Түрэгийн гурван
хаанд зүтгэн мэргэн цолтойгоор зөвлөх
хийж явсан Тоньюкукын гэрэлт хөшөө Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Баянцогт уулын баруун хойно зүүн аймгууд руу явдаг төв
замаас урагш 10 км, Налайхаас зүүнш 17 км, Ар жанживлангийн рашаан сувилалаас
баруунш 4 км зайтай оршдог. Мэргэн Тоньюкук (646-732) бол түрэгийн хамгийн хүчирхэг Ашина овгийн язгууртан бөгөөд төрийн хэрэгт
шоронд хоригдож байгаад Кутулугийн (Элтэрэс) бослогын үеэр суллагдан түүнийг хаан болоход зөвлөх нь
болжээ. 693 онд Элтэрэс
нас барж түүний хүү Можо хаан ширээ залгамжлан улс төрийн шинэтгэл хийн хуучин
язгууртан нарыг зайлуулахад хамт зайлуулагджээ. Хуучин сурвалжтануудыг Тоньюкук
удирдан хуйвалдаан зохион байгуулж Можог зайлуулан Могиляныг Билгэ цолтойгоор
хаанд өргөмжлөн хүчээ өргөж явсаар 86 насандаа өөд болжээ.
Мэргэн Тоньюкукын
хоёр гэрэлт хөшөө нь нэг нь 170 см, нөгөө нь 160 см бөгөөд нийт 62 мөр
бичээстэй. Уг хөшөөг Тоньюкук амьд сэрүүн ахуйдаа босгуулжээ. Уг хөшөөний
бичээсийг сийрүүлбэл:
Би мэргэн
Тоньюкук. Нанхиадын эрхэнд хүмүүжсэн минь тэр цагт Түрэг улс Нанхиадын эрхэнд
агсны учир болой. Би Түрэг улсын хаантай болох цагийг үзээсэй хэмээн санах
бөлгөө. Түрэг улс нанхиадаас хагацаж хаантай боловой. Харин тун удалгүй хаан
юугаа тэвчиж дахин нахиадад дагаар оров. Тэр цагт тэнгэрийн зарлиг болсон нь
“Би та нарыг хааантай болгоход та нар хаанаа орхин бусдад дагав” хэмээвэй.
Тэнгэр эс таалж тэднийг үхүүлэхэд түрэг хүн үхэж бууран доройтов.
Түрэг улсын
нутагт дахин гэр төр тогтсон нь үгүй. Бусдын эрхэнд ороогүй нь хурж долоон зуу
болов. Тэдний хоёр хэсэг нь морьт бөгөөд нэг хэсэг нь явган авай. Энэ долоон
зуун хүнийг төрүүлэн удирдах хүн нь шад билээ. Тэр над лугаа нийл хэмээв. Түүн
лугаа нийлэгсдийн дотор мэргэн Тоньюкук би буй бөлгөө. Би түүнийг хаан болгоюу
хэмээн сэтгэн санасан минь холоос туранхай буга, тарган буга хоёрын тарган
туранхайг ялгахад бэрх хэмээжихүй. Хожим тэнгэр надад билэг өршөөсөн тул би
түүнийг хаан болгов. Миний ойр Байла бага дархан мэргэн Тоньюкук бүхий учир би
Элтэрэс хаан болсугай гэж өмнөдөд нанхиад, дорнодод хятан, умардад олон огусыг
сөнөөв. Түүний билгийн нөхөр, алдрын нөхөр би авай. Тэр цагт бид Цугуй хожи ба
Хар гомд сууж бөлгөө. Би тэнд гөрөөс, туулай идэж суувай. Иргэний хэвлий дүүрэн
бөлгөө. Манай дайсан эргэн тойронд махчин шувуу мэт авай. Бидний байдал ийм эл
боллоо.
Тэнд суух үед
огус нараас туршуул ирсний үг нь “Төгс огус иргэнд хаан сууж нанхиадад Гуни
Сэнгүнийг, Хятанд Тонра Самыг илгээж хэлүүлсэн нь: Цөөн түрэг хүмүүс хөдөлвэй.
