1.28.2014

Бурхан буудай



Говь-Алтай аймгийн Халиун сумын өмнөд этгээдэд харин Цогт сумын хойно, Бигэр сумын баруунтай сүртэйеэ дүнхийх Бурхан Буудай уул.Далайн түвшнээс дээш 3765м өргөгдсөн мөнх цаст уул. Алтай хотоос   Хантайширын нуруугаа даваад урагшилхад сүртэй сайхан харагдана. Баянхонгор аймгаас Улаан шалын хоолойгоор Бигэр сум руу шууд давхихад  Хөх сэрхийн нуруу  урдхан талд нь Бурхан буудай уул зэрэгцэнэ . Хөх сэрхийн нуруу  Ховдоос гадна Говь-Алтайд  бас  байна. Монгол оронд  нутаг орны  ахуй амьдрал хэв шинжийг агуулж түүгээрээ нэршсэн ижил нэртэй уулс,  газар орон зөндөө л дөө.
 Одоо даанч харийн нутагт орсон Бурхан буудай  нэртэй  өндөр уул байна аа. Манай мөргөлчид , жинчид Хөх нуурын Гүнбэн хийдээс гарч Зуу хүрэх замыг “Зандан Зуугийн зам “ гэж нэрлэж байжээ. Түвдийн нийслэл Лхаст хүрдэг тогтсон зам. Лхас хот Хөхнуураас  баруун урагш боловч аянчид мөргөлчид Баян Хараатын нурууг давж чадахгүй учир эхлээд Гүнбэнээс баруун чиглэж Боохойн тал, Туулайн гол, Цайдамын голыг гатлаад Бурхан Буудай уулаар их нуруудыг давж Муруй усны голыг гатлан цаашладаг байж. Муруй усны гол Хөх мөрөнд цутгадаг, Баян Хараатын нуруунаас эх авдаг гол. Ордосоор дайрахдаа манай түүхийн алдарт Хатан гол, гадаад далайд нийлэхдээ хятадын Хуанхэ мөрөн болдог. Энэ бүгд монгол нэр байгаа биз. Хөхнуурын, Цайдамын монголчуудаас алс зайдуу боловч нэр ус нь монголоороо үлдснийг бодоход тэнд монголчууд өнө удаан амьдарч байсныг гэрчилнэ.Төвдийн өндөрлөгт гарахдаа Бурхан Буудай уулыг давах л хамгийн бэрх байсан гэдэг. Энэ уулыг бүтэн өдөржин мацаж оройд нь гарч хоноод  маргааш нь бэл рүүгээ буудаг байж. Давахад толгой эргэдэг, хамраас цус гарч айж сүрддэг, амраад олон удаа суувал улам толгой дүүрдэг сүртэй өндөр уул гэнэ. Манай Бурхан Буудай уул бол Урд гол, Дунд гол, Хойд гол,Уст чацран гол гээд дөрвөн гол эх аван урсдаг уулын эх бие ам хөндийд эртний мөстлөгийн үеийн ул мөр болох хотгор гүдгэр, тавцандэнж хунх элбэг байхын сацуу асга нуранги ихтэй сүртэй уул. Монгол Алтайн уулсын салбар энэ үзэсгэлэнт ууланд аргаль,янгир, ирвэс, хойлог, ёл тас зэрэг амьтан шувууд элбэгээс гадна вансэмбэрүү, алтангагнуур, гандигар, цэнхэр цагаан манчин, банздоо зэрэг эмийн ургамал чацаргана, тошлой зэрэг жимс жимсгэнэ ургана.
Уулын хярын нуурын мянган булш, Үертийн цагаан хаалга зэрэг өвөрмөц тогтоцтой цавчим өндөр сүрлэг байц хад, хадан хавцал хясаагаар хүрээлэгдсэн аль ч талаасаа очиход уулын таг хэмээн нэрлэгдэх байгаль эхийн бүтээл ихтэй. Бурхан Буудай уулын Нам Богдын орой дахь буудай хэлбэрийн улаан чулууг нутгийнхан эрт үеэс тахиж шүтэн өнөөг хүрчээ.
 
Судлаач Ч.Эрдэнэ  нэгэн яриа өгсөнбайх юм.

