөөгөөр чи Молон хааныг хороов. Хаан маань үр үгүй тул Хасарын удам би чамайг хорооё” хэмээн ах дүүстэй нь хамт хороожээ.

5.25.2015

6.Бага хаад - Тогтох буха Тайсун хаан

Ойрадын Батула чингсанг дарсны дараа Асудын Аругтай чинсан  зүүн монголын ноёдтой тохиролцон Ойрад монголын дайнд идэвхийлэн гарамгай оролцсон Хорчины Адай тайжыг 1425 онд хааны суудалд  залж  Аругтай өөрөө улсын тайш болж улсын бүхий л эрх мэдлийн атгалаа.

Аругтай тайш Батулагын эхнэр Самар гүнжийг хүүтэй нь хамт  олзолж Адайд тушаахад тэрээр Самар гүнжийг хатнаа болгон авч харин хүүг нь  өөрт нь буцааж өгөхөд түүний Бахаму нэрийг халж хөмөрсөн тогоонд хорьж Тогоон хэмээн нэрийдэн урьд өөрөө хөмөрсөн арганд орж Батулагаас Аругтай нэрийг авч байсан эртний өсөө авчээ.

Элбэг хааны охин Батулагийн эхнэр Самар хатан  Адай хаанаас хүүгээ өршөөж суллахыг ятгасан  учир Аругтай хэдий их эсэргүүцсэн ч Адай Тогооныг суллаж нутаг буцаажээ. Нутагтаа харьсан Тогоон хүчээ хуримтлуулан зузаалж Ойрад түмнийг эрхэндээ оруулаад зогсохгүй Сартуул, Уйгар, Хар ёгор нарын нутаглаж буй Хамилтай хүртэл ургийн холбоо тогтоож  Мин улстай найрсагаар харилцаж  эхлэв.

Тогоон хүчирхэгжих тусам алтан ургийн бус, Хасарын угсааны хаан Адайг унагаж шинэ хаан, тэр тусмаа алтан ургийн хаантай болохоор шийдэн Элбэг хааны дүүгээсээ булааж авсан хатан Өлзийт гуагийн төрүүлж Үгэчэ хасахагийн дэргэд хүмүүжсэн Ажайгийн гурван хүү Тогтох бух, Агваржин, Мандуул гурвыг дэргэдээ авчирч тойглон сэм  дайнд бэлтгэж эхэлжээ.

Бэлтгэлээ сайтар хангасны дараа Тогоон 1438 онд Адайг довтоллоо. Ойрадын цэргийг Тогооны хүү Эсэн удирдаж оржээ. Ямар ч бэлтгэлгүй байсан Адай Аругтай нар зугтахад Эсэн Аругтайг хөөж Мон уулын Цагаан нуурын орчим түүнийг устгасан бол Тогоон, Тогтох буха нар Адай,  Доржбай жанжин нарыг хөөж довтлоход  үед  Мин улс мөн цэрэг гарган Адайг дайрчээ.

Тулаанд Доржбай жанжин алагдаж Адай олзлогдлоо.  Тогоон чинсан Адайг өчиггүй хороож өөрөө Тогтох бухаг хаан ширээнд залах ёслолыг Ордост  буй  Чингисийн онгоны дэргэд хийх гэж яваад  гэнэт нас барлаа гэдэг. Зарим нь Тогооныг өөрөө хаан суух гэж байгаад Чингисийн онгон хилэгнэж тэнгэр ниргэв  ч гэдэг.

1439 онд монгол ноёд их хуралдай хийн Тогтох бухаг Тайсун цолтойгоор хааны ширээнд  залав. Тайсун хаан Тогооны гэрээсээр хүү Эсэнг тайшаар томилон өөрийн дүү Агваржинг жонон өргөмжиллөө. Тайсун хааны ордон Хархорумд байсан ба анхны хатан нь Тогоон чинсангийн охин бөгөөд жилийн дараа хүүхэд үгүй тул Горлосын ноён Цэвдэнгийн охин Алтжинг бага хатнаа болгон  нэгэн хүүтэй болж Молон гэж нэрлэжээ. Харин дараа жил нь их хатнаас хүү төрж Абадин хэмээн нэрлэв.