Тэдний хаан их зоригтой, түүний сайд мэргэн, энэ хоёр хүн амьд ахул танай
нанхиадыг тэд ална хэмээн хэлсүгэй би. Дорнодод Хятан хүмүүсийг тэд ална хэмээн
хэлсүгэй би. Бас манай огус нарыг тэд ална хэмээн хэлсүгэй би. Нанхиад та нар
тэдний өмнөөс дараар ор. Хятан нар тэдний дорноос дараар ор. Би тэдний умраас
дараар орсугай. Түрэгийн нутгийг ямар ч эзэн бүү эзэлтүгэй. Ийм эзэнг дарж
болвол дарцгаая” хэмээжээ.
Эл үгсийг
сонсмогц шөнө нойр ирэхгүй, өдөр амрыг олохгүй боллоо, би. Үүний хойно хаандаа
өчлөө, би. Өчсөн минь ийм. Нанхиад, хятан, огус гурав нийлбээс бид мөхнө.
Заяаны эрхээр чулуунд дэлдэгдсэн мэт болно, бид. Ямар нэг юмыг зөөлөн ахуй дор
нугалах хялбар. Нимгэн ахуй дор түүнийг урах хялбар. Хэрэв зөөлөн юм хатуу
болохул түүнийг нугалахад баатар зориг хэрэгтэй. Бид өөрсдөө хоёр гурван мянган
цэрэгтэй. Дорно зүгт Хятанд, өрнө зүг баруун Түрэгт умраад огуст морилцгооё.
Яаваас сайн болъюу. Хаан миний өчгийг зөвшөөрсөнд мэргэн Тоньюкук би өөрөө
үүнийг үйлдэн гүйцэтгэв. Бид Хүг жүнгээр явж, би тэднийг өдөөн ойн зүг удирдан
одов. Тоглан голын дагууд огус нар адгуусанд ачаа ачин ирэв. Тэд нар гурван
мянгаад бид хоёр мянга бөлгөө. Тэнгэр
манийг ивээх тул бид дайлалдаж тэднийг бутаргаснаас зарим нь усанд унаж, зарим нь
оргохуй зуураа алагдав. Тэднээс хамаг
огус дагаар ирэв.
Бид хоёр мянга
бөгөөд дайсанд орлоо. Түрэгийн иргэд байлдан эзлэхийг хичээж Шандунгийн хотууд
ба далайн зүг морилсон нь харин мөхөв.
Үүнийг хаандаа өчиж түүнийг Шандунгийн хөндий ба далайн зүг дайлаар одох
болгов. Тэр гучин гурван хотыг эвдэж Үшин, Будатуг хаав.
Нанхиадын хаан
манай дайсан бөлгөө. Арван отгийн хаан манай дайсан бөлгөө. Бас Хиргисийн хаан
манай хүчит дайсан бөлгөө. Энэ гурав зөвлөлдөж Алтан ууланд золгосугай
хэмээлдэв. Зүүн Түрэгийн хааныг дараар
орсугай хэмээлдэв. Бид түүнийг эс дийлбээс тэр баатар хаан, түүний сайд мэргэн,
тэр маныг мөхөөнө. Үүнээс бид гурав нийлж түүнийг дарахаар морилж мөхөөсүгэй
хэмээлдэцгээв.
Энэ үгсийг
сонсоод шөнө нойр ирэхгүй, өдөр амрыг олохгүй боллоо, би. Миний сэтгэсэн нь бид
урьдаар Хиргисийг дайлваас... тэнд одоход Хөгмэнийг дайрах ганц зам буй нь
цасанд булагдсан хэмээн сонссон тул бид
энэ замаар явж үл болно хэмээн би хэллээ. Би замч хүнийг эрсээр цөл Асын
нутгийн хүнийг олов. Түүний хэлсэн нь “ Миний нутаг Ас...Би энэ замыг мэднэ.
