12.01.2020

Хиргисүүрийн соёл


Төв Азийн түүхийн нэгэн чухал үе шат бол НТӨ 2-р мянган жил болно.Энэ бол хүрлийн төгсгөлийн үе, төмөр боловсруулах урьдчилан нөхцөл бий болж, аж ахуй соёлын чухал өөрчлөлтүүдийн үе байсан юм. Мөн Төв Азид угсаатан бүрэлдэн тогтох үйл явц нь орон нутгийн гэхээсээ илүү асар өргөн уудам газар нутгийг хамарч байсан юм. Чухам энэ үед л Төв Азид одоо ч амьдран суусаар байгаа ард түмнүүдийн угсаатны онцлог бий болжээ.

НТӨ 2-р мянганы 2-р хагаст үүсэн бий болж, өргөн хүрээнд тархсан хиргисүүрийн соёл нь хүрлийн хожуу үеийн чухал дурсгалын нэг юм. Хиргисүүрийн соёлын хойд тал нь Монголтой залгаа Тувагийн өмнөд хэсэг, Өвөрбайгаль, Баруун Монгол зүүн тал нь Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын баруун зах Дэлгэрхаан уул, Зараа уул, Дорноговийн хойд хэсэг өмнөд этгээд нь Говь-Алтайн нурууны ар, өвөр хүртэлх өргөн уудам газар нутгийн хүрээнд тархсан байдаг бөгөөд өмнөд талаараа түрүүлгэ нь харуулан оршуулдаг говийн археологийн дурсгалуудтай хаяа нийлнэ. Хамгийн их нягтрал нь Алтай, Хангай нурууны хооронд тохиолдоно.

Зарим судлаачид хиргисүүр хэмээх үгийг “хиргисийн хүүр” хэмээх үг сунжирснаас үүссэн гэж үздэг боловч киргиз хэмээх ард түмэн болон хиргисүүр гэх үгийн хооронд шууд холбоо байхгүй. Гэхдээ энэ үг нэгэн цагт киргизүүд Уйгур улсыг эзлэн мөхөөсөн тухай эдүгээ мартагдсан домог, хууч ярианаас улбаатай үг байх бүрэн боломжтой.

Хиргисүүрийг анх Өвөрбайгальд 19-р зууны сүүл үеэс эхлэн малтан судалснаас хойш Монголд 150 орчмыг малтан судлаад байгаа бөгөөд одоо ч үргэлжлүүлэн судалж байна. Хиргисүүр гэдэг нь ойролцоогоор 10-200 метр хэмжээтэй дугуй болон дөрвөлжин хүрээтэй, голдоо янз бүрийн хэмжээтэй, овгор чулуун байгууламжийг хэлэх ба үүнийг сонгодог хэлбэрийн хиргисүүр гэж үзэж болно. Үүнээс гадна том хиргисүүрийн хүрээний гадуур нэмэлт олон дагуул байгууламж байх бөгөөд зарим нь 200-500 хүрэх ажээ. Иймээс хиргисүүр нь эгэл хүрээтэйгээс эхлээд олон дагуул байгууламж бүхий нарийн нийлмэл  бүтэц зохион байгуулалттай сүрлэг байгууламж болно.

Сонгодог хэлбэрийн хиргисүүрээс гадна оршуулгын зан үйлийн хувьд ижил төстэй, хүрээгүй дөрвөлжин болон дугуй хэлбэрийн булшнууд хиргисүүрийн соёлын хүрээнд багтана. Үүнээс гадна Хангайн нурууны ар, Орхон голын сав газарт орших харьцангуй цөөн тооны, ойролцоогоор 70-300 метр том, хэдэн зуун дагуул байгууламжтай дурсгалуудыг хиргисүүрийн 5 дахь шинж гэж тооцож болох юм. Эдгээр байгууламжууд сонгодог хэлбэрийн хиргисүүр болон буган хөшөөний цогцолбортой нэгдэн нэгэн бүхэл асар том цогцолбор болон оршдог. Хиргисүүрийн судалгааны эхэн үед цөөн тооны хэрэглэгдхүүн дээр үндэслэн оршуулга бус тахилгын байгууламж гэж үзэж байсан боловч сүүлийн үед малтан судалсан хиргисүүрийн ихэнхээс оршуулга гарсан нь өмнөх үзлийг няцааж байгаа юм. 

