12.04.2020

Пазырыкийн соёл


Пазырыкчуудын үлдээсэн дурсгал зөвхөн манай улсаар хязгаарлагддаггүй. Алтайн уулс буюу баруун хязгаарт оршиж байсан нь тэднийг судлах, Монголын эртний бусад соёлуудтай хэрхэн холбогдох тухай тодруулах зайлшгүй шаардлагыг бий болгодог юм.

Пазырыкчуудтай холбогдох соёлын судалгаа сайн хийгдсэн бөгөөд ингэж хөгжихөд Пазырыкийн мөнх цэвдэгт хадгалагдсан булшнуудаас гарсан онц сайн хадгалалттай эд өлгийн зүйлс гол тулгуур болсон байдаг. Пазырыкийн соёлын зарим ололт нь хожим Хүннүгийн үед ч, Түрэгийн үед ч, Монголын үед ч давтагдаагүй өндөр түвшинд хүрч хөгжсөн байна. Жишээлбэл тэдний модон сийлбэртэй дүйцэх өөр цаг үеийн дурсгал илрээгүй юм.

Монгол Алтай болон хил залгаа Орос, Хятад, Казакстаны Алтайд НТӨ 6-2-р зуунд холбогдох нэгэн соёл оршин тогтнож байсан нь пазырыкийн соёл билээ. Алтайд пазырыкийн эрин эхэлснээр энэ нутагт олон өөрчлөлт гарсан. Үүнд, газар нутгаа дорно болон умар зүг тэлсэн, нийгмийн бүтцэд эрс өөрчлөлт гарсан, хүн ам өсөж, сүсэг бишрэлд өөрчлөлт гарсан (хуучин тахилгын төвүүд хаягдаж, буган хөшөө босгохоо больсон гэх мэт) зэргийг дурдаж болно.

Орос Алтайн зүүн өмнөд хэсэг Монгол, Хятадын хилийн заагт Үхэгийн (Укок) хөндийгөөс мөнх цэвдэг бүхий пазырык булшнуудыг илрүүлсэн бөгөөд малтлагаас онцгой сайн хадгалалттай эрэгтэй эмэгтэй хүний занданшуулсан шарил, олон тооны мод, арьс, эсгий, алт, хүрэл, төмөр эдлэлүүд гарсны зарим нь урлагийн дээд зэргийн бүтээлүүд байжээ. Мөн жирийн булшнаас огт гардаггүй задарч үгүй болсон байдаг органик эд зүйлс (мод, эвэр, арьс шир, үс, даавуу торго гэх мэт) мөнх цэвдэгийн улмаас сайн хадгалагдан үлдсэн байна. Алтайн өндөр уулын бүсэд байх мөнх цэвдэгтэй эдгээр булш өдгөө нийт хүн төрөлхтний соёлын чухал өвд тооцогдож байгаа бөгөөд олон нийтийн анхаарлын төвд байнга байсаар байна.

Он цаг, угсаа гарвал. Пазырыкийн соёлын судалгааны олон асуудлууд шийдэгдээгүй байна. Уг соёлын он цагийг олон хувилбараар дэвшүүлж байгаа ч олонхийн дэмжлэг авч байгаа үечлэл нь доорхи үечлэл юм.

-НТӨ 6-5-р зуунд холбогдох пазырыкийн соёлын түрүү үе

-НТӨ 5-4-р зуунд холбогдох жинхэнэ пазырыкийн үе

-НТӨ 3-2-р зууны эхэнд холбогдох хожуу пазырыкийн үе болно.

Пазырыкийн булшинд хүнээ баруун талаар нь хэвтүүлж толгойг нь зүүн зүгт хандуулж оршуулдаг. Гэтэл зарим булшинд хүнээ зүүн талаар хэвтүүлж, толгойг нь баруун зүг хандуулах тохиолдол ч байна. В.Д.Кубарев нэрын эрдэмтэд пазырыкийн соёл гэдэг нь олон аймгаас бүрэлдсэн холбоо мөн гэж үздэг нь нэлээд бодитой төсөөлөл юм. Пазырыкийн соёлын гарал үүслийн асуудал ч маргаантай бөгөөд НТӨ 9-7-р зуун буюу түрүү скифийн үед Алтайд уг соёлоос өмнө майэмирийн гэж нэрлэгдэх археологийн соёл байсан билээ.

