12.06.2021

"Монголын нууц товчоо" Чингисийн идэр нас /76-80/

 

76. Нэгэн өдөр Тэмүжин, Хасар, Бэгтэр, Бэлгүдэй дөрөв хамт сууж загас гөхидөхөд, нэг гэгээн согос загас гөхид торжээ. Тэмүжин, Хасар хоёроос Бэгтэр, Бэлгүдэй хоёр загасыг булааж авав. Тэмүжин, Хасар хоёр гэртээ ирж үжин эхэд өгүүлрүүн: "Нэгэн цайвар загас гөхид орсныг Бэгтэр, Бэлгүдэй ах дүү хоёулаа булааж авав" гэвэл үжин эх өгүүлрүүн: "Та нар нэг эцгийн хөвгүүд байтал юунд тэгж маргалдана. Одоо сүүдрээс өөр нөхөргүй, сүүлнээс өөр ташуур үгүй байгаагаа мэднэ биз. Ийм бол бид тайчууд нараас яахин өшөөгөө авч чадна. Урьдын Алунгуа эхийн таван хөвгүүд мэт яагаад эв эегүй болов? Та нар битгий тэг" гэв.

77. Тэндээс Тэмүжин, Хасар хоёр үл ойшоон өгүүлрүүн: "Өчигдөр нэг болжмор алсныг булааж авсан билээ. Энэ өдөр бас дахин булаав. Ийм бол эдэнтэй хамт яаж амьдарна" гээд гэрийн үүдийг ширүүн хаяж, гарч одов. Бэгтэр довцог дээр есөн шарга морио хариулж суутал, Тэмүжин хойноос нь, Хасар өмнөөс нь нууцаар онилоход Бэгтэр үзээд өгүүлрүүн: "Тайчууд ах дүү нарын хөнөөлийг хүлээгээд, өшөөгөө дуусган авч чадаагүй байтал, та нар намайг яаж нүдний сормуус, амны бөөлжис болгоно? Одоо сүүдрээс өөр нөхөргүй, сүүлнээс өөр ташуур үгүй байтал юунд ингэж байна? Голомтыг минь бүү бүрэлгэгтүн! Бэлгүдэйг бүү хөнөөхтүн" гээд  завилан сууж хүлцэв. Тэмүжин, Хасар хоёр хойно, урдаас нь харван алж одов.

78. Тэмүжин, Хасар хоёр гэртээ ирж ороход, үжин эх хоёр хөвгүүний царайг хармагц даруй учрыг мэдэж өгүүлрүүн: 
    "Ханиа барагсад
      Ижлээ идэгсэд
      Халуун хэвлийгээс минь гарахдаа
      Хар нөж атгаж төрсөн билээ.
      Хавиргаа хазах хар нохой мэт
      Хаданд довтлох харцага, шонхор мэт
      Уураа даран ядах омогт арслан мэт
      Амьдыг залгих аюулт мангас мэт
      Сүүдрээ довтлох сүрхий араатан мэт
      Цугыг залгих цурхай загас мэт
      Ботго, тормын борвийг хазах буур мэт
      Бороот өдөр довтлон халдах өлөн чоно мэт
      Нялх үрээ гилэн ядаж, нядлан идэх нүгэлт ангир мэт
      Хэвтэшийг нь хөдөлгөвөөс гэдрэг довтлох хэрцгий цөөвөр мэт
      Барьж идэх барс араатан мэт балмад амьтас буюу
      Сүүдрээс өөр нөхөргүй
      Сүүлнээс өөр ташуур үгүй байхад, тайчууд нарын хөнөөлийг хүлээж, өшөөгөө хэн яаж авах вэ? гэж байхад та нар юунд ийм хэрэг хийв" гэж эртний үгийг иш татаж, өвгөдийн үгийг үндэс болгож хөвгүүдээ ихэд буруушаан зэмлэв.