Адольф Гитлер  Төвд рүү шамбалын орныг хайх хэдэн экспедиц явууллаа шүү дээ. 
Шамбалын орнытухай утга зохиолд удаа дараа  бие биенээсээ хамааралгүйгээр  Энэтхэгээс, Төвдөөс хойгуур гэж заасан байдаг. Төвдөөс хойгуур юм бол хаана байна. Төвд бол төв Азийн хэсэг учраас Төвдөөс хойгуур болохоор Монголын нутаг руу ороод ирнэ.  Шамбалын орныг хайгаад өнөөг хүртэл тэр газар гэж олдсонгүй.  Гэхдээ   Говь-Алтай аймгийн Цогт сум юм байна. Цогт сумын дээд талд Бурханбуудай уул бий. Урагшаа доод талд нь Ээж хайрхан байдаг. Бурхан уул дээд талд нь доод талд нь ээж хайрхан байгаа нь бас л нэг юм хэлээд байгаа биз. Тэр хоёр уулын дунд би төрж өссөн юм.  Оросууд “Цагаан ус” буюу “белый вода”гэж шамбалын орныг нэрлэдэг. Цагаан усыг олохын тулд Монголын цэрэг баруун тийшээ байлдан эзэлсэн тэр мөрөөр буцаад явах юм бол шамбалын оронд хүрэх юм гэсэн домог ярьдаг. Алтайн хязгаарт Оросын хуучин сүсэгтнүүд их элбэг. Алтайн хязгаарын хуучин сүсэгтнүүд домгийнхоо ёсоор яг урагшаа явсан байгаа юм. Өөрөөр хэлбэл Монголын цэрэг яаж баруун тийшээ явсан замаар. Эхлээд баахан давстай нуур таарсан. Тэр нь мэдээж их нууруудын хотгор. Тэгээд уул дамжаад урагшаа явж байтал том хийд таарсан нь Нарванчин хийд байгаа юм. Урагшаа явсаар байтал Бога гоош хэмээх уул таарна гэж. Тэр нь бурхан буудай уул байгаа юм. Бурхан буудай ууланд хүрэхэд шамбалын орныг оллоо гэж ойлгоод буцсан байдаг. Шамбалын орныг надаас та биднээс өмнө тэр Оросын стара верци буюу хуучин сүсэгтнүүд олоод буцжээ. Энэ номонд бичсэн санагдаж байна. Бурхан буудай уулаас доошоо буугаад цаашаа юу байнав гээд үзэхээр Төгрөгийн голыг уруудаж яваад Үрэлтийн хөндийгөөр даваад орно. Нэг бол  Сагсайн голыг дагаж яваад одоо тэр Сагсайн голын доод талд Азид хоёрт ордог далан байгаа юм. Усан сан байгуулсан далан. Тэр хоёр хөндийн аль нэгээр хатан хайрхан “Ээж уул” хүрдэг. “Ээж уул”-нд хүрээд харсан цул боржин дэлхийн газарзүйн гайхамшигтай сонин үзэгдэл. Нөгөөдөхийг үзээд жаахан дээшээ өгсөнө л дөө. Хуурай сайр байсан газраас гэв гэнэт ус ороод ирж байгаа юм. Тэгэхээр нөгөө хуучин сүсэгтнүүд нэлээд гайхаа биз. Ёстой нөгөө цагаан ус гэдэг чинь энэ байна гэж. Энэ чухам хаанаас гараад байгаа юм бол гээд явна биз. Цул хаднаас ус гараад байхаар чинь. Усыг жаахан дагаад явахаар есөн тогоонд хүрч байгаа юм. Энэ чинь жинхэнэ эд шидийн газар байна. Шамбалын орны нүд нь есөн тогоо байдаг юм байна гэж үзээд цаашаа  яваагүй буцаж өөрсдийн утга зохиолдоо дурдаж үлдээсэн байх юм. Дурдатгалыг том судлаач Рерих олж үзээд хэлсэн байдаг. Тухайн үедээ Рерихийн дурдатгалд бичснээр ер нь энэ бурхан багш Алтайгаар аялсан гэх домог Бурхан багш Алтайгаар аялсан гэх домог тухайн үедээ Энэтхэг, Монгол хоёрт зүгээр түгээмэл. Нэг айлд ороход л домог ярьдаг, судар номоо гаргаж уншдаг байж.Бурхан буудай уул гэдэг чинь буудай гэдэг нь будда гэсэн үг. Уг нэр нь Бурхануул . Хэрэв бурхан багш Алтайгаар аялсан бол бурхануулын нэрийг өөрөө өгсөн юм биз.  Сонирхолтой яриа.

Бас нэгэн сонирхолтой түүх. Хамбын гэгээний сүүлчийн дүр.
Бурхан Буудай уулын Дунд голд Довууч нэртэй эр баян айлын хаяа бараадан амьдарч байж. Довуучын хөл хүнд  эхнэр төрөх дөхсөн үед  баяных нүүхдээ ажилд тусгүй хэмээн Довуучынхыг хар буудал дээрээ хаясан байна. Зусланд буугаад удаагүй байтал адууны манааны хүн үүрээр давхин ирж Довуучын гэрээс ер бусын гэрэл цацарсныг харснаа баянд өчжээ.Баян хэрсүү нэгэн тул “жиг ургалаа, шүү. Тэднийд бурхан төрж “ гэхэд эхнэр нь “ хн тэднийд бурхан төрвөл хошногоороо адис авна” гэж даналзжээ. Тэгтэл Довууч ирээд эхнэр төрчихлөө, шөлний юм хайрлаач гэж ирж. Баян “нүүгээд ир” гэж ачлагын ганц тэмээ, адайр ааштай морь өгөөд явуулжээ. Оройхон Довууч нүүж ирж гэнэ, элдвийн адсаг хөдөс хөглөрүүлсөн атлаа нөгөө догшин морь нь номхон томоотой явж байна гэнэ.
 Хамбийн хийдийн тэргүүн лам нар гэгээний хойддүрийг тодруулах цаг боллоо гээд шогло хаясанд Бурхан Буудай уул таарчээ. Тэгээд гэээний өмнөх дүрийн хэрэглэж байсан даалин хөөрөг тэргүүтнийг өвөрлөсөн нэгэн тандуул лам аялахад  Довуучын хоёр настай хүү миний юмыг ац хэмээн шууд булаацалдсан гэдэг. Таван настайд нь дахин шалгаад долоон насанд нь гэгээний дүрийг ширээнд нь залж их найр наадам үүсгэсэнд бүгд шинэ гэгээнтнээс адис авахаар цуглаж. Нөгөөх баян ч эхнэртэйгээ ирж . Цувсан мөргөлчдөд адис өгч явсан  долоон настай хүү баяны эхнэрийг алгасчихаад болсонгүй. Эхэнд суугаад ч, адагт суугаад ч нэмэр болсонгүй. Тэгээд гутраад хэлгүй болсон гэдэг. Харин Довуучынхыг Бурхан уулнаас нүүлгэн зүүн талд гаргаж одоогийн Хөхморьтын амны хойно нэгэн аманд нутаг олгож буулгасан нь одоо ч Довууч нэртэй.
Нарлаг Алтай нутгийнхаа
Найман зовхист бараатай
Найргийн мөр шиг ижлээрээ
Таван богдод уяатай
Бурхан буудай уул минь
Буяны мөнгөн тавилга
Дээдсийн үеэс ерөөлтэй
Домгийн цэнхэр суварга    
гэж дуунд мөнхөрсөн миний Монголын нэгэн сайхан уул ийм буюу.