Энэ нь пазырыкийн соёлоос олон талаараа эрс ялгаатай. Ийм эрс өөрчлөлт гарсан шалтгааныг зарим эрдэмтэд шинэ үндэстэн нүүдэллэн ирсэнтэй холбон тайлбарлаж байна. Тухайлбал Л.С.Марсодолов НТА 585 онд киммерчүүд Ойрхи дорнодоос мидий ба лидийчүүдэд хөөгдөж улмаар Алтайд нүүдэллэн ирсэн гэж байгаа бол П.И.Шульга Казакстаны магадгүй Дорнод Туркестаны сакчуудаас гаралтай гэж үзсэн байна.

Мөн Пазырыкийн соёлыг үлдээгч ард түмэн бол хятадын түүхэнд нэр нь гардаг юэчжи нар мөн хэмээн С.И.Руденко, Д.Г.Савинов нар үздэг. Харин пазырыкийн соёлд алтаар бүрсэн грифоны дүр элбэг тохиолддог баримтыг түшиглэн эртний грекийн түүхэн зохиолуудад нэр дурдагддаг “Алт хамгаалагч грифон”-ы аймаг нь пазырыкчууд мөн гэсэн таамаглал дэвшүүлсэн. Харин генетикийн судалгаанд үндэслэвэл пазырыкчууд нь өдгөөгийн самоди хэлний бүлэгт хамаарах үндэстэн байсан гэж үзэх үндэслэлтэй аж. Уг судалгааг хийсэн В.И.Молодин НТӨ 2-р зуунд хүннү нарт бут цохигдсон пазырыкчуудын дийлэнх хэсэг умар зүг дүрвэж Обь мөрөн түүнээс ч хойд зүг тайгийн гүн рүү одсон бол цөөнх хэсэг нь кара-кобины гэж нэрлэгддэг чулуун авсат булштай хүн амын хамт уугуул нутагтаа үлдэж хүннүгийн нөлөөнд орсон байна гэж үздэг.

Пазырыкийн булш. Ховд аймгийн нутагт цөөн газарт Пазырыкийн булш илрүүлсэн нь уг соёлын тархалтын зүүн хязгаарыг тогтоож өгсөн ач холбогдолтой юм. Хамгийн анхны малтлага 2005 онд Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Бага түргэний голд хийгдсэн байна. Харин Улаанхус сумын нутаг Олон гүүрийн голд малтсан нэг булш нь хагас цэвдэгийн байдалтай байсан тул онцгой сайн хадгалалттай оршуулгын дүнзэн бунхан, бүрэн хувцас хэрэглэл бүхий дайчин баатрын хагас занданшсан шарил, гоёл чимэглэл ба зэр зэвсгийн өвч тоноглол зэрэг гарчээ. Уг малтлага нь тухайн жилийнхээ шилдэг археологийн нээлтэд тооцогдож байсан.

Одоогоор Монголд малтан судлаад байгаа 40 гаруй булшийг Баян-Өлгий аймгийн баруун хагаст Хотон Хурган нуурын сав, Цагаан салаа Бага Ойгорын голын хөндий, Цагаан гол ба Ховд голын сав дагуу судалсан байдаг. Эдгээр булш нь дийлэнхдээ тухайн нийгмийн эгэл иргэд, дайчин баатар эрс, эмэгтэйчүүд, хүүхдийн булш болно. Ховд голын ай савд багтах Цагаан асгын булшнууд дийлэнх нь тоногдсон байдаг бол Хотон Хурган нуур ба Цагаан голын хөндийд байх булшнууд огт хөндөгдөөгүй, сайн хадгалалттай байжээ.

Булшнууд ихэвчлэн бүлэглэж байрлах бөгөөд урдаас хойш чиглэсэн нэгэн эгнээг үүсгэдэг нь тухайн үеийн овгийн буюу айл гэрийн байрлалыг дагасан хэрэг болно. Ингэхдээ наран ургах зүгийг эрхэмлэн булшны амыг харуулан байрлуулдаг байсныг зүүн зүгт чиглүүлэн босгосон зэл чулуудаас харж болно. Ийм зэл чулуудыг 1-17 хүртэл тоотой босгодог. Ерөнхий хэлбэр байдал нь эртний түрэгийн тахилын байгууламжид байдаг зэл чулуудтай адил юм.

