12.30.2020


Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын нутагт орших Шатар чулууны дурсгалт газар нь түүхийн олон үед хамаарах хиргисүүр, зэл чулуу, дөрвөлжин булш, буган хөшөө, эртний Түрэгийн тахилгын онгон зэрэг дурсгалуудаас бүрдэнэ. Эдгээрийн дотор хамгийн эрт цагт хамаарах зэс чулууны үеийн гурван булш Түйн голын эрэгт ойр дэнж дээр байрлаж байсныг 1971 ба 1975 онуудад Монгол-Зөвлөлтийн түүх соёлын хамтарсан экспедици малтан судалсан байна

Энэ булш нь хоёр давхар чулуун хаяавчны дээрээс дарсан голын хайрга ба хадны хэлтэрхий чулуун дараастай, дугуй хэлбэрийн чулуун дараасын голч нь 6,5-10 м, өндөр нь 35-70 см байжээ. Дараасын доор төв хэсэгт нь 1,7 м хүртэл гүнтэй зууван хэлбэрийн нүхэнд толгойгоор нь зүүн юм уу баруун тийш харуулан оршуулсан нэг хүний оршуулга байдаг. Хүнээ ар нуруугаар нь болон баруун хажуугаар нь хэвтүүлж хөлийг өвдгөөр нь нугалж тавьдаг байна. Талийгаачийг улаан өнгийн зосоор элбэг будаж оршуулсан байдаг нь Алтансандал уулын булш төдийгүй төдийгүй Афанасьевын соёлын бусад дурсгалуудтай ижилсэх нэг шинж нь болдог.

Эдгээр булшнаас яг хүний оршуулгын түвшинд тусгайлан тавьсан эд өлгийн зүйл гараагүй боловч дараас чулууны завсар болон доод хэсгээс нь гахайн соёоны хугархай, гацуур хэлбэрийн хээтэй Афанасьевийн хэв загвартай шавар савны хагархай хэд хэд илэрчээ. Шатар чулууны булшнаас гарсан хүний гавлын ясны судалгаанаас үзэхэд Алтансандал уулынхтай ижил европжуу төрхтэй байсан нь тогтоогдсон.

Ерөнхийдөө Шатар чулууны булш нь Алтансандал уулын булштай ойр төстэй бөгөөд оршуулгын байгууламжийн бүтэц, эд өлгийн зүйл дагалдуулдаггүй ёс зэрэг шинжээрээ Афанасьевийн цаг үеийн нэгэн тусгай бүлэг болох юм. Оросын зарим судлаач энэ бүлэг булшийг Тувагийн тухайн үеийн дурсгалуудтай хамгийн ижил төстэй байна гэж дүгнэдэг. Одоогоор манай улсын нутагт туйлын цөөн судлаад байгаа зэс чулууны үеийн эдгээр дурсгалууд нь Монголын эртний түүх археологийн судалгаанд нэн чухал байр суурьтай юм.
Афанасьевийн соёлын он цагийг НТӨ IV мянганы сүүлчээс III мянганы эхэн хагаст холбогдуулан үздэг.
"Монголын түүхийн тайлбар толь"

12.29.2020

Монгол улсын анхны ерөнхий сайд, Сайн ноён хан Намнансүрэнгийн бага ба идэр нас


Хүн болох багаасаа хүлэг болох унаганаасаа гэж үг байдаг. Намнансүрэн бүр бага наснаасаа ялдам зөөлөн ааш авиртай, орчин тойрныхондоо туйлын дотно нэгэн байжээ. Наад зах нь л өөрт нь ойртож хавьтсан хүүхэд багачуудтай хэнийг ч ялгарвалан үзэхгүйгээр ярилцан, хамт наадаж, шагай зэндмэн зэргээр тоглох дуртай, морь унаж өргөн тал нутаг, нуур цөөрөм, гол усаар явах нэн таалалтай байсан нь бусад тайж нарын хүүхдүүдээс эрс ялгаатай. Тэр нь нутаг усныхаа олонд гойд таашаагдаж байсан гэдэг. Энэ хүү ойр хавийн бусад хүүхдүүдтэй нийлэн Их мод гэдэг газрын ам, уулын бэлээр ярайж харагддаг Өгөдэй хааны харуулын байр гэх хэдэн арван дөрвөлжин хонхоруудыг дамжин гүйж, нуугдан тоглох нь тэдний хиа нарт сонин содон харагддаг байлаа.

Намнансүрэн бага наснаасаа аливааг сонор сэргэлэнээр харж, хүлээн авах гоц гойд ухаантай, номонд дуртай, оюуны тэнхээ сайтай хүүхэд байсан. Аль ч хүүхэд багадаа сэргэлэн байдаг боловч Намнансүрэн балчир шахам байхаасаа дуулж мэдсэнээ лавшруулан, гүнзгийрүүлж мэдэх гэж юм асууж шалгаагаад салдаггүй байжээ.

Хошой чин ван Төгс-Очир энэ аги хүүгээ 6-7 настай байхад нь тухайн үедээ өндөр боловсрол бүхий тэргүүний үзэл санаатай хошуу түшмэд Чимэддорждоной, Шийлэг нартай багш шавийн барилдлага бариулан эрдэм номд сургахыг даатган өгчээ. Тэр багш нар нь Намнансүрэнд монгол, манж хэл бичиг, хууль зүй, түүх шаштир, төрийн бодлого заан, ном судар уншуулдаг байв. Бас Да лам Буянцог агид төвд хэл, бурхны ном заадаг байсан гэх мэдээ бий. Ялангуяа хожим бэйсийн зэрэг хүртсэн, шинэ Монгол улсын Цэргийн яаманд дэд сайдын алба хашиж байсан Чимэддорждоной нь ном заахын зэрэгцээ Намнансүрэнг дагуулан урт богино аялал хийж, хангай говь хосолсон төрөлх нутгаараа явуулан хонь мал хяргах, эсгий хийх, худаг ус татах зэрэг аж төрөхийн явдал, манжийн эрүү шүүлт явуулж байгаа байдал, хятад худалдаачдын мөлжлөг, монголын мал сүргийг хэдэн түмээр нь хямд аваад өмнө зүг тууж байгаа зэргийг биеэр үзүүлж, харуулдаг байсан аж. Тэд Ширээт Улааны нуруу, Төвхөн хийд, Найман нуур, Хоргой хүрэм, Хангайн цагаан чулуу, Ар Хятруун урагшлаад Гардийн хад, Адуун чулууны нуруу, Арц Богдын хяр зэрэг үзэсгэлэн төгөлдөр газруудаар аялаж байсан байна.

Намнансүрэн өөрийнхөө дэргэд байгаа хүмүүсийн овог нэр, нутагладаг газар, орон нутаг нь байдаг хүмүүс, мал хөрөнгө бусад байдлыг нь хаанаас олж мэдсэн юм гэмээр анддаггүй байж. Тэрээр ямар ч хүнтэй нэг уулзаад л түүнийг хожим шууд таньдаг, малын зүсийг ч бас гярхай сайн мэддэг нэгэн байв. Намнансүрэнгийн эцэг нь “Догшин цоохор ноён” гэж нэрд гарсан ширүүн зантай, яльгүй жаахан эндэгдэл гаргасан хүнийг заавал чанга ширүүнээр баалж байдаг ноён байжээ. Түүнийг нас барахад хүү Намнансүрэн 1897 онд зэрэг залган ор суусан бөгөөд нэн зөөлөн зан авиртай, маш энгийн байдалтай, бусдыг дээр доор гэж ялган үздэггүй энэ хүнийг хошуу засаг, аймгийн тэргүүн болоход бүх нийтээр таалалтай сайнаар угтан авч, гүнээ хүндлэн “Ягаан ноён” гэж авгайлдаг болжээ. Намнансүрэн үнэхээр гэрэлтэй ягаан царайтай, үзэсгэлэн төгөлдөр ноён байжээ.

Намнансүрэн эрдэм ном сурах гэж өөрөө үнэхээр их улайрдаг, ноёны зэрэг залгасан хойноо ч багш нараа бараалхуулан ном заалгаад, орой бүр урдаа судар бичиг дэлгэн үзэж, шөнө орой болтол заримдаа үүр гэгээртэл цай халаалгаж зооглоод суудаг, харин өглөө нар хананы толгой руу буутал хэвтэж нойрсдог байв. Тэрээр өрөм, цагаан идээнд гойд таалалтай, зөөлхөн бүрсэн тараг, зун намарт сэнгинэтэл эссэн айраг зооглох дуртай, өдөрт чанасан мах сүүтэй цайнд хийлгэн өмнөө тавиулж, яаралгүй зооглох таалалтай. Энэ засаг ноёных “бор” өргөө (хонины хар ноосоор хийсэн), шүтээний өргөө, ноёны өргөө, зоогой өргөө, хиа нарын гэр гээд 5 гэрт байдаг. Гадна дотны зочидоо гал голомт болох бор өргөөнд бараалхуулан уулздаг, тэндээ золгож шинэлдэг байжээ.

Намнансүрэн зэрэг залгаж 20 гаруй нас хүрсэн үедээ Түшээт хан аймгийн Түдэв гүний хошуунаас нэгэн угсаатны охин, өөрөөсөө 7 нас дүү Магсаржавыг (1885 онд төрсөн) хатан болгон авчээ. Ялдам зөөлөн ааштай энгийн дорд зантай энэ хатныг шадар түшмэл, бараа бологчид нь есөн жороо цагаан морьтой гэрт нь очиж ёс, төртэй нутагтаа авчирсан байна.

Нэгэн хавар Намнансүрэн Магсар хатныхаа хамт хүрээ тойрон гороо хийж явжээ. Тэгтэл хиа нь гүйн ирж хойт борчуул дотор нэг хүүхэн хүүхдээ төхөөрч алах гэж оролдсон байна гэж айлтгажээ. Ноён түүнийг сонсоод тэр манцуйтай хүүхдийг эхтэй нь хамт өргөөндөө аваад ир гэж хүн явуулсан аж. Тэгээд тэр хүүхдийг өөрийнхөө үр болгон, эхийг нь насан өөд болтол нь асарч тэжээсэн байна. Тэр хүү Авьдынгэрэл, Намнансүрэнгийн хамт 1914 онд хаант Орос улсад очиж байсан, хожим 1920-оод оны сүүлээр Лхас хотод бурхны ном үзэхээр яваад эргэж ирээгүй билээ. Энэ хүүхдийг анх авч байх үед Магсаржав хатнаас төрсөн хоёр нярай хүүхдийг нь Төгс-Очирын хоёрдугаар хатан Цогтдарь өөрийн хүү Ринчинсашийг засаг болгох санаа өвөрлөн, өөртэйгөө нөхцсөн Балбарын хамт На ноёныг  зэрэг залгах хүүгүй болгохоор жигшүүрт аргаар хөнөөсөн, эцэг эх нь сэтгэл санааны хүнд байдалд орсон үе байлаа.

Магсар хатан бол амьдралын аймшигт хатуу ширүүнийг биеэр эдлэн хорвоогийн түмэн бэрхийг туулсан хатан юм. Энэ хатны хоёр нялх үр нь хорон санаатны гарт үрэгдсэн, ханилсан хань нь дайсанд хорлогдсон, төрүүлсэн хүү Батсүх нь 1930-аад онд нас барсан, өргөж авч бойжуулсан Авьдынгэрэл нь харьд орхин явсан, орон гэр эд хөрөнгийг нь гурван удаа хураасан байна. Гэвч Намнансүрэнгийн нутаг хошууны ард иргэд энэ хатныг хог дээр орхиогүй, насан эцэслэтэл нь ил далд байдлаар тусалж , дэмжиж байжээ.

Цагаан нохой жилийн (1910 он) намрын тэргүүн сард Намнансүрэн Хятрууны рашаанд очиж биеийн чилээ тайлна гээд тун яаруу явах болжээ. Тэгээд хэдэн тэмээнд гэр бараа ачин, ноён өөрөө хатан, багшийнхаа хамт морь унаж Онгийн хүрээн дээрээс гарч, хойшоо Хангайн нурууг Өвтөөр даван явжээ. Бороо тоймгүй их орж байсан гэдэг. Тэд явсаар Хятруун голын адаг Орхоны хөвөөн дээр гурван гэр, хоёр майхан бариулан буудаллажээ. Нэг гэр нь ноёны, нөгөө гэр нь гийчний, бас нэг гэр нь багш Донойн гэр. Орхон их үертэй улаан хоормогооро урсаж байв. Чимэддорждоной багш хэдэн усчин дагуулан Таван салаа руу гийчнээ угтахаар яваад оройхон хүрэн цэмбэн урт цув өмссөн нэг ноён дагуулан ирсэн чин ван Ханддорж ноён байжээ. Маргааш нь тэнгэр цэлмэж нар гийсэн сайхан өдөр болов. Бас Доной багш усчингууд дагуулан гол руу яван, инээсэн сайхан ааштай, их яриа хөөрөөтэй байрын нэг хатан дагуулан ирсэн нь чин вангийн хатан Сэвжидмаа аж. Хоногийн дараа ноёд, хатад морьд хөлөглөн бараа бологчдоо дагуулсаар Хятрууны рашаан дээр ирж буулаа. Хоёр ноён уул хадаар аялан удтал ярилцсны дараа, дөрөв хоноод нутаг нутгийн зүг буцжээ.

Энэ уулзалтаас хойш Намнансүрэн ноён хүнд бодолд автсан байдлаар өргөөндөө байж, их бага янз бүрийн хүмүүстэй уулзан ярилцах болж. Тэр жилийнхээ намар оройхон Ягаан ноён хатан, хүүхдээ аваад Их хүрээ орж, тэнд удаан суухаар бэлтгэж эхэлжээ.  

