Эгч маань намайг
гараасаа салгадаггүй хүүхэд байж билээ. Нэгдүгээр ангийнхаа ёолконд
намайг дагуулаад яваваа. Манайх зуун айлд есдүгээр дэлгүүрийн тэнд, эгчийн
сургууль зургаан
буудалд. Хоёулаа автобусанд
чихцэлдэж явж очоод ёолкоо үзчихлээ. Буцаад харих гэтэл автобусандаа сууж
чаддаггүй ээ. Тэр үеийн автобус бол сүртэй байлаа. Буудлаасаа
өмнө зогсож
нэг хуйлруулаад л, буудлаа
өнгөрч зогсож
нэг уралдуулаад
л, зогсохоороо баахан хүн чихэж аваад хэдэн удаа тормос гэдэг юм гишгэж чигшиж, чигшиж л явдаг байлаа.
Ийм л их үймээн дунд эгч автобусанд сууж би үлдэж, хоёулаа салчихлаа. Би төөрөв. Яахав уйлаад
л зам дагаад алхлаа. Нэг морин тэрэгтэй өвгөн таарсан. Одоо бол хүний наймаанд явсаан. Гэтэл намайг хараад хэн нэгэнтэй нь
адилхан санагдсан шиг байгаа юм, гэртээ аваачин цай цүү болон жаахан дулаацуулж
аваад шалгааж
шалгааж гэрийн чиг олж авсан биз намайг хөтлөөд зам
дагаад алхаж явтал нэг хүн толгой өргөн “за энд юу хийж яваа
билээ” гэхэд, харсан аав. Би гэж хүн газар ширтээд л уйлж явахгүй юу. Эгч
гэртээ уйлж
унжсан амьтан ороод л хавийг сандаргаж, тэгээд л хуваагдаж аваад хайж явсан нь
энэ байж. Аавтайгаа байх сайхан шүү...
Миний аав Ядамын
Нархүү Ховд
аймгийн Дарви сумын уугуул. 1943 онд Ядам, Аюур нарын наймдахь хүү болон
мэндэлж 1951 онд буюу
есөн настайдаа Улаанбаатар хотноо шилжэн ирж 23 дугаар сургуульд
орж суралцан төгсөөд 1968 онд Москва хотын Ломоносовын нэрэмжит их сургуулийг
дүүргэсэн социализмын үеийн сэхээтнүүдийн нэг.
Аавын минь найз ШУА-ын
бага чуулганы гишүүн эрдэс судлалын ухааны доктор профессор П.Дугараа гуай
ингэж дурссан байдаг.
Бидний дунд
Улаанбаатар хотын 23-р сургууль төгссөн Я.Нархүү гэж бяцхан борхүү геохимичээр
суралцаж байлаа. Тэрбээр авъяас билэг тэгш нэгэн,
ихээхэн оролдлоготой, хөдөлмөрч хичээнгүй, цаг хатуу баримталдаг, урлаг спортын
төрөл бүрийн авъяастай, ялангуяа хөлбөмбөгийн хорхойтон “Торпедо” багийн
тууштай дэмжигч байсан юм. Бидний оюутан цагийн олон сайхан дурсамжит үйл
явдлын дундаас манай
Нархүү амьдралын ханиа сонгон физикийн факультетын С.Сэлэнгэтэй
хуримласан тэр мөчийг мартахын аргагүй. 1966 оны нэгдүгээр сард Москвагийн их
сургуулийн “Г” корпусын амралтын өрөөнд дотно найзуудын хамт хуримаа хийж гал
голомтоо бадрааж байж билээ.
Олон жил үерхсэн найз нь найзынхаа тухай ингэж дурссан байдаг.
Аав минь 1968-1974 онуудад Чойрын геологийн удирдах газрын Монгол-Болгарын хамтарсан Дэлгэрэх,Буянтын анги мөн Улаанбаатар хотын геологийн удирдах газрын Жанживлангийн ангид инженер , ангийн дарга, ерөнхий инженерээр ажиллаж байлаа.
