12.17.2013

Аавыгаа санаж байна, би... Миний аавыг Ядамын Нархүү гэдэг




Хүн бүрт л аавын тухай сайхан дурсамж зөндөө л байдаг. Миний аав геологич, геохимич хүн . Монголын анхны геохимичдын нэг . Биднийг бага байхад  бага гэлтгүй хэдэн жаахан хүүхдээ дагуулаад  л хөдөө их явдагсан. Зарим хүмүүс багын явдлаа хэлд орсноосоо  эхлээд  л  тэгж байсан, ингэж байсан гээд л ярьдаг. Минийх бол өөр, их сүүлд. Дөрөв тавтай л байсан байх нэг сайхан өвстэй ургамалтай, цэцэгтэй  навчтай уулын оройд тоглож байгаад миний өнхрүүлсэн  бөмбөг  дүүгийн маань хөлний дундуур гараад доошоо өнхөрчихөж билээ. Их л том бөмбөг байсан санагддаг юм, лав л хаяагүй байх, тэрийг авчирсан хүн нилээн алхсаан.

Эгч маань намайг гараасаа салгадаггүй хүүхэд байж билээ.  Нэгдүгээр  ангийнхаа ёолконд намайг дагуулаад яваваа. Манайх зуун айлд есдүгээр дэлгүүрийн тэнд,  эгчийн сургууль  зургаан буудалд. Хоёулаа  автобусанд чихцэлдэж явж очоод ёолкоо үзчихлээ. Буцаад харих гэтэл автобусандаа сууж чаддаггүй ээ. Тэр үеийн автобус бол сүртэй байлаа.  Буудлаасаа өмнө  зогсож нэг хуйлруулаад л,  буудлаа өнгөрч  зогсож нэг  уралдуулаад л, зогсохоороо баахан хүн чихэж аваад хэдэн удаа  тормос гэдэг юм  гишгэж  чигшиж,  чигшиж  л явдаг байлаа. Ийм л их үймээн дунд эгч автобусанд сууж би үлдэж, хоёулаа салчихлаа. Би төөрөв.  Яахав  уйлаад л зам дагаад алхлаа. Нэг морин тэрэгтэй өвгөн таарсан. Одоо бол хүний наймаанд явсаан. Гэтэл намайг хараад хэн нэгэнтэй нь адилхан санагдсан шиг байгаа юм,  гэртээ аваачин цай цүү болон жаахан дулаацуулж аваад   шалгааж шалгааж гэрийн чиг олж авсан биз  намайг хөтлөөд зам дагаад алхаж явтал нэг хүн толгой өргөн  “за энд юу хийж яваа билээ” гэхэд,  харсан аав.  Би гэж хүн газар ширтээд л уйлж явахгүй юу. Эгч гэртээ уйлж унжсан амьтан ороод л хавийг сандаргаж, тэгээд л  хуваагдаж аваад  хайж явсан нь  энэ байж.  Аавтайгаа байх сайхан шүү...

Миний аав Ядамын Нархүү  Ховд аймгийн Дарви сумын уугуул.  1943 онд  Ядам, Аюур нарын наймдахь  хүү болон мэндэлж 1951 онд  буюу есөн настайдаа Улаанбаатар хотноо шилжэн ирж  23 дугаар сургуульд орж суралцан төгсөөд 1968 онд Москва хотын Ломоносовын нэрэмжит их сургуулийг дүүргэсэн социализмын үеийн  сэхээтнүүдийн нэг.
Аавын минь найз ШУА-ын бага чуулганы гишүүн эрдэс судлалын ухааны доктор профессор П.Дугараа гуай ингэж дурссан байдаг.

Бидний дунд Улаанбаатар хотын 23-р сургууль төгссөн Я.Нархүү гэж бяцхан борхүү геохимичээр суралцаж байлаа. Тэрбээр авъяас  билэг тэгш нэгэн, ихээхэн оролдлоготой, хөдөлмөрч хичээнгүй, цаг хатуу баримталдаг, урлаг спортын төрөл бүрийн авъяастай, ялангуяа хөлбөмбөгийн хорхойтон “Торпедо” багийн тууштай дэмжигч байсан юм. Бидний оюутан цагийн олон сайхан дурсамжит үйл явдлын дундаас  манай Нархүү  амьдралын ханиа сонгон физикийн факультетын С.Сэлэнгэтэй хуримласан тэр мөчийг мартахын аргагүй. 1966 оны нэгдүгээр сард Москвагийн их сургуулийн “Г” корпусын амралтын өрөөнд дотно найзуудын хамт хуримаа хийж гал голомтоо бадрааж байж билээ.