“Богд хаант Монгол улсын анхны ерөнхий сайд Сайн ноён хан Төгс-Очирын Намнансүрэн” эрдэм шинжилгээний бүтээлээс

 

12.19.2020

Орхоны хүрхрээ


Улаан голын буюу Улаан цутгалангийн хүрхрээнээс дээш 1.4 километр зайтай, Орхон голд байдаг хүрхрээ. Хүрхрээний өндөр нь 2 метр өндөр боловч, өргөн нь Орхон голын усны их багаас хамаарч 25-50 метрийн хооронд хэлбэлзэж байдаг болохоор Монгол улсын хамгийн өргөн хүрхрээ болно. Орхон голын эхээр уулс нь голууддаа ойр учраас аадар бороо, эсвэл хоногоор үргэлжлэх зүсэр борооны дараа уулын ус хурдан бууж, Орхон голын ус хэдхэн цагийн дотор мэдэгдэхүйц нэмэгдэж үер буудаг. Энэ үед Орхон голын хүрхрээний ус ихсэж хүрхрээний өндөр 30-50 см нэмэгдэн, хүрхрээний өргөний хэмжээ тэлж заримдаа 60 м хүрэх нь бий.

Орхоны хүрхрээг сүүлийн үед Бага хүрхрээ гэж андуу нэрлэх болжээ. Улаан цутгалангийн хүрхрээг Их хүрхрээ, Том хүрхрээ гэж бас андуу нэрлэх нь элбэг болов. Хүрхрээний их багын ангилал тогтоохдоо хүрхрээг дамжин бууж өнгөрөх усны урсацын хэмжээг гол үзүүлэлт болгон тооцдог. Тэгвэл Орхон голын хүрхрээ нь Монгол улсын нутагт буй хүрхрээнээс хамгийн өргөн нь болохын зэрэгцээ нэгж талбайгаар дамжин унах усны урсацын үзүүлэлтээр бусад бүх хүрхрээнээс ихээхэн илүү байдаг. Ингэхлээр ангилахдаа харгалздаг гурван гол үзүүлэлтийн хоёроор нь тэргүүлдэг Орхоны хүрхрээ нь Монгол улсын нутаг дахь хамгийн том хүрхрээ болж байна.
Мөн ямар ч гантай жил Орхон гол тасардаггүй учир жилийн туршид урсуулан дамжуулах усныхаа хэмжээгээр Орхоны хүрхрээ яах ч аргагүй хамгийн том хүрхрээ болох юм. Хүрхрээ буух Орхоны хавцал энэ хэсэгтээ Улаан цутгалангийн хүрхрээ бууж буй хавцлаас нам байдаг нь уг хүрхрээг Бага хүрхрээ гэж андуу нэрлэх болсонд нөлөөлсөн бололтой.
Хүрхрээний ойролцоох Орхон голын хүрмэн чулуун хавцлын ханан дээр нилээд олон хадны зураг байх боловч, усны урсгалын нөлөөгөөр ихэнх зураг нь бүдгэрсэн байна.
Орхоны хүрхрээ, Улаан цутгалангийн хүрхрээ, Цагаан цутгалангийн хүрхрээнүүд хоорондоо ойрхон оршдог болохоор эрт үеээс Гурван хүрхрээний хөндий гэж нэрлэж байсан нь одоо үед мартагдаад байна. Үүнийг сэргээн нэрлэх нь аялагчид, жуулчдын сонирхлыг татахад багагүй нөлөөлөх болно.
О.Сүхбаатар "Монголын хүрхрээнүүдийн тухай"

12.18.2020

Мөнххайрханы соёл


Монгол Алтайн ноёлог оргилуудын нэгний нэрээр нэрлэгдсэн хүрлийн үеийн археологийн өвөрмөц дурсгал Мөнхайрханы соёлыг Монгол-Оросын хамтарсан “Төв Азийн археологи” төслийн шинжилгээний анги Ховд аймгийн Мөнххайрхан сумын нутагт Мөнххайрхан уулын хормойд орших Улаан говийн үзүүр гэдэг газар 2003 онд илрүүлэн олж, малтан шинжилсэн байна. Мөнхайрханы соёл одоогийн байдлаар манай улсын Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай , Завхан, Хөвсгөл, Булган аймгуудын нутгийг хамарч тархсан байсан нь тодорхой болжээ.

Мөнххайрханы соёлд хамаарах дурсгалын, байршил зүйн онцлог нь гол дагасан хөндийн дэнж дэвсэг газар, уул толгодын нар ээсэн энгэр ээвэр газруудад байрлана. Энэ соёлын дурсгал оршуулга, тахилгын байгууламж гэсэн хоёр үндсэн төрөлтэй. Эдгээр нь нэг дор зэрэгцэн оршихоос гадна тус тусдаа байх явдал ч бий.

Булш нь тэг дугуй, тэг дөрвөлжин гэсэн хоёр хэлбэртэй байх ба булшны дараас чулууг зөвхөн нэг үе хавтгайлан өрж тавьдаг учраас бусад булш хиргисүүрийн адил овойж харагддаггүй, дараас чулууд тэгш тэвхгэр харагддана. Дугуй хэлбэрийн булшны хэмжээ 3-40 метр хүртэл голчтой байна. Тэгш дөрвөлжин хэлбэртэй нь дунджаар 3/3, 6/6, 8/8 зэрэг олон янз. Тахилгын байгууламжууд нь том, жижиг харилцан адилгүй хэмжээтэй тохиолдоно. Булшны дараас чулуудын төв хэсэгт зуйван хэлбэртэй оршуулгын нүхтэй болох нь тодорхой мэдэгддэг. Булшны том жижиг байхаас үл хамааран оршуулгын нүхний хэлбэр, чулууны байдал, хэмжээ өөрчлөгдөхгүй. Нүх нь баруун урдаас зүүн хойш чиглэлтэй байна. Нүхэнд хүнээ толгойг нь зүүн хойш хандуулан атийлган хурааж тавьсан байдаг.

Оршуулгын дурсгалаас модон бариултай, нэг талдаа иртэй, үзүүр нь үл ялиг ээтэн махир богино хүрэл хутга, дөрвөлжин давтаж үзүүрлэсэн модон иштэй хүрэл зүү, ясаар хийсэн халбага, цагаан чулуун сувс, ясаар хийсэн хүзүүний зүүлт зэрэг эд өлгийн зүйл олддог.  Оршуулгад дагалдуулсан ясан халбага, хүрэл хутга, хүрэл зүү зэрэг эдлэлийг хүнийхээ хөлийн өвдөг, нуруу, бүсэлхий хавьд тавьдаг нь нийтлэг ёс заншил бололтой.

Тахилгын байгууламж нь 3 хэлбэртэй байгаа нь мэдэгдэж байна. 1-р хэлбэр нь тэгш дөрвөлжин чулуун өрлөг бүхий эргэн тойрон чулуун хөшөөтэй, 2-р хэлбэр нь дугуй хэлбэртэй эргэн тойрон чулуун хөшөөтэй, 3-р хэлбэр нь чулуун хөшөө босгож тавьсан байгууламж байна. Эдгээр тахилгын байгууламжид мал амьтны ясны үлпэгдэл, эд өлгийн зүйл байхгүй магадгүй дүрсний бэлгэдлээр тахилын зан үйлээ илэрхийлж байсан бололтой.

Радио-карбоны шинжилгээгээр Мөнххайрханы соёлын холбогдох он цаг НТӨ 1780-1630 он буюу хүрлийн эхэн үед холбогдохоор гарсан байна.

Уг сурвалж “Монголын түүхийн тайлбар толь”

12.17.2020

Заг Байдрагийн Хүрэн бэлчир

 


"Монголын нууц товчоо"

159. Тэндээс Чингиа хаан, Ван хан хоёр буцаж ирэхэд найманы Хүгсэү Сабраг баатар Байдаг голын бэлчирт цэрэг засаж, байлдахаар тосч байсан ажээ. Чингис хаан, Ван хан хоёр мөн байлдахаар цэргээ засаж иртэл, нэгэнт үдэш болсон тул маргааш байлдъя хэмээн хонов. Гэтэл шөнийн цагт Ван хан буусан газартаа гал түлж орхиод, Хар сүүл голыг өгсөн оджээ.

12.09.2020

1905 оны газар хөдлөлтийн тухай хэдэн үг


Өнгөрсөн зуунд Монгол нутагт маш хүчтэй газар хөдлөлт болсон нь 1905 оны зун цагт, 7-р сарын 9, 23 нд байлаа. Энэ газар хөдлөлтийн ул мөр нь өнөө цагт Хяргас нуурын зүүн этгээдийн Хан Хөхийн нурууны урд бэлээс Зүүн хангай сумын урдуур үргэлжлэн, Ойгон нуурын хөндийгөөр дайран, Булнайн нурууны араар дамнан Сангийн далай нуурын зүүн урд эрэг хүртэл үргэлжлэх их хагарал болон тогтжээ. Нутгийнхан газрын гав гэх, гүний хагарлаас гадаргад үлдсэн ангал, ан цавыг гав хэмээн нэрлэдэг байх нь.   Энэ газар хөдлөлт одоогийн Цэцэрлэг сумын нутагт хоёр ч удаа давтагдан Хул Азаргын нурууны өмнөд хэсгээр их бага хагарлууд нэмэгдсэн байна.

Эрдэмтэд 1905 оны сүйрэлт хоёр газар хөдлөлт болсноос хойш, 100 гаруй жил өнгөрч байхад Булнайн хагарлын хоёр хэсэг газарт сулавтар хөдлөлтийн бөөгнөрлүүд байгааг тогтоосон байдаг. 1964 онд “Цэцэрлэг” “Тосонцэнгэл” гэх газар хөдлөлт бүртгэх станцуудыг ашиглалтанд оруулж, Монгол орны хэмжээнд 3,5 магнутаас дээш гарсан газар хөдлөлтийг бүрэн бүртгэж, мэдээллийг  боловсруулах болжээ. Судалгаанаас үзэхэд дээр дурьдсан хоёр хэсгийн нэг нь Булнайн сүйрэлт газар хөдлөлт болохоос өмнө 1905 оны 4 сарын 10-нд болсон 6 магнутын газар хөдлөлтийн төвтэй ойрхон байдаг гэнэ. 1905 оны 4 сарын 10-ны энэ газар хөдлөлтөөр зүүн урагш чиглэсэн Тэрэгтэйн хагарал үүссэн байх магадлал маш их. Гурван сарын дараа болсон Булнайн сүйрэлт газар хөдлөлтийн улмаас зүүн хойшоо чиглэлтэй Цэцэрлэгийн гэж нэрлэгдсэн 130 км хагарал үүсэж одоо болтол уг хагарлын дагуу сулавтар хөдлөлтүүд болсоор байдаг байна. Хагарлуудын хэмжээг Булнайн гол газар хөдлөлтийн гол хагарал 347 км, Тэрэгтэйн хагарал, 52 км, чанх хойш чиглэлтэй Баянгийн хагарал 32 км, Цэцэрлэгийн хагарал 135 км хэмээн эрдэмтэд нарийвчлан тооцоолж гаргажээ.

1905 оны Булнай, Цэцэрлэгийн газар хөдлөлтүүд 8.0, 8,2 баллын дэлхийн данстай томоохон газар хөдлөлтүүдийн тоонд ордог бөгөөд тухайн газар нутагт хүн ам сийрэг, байшин барилга цөөн байсан тул хохирол сүйрэл бараг амсаагүй гэж үздэг.

Газар хөдөлснөөс хойш 2 сарын дараа Оросын эрдэмтэн А.В.Вознесенский ердийн хөсгөөр явж судалгаа хийн, эл хагарал нь 2,3-5,8 метр өргөн, 1,5 метр гүн, энэ зарим хэсэгтээ 10-100 метр өргөн, 20-60 метр хүрнэ гээд олон том жижиг ангал үүсэн хүн мал сүйдсэн ба Тэсийн хүрээнд 2 шавар байшин нурж, 30 орчим модон дуганд гэмтэл учирч, Алтан Хан Хөхийн нуруунд байсан 3 нуурын 2 нь алга болжээ хэмээн тэмдэглэсэн байна.  Тэсийн хүрээ нь их хагарлаас хойшоо 40 орчим км зайд Тэсийн голын эрэгт Хул Азарганы нурууны өмнөд биед одоогийн Цэцэрлэг сумын төвөөс баруун тийш 20 орчим км зайд Амарын дэнж хэмээх газар байрлаж байжээ. Тэр үед Тэсийн хүрээ 17 дацантай, том жижиг 30 гаруй сүм джгантай 1500 орчим лам шавилан суусан томоохон суурин газар байсан аж.

1905 оны газар хөдлөлтөөс үлдсэн газрын гав нь хонь хариулж байсан хүүхэд хоньтойгоо орчихсон гэнэ, хэд хоногийн турш хонь малын дуу газрын гүнээс сонсогдож байсан гэх ам дамжсан хөгшчүүлийн ярианы гэрч болон одоо хүртэл эдгээгүй үргэлжилж харлана.

Газар хөдлөлт нь хэзээ хаана болох нь тодорхойгүй гэнэт болдог үзэгдэл юм. Энэ талаар мэргэшсэн эрдэмтэд одоо хүртэл хзээ, хаана вж?  гэдэг хариултыг олоогүй байна. Техник тоног төхөөрөмж нь хөгжиж байгаа ч газар хөдлөтийн явцыг таамаглах хэмжээнд л ажлаа явуулдаг ажээ.

12.06.2020

Чин толгойн балгасын судалгаа

Төв Азийн нүүдэлчдийн нэлээд хэсгийг нэгтгэн захирч агсан Хятан улс нь оршин тогтнох хугацаандаа соёлын арвин дурсгалыг үлдээсний нэг нь хот суурины дурсгалууд юм. Хятан улсын үед холбогдох Чин толгойн балгас нь Булган аймгийн Дашинчилэн сумын нутагт оршино. Энэ хотын туурь нь 1260/660 метр хэмжээтэй, тэгш өнцөгт хэлбэртэй, хойноос урагш сунаж тогтсон, тал бүрээс нь нар тусаж байхаар бодож, хэрмийн шороог дагтаршуулан үйлджээ.