1.24.2014

Бошигт хаан

Дөрвөн Ойрадын нэг аймаг Цоросын тэргүүн Эрдэнэбаатар хунтайжын зургадугаар хүү Галдан 1644 онд төржээ. Тэр  Зонховын шавь дүлжин Дагважалцангийн хувилгаан дүрээр тодорч  7 наснаас  Төвдөд суун 5 дугаар Далай лам, Ванчин богд  нарын шавь болон  20 жил шашны эрдэмд гүнзгий суралцжээ.
Энэ хооронд Эрдэнэбаатар хунтайж ын тавдахь хүү Галдантай эх нэгт Сэнгэ хан ор залгасан боловч эх ондоо ах дүү нарынхаа гарт алагдаж түүний эх Юм Ага Төвдөөс Галданг дуудаж авчран хан  сууринд залжээ. Хан болмогц  дөрвөн ойрадын  бас нэгэн голлох аймаг Хошуудын тэргүүн Очирт цэцэн ханы охин Ануг их хатан болгон авч тархай бутархай бусад баруун монголчуудыг нэгтгэн Ойрадын хаант улсыг байгуулан 1676 онд хаан сууж бүх монголчуудыг нэгтгэх  хэтийн зорилгоо гүйцэлдүүлэхээр хүчээ зузаатгаж эхэлжээ. 1679 онд Далай лам түүнд Бошигт цол хайрласан байна. 17 дугаар зууны эхээр Ойрадын  40 хошуу  хоёр гарт хуваагддаг байв.Цорос тэргүүтэй голлох аймгийн 20 хошуу зүүн гар Ойрад болдог ба баруун гарын Ойрадууд ихэнх нь гадагш нүүж зүүнгарынхан нутагтаа үлдсэн учир Галдан улсаа Зүүнгарын хаант улс хэмээн нэрлэлээ. Тэр засаг захиргааны шинэ нэгж байгуулж, ноёдын эрхийг хязгаарлаж, зарга маргаан таслах явдлыг чангатган, шилжилт хөдөлгөөнийг зогсоож, Орос Швед дархчуулаар гунан буу цутгуулж  ер нь дотоодынхоо асуудлаа  өөрийн хүслээр шийдэж байв.
Гадагшаа  олон удаа Төв болон Дундад ази руу дайлж  түүний  цэрэг бүр  Энэтхэгийн Кашмер хүрч байж.  1686 он гэхэд  Зүүнгарын мэдэлд  Хами, Турфан, Кашгар, Сайрам, Бухар, Самарканд зэрэг Азийн 1000 гаран хот орсон байлаа.
Галдангийн  хүсэл нэгдсэн монгол улс. Түүний мөнхийн дайсан манж, тэдний хаан Энх-Амгалан. Тэр манж нараас өрсөж халхыг өөрийн болгож авахыг эрмэлзэж байв. Засагт хан Норов нас барж  түүнийг Галдангийн хүн гэгдэх  Шар залгамжлав. Энэ үед Түшээт хан Чахундорж  болчимгүй үйлдэл хийж  түмэн цэрэгтэй хөдлөн Засагт хан Шар болон түүний дэргэд байсан Галдангийн дүү Доржжав  нарыг хөнөөсөн  нь халх ойрадын дунд дайны гал асаав.
Ингээд  1688 оны хавар  Галдан 2 түмэн цэрэгтэй халх руу орлоо. Чахундоржын хүү Галдандорж нэг түмэн цэрэгтэй тосч байлдсан боловч юм болсонгүй ойрадууд бүр Эрдэнэзууг эзлэв. Өндөр гэгээн Занабазар Түшээт ханы эхнэр хүүхдүүдийг авч нүүр буруулан өмнө зүг рүү одлоо. Чахундорж 2 түмэн цэрэг цуглуулан Олгой нуурын хөндийд ойрадын цэрэгтэй нүүрлэн тулалдсан боловч  дийлдэн  Өндөр гэгээний араас манж руу зугтжээ. Ийнхүү  халхууд манж нарт дагах эх тавигдав. Халх Ойрадууд хоорондоо байлдаж байсан нь нэг биш боловч хэн нь ч бүхэл улсаа аван харьд дагаж орж байсангүй. Харин 1691 онд ийм явдал болж Өндөр гэгээн Занабазар тэргүүтэй халхууд манжыг дагав.
Галдан халхаар хөндлөн гарч 1690 онд Соёлз ууланд  хүрч  Өвөрмонголын Үзэмчин, Авга хошуудын ноёдыг манжын эсрэг тэмцэхийг уриаллаа. Үүнийг манжийн хаан Энх-Амгалан зүгээр хараад суусангүй  Галдангийн эсрэг хоёр замын цэрэг хөдөлгөн тавдугаар сард хоёр тал Улахуй голд тулан  тулалдаж Ойрадууд  манж нарыг бут цохив. Ялагдсан Энх-Амгалан арга сүвэгчилж  Бээжингийн ойролцоо Улаан будан хэмээх газар найрамдъя, хаадын түвшинд уулзъя  гэж урижээ. Галдан хэдий сэжиглэсэн ч цэргээ дагуулан тэнд хүрч очлоо. Тэнд ямарч хэлэлцээр явагдсангүй манж нар илт давуу  цэргээр шууд уулгалан дайрлаа. Хүч тэнцвэргүй энэ тулалдаанд Галдан арга мухардаж манж хаанд бууж өгье, хүчээ өгье, өдрийн сайныг сонгож уулзая гэж хэлүүлжээ. Гал зогсоосон энэ сиймхийг ашиглан Галдан буурин дээрээ цөөн хүн, хэдэн тэмээ үлдээн олон түүдэг асаан орхиж Ононг чиглэн зугтлаа. Энэ явдал түүнд маш их гарц хохиролтой хүнд цохилт болсон.
1694 онд  Сэнгэ хунтайжын хүү Цэвээнравдан Зүүнгарт төр эргүүлж хаан суусан нь Галданд дахин хүнд цохилт болов. Манжын хаан Цэвээнравдантай нийлж Галданг дарах санал тавьсан боловч  тэр намайг оролдохгүй бол би хөдлөхгүй гэсэн нь манж нарыг айлгаж зүүнгар манж нарын дунд байсан Галдан хүчтэй бас монголын төлөө гэсэн түүний сэтгэлийг Цэвээнравдан ойлгож хүндэлж байсных биз.
Галдан манж нарын хоорондох сүүлийн тулаан  Тэрэлжийн Зуун мод хэмээх газар болсон ба нэг ойрад цэрэгт манжын 10 цэрэг ноогдож байв. Эхний 2 өдөр аль аль талаасаа ихээхэн хохирол  амссан боловч  гуравдахь өдрөөс манж нар давхар давхар бүслэн Галданг хэцүү байдалд оруулсан байна.Галдан,  Ану нар нөөц мянгатаа удирдан хөтөлж бүслэлтийг гурван газраар сэтлэн гарч Тамирын голд цугларан хэрхэхээ ярилцсан ч нэг шийдэлд хүрч чадсангүй зарим жанжид нь салж явцгаажээ. Зуун модны тулаанд хүнд шарх авсан Ану хатан замдаа өөд болжээ.
Галдан хаанаас ч тусламж авах боломжгүй болж итгэлт нөхөд нь салж явсан тул манж нартай тэмцэх хүчин аргагүй мөхөсджээ. Тэр 1697 онд одоогийн Говь-Алтай аймгийн Тонхил сумын Ац уул, Амтай нуур хэмээх газар өөд болсон өөрөө хор ууж үхсэн гэдэг.

