1332 онд Шаньду
хотноо Төвтөмөр хааныг нас барахад түүний гэрээслэснээр Хүслэн хааны дэд хөвүүн
Ринчинбалыг хаанд өргөмжилжээ. Энэ нь ч
учиртай.
Заяат хаан Төвтөмөр
хаан суух зуураа өөрийн ахыг цөлж, төрсөн хүүгээ хунтайжаар өргөмжлөхөд, түүний
хатан Будшир өөрийн хүүгийн өв залгамжлалыг баталгаажуулахын тул Хүслэн хааны
хатан Бабушаг хороож, Ринчинбалын ах
Тогоонтөмөрийг Солонгос руу цөлжээ. Гэвч
удалгүй Төвтөмөр хааны төрсөн хүү өвчнөөр
өнгөрч, хаан өөрийн ахынхаа гэр бүлд хийсэн хэрэгтээ гэмшин Ринчинбалыг хаан ор
залгуулахаар нэрлэжээ. Ринчинбал хаан
ширээнд суухдаа 7 настай байсан бөгөөд 43 хоног хаан залраад нас баржээ.
Тогоонтөмөр бол
Хайсан хүлэг хааны солонгос хатнаас төрсөн Хутагт хаан Хүслэнгийн ууган хүү
билээ. Тэр 1320 онд Хүслэн хааны Харлуг аймгаас гаралтай хатан Маалайдайгаас төржээ.
Тогоонтөмөрыг
бага ахуйд Хүслэн хааныг гэрээсээ хол газар байхад төрсөн тул Хүслэн
хааны хүү биш хэмээн Төвтөмөр хааны талынхан цуурхал дэгдээн 1330 онд
Солонгосын Чэжү, дараа нь Ганьсу муж руу цөлсөн байдаг.
1332 онд
Ринчинбал хаан нас барсны дараа 1333 онд төрийн хэргийг ихээр мэдэж байсан чинсан Яньтөмөр мөн нас барж Төвтөмөр
хааны хатан Будшир тэргүүтэй ихэс дээдэс Тогоонтөмөрийг Шаньду хотод хаанд
өргөмжилжээ.
Тогоонтөмөр хаан
суугаад 1340 он гэхэд эцэг эхийн өшөөг
авч Будшир хатан болон Төвтөмөр хааны талынхныг төрийн хэргээс зайлуулан
цөллөгт явуулж дууссан байлаа. Түүний
хаанчлалын үед Мэргэдийн Баян, Тогтох, Хама, Бортөмөр нар төрийн хэрэгт ээлжлэн
идэвхийлэн оролцож байсан ч Тогоонтөмөр хааны нөлөөтэйгээр бүгд үхсэн байна.
1337 онд их хаан
зарлиг буулгаж Монгол нутагт тариа тарин сууж байсан хятад цэргийг эргүүлэн
татаж мөн хятадын өмнөд газар сууж байсан монголчуудыг нутагт нь буцаах ажлыг
хийлгүүлж байв.
Нэгэн удаа Хүслэн
хааны шадар түшмэл Алх Бух “Хаан хүн гагцхүү өөрийн биеэ итгэж төрийн хэргийг
явуулбал осол эндэл гарч, муу нэр мандана. Харин чинсанд тушааж хийлгэвээс их
хэргийг бүтээж болно.” хэмээсэнд Тогоонтөмөр
хаан зөвшөөрч алив хэргийг баруун гарын чинсан Баянаар мэдүүлээд өөрөө дотоод
ордондоо өдөржин шөнөжин цэнгэлдэн суух болжээ.
Тогоонтөмөр хааны
Жанжин нэрт түшмэл “Сайд би бодвоос, хаан та идэр наснаасаа төрийг эзлэн их
сууринд суусан тул жаргал цэнгэлд тун хялбархан ташуурав. Дэлхий дахиныг энх
амгалан гэж бодоод санаа амар суувал зовлонд учирч мэднэ. Харин өвгөд дээдсийн
зовж зүдрэн тулгар төр байгуулсныг сэтгэж хичээнгүй, болгоомжтой төрийг засваас
түмэнтээ нэгийг алдахгүй байх. Иймээс элдэв албыг зогсоож, өнгө дарсанд унахыг
цээрлэн, ордны охидыг цөөлөн шалин бүрэлгэхийг тэвчвээс зохино. Ард иргэд өлсөж өлбөрөөд амьдрахын аргагүй
болвоос дөрвөн зүг найман зовхист хулгай дээрэм самуурч, бослого тэмцэл
гарахгүй хэмээн хэн баталж чадах аж. Тэр
үед гэмшивч хожимдоно” хэмээн айлтгасанд хаан эс сонсов.