Тайсан хаан Эсэн тайш нар хамтран их Юань улсыг сэргээхийг санаархан юуны түрүүн дотооддоо нэгдмэл болохоор  хичээн уриахай болон Горлос аймгуудыг эв эе болон цэргийн хүчээр татаж улмаар 1444 онд Эсэн тайш Онгиудын Жүч ноёнтой хавсран Зүрчидыг эрхэндээ оруулан зүүн хилээ батагаж авчээ.
Хаан тайш хоёр баруун талд  Хамилтай найрсаг харилцаатай байж тэднээр дамжуулан Төмөрийн хаант улстай  элч солилцож байжээ.

Хаан тайш хамтран чармайсны  хүчинд монгол улсын хил зүүн тийшээ Зүрчид, баруун тийш Хамил Енисэй мөрөнд хүрч  өмнө талдаа их цагаан хэрэмд туллаа.

Монголчууд Мин улстай эвтэй найрсаг байхыг хичээвч Мин улс боож хаасан,  худалдааны хориг гэгчээр байнга дарамталсан бодлого явуулж иржээ.  Тэвчээр нь алдарсан  монголчууд 1449 онд Эсэн тайшийн хүүд амласан гүнжээ өгсөнгүй хэмээн шалтаглан Мин улс руу 4 замаар их цэрэг орууллаа. Тайсун хааны цэрэг Ляодун луу, Эсэн тайшийн цэрэг Датун луу, чинсан Алагтөмөрийн цэрэг Сюаньфу руу, Алчи жанжны цэрэг Шаньси руу довтолжээ. Монголын бүх замын цэрэг амжилттай давшин ялалт байгуулж их хэмжээний зүйлс олзлон авсан байв. Ихэд сандарсан Мин улсын хаан Ин Цзун тавин түмэн цэрэгтэй Датун хүрсэн боловч монголчуудад дийлэгдэн ухран Түмү гэх газар Эсэн тайшид зүү орох зайгүй болтлоо бүслэгдэн олзлогджээ.

1450 онд Мин улсаас найрамдах санал тавьж хоёр улс хэвийн харилцаатай болжээ. 1452 оноос хунтайж зарлах болсон цагаас эхлэн  хаан тайш хоёрын зөрчил илт ихсэж  Турфаны Хар-ус хэмээх газар ноёдын чуулганыг зарлан  хуралдууллаа.  Тайсун хаан ахмад хүүгийн хувьд хаягдсан хатан Алтжингаас төрсөн Молон хүүг хунтайж болгох харин Эсэн тайш тэргүүтэй Ойрадууд өөрийн зээ Абадинг хунтайж болгохоор хүчлээд нэгэн шийдвэрт хүрсэнгүй.

Энэ чуулганаар Тайсун хаан Эсэн тайшаас гадна дүү Агваржин жононтой эе эвдэрчээ. Үүнийг мэдсэн Эсэн тайш Агваржин жононд надтай нийлвэл монголын хаан болгож өгье хэмээн хэлж түүнээр зөвшөөрүүлж чаджээ.

Эсэн тайштай нийлсэн Агваржин жонон 1451 оны 12 сард хаан ахыгаа Мин улстай нийлэв хэмээн буруутган Хархорум руу довтолжээ. Ямар ч бэлтгэлгүй байсан  Тайсун хаан хэдэн хамгаалалагчтайгаа зугтан Хянганы уулсыг давж урьд нь  буцаасан бага хатан Алжингийн  аав Горлосын Цэвдэн ноёныд хүрчээ. Горлосын Цэвдэн харин түүнийг хоёр хамгаалагчтай нь хамт хороожээ.




  

5.22.2015

5.Бага хаад - Буяншир Өлзийттөмөр хаан

Үгэчи хасаха хааныг нас барсны дараа монголчууд Чингисийн алтан ургаас хаан суулгахыг хичээхдээ дайн самуунаас дайжин Цагаадайн улсын Бишбалык хотод Төмөр хааныг түшиж байсан Элбэг хааны хүү Буянширыг залж авчирч 1408 онд Хархорум хотноо хаан суулгаж Өлзийтөтөмөр хэмээн цолложээ. 

Тайшаар нь Аругтай өргөмжлөгдөн бүх цэргийн эрхийг барих болов. 
Энэ үед Ойрадын Батула, Батболд, Тайван нар Өлзийтөмөр хааныг эсэргүүцэн тулалдах болсон ба Мин улсын зүгээс шударгаар амьдарч номхон дага хэмээн байнга дарамталж байсан ч Өлзийтөмөр хаан огтхон ч айлгүйгээр бие даасан бодлого явуулж байв.