Энэхүү хотын судалгаа 2004-2008 онуудад үргэлжилсэн ба 16/24 метр хэмжээ бүхий нэг хуучин барилгын туурьт археологийн малтлага хийсэн юм.

Малтлагын үр дүнд 8/8 хэмжээтэй тэгш дөрвөлжин барилгын үлдэгдэл илрүүлэн олсон бөгөөд барилгын доод талаас олон тооны галын үнс нурам, амьтны болон загасны яс, түлэгдсэн тарианы үлдэгдэл, ваар савны хагархай бүхий нүхэн зоориуд илэрсэн юм.

Судалгааны явцад Хятаны үед дэлгэрсэн босоо зураасан хээтэй ваар савны хагархайтай хамт Уйгур улсын үед дэлгэрсэн нуман хээтэй болон шилмүүс хээтэй ваар савны хагархай мөн олдсон. Тэдгээр ваарны хагархай нь уг хотоос олдож буй бусад ваар савтай харьцуулахад шаврын бүтэц, найрлага, шатаалт, хийсэн арга барил зэргээрээ ялгаатай байна. Мөн уйгур, хятаны холимог хийц хэлбэр, хээ бүхий ваар савны хагархай олдсон явдал нь өмнөх үеийн соёлын уламжлал ямар нэг байдлаар хятанчуудад уламжлагдан ирснийг харуулна.

Малтлагын явцад олдсон хүрэл зооснууд Тан улсын үед гүйлгээнд өргөн хэрэглэгдэж байсан зооснууд байгаа нь эл хотын оршин ахуй үеийн цаг үеийг тодорхой хэмжээгээр илтгэж байна.Чин толгойн балгаснаас ясаар хийсэн сойз хэд хэд олдсон ба ийм шүдний сойз Монгол нутгаас урьд өмнөолдож байгаагүй юм. Ийм төрлийн сойз Чин толгойн балгасын ганцхан барилгын тууриас хэд хэд олдож байгаа нь хятан нар сойзыг өргөн хэрэглэж байсныг илтгэнэ.

Малтлагын талбайн хойт, баруун хойт хэсэгт хоёр ч халаалтын суваг байсан нь мэдэгдсэн ба барилгын гадна байгуулсан тусгай зууханд түлсэн галын халуун утаа нь чулуун хоолойгоор дамжин гүйж, байшинг хана, шалнаас халааж байсан хоёр болон гурван суваг бүхий халаалтын байгууламжтай байжээ.

Чин толгойн балгасыг малтан судлах явцад их хэмжээний загасны яс, амуу тарианы үр олдсон билээ. Хятанчууд амуу тариаг тусгайлан ухсан нүхэн зооринд хадгалдаг байсан нь судалгааны явцад мэдэгдсэн бөгөөд олдсон будааг судлаачид ногоон хоног амуу хэмээн тодохойлсон юм. Энэ амуу нь тарималжуулсан сорт байжээ. Загасны яс хайрсыг алгана, улаан нүдэн, мөрөгийн овгийн загаснууд болохыг тогтоосон байна.

Өнгөрсөн хугацаанд Чин толгойн балгасанд хийсэн археологийн малтлагаар илэрсэн олдворууд нь эртний сурвалж бичиг дэхь Хятан улсын тухай зарим мэдээг лавшруулан бататгах боломжтой байна. 11-р зууны эхээр Хятан гүрэн хүчирхэгжлийнхээ оргилд нэгэнт хүрсэн юм. 994 онд Хятан нар баруун хил хязгаараа тохинуулах дайн хийж, Хэрлэн Туул голын хөндийд өөрийн хил хязгаарыг хамгаалах цэргийн хотуудын томоохон сүлжээ барьж байгуулжээ. Тэдгээрийг барьж байгуулахдаа зүрчид, бохай, хан болон бусад Хятанд эзлэгдсэн ард түмнээс татсан цэргүүд, олзлогдогсодыг ашиглаж байв. Тэд хил хязгаарын цэргийн бэхлэлт хотуудыг босгохдоо бүгдийг шинээр босголгүй, харин урьд нь буй болоод байсан хуучин хотуудыг бас ашигласан байдаг. Сүүлийн үеийн судалгаагаар өнөөгийн Чин толгойн балгас нь Хятан улсын шинээр байгуулсан хот бус харин Уйгурын үед анх байгуулагдсан бөгөөд хожим Хятан нар сэргээн засаад, ашигласан хот болох нь мэдэгдсэн.

Чин толгойн балгасанд хятан, зүрчид, бохай болон бусад үндэстнүүд олон тоогоор байсан гэдэг нь батлагдаж байгаа бөгөөд тухайлбал, малтлагаар илэрсэн барилгын халаалтын суваг хийгээд шавар ваар дээр дүрсэлсэн хээ, ваар савны бөөрөн дээрх дугуй долгион хээ хосолсон байдал зэрэг нь тухайн үеийн Алс дорнодын Бохайн соёлын хэв шинжийг агуулж байна. Чин толгой бол Хятаны үеийн дурсгал мөн гэж өмнөх судлаачид үздэг байсан бол зөвхөн Хятаны төдийгүй бас Уйгур, Бохай, Зүрчидийн археологийн соёлыг өөртөө агуулж буй ажээ.

”Эртний нүүдэлчдийн хот суурины соёл “ 2017 он

12.04.2020

Пазырыкийн соёл


Пазырыкчуудын үлдээсэн дурсгал зөвхөн манай улсаар хязгаарлагддаггүй. Алтайн уулс буюу баруун хязгаарт оршиж байсан нь тэднийг судлах, Монголын эртний бусад соёлуудтай хэрхэн холбогдох тухай тодруулах зайлшгүй шаардлагыг бий болгодог юм.

Пазырыкчуудтай холбогдох соёлын судалгаа сайн хийгдсэн бөгөөд ингэж хөгжихөд Пазырыкийн мөнх цэвдэгт хадгалагдсан булшнуудаас гарсан онц сайн хадгалалттай эд өлгийн зүйлс гол тулгуур болсон байдаг. Пазырыкийн соёлын зарим ололт нь хожим Хүннүгийн үед ч, Түрэгийн үед ч, Монголын үед ч давтагдаагүй өндөр түвшинд хүрч хөгжсөн байна. Жишээлбэл тэдний модон сийлбэртэй дүйцэх өөр цаг үеийн дурсгал илрээгүй юм.

Монгол Алтай болон хил залгаа Орос, Хятад, Казакстаны Алтайд НТӨ 6-2-р зуунд холбогдох нэгэн соёл оршин тогтнож байсан нь пазырыкийн соёл билээ. Алтайд пазырыкийн эрин эхэлснээр энэ нутагт олон өөрчлөлт гарсан. Үүнд, газар нутгаа дорно болон умар зүг тэлсэн, нийгмийн бүтцэд эрс өөрчлөлт гарсан, хүн ам өсөж, сүсэг бишрэлд өөрчлөлт гарсан (хуучин тахилгын төвүүд хаягдаж, буган хөшөө босгохоо больсон гэх мэт) зэргийг дурдаж болно.

Орос Алтайн зүүн өмнөд хэсэг Монгол, Хятадын хилийн заагт Үхэгийн (Укок) хөндийгөөс мөнх цэвдэг бүхий пазырык булшнуудыг илрүүлсэн бөгөөд малтлагаас онцгой сайн хадгалалттай эрэгтэй эмэгтэй хүний занданшуулсан шарил, олон тооны мод, арьс, эсгий, алт, хүрэл, төмөр эдлэлүүд гарсны зарим нь урлагийн дээд зэргийн бүтээлүүд байжээ. Мөн жирийн булшнаас огт гардаггүй задарч үгүй болсон байдаг органик эд зүйлс (мод, эвэр, арьс шир, үс, даавуу торго гэх мэт) мөнх цэвдэгийн улмаас сайн хадгалагдан үлдсэн байна. Алтайн өндөр уулын бүсэд байх мөнх цэвдэгтэй эдгээр булш өдгөө нийт хүн төрөлхтний соёлын чухал өвд тооцогдож байгаа бөгөөд олон нийтийн анхаарлын төвд байнга байсаар байна.

Он цаг, угсаа гарвал. Пазырыкийн соёлын судалгааны олон асуудлууд шийдэгдээгүй байна. Уг соёлын он цагийг олон хувилбараар дэвшүүлж байгаа ч олонхийн дэмжлэг авч байгаа үечлэл нь доорхи үечлэл юм.

-НТӨ 6-5-р зуунд холбогдох пазырыкийн соёлын түрүү үе

-НТӨ 5-4-р зуунд холбогдох жинхэнэ пазырыкийн үе

-НТӨ 3-2-р зууны эхэнд холбогдох хожуу пазырыкийн үе болно.

Пазырыкийн булшинд хүнээ баруун талаар нь хэвтүүлж толгойг нь зүүн зүгт хандуулж оршуулдаг. Гэтэл зарим булшинд хүнээ зүүн талаар хэвтүүлж, толгойг нь баруун зүг хандуулах тохиолдол ч байна. В.Д.Кубарев нэрын эрдэмтэд пазырыкийн соёл гэдэг нь олон аймгаас бүрэлдсэн холбоо мөн гэж үздэг нь нэлээд бодитой төсөөлөл юм. Пазырыкийн соёлын гарал үүслийн асуудал ч маргаантай бөгөөд НТӨ 9-7-р зуун буюу түрүү скифийн үед Алтайд уг соёлоос өмнө майэмирийн гэж нэрлэгдэх археологийн соёл байсан билээ.

Энэ нь пазырыкийн соёлоос олон талаараа эрс ялгаатай. Ийм эрс өөрчлөлт гарсан шалтгааныг зарим эрдэмтэд шинэ үндэстэн нүүдэллэн ирсэнтэй холбон тайлбарлаж байна. Тухайлбал Л.С.Марсодолов НТА 585 онд киммерчүүд Ойрхи дорнодоос мидий ба лидийчүүдэд хөөгдөж улмаар Алтайд нүүдэллэн ирсэн гэж байгаа бол П.И.Шульга Казакстаны магадгүй Дорнод Туркестаны сакчуудаас гаралтай гэж үзсэн байна.

Мөн Пазырыкийн соёлыг үлдээгч ард түмэн бол хятадын түүхэнд нэр нь гардаг юэчжи нар мөн хэмээн С.И.Руденко, Д.Г.Савинов нар үздэг. Харин пазырыкийн соёлд алтаар бүрсэн грифоны дүр элбэг тохиолддог баримтыг түшиглэн эртний грекийн түүхэн зохиолуудад нэр дурдагддаг “Алт хамгаалагч грифон”-ы аймаг нь пазырыкчууд мөн гэсэн таамаглал дэвшүүлсэн. Харин генетикийн судалгаанд үндэслэвэл пазырыкчууд нь өдгөөгийн самоди хэлний бүлэгт хамаарах үндэстэн байсан гэж үзэх үндэслэлтэй аж. Уг судалгааг хийсэн В.И.Молодин НТӨ 2-р зуунд хүннү нарт бут цохигдсон пазырыкчуудын дийлэнх хэсэг умар зүг дүрвэж Обь мөрөн түүнээс ч хойд зүг тайгийн гүн рүү одсон бол цөөнх хэсэг нь кара-кобины гэж нэрлэгддэг чулуун авсат булштай хүн амын хамт уугуул нутагтаа үлдэж хүннүгийн нөлөөнд орсон байна гэж үздэг.

Пазырыкийн булш. Ховд аймгийн нутагт цөөн газарт Пазырыкийн булш илрүүлсэн нь уг соёлын тархалтын зүүн хязгаарыг тогтоож өгсөн ач холбогдолтой юм. Хамгийн анхны малтлага 2005 онд Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Бага түргэний голд хийгдсэн байна. Харин Улаанхус сумын нутаг Олон гүүрийн голд малтсан нэг булш нь хагас цэвдэгийн байдалтай байсан тул онцгой сайн хадгалалттай оршуулгын дүнзэн бунхан, бүрэн хувцас хэрэглэл бүхий дайчин баатрын хагас занданшсан шарил, гоёл чимэглэл ба зэр зэвсгийн өвч тоноглол зэрэг гарчээ. Уг малтлага нь тухайн жилийнхээ шилдэг археологийн нээлтэд тооцогдож байсан.

Одоогоор Монголд малтан судлаад байгаа 40 гаруй булшийг Баян-Өлгий аймгийн баруун хагаст Хотон Хурган нуурын сав, Цагаан салаа Бага Ойгорын голын хөндий, Цагаан гол ба Ховд голын сав дагуу судалсан байдаг. Эдгээр булш нь дийлэнхдээ тухайн нийгмийн эгэл иргэд, дайчин баатар эрс, эмэгтэйчүүд, хүүхдийн булш болно. Ховд голын ай савд багтах Цагаан асгын булшнууд дийлэнх нь тоногдсон байдаг бол Хотон Хурган нуур ба Цагаан голын хөндийд байх булшнууд огт хөндөгдөөгүй, сайн хадгалалттай байжээ.

Булшнууд ихэвчлэн бүлэглэж байрлах бөгөөд урдаас хойш чиглэсэн нэгэн эгнээг үүсгэдэг нь тухайн үеийн овгийн буюу айл гэрийн байрлалыг дагасан хэрэг болно. Ингэхдээ наран ургах зүгийг эрхэмлэн булшны амыг харуулан байрлуулдаг байсныг зүүн зүгт чиглүүлэн босгосон зэл чулуудаас харж болно. Ийм зэл чулуудыг 1-17 хүртэл тоотой босгодог. Ерөнхий хэлбэр байдал нь эртний түрэгийн тахилын байгууламжид байдаг зэл чулуудтай адил юм.