Олонхи булшны баруун болон зүүн талд жижиг хэмжээний чулуун дараас үйлдэж доор нь мал амьтны шатаасан яс хийдэг байжээ. Булшны дараасыг дан чулуугаар сүрлэг том хэмжээтэй хийдэг. Хамгийн жижиг нь 5 метр голчтой байх бол хамгийн том нь 18 метр бөгөөд хамгийн өндөр нь 80 см байна.

Дараасийн төв дунд оршуулгын нүх бий. Тухайн булшны том жижгээс хамаарч нүхний хэмжээ янз бүр. Нүхэнд чулуу дүүргэж чигжээс хийсэн байхын дээрээс шургааг модоор нэмэлт бэхэлгээний бүтэц байгуулсан нь ч тохиолддог. Өнгөн хөрснөөс доош 4 метр хүртэл гүнд оршуулгын мод болон чулуун байгууламж байдаг.

Нэг булшинд 1-7 хүртэл хүнийг тавьсан байдаг ч ихэвчлэн 1-2 хүн оршуулсан байна. Булшинд нас барагчид зориулан олон төрлийн эд өлгийн зүйлс дагалдуулдаг аж. Зарим сонирхолтой баримтаас дурдвал, модон царан дээр хонины ууц, сүүл тавиад төмөр юм уу хүрэл хутга дэргэд нь тавьсан байдаг. Харин модон юм уу шавар саванд сүү цагаан идээ, магадгүй шөл зэргийг хийж тавьдаг байжээ. Бунхан болон авсны хойд талаас тоног хэрэгслийн хамт оршуулсан хойлгын адууны бүтэн яс гардаг. Нэг булшинд 5 хүртэл адуу дагалдуулсан булш Монгол Алтайд илэрч байсан байна. Эдгээр адууны аманд төмөр амгай зуулттай, гэдсэн доор оломны ясан арал олдох нь элбэг. Цөөн тохиолдолд модон сийлбэртэй хазаарын чимэглэлүүд бүхий бүрэн тоног хэрэгсэл гарсан. Баян-Өлгий аймгийн Сыргаль 3 оршуулгын газрын 1-р булшнаас гарсан 4 адууны 2 нь бүрэн тоногтой байснаас нэг адууны хазаар нь грифоны дүрстэй сийлбэр бүхий чимэглэлтэй, нөгөө хазаар нь гахайн соёо хэлбэрийн модон чимэглэлтэй байжээ.

Пазырыкийн язгууртны том булшнууд хэдийгээр эгэл ардын булштай төстэй бүтэцтэй боловч хэмжээний хувьд харьцангуй том байдаг. Энэ нь 60 метр голчтой дугуй хэлбэртэй бөгөөд 7 метр хүртэл гүнтэй оршуулгын нүхэнд 2 метр хүртэл өндөртэй дүнзэн бунхан босгосон байдаг ажээ. Ийм булшинд 22 хүртэл тооны адуу морь хойлголдог.

Пазырыкийн хадны зураг. Пазырыкийн хадны зургийн дурсгалууд Алтайн археологийн чухал өвд тооцогдоно. Эдгээр зураг нь тэдний ахуй амьдрал, эрхлэх аж ахуй, сүсэг бишрэлийг судлах чухал хэрэглэгдхүүн болдог. Монголд Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Цагаан салаа-Бага Ойгор, Цэнгэл сумын Шивээт хайрхан зэрэг газарт хамгийн том бөөгнөрөл байдаг.

Алтайн хадны зурагт Пазырыкийн урлагийн үндсэн дүрүүд болох амьтад бараг бүгд дүрслэгдсэн байх боловч шувуу, загас харьцангуй ховор үзэгдэнэ. Хадны зурагт буй эдгээр амьтдын дүрслэл булшнаас гардаг урлагийн зүйлтэй харьцуулахад нэлээд болхи байдаг нь зүй ёсны хэрэг юм.