79. Тэгж байтал тайчуудын Таргудай Хирилтуг нөхдөө дагуулж " Хурганы үс гуужав, төлөгний бие төлжив" гээд довтлохоор ирэв. Тэднээс айж Өүлэн үжин хөвгүүдийн хамт ой шугуйд дутаав. Бэлгүдэй мод хугалж, шивээ барив. Хасар харван байлдаж, Хачиун, Тэмүгэ, Тэмүлэн гурвыг уулын завд нууж байхад тайчууд бархиран өгүүлрүүн: " Тэмүжин ахаа гаргаж өг. Бусад нь хэрэггүй" гэхийг сонсоод, Тэмүжинийг сэм оргуулан ойд дутаалгав. Үүнийг тайчууд мэдээд нэхэн хөөхөд, Тэмүжин Тэргүүн өндрийн шугуйд шурган орвол, тайчууд нэвтрэн орж чадсангүй, хүрээлэн сахив.

80. Тэмүжин шугуй дотор гурав хонож, одоо харья гэж морио хөтөлж явахад, мориноос эмээл нь мултран унав. Эргэж үзвэл эмээлийн олом, хөмөлдрөг хэвээр байтал мултарсан ажээ. Олом мултарч болох боловч хөмөлдрөг яахин мултарна. Тэнгэр ятгаж байгаа болов уу? гэж бас гурван хоног хүлээв. Дахин гарахаар явахад шугуйгаас гарах замыг гэрийн чинээ цагаан чулуу бөглөн хэвтэж байна. Тэнгэр ятгаж байгаа болов уу? гэж буцаж бас гурав хонов. Бүгд ес хоног хоолгүй байж "энэ мэт нэр үгүй үхэхээр гаръя" гээд зам бөглөн унасан гэрийн чинээ цагаан чулууг тойрон гарахад саад болох модыг сумч хутгаараа огтлоод, морио хөтөлж гармагц угтан барьж авав.









12.01.2021

"Монголын нууц товчоо" Чингисийн идэр нас /69-75/

69. Мэнлиг, Есүхэй баатрын үгийг дагаж, Дэй Сэцэнд очиж өгүүлрүүн:"Есүхэй ах, Тэмүжинийг маш их мөрөөдөж өрөвдөх тул Тэмүжинийг авахаар ирэв" гэвэл Дэй Сэцэн өгүүлрүүн: "Худ хөвүүнээ мөрөөдөх бөгөөс явуулъя.  Харин удалгүй гэдрэг ирүүлэх хэрэгтэй " гэв. Энэ үгийг сонсож Мэнлиг эцэг, Тэмүжинийг авч ирэв. Есүхэй баатар тэнгэр болсонд Тэмүжин газарт унан хэвтэж, маш ихээр гаслахад хонхотаны Чирха өвгөн түүнийг сэргээн ятгаж өгүүлсэн нь: 

     "Тул загас мэт юунд

     Тулбиран гаслана, чи

     Туурга (торгон) цэргээ бэхлэе гэж

     Туйлбартай үгээ хэлэлцсэн биш үү?

     Усны загас мэт юунд

     Уяран гаслана, чи

     Улс төрөө байгуулъя гэж

     Учиртай үгээ хэлэлцсэн биш үү?" гэвэл уйлахаа зогссон ажгуу.

70. Тэр хавар Амбагай хааны хатан Орбай, Сохатай хоёр ихсийн газар тайлгын идээ өргөх үед Өүлэн үжин хоцорч очсон тул тайлгын идээний хуваариас хоцрогдов. Орбай, Сохатай хоёрт Өүлэн үжин өгүүлрүүн: "Есүхэй баатрыг үхэв гэж, хөвүүнийг минь балчир гэж ихсийн тайлгийн хишгийн архи сархаднаас яахин хождуулав, та? Нүд үзсээр үл өгөх, нүүхдээ үл хэлэх болов, та" гэв.