Архангай аймгийн нутаг Хануй голын хөндийд 1700 орчим дагуул байгууламжтай нэгэн том хиргисүүр байх ба сонголтын журмаар тал бүрд нь малтан судлахад адууны толгой шийр гарч байжээ. Үүнээс үзвэл нөгөө ертөнцөд одсон овог аймгийн тэргүүн өвөг дээдэстээ зориулсан тахилгыг жил бүр хийж, олон тооны адуу өргөн, буган чулуун хөшөө шинээр урлан босгох нийтийн зан үйлийн талбар нь сүрлэг том хиргисүүртэй оршуулгын газрууд болдог байсан ажээ.

Хиргисүүрт үхэгсэдийг гол төлөв хөлийг нь жийлгэн, гарыг бие дагуулан тэнэгэр байдлаар, толгойг ихэнхдээ баруун зүг хандуулан тавьдаг тухай дурдсан байх ба оршуулгыг эртний өнгөн хөрсөн дээр эсвэл гүехэн нүх ухаж, цөөн тохиолдолд 2 метр гүнд хүртэл оршуулсан тухай тэмдэглэжээ. Хүүрийг гол төлөв янз бүрийн чулуун хашлага дотор тавьж, 3-4 хавтгай чулуугаар тагладаг байна.

Хиргисүүрийн соёлын оршуулгын зан үйлийн нэгэн сонирхолтой тал нь ямар нэг эд өлгийн зүйл дагуулан тавьдаггүйд оршино. Ийм учраас хиргисүүрийг хоосон булш хэмээн нэрлэх нь бий.

Хануйн хиргисүүрийн хэмжээ, хязгаарлагдмал хүрээний тархалт, тахил тайлга үйлдсэн дэг ёс зэргийг анхааралтай ажиглах аваас өндөр зохион байгуулалттай, баялаг мал сүрэгтэй, харьцангуй олон хүн амтай, тэднийг захирах эрх мэдэл бүхий ахлагчтай эртний соёлын томоохон голомт энэ бүс нутагт байжээ гэж үзэж болох юм. Тухайн үеийн Төв Азид хиргисүүрийн соёлтой энэ зэрэгцэх өөр хөгжингүй соёл байсангүй.

Тэр цагт Монголын өндөрлөгт хонь, адуу зонхилсон нүүдлийн мал аж ахуйн үндэс суурь хэдийнээ бий болж, неолитын үеэс эхэлсэн мал аж ахуйд шилжин орох үйл явц амжилттай өндөрлөжээ. Олон толгой мал сүрэгтэй чинээлэг язгууртнууд төрөн гарч, овог аймгийн эрх мэдлийг гартаа төвлөрүүлэхийн хамт шинэ бэлчээр нутгийн төлөөх дайн тулаан энгийн үзэгдэл болжээ. Язгууртнууд хос морь хөлөлсөн байлдааны хөнгөн тэргийг эзэмших ба хэдэн зуугаас мянга хүртэлх цэрэгтэй байжээ. Мал аж ахуй эрхлэх арга барил дээр суурилсан шинэ соёл, үзэл санаа төрөн гарч, өвөг дээдэст зориулсан тахил тайлгыг хариуцан явуулдаг бөө зайран гэх нийгмийн давхраа шинээр мэндэлжээ. Хиргисүүрийн соёлынхон язгууртан, бөө зайран, малчид гэсэн нийгмийн 3 давхраат бүтэцтэй байсан бололтой.