Скифийн үеийн амьтны загварт урлагийн төлөөл болсон хадны зургийг танихад юуны өмнө амьтны өвөрмөц байдалтай зогсох, хөдлөх төрх болно. Жишээлбэл туурайтан амьтдыг хөлөө эвхсэн юм уу тэнийлгэсэн, толгойгоо урагш юм уу арагш харуулсан, биеэ хойш 180 градус эргүүлж эвхэрсэн байдалтай дүрсэлдэг. Шивээт хайрханд байх нилээд том хадан дээр скифийн үеийн 30 гаруй зураг дүрс нэгэн дор байж байдаг. Энд буга, янгир зэрэг туурайтан амьтад, элдэв тамга тэмдэг байх нь бүгд нэг зүгт чиглэсэн байдалтай дүрслэгджээ.

Пазырыкчуудын хадны зургийн хамгийн голлох дүрийн нэг бол буга юм. Хэдийгээр эдгээр бугын дүрсийг ихэд загварчилсан боловч буга юм уу түүний нэгэн төрөл марал буга болох нь төвөггүй танигддаг юм. Харин хандгайн дүр скифийн үеийн Монгол Алтайн хадны зурагт харьцангуй цөөхөн тохиолдоно. Нүүдэлчдийн урлагийн хамгийн түгээмэл дүр бол морь, морьтон мөн билээ. Пазырыкийн зургуудад морьдыг толгойгоо унжуулан цомцойн зогсож байгаа байдалтай, уяа тушаатай тайван зогсож байгаа байдалтай зэргээр олон янзаар дүрсэлдэг. Харин хүмүүсийг хөлийг нь доош унжуулан гарт нь жолоо цулбуур барьсан байдалтай, мөн заримдаа гарт нь байлдааны зэвсэг атгуулан дүрсэлсэн байна.

Цагаан салаа-Бага Ойгорын хадны зурагт бодон гахайн дүрс цөөнгүй бий. Пазырыкийн үеийн булшнаас гардаг бодон гахайн дүрсээр баримжаа болгон эдгээрийн он цагийг тогтоодог. Гахайн их биеийг хээ чимэглэлээр дүүргэж мөн дүрсэлдэг.

Монгол Алтайн хадны зурагт шувуудыг хоёр үндсэн хэлбэрээр дүрсэлдэг нь 1.эгц өөдөөс нь харж, далавчаа дэлгэсэн мэтээр дүрслэх, 2.хажуу талаас нь харуулж, явгалан алхаж байгаагаар дүрслэх хэлбэр юм. Цагаан салаа 4-р талбайд шувуутай холбоотой нэгэн өвөрмөц өгүүлэмж байгаа нь далавчаа дэвсэн махчин шувуу эгц доошоо шумбаж, нэгэн загасыг довтолж байгаа зураг юм. Ийм агуулгатай дүрслэл скифийн үеийн урлагт мөн тохиолддог байна.

Харин Шивээт хайрханы хадны зурагт буга янгир ямаа, бодон гахай, нум сумтан анчид ба дайчдын дүр дүрслэл элбэг байдаг. Скифийн үеийн онцлууштай нэгэн морины (хулан ч байж мэднэ) дүрс бол метр гаруй урттай, их биеийг нь зураасаар хэдэн хэсэг болгон хувааж цэг тавин чимэглэсэн зураг юм. Пазырыкийн амьтны загварт урлагийн өвөрмөц онцлогийг харуулж бөгсөн биеэ бүтэн эргүүлж мушгиралдсан өөр нэгэн хулангийн дүр нэлээд өвөрмөц зургийн тоонд орно.

Пазырыкчуудын аж ахуй. Пазырыкчууд хагас нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг байжээ. Тэдний аж ахуйд газар тариалан, загас агнуур тодорхой үүрэгтэй байсныг үгүйсгэх аргагүй. Ялангуяа Алтайн хойд хэсгийн нам дор газар, тайгийн бүсэд ан агнуур голлох үүрэгтэй байсан. Гэхдээ Алтайн өндөр уулын бүсэд тэдний голлох аж ахуй нь нүүдлийн мал аж ахуй байв. Булшны малтлагаас илэрдэг хонины ноосон эдлэлүүд, хонины арьс ширээр хийсэн олон төрлийн эдлэл мал аж ахуйн үүргийг гэрчилж байдаг. Хонины ноосны өнгөөр хөөж үзвэл тэдэнд ихэвчлэн цагаан хонь байсан боловч цөөн тооны хар, хүрэн бор хонины ноосоор хийсэн эдлэл тохиолдоно. Харин адууны хувьд хонгор, хүрэн зүс голчилдог.

