2.12.2015

Эртний нийслэлийг зорив


Зуны адаг сарын сүүлээр Дархан хот орох ажлын далимаар цааш нэг ухасхийж Их хүрээ нүүдэллэж явсан Усан сээрийн хөндийг сонирхохоор зорьсон юм.
Гэхдээ шууд зорьсонгүй, Сэлэнгэ аймгийн Хушаат сумын дэргэдэх Дуут хад хэмээх сайхан газраар дайран цааш явахаар шийдэн Дарханаас Сэлэнгийн замаар гарч хэсэг яваад Орхон гол дээр тавьсан шинэ гүүрээр гарахаар төв замаа орхилоо. Гүүрэн дээрээс Хушаат сум 5 км, цаашаа Дуут хад бас 5 орчим км.

Энэ газар үнэхээр сонин содон газар. Янз бүрийн хэмжээтэй хөмөрсөн тогоо цохиж байгаа аятай янз бүрийн дуу авиа гарахаас гадна орчин тойрондоо эртний сүг зураг элбэг. Уран зургийн галирей л гэсэн үг. Хэсэг хөгжимдөж аваад аялалынхаа дараагийн хэсэг рүү хөдөллөө. Энэ нь Орхон голынхоо баруун биед байх Ишгэнт нуур.

Зэгсэнд баригдан жилээс жилд жижгэрч байгаа энэ нууранд шувууд элбэг чуулдаг юм байна. Энд өдрийнхөө цайг ууж хэсэг зураглаж аваад цаашлав. Баруун гар талд Орхон түшээ мөрөн зүүн гар талд үргэжлэн цэлийх тариан талбай. Ийм сайхан зурган дундуур 20 гаран км яваад Усан сээрийн голын гарман дээр ирэв.

Их хүрээний буурь гол гаралгүй хойд энгэр дээр байдаг ч бид Мянган дарийн хийдийн тууринд хүрчихээд буцахдаа түүнд зориулж босгосон дурсгалыг ирж сонирхохоор голоо гарч даган өгслөө. 10 хүрэхгүй км яваад Мянгадарийн голыг гаран цааш өгссөөр Мянгадарийн амныхаа эхэнд байх манай түүхийн хар үйлийн гэрч болон үлдсэн
нэгэн тууринд ирлээ. Голынхоо хоржигнох дуутай хоршин  бурхан номын дуу цуурайтаж байсан байгалийн үзэсгэлэн дундах энэ газар вааран дээврийн хагархай, хөх тоосгоны хугархай энд тэнд шидэгдсэн, зүлэг ногоонд дарагдсан хэдэн овгор шороо л болон үлджээ.  Эндээс хойшоо Сээрийн даваагаар даваад Амарбаясгалант хийд, доошоо уруудаад Их хүрээ ороход ойрхон цагтаа цэцэглэж байсан сүм болтой.

Бид буцаад Усан сээрийн голоо гарч нийслэлээс Их хүрээний нүүдэллэж байсан газруудад зориулан босгосон сайхан дурсгалын хөшөөний дэргэд ирлээ. Сайхан хөшөөнд тааруухан, бүр тун тааруухан хашаа барьжээ.
Сэлэнгэ аймгийн Сант, Хушаат сумдын Сондуулт, Хушаат, Хонгилт, Хожуул голууд нийлж Усан Сээр гол болон Орхонд цутгах ба Орхон Усан сээрийн голын бэлчирээс дээш холгүй 4 км орчим голынхоо зүүн гарт Галсангийн гозгор хар уулын бэлд энэхүү түүхт газар орших бөгөөд Их хүрээ 1720-1722 онуудад энд суурьшиж байжээ. Манай нийслэл анх 1639 онд Өргөө нэртэйгээр бууриа зассанаас хойш 28 удаа сэлгэж нүүсэн байдаг ба хамгийн хойшоо буудалласан газар нь энэхүү уужим сайхан Усан сээрийн хөндий.