Олонхи булшны баруун болон зүүн талд жижиг хэмжээний чулуун дараас үйлдэж доор нь мал амьтны шатаасан яс хийдэг байжээ. Булшны дараасыг дан чулуугаар сүрлэг том хэмжээтэй хийдэг. Хамгийн жижиг нь 5 метр голчтой байх бол хамгийн том нь 18 метр бөгөөд хамгийн өндөр нь 80 см байна.

Дараасийн төв дунд оршуулгын нүх бий. Тухайн булшны том жижгээс хамаарч нүхний хэмжээ янз бүр. Нүхэнд чулуу дүүргэж чигжээс хийсэн байхын дээрээс шургааг модоор нэмэлт бэхэлгээний бүтэц байгуулсан нь ч тохиолддог. Өнгөн хөрснөөс доош 4 метр хүртэл гүнд оршуулгын мод болон чулуун байгууламж байдаг.

Нэг булшинд 1-7 хүртэл хүнийг тавьсан байдаг ч ихэвчлэн 1-2 хүн оршуулсан байна. Булшинд нас барагчид зориулан олон төрлийн эд өлгийн зүйлс дагалдуулдаг аж. Зарим сонирхолтой баримтаас дурдвал, модон царан дээр хонины ууц, сүүл тавиад төмөр юм уу хүрэл хутга дэргэд нь тавьсан байдаг. Харин модон юм уу шавар саванд сүү цагаан идээ, магадгүй шөл зэргийг хийж тавьдаг байжээ. Бунхан болон авсны хойд талаас тоног хэрэгслийн хамт оршуулсан хойлгын адууны бүтэн яс гардаг. Нэг булшинд 5 хүртэл адуу дагалдуулсан булш Монгол Алтайд илэрч байсан байна. Эдгээр адууны аманд төмөр амгай зуулттай, гэдсэн доор оломны ясан арал олдох нь элбэг. Цөөн тохиолдолд модон сийлбэртэй хазаарын чимэглэлүүд бүхий бүрэн тоног хэрэгсэл гарсан. Баян-Өлгий аймгийн Сыргаль 3 оршуулгын газрын 1-р булшнаас гарсан 4 адууны 2 нь бүрэн тоногтой байснаас нэг адууны хазаар нь грифоны дүрстэй сийлбэр бүхий чимэглэлтэй, нөгөө хазаар нь гахайн соёо хэлбэрийн модон чимэглэлтэй байжээ.

Пазырыкийн язгууртны том булшнууд хэдийгээр эгэл ардын булштай төстэй бүтэцтэй боловч хэмжээний хувьд харьцангуй том байдаг. Энэ нь 60 метр голчтой дугуй хэлбэртэй бөгөөд 7 метр хүртэл гүнтэй оршуулгын нүхэнд 2 метр хүртэл өндөртэй дүнзэн бунхан босгосон байдаг ажээ. Ийм булшинд 22 хүртэл тооны адуу морь хойлголдог.

Пазырыкийн хадны зураг. Пазырыкийн хадны зургийн дурсгалууд Алтайн археологийн чухал өвд тооцогдоно. Эдгээр зураг нь тэдний ахуй амьдрал, эрхлэх аж ахуй, сүсэг бишрэлийг судлах чухал хэрэглэгдхүүн болдог. Монголд Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Цагаан салаа-Бага Ойгор, Цэнгэл сумын Шивээт хайрхан зэрэг газарт хамгийн том бөөгнөрөл байдаг.

Алтайн хадны зурагт Пазырыкийн урлагийн үндсэн дүрүүд болох амьтад бараг бүгд дүрслэгдсэн байх боловч шувуу, загас харьцангуй ховор үзэгдэнэ. Хадны зурагт буй эдгээр амьтдын дүрслэл булшнаас гардаг урлагийн зүйлтэй харьцуулахад нэлээд болхи байдаг нь зүй ёсны хэрэг юм.

Скифийн үеийн амьтны загварт урлагийн төлөөл болсон хадны зургийг танихад юуны өмнө амьтны өвөрмөц байдалтай зогсох, хөдлөх төрх болно. Жишээлбэл туурайтан амьтдыг хөлөө эвхсэн юм уу тэнийлгэсэн, толгойгоо урагш юм уу арагш харуулсан, биеэ хойш 180 градус эргүүлж эвхэрсэн байдалтай дүрсэлдэг. Шивээт хайрханд байх нилээд том хадан дээр скифийн үеийн 30 гаруй зураг дүрс нэгэн дор байж байдаг. Энд буга, янгир зэрэг туурайтан амьтад, элдэв тамга тэмдэг байх нь бүгд нэг зүгт чиглэсэн байдалтай дүрслэгджээ.

Пазырыкчуудын хадны зургийн хамгийн голлох дүрийн нэг бол буга юм. Хэдийгээр эдгээр бугын дүрсийг ихэд загварчилсан боловч буга юм уу түүний нэгэн төрөл марал буга болох нь төвөггүй танигддаг юм. Харин хандгайн дүр скифийн үеийн Монгол Алтайн хадны зурагт харьцангуй цөөхөн тохиолдоно. Нүүдэлчдийн урлагийн хамгийн түгээмэл дүр бол морь, морьтон мөн билээ. Пазырыкийн зургуудад морьдыг толгойгоо унжуулан цомцойн зогсож байгаа байдалтай, уяа тушаатай тайван зогсож байгаа байдалтай зэргээр олон янзаар дүрсэлдэг. Харин хүмүүсийг хөлийг нь доош унжуулан гарт нь жолоо цулбуур барьсан байдалтай, мөн заримдаа гарт нь байлдааны зэвсэг атгуулан дүрсэлсэн байна.

Цагаан салаа-Бага Ойгорын хадны зурагт бодон гахайн дүрс цөөнгүй бий. Пазырыкийн үеийн булшнаас гардаг бодон гахайн дүрсээр баримжаа болгон эдгээрийн он цагийг тогтоодог. Гахайн их биеийг хээ чимэглэлээр дүүргэж мөн дүрсэлдэг.

Монгол Алтайн хадны зурагт шувуудыг хоёр үндсэн хэлбэрээр дүрсэлдэг нь 1.эгц өөдөөс нь харж, далавчаа дэлгэсэн мэтээр дүрслэх, 2.хажуу талаас нь харуулж, явгалан алхаж байгаагаар дүрслэх хэлбэр юм. Цагаан салаа 4-р талбайд шувуутай холбоотой нэгэн өвөрмөц өгүүлэмж байгаа нь далавчаа дэвсэн махчин шувуу эгц доошоо шумбаж, нэгэн загасыг довтолж байгаа зураг юм. Ийм агуулгатай дүрслэл скифийн үеийн урлагт мөн тохиолддог байна.

Харин Шивээт хайрханы хадны зурагт буга янгир ямаа, бодон гахай, нум сумтан анчид ба дайчдын дүр дүрслэл элбэг байдаг. Скифийн үеийн онцлууштай нэгэн морины (хулан ч байж мэднэ) дүрс бол метр гаруй урттай, их биеийг нь зураасаар хэдэн хэсэг болгон хувааж цэг тавин чимэглэсэн зураг юм. Пазырыкийн амьтны загварт урлагийн өвөрмөц онцлогийг харуулж бөгсөн биеэ бүтэн эргүүлж мушгиралдсан өөр нэгэн хулангийн дүр нэлээд өвөрмөц зургийн тоонд орно.

Пазырыкчуудын аж ахуй. Пазырыкчууд хагас нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг байжээ. Тэдний аж ахуйд газар тариалан, загас агнуур тодорхой үүрэгтэй байсныг үгүйсгэх аргагүй. Ялангуяа Алтайн хойд хэсгийн нам дор газар, тайгийн бүсэд ан агнуур голлох үүрэгтэй байсан. Гэхдээ Алтайн өндөр уулын бүсэд тэдний голлох аж ахуй нь нүүдлийн мал аж ахуй байв. Булшны малтлагаас илэрдэг хонины ноосон эдлэлүүд, хонины арьс ширээр хийсэн олон төрлийн эдлэл мал аж ахуйн үүргийг гэрчилж байдаг. Хонины ноосны өнгөөр хөөж үзвэл тэдэнд ихэвчлэн цагаан хонь байсан боловч цөөн тооны хар, хүрэн бор хонины ноосоор хийсэн эдлэл тохиолдоно. Харин адууны хувьд хонгор, хүрэн зүс голчилдог.

Алтайн ар хэсэг буюу одоогийн Орос Алтайн томоохон голуудын хөндийд Пазырыкийн соёлд хамаарах суурин газрууд цөөнгүй байжээ. Тухайн үед өвөлжөөний үүрэг гүйцэтгэж байсан хэд хэдэн суурин Орос Алтайд илрээд байгаа юм. Ийм өвөлжөөнд бүдүүн дүнзээр зангидсан байшин барьж суудаг байсан байна.

Пазырыкчууд гар урлалын хувьд нэлээд өндөр хөгжилтэй байсныг булшнаас гардаг олдворууд гэрчилдэг. Тэд ноос, арьс шир, мал амьтны эвэр ба яс, эцэст нь төмөр ба хүрэл боловсруулах мэргэшсэн урчуудтай байсан байна. Пазырыкчуудын хаадын булшнаас гарч буй мод, арьс, эсгий, төмөрлөг хослуулан үйлдсэн нарийн хийцтэй бүтээлүүдийг яавч гэрийн нөхцөлд хийх боломжгүй, заавал нарийн мэргэшсэн гар урчууд бүтээсэн нь ажиглагддаг. Тэдний алтан эдлэлүүд ихэвчлэн алт, мөнгөний холимог байдаг бөгөөд нэлээд хувийн зэсийн нэмэлттэй эдлэлүүд ч тохиолдоно. Пазырыкчуудын хуудсан алтаар бүх төрлийн модон болон ясан сийлбэрийг хучиж өнгөлдөг байсан нь тухайн соёлын нэг онцлог шинж болдог билээ. Харин гоёл чимэглэл, зэр зэвсэг хийхэд өргөн ашиглаж байсан хүрлийг гарган авахдаа зэсийн дээрээс мөнгө нэмж хийдэг байсан онцлогтой.

Шавар эдлэлийн соёл мөн л өөрийн гэсэн өвөрмөц. Ихэвчлэн туузан аргаар барьсан шавар савны гадаргууг ангоб буюу нарийн шавар хучилтаар өнгөлдөг байсан нь тэдний гар үйлдвэрлэлийн нэгэн содон арга барил болдог.

Пазырыкийн хаадын булшнаас гардаг өндөр дугуйтай дөрвөлсөн морьд хөллөдөг тэрэг тухайн цаг үеийн тээврийн хэрэгслийн тодорхой дүр зургийг тодруулахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Мөн ноосон утсаар нэхсэн хувцас пазырыкийн соёлын хамгийн содон олдворын тоонд орно. Элдэв оруулгатай, олон төрлийн нэхэлттэй эдгээр эдлэл бие даасан бөгөөд өндөр хөгжилтэй нэхмэлийн урлагийн гэрч баримт мөн ба эдгээрийг хүрэн, улаан, ногоон өнгө гаргаж будсан байдаг.

Пазырыкийн шивээс. Нүүдэлчдийн соёлд хүний бие дээр шивээс тавих заншил нэлээд эртнээс үүсэлтэй. Наад зах нь хожуу хүрлийн үе буюу 3200-2600 жилийн тэртээ буган хөшөөний соёлын дайчид биедээ шивээстэй байсан гэж таамагладаг. Насанд хүрсэн эсэхээ шалгуулж давсан хөвгүүдэд анхны шивээсийг хийдэг байсан бололтой. Энэ шивээс нь түүний овгийн хамаарлыг заахын хажуугаар далдын хүчнээс хамгаалах сахиус болдог гэж үздэг. Цаашид залуу хөвгүүний ан ав, аян дайны туршлага нэмэгдэж, гавъяа зүтгэл зузаарах тутам шивээсийн тоо нэмэгдэж, шинэ агуулга хэлбэртэй болж ирдэг. Тэд шивээсийг ихэвчлэн цээж, мөр, шууны дагуу тавьж чимэглэдэг.

Ийм шивээснүүд нь нэг талаар чимэглэл нөгөө талаар нийгмийн, түүгээр зогсохгүй эмчилгээний үүрэгтэй байсан байж болно. Сибирийн уугуул ард түмнүүдэд арьсыг зүсэх, хээ шивэх зэргээр өвчин эмгэгээс хамгаалах домын уламжлал байдаг. Түүнчлэн шивээснүүд нь зүү тавих цэгийг зааж өгдөг тусгай үүрэгтэй байсан тухай судалгаа бий. Түүнээс дутахгүй нэгэн чухал үүрэг бол нийгмийн зэрэг дэв, хамаарах овог аймаг зэргийг нь тухайн хүний шивээснээс шууд уншиж болдог тул нэг ёсондоо тухайн хүний нэрийн хуудас болдог байжээ.

Эцэст нь пазырыкчуудын биен дээр үйлддэг байсан шивээсүүд тэдний урлагийн талаар, тэр дундаа пазырыкчуудын амьтны загварт урлагийг судлах ховор нандин эх сурвалж болдог. Шивээсэнд дүрсэлсэн зарим дүрүүд нь, тухайлбал янгир юм уу аргалийн биетэй, грифон толгойтой бугын эвэртэй, грифон толгойтой синкретик амьтан зэрэг нь урьд өмнө нүүдэлчдийн урлагт төдий л үзэгдэж байгаагүй шинэлэг содон дүрүүд болно.