Энэ үед аав маань
“Хайгуулчин” сэтгүүлийг санаачлан гаргаж нарийн бичгийн даргаар нь ажиллан
мэргэжлийн эрдэм шинжилгээний хэд хэдэн өгүүлэл нийтлүүлсэн байдаг.
"Хайгуулчин" сэтгүүл гарснаар аавын минь мэргэжил геологичид тэр
үеийн соц орнуудын геологийн эрдэм шинжилгээний материалуудыг эх хэлээрээ
уншихаас гадна өөрийн орны геологчдын судалгаа шинжилгээний тухай санал
солилцох өргөн боломж нээгдсэн байх. Энэ сэтгүүлийн дугаарууд манай гэрт үргэлж л байдагсан.
Аав минь 1974 оны
аравдугаар сараас Түлш Эрчим Хүч Геологийн яамны ЭЗХТЗ-ын геологийн
салбарын байнгын комиссын Монголын төлөөлөгчийн газрын нарийн бичгийн даргаар
ажиллан 1982 оноос Эрчим Хүч Уул Уурхайн Үйлдвэр Геологийн Яамнаа гадаад харилцаан
газрын дарга, 1988 оноос тус яаманд гадаад харилцаан хэлтсийн даргын ажил хийж байгаад 1990 оны
шинэ цагтай золгосон.
Миний аав Монгол улсын болон ЗХУ, БНПАУ, БНСЧСУ-ын тэргүүний геологич хүн.
Миний аав Монгол улсын болон ЗХУ, БНПАУ, БНСЧСУ-ын тэргүүний геологич хүн.
Таван хүүхэд төрүүлэн алдарт эх болсон миний хайрт ээж аавыг минь дурсан өөрөө ая зохион ийнхүү шүлэглэсэн.
Хайгуулчны аян
Зүйргүй сайхан энэ л нутгийнхаа
Зүйлийн гоёмсог эрдэнэсийг хайгаад
Хонгор жаахан чамайгаа би чинь
Холын аяндаа дуулж л явна аа
Аа аа аа
Алсын аяндаа сайн явна аа
Үлгэрийн сайхан энэ л нутгийнхаа
Үзэсгэлэн төгс эрдэнэсийг нээгээд
Үлэмжийн хайртай чамайгаа би чинь
Өр зүрхнээсээ үгүйлж явна аа
Аа аа аа
Аяны зам минь олзтой явна аа
Тавилан ерөөлтэй энэ л нутгийнхаа
Тансаг баян эрдэнэсийг нээгээд
Дотны хайртай чамайгаа би чинь
Догдлох сэтгэлдээ мөрөөдөж явна аа
Аа аа аа
Аа аа аа
Амраг чамдаа яарч явна аа
Гоё дуулсан байгаа биз. Үнэхээр сайхан аав ээжийн хүүхдүүд бид.
Аав минь ид бүтээж хийх дөчин есөн насандаа
бурханд чухалчлан биднийг орхин одсон ч гэлээ энхрий хайрт ээжтэй минь, үр
болсон бидэнтэйгээ, үлдэж хоцорсон төрөл төрөгсөдтэйгээ үргэлж л хамт л байгаа гэж боддог.
Таны хайрт хань тань, төөрч гүйж явсан таны хоёр хүүхэд, тэр бөмбөг хөл нь дундуур нь гарсан дунд охин чинь , түүний дараахь мэнгэтэй бор хүү , үргэлж эрхүүлдэг хэнзхэн бага охин чинь, таны анхны хайртай ач тань бид бүгдээрээ л таныг үгүйлж сууна. Таны үр ач чинь улам олон болж байна даа, ааваа...
Ай аав минь.
ReplyDeleteМиний аав ч бас геологич байсан даа. Нүүрс, шатах ашигт малтмалын Бат-Эрдэнэ гэж. Бие биеэ таньдаг байсан байх даа. Хөөрхий, бас л бурхан болсон.
ReplyDeleteМэдээж таньдаг л байж таараа. Аавтайгаа байх сайхан шүү! Тэд маань биднийгээ харж л суугаа даа.
Delete