Алтайн ар хэсэг буюу одоогийн Орос Алтайн томоохон голуудын хөндийд Пазырыкийн соёлд хамаарах суурин газрууд цөөнгүй байжээ. Тухайн үед өвөлжөөний үүрэг гүйцэтгэж байсан хэд хэдэн суурин Орос Алтайд илрээд байгаа юм. Ийм өвөлжөөнд бүдүүн дүнзээр зангидсан байшин барьж суудаг байсан байна.

Пазырыкчууд гар урлалын хувьд нэлээд өндөр хөгжилтэй байсныг булшнаас гардаг олдворууд гэрчилдэг. Тэд ноос, арьс шир, мал амьтны эвэр ба яс, эцэст нь төмөр ба хүрэл боловсруулах мэргэшсэн урчуудтай байсан байна. Пазырыкчуудын хаадын булшнаас гарч буй мод, арьс, эсгий, төмөрлөг хослуулан үйлдсэн нарийн хийцтэй бүтээлүүдийг яавч гэрийн нөхцөлд хийх боломжгүй, заавал нарийн мэргэшсэн гар урчууд бүтээсэн нь ажиглагддаг. Тэдний алтан эдлэлүүд ихэвчлэн алт, мөнгөний холимог байдаг бөгөөд нэлээд хувийн зэсийн нэмэлттэй эдлэлүүд ч тохиолдоно. Пазырыкчуудын хуудсан алтаар бүх төрлийн модон болон ясан сийлбэрийг хучиж өнгөлдөг байсан нь тухайн соёлын нэг онцлог шинж болдог билээ. Харин гоёл чимэглэл, зэр зэвсэг хийхэд өргөн ашиглаж байсан хүрлийг гарган авахдаа зэсийн дээрээс мөнгө нэмж хийдэг байсан онцлогтой.

Шавар эдлэлийн соёл мөн л өөрийн гэсэн өвөрмөц. Ихэвчлэн туузан аргаар барьсан шавар савны гадаргууг ангоб буюу нарийн шавар хучилтаар өнгөлдөг байсан нь тэдний гар үйлдвэрлэлийн нэгэн содон арга барил болдог.

Пазырыкийн хаадын булшнаас гардаг өндөр дугуйтай дөрвөлсөн морьд хөллөдөг тэрэг тухайн цаг үеийн тээврийн хэрэгслийн тодорхой дүр зургийг тодруулахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Мөн ноосон утсаар нэхсэн хувцас пазырыкийн соёлын хамгийн содон олдворын тоонд орно. Элдэв оруулгатай, олон төрлийн нэхэлттэй эдгээр эдлэл бие даасан бөгөөд өндөр хөгжилтэй нэхмэлийн урлагийн гэрч баримт мөн ба эдгээрийг хүрэн, улаан, ногоон өнгө гаргаж будсан байдаг.

Пазырыкийн шивээс. Нүүдэлчдийн соёлд хүний бие дээр шивээс тавих заншил нэлээд эртнээс үүсэлтэй. Наад зах нь хожуу хүрлийн үе буюу 3200-2600 жилийн тэртээ буган хөшөөний соёлын дайчид биедээ шивээстэй байсан гэж таамагладаг. Насанд хүрсэн эсэхээ шалгуулж давсан хөвгүүдэд анхны шивээсийг хийдэг байсан бололтой. Энэ шивээс нь түүний овгийн хамаарлыг заахын хажуугаар далдын хүчнээс хамгаалах сахиус болдог гэж үздэг. Цаашид залуу хөвгүүний ан ав, аян дайны туршлага нэмэгдэж, гавъяа зүтгэл зузаарах тутам шивээсийн тоо нэмэгдэж, шинэ агуулга хэлбэртэй болж ирдэг. Тэд шивээсийг ихэвчлэн цээж, мөр, шууны дагуу тавьж чимэглэдэг.