Зүүнгарын Галдан Бошигт хаан монголдоо төдийгүй төв Азидаа нөлөө бүхий нэгэн байв. Тэр:
Хайран газар нутаг минь харийнхны хөлд дарагдах вий.
 Хамаг монгол түмэн минь хагаралдан бутарч зовох вий.

Миний нутгийн газар шорооноос  бурхан гуйсан ч бүү өг !!!   гэж бидэнд захиж хэлж.  

1.22.2014

Ямаан усны хавцал

                                    


Ховд аймгийн Үенч, Алтайн сумын заагт байх  Ямаан усны хавцал аймгийн есөн гайхамшигийн нэг төдий бус монголын археологийн үнэт олдворыг агуулж буй газар.
 Анх 1973 онд  Ховд,  Говь-Алтай аймагт ажилласан бичиг үсэг, хадны зураг судлах анги Ямаан-Усны хавцал дахь Ханан хаднаас түрэг бичээс илрүүлжээ. Монголын нутагт 22  газарт түрэг бичээс байгаагын нэг нь энд байх.
Энэхүү хавцал нь хоёр талаасаа эгц хадан ханаар хашигдсан. Дундуур нь горхи урсдаг. Харин уг горхиноос янгир, ямаа ундаалдаг учраас Ямаан ус гэж нэрлэх болжээ. 10 орчим метрийн өндөр ханан хаданд түүхийн өөр өөр үед холбогдох зургуудыг нэлээд гүн хонхойлон сийлсэн нь 100 гаруй метрийн холоос маш тод харагдана. Ямаан-Усны хадны зургийг нийтдээ 4 хэсэг талбайд зуржээ.
Ямаан-Усны хадны зураг нь зохиомж, харьцаа, хэллэг  гүйцэтгэлээрээ Монголын хүрлийн үед холбогдох хадны  зургуудын дотор чухал байр эзэлнэ.

