5.27.2014

Их хааны хоёрдохь хөвгүүн Цагаадай

                                          
Цагаадай харагчин туулай жил буюу 1183 онд төржээ. Тэр эцэг хааныхаа их үйл хэрэгт осолдолгүй зүтгэж явсан ба эрс шиидэмгий эрэлхэг жанжин бөгөөд харин хаяа хэрцгий догшин зан гаргадаг нэгэн байв.
1211 онд Алтан улсыг дайлахад ах Зүчи, дүү Өгөөдэй нарын хамт цэрэг захирч байлдсан ба 1219 онд Хорезмын дайнд Отрар, Ургенч зэрэг хотуудыг авах хатуу үүргийг биелүүлжээ.
Цагаадай бол эцгийн үгнээс гардаггүй түүнд цаглашгүй шударга сэтгэлээр хандан хэлсэн бүхнийг ягштал дагана. Бамиан цайзын дэргэд эндсэн хүүгийнх нь тухай Чингис хаан түүнд  “Чиний хөвгүүн Мохутхан нэгэнт эндэв. Чи зовж болохгүй” гэхэд Цагадай эцгийн зарлигийг даган биеэ чанга барин нулимс дуслуулалгүй өргөөнөөс гарч ирээд сая гашуудлаа чинээгээрээ гаргасан гэдэг.
Цагаадай Зүчитэй таарамжгүй  ч харин Өгөөдэйтэй найрсаг харьцаж түүнд бүх хүчээ өргөж байлаа. Өгөөдэй хааны 1230 онд Алтан улсыг дарах дайнд Цагаадай бүх цэргээ аван дагалдсан бөгөөд Цзюнчжоугийн Гурван хайрханы байлдаанд гавъяа байгуулсан билээ.
1235 онд монголчууд баруун тийш дахин дайлахад Цагадай ахмад хөвгүүдийг явуулах саналыг хаанд өргөн одоо түүхэнд уг дайныг “Ахмад хөвгүүдийн дайн” гэх болжээ.
Өгөөдэй хаан болсноос хойш Цагаадай түүнийг хааны ёсоор хүндэлж байв. Нэг удаа Өгөөдэй Цагаадай хоёр хээр явж байгаад хоёул уралдая гэж тохироод уралдан Цагаадай түрүүлжээ. Шөнө амарч байхдаа гэнэт сэрээд “ хаан эзэнтэй уралдан түүнийг түрүүлсэн нь их ёсыг алдсан байна” хэмээн бодож өглөө үүрээр сайд түшмэлээ дагуулан хаан дээр очин “Өчигдөр ёсыг алдав. Занчих буюу цаазлахыг эзэн мэдтүгэй” гэтэл Өгөөдэй их л уяран зөөлөн үгээр зэмлэн өнгөрөөсөн гэнэ. Цагаадай хааны өршөөлд талархан гарч ирээд ордны үүдэнд сөгдөн есөн ес наян нэгэн агтыг өргөж “ Хаан Цагаадайн үхэх ялыг хэлтрүүлэв” хэмээн зарласан байдаг. Өгөөдэй хаан ч Цагаадайг ах ёсоор хүндэлж төрийн чухал хэрэг бүрээ түүнтэй зөвлөж байлаа.
Цагаадай бол Чингис хааны тогтоосон засгийг хичээнгүйлэн дагадаг бөгөөд хууль зөрчигсдийг хатуугаар шийтгэдэг байв. Түүний үед Бухар зэрэг олон хот эргэн сэргэж хүн ам нь өдрөөс өдөрт олширч цэцэглэн хөгжих замдаа оржээ..
Цагаадай 1242 онд нас барж түүний орыг Дөргэнэ хатны зарлигаар Мохутханы хоёрдугаар хөвгүүн Хар Үлэгү залгажээ.