Эндээс нутгийн зүг хүлгийн жолоог эргүүлсэн. Гэхдээ ирсэн замаараа буцахыг хүссэнгүй, Орхон голоо бирваазаар гарахаар шийдэв. Бороо устай үед зам муутай ч бид Орхоны бирваазад тулж очлоо. Үерлэн урсаж буй Орхон түшээ мөрнөө бирваазаар гарч аялалдаа нэг шигтгээ нэмчихээд Дархан хот чиглэн давхилаа. Эндээс Дархан шулуун 18 км, найрамдалын энэ хот биднийг шөнийн гэрлээ цацруулан сүртэй угтсан.  

2.10.2015

Цагаан сар хүндэтгэл билэгдлийн баяр


Хаврын тэргүүн сарын шинийн нэгэн бол өвөг дээдсээс уламжлагдан олон зууны турш тэмдэглэсээр ирсэн монгол түмний хүндэтгэл билгэдлийн  их баяр. Энэ баярт хүндэтгэлийн идээ ундаа бэлтгэн ахмад буурлууддаа хүндэтгэл үзүүлэх, ах дүү төрөл төрөгсөдтэйгээ танилцан мэдэлцэх манай ардын сайхан ёс бий.

Цагаан сарын битүүлгийг шинийн нэгний урьд орой ёсолдог бөгөөд цагаалгын ёслолыг өглөө ургах нарнаар туулай цагт эхлэн үйлддэг. Шинийн нэгний идээний үндсэн хэсэг нь давхарлан өрсөн цагаан идээ эсвэл хавсай, ул боов байдаг.

М
онголчууд тавгийн цагаан идээ, ул боовыг сондгой тоогоор давхарлан өрөх ба аав ээж, ах нар нь энх тунх бол тавгийн идээ нь гурав буюу тав байж болдог. Эцгийнх нь долоон давхар идээ засна. Төрийн шинж чанартай ёслолын тавгийн идээг голчлон есөн давхар засдаг уламжлалтай. Тавгаа өрөм, ааруул, шар, цагаан тос зэрэг цагаан идээгээр чимэх ёстой.

Цагаалах үеэр эвтэй найртай явахын бэлгэдэл болгож хөөрөг зөрүүлж тамхилах бөгөөд харин хөөрөг харшуулж солилцохыг цээрлэхийн хамт толгойг нь дарж
болохгүй.  

Өндөр настай, нутаг орондоо хүндтэй хүмүүстэй хадаг барьж золгодог ёс бий. Ингэхдээ хадагны амыг золгох хүн тийш харуулж хоёр гардан барьсаар золгож буй хүнийхээ хоёр гар дээр хадгаа эрхий хуруунд нь тулгаж алганд нь багтааж тавьсны дараа золгоно. Хадаг тавьж байхдаа мэнд мэдэж болохгүй. Харин хадгаа тавьчихаад золгохдоо мэндийг нь асууна.

Цагаан сар
аар хэн боловч ёс горим зөрчих, ах захыг эс хүндэтгэх, агсам согтуу тавих, хэрүүл шуугиан гаргах, бие биедээ бардамнан баярхах, үрлэг зарлагыг хэтрүүлэх бүдүүлэг үг хэлэхийг хатуу цээрлэх ба энх амгалан, эв найрыг эрхэмлэн билэгддэг сайхан заншилтай.

Монголчуудын цагаан сараар цээрлэх зүйлс:

Yйл үртэс хийх, ялангуяа хуучин юм оёж шидэх
Усанд явбал нагац нарт цөвтэй гэх
Эд мал зээлээр єгвєл гарзын үүд нээгдэнэ хэмээнэ
Шинийн нэгэнд айлд хоновол тэр жилдээ гэртээ тогтохгүйн ёр
Сар шинээр уйлах, хэрэлдэх, ширүүн үг хэлбэл тэр жилдээ хэл ам, хэрүүл зовлон тасрахгvй
Шинийн нэгэнд үнс хогоо гаргах, зочны өөдөөс бие засахаар явах зохисгүй
Өдөр хэвтэх, унтахыг цээрлэдэг. Өвчтэй хvн боловч ёс билэгийг бодож орноос босон сууж, бүсээ бүсэлж золгоно.
Шинийн долоонд айл хэсэх, гадагш зочлохыг
Агсам согтуу тавьж хөлчүүрхэх, шинэ сарын шүүс, идээ будаанд эзний зөвшөөрөлгүй хүрч самардах
Билэг дэмбэрэлгүй үгс хэлэх, ан гөрөө хийж амьтны амь тасалваас үхэл хагацал нүүрлэнэ.
Эхнэр нөхөр хоорондоо золговоос хагацаж сална.
Биедээ мэс авч явахыг цэрлэнэ үл дагаваас дайн дажины нигууртай.
 


