5.08.2020

Хятан нарын эртний аймгуудын үе (344-628)

4-р зууны сүүл үед Шар мөрөн болон Лууха голын бэлчирт нутаглаж байсан хятанчуудын өвөг дээдэс, тэдний уг гарлын тухай хоёр янзын домгийн шинжтэй бүдэг бадаг мэдээ үлдэж хоцорчээ. Эхнийх нь Сүн улсад зохиогдон хааны ордонд хадгалагдаж байсан “Хятан гүрний ойллого”-д багтсан домог юм.
“Найхэ гэх нэгэн эзэн байжихуй. Эзэн дугуй эсгий дотор дэвсэг дор нуугдсан гавлын яснаас өөр бус тул үл үзэгдмүй. Улсад нь их хэрэг гарч цагаан морь, бараан үхэр хойлоглон тахил өргөвөөс л сая хэргийг шалган шийтгэхээр хүний биед хувилж эхэлдэг байна. Тийн шийдээд гэртээ харьж эргээд галын яс болмуй. Улсын хүмүүс түүнийг тагнан гэрийн дотроос хайваас үл үзэгдэх амуй. Дараа нь Вайхэ гэх нэг эзэн байжихуй. Тэрээр дугуй эсгий гэрт амьдарч, зэрлэг гахайн толгой өмсөж, гахайн арьс хэдэрмүй. Хэрэг гарваас ирж, эргээд биеэ нууна. Гэтэл хожим эхнэр нь гахайн арьсыг нь хулгайлсанд эхнэрээ орхин явсан агаад хэрхсэнийг хэн ч үл мэдмүй. Дараа нь Хуали Хунхэ гэх өөр нэг эзэн байжихуй. Тэрээр багцаар хорин толгой хонь өсгөмүй. Өдөртөө 19-ийг идээд нэгийг үлдээдэг боловч удаахь өдөр нь ахин 20 толгой болмуй. Эдгээр гурван эзэн бүгд улсыг удирдахуйд гарамгай чадвартай тул нэрд гарсан ажээ.”

Далдын увьдас шингэсэн Найхэ, Вайхэ, Хуали Хунхэ гэх гурван эзний дүр гарч буй энэхүй домогт үйл явдал чухам хэзээ, хаана болж буйг илтгэх ямар нэг орон зай, цаг хугацааны мэдээ агуулагддаггүй боловч цагаан морь, бараан үхрээр хойлго тахилга хийж байгаа зан үйл нь хятан хаадын өвөг дээдэсдээ  зориулан гүйцэтгэдэг байсан тайлгын зан үйлийг эрхгүй санагдуулна.

Харин нэлээд хожуу үед буюу Юань улсын үед бичигдсэн хоёрдохь домог өмнөхтэйгээ харьцуулбал илүү түүхэн шинж чанартай бөгөөд хятаны өвөг дээдсийн амьдарч байсан уугуул нутгийн талаар баримжаа мэдээлэл өгч байдаг.

“Му-е уул байжихуй. Түүн дээр хятаны өвөг дээдсийн  сүмийг босговой. Чишоу хаан өмнөд сүмд, Кэдүн хатан умард сүмд мөргөмүй. Эдгээр хоёр богдос хийгээд найман хөвгүүдийг сүмд бурхдын дүрээр бүтээж зурвай. Эртний дээдсийн түүх бичигт хутагт хүмүүн цагаан морь унан Ма-юй уулнаас Ту мөрөн дагуу дорно зүгт хөвөн айсухуйд бараан үхэрт тэрэг хөллөсөн тэнгэрийн хүүхэн Пинди Сунлингаас Шар мөрөн рүү бууж ирсэн. Му-е ууланд хүрээд хоёр гол нэгдэхүйд мөн тэр хоёр учран нийлж найман хөвгүүн төрүүлбэй. Тэдний үр удам аажмаар үржин хүчирхэгжиж найман аймагт хуваагдан салбарлав. Цэргийн үйл хийгээд хавар намар цагийн тахилга бүрт язгуур гарлаа мартахгүйгээ харуулж, цагаан морь бараан үхэр хэрэглэх ёстой болжихуй”
Энэхүү домогт Му-е хэмээх  ууланд мөн цагаан морь, бараан үхрээр тайлга тахилга үйлддэг байсан мэдээ нь өмнөх домгийн мэдээтэй давхцана. Харин шинээр нэмэгдэж буй мэдээ нь өвөг дээдсийн тахилгыг Чишоу хаан түүний хатнаас төрсөн найман хөвгүүнд зориулан Шөр мөрөн, Лууха голын бэлчирт орших нутагт үйлдэж буй дүрслэл юм. Сурвалжид Му-е уулыг Юнжоуд оршино гэж заасан бөгөөд энд хятаны анхны өвөг болсон хаан, хатан хоёр, тэдний хөвгүүдэд зориулсан бунхан бас оршино” гэж дурджээ. Эдгээр домгууд бодит бус хийсвэр шинжтэй ч Шар мөрөн Лууха голын бэлчир нутгаар хятанчууд нүүдэллэн амьдарч байх үед адуучин, үхэрчин хоёр аймг нэгдэн улмаар найман овогт, найман овог нь өргөжин найман аймаг болон томорчээ гэж үзэж болох юм.