1409 онд Мин улсын хаан монголчуудыг хагаралдуулахын тул Ойрадын Батулад шударга түвшин ван цол шагнан ойрадын ноёдыг ихээр хөхүүлэн татах болсонд Өлзийтөмөр хаан ихэд хилэгнэн Мин улсын элчийг алаад ойрад руу довтолсон ч ялагдан Хэрлэн руу ухарчээ. Мин улсын хаан Өлзийтөмөр хааныг ухарсныг мэдүүт арван түмэн цэрэг илгээсэн боловч Өлзийтөмөр Аругтай нар тэднийг бутцохижээ. 

Мин улсын хаан сандран дахин 1410 онд тавин мянган цэрэг дайчлан Онон хүртэл давшжээ. Хаан тайш хоёр хүчин мөхөсдөхөд Өлзийтөмөр хаан Башбалыкт очин дахин хүч хуримтлуулах санал тавьсан Аругтай тайш үхсэн ч хүний нутагт үхэхгүй хэмээн үл зөвшөөрөн салах болов.

1412 онд Өлзийтөмөр хаан баруун зүг явж байхдаа Батула чинсанд хорлогдон үхжээ. Харин Батула хааны тамгыг олзлон авч Хархорум хотыг эзлэв.

Энэ үед Хорчинд очсон Аругтай тайш хүчээ хуримтлуулан Батулатай тулахаар зэхэж эхэлсэн ба Ойрадыг дэмжиж байсан Мин улсын бодлого ч тэднийг хэт хүчирхэгжихээс болгоомжлох аястай болж ирэв.

Харин  Ойрадууд зүгээр суусангүй Өлзийтөмөр хааны хүү Дэлбэгийг 1412 онд хаан өргөмжлсөн ч түүнийг монголчуудын ихэнх хүлээн зөвшөөрсөнгүй учир нь монголын ихэнх нутгийг Аругтай тайш мэдэж байлаа.


Хоёр тал удтал бэлтгэлээ базаасны эцэст 1414 онд одоогийн Улаанбаатар хотын орчим Улаан хошуу хэмээх газар ширүүн тулалдан Ойрадууд цохигдон ухарсан ба мөн энэ онд Дэлбэг хааныг Ойрадын Үгэчи хасахийн хүү Эсэхү гэгч хороож өөрийгөө Ойрадын хаан хэмээн зарлав. Дахин 1416 онд Хамилийн зүүн талд Зэлэм ханы ойролцоо Бор нохойн зоо хэмээх газар Ойрад зүүн монголын хооронд нүсэр  тулалдаан болж Ойрадууд ялагдан ухрахад Аругтай Батула Эсэхү нарыг хороов. 

4.Бага хаад - Үгэчи хасаха

1402 онд Гүнтөмөр хааныг хороосон Үгэчи хасаха /хасаха гэж манж тунгус хэлээр шадар цэрэг гэсэн үг/ 1403 онд зүүн монголын Аругтай тайшийн дэмжлэгтэйгээр Гүйличи нэртэйгээр хаан сууж Өлзийт гуаг  хатнаа болгон авав. 

Өлзийт гуа хатан бол Элбэг нигүүлсэгч хааны дүү Хархуцаг дүүрэн тайжын авааль гэргий бөгөөд Элбэг хаан ёс бусаар дүүгээ хороож бэрээ бага хатан болгоход жирэмсэн байсан ба дараа төрсөн хүүхдийг Ажай хэмээн нэрлэжээ. Үгэчи хасаха харин Ажай хүүг  гадуурхалгүй төрсөн хүү шигээ үздэг байсан байна.

Үгэчи хасаха хаан болоод монголын "умард юань" улс нэрийг халж "Дадань" буюу татар хэмээн нэрлэн Мин улсын хаанд элч илгээж харилцан ашигтай байж нэг гэрт  мэт эв нэгдэлтэй байхаа илэрхийлсэнд Мин улсын хаан хариу талархлын зарлиг илгээж хаан чинсангуудад ихээхэн бэлэг сэлт илгээсэн байдаг.

Үгэчи хасаха Асуд аймгийн Аругтай, Мархасан нарыг чинсан болгон төрийн хэрэгт ихээр оролцуулах болсонд Батула чинсан дургүйцэж хэсэг Ойрадуудыг авна тусгаарлаж Үгэчи хасаха буюу Гүйчили хаантай тулалдан илт давамгайлах болжээ.  


1408 онд Аругтай тайш Үгэчи хасахаас урван тэрсэлж түүнийг нутаг руу нь хөөж явуулсан нь тэндээ өвчнөөр үхсэн гэдэг. Үгэчи хасаха бол алтан ургийн биш монголын цөөн хаадын нэг билээ.