1350 оны эхээр
дундад газар бослого хөдөлгөөн ихээргарч тэд өөрсдийгөө улаан алчууртнууд
хэмээн ихэд хүчийг авч эхлэсэн байна. 1352 онд Тогоонтөмөр хаан өөрийн чинсан
Тогтоход зарлиг буулган олон замын цэргийг захируулан бослогыг даруулахаар
илгээсэнд тэрээр босогчдыг ихэд ялсанд
түүнд хорссон хэдэн түшмэд хаанд бураашаан ховлож түүний цэрэг захирах эрхийг
хасуулж өөрсдийн талын Тайбухыг томилуулжээ.
1355 оноос улаан алчууртны босогчдын түрүү улам их газрыг хамран Солонгос руу довтолж,
өмнө зүг эргэн дээд нийлэл Шаньдуг шатааж байв. Энэ үед Тогоонтөмөр хааны хоёр
их жанжин Болдтөмөр, Цагаантөмөр нар
харилцан цэрэглэсэн байна. Энэхүү чимээг сонссон даруй Тогоонтөмөр хаан дахин зарлиг буулган тэр
хоёрыг эедүүлэн тус тусын нутаг буцаагаад дөнгөж байдал намжтал умард газар
дахин нэг бослого гарчээ.
Өгөөдэй хааны
наймдугаар үеийн хойч Алхтөмөр 1360 онд цагаан хэрмийн гадна их цэрэг цуглуулан
Дайду хот руу довтлоно хэмээн Тогоонтөмөр хаанд “ Өвөг дээдэс минь дэлхий
дахиныг чамд тушааж байхад чи хамгаалж чадалгүй ихэнх газар орныг минь
алдлаа. Тиймээс улсын эрдэнэ хас тамгыг
надад авчирч өг. Би хаан сууя” хэмээн сүрдүүлэн элч илгээжээ.
Тогоонтөмөр хаан
тэр элчийг “Тэнгэрийн зарлиг чамд байдаг бол чи хаан суутугай” хэмээн хэлж
буцаагаад өөрийн түшмэл Тугтөмөрт цэрэг өгч умарш
илгээсэн боловч Тугтөмөрийн цэрэг хатгалдан байлдаад ялагдан Шаньду тийш
ухарчээ. Гэвч 1361 онд Алхтөмөрийг өөрийнх нь нэг түшмэл хороосон тул эл
бослого намджээ.
Монголчуудыг
ийнхүү өөр зуураа байлдаж байх зуур улаан алчууртны нэг толгойлогч Жу Юань Жан
өөрийгөө хаанд өргөмжлөн улсаа Мин хэмээн зарлаж “монголчуудын үндэс угсаа ондоо болохоор
Дундад улсыг мөнх тэнгэрийн хүчээр эзэлснээс биш, хүний хүчээр эзэлсэн биш юм.
Иймээс дундад улсыг засч чадахгүй нь лавтай билээ. Ялангуяа Төмөр хааны үеэс
эхлэн засаг самуурч, тэнгэрт таалагдахгүй болсон тул би ард иргэдийг
амаржуулахын төлөө дайлсан юм” хэмээн очсон газар бүртээ ухуулан явжээ.
1368 оны 2 сард
Жу Юань Жан өмнөд хятадыг бараг эрхшээж улсын нийслэлээ Нанжинд шилжүүлэн улмаар
Дайду хотыг эзлүүлэхээр цэргээ 3 замаар илгээв. Тогоонтөмөр хаан итгэлт жанжин
Баянтөмөрийг баригдсныг сонсоод ихэд цочин Алхад “ Өвгөдийн сүмийг хурааж олон
үеийн хаадын хөргийг цуглуулж хунтайж лугаа умарш буцах”-ыг зарлиг болгоод
нийслэлээ хамгаалан бэхлэн тулалдая гэсэн чинсан нарынхаа үгийг
үл сонсон хатад хүүхдүүдээ аван 1368 оны 9 сард Дайду хотыг орхин гарч дээд
нийслэл Шаньду хотод түр хөл татжээ. Мин улсын цэргүүд ч Дайду хотыг тун хялбархан
эзлэн авав.
Төд удалгүй
Тогоон төмөр хаан Шаньду хотыг орхиж улам умарш эргэж Хэрлэн мөрний
хөвөөнөө хүрч Барс хотыг байгуулан нийслэлсэн байна. Тэр 1370 онд
өвчнөөр нас баржээ.
Тогоонтөмөр хаан
Монголын Юань улсын сүүлчийн их хаан байлаа. Тэрээр зургаан түмэн монголоо
дагуулан Дайду хотыг орхин гарч эх нутагтаа эргэн ирсэн ч гэсэн түүнийг нас
барахад түүний мэдэлд цагаан хэрмээс хойших нүүдэлчдийн эх нутаг үлдсэн, монгол
төр оршсоор байв. Дундад газрын Юньань мужид монголчууд 1381 он
хүртэл Мин улсын цэргийн довтолгооныг няцааж суув. Монголчууд хүчирхэг байв.