Ийм шивээснүүд нь нэг талаар чимэглэл нөгөө талаар нийгмийн, түүгээр зогсохгүй эмчилгээний үүрэгтэй байсан байж болно. Сибирийн уугуул ард түмнүүдэд арьсыг зүсэх, хээ шивэх зэргээр өвчин эмгэгээс хамгаалах домын уламжлал байдаг. Түүнчлэн шивээснүүд нь зүү тавих цэгийг зааж өгдөг тусгай үүрэгтэй байсан тухай судалгаа бий. Түүнээс дутахгүй нэгэн чухал үүрэг бол нийгмийн зэрэг дэв, хамаарах овог аймаг зэргийг нь тухайн хүний шивээснээс шууд уншиж болдог тул нэг ёсондоо тухайн хүний нэрийн хуудас болдог байжээ.

Эцэст нь пазырыкчуудын биен дээр үйлддэг байсан шивээсүүд тэдний урлагийн талаар, тэр дундаа пазырыкчуудын амьтны загварт урлагийг судлах ховор нандин эх сурвалж болдог. Шивээсэнд дүрсэлсэн зарим дүрүүд нь, тухайлбал янгир юм уу аргалийн биетэй, грифон толгойтой бугын эвэртэй, грифон толгойтой синкретик амьтан зэрэг нь урьд өмнө нүүдэлчдийн урлагт төдий л үзэгдэж байгаагүй шинэлэг содон дүрүүд болно.

Одоогоор шивээс бүхий шарил 4 илрээд байна. Эдгээр нь Орос Алтайд 1948 онд С.И.Руденкогийн малтсан пазырыкийн булшнаас занданшуулсан бөгөөд шивээс хийсэн хүний шарил гарчээ. Энэ хүн бол монголжуу төрхтэй, 60 орчим насны эрэгтэй хүн байжээ. Шивээс түүний гар бугалга, цээжин хэсэг, шилбэний хэсэгт байсан. Хоёрдохь шивээстэй хүний шарил 1993 онд Н.В.Полосьмакийн малтсан Орос Алтайн Ак-Алаха дахь дурсгалын 1-р булшнаас гарчээ. Энэ нь залуу эмэгтэй хүний шарил бөгөөд мөрний орчмоос хуруу хүртлээ битүү шивээстэй байжээ. Гуравдах шивээс бүхий шарил 1995 онд В.И.Молодиний малтсан Орос Алтайн Верх-Кальджин дурсгалын 3-р булшнаас гарчээ. Энд залуу эрэгтэй хүний зүүн мөрний орчим шивээс байжээ. Дөрөвдэх шивээстэй шарил 2006 онд Д.Цэвээндорж, В.И.Молодин, Х.Парцингер нарын малтсан Монгол Алтайн Олон гүүрийн голын дурсгалаас илэрчээ. Хэдийгээр уг булшнаас гарсан шарил бусад шивээстэй шарилуудыг бодвол хадгалалт муутай байсан боловч арьсны зарим хэсэгт байсан шивээс танигдахаар тод үлджээ.

Пазырыкийн шивээсэнд байдаг дүр дүрслэлүүд нь бодит болон домгийн амьтад байдаг. Голлох дүрүүд нь грифон, аргаль, янгир, загас зэрэг болно. Эдгээр шивээсийг зүүгээр шивэх болон халаах аргаар үйлддэг байжээ. Зарим шивээсний хөх өнгө нэлээд тод үлдсэн байдаг боловч анхнаасаа хар өнгөтэй байсан гэж үзэх үндэслэлтэй Учир нь шивээсний будгийг амьтны гаралтай тостой хольсон хөөгөөр гаргадаг байсан нь тогтоогдсон юм.

