Монголын баруун хойд хэсэг, Тувагийн бүх нутгийг хамарсан түрүү төмрийн үеийн гол соёл бол Чандмань-Саглы-Уюкийн соёл болно.Уг соёл НТӨ 6-2-р зуунд холбогдох бөгөөд тухайн үед Евро Азийн тал нутагт тархсан скиф хэв маяг бүхий олон соёлын нэг билээ. Энэ үед Хар тэнгисээс Хянганы нуруу хүртэлх Европ Азийн тал нутагт харилцан холбоотой, соёлын хувьд төстэй олон археологийн соёлууд зэрэгцэн оршиж байсны нэг хэсэг нь Монголын Чандманий соёл, Пазырыкийн соёл билээ.
Монголын түрүү төмрийн
үе буюу НТӨ 6-3-р зуунд холбогдох археологийн дурсгалууд 1970-аад он хүртэл
зөвхөн дөрвөлжин булш, хиргисүүрээр төлөөлөгдөж байв. Харин Чандманий булшийг
1972-1974 онд малтан судалснаар тухайн үеийн Монголын эртний түүхийг судлах
чухал хэрэглэгдхүүн бий болсон билээ. Эдгээр булшийг малтсанаар Монголын
төмрийн үеийн оршин суугчдын талаарх бидний мэдлэг үлэмж баяжсан юм. Үүний өмнө
дөрвөлжин булшнаас гарсан хүний ясны хэрэглэгдхүүн дан ганц монголжуу төрхтөн
байсан бол Чандманий сайн хадгалалттай олон тооны хүний ясны хэрэглэгдхүүн
тухайн цаг үед хүн ам зүйн байдал илүү түвэгтэй, холимог шинжтэй байсныг
харуулж өгсөн юм.
Чандманьчуудын гавлын
ясанд хийсэн судалгаанаас тэдний дунд монголжуу ба европжуу төрхтөн байхын
зэрэгцээ олонх нь холимог арьстан байсан болох нь тодорхой болжээ. Түүнчлэн
төмрийн түрүү үеийн эдийн соёлыг судлах сайн чанарын, өргөн төлөөлөлтэй
хэрэглэгдхүүн гарсан нь археологийн хувьд чухал нээлт болсон байна. Учир нь
Чандманий ихэнх булш эрт цагт огт тоногдож хөндөгдээгүй анх байгуулсан хэвээрээ
бидний үед хүрч иржээ.
1972 онд Увс аймгийн төв
Улаангом хотын баруун урд хаяанд байх Чандмань буюу Улаан уулын хойд бэлд
байрлах нэгэн элсний карьераас эртний эд өлгийн зүйлс илэрсэн нь хүмүүсийн
анхаарлыг татаж улмаар мэргэжлийн судлаачдын сонорт хүрсэн байна. Эдгээр зүйлс
нь хүрэл зээтүү, хүрэл хутга, бүсний хүрэл арал, чулуун бэл, хүрэл толь, дээрээ
буга янгирын дүрсийг товойлгон чимэглэсэн шавар ваар зэрэг байжээ. Ингээд
1972-1974 онд Монгол-Зөвлөлтийн хамтарсан баг уг газарт малтлага судалгаа хийж,
40 гаруй булш оршуулга малтсан байна.
Эдгээр булш нь урьд
манай улсад олдож байгаагүй булшны шинэ хэлбэр төрх бөгөөд эндээс хөдөлмөрийн
багаж, зэр зэвсэг, гоёл чимэглэлийн холбогдолтой олон зуун эд өлгийн дурсгал
илрүүлэн олсон нь Монгол нутагт төмөр зэвсэг үйлдвэрлэлд нэвтэрсэн он цагийг
тодотгоод зогсохгүй, тэр үеийн аж ахуй, нийгмийн байгууламж, оюуны соёлыг
судлахад чухал ач холбогдолтой болсон гэж үздэг.
Чандмань уулын булшны
судалгаанаас үзэхэд Монгол улсын нутгийн баруун хойд хэсэгт тухайн үед Төв
Азийн хээр тал нутагт амьдарч байсан аймгуудтай ерөнхий хэв шинжээрээ ижил
боловч орон нутгийн бие даасан шинж бүхий ахуй соёлтой нэгэн аймаг оршин
амьдарч байжээ. Гэвч тэдний оршин тогтнож байсан газар нутгийн хил хязгаар нь
одоогоор тодорхойгүй байна. Ямартай ч хилийн цаана Тувагийн нутагт судлагдсан
Уюк-Саглын соёлтой холбоотой гэдэг нь эргэлзээгүй юм. Мөн Чандмань уулаас урагш
нилээд зайтай орших Хархираа голын хөндийд ижил булш оршуулгууд илэрсэн нь
тэдний соёлын тархалт дан ганц уулаар хязгаарлагдахгүй болохыг тодорхой харуулж
байна. 2015 онд Монголын-Францын хамтарсан археологийн баг Сагил сумын нутаг
Сагилын голын хөндийгөөс мөн тус соёлын хэв шинжит сайн хадгалалттай оршуулга
олжээ.