5.20.2015

3.Бага хаад – Элбэг нигүүлсэгч хаан



1388 онд Төгстөмөр хаан хорлогдсноор хаан суудлыг түүний хүү Энх хаан Зоригт цолтойгоор залгаж суусан бөгөөд дөрвөн жил хаан суулаа гэдэг.

Энэ үед монгол нутагт эрх мэдлийн төлөөх зөрчил мөргөлдөөн ид даамжирч байв. Төгстөмөр Усхал хааныг хороосон Аригбөхийн упмын Есүдэр их эрх мэдэлтэй байж, мөн Цагаадайн угсааны Гунаашир ноён Хамид Хар дэл хэмээх жижиг улс байгуулж, Төгстөмөр хааны сайд асан Нэцэлай Мин улсад дагаж орсон ч чинсан Ширмэн түүнийг устгажээ. Урьд Мин улсад дагасан Ляодунгийн захирагч ван Ажашир удалгүй Мин улсаас эргэж Есүдэртэй нийлэх болсонд 1392 онд нангиадууд монголд их цэрэг оруулсан ба тэд Онон гол хүртэл явж буцахдаа Улз голоор их олз омогтой буцсан байна.

Энх Зоригт хаан Элбэг, Хархуцаг хэмээх хоёр хөвгүүнтэй бөгөөд 1393 онд Элбэг хаан эцгийн орыг Нигүүлсэгч цолтойгоор залгасан.

Монголчууд төв буюу зүүн монгол, Ойрад буюу баруун монгол гэж зааглагддаг байсан ч анх их Монгол улсын үед дөрвөн мянга байж хожим дөрвөн түм болтлоо өссөн ойрадын ноён монголын их хаанд захирагддаг байлаа. Тэр цагт Ойрадыг хойдын ноён Үгэчи хашахи захирч байсан бөгөөд Элбэг хааны дэргэд Ойрадын төлөөний хүн Хуухай тайюу сууж байв.

Элбэг хаан Хуухай тайюугийн үгэнд орж өөрийн төрсөн дүү Хархуцагийг хороож түүний гэргий Өлзийт гуа хатныг өөрийн болгож авсан ёс бус үйлдлийн хариуд Өлзийт гуа хатан арга сэтгэж Элбэг хаанаар Хуухай тайюуг хороолгосон байдаг. Хуухай тайюуг хилсээр хороосноо мэдсэн Элбэг хаан түүний хүү Батулад өөрийн охин Самар гүнжийг өгч, чинсан цол шагнан Үгэчи хашахитай хамтран Ойрадыг мэдтүгэй хэмээн зарлиг болжээ.

Үүнд ихэд дургүйцсэн Үгэчи хашахи, эцгийн өшөөг авахыг хүлээж суусан  Батула чинсан нар хамтарч 1399 онд Элбэг нигүүлсэгч хааныг хороов.1400 онд Элбэг хааны хүү Гүнтөмөр хаан суусан боловч удалгүй 1402 онд Үгэчи хашахид алагджээ.


5.19.2015

2.Бага хаад - Төгстөмөр хаан



Аюушридар Билэгт хааныг залгаж 1378 онд түүний төрсөн дүү Төгстөмөр Усхал цолтой хаан сууж монголын нилээд хэсгийг өөртөө нэгтгэж чадсан ба Инчаньд төвлөрөн хятадыг уулгалах болжээ. 

Мин улс хариуд нь 1380 онд их цэрэг хөдөлгөн Хархорум хүртэл довтлон ихэд эвдлэн сүйтгэж буцахад монголчууд мөн оны сүүлчээр Хэбэй муж руу довтлон Мин улсын томоохон жанжин Лю Гуаныг устгажээ.

Мин улс Төгстөмөр хааныг дарахын тулд эхлээд Ляодунд төвлөрч байсан Мухулайн угсааны Нагачу жанжны цэргийг устгахаар 1387 онд  Гиринээр дамжуулан манж нутгийн гүн уруу хоёр зуун мянган цэрэг оруулсан ба Чанчун хотын орчим Нагачу ширүүн тулалдаан хийсэн боловч давуу хүчтэй дайсанд аргагүй эрхэнд бууж өгчээ.