Пазырыкийн хаад ба эгэл ард. Антропологичид пазырыкчуудын гадаад төрхөд Төв Азид реликт хэлбэрээр хадгалагдсан эртний иран төрх давамгайлдаг болохыг тэмдэглэжээ. Пазырыкийн язгууртны том булшнаас гарсан ширдэг хивсэн дээр дүрслэгдсэн хүмүүс чухам европжуу төрх нь илүү ажиглагдам гадаад төрхтэй байдаг билээ. Тухайн үеийн Төв Азийн баруун хэсэгт яг ийм төрхтэй хүмүүс давамгайлж байсныг бид хөрш зэргэлдээ Чандмань-Саглын соёлын оршин суугчид, Шинжааны цөлийн оршин суугчдаас харж болно.

Пазырыкийн язгууртны булшнуудаас гарсан хүний ясанд хийсэн судалгаагаар ихэвчлэн монголжуу төрхтөн болох нь тогтоогдсон байдаг. Харин эсрэгээрээ эгэл иргэд болон орон нутгийн ноёдын булшнаас гарсан хүмүүсийн яснаас европжуу төрхийг илүүтэй хардаг байна.

Орос Алтайд байх пазырык, башадар болон бусад булшнуудыг овог аймаг нийтээрээ асар их хөдөлмөр гаргаж босгосон нь илэрхий байдаг. Ийм том булшны дундаж нэгийг нь босгохын тулд 3000 хүн/өдөр хөдөлмөр орсон байна. Эдгээр хаадын захиргаанд наад тал нь 14 овог аймаг багтаж байсныг булшинд дагалдуулсан өөр өөр им тамгатай морьдоос таамаглаж болно. Дээд давхаргын эмэгтэйчүүдийн булш зарим газруудад илэрснээс үзэхэд эмэгтэйчүүдийн эзлэх байр суурь өндөр, зарим тохиолдолд эрчүүдээс дутахгүй байсан гэж дүгнэж болно. Эмэгтэйчүүдийг зориуд эрэгтэй хүний хувцас өмсүүлж, эрчүүдийн нэг адил зэр зэвсэг агсуулсан байдаг нь үүний баталгаа. Пазырыкийн нийгэм ерөнхийдөө эцгийн эрхт овгийн байгуулалын шатанд байжээ. Нийтээрээ цэрэгжсэн байдал нь эмэгтэйчүүдийг хүртэл зэр зэвсэг агсахад хүргэж, түүнээс шалтгаалан тэдний байр суурь заримдаа эрчүүдийнхээс дутахааргүй байхад хүргэж байв. Өргөн уудам нутгийг хамарч, Алтайн уулын хэдэн талд тархсан пазырыкчуудын соёлын нийтлэг байдал, нийгмийн зохион байгуулалт зэргээс харахад давхраажилт хэвшин  тогтож, анхдагч төр улс бий болох урьдач нөхцлүүд бий болсныг харуулж байна.

Пазырыкийн урлаг. Оросын нэрт эрдэмтэн М.П.Грязнов “скиф-сибирийн хэлбэрийн соёл ба урлагийн үүсэл хөгжилд Саян-Алтайн эртний ард түмнүүдийн оруулсан хувь нэмэр скифчүүдийнхээс хавьгүй их юм” гэж үзсэн нь үндэслэлтэй дүгнэлт болно. Скиф-Сибирийн гэж нэрлэх эртний нүүдэлчдийн урлагийн хамгийн том голомт нь Пазырыкийн соёл мөн. Хар тэнгисийн скифүүд, Дундад Азийн сакууд, Минусын хотгорын тагарчууд, Баруун хойд Монголын Чандманьчуудын урлаг гол төлөв яс, төмөрлөг эдлэл дээр дүрслэгдсэн байхад Алтайн пазырыкчуудын урлаг төмөрлөг, яснаас гадна эсгий, арьс, мод, үс ноосон материалтай байх төдийгүй илүү баялаг төрөл зүйл, дүр дүрслэлтэй байна. Эдгээрийн дотроос пазырыкчуудын модон сийлбэр дүрсүүд амьтны загварт урлагийн тод жишээ болох төдийгүй үйлдсэн ур чадварын хувьд өндөр түвшинд бүтээгдсэнээрээ алдартай. Дан модон сийлбэр төдийгүй түүнийг бусад материалтай хослуулан хэрэглэх нь түгээмэл байжээ. Юуны өмнө модон сийлбэрийг хуудсан алтаар бүрэх нь элбэг байв. Түүнчлэн эсгий, үс ноос, ястай хослуулан нарийн төвөгтэй зүйлс хийдэг байсныг пазырыкийн булшнаас гарсан морины толгойн багнаас харж болно.