5.26.2014

Их хааны ахмад хөвгүүн Зүчи

Саган цэцний “Эрдэнийн товч”-д Тэмүүжин арван долоон насандаа буюу 1178 оны шар нохой жил Бөртэ үжинтэй урагласан хэмээн тодорхой тэмдэглэсэн ба “Монголын нууц товчоо”-нд  Дай Сэцэн халуунд  ядрах тул Бөртэ үжинг хүргэж чадалгүй гэдрэг буцсан тухай бичсэн байдаг. Тэгэхээр зун намрын цагт Тэмүжин Бөртэ хоёр нийлж.
Үүний дараагийн үйл явдал нь Мэргэдүүд довтолж Бөртэ үжинг булааж яваад жил ч бололгүй Тэмүжин, Ван хан, Жамуха гурав 1179 онд Буур хээр гэдэг газар  мэргэд аймгийг дарж Бөртэ үжинг буцаан авчээ.
Мэргэдүүд довтлох үед хэдүйн хөл хүнд байсан Бөртэ 1179 онд нярайлжээ. Тэмүжин анхны хүүгээ төөрч будилж явсаар төрсөн хэмээн Зочин буюу Зүчи хэмээн нэрлэжээ. Зүчи багаасаа эцгээ даган  хатуужилтайгаар суралцан эрэлхэг жанжин болсон ба хаан эцгийн үйлсэд маш их гавъяа зүтгэлийг бүтээжээ. Хэдийгээр яаруу сагамхай зантай ч хүн дэмий алдаггүй, олонхи ноёд жанжинд хүндлэгдсэн нэгэн байв.
Тэр татар аймагтай байлдахад хагасыг нь олзолж, олзолсон хүмүүсээ амьд тавин явуулж байв. 1207 онд Монгол улсын баруун гарын цэргийг захирч ойн иргэдийг оруулсан. 1211 онд Алтан улсыг дайрахад Цагаадай, Өгөөдэй нартай баруун замын цэргийг захирч өмнөш довтолж 27 чжоуг байлдан авчээ. 1217 онд киргизүүд Хар Киданыг дарахад цэргээр туслаагүй тул Зүчи очиж дараад Хаант монгол улсын баруун хилээр сууж байв.
Тэр үед Сүвээдэй мэргэдийн үлдэгдлийг дарчихаад Тогтоа бэхийн гуравдугаар хөвгүүнийг барьж аваад Зүчид хүргүүлжээ. Түүгээр сум харвуулахад эхний сум байг нүхэлж дараагийн сум нүхээр нь гарч байхыг хараад бишрэн хайрлаж амийг нь өршөөхийг эцгээсээ гуйсанд зөвшөөрөл олдоогүй гэдэг билээ.
1219 онд эцгээ дагаж Сартуул иргэнийг дайлах дайнд явжээ.
Чингис хаан Зүчийг багаас нь хайрлаж байсан. Хаан ор залгах хурилдай дээр ч Зүчийг дурдсан. Гэвч Цагаадай зөвшөөрөхгүй хэдэрлэхэд “Зүчийг ингэж хэлж яаж болно. Хөвгүүдийн минь ахмад Зүчи биш бил үү? Хожим чингэж бүү хэлтүгэй!” хэмээн хэлж байв. Цагаадай Зүчийг хүндэлж үздэггүй бөгөөд энэ нь ч хожим Ургенчийг эзлэх байлдаан дээр тодорхой илэрч байв.
Чингис хаан бас эндүүгээр Зүчид муу санасан удаа ч бий. Ургенчийг эзэлсэн байлдаанаас хойш Зүчи хаан эцэгтэйгээ дахиж уулзсангүй. Учир нь Зүчи Арал тэнгис, Каспийн тэнгис хоёрын дундахь өөрт хувилж өгсөн газраа сахин сууж Зэв, Сүвээдэй хоёрын дайныг алсаас дэмжиж байв. Чингис хаан Сыр-Даръяа мөрний орчим Зүчийг дуудуулсан боловч өвчтэй гээд ирсэнгүй. Сүүлд бас хэдэнтээ дуудуулаад ирсэнгүй гэдэг. 1225 онд Чингис хаан Монголдоо ирсэн хойно Зүчийн харъяатаас ирсэн гэх нэгнээс Зүчийн тухай асуухад “Манай эзэн Зүчи тун сайн, нааш гарахаас өмнө түүний ан хийж байхыг үзлээ” гэж. Энэ үг хаан эзний гал дээр тос нэмж уур хилэнг дэгдээсэн бөгөөд цэрэг зэвсгээр залхаахаар шийджээ. Гэтэл удсангүй Зүчи хүний ертөнцөөс ангижирсан гунигт мэдээ эцгийнх нь чихэнд хүрчээ. Нөгөө ан хийж байхыг харсан хүнийг эрээд олоогүй гэдэг.