Одоогоор шивээс бүхий шарил 4 илрээд байна. Эдгээр нь Орос Алтайд 1948 онд С.И.Руденкогийн малтсан пазырыкийн булшнаас занданшуулсан бөгөөд шивээс хийсэн хүний шарил гарчээ. Энэ хүн бол монголжуу төрхтэй, 60 орчим насны эрэгтэй хүн байжээ. Шивээс түүний гар бугалга, цээжин хэсэг, шилбэний хэсэгт байсан. Хоёрдохь шивээстэй хүний шарил 1993 онд Н.В.Полосьмакийн малтсан Орос Алтайн Ак-Алаха дахь дурсгалын 1-р булшнаас гарчээ. Энэ нь залуу эмэгтэй хүний шарил бөгөөд мөрний орчмоос хуруу хүртлээ битүү шивээстэй байжээ. Гуравдах шивээс бүхий шарил 1995 онд В.И.Молодиний малтсан Орос Алтайн Верх-Кальджин дурсгалын 3-р булшнаас гарчээ. Энд залуу эрэгтэй хүний зүүн мөрний орчим шивээс байжээ. Дөрөвдэх шивээстэй шарил 2006 онд Д.Цэвээндорж, В.И.Молодин, Х.Парцингер нарын малтсан Монгол Алтайн Олон гүүрийн голын дурсгалаас илэрчээ. Хэдийгээр уг булшнаас гарсан шарил бусад шивээстэй шарилуудыг бодвол хадгалалт муутай байсан боловч арьсны зарим хэсэгт байсан шивээс танигдахаар тод үлджээ.

Пазырыкийн шивээсэнд байдаг дүр дүрслэлүүд нь бодит болон домгийн амьтад байдаг. Голлох дүрүүд нь грифон, аргаль, янгир, загас зэрэг болно. Эдгээр шивээсийг зүүгээр шивэх болон халаах аргаар үйлддэг байжээ. Зарим шивээсний хөх өнгө нэлээд тод үлдсэн байдаг боловч анхнаасаа хар өнгөтэй байсан гэж үзэх үндэслэлтэй Учир нь шивээсний будгийг амьтны гаралтай тостой хольсон хөөгөөр гаргадаг байсан нь тогтоогдсон юм.

Пазырыкийн хаад ба эгэл ард. Антропологичид пазырыкчуудын гадаад төрхөд Төв Азид реликт хэлбэрээр хадгалагдсан эртний иран төрх давамгайлдаг болохыг тэмдэглэжээ. Пазырыкийн язгууртны том булшнаас гарсан ширдэг хивсэн дээр дүрслэгдсэн хүмүүс чухам европжуу төрх нь илүү ажиглагдам гадаад төрхтэй байдаг билээ. Тухайн үеийн Төв Азийн баруун хэсэгт яг ийм төрхтэй хүмүүс давамгайлж байсныг бид хөрш зэргэлдээ Чандмань-Саглын соёлын оршин суугчид, Шинжааны цөлийн оршин суугчдаас харж болно.

Пазырыкийн язгууртны булшнуудаас гарсан хүний ясанд хийсэн судалгаагаар ихэвчлэн монголжуу төрхтөн болох нь тогтоогдсон байдаг. Харин эсрэгээрээ эгэл иргэд болон орон нутгийн ноёдын булшнаас гарсан хүмүүсийн яснаас европжуу төрхийг илүүтэй хардаг байна.

Орос Алтайд байх пазырык, башадар болон бусад булшнуудыг овог аймаг нийтээрээ асар их хөдөлмөр гаргаж босгосон нь илэрхий байдаг. Ийм том булшны дундаж нэгийг нь босгохын тулд 3000 хүн/өдөр хөдөлмөр орсон байна. Эдгээр хаадын захиргаанд наад тал нь 14 овог аймаг багтаж байсныг булшинд дагалдуулсан өөр өөр им тамгатай морьдоос таамаглаж болно. Дээд давхаргын эмэгтэйчүүдийн булш зарим газруудад илэрснээс үзэхэд эмэгтэйчүүдийн эзлэх байр суурь өндөр, зарим тохиолдолд эрчүүдээс дутахгүй байсан гэж дүгнэж болно. Эмэгтэйчүүдийг зориуд эрэгтэй хүний хувцас өмсүүлж, эрчүүдийн нэг адил зэр зэвсэг агсуулсан байдаг нь үүний баталгаа. Пазырыкийн нийгэм ерөнхийдөө эцгийн эрхт овгийн байгуулалын шатанд байжээ. Нийтээрээ цэрэгжсэн байдал нь эмэгтэйчүүдийг хүртэл зэр зэвсэг агсахад хүргэж, түүнээс шалтгаалан тэдний байр суурь заримдаа эрчүүдийнхээс дутахааргүй байхад хүргэж байв. Өргөн уудам нутгийг хамарч, Алтайн уулын хэдэн талд тархсан пазырыкчуудын соёлын нийтлэг байдал, нийгмийн зохион байгуулалт зэргээс харахад давхраажилт хэвшин  тогтож, анхдагч төр улс бий болох урьдач нөхцлүүд бий болсныг харуулж байна.

Пазырыкийн урлаг. Оросын нэрт эрдэмтэн М.П.Грязнов “скиф-сибирийн хэлбэрийн соёл ба урлагийн үүсэл хөгжилд Саян-Алтайн эртний ард түмнүүдийн оруулсан хувь нэмэр скифчүүдийнхээс хавьгүй их юм” гэж үзсэн нь үндэслэлтэй дүгнэлт болно. Скиф-Сибирийн гэж нэрлэх эртний нүүдэлчдийн урлагийн хамгийн том голомт нь Пазырыкийн соёл мөн. Хар тэнгисийн скифүүд, Дундад Азийн сакууд, Минусын хотгорын тагарчууд, Баруун хойд Монголын Чандманьчуудын урлаг гол төлөв яс, төмөрлөг эдлэл дээр дүрслэгдсэн байхад Алтайн пазырыкчуудын урлаг төмөрлөг, яснаас гадна эсгий, арьс, мод, үс ноосон материалтай байх төдийгүй илүү баялаг төрөл зүйл, дүр дүрслэлтэй байна. Эдгээрийн дотроос пазырыкчуудын модон сийлбэр дүрсүүд амьтны загварт урлагийн тод жишээ болох төдийгүй үйлдсэн ур чадварын хувьд өндөр түвшинд бүтээгдсэнээрээ алдартай. Дан модон сийлбэр төдийгүй түүнийг бусад материалтай хослуулан хэрэглэх нь түгээмэл байжээ. Юуны өмнө модон сийлбэрийг хуудсан алтаар бүрэх нь элбэг байв. Түүнчлэн эсгий, үс ноос, ястай хослуулан нарийн төвөгтэй зүйлс хийдэг байсныг пазырыкийн булшнаас гарсан морины толгойн багнаас харж болно.

Монголын пазырыкийн булшнаас модон сийлбэрийн хувьд их төлөв хазаарын сийлбэр гарсан байдаг. Олон гүүрийн гол дурсгалын 1-р булшнаас грифоны толгойн дүрстэй хос бүргэдэн хазаарын унжлагууд, буга ба морины дүрстэй малгайн чимэглэлүүд, чонын дүрстэй модон хүзүүвч зэрэг өндөр ур хийцтэй модон сийлбэр гарсан байна. Тухайлбал эсгий малгайн хажуу талд хадаж бэхэлдэг модон сийлбэрийн нэг болох бугын дүрстэй сийлбэр хавтгай суурин дээр ямар нэг юмнаас цочоод зогтуссан байдалтай, хүзүүгээрээ гэдийн, толгойгоо өргөн, үл ялиг зүүн тийш харан зогсож байгаа байдлаар дүрслэгдсэн байдаг. Малгайн сийлбэр болох иймэрхүү модон сийлбэр дүрсүүд Сыргаль, Хатуугийн булшнуудаас мөн олон тоотой гарсан.

Хатуугийн дурсгалын 1-р булшнаас гарсан модон морийг хавтгай углуурган дээр босоо байдлаар дүрсэлсэн байна. Энэхүү морины урд хоёр туурайг нийлүүлж, хойд хоёр хөлийг салгаж, туурайн дээд талаар нэвт нүхэлсэн бөгөөд сүүлгүй ба оронд нь нүхтэй байна. Чихгүй бөгөөд толгойн орой болон духанд 4 ширхэг нүхтэй бөгөөд хоёрт нь 1 мм голчтой урт эвэрний загвар зоосон байна. Энэ модон сийлбэр малгайн оройд зоолттой байсан гэдэг нь илэрхий. Пазырыкийн булшнаас морины сийлбэр дүрс элбэг олддог нь тэдний урлаг болон шашин шүтлэгт морь чухал үүрэг гүйцэтгэж байсныг харуулдаг.

Амьтны арьс үсээр хийсэн урлагийн зүйл Пазырыкийн урлагт мөн багагүй хувийг эзэлнэ. Үүний дотор хээлж чимэглэсэн арьс, булга зэрэг үнэт үслэг арьсыг хослуулан хийсэн эдлэлүүдийг онцлон дурдах хэрэгтэй. Бага Түргэний гол дурсгалын 8-р булшнаас гарсан булганы арьсан хавтаганы хүрээ захаар хамар угалзан хээг хар өнгийн арьсаар цоолборлож хээлсэн байдаг нь 1-р булшнаас гарсан эмээлийн бүүргэн дээрх арьсан цоолбор чимэгтэй ижил төстэй байна. Ийм цоолбор хээтэй арьсан чимэглэлээр модон дэр, эмээл, сав суулга зэргийг чимэглэх нь Пазырыкийн язгууртны соёлын нэгэн хэлбэр юм. Адууны дэл үсийг чимэглэлийн зорилгоор өргөн ашиглаж байсныг мөн язгууртны булшнаас гарсан гоёмсог эдлэлүүд харуулдаг.

Эсгий бол нүүдэлчдийн соёлын онцлог нэгэн бүтээгдхүүн төдийгүй урлагийн бүтээл хийх нэгэн хэрэглэгдхүүн байжээ. Пазырыкчууд эсгийгээр эмээлийн бүрээс, хивс зэргийг хийхийн зэрэгцээ бүтэн амьтны дүрсийг мөн урладаг байсныг пазырыкийн булшнаас гарсан 30/27 см хэмжээтэй хар ба цагаан өнгөтэй хун шувууны эсгий дүрсээс харж болно.

“Монголчууд нэн эртнээс 12-р зууны эхэн” номноос

Жич: Уг соёлыг анхны малтлага хийсэн Пазырык хэмээх газрынх нь нэрээр нэрийдсэн байдаг. Тувачууд булшийг мөн “бажираг гэж нэрлэдэг байна.

12.02.2020

Чандманий соёл


Монголын баруун хойд хэсэг, Тувагийн бүх нутгийг хамарсан түрүү төмрийн үеийн гол соёл бол Чандмань-Саглы-Уюкийн соёл болно.Уг соёл НТӨ 6-2-р зуунд холбогдох бөгөөд тухайн үед Евро Азийн тал нутагт тархсан скиф хэв маяг бүхий олон соёлын нэг билээ. Энэ үед Хар тэнгисээс Хянганы нуруу хүртэлх Европ Азийн тал нутагт харилцан холбоотой, соёлын хувьд төстэй олон археологийн соёлууд зэрэгцэн оршиж байсны нэг хэсэг нь Монголын Чандманий соёл, Пазырыкийн соёл билээ.

Монголын түрүү төмрийн үе буюу НТӨ 6-3-р зуунд холбогдох археологийн дурсгалууд 1970-аад он хүртэл зөвхөн дөрвөлжин булш, хиргисүүрээр төлөөлөгдөж байв. Харин Чандманий булшийг 1972-1974 онд малтан судалснаар тухайн үеийн Монголын эртний түүхийг судлах чухал хэрэглэгдхүүн бий болсон билээ. Эдгээр булшийг малтсанаар Монголын төмрийн үеийн оршин суугчдын талаарх бидний мэдлэг үлэмж баяжсан юм. Үүний өмнө дөрвөлжин булшнаас гарсан хүний ясны хэрэглэгдхүүн дан ганц монголжуу төрхтөн байсан бол Чандманий сайн хадгалалттай олон тооны хүний ясны хэрэглэгдхүүн тухайн цаг үед хүн ам зүйн байдал илүү түвэгтэй, холимог шинжтэй байсныг харуулж өгсөн юм.

Чандманьчуудын гавлын ясанд хийсэн судалгаанаас тэдний дунд монголжуу ба европжуу төрхтөн байхын зэрэгцээ олонх нь холимог арьстан байсан болох нь тодорхой болжээ. Түүнчлэн төмрийн түрүү үеийн эдийн соёлыг судлах сайн чанарын, өргөн төлөөлөлтэй хэрэглэгдхүүн гарсан нь археологийн хувьд чухал нээлт болсон байна. Учир нь Чандманий ихэнх булш эрт цагт огт тоногдож хөндөгдээгүй анх байгуулсан хэвээрээ бидний үед хүрч иржээ.

1972 онд Увс аймгийн төв Улаангом хотын баруун урд хаяанд байх Чандмань буюу Улаан уулын хойд бэлд байрлах нэгэн элсний карьераас эртний эд өлгийн зүйлс илэрсэн нь хүмүүсийн анхаарлыг татаж улмаар мэргэжлийн судлаачдын сонорт хүрсэн байна. Эдгээр зүйлс нь хүрэл зээтүү, хүрэл хутга, бүсний хүрэл арал, чулуун бэл, хүрэл толь, дээрээ буга янгирын дүрсийг товойлгон чимэглэсэн шавар ваар зэрэг байжээ. Ингээд 1972-1974 онд Монгол-Зөвлөлтийн хамтарсан баг уг газарт малтлага судалгаа хийж, 40 гаруй булш оршуулга малтсан байна.