Чандмань уулнаа байх
төмрийн түрүү үеийн булшнууд нь шороон далантай дүнзэн бунхант, пирамид
хэлбэрийн далантай, чулуун далантай авсгүй, чулуун хайрцаган австай булш гэсэн
үндсэн 4 төрөлд хуваагддаг. Булшинд ихэвчлэн нас барагчдын хөлийг өвдгөөр нь
нугалан хажуугаар нь хэвтүүлэн, толгой дор нь чулуун дэр тавин баруун хойд зүг
хандуулан оршуулдаг байжээ. Нас барагчийн толгойн харалдаа бунхны хананы дагуу
шавар сав, толгойн орчмоор тугалган ба алтан ээмэг, шил, явуу, амьтны соёон
гоёлын зүүлт, харин бүсэлхий ташаа орчмоос чичлүүр хутга, толь, саадагны гох
дэгээ, унжлага, сумны зэв зэрэг зэр зэвсгийн зүйлс тавьсан байдаг байна.
Түүнчлэн бунхнаас адуу, үхэр, хонь, ямаа ба зээр, нохой зэрэг амьтны яснууд
гардаг.
Чандманий булшнаас
илэрсэн зэр зэвсгийн зүйлс нь (цөөн тооны эртний хүрэл чичлүүр хутганаас бусад нь) түрүү төмрийн үед Евроазийн тал нутагт өргөн дэлгэрсэн
скиф хэлбэрийн зэр зэвсгийн үндсэн шинж төрхийг бүрэн агуулж байдаг. Түүнчлэн
Алтай-Саяны хадны зургаас тэдний зэр зэвсэг болон цэрэг дайны явдлыг харж
болно. Тэдний тулалдааны үндсэн арга нь алсын зайнаас хүчит наамал нумаар
дайсан этгээдийг харваж хүчин мөхөсдүүлэхэд оршиж байжээ. Ингэхдээ хүрэл болон
ясан төрөл бүрийн зэв хэрэглэдэг байсан аж. Хадны зурагт дүрслэгдсэн нумтан
дайчид урагшаа болон арагшаа харж харьцангуй богино урттай, үзүүр гичир тал нь
огцом эргэж нумарсан скиф маягийн нумаар харваж байгаа төрхтэй байдаг.
Чандманьчуудын сумны
зэвнүүд төрөл зүйлийн хувьд олон юм. Тэдгээр нь онгит болон шилбэт гэсэн үндсэн
төрөлд хуваагдах бөгөөд дотроо 9 төрөл зүйлтэй. Гэхдээ хамгийн түгээмэл нь
гурван жигүүрт шилбэт ба онгит хүрэл зэв байдаг нь хөрш зэргэлдээх
пазырыкчуудын сумны зэвний үндсэн төрөлтэй адил байдаг ажээ. Түүнчлэн
чандманьчуудын зэвний дотор гурван талт хуяг нэвтлэгч зэв тохиолдож байгаагаас
үзвэл хуяг дуулгатай дайсантай тулалдах шаардлага гардаг байсныг харуулж байна.
Тэд нум сумаа хүрэл юм уу төмөр дэгээгээр агсарга бүсэнд бэхэлдэг саадагт
агуулдаг байсан нь мөн пазырыкчуудтай ижил төстэй байгаа нь дээрх хоёр ард
түмэн гарал үүсэл нэгтэй, айл хөрш явж ирснийг харуулах нэг баримт болдог.
Мөн чандманьчууд ойрын
зайн тулалдаанд байлдааны зээтүүг өргөн хэрэглэдэг байсан бололтой. Түүнчлэн
чичлүүр хутга ба байлдааны хутгыг хэрэглэдэг байсныг булшнаас гарсан олон тооны
олдвороос харж болно. Харин хамгаалалтын тухайд бол модон бамбай ашигладаг
байсан бололтой. Тэдний зэр зэвсгийн дотор хөрш зэргэлдээх бусад скиф хэлбэрийн
соёлуудаас ялгарах цөөн зүйл байгаагаас нэлээд эртний, магадгүй хүрлийн үеэс
улбаатай хоёр дэлбээт шилбэт хүрэл зэв, мөөгөн толгойтой хүрэл чичлүүр хутга
зэргийг дурдаж болно.
Чандманий булшнаас хонь,
ямаа, үхэр, адууны яс гарснаас гадна зарим булшнаас адуу, тэмээний дүрстэй
хүрэл товруу ба оломны хүрэл арлууд гарч байсан нь тэдний аж ахуйн талаарх
хамгийн тодорхой баримт юм. Тэмээний яс гараагүй ч тэмээний дүрстэй зүйлс гарч
байгаа тул чандманьчуудын сүргийн бүтэц нь өнөөгийн монголчуудынхаас хол
зөрөөгүй, таван хошуу малтай байжээ хэмээн таамагладаг. Гэхдээ хожуу үеийн
нүүдэлчдийг бодбол тэдний өдөр тутмын амьдрал, ялангуяа махны хэрэглээнд ан
агнуур чухал үүрэгтэй байсан бололтой. Зарим булшнаас буга, үнэг, шувуу зэрэг
ан амьтны яс гардаг ч гэрийн малын яснаас цөөн тоотой байдаг.