Монголын пазырыкийн булшнаас модон сийлбэрийн хувьд их төлөв хазаарын сийлбэр гарсан байдаг. Олон гүүрийн гол дурсгалын 1-р булшнаас грифоны толгойн дүрстэй хос бүргэдэн хазаарын унжлагууд, буга ба морины дүрстэй малгайн чимэглэлүүд, чонын дүрстэй модон хүзүүвч зэрэг өндөр ур хийцтэй модон сийлбэр гарсан байна. Тухайлбал эсгий малгайн хажуу талд хадаж бэхэлдэг модон сийлбэрийн нэг болох бугын дүрстэй сийлбэр хавтгай суурин дээр ямар нэг юмнаас цочоод зогтуссан байдалтай, хүзүүгээрээ гэдийн, толгойгоо өргөн, үл ялиг зүүн тийш харан зогсож байгаа байдлаар дүрслэгдсэн байдаг. Малгайн сийлбэр болох иймэрхүү модон сийлбэр дүрсүүд Сыргаль, Хатуугийн булшнуудаас мөн олон тоотой гарсан.

Хатуугийн дурсгалын 1-р булшнаас гарсан модон морийг хавтгай углуурган дээр босоо байдлаар дүрсэлсэн байна. Энэхүү морины урд хоёр туурайг нийлүүлж, хойд хоёр хөлийг салгаж, туурайн дээд талаар нэвт нүхэлсэн бөгөөд сүүлгүй ба оронд нь нүхтэй байна. Чихгүй бөгөөд толгойн орой болон духанд 4 ширхэг нүхтэй бөгөөд хоёрт нь 1 мм голчтой урт эвэрний загвар зоосон байна. Энэ модон сийлбэр малгайн оройд зоолттой байсан гэдэг нь илэрхий. Пазырыкийн булшнаас морины сийлбэр дүрс элбэг олддог нь тэдний урлаг болон шашин шүтлэгт морь чухал үүрэг гүйцэтгэж байсныг харуулдаг.

Амьтны арьс үсээр хийсэн урлагийн зүйл Пазырыкийн урлагт мөн багагүй хувийг эзэлнэ. Үүний дотор хээлж чимэглэсэн арьс, булга зэрэг үнэт үслэг арьсыг хослуулан хийсэн эдлэлүүдийг онцлон дурдах хэрэгтэй. Бага Түргэний гол дурсгалын 8-р булшнаас гарсан булганы арьсан хавтаганы хүрээ захаар хамар угалзан хээг хар өнгийн арьсаар цоолборлож хээлсэн байдаг нь 1-р булшнаас гарсан эмээлийн бүүргэн дээрх арьсан цоолбор чимэгтэй ижил төстэй байна. Ийм цоолбор хээтэй арьсан чимэглэлээр модон дэр, эмээл, сав суулга зэргийг чимэглэх нь Пазырыкийн язгууртны соёлын нэгэн хэлбэр юм. Адууны дэл үсийг чимэглэлийн зорилгоор өргөн ашиглаж байсныг мөн язгууртны булшнаас гарсан гоёмсог эдлэлүүд харуулдаг.

Эсгий бол нүүдэлчдийн соёлын онцлог нэгэн бүтээгдхүүн төдийгүй урлагийн бүтээл хийх нэгэн хэрэглэгдхүүн байжээ. Пазырыкчууд эсгийгээр эмээлийн бүрээс, хивс зэргийг хийхийн зэрэгцээ бүтэн амьтны дүрсийг мөн урладаг байсныг пазырыкийн булшнаас гарсан 30/27 см хэмжээтэй хар ба цагаан өнгөтэй хун шувууны эсгий дүрсээс харж болно.

“Монголчууд нэн эртнээс 12-р зууны эхэн” номноос

Жич: Уг соёлыг анхны малтлага хийсэн Пазырык хэмээх газрынх нь нэрээр нэрийдсэн байдаг. Тувачууд булшийг мөн “бажираг гэж нэрлэдэг байна.

No comments:

Post a Comment