5.10.2020

Хятан нарын Дахэ аймгийн холбооны үе (628-730)


Хятанчуудын төр байгуулагдахаас өмнөх үеийн 2 дахь шат нь Тан улсад харъяалагдаж байсан хятаны Дахэ аймгийн холбоонд холбогдоно. Дахэ аймгийн холбоо гэдэг нь хятаны эртний аймгууд Сүй улсаас Тан улсын үед шилжих үед улс тө,р цэргийн хувьд дахин зохион байгуулалтанд орж өмнөхөөсөө харьцангуй нэгдмэл байдлыг буй болгож, тогтвортой оршин тогтносон үе юм.

“Сүй улсын судар”-т тус улсын “Кайхуангийн төгсгөлд хятан аймгууд аажмаар үржин олширч 10 аймагт хүрэв. Тэд олондоо 3000, цөөндөө 1000 цэрэгтэй бөлгөө. Дайтах болохоор толгойлогчид нь хамтран цуглаж хэлэлцэнэ. Цэрэг хөдөлгөхүйд гаргах тоог тохирмуй. Тиймээс Түрэгийн Шаболю хаан тэднийг захируулахаар тутун Пандиэ-г илгээв” хэмээн өгүүлсэн байдаг. Харин “Шинэ Тан улсын судар”-т өгүүлснээр, Тан улсын үед “тэдний удирдагч Дахэ овгоос гаралтай, 40000 эрэлхэг цэрэгтэй буюу. Найман аймагт хуваагдах агаад түрэгүүдэд харъяалагдана... Довтлон тулалдах бүрт аймгууд нь бүгдээр нэгдэн хурж, ан гөрөө хийхүйд аймаг бүр өөрийн дураар үйлддэг” гэжээ.

Дахэ аймгийн холбоо анхандаа хуучин найман аймгийн үндсэн дээр ахин зохион байгуулагдсан ба хятан гаралтай бүх аймгуудыг хамраагүй ч Дахэ аймгын холбоо Түрэгүүдийн нөлөөгөөр Тан улс байгуулагдсан эхний жилүүдэд түүний хил орчмын нутаг дэвсгэрийг удаа дараа довтолж байжээ. Гэвч зүүн Түрэгийн Чуло (619-620) хаан учир битүүлгээр нас барсны дараагаас түрэгийн төрийг удирдах язгууртнуудын дотоод хагарлаас шалтгаалан Тан улстай харилцах харилцаанд өөрчлөлт орж, энэ өөрчлөлт Тан улсад ашигтай нөхцөл байдлыг бий болгож эхэлсэн үеэс буюу 623 оноос Дахэ аймгийн холбоо Доло хэмээх дээд удирдагчийн шийдвэр дор Тан улсад элч илгээн нангиадын хамгийн ихээр үнэлж биширдэг агт морь болон ангийн үнэт арьсаар тал засаж буйгаа илэрхийлэх болов.

620-оод оны сүүлээр зүүн Түрэгийн хаант улс янз бүрийн хүчин зүйлийн улмаас бий болсон дотоод хямралын улмаас доройтож эхлэв. Байгалийн гамшиг, эдийн засгийн хямралыг даван туулах гэсэн Түрэгийн Сэли (260-630) хааны хэрэгжүүлсэн гол арга хэмжээ болох татварын хэт ачаалал уйгур зэрэг хэд хэдэн нүүдэлчин аймгийг бослого гаргаж, харин Манжуурт хятанчуудыг түрэгүүдээс хөндийрөн Тан улсад дагаар орох үндсийг тавьжээ. 628 онд Түрэгийн дотоод хямрал хурцдаж улмаар түүний төрийг мөхөөх аюул бодитой болж эхлэв. Шиби хааны хүү Тули болон Чуло хааны хөвгүүн Юшэшэ нар авга ах Сэли хаанд захирагдахаас татгалзах болов.  Зөрчил тэмцэл ширүүсэх цаг мөчийг ашиглан түрэгүүдийн эрхшээлд байсан олон нүүдэлчин аймгууд ээлж дараалан тусгаарлаж улмаар Түрэг улсын эсрэг эвсэлд нэгдэж, зарим нь улам хүчирхэгжиж буй Тан улсад дагаар орох болжээ.

