12.12.2013

Нутгийн тухай хэдэн домог


Сутай хайрхан
Ноён оргил Цаст богд нь далайн түвшнээс дээш 4250м өндөрт байх 60 км сунаж тогтсон Сутай хайрхан уул нь Говь-Алтай аймгийн Тонхил, Дарви Ховд аймгийн Цэцэг, Дарви сумдын дунд оршдог  араараа хар модон ойтой Алтайн нурууны 13 мөнх цаст уулсын нэг. Газрын зурагт 4090м өндөр гэж тэмдэглэсэн байдаг ч 2000 оны намар авирсан уулчид Сутай уулыг 4234м өндөр гэж тодорхойлжээ. Сүү сааль арвин сарлаг ихтэй энэ хайрханыг Сүүтэй уул гэж нэрлэдэг байсан гэдэг. Хайрханы өврөөс Усан зүйлийн гол эх авч Тонхил нуурт цутгана. Аргал, янгир, ирвэс, үнэг, чоно гээд ан амьтан элбэг. Сутай хайрханы өврийн нэг бага шиг өндөрлөг дээр Их овоо гэж дээр үеэс тахиж ирсэн овоо бий. 2008 оноос Ерөнхийлөгчийн зарлигаар Их овоог тахиж Сутай хайрханыг төрийн тахилгатай болгосон.
Олон зуун жил үржил шимт уулаа түшин арвин баян таван хошуу малаа адгуулан маллаж ирсэн нутгийн олон энэ уулынхаа нэрээр нэршсэн өгөөж арвинтай "Сутай" омгийн хундан цагаан хонь гарган авчээ. Сутай нутагт унааны ганц морьтой ирсэн харь хошууны ард нутгийн ардаас цөөн тооны хонь худалдан авч хөлжөөд хот дүүрэн хоньтой болсон цагаа энэ буянт уул халзан цагаан хонин сүргийн өлзий хишиг дүүрэн Сүмбэр цагаан алтай юм даа гэж ерөөж байсан домогтой гэдэг.Сутай уулын мөнх цагаан оргилыг нутгийнхан бум буман хонин сүргийн хишиг даллагатай уул гэдэг.
Сутай уулын мөнх цаст оргилоос олон гол эх авч урсдагийн дотроос хамгийн үзэсгэлэнтэй нь улиас, бургас, хар модон төгөл ойтой Цагаан голын уулзвараас эх авсан Мөрөнгийн голын хөндий юм. Уг хөндий 50 гаруй км үргэлжилж Хөвхөрийн хойт үржил шимт хөрсийг усжуулан хадлан, тариалангийн арвин ургац бүхий нугат хөрсийг ундаална.  Сутай хошууны бөх Жамбал 1920 оны үед Хойд голд тарьсан тариагаа усалчихаад Мөрөнгийн хөндийг өгсөж явахдаа Даачингийн аманд цагаан цэргийн дээрэмчидтэй дайралдаж арваад цэргийг морин дээрээс нь гуд татаж байгаад хүчинд дийлдэн баригдаж Цагаан арын суурин хүртэл 10 гаруй км моринд чирэгдэн ирж цагаан цэргийн гарт амь үрэгдсэн байна. Энэ бөхийн гуталтай асар том хөл Тайжийн хар гэдэг газарт байсантай дайралдсан төвд шинжээч Сутай уулын модтой зоо Мөрөн голын усыг дагаж тэнхээтэй бөх төрөх нутаг байна даа гэсэн домогтой.
1940-1950 иад оны заагт Монголын баруун хязгаарын олон түмний амгалан байдлыг алдагдуулж эд хөрөнгийг тонон дээрэмдэж байсан Оспаны дээрэмчид Дэтэгийн даваагаар давж Мөрөнгийн голыг гатлан уругшаа эргэж нутгийн олныг тонон дээрэмдэх гэсэн боловч голын ус гэнэт үерлэн улаан хоормогоор эргэлдэн гаргаагүй учир хойшоо эргэж Алтан тээлийн хөндийд захчин Тогсойн мэргэн суманд ахлагч нь алагдан буцсан домогтой. 
Дарвийн нуруу
Манай нутагт олон зуун жилийн тэртээ төрөлх нутгаа харийн дайсан Манжуудаас хамгаалалах шударга түмний тэмцэл өрнөж байсан үед гэнэ. Өөлдийн Шар  баатар гэж атаатныг дарахад ялалттай ирдэг, авд унахад ганзагатай явдаг, жолоо юугий нь татахад жороолонхон бөмбөлздөг, цулбуур юугий нь татахад цулгуйхан хатирдаг давирсхийгээд хөдлөхөд давхийгээд цойлдог Дарви хээр нэртэй даамай сайхан ажнай хүлэгтэй юмсанжээ.
Гэтэл манжийн хааны Хар баатар гэгч харагдаж үзэгдсэн бүхнээ хурмын төдийд хиаруулж устгадаг далдын ид шидтэй, тун ч олон цэрэгтэйгээ довтлон ирэхэд нь Дарви хээр нэртэй даамай хурдан хүлэг морио эмээллэн унасан Өөлдийн шар баатар одтой шөнө ч тулалдана, нартай өдөрч дайтна хэмээн домогт Хүйсийн говийн захад дайчин нөхдийнхөө хамт амдан тосож байлджээ. Тэрсэлдэгч хоёр баатар эр чадал, эрхий мэргэнээ сорилцон, эрэгчин эмэгчнээ үзэн эрслэн тулалдахад холын хоёр уул нийлэн, хонхор газар овойж, тэнгэр огторгуй нэг харанхуйлж нэг онгойж, ус нэг үерлэн нэг татарч, үй олон түмэн үймэн шуугиж байсан гэнэ.