2.01.2015

Жанжин Д.Сүхбаатар



Цагаан дээлт Дамдины хүү жанжин Сүхбаатар 1893.02.02-ны өдөр Нийслэл хүрээний дагуул Маймаа хотод буюу одоогийн Улаанбаатар хотын Амгалан орчим төржээ.

Багын сэргэлэн цовоо тэрбээр 12 насандаа бичиг үсэгт боловсорч 19 насандаа цэрэгт явж 20 насандаа хэдийн пулемёнт сумангийн дарга болсон байлаа.

1917 онд харийн дайсны эх орныхоо төлөө хэд хэдэн тулаанд эрэлхэгээр оролцож баатар цолоор шагнагдаж явсан ба өндөр нуруулаг болохоор нөхөд Гоймон баатар хэмээн дууддаг байв. Цэрэгт байхдаа Нэмэндэйн охин Янжинтай гэр бүл болсон ба хожим эхнэр нь нөхрөөрөө овоглон Янжмаа нэртэй болжээ.

1918 оноос Нийслэл хүрээний монгол хэвлэлийн хороонд үсэг өрөгчөөр ажиллах болсноор дотоодын засаг төрийн байдалтай ойртон танилцах болж, хамт ажилладаг оросуудаас ертөнц дахины тухай, оросын хувьсгалын үйл хэргийн үнэн учрыг ухааран тэдэнтэй нягт хамтран ажиллах болжээ.

Тэрээр хувьсгалт нууц бүлгэмийн санаачлагчдын нэг бөгөөд 1920 он 6 сард Хүрээний болон Консулын хоёр бүлгэм нэгдэхэд идэвхтэй оролцсон ба түүний шаргуу шаардлагаар мөрдөж явах тангарагийн бичиг боловсруулж бүгд тангараг өргөж байжээ.

1920 онд эцгийн бие муу байсныг үл харгалзан Зөвлөлт Орос улсаас тусламж гуйхаар явсан боловч эхний оролдлого нь бүтэлгүйтэн дараагийн явалтаараа сая нэг зорилгоо биелүүлж явж.

1920 -1921 оны өвөл Нийслэл хүрээг оросын цагаантан барон Унгерн эзэлснээр Монгол орон гамин цагаантны хөлд нэрвэгдэв. Улмаар 1921 оны 2 сард болсон хувьсгалчдын зөвлөлгөөнөөр ардын журамт цэргийг байгуулахаар тогтож  Сүхбаатарыг журамт цэргийн жанжинаар томилсон байна.

Ингээд түүний гарамгай удирдлаган дор 3 сарын 18 нд  Хиагт хотыг гамин цэргээс чөлөөлж цаашлан 1921оны 7 сард Ардын журамт цэрэг болон улаан армийн ангиуд Нийслэл хүрээнд орж ирснээр Ардын засаг байгуулагдан шинэ засгийн цэргийн яамны тэргүүн сайд бүх цэргийн жанжнаар Д.Сүхбаатар томилогджээ.

1922 онд Сэцэн хан аймгийн Ёст бээс Доржжавын хошууны хүн ам, малын тоог тодорхойлсон бүртгэл Сүхбаатар адуу 11, үхэр 10, хонь 10 гэж тоолуулсан байдаг.  

Цэргийн гарамгай удирдагч Д.Сүхбаатар 1923.02.20-нд гучхан настайдаа таалал төгссөн бөгөөд түүний үхлийг өвчнөөр, мөн хорлогдсон хэмээн янз бүрээр ярьдаг ч аль нь батлагдсангүй өдий хүрчээ.