Яг энэ үед 628 онд Мохуй гэгчээр удирдуулсан Дахэ аймгийн холбоо Тан улсад элч илгээн хараат улс болохоор шийдсэн байна. “Хуучин Тан улсын судар”-т өгүүлснээр Түрэгийн Сэли хаан гол холбоотон Лян Шидү-г хятан аймгуудаар солих саналыг Тан улсын Тайзун (626-649) хаанд тавьсанд Тан улсын хаан “Хятан түрэг угаас өөр улсууд ажгуу. Эдүгээ тэд дагаар орохоор ирж байхад үүнийг юунд асууна. Шидү угаас дундад улсын иргэн, гэвч миний улсын хотуудыг дээрэм тонуулаар эзлэн байсан. Түрэгүүд ухаангүйгээр түүнийг агуулж байсан агаад би түүнийг бүрмөсөн мөхөөх хүчийг илгээж аварсан билээ. Төд удалгүй түүнийг дарж устгахаар тооцоолмуй. Үүнийг чадахгүй байсан ч түүнийг хятанчуудаар хэзээ ч солихгүй” хэмээн хариулсан байна. 630 онд Тан улсын цэргийн хүч түрэгийн  Тули болон бусад нүүдэлчдийн туслалцаатайгаар Сэли хаанд хоёр удаагийн хүнд цохилт өгчээ. Зүүн Түрэг улс мөхсөнөөр тэдний үлдэгдэл хүч болон хятан зэрэг умардын нүүдэлчдийн шинэ эзнээр Тан улс тодров.

Зүүн Түрэг улсыг дарсны дараа Тан улс, Сүй улс 4 удаагийн их хүчээр довтолсон ч эрхшээлдээ оруулж чадаагүй Солонгосын улсуудыг довтлохоор шийджээ. 631 онд Тайзун хаан Сүй улсын амь үрэгдсэн цэргүүдээс үлдсэн зүйлсийг олж цуглуулах нэрийдлээр Ляодун руу цэргийн жанждаа илгээх, тагнан туршиж, мэдээлэл цуглуулах, хөрш зэргэлдээ аймгуудыг өөрийн талд оруулах зэргээр шаардлагатай бэлтгэлээ базааж эхэлсэн байна. Чухам энэ үедээ Тайзун хаан Инжоу хотод хятан аймгуудын холбооны тэргүүн, нөлөө бүхий ахмаддуудтай биечлэн уулзаж, зэрэг дэвийн дагуу бэлэг сэлт хүртээн тэргүүн Күгэ хэмээгчид “Зүүн этгээдийн У-вэй” цол шагнажээ. Ингээд Когүрю улсын хааныг хорлон төрийн эрхийг гартаа авсан Ён Кэсомуныг дарах нэрийдлээр түүний хязгаарт 645 онд Тайзун хаан нангиадаас гадна хятан, күмоси зэрэг зарим нүүдэлчдээс бүрдсэн цэргийг оруулжээ.

Энэ дайнд хятан нар ямар үүрэгтэй оролцсон мэдээлэл байхгүй ч Тан улс дайны хоёр дахь шатанд орж, хуурай болон далайн замын аль алиныг өргөжүүлж байх үед мөнөөх Күгэ гэгч хятан аймгийн холбоог тэргүүлэн Тан улсын бүрэлдхүүнд албан ёсоор дагаж орохоо илэрхийлжээ. 648 онд болсон энэ үйл явдлаар Дахэ аймгийн холбоонд багтаж байсан найман аймаг тус бүрт газар нутаг хувиарлан өгөөд тэд бүгдийг нэгтгэх Сунмо захирах газар байгуулж, тэргүүлэгчээр нь Күгэ-г томилж, хараат улсын бэлгэ тэмдэг болгон туг хэнгэргийг олгожээ.