Эдгээр булш нь урьд манай улсад олдож байгаагүй булшны шинэ хэлбэр төрх бөгөөд эндээс хөдөлмөрийн багаж, зэр зэвсэг, гоёл чимэглэлийн холбогдолтой олон зуун эд өлгийн дурсгал илрүүлэн олсон нь Монгол нутагт төмөр зэвсэг үйлдвэрлэлд нэвтэрсэн он цагийг тодотгоод зогсохгүй, тэр үеийн аж ахуй, нийгмийн байгууламж, оюуны соёлыг судлахад чухал ач холбогдолтой болсон гэж үздэг.

Чандмань уулын булшны судалгаанаас үзэхэд Монгол улсын нутгийн баруун хойд хэсэгт тухайн үед Төв Азийн хээр тал нутагт амьдарч байсан аймгуудтай ерөнхий хэв шинжээрээ ижил боловч орон нутгийн бие даасан шинж бүхий ахуй соёлтой нэгэн аймаг оршин амьдарч байжээ. Гэвч тэдний оршин тогтнож байсан газар нутгийн хил хязгаар нь одоогоор тодорхойгүй байна. Ямартай ч хилийн цаана Тувагийн нутагт судлагдсан Уюк-Саглын соёлтой холбоотой гэдэг нь эргэлзээгүй юм. Мөн Чандмань уулаас урагш нилээд зайтай орших Хархираа голын хөндийд ижил булш оршуулгууд илэрсэн нь тэдний соёлын тархалт дан ганц уулаар хязгаарлагдахгүй болохыг тодорхой харуулж байна. 2015 онд Монголын-Францын хамтарсан археологийн баг Сагил сумын нутаг Сагилын голын хөндийгөөс мөн тус соёлын хэв шинжит сайн хадгалалттай оршуулга олжээ.

Чандмань уулнаа байх төмрийн түрүү үеийн булшнууд нь шороон далантай дүнзэн бунхант, пирамид хэлбэрийн далантай, чулуун далантай авсгүй, чулуун хайрцаган австай булш гэсэн үндсэн 4 төрөлд хуваагддаг. Булшинд ихэвчлэн нас барагчдын хөлийг өвдгөөр нь нугалан хажуугаар нь хэвтүүлэн, толгой дор нь чулуун дэр тавин баруун хойд зүг хандуулан оршуулдаг байжээ. Нас барагчийн толгойн харалдаа бунхны хананы дагуу шавар сав, толгойн орчмоор тугалган ба алтан ээмэг, шил, явуу, амьтны соёон гоёлын зүүлт, харин бүсэлхий ташаа орчмоос чичлүүр хутга, толь, саадагны гох дэгээ, унжлага, сумны зэв зэрэг зэр зэвсгийн зүйлс тавьсан байдаг байна. Түүнчлэн бунхнаас адуу, үхэр, хонь, ямаа ба зээр, нохой зэрэг амьтны яснууд гардаг.

Чандманий булшнаас илэрсэн зэр зэвсгийн зүйлс нь (цөөн тооны эртний хүрэл чичлүүр хутганаас бусад нь) түрүү төмрийн үед Евроазийн тал нутагт өргөн дэлгэрсэн скиф хэлбэрийн зэр зэвсгийн үндсэн шинж төрхийг бүрэн агуулж байдаг. Түүнчлэн Алтай-Саяны хадны зургаас тэдний зэр зэвсэг болон цэрэг дайны явдлыг харж болно. Тэдний тулалдааны үндсэн арга нь алсын зайнаас хүчит наамал нумаар дайсан этгээдийг харваж хүчин мөхөсдүүлэхэд оршиж байжээ. Ингэхдээ хүрэл болон ясан төрөл бүрийн зэв хэрэглэдэг байсан аж. Хадны зурагт дүрслэгдсэн нумтан дайчид урагшаа болон арагшаа харж харьцангуй богино урттай, үзүүр гичир тал нь огцом эргэж нумарсан скиф маягийн нумаар харваж байгаа төрхтэй байдаг.

Чандманьчуудын сумны зэвнүүд төрөл зүйлийн хувьд олон юм. Тэдгээр нь онгит болон шилбэт гэсэн үндсэн төрөлд хуваагдах бөгөөд дотроо 9 төрөл зүйлтэй. Гэхдээ хамгийн түгээмэл нь гурван жигүүрт шилбэт ба онгит хүрэл зэв байдаг нь хөрш зэргэлдээх пазырыкчуудын сумны зэвний үндсэн төрөлтэй адил байдаг ажээ. Түүнчлэн чандманьчуудын зэвний дотор гурван талт хуяг нэвтлэгч зэв тохиолдож байгаагаас үзвэл хуяг дуулгатай дайсантай тулалдах шаардлага гардаг байсныг харуулж байна. Тэд нум сумаа хүрэл юм уу төмөр дэгээгээр агсарга бүсэнд бэхэлдэг саадагт агуулдаг байсан нь мөн пазырыкчуудтай ижил төстэй байгаа нь дээрх хоёр ард түмэн гарал үүсэл нэгтэй, айл хөрш явж ирснийг харуулах нэг баримт болдог.

Мөн чандманьчууд ойрын зайн тулалдаанд байлдааны зээтүүг өргөн хэрэглэдэг байсан бололтой. Түүнчлэн чичлүүр хутга ба байлдааны хутгыг хэрэглэдэг байсныг булшнаас гарсан олон тооны олдвороос харж болно. Харин хамгаалалтын тухайд бол модон бамбай ашигладаг байсан бололтой. Тэдний зэр зэвсгийн дотор хөрш зэргэлдээх бусад скиф хэлбэрийн соёлуудаас ялгарах цөөн зүйл байгаагаас нэлээд эртний, магадгүй хүрлийн үеэс улбаатай хоёр дэлбээт шилбэт хүрэл зэв, мөөгөн толгойтой хүрэл чичлүүр хутга зэргийг дурдаж болно.

Чандманий булшнаас хонь, ямаа, үхэр, адууны яс гарснаас гадна зарим булшнаас адуу, тэмээний дүрстэй хүрэл товруу ба оломны хүрэл арлууд гарч байсан нь тэдний аж ахуйн талаарх хамгийн тодорхой баримт юм. Тэмээний яс гараагүй ч тэмээний дүрстэй зүйлс гарч байгаа тул чандманьчуудын сүргийн бүтэц нь өнөөгийн монголчуудынхаас хол зөрөөгүй, таван хошуу малтай байжээ хэмээн таамагладаг. Гэхдээ хожуу үеийн нүүдэлчдийг бодбол тэдний өдөр тутмын амьдрал, ялангуяа махны хэрэглээнд ан агнуур чухал үүрэгтэй байсан бололтой. Зарим булшнаас буга, үнэг, шувуу зэрэг ан амьтны яс гардаг ч гэрийн малын яснаас цөөн тоотой байдаг.

Малын гаралтай бүтээгдхүүн дотроос шөрмөс, арьс шир, эсгий зэргийг ашиглан хийсэн эд өлгийн зүйлс бас гарна. Тухайлбал чичлүүр хутганы модон хуйг нимгэн ширээр арласан байдаг бол сумны зэвийг модон мөстэй нь шөрмөсөөр бэхэлсэн нь тохиолдох ажээ. Чандманий 53-р булшнаас арьсан уутанд хийж тавьсан үр үндэс, навч олдсон нь тэдний газар тариалангийн талаар төсөөлөл өгнө. Мөн амуу будааны үр олдсон тухай баримт бий.

Гар урлалын аж ахуй, түүний дотор төмөр боловсруулах талаар судлагдхуун арвин бий. Хүрэл ба төмөр эд өлгийн зүйлс, ялангуяа зэр зэвсэг, гоёл чимэглэлийн зүйлс их хэмжээтэй гарсан нь тэдний амьдралд төмөрлөгийн хэрэглээ түгээмэл байсныг харуулна. Түүнчлэн бие даасан шавар савны үйлдвэрлэл, урлалтай байсныг археологийн олдворуудаас харж болно.

Чандманьчуудын амьдралд дайн тулаан ихээхэн чухал байр суурийг эзлэж байсныг зэр зэвсгийн шархтай олон хүний яс харуулдаг. Чандманий булшнаас гарсан хүний олдворын 51%-ийг эрэгтэйчүүд эзлэх бөгөөд тэдний дундаж наслалт 37,6 байжээ. Харин эмэгтэйчүүдийн дундаж наслалт 36,3 байсан ба ихэвчлэн хүүхэд төрүүлэхдээ энддэг байсан бололтой. Ерөнхийдөө чандманьчуудын дундаж наслалт нь 20-30 байсан бөгөөд 50-иас дээш насныхан огт байхгүй байдлаас харахад тэдний ахуй амьдрал хатуу ширүү, өвчлөл ба дайн тулааны улмаас нас барах явдал элбэг байжээ.

Нийт гавлын ясны 11,1% нь хурц болон мохоо иртэй зэвсгээр үйлдсэн гэмтэлтэй байсан ба үхлийн шалтгаан нь болж байв. Энэхүү бүлэг дурсгалаас илэрсэн гавлын яснуудад судлаач Б.Нарангийн хийсэн ажиглалтаар дөрвөн ясан дээр мэс засал хийсэн ул мөр байсан аж. Эдгээрийг эмчилгээ, зан үйл, шашин шүтлэгийн алиных нь зорилгоор хийдэг байсан нь тодорхойгүй боловч төмрийн түрүү үеийн эдгээр оршин суугчид мэс засал хийх арга ухааныг мэддэг байсан байна.

Чандманьчуудын гарал угсаа ба удам. Чандманьчуудыг түүхэнд тэмдэглэгдсэн ямар ард түмэн байж болох талаар янз бүрийн таамаглал бий. Харамсалтай нь энэ асуултанд баттай хариулт өгөх боломжгүй бөгөөд судлаачдын үзэл бодол зөвхөн таамаглалын түвшинд байдгийг дурдах хэрэгтэй. Хамгийн түгээмэл үзэл бол хятад сурвалжуудад олонтаа дурдагддаг динлин нар байж болох юм гэсэн санал болно.

Сурвалжуудад динлинчүүдийн гадаад төрхийг хятадуудаас эрс ялгаатай, цайвар арьстай, улаан үстэй гэх мэтээр дүрсэлдэг. Чандманьчуудын гавлын ясанд хийсэн антропологийн судалгаагаар тэдний голлох хэв шинж нь монголжуу-европжуу холимог болохыг илрүүлжээ. Гэхдээ цэвэр монголжуу болон цэвэр европжуу төрхтөн ч байсан байдаг. Сонирхолтой нь эрэгтэйчүүдийнх нь хувьд европжуу төрх ноёрхдог бол эмэгтэйчүүдийнх нь хувьд монголжуу төрх давамгайлдаг.

Мөн эдгээр дурсгалын дүнзэн бунхант ба чулуун авсат булшнуудын хүн амын биеийн хэмжээний үзүүлэлтийг харьцуулахад мөчний ясны урт нь эрс ялгаатай байжээ. Тодруулбал дүнзэн бунхант булшны эрчүүд чулуун австай булшныхаас арай илүү урт, нэн ялангуяа дунд чөмөг, бугалга нь урт, яс нь том байв. Яг ийм ялгаа эмэгтэйчүүдийн хувьд ч ажиглагдсан байдаг. Энэ нь чулуун авст булшныхан монголжуу шинжээр давамгай, дүнзэн бунхант булшныхан харин европжуу шинжээр давамгай гэсэн ажиглалттай давхцаж байгаа юм.

“Монголчууд нэн эртнээс 12-р зууны эхэн” номноос

12.01.2020

Хиргисүүрийн соёл


Төв Азийн түүхийн нэгэн чухал үе шат бол НТӨ 2-р мянган жил болно.Энэ бол хүрлийн төгсгөлийн үе, төмөр боловсруулах урьдчилан нөхцөл бий болж, аж ахуй соёлын чухал өөрчлөлтүүдийн үе байсан юм. Мөн Төв Азид угсаатан бүрэлдэн тогтох үйл явц нь орон нутгийн гэхээсээ илүү асар өргөн уудам газар нутгийг хамарч байсан юм. Чухам энэ үед л Төв Азид одоо ч амьдран суусаар байгаа ард түмнүүдийн угсаатны онцлог бий болжээ.

НТӨ 2-р мянганы 2-р хагаст үүсэн бий болж, өргөн хүрээнд тархсан хиргисүүрийн соёл нь хүрлийн хожуу үеийн чухал дурсгалын нэг юм. Хиргисүүрийн соёлын хойд тал нь Монголтой залгаа Тувагийн өмнөд хэсэг, Өвөрбайгаль, Баруун Монгол зүүн тал нь Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын баруун зах Дэлгэрхаан уул, Зараа уул, Дорноговийн хойд хэсэг өмнөд этгээд нь Говь-Алтайн нурууны ар, өвөр хүртэлх өргөн уудам газар нутгийн хүрээнд тархсан байдаг бөгөөд өмнөд талаараа түрүүлгэ нь харуулан оршуулдаг говийн археологийн дурсгалуудтай хаяа нийлнэ. Хамгийн их нягтрал нь Алтай, Хангай нурууны хооронд тохиолдоно.

Зарим судлаачид хиргисүүр хэмээх үгийг “хиргисийн хүүр” хэмээх үг сунжирснаас үүссэн гэж үздэг боловч киргиз хэмээх ард түмэн болон хиргисүүр гэх үгийн хооронд шууд холбоо байхгүй. Гэхдээ энэ үг нэгэн цагт киргизүүд Уйгур улсыг эзлэн мөхөөсөн тухай эдүгээ мартагдсан домог, хууч ярианаас улбаатай үг байх бүрэн боломжтой.