Ийнхүү 200 гаруй хот сууринг эзэлж, 50 гаруй томоохон тулаанд оролцож явсан гарамгай жанжин Зүчи хан 1225 онд нас барж түүнийг хоёрдугаар хүү  Бат нь залгамжилжээ.
зураг Зүчи хааны бунхан Казакстан улс

5.23.2014

Цоохор ирвэс буюу Panthera uncia

Одоо манай гариг дээр  Афганистан, Балба, Хятад, Энэтхэг,Казакстан, Киргизстан, Монгол, Бутан, Пакистан, Орос, Тажикстан, Узбекстан гэх 12 орны уулархаг бүсэд цоохор ирвэс тархан амьдарч байна.

Судлаачид  нийт 3500 -7000 орчим цоохор ирвэс байдаг гэж үздэг. Амьдрах орчин нь хүн хүрэхэд бэрхшээлтэй учраас нарийвчлсан тоо гэж үзэх аргагүй. Эдгээрээс 600 орчим нь зоо паркуудад байдаг гэнэ. 

Манай орны хувьд Говь-Алтай, Монгол Алтайн нуруу, Ханхөхий, Хархираа Түргэний уулс, Цагаан шувуутын уулаар 700 – 1200 ирвэс бий гэх тооцоо бий.
Үр төлийг нь гүем гэх ба гүемээ өсгөхөөс бусад үед ганцаараа биеэ даасан амьдралтай. Өвлийн сүүл сард үржилд орж 100 орчим хоногийн дараа голдуу 2-3 гүем гаргадаг. Гүем эхтэйгээ 18-22 сар болсны дараа бие дааж амьдарч эхэлдэг. Энэ амьтан  харуй бүрий, харанхуйд идэвхтэй амьдарна.

Цоохор ирвэс нь  биеэр  бусад  том муурын  төрлийн амьтадтай  харьцуулахад  дунд  зэрэг ба 27.3- 54.6 кг жинтэй ба  биеийн урт нь 0.97-1.27 м бөгөөд  харин сүүл нь биеийнхээ урттай адил хэмжээтэй байдаг. Өтгөн сахлаг цайвар дээр саарал бор өнгийн толботой арьстай. Уул хаданд биеэ нуух чадвар сайтай учир олж харахад маш хэцүү.

Цоохор ирвэс нь бусад төрлийн амьтдаар хооллодог махчин амьтан юм.  Ихэвчлэн аргаль янгираар  хооллодог ч мөн тарвага, чандага, хойлог гэх мэтийг хүнсэндээ хэрэглэнэ. Ер нь ирвэс тааралдсан амьтдаараа хооллох магадлалтай.  Амьдрах орчинд нь байгаа гэрийн малыг ч барьдаг

Ирвэсийг тэдний үлдээсэн шинж тэмдэгээр нь хайж судалж судалгаа хийдэг байна.

Бумбаа - ирвэс хойд хөлөөрөө шороо овоолж эзэмшил газраа тэмдэглэдэг ба үүнийг бумбаа гэнэ.
Үнэр
Баас - Үүгээр тэр “би энд байсан шүү “ гэдгээ зарладаг.
Дээрх шинж тэмдгүүдийг мөн ирвэснүүд газар нутгаа тэмдэглэх, орооны үеэр эр эм ирвэснүүд

нэг нэгнээ олоход ашигладаг байна.

5.13.2014

Чан Чунь бумба баруунш зорчсон нь




Чан Чунь бумба бол түүний бясалгалын цол нь бөгөөд жинхэнэ нэр нь Цю Чу Цзи. 1148 онд төрсөн тэр бумбын шашинд гүнзгий нэвтэрсэн улс орон даяараа алдаршсан нэгэн байв. Түүнийг 1216 онд Алтан улсын хаанаас, 1219 онд Сүн улсын хаанаас урьсан боловч алинд нь ч очсонгүй.