648 оны Хятан-Тангийн хэлэлцээр зөвхөн Күгэ-гийн үед хүчин төгөлдөр байж байгаад түүнийг өнгөрсөн 650 оны сүүлээр хятан, күмоси аймгууд Тан улсын эсрэг бослого гаргажээ.Тан улсын хаан Гаозун (649-683) Когүрю улсад эцсийн цохилт өгөхийн өмнө бослогыг даруй дарах ёстой болов. Бослогыг жилийн дотор дарж, тэргүүн Абүгү-г барин Тан улсын зүүн нийслэл Лоян-д хорьжээ. Хэдий тийм боловч хятанчуудын бослого Гаозун хаан түүний У Цетан (684-705) хатан төр барьж байх үед үргэлжилсээр байлаа. 696 онд Сунмо-гийн ерөнхий захирагч Күгэ-гийн ачхүү Жиньжун өөрийн хүргэн ах, нангиадын төрд олон жил зүтгэж ирсэн хятан аймгийн үр хойч Ваньжунгийн хамт Тан улсад боол мэт зүтгэхийг хүссэнгүй. Тэд Инжоугийн ерөнхий захирагчийг хороож тус хотыг эзлэн авав. Тэр бүү хэл Жиньжун өөртөө хаган цол хүртээж, хятаны нэгдсэн хүчээр Тан улсын гүнд нэвтрэн Таньжоу хүртэл давшин эзэлсэнд У хатан 200000 цэргээр дайраад ч дийлсэнгүй, эцэст нь түрэгүүдийн туслалцааг авахаас аргагүй байдалд хүрчээ. Хожуу Түрэг улсын Можо хаан (694-716) У хатантай худ ургийн холбоо тогтоох тохироо хийж хятанчуудыг дарахад оролцохоор болов. Түүний хүч Жиньжунг таалал болсныг далимдуулан орыг нь залган хятан аймгийн холбооны тэргүүн болоод удаагүй байсан Ваньжунгийн эзгүй хойгуур Сунмо руу довтлон тэдний эхнэр хүүхдийг олзлон авч, улмаар хятанчуудын эзлэн суусан хотууд руу дайрч эхэлсэн байна. Энэ явдал хятанчуудад хүнд цохилт болов. Түүгээр ч зогсохгүй хятаны эгнээнд багтаж явсан күмоси аймгууд урваж, Түрэг Тангийн цэргийн хүчинд нэгджээ. Хамтарсан хүчинд цохиулсан Ваньжун дорно зүгт Шилла улсыг зорин зугтаж явахдаа өөрийн хүмүүсийн гарт хорлогдсоноор бослого дарагджээ.

Бослого Тан улс, Түрэг улсын улс төрийн түүхэнд гүнзгий нөлөөлөв. Бослогын дараа 697 оны 9 сарын 29-нд У хатан оны цолоо өөрчилж, Шэньгун буюу “Тэнгэрлэг гавъяа” хэмээн нэрлэжээ. Тан улсын гадаад бодлогод өөрчлөлт орж, хятаны бослогын дараа Ляодун орчмын нутаг дэвсгэрийг захирах эрхийг мөхсөн Когүрю улсын хааны гэр бүлийнхэнд олгосон байна. Ляодун дахь Тан улсын хүч суларсан явдал хожим нь энэ бүс нутагт мохэ-гийн нүүдэлчин аймгууд хүчирхэгжин Бохай (713-926) хэмээх шинэ улс байгуулагдах үүд хаалга нээжээ. У хатны дараа 713 онд шинэ хаан Сюаньзун (713-755) төр барьж, түүний үед Тан улс хөгжин цэцэглэв. Харин Түрэгүүдийн хувьд бослогын дараа улам хүчирхэгжиж Тан улстай энх тайван харилцаатай оршин байсан боловч 740-өөд оны эхэн хагаст Уйгуруудын бослого гарч мөхсөн билээ.

Хятанчуудын хувьд бослогын үеэр тэдний зарим нөлөө бүхий цэргийн жанжид үрэгдэж, зарим нь Тан улсад улсад олзлогдон хоригдох юмуу урван, үлдсэн хэсэг нь Түрэгүүдэд 730 онд дагаар орсон ажээ. Хятаны Дахэ аймгийн холбооноос үлдсэн хэсэг ийнхүү бослогын дараа үүсссэн эмх замбараагүй байдал, өөр зуурын хагарал тэмцэл, Тан Түрэг хоёр их улс болон хөрш зэргэлдээ аймгуудтай хийсэн удаан хугацааны дайн самууныг даван туулж чадсангүй задран унаснаар 730-аад оны сүүлийн хагаст үгүй болсон юм.
“Монголын эртний түүх”

No comments:

Post a Comment