Хиргисүүрийг анх Өвөрбайгальд 19-р зууны сүүл үеэс эхлэн малтан судалснаас хойш Монголд 150 орчмыг малтан судлаад байгаа бөгөөд одоо ч үргэлжлүүлэн судалж байна. Хиргисүүр гэдэг нь ойролцоогоор 10-200 метр хэмжээтэй дугуй болон дөрвөлжин хүрээтэй, голдоо янз бүрийн хэмжээтэй, овгор чулуун байгууламжийг хэлэх ба үүнийг сонгодог хэлбэрийн хиргисүүр гэж үзэж болно. Үүнээс гадна том хиргисүүрийн хүрээний гадуур нэмэлт олон дагуул байгууламж байх бөгөөд зарим нь 200-500 хүрэх ажээ. Иймээс хиргисүүр нь эгэл хүрээтэйгээс эхлээд олон дагуул байгууламж бүхий нарийн нийлмэл  бүтэц зохион байгуулалттай сүрлэг байгууламж болно.

Сонгодог хэлбэрийн хиргисүүрээс гадна оршуулгын зан үйлийн хувьд ижил төстэй, хүрээгүй дөрвөлжин болон дугуй хэлбэрийн булшнууд хиргисүүрийн соёлын хүрээнд багтана. Үүнээс гадна Хангайн нурууны ар, Орхон голын сав газарт орших харьцангуй цөөн тооны, ойролцоогоор 70-300 метр том, хэдэн зуун дагуул байгууламжтай дурсгалуудыг хиргисүүрийн 5 дахь шинж гэж тооцож болох юм. Эдгээр байгууламжууд сонгодог хэлбэрийн хиргисүүр болон буган хөшөөний цогцолбортой нэгдэн нэгэн бүхэл асар том цогцолбор болон оршдог. Хиргисүүрийн судалгааны эхэн үед цөөн тооны хэрэглэгдхүүн дээр үндэслэн оршуулга бус тахилгын байгууламж гэж үзэж байсан боловч сүүлийн үед малтан судалсан хиргисүүрийн ихэнхээс оршуулга гарсан нь өмнөх үзлийг няцааж байгаа юм. 

Архангай аймгийн нутаг Хануй голын хөндийд 1700 орчим дагуул байгууламжтай нэгэн том хиргисүүр байх ба сонголтын журмаар тал бүрд нь малтан судлахад адууны толгой шийр гарч байжээ. Үүнээс үзвэл нөгөө ертөнцөд одсон овог аймгийн тэргүүн өвөг дээдэстээ зориулсан тахилгыг жил бүр хийж, олон тооны адуу өргөн, буган чулуун хөшөө шинээр урлан босгох нийтийн зан үйлийн талбар нь сүрлэг том хиргисүүртэй оршуулгын газрууд болдог байсан ажээ.

Хиргисүүрт үхэгсэдийг гол төлөв хөлийг нь жийлгэн, гарыг бие дагуулан тэнэгэр байдлаар, толгойг ихэнхдээ баруун зүг хандуулан тавьдаг тухай дурдсан байх ба оршуулгыг эртний өнгөн хөрсөн дээр эсвэл гүехэн нүх ухаж, цөөн тохиолдолд 2 метр гүнд хүртэл оршуулсан тухай тэмдэглэжээ. Хүүрийг гол төлөв янз бүрийн чулуун хашлага дотор тавьж, 3-4 хавтгай чулуугаар тагладаг байна.

Хиргисүүрийн соёлын оршуулгын зан үйлийн нэгэн сонирхолтой тал нь ямар нэг эд өлгийн зүйл дагуулан тавьдаггүйд оршино. Ийм учраас хиргисүүрийг хоосон булш хэмээн нэрлэх нь бий.

Хануйн хиргисүүрийн хэмжээ, хязгаарлагдмал хүрээний тархалт, тахил тайлга үйлдсэн дэг ёс зэргийг анхааралтай ажиглах аваас өндөр зохион байгуулалттай, баялаг мал сүрэгтэй, харьцангуй олон хүн амтай, тэднийг захирах эрх мэдэл бүхий ахлагчтай эртний соёлын томоохон голомт энэ бүс нутагт байжээ гэж үзэж болох юм. Тухайн үеийн Төв Азид хиргисүүрийн соёлтой энэ зэрэгцэх өөр хөгжингүй соёл байсангүй.

Тэр цагт Монголын өндөрлөгт хонь, адуу зонхилсон нүүдлийн мал аж ахуйн үндэс суурь хэдийнээ бий болж, неолитын үеэс эхэлсэн мал аж ахуйд шилжин орох үйл явц амжилттай өндөрлөжээ. Олон толгой мал сүрэгтэй чинээлэг язгууртнууд төрөн гарч, овог аймгийн эрх мэдлийг гартаа төвлөрүүлэхийн хамт шинэ бэлчээр нутгийн төлөөх дайн тулаан энгийн үзэгдэл болжээ. Язгууртнууд хос морь хөлөлсөн байлдааны хөнгөн тэргийг эзэмших ба хэдэн зуугаас мянга хүртэлх цэрэгтэй байжээ. Мал аж ахуй эрхлэх арга барил дээр суурилсан шинэ соёл, үзэл санаа төрөн гарч, өвөг дээдэст зориулсан тахил тайлгыг хариуцан явуулдаг бөө зайран гэх нийгмийн давхраа шинээр мэндэлжээ. Хиргисүүрийн соёлынхон язгууртан, бөө зайран, малчид гэсэн нийгмийн 3 давхраат бүтэцтэй байсан бололтой.

Судалгааны зохиол бүтээлүүдэд хиргисүүрээс гарсан гавалууд гол төлөв европ төрхтөн эсвэл монгол төрхтөн гэх аман мэдээгээр хягаарлагдаж байна. Гэтэл европ болон монгол төрхтөн холилдож, ижилсэн уусах үйл явц тус бүс нутагт европ төрхтөн шилжин ирэгсдийн ирсэн цаг хугацаатай нэгэн үед эхэлсэн болохыг Сибирь, Хятадын баруун хязгаарт явуулсан судалгаа харуулж байгаа юм. Хиргисүүрийн малталтаар гарсан ганц нэгийн төдий гавалд хийсэн судалгаа ч үүнийг баталж байна. Тухайлбал, Хужиртын Өлзийт 3 гэж тэмдэглэсэн булшнаас олдсон гавалыг И.И.Гохман “нүүр харьцангуй хавтгай боловч хамрын яс огцом өндөр. Гавал бүхий л цогц шинж тэмдгээрээ монгол ба европ төрхтний завсрын төрхтэй байлаа” гэсэн байна. Түүнчлэн баруун Монголд 1960-аад оны үед малтсан хиргисүүрээс гарсан 3 гавал ямар ч эргэлзээгүй холимог буюу европ монгол төрхтөн байжээ.

Ийнхүү хэдэн гавал дээр хийсэн судалгаа нь асар өргөн уудам нутагт тархсан хиргисүүрийн соёлыг тээгчдийн антропологи хэв шинжийг тодорхойлоход хангалтгүй болох нь ойлгомжтой. Хоёр өөр төрхтөн олон зуун жилийн хамтын амьдралын явцад төрхтний хувьд төдийгүй соёлын хувьд бүрэн уусан ижилсэж нэгдмэл соёлтой болох үйл явц Төв Азийн бусад хэсгээс илүүтэйгээр Монголд явагдсан гэж үзэж болох юм.

Европ төрхтний төвөөс 1000 гаруй жилийн өмнө алслагдан тасарсан афанасьевчууд соёлын зарим элементээ авч үлдсэн байж болох боловч анхны афанасьевчуудтай харьцуулахад хэдийнээ өөр ард түмэн болж хувьсан өөрчлөгдсөн нь ойлгомжтой. Нөгөө талаар хүрлийн сүүл, скифийн түрүү үеэс эхлэн Төв Азид цэвэр монгол төрхтөн ард түмний эзлэх хувь мэдэгдэхүйц нэмэгдэн баруун зүгт тархан сууж эхэлснийг судалгаа харуулдаг бөгөөд улмаар ноёлох байр суурь эзлэх болсон байна.

Хиргисүүрийн соёлынхон НТӨ 1-р мянганы эхээр ямар нэг шалтгаанаар магадгүй шинээр мандан гарч ирсэн дөрвөлжин булшит соёлынхонд шахагдан нэг хэсэг нь баруун зүгт нүүдэллэн дорнод Казакстаны нутагт төвхнөж, тасмолины соёл үүсэн бий болоход голлон оролцсон бололтой. Учир нь тасмолины соёлын оршуулгын байгууламжийн дугуй дараасаас хоёр тал руу нь үргэлжлүүлэн өрсөн сахал гэж оросоор тодорхойлдог урт муруй чулуун зурвас Монголын зарим том, жижиг хиргисүүрийн эвэр мэт байгууламжтай адил байхын зэрэгцээ адууны толгой, шийр дагуулан тавих гэх мэт нутгийн уламжлалд байгаагүй зан үйл бий болсон зэрэг нь хиргисүүрийн соёлын шилжилт хөдөлгөөнтэй холбоотой байж болно.

Дөрвөлжин булшит соёлынхон хөгжлийн эхний шатандаа хиргисүүрийн соёлтой зэрэгцэн оршиж, өмнөх үеийн буган чулуун хөшөөдийг булш байгуулахад ашиглахын хажуугаар шинээр хэлбэрийг нь засаагүй хавтгай чулууны нэг тал дээр бугын дүрс сийлэн дөрвөлжин булшны зүүн буланд тавих, булшинд адууны толгой шийр дагалдуулах зэргээр соёлын хувьд өөрчлөгдөж эхэлсэн дүр зураг ажиглагдаж байгаагаас үзвэл хиргисүүр, дөрвөлжин булшит соёлынхон бие биедээ уусан ижилсэж эхэлсэн бололтой. Харин хиргисүүр, буган хөшөөний соёлын гол элемент зэр зэвсгийн зарим төрөл, амьтны загварт урлагийн хэв маяг, сүрлэг том оршуулгын байгууламж хийх санаа сэдэл Төв Азид скифийн хэмээх түүхэн шинэ эрин үеийн соёл бүрэлдэн тогтоход шууд нөлөөлжээ.

Төв Азийн түүх нь юуны өмнө нүүдэлчин малчин овог аймгуудын түүх бөгөөд өмнөд болон дорнодын газар тариаланч ард түмэнтэй эртнээс харилцсаар иржээ. Хятадын Инь улсын иргэншлийн төвтэй малчин нүүдэлчдийн овог аймгийн хүчирхэг нэгдэл зэрэгцэн оршиж байсан нь эртний хятадын соёлын хөгжилд зохих ёсоор нөлөөлсөн юм.

НТӨ 2-р мянганы үед Монголын өндөрлөг, Ордосын Бор тохойн умард этгээдээр оршин сууж асан малчин, нүүдэлчдийн аж ахуй, соёл, аж төрөх ёс, өвөрмөц урлал эцэст нь угсаатны хувьд Хятадын ертөнцөөс эрс ялгарах онцлогтой байлаа.

Сүүлийн 50 гаруй жил явуулж байгаа археологийн судалгаа нь Хятад болон Умардын малчин нүүдэлчдийн харилцаа холбооны олон талыг нээн илрүүлэхэд чухал алхам болж байгаа бөгөөд Хятадын соёлд мэдэгдэхүйц нөлөөлснийг тогтоогоод байгаа юм. 1950-аад оны дунд үед хэвлэгдсэн Макс Лерийн бүтээлд хятадуудын умардын бүдүүлэгүүд хэмээн нэрлэдэг овог аймгууд Инь улсын хүрлийн үйлдвэрлэлд голлох нөлөө үзүүлснийг Аньяны археологийн цогцолбороос гарсан карасукын хэв шинжийн гэж тодорхойлдог эд өлгийн зүйл дээр тулгуурлан баримттайгаар нотолсон юм.

Түүнчлэн М.П.Кожин, Кузьмина, Э.А.Новгородова нар хоёр дугуйт байлдааны тэрэгний талаарх арвин хэрэглэгдхүүнийг судалж, нэг газар үүсэн бий болсныг тогтоосон бөгөөд Төв Азийн малчдаар дамжин хятадад дэлгэрсэн гэх дүгнэлтэнд хүрчээ. Дугуйт тэрэг хэрхэн, ямар замаар тархсныг мөшгөж болох тэрэгний зураг Монгол Алтай, Говь-Алтайн нуруу, Чулуут голын хавцал зэрэг газраас олон тоогоор олдоод байна. Монгол болон Тувагийн хадны зураг дахь тэрэг дүрслэх уламжлалт арга нь Казакстанаас ялгаатай болохыг судлаачид анхааран тэмдэглэсэн байдгаас үзвэл бүр анхнаасаа дурдсан бүс нутагт аж ахуй, соёл, угсаа гарвалаараа ялгаатай ард түмэн оршин байсныг харуулна.

Тухайн үеийн хятадын Инь, Баруун Жоу улстай харилцаж байсан Төв Азийн хүчирхэг ард түмэн бол яахын аргагүй хиргисүүрийн соёлынхон мөн бөгөөд монголын тал хээр, говь цөлийг туулах анхны зам харгуйг нээгчид байж болох талтай.

Хиргисүүрийн соёлын тэлэлтийн нөлөөгөөр говь, тал хээрийн бүсэд оршиж байсан үхэгсэдийг түрүүлгэ нь харуулан оршуулдаг өвөрмөц зан заншилтай овог аймгууд шахагдан янз бүрийн цаг хугацаанд Инь улсад дагаар орсон бололтой бөгөөд тэгэхдээ түрүүлгэ нь харуулан тавьдаг оршуулгын зан үйлийн онцлогоо хадгалан үлджээ. Ингэхдээ тал нутгийн малчдын соёлын цөөнгүй элементийг тээж очсон нь ойлгомжтой.

“Монголчууд нэн эртнээс 12-р зууны эхэн” номноос

11.28.2020

Буган хөшөөний соёл


Буган хөшөө бол бичиг үсэг хараахан бий болоогүй байсан хүрэл ба төмрийн түрүү үеийн нүүдэлчдийн түүх, утга соёл, шашин шүтлэг, нийгмийн байгууллыг судлах чухал дурсгал юм. Мөн Монголын эртний түүхэн газар нутгийн дүр төрхийг сэргээн харуулах хамгийн тодорхой дурсгалын нэг бол буган хөшөөнүүдийг босгосон чулуун булш, хиргисүүрүүд мөн билээ.