 Хавцлын хананд янгир, буга, зээр, бөхөн, чоно зэрэг амьтад, найман хигээс бүхий дугуйтай морин тэргэнд суусан хүн, нум сум агссан анчид, нум сум харваж байгаа хүний араас сүх далайн цохих гэж буй дайн тулааны шинжтэй дүрслэл зургууд байдаг байна. Энэхүү зурагнаас Монгол нутагт язгууртнууд морин тэрэг хэрэглэж байсан гэдгийг нотлох боломж гарчээ. Мөн тэрэгний урд замчилж хөтөлсөн зэвсэгтэй хүн, ард нь морьтой дагасан хүний дүрслэл байгаа тул эрт үеийн язгууртнуудын эрх ямбыг илэрхийлсэн хэмээн үздэг. 

1.10.2014

Ээжийн нутаг сайхаан

Миний ээж Баянхонгор аймгийн Баянбулаг сумын уугуул.Хуучны Сайн ноён хан аймгийн Жонон бэйсийн хошуу.

1691 онд Ар монголын ноёдууд   Долнуурт чуулахад  Манжийн Энх-Амгалан хаан халхын язгуурын гурван аймгийг дотор нь олон хошуу болгон  хуваасны нэг нь  түшмэл Ванчигийн эзэмшил газарт  зүүн  гарын зүүн этгээдийг  захирагч хошуу  байгуулан  түүнд улсад туслагч гүн цол олгон хошууны анхны захирагчаар томилж Түшээт ханд захируулжээ. 1725 онд манжийн Найралт төв хаан халхын гурван аймгийг дөрөв болгож  хошуудын тоог 75 болгох зарлиг болж  Түшээт хан аймгаас 19 хошуу таслан Сайн ноён хан аймгийг байгуулахад Ванчигийн хүү Жамцын захирч байсан хошуу шилжиж Халхын умар замын зүүн гарын зүүн этгээдийг захирагч нэрээ хадгалан үлдсэн төдийгүй үе улиран захирах эрхтэй хошуу болжээ. Харин 1837 онд нутгийн өмнөд хэсгээс таслан Наран хутагтын шавьд олгосон байна.  1911 онд Богд хаан хишиг тараахад  сүүлчийн засаг Пүрэвжавт үе улирах Жонон цол олгон хошууг нь Жонон бэйсийн хошуу гэж албан ёсоор нэрлэжээ.
1921 оноос  Наран хутагтын шавь, Жонон бэйсийн хошуу хоёул  Цэцэрлэг Мандал уулын аймгийн Хүрээмарал уулын хошуунд багтаж байгаад 1924 оны шинэ хуваариар Хүрээмарал уулын хошууны 18 сумаас Тэгшбуянт,Эрдэнэмандал сумдыг нийлүүлэн Баянбулаг хэмээн нэрлэсэн нь засаг захиргааны бие даасан нэгж байсаар өдий хүрчээ.
Угсаатны хувьд цоохор сум. Харчин, сартуул, боржгин, урианхай, мянгад, өөлд, хиргис, цахар, бэсү гээд олон овгийнхон амьдардаг. Сумын нутагт Баруун хүрээ, Хадат, Бугат, Сангийн далай зэрэг олон сүм хийд байсныг 1932-1938 онд улс төрийн хэлмэгдүүлэлтийн үеэр бүгдийг нь устгажээ.
Сумын нутгийн ихэнх нь өндөр уул нуруудаас тогтсон ч хөндий цайдмууд олон байдаг.
Далайн түвшнээс дээш 3086-3259 м өндөрт өргөгдсөн Тост, Бургаст, Наран, Бугатын сүрлэг уулс, тахилга шүтлэгт Баянбулаг, Өндөр Өлзийт, Баянцагаан зэрэг үзэсгэлэн төгөлдөр хайрхантай. Сумын төв нь Баянбулаг, Далан, Тэгшбуянт гэсэн чандмалсан гурван уулын бэлчирт Хөдөө нуур, Бүрд булгийн хөвөөнд  далайн түвшнээс дээш 2242 м өндөрт оршдог. Сумын төв нь мөнх цэвдэгтэй газар байрладаг ба аймгийн төвөөс 265, Улаанбаатар хотоос 885 км зайтай ажээ.
Сумын хамгийн өндөр цэг нь нутгийн баруун хойд хэсэгт орших Бугатын нуруу бөгөөд  далайн түвшнээс дээш  3251,9 м.  Уул нуруудыг хэрчсэн Сүмбэрийн даваа, Цагаан даваа, Худагт, Бүлээн, Үерт, Дөшин, Хангал, Элст, Бугат зэрэг олон сайхан даваатай бөгөөд нутгийн төв хэсэгт орших Далангийн нурууг Цахир, Хэц, Дунд, Зүүн, Муруй гэхчилэн таван даваагаар давдаг.
Тус сумын нутагт тахилга шүтлэгтэй уулс олон.  Баянцагааны эзэн хөх чоно, Өндөр Өлзийт хайрханы эзэн савдаг нь хар буур хөлөглөж  нум сум агссан хар хүн, Баянбулаг хайрханы эзэн савдаг нь хүрэн халзан морь унасан, нум сум агссан, жад барьсан баатар эр байдаг гэлцдэг.
Цоргийн хавцал, Сангийн далай, Эмчийн мухар, Тостын мухар, Зүүн салааны эх, Бургасны эх, Их Элст зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудаас гадна  Оцон хүрэнгийн агуй, Өврийн хатуугийн агуй зэрэг  агуй хонгилтой.
Өндрөөрөө 5 м, хөндлөн голч нь 30-аад м, боржин чулуун том хиргисүүр /Өндөр хиргисүүр гэдэг/, эртний домогт Дааган чулуу хэмээх онцгой содон ганц боржин хад, Хөшөө нуурын буган чулуу, Хангалын давааны өврийн хөшөө зэрэг эрт үеийн түүхэн дурсгал олон.
 Тарвагаар баян бөгөөд үнэг, чоно, хярс, мануул, дорго, өмхий хүрэн, зурам, бор туулай зэрэг амьтадтай. Өндөр ууландаа цөөн тооны янгир, шилүүс амьдардаг.