Өөлдийн Шар баатар дарвидаг хээр морьтойгоо сайн өртөө газар сайварлуулан хулжиж очоод мэхийдэггүй мэргэн нумаа мэхийлгэн татаж, мэнчийдэггүй эрхий хуруугаа мэнчийтэл хантайрч манжийн Хар баатрын өр зүрхэнд нь онилон харваж, ор сураггүй болтол нь намнахад нар нэг мандаж, навч цэцэг нэг дэлгэрч, сар нэг гарч, сайхан бүхэн цогцолж гэнээ.
Ингээд Өөлдийн Шар баатар үлдсэн дайсныг дарахаар урд зүгийг чиглэх болсонд унасан морь нь сульдсан учир  хайрт хүлэгтээ зориулан овоо босгож үлдээгээд тэр газраа Дэл Цахир гэж нэрлэсэн гэнэ. Учир нь Дарви хээр нь цахир дэлтэй морь байжээ. Уул овоог босгоход баатрын тушаалаар цэрэг бүр нэг чулуу тавьж босгосон гэх тул тэр баатрын хичнээн цэрэгтэй явсныг мэдье гэвэл Дарвийн нурууны "Алаг нянгар" гэдэг уулан дээрх овооны чулууг тоолбол мэдэх юм гэлцдэг. Сульдаж хоцорсон Дарви хээр тэнхэрч хожим нь овоо тахилгын наадамд олон удаа түрүүлж ихэд алдаршжээ. Уг морины нэрээр түүний идээшиж тэнхэрсэн их нурууг Дарвийн нуруу гэж нэрлэх болсон байна.

Бандийн  худаг                                                
Ховд аймгийн Дарви сумын Мөнгөн аяга багийн нутаг  Бумбат хайрхан уулын баруун салаан дунд Цагаан  сайрт Бандийн худаг гэж ус ундарга сайтай дундардаггүй  чулуун хашлага бүхий гар худаг байдаг.Эзэрхэг засаг манжийн ноёрхлын үед Ванжирбанди хэмээх нэгэн эгэл ард Дарвийн нуруунаас гурван өртөө  илүү энэхүү газарт ирж суурьшин  ус ундгүй боловч буян заяа дэлгэрсэн Бумбат хайрханыхаа энэ л суганд ус худаг гарган үр хүүхдээ өсгөн өндийлгөж мал сүргээ арвин баян болгоё гэж шийдэн хатуу чулуун дэвсэг бүхий  энэ газрыг сонгон авч олон хоногоор малтсан юм гэнэ билээ.Эхнэр Үвдэл нь эр нөхрөө өрөвдөн энэ чулуун дундаас ус худаг гарах болов уу, лус савдаг  хилэгнүүлж орхих вий гэхэд бид гурван сайхан хүү нэг сайхан охиныхоо тоогоор дөрвөн алд   ухахад ус гарна гээд олон хоногоор ухаж ус гаргаад   нутаг олноороо цуглаж  газар усаа аргадан тахиулсан гэдэг. Тэр цагаас хойш олон арван жил өнгөрч Ванжирбандийн үр удам өнөр өтгөн болж хонгор голдуу адуун сүрэг нь хошуу нутагтаа алдаршиж  олон  алд  тэр худгийг Бандийн худаг гэж нэрлэн нутаг нугын олон ус ундаргыг нь хүртэж ирсэн түүхтэй юм гэнэ.
Жанжин овоо
Дөргөн гэж сайхан нуур Говь-Алтай, Завхан, Ховд аймгийн заагт байх. Энэ нуур Хомын хоолойгоор Хар нууртай холбогдоно.Түүний урд эрэгт Жанжин овоо гэж нэгэн сүрлэг овоо бий. Эрт цагт  нуур хавийн газар нутаг догшрон өвс  ургамал гандаж хүн малгүй  хэдэн жил зовжээ. Тэгээд нутаг усаа аргадан тахиж наадам хийсэн гэнэ. Тэгтэл нэг мэргэн хүн хэлж байна. Энэ наадамд жаахан охин унасан  шарга морь тасархай хол түрүүлж ирнэ. Тэр бол хүн биш,чөтгөр.Түүнийг барьж үгүй хийвээс өвс ургамал дэлгэрч ард олон амрана гэж. Хүмүүс түүний хэлснээр түрүүлж ирсэн морь хүүхдийг барьж  чулуугаар дарж овоо босгосон энэ Жанжин овоо. Үнэхээр ч тэр хүүхдийн эцэг эх,морины эзэн  гэж гарч ирээгүй гэдэг. 

No comments:

Post a Comment