Судалгааны зохиол бүтээлүүдэд хиргисүүрээс гарсан гавалууд гол төлөв европ төрхтөн эсвэл монгол төрхтөн гэх аман мэдээгээр хягаарлагдаж байна. Гэтэл европ болон монгол төрхтөн холилдож, ижилсэн уусах үйл явц тус бүс нутагт европ төрхтөн шилжин ирэгсдийн ирсэн цаг хугацаатай нэгэн үед эхэлсэн болохыг Сибирь, Хятадын баруун хязгаарт явуулсан судалгаа харуулж байгаа юм. Хиргисүүрийн малталтаар гарсан ганц нэгийн төдий гавалд хийсэн судалгаа ч үүнийг баталж байна. Тухайлбал, Хужиртын Өлзийт 3 гэж тэмдэглэсэн булшнаас олдсон гавалыг И.И.Гохман “нүүр харьцангуй хавтгай боловч хамрын яс огцом өндөр. Гавал бүхий л цогц шинж тэмдгээрээ монгол ба европ төрхтний завсрын төрхтэй байлаа” гэсэн байна. Түүнчлэн баруун Монголд 1960-аад оны үед малтсан хиргисүүрээс гарсан 3 гавал ямар ч эргэлзээгүй холимог буюу европ монгол төрхтөн байжээ.

Ийнхүү хэдэн гавал дээр хийсэн судалгаа нь асар өргөн уудам нутагт тархсан хиргисүүрийн соёлыг тээгчдийн антропологи хэв шинжийг тодорхойлоход хангалтгүй болох нь ойлгомжтой. Хоёр өөр төрхтөн олон зуун жилийн хамтын амьдралын явцад төрхтний хувьд төдийгүй соёлын хувьд бүрэн уусан ижилсэж нэгдмэл соёлтой болох үйл явц Төв Азийн бусад хэсгээс илүүтэйгээр Монголд явагдсан гэж үзэж болох юм.

Европ төрхтний төвөөс 1000 гаруй жилийн өмнө алслагдан тасарсан афанасьевчууд соёлын зарим элементээ авч үлдсэн байж болох боловч анхны афанасьевчуудтай харьцуулахад хэдийнээ өөр ард түмэн болж хувьсан өөрчлөгдсөн нь ойлгомжтой. Нөгөө талаар хүрлийн сүүл, скифийн түрүү үеэс эхлэн Төв Азид цэвэр монгол төрхтөн ард түмний эзлэх хувь мэдэгдэхүйц нэмэгдэн баруун зүгт тархан сууж эхэлснийг судалгаа харуулдаг бөгөөд улмаар ноёлох байр суурь эзлэх болсон байна.

Хиргисүүрийн соёлынхон НТӨ 1-р мянганы эхээр ямар нэг шалтгаанаар магадгүй шинээр мандан гарч ирсэн дөрвөлжин булшит соёлынхонд шахагдан нэг хэсэг нь баруун зүгт нүүдэллэн дорнод Казакстаны нутагт төвхнөж, тасмолины соёл үүсэн бий болоход голлон оролцсон бололтой. Учир нь тасмолины соёлын оршуулгын байгууламжийн дугуй дараасаас хоёр тал руу нь үргэлжлүүлэн өрсөн сахал гэж оросоор тодорхойлдог урт муруй чулуун зурвас Монголын зарим том, жижиг хиргисүүрийн эвэр мэт байгууламжтай адил байхын зэрэгцээ адууны толгой, шийр дагуулан тавих гэх мэт нутгийн уламжлалд байгаагүй зан үйл бий болсон зэрэг нь хиргисүүрийн соёлын шилжилт хөдөлгөөнтэй холбоотой байж болно.

Дөрвөлжин булшит соёлынхон хөгжлийн эхний шатандаа хиргисүүрийн соёлтой зэрэгцэн оршиж, өмнөх үеийн буган чулуун хөшөөдийг булш байгуулахад ашиглахын хажуугаар шинээр хэлбэрийг нь засаагүй хавтгай чулууны нэг тал дээр бугын дүрс сийлэн дөрвөлжин булшны зүүн буланд тавих, булшинд адууны толгой шийр дагалдуулах зэргээр соёлын хувьд өөрчлөгдөж эхэлсэн дүр зураг ажиглагдаж байгаагаас үзвэл хиргисүүр, дөрвөлжин булшит соёлынхон бие биедээ уусан ижилсэж эхэлсэн бололтой. Харин хиргисүүр, буган хөшөөний соёлын гол элемент зэр зэвсгийн зарим төрөл, амьтны загварт урлагийн хэв маяг, сүрлэг том оршуулгын байгууламж хийх санаа сэдэл Төв Азид скифийн хэмээх түүхэн шинэ эрин үеийн соёл бүрэлдэн тогтоход шууд нөлөөлжээ.