1.07.2014

Аавын нутаг

Ховд аймгийн Дарви сум миний аавын төрсөн нутаг.Өвөг дээдэс маань одоогийн Мөнгөн аяга багийн нутгаар нутаглаж байсан байгаа юм.
Хуучнаар Засагт хан аймгийн Эрдэнэбэйсийн хошуу, шинэ засгийн үеийн  Хантайшир уулын аймгийн Сутай уулын хошуу. Харин 1924 оноос Дарви сум хэмээн нэрлэх болжээ.
Дарви сумаас 1931 онд Хайрхан сум тасарч, 1932 онд Дарви, Хайрхан сумууд нийлж, 1934 онд дахин салж Мөнгөн аяга хэмээх газар төвлөрөн, 1938 онд дахин нэгдэх зэргээр явсаар 1940 оноос дахин  Дарви сум болсон байх юм.
Эрдэнэбэйсийн хошуу  бол тэр чигээрээ Чингис хааны элбэрэлт эх Өүлэн хатны  тэнгэрлэг удам Олхонууд түмний  нутаг.
Цөөн тооны бэсүд нар  байдаг ч дийлэнх олонх нь их эзний нагацынхан - олхонуудууд. Олхонууд нар  нангиад сударт тэмдэглэгдэн үлдсэн эртний монгол овгуудын нэг.  Түүхэнд  олхонууд охидууд айлын сайн бэр болж эрэлхэг хөвгүүд төрүүлдэг гэж бичсэн байдаг. 13-р зууны үед тэд боржигон овгийнхонтой  олноор худ ураг болцгоож байсан нь Өүлэн эх, Бөртэ үжин нар тэр олны наад захын л жишээ болох биз. Бөртэ хатны Хонгирад аймаг бол олхонууд  нартай гарал нэг салбар аймаг.

Дарви суманд дундад зуунаас өмнө хэн суурьшиж байв...Дэлгэр багийн нутаг Баян өндөрийн хадны, Мөрөн багийн нутаг Хөшөөтийн хөндийн амны Рашаантын хадны сүг зургууд нь хүрлийн эхэн, дунд үед хамаарагдаж байгаа нь энэ  нутагт эрт цагаас хүмүүс  ээнэгшин дасаж амьдарсаар байсны илрэл.
Тус сумын Булаг багийн нутаг Гүн жалганд Монгол Улсад л байгаа Хүннүгийн үеийн хамгийн том, Ази тивд буй алдартай гурван булшны нэг байдаг. Энэ нь Сутай нутагт Хүннү нар суурьшин амьдарч байсны ул мөр юм.
1987 онд эрдэмтэн Д.Навааны хийсэн археологийн судалгаанаас үзэхэд Дарви сумын Хөвхөрийн голын эхэн дэх Булган толгойд малталт хийсэн булшнаас олдсон эмэгтэй хүний ар талдаа цутгамал хээтэй хүрэл толь, оюу шигтгээтэй ээмэг, сувдан чимэг, үйлний хайч, шөвөг, торгон эдлэлийн үлдэц зэрэг нь XII-XIII зууны үеийн Монголчуудын эдэлж хэрэглэж байсан эд зүйлс болохыг баталж байна.
Дарви сумын төв  Улаанбаатар хотоос  1220км, Ховд хотоос 210 км-т оршино.Сумын нутаг нь их нууруудын хотгорт хамаарах Цагаан нуурын хотгор, Дөргөн нуурын өмнөх Таван хайрханы тал, Тунгалагын тал  Хүйсийн говийн цөлөрхөг бүсэд хамаарах Баяцагааны нуруу,  уул хээрийн бүсэд хамаарах Сутай хайрхан , Бумбат хайрхан , Дарвийн нуруу зэрэг өндөрлөг уулстай. Улаан номонд  орсон хар сүүлт, бөхөн, зэгсний гахай, ирвэс, суусараас гадна  нүүдлийн 9 зүйл, суурин 26 төрлийн жигүүртэн шувуу амьдардаг. Дарвийн Чулуутын нурууны булш, Долоотын давааны долоон чулуу, хүрэл үеийн хадны сүг зураг, Алтан гадас, Суврага хайрханы оромж зэрэг түүхийн  өнө эртний дурсгалтай газрууд  олон. Мөн 1577 оны орчим халхын Автай сайн хаан Ойрадуудтай Хөвхөр хэрээ гэдэг газар байлдан дийлж тэднийг өөрийн хүү Сибудайд захируулан өгч байсан түүхэн газар энд байдаг байна.
Миний өвөг дээдэс  Бумбат хайрхан,Тунгалагийн тал, Тунгалагийн булаг, Дөргөн нуур,Жанжин овоо гээд үзэсгэлэнт сайхан газруудаар нутаглаж  мал сүргээ өсгөн үржүүлж нутаг усаа хайрлан хамгаалсаар өнөө бидний үе хүрчээ.