Хятаны өвөг дээдсийг бүрдүүлсэн эртний найман аймгийг “Ляо улсын түүх”-д нэрлэсэн боловч өөр бусад сурвалж бичгүүдэд түүнээс ч олон, ихдээ 12 аймгийг нэрлэсэн байдаг нь эртний найман аймаг олширсоор 10 гаруй болсон гэж үздэг. 5-р зууны дунд үеийг хүртэл эдгээр аймгууд нэгдсэн зохион байгуулалтанд ороогүй байж байгаад Умард Вэй улс цагаан хэрмээс хойшхи ихэнх нутгийг эзэрхийлэн хүчирхэгжин мандах үед зарим аймгийн толгойлогчид нөлөөнд нь багтахаа илэрхийлэн татвар гувчуур өгч эхэлжээ. Нэн ялангуяа Умард Вэй улсын гуравдахь хаан Тоба Дао (423-452) 432-433 оны хооронд Умард Янь улсын нутаг дэвсгэр, өнөөгийн Ляонин мужийн Чаяон хотын орчмын нутаг болох Хэлунг довтолж, тэндхийн хүн амыг өөрийн улсын харъяанд оруулсан үеэс эхлэн хятанчууд түүнд жил болгон сайн агт морьдоор алба барих болжээ. Тоба Дао хааны үед Умард Вэй улсын газар нутаг 2 дахин томорчээ.
5-р зууны хоёрдугаар хагаст хятаны толгойлогчид табгач нарын төрд дагаар орох нь олширч, улмаар Умар Вэй улсын хаан Тоба Хун буюу Сяньвэнь (466-471) хааныг төр барих үед ихэнх аймгийн тэргүүлэгчид сайн агт, ангийн үсээр алба гувчуур тогтмол барьж, дагаар орсноо баталж байсан тул өөрийн харъяаны нутгийн зүүн хойт үзүүр Хэлунгээс Бээжин хотын Миюнь сянийг хүртэлх нутагт чөлөөтэй худалдаа хийх эрхийг олж авсан байна. 6-р зууны эхний хагаст Умард Вэй улс доройтон мөхөх хүртэл хятанчууд Умард Вэй улсад алба татвар өгөх явдал үргэлжилсээр байжээ.

Харин 6-р зууны эхэн үеэс доройтох шатандаа ороод байсан Умард Вэй улсын хааны ордны зүгээс хятан аймгуудыг өөрийн нөлөөнд байлгахыг эрмэлзэж байсан бололтой, 510 оны сүүлээр Умард Вэй улсын хаан Сяомин-иий (515-528) эх, тухайн үед төрийн хэргийг гартаа атгаж байсан бэлэвсэн Лин (515-528) тайху хатны зүгээс хятаны Жүжэн тэргүүтэй 30 гаруй элч нарыг буцахад хүн тус бүрт хятанчуудын хуримын өмсгөл хийхэд хэрэглэдэг хар эсгийгээр шагнаж байв. Гэвч доройтож буй Умард Вэй улсын нөлөөнд багтах шаардлагагүй болсон тул хятанчуудын алба өгөх нь улам цөөрсөөр, хамгийн сүүлчийн удаа Умард Вэй улс бутран мөхсөн 535 онд алба барсан байна.
535 онд Умард Вэй улсын төр унаж, өрнөд дорнод хоёр улсад хуваагдан Цагаан хэрмийн умард этгээд дэх нүүдэлчдийн ертөнцад ахин шинэ дэг журам тогтох эгзэгтэй цаг үе ирэв. Өрнөд Вэй улс Чанань хотод төвлөрөн 557 он хүртэл оршин тогтнож, улмаар түүний дээд язгууртнууд дотроос Умард Жоу улс байгуулан, Сүй улс байгуулагдах 581 он хүртэл оршин тогтнов. Энэ зуур Дорнод Вэй улсаас 550 онд Умард Ци улс байгуулагдан 577 онд мөхөж, улмаар түүний газар нутаг 581 онд нангиадын Сүй улсын харъяанд оржээ. Харин умард Вэй улс мөхсөний дараа Монголын өндөрлөгт оршиж байсан Жужан улс хэдийгээр түүнийг ноёрхогчдын дунд хагарал тэмцэлтэй байсан ч бүс нутгийн хэмжээнд нөлөөгөө өргөтгөхийг хичээж байв. Гэвч Жужан улсын дотроос түрэгүүд 552 онд босож, Жужаныг мөхөөж, улмаар өөрсдийн шинэ улсыг байгуулсан билээ. Нүүдэлчдийн ертөнцөд шинэ дэглэм тогтох ороо бусгаа цаг үеийг ашиглан дорно зүгт Когүрю улс ч нөлөөгөө нэмэгдүүлэх бодлого баримтлах болов.
Умард Вэй улс мөхсөний дараа хятан аймгууд, ээлж дараалан гарч ирсэн хүчнүүдийн хооронд тус тусын ашигтай байдлыг харгалзан өөр хоорондоо нэлээд тархай бутархай оршин тогтнох болов. Ялангуяа табгач, жужан нарын тэмцлийг далимдуулан зарим хятан аймгууд баруун өмнө зүг довтлон, өнөөгийн Бээжин хотын дорнод этгээд дэх Лулунд орших Пинжоу хотын орчмийг мэдэлдээ оруулан Дорнод Вэй улсын хил хязгаарт нэвтэрч байжээ. Гэхдээ тэд Дорнод Вэй улстай шууд тулахаас сэргийлэн 549 онд алба барьж байв. 