Хөгмэнийг дайран явах ганц зам болой. Тэнд амарч болох нэгэн газар буй. Энэ
газраар явбаас цувж явна” хэмээв. Эл үгийг сонсож хэлсэн мину. Бид энэ замаар
явбал хэрэг бүтнэ. Үүнийг би хаандаа өчлөө. Дайнд цэргийг засан мордуулж
Агтрмелд нийл хэмээлээ, би. Цэргүүдийг морин дээрээ зогсоогоороо яв хэмээж,
цаст газрыг гатлав. Би бас тэднийг мориноос буу хэмээж, тэд морио хөтлөн мод
тулж явав. Өмнөх цэргүүд цасыг гишгэлэн мөр гаргасанд би цэргүүдийг урагш давшуулан Иберийг давав.
Бид арав хонож уулын хажуух бэрх газрыг өнгөрөв. Замч хүн маныг буруу удирдсан
тул тэр алагдав. Тэр цагт ядаж зовж ахуйд хаан ийн өгүүлрүүн: Урагш давшъя, Ани
мөрөн энэ амуй. Үүнийг уруудан явъя хэмээв. Бид энэ голыг уруудан явав... Өдөр
шөнө моридоо хатируулан явж хиргис нарыг унтаж бүхийд тэднийг довтлон жадалж
зам нээв. Хан болон тэдний цэргүүд хорсон тул бид тэдэнтэй дайлалдаж дийллээ.
Бид тэдний ханыг алав. Хиргис улс хаанд ирж дагав. Бид буцаж Хөгмэн уулын нөгөө
талаар даван Хиргисээс ангижрав.
Түргэш хаанаас
туршуулын хүн ирж хэлсэн нь “ Зүүн хааныг дараар орцгооё. Бид түүнийг дарахгүй
ахул тэр баатар, түүний сайд мэргэн тул маныг мөхөөнө гэж хэлэв” хэмээв. Түргэш
өдгөө айсуу хэмээв. Арван нутгийн хамаг улс нэг мэт болж айсуу хэмээн тэр
хэлэв. Бас нанхиад цэрэг бэлэн буй хэмээв. Манай хаан эл үгийг сонсоод өгүүлсэн
нь: Би амраар гэртээ харьсугай хэмээв.
Хатан хальсны учир болой. Би түүнийг оршуулсугай хэмээн хаан хэлэв. Та нар
цэргийн хамтаар дайлаар ор хэмээн тэр хэлэв. Инель хаан ба Тардуш шад цэргийн
түрүү бол хэмээн тэр хэлэв. Мэргэн Тоньюкук надад хэлсэн нь: Чи энэ цэргийг удирд . Баруун Түрэгийг өөрөө
мэдэж дар. Тэд инагш ахул чи надад мэдээ илгээ. Тэд инагш ирэхгүй ахул санаа
амар тэнд хоцорч мэдээ чимээ хураа гэж тэр хэллээ. Бид Алтан уулнаа бүхийд гурван туршуул ирэв.
Тэдний мэдээ урьдын адил авай. Мэдээ нь ийн: Тэдний хаан цэргүүдийн хамтаар
айсуу. Арван нутгийн цэрэг нэгэн мэт айсуу. Тэд Ярыш хөндийд золготугай гэв
хэмээв. Би эл үгийг сонсож хаанд мэдээ хүргүүллээ. Хаанаас хариу илгээсэн нь:
Та нар санаа амар тэндээ хоцор. Харуул манаагаа хичээ. Дайсанд битгий гэнэд
хэмээн Бүгэхүй хаан надад зарлиг илгээв. Апа дархан цэргийн их жанжин надад
нууц зарлиг илгээсэн нь: Мэргэн Тоньюкук
өөрөө мэднэ. Тэр цэргийн хамтаар дараар оръё хэмээхүл түүний санаагаар бол
хэмээв. Би энэ мэдээг сонсмогц цэргийг урагш хөдөлгөж Алтан уулыг замгүй
газраар давж, Ирчис мөрнийг оломгүй газраар гаталж шөнө явсаар Болчуд өглөө
ирлээ.