1.05.2014

Орхоны хөндий монголын бахархал

 Орхоны хөндий бол монголын бахархал.  Эртний түрэгийн гэрэлт хөшөө, 8-9 дүгээр зууны Уйгарын нийслэл Хар Балгас, эртний Монголын эзэнт гүрний нийслэл Хархорум, монголчуудын оюун санааны төв байсан Эрдэнэзуу хийд, анхны богд Занабазарын бүтээлийн сүм Төвхөн хийд зэрэг түүх соёлын дурсгалт газрууд зөндөө. Орхоны хөндий орчмын нутаг нь Хангайн нурууны зүүн хойд төгсгөл хэсгийг хамарна.  Хутаг уул далайн түвшнээс дээш 2377м  Өндөр овоот 2312 м, Шивээт улаан  2227м, Их бэрх 1863м, Их арцат 1646м өргөгдсөн байдаг. Эдгээр уулсын огцом ба налуу хажуу намссаар  Орхоны хөндийг  үүсгэнэ.

Хар Балгас хотын туурь
 Орхоны хөндий Архангай аймгийн Хотонт сумын нутагт байдаг. Энэ хот МЭ-ний 761 онд Уйгарын хаан Пейлогийн ордныг барьж эхэлснээр үүсчээ. Хар Балгас нүүдэлчин Уйгарын эзэнт гүрний засаг захиргааны төвөөр барахгүй худалдаа, эдийн засаг, соёлын төв, Ази, Европыг холбох гүүр болж байсан ажээ.  Хот нэлээд том 5 х 10 километр газар нутгийг эзэлж байжээ. Хар балгасын туурь дахь хааны ордон 412 х491 метр хэмжээтэй. Энд сүм хийд, иргэдийн хороолол, гар урчуудын болон наймаачдын хороо байрлаж байжээ. Уйгарууд хотоо тойруулан цамхаг хэрэм босгож байсны ул мөр одоо ч мэдрэгдэнэ.

Эртний Хархорум хот
 Нэгдсэн Монгол улсыг байгуулагч их Чингис хаан 1220 онд энэ газар Хархорум хотыг байгуулахаар шийдсэн нь тохиолдлын чанартай зүйл биш. Хот байгуулалтын ажлыг Өгөөдэй хааны үед эхэлж 1235 онд дуусгаад Хархорумыг Монголын эзэнт гүрний нийслэлээр зарлан тунхагласан байна. Хархорум хот Монголын эзэнт гүрний нийслэл засаг захиргаа, худалдаа, соёлын төв байсаны хамт Өрнө-Дорныг холбосон харилцааны гүүр болж байлаа

Эрдэнэзуу хийд
16-р зууны эхээр Орхоны хөндийг шашны төв болгох зорилгоор  алтан ургын  Автай сайн хан Бурханы шашны Эрдэнэ зуу хийдийн суурийг тавьжээ. Энэ хийд нь буддын  шашны соёл, уламжлал, сүм дуганы уран барилгын тод илрэл юм.

Төвхөн хийд
Чингис хааны алтан ураг Өндөр Гэгээн Занабазарын бүтээсэн Төвхөн хийд нь  анх  1648 онд  үндэс суурь нь тавигдсан байх юм. 1760, 1786 онд сэргээн засварлагдаж байсан байна. 1992 онд үлдсэн нэг сүмийг түүхийн баримт, хадгалагдан үлдсэн гэрэл зурагт тулгуурлан  сэргээн засварласан бөгөөд 1997-2001 онд улсаас сэргээн засварлаж анхны байдалд нь оруулжээ.

 Дойт толгойн ордны туурь
Архангай аймаг,Хотонт сум, Хархориноос хойш 40км45 х 60 метр талбайд орших нэлээд хэдэн барилгын суурь бүхий туурь юм. Энэ газар хавар шонхороор ан хийхдээ буудалладаг байсан Өгөөдэй хааны Гэгээн цагаан ордны туурь гэж үздэг

 Хутаг уулын булш
 Архангай аймаг Хашаат суманд 8 эсвэл 9-р зууны үед хамаарах булшууд юм. Эдгээр булшны гуравд нь археологичид малтлага хийж бүсний чимэг,сийлбэртэй мөнгөн чимэглэл, төмөр хутаг, алтан ээмэг, морины хэрэгсэл, S хэлбэртэй морины амгайвч,эмээлийн оломны төмөр арал, төмөр дөрөө, ясан дэгээ зэргийг олжээ.

 Талын Дөрвөлжин дэхь эртний хотын туурь
 Архангай аймгийн Хашаат сумын нутагт Хөгшин Орхоны ойролцоо оршдог 100 х 80 метрийн хэмжээтэй дөрвөлжин хэлбэрийн шавар хэрэмтэй, хоёр талдаа хаалгатай хотын туурь юм. Хэрэмийн баруун талаас 13 метрийн зайд 28 х 19 метрийн хэмжээтэй хорогдох газартай, хэрэм дотор хүннүгийн маягийн булштай

 Хар Бондгорын эртний хотын туурь
 Өвөрхангай аймаг,Хархорин сумын төвөөс зүүн хойш 15км-т оршинов Энэ газраас олдсон зүйлийн дотор 13-р зууны үеийн барилгын дээврийн шаазан, бусад барилгын материал, шавар болон төмөр эд зүйлс олдсон.