550 онд Дорнод Вэй улсын цэргийн жанжин Гао Хуаны хүү табгачийн сүүлчийн тоглоомын хааныг унагаж, шинэ умард Ци улсыг байгуулан өөрийгөө Вэньсюань (550-559) хаан гэж өргөмжлөв. Хятанчууд шинэ улсад дагаар орохыг хүссэнгүй харин ч эсэргүүцэн хил хязгаарт нь халдан довтолсоор байв. Эцэст нь 553 онд Вэньсюань хаан өөрөө цэрэглэн мордож, тэдний эсрэг шийдвэрлэх цохиолт өгөн, 10 гаруй түмэн хүн, хэдэн зуун мянган мал олзлон харъяандаа оруулаад улсын дотор хүчийг нь сарниулан тархаан суулгасан байна. Ийнхүү ялагдсаны дараа хятаны үлдсэн хүч Түрэг улсыг байгуулагч Буман хааны хүү, дөнгөж хаан ширээнд залраад байсан Муган (553-571) хааны эрх ашигтай зөрчилдөх болов. Энэ үед хятан аймгуудын зарим нь тэдний эрхшээлд орж, зарим нь Когүрю улсад орогнох хүсэлт өгч, тус улсын умард хязгаарын нутагт оршин суух болов. Ийнхүү 6-р зууны хоёрдугаар хагас эхлэхэд хятан аймгууд янз бүрийн хугацаанд нэг талаас табгачийн Умард Вэй улсын залгамж улсууд, нэн ялангуяа тэднээс салбарлан байгуулагдсан Умард Ци улс, нөгөө талаас Жужан, түүний дараа байгуулагдсан Түрэг, мөн түүнчлэн Когүрю зэрэг улсуудын эрхшээлд орж, хэд хэдэн хэсэгт задран, өөр өөр улс төрийн хүчний нөлөө, нутаг дэвсгэрт сарнин сууснаар домгийн Чишоу хааны үеэс улбаатай эртний аймгуудын үе дуусгавар болж байна.

Гэвч 7-р зуун эхлэхэд Зүүн Түрэг улсад хятаны асуудал нэлээд төвөгтэй нөхцөл байдлыг үүсгэх болов. Хятан аймгууд хүчирхэгжин томорч, газар нутаг нь Ляоси буюу Ляо мөрний баруун талын умард этгээд рүү тэлэх болсон байна. Тэд түрэг, нангиадын аль алины нөлөөнд орох бодолгүй байв.  Сүй улсыг байгуулагч сяньби гаралтай Гаозу хааны хүү Ян Гуан (604-618) хааны 605 онд хятаны зарим хүчирхэг аймгууд нэгдэн Сүй улсын Лючэн хот руу дайрав. Сүй улсын хаан Когүрю улс руу эцгийн өдөөсөн дайныг үргэлжлүүлэх санаатай, хил хязгаарын мөргөлдөөнөөс зайласхийн, хятанчуудын бослогыг нэн даруй дарахын тулд Түрэгүүдтэй эвсэхээр шийджээ. Ингээд Сүй улсын түшмэл Вэй Юньчи хааны өмнөөс Түрэг улсын Тули хаантай уулзаж, түрэгийн 20000 цэргийг Лючэн дахь хятанчууд руу илгээсэн байна. Түрэгүүд тэдгээр хятанчуудын бослогыг дарж, 40000 хүн олзолж авснаас бүх насанд хүрэгчдийг хядаж, үлдсэн эмэгтэйчүүд хүүхдийн талыг өөрийн мэдэлд, талыг нь Сүй улсад өгчээ. Сүй улс Когүрю улс руу хийсэн дайнаасаа болж доройтон, түүний дотроос салан тусгаарлагчид, түрэгүүдийн дэмжлэгтэйгээр Сүй улсыг мөхөөж, Тан улсыг байгууллаа.
“Монголын эртний түүх”    

No comments:

Post a Comment