Төв Азийн түүх нь юуны өмнө нүүдэлчин малчин овог аймгуудын түүх бөгөөд өмнөд болон дорнодын газар тариаланч ард түмэнтэй эртнээс харилцсаар иржээ. Хятадын Инь улсын иргэншлийн төвтэй малчин нүүдэлчдийн овог аймгийн хүчирхэг нэгдэл зэрэгцэн оршиж байсан нь эртний хятадын соёлын хөгжилд зохих ёсоор нөлөөлсөн юм.

НТӨ 2-р мянганы үед Монголын өндөрлөг, Ордосын Бор тохойн умард этгээдээр оршин сууж асан малчин, нүүдэлчдийн аж ахуй, соёл, аж төрөх ёс, өвөрмөц урлал эцэст нь угсаатны хувьд Хятадын ертөнцөөс эрс ялгарах онцлогтой байлаа.

Сүүлийн 50 гаруй жил явуулж байгаа археологийн судалгаа нь Хятад болон Умардын малчин нүүдэлчдийн харилцаа холбооны олон талыг нээн илрүүлэхэд чухал алхам болж байгаа бөгөөд Хятадын соёлд мэдэгдэхүйц нөлөөлснийг тогтоогоод байгаа юм. 1950-аад оны дунд үед хэвлэгдсэн Макс Лерийн бүтээлд хятадуудын умардын бүдүүлэгүүд хэмээн нэрлэдэг овог аймгууд Инь улсын хүрлийн үйлдвэрлэлд голлох нөлөө үзүүлснийг Аньяны археологийн цогцолбороос гарсан карасукын хэв шинжийн гэж тодорхойлдог эд өлгийн зүйл дээр тулгуурлан баримттайгаар нотолсон юм.

Түүнчлэн М.П.Кожин, Кузьмина, Э.А.Новгородова нар хоёр дугуйт байлдааны тэрэгний талаарх арвин хэрэглэгдхүүнийг судалж, нэг газар үүсэн бий болсныг тогтоосон бөгөөд Төв Азийн малчдаар дамжин хятадад дэлгэрсэн гэх дүгнэлтэнд хүрчээ. Дугуйт тэрэг хэрхэн, ямар замаар тархсныг мөшгөж болох тэрэгний зураг Монгол Алтай, Говь-Алтайн нуруу, Чулуут голын хавцал зэрэг газраас олон тоогоор олдоод байна. Монгол болон Тувагийн хадны зураг дахь тэрэг дүрслэх уламжлалт арга нь Казакстанаас ялгаатай болохыг судлаачид анхааран тэмдэглэсэн байдгаас үзвэл бүр анхнаасаа дурдсан бүс нутагт аж ахуй, соёл, угсаа гарвалаараа ялгаатай ард түмэн оршин байсныг харуулна.

Тухайн үеийн хятадын Инь, Баруун Жоу улстай харилцаж байсан Төв Азийн хүчирхэг ард түмэн бол яахын аргагүй хиргисүүрийн соёлынхон мөн бөгөөд монголын тал хээр, говь цөлийг туулах анхны зам харгуйг нээгчид байж болох талтай.

Хиргисүүрийн соёлын тэлэлтийн нөлөөгөөр говь, тал хээрийн бүсэд оршиж байсан үхэгсэдийг түрүүлгэ нь харуулан оршуулдаг өвөрмөц зан заншилтай овог аймгууд шахагдан янз бүрийн цаг хугацаанд Инь улсад дагаар орсон бололтой бөгөөд тэгэхдээ түрүүлгэ нь харуулан тавьдаг оршуулгын зан үйлийн онцлогоо хадгалан үлджээ. Ингэхдээ тал нутгийн малчдын соёлын цөөнгүй элементийг тээж очсон нь ойлгомжтой.

“Монголчууд нэн эртнээс 12-р зууны эхэн” номноос

No comments:

Post a Comment