Туршуулын хүнийг
авчирваас түүний үг нь: Ярышийн хөндийд арван түмэн цэрэг хурвай хэмээв. Энэ
үгсийг хамаг бэхи нар сонсож, буцъя. Ариунд бардамнахгүй бол сайн хэмээв.
Мэргэн Тоньюкук би хэлсэн нь: Бид Алтан уулыг давж энд ирлээ. Бид Ирчис голыг
гаталж энд ирлээ. Дайсан ману зоригтой, гэвч биднийг харсангүй. Тэнгэр умай, Богд Зарсув тэдний нүдийг халхлав. Бид юуны
учир дутаах гэж? Бид цөөн авч юуны учир
тэдэнд дийлэгдэх гэж? Бид тэднийг дараар оръё хэмээв. Маргааш өдөр нь тэд талын
түймэр мэт ирэхүй дор бид дайлалдав. Тэдний хоёр этгээдийн жигүүр нь манай
цэргээс нэгэн хувь олон авай... Тэнгэрийн ивээлээр бид тэднийг олон гэж эс
айлаа. Бид Тардуш шадыг даган дайлалдаж тэднийг дийлэн хааныг нь олзлов. Тэдний
явгу, шад нарыг тэд өөрсдөө алав. Тавиад хүнийг олзоллоо. Тэр шөнө тэдний улсад
тунхаг тархаав. Эл тунхгийг сонсож арван
отгийн бэхи нар ба улс иргэн дагалаа.
Бид ирсэн бэхи ба улсыг хурааж дутаан явсан зарим улсыг нэхүүлээр одуулав. Бид
бас явав. Янчуй голыг гаталж Тинаши, Огли, Затигман, Банлин уулыг даван Төмөр
хапаг хүртэл нэхэж гүйцээд буцав.
Инель хаанд ... Согдын
зарим улс, Сог тэргүүтэй ирж дагалаа. Эрт манай өвөг ба Түрэг улс эзгүй асан
Төмөр хапаг ба Тинаши, Огли, Затигман ууланд ирсэн билээ. Би өдгөө манай
цэргийг энэ газарт удирдан авчирсан нь шар алт, цагаан мөнгө, эмс охид ...
үлэмж эрдэнэсийг аван буцав. Элтэрэс хаан мэргэн бөгөөд баатар тул хорин долоон
удаа нанхиад лугаа дайлалдав. Долоон удаа Хятан лугаа дайлалдав. Таван удаа
Огус лугаа дайлалдав, түүний сайд би агсан бөлгөө. Түүний цэргийн түрүү би
агсан бөлгөө. Элтэрэс хаанд, Түрэгийн Билгэ хаанд.. Капган хаанд... шөнө нойр
ирэхгүй, өдөр амрыг олохгүй, улаан цус, хар хөлсөө асгаруулан хүчин тэнхээгээ
гаргаж хол замд тэднийг явуулав.
Элтэрэс хаан эс
хөдлөн, бас би түүнийг даган эс хөдөлсөн ахул ямар ч төр улс үгүй аху бөлгөө.
Тэр хөдөлж, бас би түүнийг даган хөдөлсний тул төр, төр болж, улс, улс боллоо.
Өдгөө би өтөлж насан өндөр болов... Мэргэн Тоньюкук би үүнийг түрэгийн Билгэ
хааны улсад зориулан бичүүллээ.
Элтэрэс хаан эс
хөдөлсөн буюу үгүй ахул Мэргэн Тоньюкук би эс хөдөлсөн аваас Капган хааны оронд
Түрэгийн улс гэр, хүн иргэн эзэнгүй аху билээ. Элтэрэс хаан ба мэргэн Тоньюкук
хөдөлсний учир Капган ба Түрэгийн улс мандаж өдгөөгийн энэ
Билгэ хаан Түрэг улсын ба Огус улсын хаан суулаа.