Нагачуг дарсан Мин улс Төгстөмөр хаантай шийдвэрлэх тулааныг 1388 оны хавар хийж Төгстөмөр хаан ялагдан шадар түшмэл Нэцэлай, чинсан Ширмэн нарын цөөн хүний хамт Хархорум руу зугтаж гарсан ба хөвүүн, төрийн сайд, албат 2900 хүн, энгийн ард 70000, мөн 150000 толгой мал олзлуулсан хэмээн тэмдэглэгдсэн байдаг.

Төгстөмөр хаан зугтсаар Туул голд ирэхэд Аригбөхийн угсааны ноён Есүдэр түүн лүү довтолж ихэд дийлэн түүнийг сумны хөвчөөр боон хороожээ. Төгстөмөр хорлогдсноор улс төр ихэд тогтворгүй болж Нэцэлай Мин улсад шахагдан дагаар ороход Есүдэртэй нийлсэн чинсан Ширмэн түүнийг дарж хөнөөв. Мөн Ляодунгийн Ажашир ван Тавинтөмөр ван нар Мин улсыг дагажээ.Цагийн байдал ороо бусгаа болж монголчууд хурдан тарж бутарч эхэллээ.

Төгстөмөр хаан Тогоонтөмөр хааны хүү, Аюушридар хааны дүү бөгөөд 1342 онд төрсөн тэрбээр Мин улсын түрэмгийлэлийн эсрэг шийдвэртэй тэмцэгч нэгэн байлаа

5.18.2015

1.Бага хаад - Аюушридар Билэгт хаан

Тогоонтөмөр хаан 1368 онд Хан балгас буюу их Дайду хотоос ухарч нангиад орныг орхисон ч өөрийн эзэмшлийг эргүүлж авахаар өрлөг жанжин Хөхтөмөртэй хамтран хэд хэдэн довтолгоон хийсэн ч бүтэлгүйтэн монголын нутгаа зорилоо.
Ухаант хаан Тогоонтөмөр хаан 1370 онд нас барснаар монголын бага хаадын будлиант үе эхэлж түүнийг том хүү Аюушридар нь Билэгт хаан цолтойгоор эцгийн ширээг залгаж түүний орхисон хэргийг үргэлжлүүлэн шинээр үүсэн бий болж буй Мин улстай хатуу ширүүнээр тулан тал нутгаасаа их хэргээ хөтөлж эхэлжээ.
1373 онд Мин улс 3 замаар их цэрэг илгээн монголчуудыг нэгмөсөн дарж авахаар шийдсэн ч үүний эсрэг Аюушридар хаан шийдвэртэй арга хэмжээ авч мөн л цэргээ 3 хуваан Хөхтөмөр жанжинд гол цэргээ өгч Туул Хэрлэн Орхон голд тулж ирсэн Мин улсын цэргийн бутцохив.
Монголчууд Хархорум хотоо хамгаалаад зогссонгүй 1374 оноос хятад руу Шаньси Хэбэй Ляонин Хучжоу руу довтолж авч Ляодунг тусгаарлаж авав. Билигт хаан Гаоли улсын ванд захиа илгээн хамтрахыг шаардаж байсан ч тэд Мин улсаас эмээн тусалсангүйгээр барам хятадад үлдсэн зарим монгол эрхтнүүд Мин улсад дагаж энэ удаагийн довтолгоон амжилтгүй болж, . Мин улс ч шинэ тутам бүрэлдэж байсан тул элдэв дайн тулаанаас зайлсхийн өөрсдийн барьцаанд байсан Аюушридар хааны хүү Майдарбалыг суллан явуулж найрамдахыг чухалчилжээ.
Энэ үеийн монгол хятадын харьцаа харилцан бие биенээ хүлээн зөвшөөрсөн бие даасан улсын шинжтэй байлаа. 1378 онд Аюушридар хааныг таалал барихад Мин улсын хаан эмгэнэлийн захидал илгээн: “Эрхэмсэг ван говь газраа захирч, миний бие дундад улсаа захирч байв. Эрхэмсэг вантны олон түшмэлүүд тууштай бодлого бариталснаар хил хязгаар түгшүүр үймээн үгүй байлаа. Өнөө их вантныг говь нутагт оршуулах гэж байгаад ихэд гашуудаж, улмаар тусгайлан элч илгээж эмгэнэл илэрхийлэн нас барсны хойноос мөргөл үйлдэв” хэмээн харууслаа илэрхийлж байжээ.
Аюушридар хаан Тогоонтөмөр хааны ахмад хөвгүүн бөгөөд 1338 онд солонгос удмын хатан Өлзийхутаг хатнаас мэндэлжээ. Монголын төрийг есөн жил жолоодон 1378 онд таалал болжээ.