2000 оны эхээр хийсэн судалгаагаар Евроазийн эх газарт 700 гаруй буган хөшөө бүртгэгдсэнээс 500 илүү нь Монголд байна гэж үзэж байсан бол эдүгээ 1000 гаруй буган хөшөө байгаа болох нь тогтоогдоод байна. Ялангуяа Монгол Алтайн баруун ба өмнөд хэсэг, Хангайн нурууны төв хэсгээс 200 орчим буган хөшөө шинээр илэрч судлагдаад байна.

Буган хөшөөг нас барсан хүнд зориулан , хүнийг төлөөлүүлэн үйлдсэн гэдэг нь тодорхой болоод байгаа бөгөөд үүнийг үйлдэхдээ тусгайлан 4 талт болгон зассан чулуунд хүний нүүр, эдлэл хэрэглэл зэргийг дүрсэлсэн байдаг. Уг чулууны оройн хэсэг ихэвчлэн налуу байх ба зүүн зүг хандуулан нарийн талыг нүүр болгож, дээд хэсэгт хүний нүүрийг төлөөлүүлэн ташуу 3 зураас, хоёр хажуугийн өргөн дээд хэсэгт цагираган хэлбэрийн дүрслэл (нар, сар гэх нь бий), эдгээрийн доогуур дугуй болон зуйван дугуй хэлбэрийн жижиг хонхруудыг бүрэн тойруулж, хөшөөний дунд хэсэгт бүс, бүснээс чичлүүр хутга, нум сум зэрэг зэр зэвсгийн эд зүйлсийг дүрсэлсэн байдаг. Эдгээр дүрслэлүүд нь нийт буган чулуун хөшөөнд дүрслэгддэг нийтлэг зүйлс юм.

Түүнчлэн 10 гаруй буган хөшөөнд хүний нүүрийг дүрсэлсэн байдаг нь уг дурсгал хүнийг төлөөлсөн болохыг баттай харуулсан баримт болдог. Буган хөшөөний хамгийн өндөр нь 4 метр орчим бөгөөд түүнээс доош янз бүрийн хэмжээтэй байх ба хамгийн намхан нь 40 см орчим өндөртэй байна.

Буган хөшөө Ази, Европ тивийг дамнан тархжээ. Тархалтын төв нь Монгол нутаг мөн бөгөөд нийт 1200 орчим буган хөшөө илрүүлэн судлаад байгаагаас дурсгалын 90 орчим хувь нь манай улсын нутагт байна. ОХУ-ын Буриад улсын Байгаль нуур орчимд 20, Алтай Саянд 80 орчим, Казакстан Дундад Азид 20 орчим, баруун тийш Оросын Оренбург муж, Кавказ, Украин, Германы Эльба мөрөн хүртэл 10 гаруй олджээ.

Буган хөшөө нь баатар дайчин эрийн бэлгэдлийн дүрслэл учраас зэр зэвсэг, тусгай хэрэгсэл зэргийг сийлбэрлэсэн байдаг. Хөшөөний дээд хэсэгт титэм юм уу малгай, хоёроос гурван ташуу зураас, хүний нүүр, ээмэг, хүзүүний зүүлт зэргийг дүрсэлсэн байна. Судалгааны өнөөгийн түвшинд буган хөшөөнүүдийн дээд хэсгийн дүрслэлүүд болох дугуй цагирагуудыг нар сар, түүний доогуур буй жижиг хонхруудыг од эрхсийн дүрслэл хэмээн тайлбарладаг байсан өмнөх үзлээс татгалзаж, хүний толгойн хэсгийн эд чимэглэл болохыг ихэнх судлаачид хүлээн зөвшөөрчээ.

Монгол орны нутагт оршиж буй буган хөшөөнүүд, тэдгээрийн бүх хэлбэрүүд тэдгээрт дүрсэлсэн хүний нүүр, ээмэг, хүзүүний зүүлт, бүс, зэр зэвсэг болон бусад эд өлгийн дүрслэлүүд нь уг дурсгал хүнийг төлөөлүүлсэн болохыг гарцаагүй нотолж байна. Өөрөөр хэлбэл хүрлийн үеийн нүүдэлчдийн нийгмийн тодорхой бүлэг хүмүүст буюу овог аймгийн толгойлогч – язгууртан хүмүүст зориулан бүтээсэн дурсгалын хөшөө болох нь баттай бөгөөд түүнд дүрслэгдсэн дүрслэл, тахилгын байгамжийн зан үйлд эртний нүүдэлчдийн ертөнцийг үзэх үзэл хийгээд бөө мөргөлийн үзэл санаа шингэсэн байдаг гэж үзэж болох ажээ.

Одоогийн байдлаар манай улсын нутагт хүний нүүрний дүрстэй буган хөшөө 13 байна. Эдгээр хөшөөнүүдээс Завханы Яруу сум, Төв аймгийн Өнгөт, Баян-Өлгий аймгийн Могойтын голын болон Алтай сумын 3-р баг, Хөвсгөлийн Тээл, Баянхонгорын Тэмээн хүзүүний буган хөшөөнүүд нь хожим Түрэгийн үед буган хөшөөг ашиглаж, хүний нүүр нэмж дүрслэн хүн чулуу болгон зассан нь илт мэдэгддэг. Харин бусад буган хөшөөнүүдэд дүрслэгдсэн хүний нүүрийг эрт үед дүрсэлсэн бөгөөд зарим судлаачид иймэрхүү хүний нүүр дүрсэлсэн хөшөөнүүд буган хөшөөний соёлын эхэн буюу эрт үед холбогдоно хэмээн үздэг.

Хилийн чанадад цөөн тооны хүний нүүрний дүрслэлтэй буган хөшөөнүүд бий. Тухайлбал Орос Алтайн Чуй голд нэг, Кызыл-Джарынд нэг, Өвөрбайгальд нэг буган хөшөөнөө тус тус хүний нүүр дүрсэлсэн байдаг.

Мөнхүү буган хөшөөг хүнийг төлөөлүүлсэн хөшөө болохыг илтгэдэг өөр нэг дүрслэл бол Саян Алтай болон Евроазийн хэлбэрийн буган хөшөөнүүдийн оройн хэсгийг тойруулан бүслүүр мэт өргөн, нарийн ховил дүрслэл (заримдаа товойлгон гаргасан нь ч бий) юм. Энэхүү дүрслэлийг судлаачид титэм, малгай, толгойн боолт  гэхчилэн үздэг. Тэрчлэн зарим буган хөшөөний ар тал руу оройгоос доош унжсан үс юм уу малгайн бүч гэлтэй дүрслэл сийлсэн байдаг нь буган хөшөөний оройн хэсэгт хүний толгойн дүрслэл байгаа болохыг давхар баталдаг юм.

Түүнчлэн олон тооны буган хөшөөнүүдэд хоёр хажуу талын дугуй дүрснээс нэг болон хоёр салаа унжлага зүүж дүрсэлсэн байхаас гадна мөн хүзүүний зүүлтнээс амьтны соёо зүүснээр дүрслэн харуулсан байдаг нь нэмэлт баталгаа болдог.

Бидний өгүүлэн буй нэгээс гурван ташуу зураас, хүний нүүр, амьтны соёо зэрэг дүрсүүдийг ихэнх тохиолдолд буган хөшөөний наран ургах зүг харсан нарийн талд дүрслэн гаргасан байдаг бөгөөд эдгээр дүрслэлээр буган хөшөөний нүүрэн талыг таних боломжтой. Түүнээс гадна судлаачдын бамбай хэмээн үздэг “тагнай хээтэй таван талт” дүрс ихэнх тохиолдолд буган хөшөөнүүдийн зөвхөн ар талд дүрслэгдсэн байдаг. Буган хөшөөнүүдийн оройг ихэнх тохиолдолд нүүрэн талаас ар тал руу нь ташуу болгон зассан байдаг гэх мэт маш олон шинж тэмдгүүд бий.

Загварчилсан бугын дүрс бол буган хөшөөн дээрх хамгийн гол дүр ба дүрслэл юм. Монголын зарим эрдэмтэд буган хөшөөний бугын дүрсийг тайлбарлахдаа “Буга нь Төв Азийн нутагт өргөн тархсан арьс, мах, эвэр зэрэг бүтээгдхүүн өгдөг, хүнд ямар нэгэн хор хөнөөлгүй амьтан учраас түүнийг эрт цагаас эрхэмлэн шүтэх болсон” хэмээн үзэж байхад зарим нь “эртний хүмүүүс өөрсдийгөө тухайн овгийнхоо шүтэж ирсэн тотемоос үүсэлтэй хэмээн үздэг байсан бөгөөд эдгээр буган хөшөөний дурсгалыг үлдээгчид өөрсдийгөө буганаас гарсан гэж үзэж байсантай холбоотой” гэжээ.

Түүнээс гадна буган хөшөөний буга болон бусад дүрслэлийг эртний хүмүүсийн бие дээрх шивээс хэмээн үзэх хандлага бас байна. Тэдгээр эрдэмтэд Алтайн мөнх цэвдэгт хадгалагдан үлдсэн пазырыкийн соёлын булшнаас гарсан хүмүүсийн бие дээрх шивээстэй адилтган харьцуулан үздэг. Түүнчлэн скифүүдийн дунд өргөн дэлгэр байсан амьтны загварт урлагийн нөлөө хэмээн үздэг судлаачид ч олон бий. Хэдий тийм боловч буган хөшөөний соёлын холбогдох он цаг нь Скифийн соёлоос даруй хэдэн зуун жилээр эрт үед хамаарагдах нь сүүлийн үеийн судалгаанаас илэрхий болж байна. Үүнээс үзэхэд скифийн амьтны загварт урлаг буган хөшөөний амьтны загварт урлагт нөлөөлсөн биш харин эсрэгээрээ буган хөшөөний соёлоос амьтны загварт урлаг үүссэн тухай ярих нь үндэслэлтэй.

Ер нь буган хөшөөний буга болон бусад амьтдын дүрсний утга агуулга нь эртний шүтлэг, зан үйлийн илэрхийлэл болох тул бөө мөргөлийн зарим ойлголттой холбоотой болох талаар зарим судлаачид авч үздэг. Бугын шүтлэгийг тайлбарлахын тулд юуны түрүүнд тухайн үеийн хүмүүсийн шүтлэгийн ойлголтыг авч үзэх нь зүйтэй.

Евроазийн ард түмний дунд “тэнгэрийн буга”-ны үзэл санаа маш эрт үед бүрэлдэн тогтсон бөгөөд энэ нь бөө мөргөлөөр дамжин уламжлагдан үлдсэн аж. Энэ бүс нутгийн бөө мөргөлийн зан үйлд бугын холбогдолтой үзэл санаа, зан үйл баялаг бий. Тухайлбал Евроазийн олон угсаатнуудын бөө нарын малгай дээр бугын эвэрний дүрсийг төмрөөр хийж байрлуулсан байдаг. Бөө нарын малгай дээрх бугын эвэрний энэ дүрс нь “... тэнгэрийн буганы бэлгэдэл төдийгүй бөөг тэнгэр огторгуйд нисэхэд тусалдаг шидэт хүч..., ... буга хэлбэртэй туслагч онгодыг илэрхийлж байгаагаас гадна бөө нарыг тэнгэртэй холбоотой гэдгийн бэлгэдэл болдог” байна. Манж, түнгүс бөө нарын хувьд бөөгийн сүнс нь бугын дүрстэй байдаг төдийгүй бөөгийн өвөг дээдсийн сүнс нь бас буга хэмээн үздэг ажээ.

Түүнээс гадна ихэнх бөө нар онгод тэнгэрийн унаа хэмээн үздэг хэнгэрэгээ буга согоо болон бусад амьтдын арьсаар бүрдэг байсан бөгөөд монгол бөөгийн ойлголтоор бол “...Онгодын унаа бол  морь” хэмээн үздэг ч марал бугыг дээдлэн шүтдэг ойн монгол аймгуудын уламжлалаар марал буга буюу согооны арьсаар хэнгэрэгээ бүрдэг байсан нь тодорхой байна.

Бөө нар хэнгэрэгээ бугын арьсаар бүрэхийн сацуу хэнгэрэг амилуулах ёслол гэж тусгай ёслол үйлддэг. О.Пүрэвийн бичсэнээр “... ойн монгол аймгуудын бөө нар эртнээс нааш онгод тэнгэрийнхээ унааг буга, согоо” байсан гэдгийг бөөгийн хэрэглэгдхүүнээр нягталжээ.

Түүнээс гадна Сибирийн олон угсаатнуудын дунд бөөгийн гол өмсгөлүүдийн нэг малгай буюу титэм дээр бугын эвэрний дүрс байдаг бөгөөд энэ нь туслагч онгоны дүр төдийгүй бөөгийн онгод, сүнсний өвөг дээдэс нь гэж үздэг. Мөн Оросын Алтайд малтсан Пазырыкийн соёлын цөөнгүй ухмал модон авсны гадна ханыг бугын дүрстэй арьсаар  чимэглэсэн байжээ.

Эдгээр баримтаас харахад эртний шүтлэгийн ухамсраар буга нь энэ ертөнцөөс нөгөө ертөнцөд хүргэдэг, бөө хүнийг дээд ертөнцтэй холбодог, сүнс тээдэг шидэт онгод хүлэг, муу муухай зүйлээс хамгаалах шидэт амьтан болох ба энэхүү эртний үзэл санааны буга, буган хөшөөн дэх буга хоёрын хооронд ямар нэг холбоо хамаарал байгааг таамаглаж болно.

“Монголчууд нэн эртнээс 12-р зууны эхэн” номноос