Малын гаралтай
бүтээгдхүүн дотроос шөрмөс, арьс шир, эсгий зэргийг ашиглан хийсэн эд өлгийн
зүйлс бас гарна. Тухайлбал чичлүүр хутганы модон хуйг нимгэн ширээр арласан
байдаг бол сумны зэвийг модон мөстэй нь шөрмөсөөр бэхэлсэн нь тохиолдох ажээ.
Чандманий 53-р булшнаас арьсан уутанд хийж тавьсан үр үндэс, навч олдсон нь
тэдний газар тариалангийн талаар төсөөлөл өгнө. Мөн амуу будааны үр олдсон
тухай баримт бий.
Гар урлалын аж ахуй,
түүний дотор төмөр боловсруулах талаар судлагдхуун арвин бий. Хүрэл ба төмөр эд
өлгийн зүйлс, ялангуяа зэр зэвсэг, гоёл чимэглэлийн зүйлс их хэмжээтэй гарсан
нь тэдний амьдралд төмөрлөгийн хэрэглээ түгээмэл байсныг харуулна. Түүнчлэн бие
даасан шавар савны үйлдвэрлэл, урлалтай байсныг археологийн олдворуудаас харж
болно.
Чандманьчуудын амьдралд
дайн тулаан ихээхэн чухал байр суурийг эзлэж байсныг зэр зэвсгийн шархтай олон
хүний яс харуулдаг. Чандманий булшнаас гарсан хүний олдворын 51%-ийг
эрэгтэйчүүд эзлэх бөгөөд тэдний дундаж наслалт 37,6 байжээ. Харин
эмэгтэйчүүдийн дундаж наслалт 36,3 байсан ба ихэвчлэн хүүхэд төрүүлэхдээ энддэг
байсан бололтой. Ерөнхийдөө чандманьчуудын дундаж наслалт нь 20-30 байсан
бөгөөд 50-иас дээш насныхан огт байхгүй байдлаас харахад тэдний ахуй амьдрал
хатуу ширүү, өвчлөл ба дайн тулааны улмаас нас барах явдал элбэг байжээ.
Нийт гавлын ясны 11,1%
нь хурц болон мохоо иртэй зэвсгээр үйлдсэн гэмтэлтэй байсан ба үхлийн шалтгаан
нь болж байв. Энэхүү бүлэг дурсгалаас илэрсэн гавлын яснуудад судлаач Б.Нарангийн
хийсэн ажиглалтаар дөрвөн ясан дээр мэс засал хийсэн ул мөр байсан аж.
Эдгээрийг эмчилгээ, зан үйл, шашин шүтлэгийн алиных нь зорилгоор хийдэг байсан
нь тодорхойгүй боловч төмрийн түрүү үеийн эдгээр оршин суугчид мэс засал хийх
арга ухааныг мэддэг байсан байна.
Чандманьчуудын гарал
угсаа ба удам. Чандманьчуудыг түүхэнд тэмдэглэгдсэн ямар ард түмэн байж болох
талаар янз бүрийн таамаглал бий. Харамсалтай нь энэ асуултанд баттай хариулт
өгөх боломжгүй бөгөөд судлаачдын үзэл бодол зөвхөн таамаглалын түвшинд байдгийг
дурдах хэрэгтэй. Хамгийн түгээмэл үзэл бол хятад сурвалжуудад олонтаа
дурдагддаг динлин нар байж болох юм гэсэн санал болно.
Сурвалжуудад
динлинчүүдийн гадаад төрхийг хятадуудаас эрс ялгаатай, цайвар арьстай, улаан
үстэй гэх мэтээр дүрсэлдэг. Чандманьчуудын гавлын ясанд хийсэн антропологийн
судалгаагаар тэдний голлох хэв шинж нь монголжуу-европжуу холимог болохыг
илрүүлжээ. Гэхдээ цэвэр монголжуу болон цэвэр европжуу төрхтөн ч байсан байдаг.
Сонирхолтой нь эрэгтэйчүүдийнх нь хувьд европжуу төрх ноёрхдог бол
эмэгтэйчүүдийнх нь хувьд монголжуу төрх давамгайлдаг.
Мөн эдгээр дурсгалын
дүнзэн бунхант ба чулуун авсат булшнуудын хүн амын биеийн хэмжээний үзүүлэлтийг
харьцуулахад мөчний ясны урт нь эрс ялгаатай байжээ. Тодруулбал дүнзэн бунхант
булшны эрчүүд чулуун австай булшныхаас арай илүү урт, нэн ялангуяа дунд чөмөг,
бугалга нь урт, яс нь том байв. Яг ийм ялгаа эмэгтэйчүүдийн хувьд ч ажиглагдсан
байдаг. Энэ нь чулуун авст булшныхан монголжуу шинжээр давамгай, дүнзэн бунхант
булшныхан харин европжуу шинжээр давамгай гэсэн ажиглалттай давхцаж байгаа юм.
“Монголчууд нэн эртнээс
12-р зууны эхэн” номноос
No comments:
Post a Comment