Харин 1219 оны 5 сард Чингис хаан Хорезм улсыг дайлахаар Найманы нутгаар явж байхдаа Лю Чжун Лу, Жабар нарт барсын толгойт алтан пайз өгч өөрийн зарлигийг бариулан Чан Чунь бумба руу явуулжээ.

Урилгыг авсан Чан Чунь бумба шавь нараа дагуулан 1219 оны 12 сард Чингис хааныг зорин хөдөлсөн байна. Энэ үед тэрээр 72 нас хүрсэн байсан ч алсын аянд гарчээ.

1220 оны 2 сард Алтан улсын нийслэл байсан Жунду хотод ирж хааныг хүлээе гэсэн ч Чингис хаан дахин зарлиг бариулж шахамдуулсан тул зуныг өнгөрөөн 1221 оны хавар Монголыг захирч үлдсэн Отчигон ноёны урилгаар түүний өргөөнд ирэв. Энд арав гаруй хонож Хөлөн нуурыг дайрч Хэрлэн голыг даган баруун хойш яван Туул, Орхон, Тамир, Сэлэнгэ голуудыг өнгөрч Идэр голын хөвөөнд байсан Чингис хааны татвар хатдын ордонд хүрчээ.

Цаашлан Хангай нуруугаар дайран одоогийн Дөргөн нуурын орчим Чинхайн балгасанд 7 сард хүрч энд өвөлжихийг хүссэн ч хаан хүлээж буйг хэлээд Чинхай сайд өөрийн биеэр дагалдан хүргэж өгнө хэмээн цааш хөдөлжээ.

Тэд Алтайн нурууг Улаан даваагаар давж Булган гол Жунгараар Тэнгэр ууланд хүрэн Ил мөрнийг гатлан Алимар хот Хар Киданыг өнгөрч Хорезмын нутагт орж Ташкентаар дайран Сыхун мөрнийг гаталж 1221 оны 11 сард Хорезмын шинэ нийслэл Самарканд хотод ирж өвөлжжээ.

Чингис хаан Боорчид мянган цэрэг өгөн бумбыг Төмөр хаалганы боомтоор гаргатугай хэмээн уламжилсан байна. Ингээд Чан Чунь бумба Самарканд хотоос хорь хоног аялж 1222 оны 4 сарын 5 Гиндикуш уулын Бараан хээрт байсан Чингис хааны ордонд сая л нэг ирэв. Энэ өдөртөө анхныхаа уулзалтыг хийжээ.

Тэд хоорондоо хэд хэдэн удаа дотночлон уулзаж сонирхолтой яриа өрнүүлсэн байдаг бөгөөд Чингис хаан түүний хэлсэн бүгдийг уйгаржин монголоор тэмдэглэж авахыг зарлигласан гэдэг.

Чан Чунь бумба 1223 оны 3 сарын 10-ны өдөр Чингис хаанаас салан мөн оны сүүлээр өөрийн сүмдээ буцаж иржээ. Тэр 1227 онд нас баржээ.

Чан Чунь бумбын баруунш зорчсон аялалын тэмдэглэлийг түүний шавь Ли Чжи Чан бичиж үлдээсэн байна.










Умарш элчилсэн Үгүсэн Жүанда

Алтан улсын ёслолын яамны дэд сайд Бүхи буюу Үгүсэн Жүанда хааныхаа найрамдахыг гуйсан бичгийг аван 1220 оны 7 сард баруун газар байлдаж явсан Чингис хааныг зорьжээ.

"Умарш элчилсэн тэмдэглэл" гэсний учир тэд эхлээд хойш хөдөлж Гоо ван Мухулайтай уулзан цааш дагалдагч нараа орхин Үгүсэн Жүанда ганцаар Тангудаар дайран, Хар киданыг өнгөрөн 1221 оны 7 сард Талаханы уулархаг газар зусаж байсан Чингис хаантай уулзан өөрийн хааны бичгийг барьжээ.
Чингис хааны өгсөн хариу нь:

"Хэрвээ надад Хатан голын умард дахь газрыг өгч Алтан хаан хаан цолоо орхиж Хэнаний ван болбол харилцан цэрэг ухарсугай хэмээн би урьд нь чиний эзэнд мэдэгдсэн бөлгөө, гэтэл чиний эзэн эс хүлээв. Өдгөө Мухулай нэгэнт эзлэн дуусах үед дахин гуйчилсан нь юун" гэж.
Үгүсүн Жүанда өрөвдөлтэй байдлаар дахин гуйсанд Чингис хаан:

"Чамайг хол газраас ирсэн учир дахин нэг удаа өгүүлсүгэй. Голын умард орон нэгэнт минийх болов. Тунгуань боомтоос баруунш эс эзлэгдсэн хотуудыг надад харъяалуулан өгөх хэрэгтэй бөгөөд чиний эзэн Хэнань ван болж дахиж зөрчиж үл болмой" гэжээ.
Ингээд Үгүсүн Жүанда буцаж 1221 оны 12 сард албандаа орсон ба Алтан улсын хаан түүнийг зүдрэв хэмээн хоёр зэрэг нэмж шагнасан ба түүний "Умарш элчилсэн тэмдэглэл" хэмээх товч тэмдэглэл үлджээ.

5.07.2014

Улаан эрэг

1920-иод онуудад Америкийн Байгалийн түүхийн музейн зохион байгуулсан Төв Азийн экспедицийг ахлан энд ирсэн палеонтологич Рой Чэпмен Эндрюс хадан хясааны тод улбар өнгөөр Улаан эрэг хэмээн нэрлэжээ. Уг өнгө нь ялангуяа нар жаргах үед онцгой тодордог.

Мөн нутгийнхан Ширээ шавар, Тэмээн шавар гэхчлэн нэрлэх энэ газар Өмнөговь аймгийн Булган сумын нутагт бий бөгөөд Төв Азийн экспедицийнхний баримт материалд Шавар ус гэсэн нэртэй гарах ба заган ойгоор нь Баянзаг ч гэдэг.

Алдарт Эндрюсийн олсон үлэг гүрвэлийн
өндөг Монгол орны нэрийг үлэг гүрвэлийн өлгий хэмээн шуугиулж байсан энэ газар говийн олон гайхамшигийн нэг.

Улаан-Эрэг бол дэлхийн хамгийн анхны үлэг гүрвэлийн өндөг олдсон гэдгээрээ алдартай ба дагтаршиж хатуурсан улаан элсэн тогтоц нь сүрлэг бөгөөд гайхалтай.





  







5.05.2014

Сайханы хөтөл

Сэлэнгэ аймгийн төвөөс 10 хүрэхгүй км-ийн зайтай Монгол Оросын бараг хил дээр байгалийн үзэсгэлэн бүрдсэн Сайханы хөтөл хэмээх сайхан газар бий. Өмнө нь Тэмээн хүзүүтийн хөтөл хэмээн нэрийддэг байсан эл газрыг жанжин Д.Сүхбаатар “Үнэхээр сайхан хөтөл юм аа” хэмээн уулга алдсанаас хойш Сайханы хөтөл хэмээн нэрийдэх болсон гэх.

Сайхны хөтөлийн байгалийн үзэсгэлэнгийн нэг нь Орхон, Сэлэнгийн бэлчир. Орхон, Сэлэнгэ мөрөн энд нийлж, цааш урссаар Байгаль нуурт цутгадаг. Энд мөн Сайн эрс цуглаж байсан хэмээх агуй ч бий.

Д.Сүхбаатар жанжинг Хиагт руу явах үед нь гэнэт хүчтэй аадар бороо орж, тэрбээр эл агуйд хоргодон буу зэвсгээ хамгаалж, амь аврагдсан хууч яриатай уг хөтөлийг хилийн цэргүүд сайхан тохижуулжээ. Тэд хосын модны дэргэд сандал тавьж, Сайн эрсийн хээрийн гэрт чулуугаар ширээ, сандал, тулга хийсэн байна. Түүнчлэн алсыг тольдох тавцанг хадан дээр засаж, ширээ сандал байрлуулжээ.
Сэлэнгэ аймаг бол Чингис хааны хайртай Хулан хатны төрсөн нутаг. Чингис хаан Хулан хатанд зориулж дурсгалын хөшөө бүтээж мөн буугаа үүрэн элдвийг хуучлан суух партизаны хөшөөг ч босгосон байна. Сайханы хөтлийг сайхан тохижуулсан байна лээ.