Олон жил үерхсэн найз нь найзынхаа тухай ингэж дурссан байдаг. 
Аав минь  1968-1974 онуудад Чойрын геологийн удирдах газрын Монгол-Болгарын хамтарсан Дэлгэрэх,Буянтын анги  мөн  Улаанбаатар хотын геологийн удирдах газрын Жанживлангийн ангид инженер , ангийн дарга, ерөнхий инженерээр ажиллаж байлаа.
Энэ үед аав маань “Хайгуулчин” сэтгүүлийг санаачлан гаргаж нарийн бичгийн даргаар нь ажиллан мэргэжлийн эрдэм шинжилгээний хэд хэдэн өгүүлэл нийтлүүлсэн байдаг. "Хайгуулчин" сэтгүүл гарснаар аавын минь мэргэжил геологичид тэр үеийн соц орнуудын геологийн эрдэм шинжилгээний материалуудыг эх хэлээрээ уншихаас гадна өөрийн орны геологчдын судалгаа шинжилгээний тухай санал солилцох өргөн боломж нээгдсэн байх. Энэ сэтгүүлийн  дугаарууд манай  гэрт үргэлж л байдагсан.


Аав минь 1974 оны аравдугаар сараас Түлш Эрчим Хүч Геологийн яамны  ЭЗХТЗ-ын геологийн салбарын байнгын комиссын Монголын төлөөлөгчийн газрын нарийн бичгийн даргаар ажиллан 1982 оноос  Эрчим Хүч Уул Уурхайн Үйлдвэр Геологийн Яамнаа гадаад харилцаан газрын дарга, 1988 оноос тус яаманд гадаад харилцаан хэлтсийн  даргын ажил  хийж байгаад 1990 оны шинэ цагтай золгосон.

Миний аав Монгол улсын болон  ЗХУ, БНПАУ, БНСЧСУ-ын тэргүүний геологич хүн.











Таван хүүхэд төрүүлэн алдарт эх болсон миний хайрт ээж аавыг минь дурсан өөрөө ая зохион ийнхүү шүлэглэсэн.

                             Хайгуулчны аян
Зүйргүй сайхан энэ л нутгийнхаа
Зүйлийн гоёмсог эрдэнэсийг хайгаад
Хонгор жаахан чамайгаа би чинь
Холын аяндаа дуулж л явна аа
Аа аа аа
Алсын аяндаа сайн явна аа
Үлгэрийн сайхан энэ л нутгийнхаа
Үзэсгэлэн төгс эрдэнэсийг нээгээд
Үлэмжийн хайртай чамайгаа би чинь
Өр зүрхнээсээ үгүйлж явна аа
Аа аа аа
Аяны зам минь олзтой явна аа
Тавилан ерөөлтэй энэ л нутгийнхаа
Тансаг баян эрдэнэсийг нээгээд 
Дотны хайртай чамайгаа би чинь
Догдлох сэтгэлдээ мөрөөдөж явна аа
Аа аа аа
Амраг чамдаа яарч явна аа

Гоё дуулсан байгаа биз. Үнэхээр сайхан аав ээжийн хүүхдүүд бид.
Аав минь ид бүтээж хийх дөчин есөн насандаа бурханд чухалчлан биднийг орхин одсон ч гэлээ энхрий хайрт  ээжтэй  минь,  үр болсон бидэнтэйгээ, үлдэж хоцорсон төрөл төрөгсөдтэйгээ  үргэлж л  хамт л байгаа гэж боддог.

Таны хайрт  хань тань, төөрч гүйж явсан таны хоёр  хүүхэд,  тэр бөмбөг хөл нь дундуур нь гарсан дунд охин чинь  , түүний дараахь мэнгэтэй бор хүү ,  үргэлж эрхүүлдэг хэнзхэн  бага охин чинь, таны анхны хайртай ач тань  бид бүгдээрээ л  таныг үгүйлж сууна. Таны үр ач чинь улам олон болж байна даа, ааваа...

3 comments:

  1. Миний аав ч бас геологич байсан даа. Нүүрс, шатах ашигт малтмалын Бат-Эрдэнэ гэж. Бие биеэ таньдаг байсан байх даа. Хөөрхий, бас л бурхан болсон.

    ReplyDelete
    Replies
    1. Мэдээж таньдаг л байж таараа. Аавтайгаа байх сайхан шүү! Тэд маань биднийгээ харж л суугаа даа.

      Delete