 Баянголын амны эртний хотын туурь
 Өвөрхангай аймаг, хархорин сумаас баруун хойт зүгт 13 км-т байдаг.Хоёр шавар барилгын туурьтай. Нэг нь Мэлхий  толгойн ордны туурьтай их төстэй, 110 х 80 метрийн хэмжээтэй, нөгөө нь 140 х 125 метр хэмжээтэй нэлээд хэдэн жижиг барилгыг багтаадаг. Хөх, саарал тоосго дээврийн шаазан олдсон. Хөндийн төгсгөлд бие биеэсээ 100-300 метр тусгаарлагдсан зургаан шавар барилгын туурь буй.

 Мойлтын амны хуучин чулуун зэвсгийн үеийн дурсгал
 Өвөрхангай аймаг Хархорин суманд Хархорум хотын ойролцоо оршдог ба Төв болон Хойд Азийн хэмжээнд археологийн хамгийн сонирхолтой дурсгалуудын нэг. Удаан хугацааны турш хүн амьдарч байсныг гэрчлэх олон зуун чулуун зэвсгийн дээжис эд өлгийн зүйлс, түүний дотор чулуун хусуур, хутаг, сүх олдсон.

 Мэлхий толгойн ордны туурь
 Өвөрхангай аймаг Хархорин суманд Мэлхий чулуу толгойн оройд 106 х78 метр хэмжээтэй дөрвөлжин хэлбэртэй шавар хананы үлдэгдэл бий. Өргөн хананы дотор хоёр жижиг ханатай бөгөөд яст мэлхий хад, шавар хананы дотор зүүн хэсгийн багахан өндөрлөгт байрладаг.

Захын булгийн хэрэмийн туурь-
Өвөрхангай аймаг Хархорин сумаас зүүн ургаш 5 км-т байх 120 х 85 метр хэмжээтэй шавар хэрэм. Майхан толгойн зүүн урд хэсгийн хоолойн оройд байрладаг.  Юань улсын эх сурвалж, рашид ал Диний түүхээс үндэслэн 1238 онд Өгөөдэй хааны байгуулсан Тосху хот байсан гэж үздэг.

 Гүмбийн дэнжийн буган хөшөө болон эртний булшууд
Өвөрхангай аймаг Хархорин сумаас баруун тийш 10 км. Энд нэг дөрвөлжин булш, нэг дугуй булш, 10 гаруй зууван хэлбэртэй сийлсэн чулуун далантай булш байдаг. Эдгээр булшны голд хүрэл зэвсгийн үеийн нар, сар, бамбай, илд, сүх, буга дүрсэлсэн буган хөшөөтэй.

Нарийний амны дөрвөлжин ба овгор булш
 Өвөрхангай аймаг Хужирт сумаас хойш 25 км. Хоолойн толгойд орших Дөрвөлжин булш болон 10 гаруй булш, шарил буй.
 Мэлхий чулуу дурсгал
 Өвөрхангай аймаг Хархорин сумаас 25км. Энэ Мэлхий чулуун дурсгал Хархорум дахь Өгөөдэй хааны ордны дэргэдэх мэлхий чулуутай яг ижил бөгөөд энд чулууны дарханы газар байжээ.

 Майхан толгой Хүннүгийн ба дөрвөлжин булшууд
 Өвөрхангай аймаг Хужирт сумаас 30 км. Энд 30 гаруй Хүннүгийн булш, дугуй чулуун далантай 2
том хиргисүүр, мөн хүрэл зэвсгийн үеийн нилээд хэдэн дөрвөлжин булш байдаг.

  Бэрхийн булан дахь эртний булшууд
Өвөрхангай аймаг Хужирт сумаас зүүн хойш 20 км. 10 орчим хүрэл зэвсгийн үеийн дөрвөлжин булш,хиргисүүр, Хуушин хөтөлийн ойролцоо Хүннүгийн үеийн 23 булш байдаг. Булшны малтлагын үеэр олсон эд өлгийн зүйлсийн дунд морины янз бүрийн яс, хөөнд харласан шаазан савны хэлтэрхийнүүд, морины төмөр амгайвч, морь уналгын басад хэрэгсэл байв.

 Хужиртын ам дахь Ордны туурь
 Өвөрхангай аймаг Бат-өлзий сумаас баруун хойш 10 км. Энэ ордон Монголын эзэнт гүрний үед хамаарагдана гэж үздэг.

 Тэмээн чулууны буган хөшөө болон дөрвөлжин булшууд
 Өвөрхангай аймаг Бат-өлзий сум. Энд 30 орчим гантиг чулуун дөрвөлжин булш, гурван буган хөшөөний цогцолбор юм. Эдгээр булшны заримд нь малтлага хийхэд үхэр, хонины яс, Түрэг ба Уйгарын үед хамаарах хээлсэн шаазан эдлэлийн хэлтэрхий олдсон.

Шанхын баруун хүрээ
 Өвөрхангай аймаг Хархорин сум Шанхын баруун хүрээний зарим хэсгийг шашин шүтлэгийн үүднээс сэргээн засварласан. Тус хийд Монголчуудын шүтээний нэг Чингис хааны үеийн Төрийн сүлд тугийг 1937 он хүртэл хадгалан тахиж байсан чухал ач холбогдолтой газар юм.

Шунхлай уулын эртний булшууд
Өвөрхангай аймаг Хужирт сумаас хойш хүрэл зэвсгийн хожим, төмөр зэвсгийн түрүү үед хамаарах зуу орчим булш буй. Зарим булшинд хийсэн малтлагаар сумны ясан зэв, шавар ваар, хүрэл гоёл чимэглэл бусад зүйлс олдсон.