71. Тэр үгэнд Орбай Сохатай хоёр хатан хариу өгүүлрүүн: 
    "Урьж чамд өгөх ёсгүй
     Учирвал чи идэх ёстой.
     Хүргэж чамд өгөх ёсгүй 
     Хүртвэл чи идэх ёстой. Амбагай хаан үхээд Өүлэнд ийнхүү хэлэгдэх болов. 
72. Аргацаан эдний эх, хөвгүүдийг нутагт нь орхиж нүүе. Бүү авч явахтун" хэмээгээд маргааш нь тайчуудын Таргудай Хирилтуг, Тодойн Гирта нар Онон мөрөн рүү хөдлөв. Өүлэн үжинийг хөвгүүдийн хамт орхиж нүүсэнд хонхотаны Чирха өвгөн очиж ятгахуйд Тодойн Гирта:
    "Цээлийн ус ширгэв
     Цэгээн чулуу хагарав" гээд Чирха өвгөний үгийг хайхрахгүй цааш нүүж "Чи ингэж ятгах буюу" гэж тэр өвгөний зоо нурууг жадлан хөөв.
73. Чирха өвгөнийг шархтай болж, гэртээ ирээд зовиурлан хэвтэхэд Тэмүжин үзэхээр одов. Хонхотаны Чирха өвгөн Тэмүжинд өгүүлрүүн: "Сайн эцгийн чинь хураасан улс тарж нүүсэнд ятгахаар яваад ийнхүү жадлагдав" гэвэл Тэмүжин уйлж гарав. Өүлэн үжин өөрийн биеэр туг барьж мордон, орхиж нүүсэн иргэдийн заримыг буцааж авчирав. Гэвч буцаж ирсэн иргэд бас тогтсонгүй, тайчуудын хойноос нүүжээ. 




74. Ийнхүү тайчууд ах дүү нар бэлэвсэн Өүлэн үжинийг бяцхан хөвгүүдийн хамт нутагт нь гээж нүүсэн ажээ. 
     Оюунтай төрсөн Өүлэн эх
     Оёдолт дээлийг огшуулан өмсөж
     Оготор хормойг шуун бүсэлж
     Онон мөрнийг өгсөж уруудаж
     Олирс мойл түүж явж
     Өчүүхэн хөвгүүдээ хайрлан тэжээж
     Өдөр шөнийг аргацаан өнгөрүүлэв.
     Чадалтай төрсөн Өүлэн эх 
     Царсан шорийг барин явж
     Цавчим газрыг өгсөж уруудаж
     Сөдөн гичгэний үндсийг малтан
     Шөнө өдрийг хатамжин өнгөрүүлж
     Суут хөвгүүдээ тэжээн өсгөв.
     (Хатан төрсөн Өүлэн эх 
      Хайлаасан шор барин явж
      Халдун уулыг өгсөж уруудаж
      Хавийн мангирыг малтан түүж
      Хаад хөвгүүдээ хайрлан тэжээж
      Ханатал, цадтал идүүлэн өсгөв."Алтан товч" ) 
75. Гуа төрсөн Өүлэн эх
      Гох дэгээ барин явж
      Гол завыг өгсөж уруудаж
      Гогод мангирыг түүн явж
      Хутагтан хөвгүүдээ тэжээж өсгөв.
      Зарчимтай төрсөн Өүлэн эхийн
      Затгас төмсөөр тэжээсэн хөвгүүд
      Засагтан сайд болж өсөв.
      Эх үжиний тэжээсэн хөвгүүд
      Эрс сайд болон өсч
      Эрх омог төгөлдөр болж
      Эх Ононы эрэгт сууж
      Өлгүүр гох усанд хаяж
      Эрэмдэг загасыг шүүн барьж
      Эх үжинийг тэжээх болов.
      Зарчимт Өүлэний тэжээсэн хөвгүүд
      Засагт эрс болон өсч
      Замагтай усыг шүүрдэн байж
      Загас жараахайг гөхидөн барьж
      Заяат эхээ тэжээх болов.