Чжансинь хааны бүрэн цол нь Ай Дэнли Лоимү Мишихи Цзюйлү
Бицзя Чжансинь болой. 833 оны 5 сард Вэнцзун хаан Уйгурын шинэ хаанд зориулан
хаан өргөмжлөх бичиг бичүүлэв. Дараа нь тэрбээр Тан Хунши-г бусад элчийн хамт
зарж гашуудал илэрхийлж, хаан өргөмжилжилсөн бичгээ хүргүүлсэн ба Тан Хунши 835
оны 6 сард нутаг буцжээ.
833 оны 7 сард Ли Чан тэргүүтэй Уйгурын элч Тангийн
ордонд очив. Хэдун-гийн цэргийн захирагч цзедуши Ли Цай-и, Уйгурын элч нар эрт
үеийнх шигээ Хятадад хүч хэрэглэвэл ноцтой үр дагаварт хүрнэ гэж сэрэмжлүүлсэн
нь Уйгурын идэрхэг хүчирхэг үе хэдийнээ улиран одсоныг илтгэнэ. Ли Чан биеэ зөв
авч явахыг даруухнаар зөвшөөрчээ.
835 оны 6 сард Уйгурын элчин Тайхэ гүнжийн бэлэглэсэн 7
эмэгтэй харваач, 2 шато хүүхдийг Тангийн ордонд авчрав. 837 оны 1,11 сар, 839
оны 3 сард Уйгурын элч Тан улсад очжээ.
839 оны өвөл их зуд болсон ба улмаар тахал дэгдсэн байна.
Цас их унаснаас үхэр, хонь ихэд хиарчээ. Яг энэ үед Цзюйлү Мохэ (Күлүг Бага) ноён Хиргисүүд
лүгээ нэгдэж буман морьтноор Уйгурын нийслэл Хар балгасыг довтлон Чжансинь
хааныг хороогоод Цзюйлофу-г цаазаар аваачин орд гэрийг нь түймэрдэв. Сайд Сичжи
Пандэлэ 15 аймгийг аван Карлукийг тэмцэв. Үлдсэн нь Төвд, Аньси руу одов. Түүний
хойно хааны аймгийн 13 ураг Уцзе Дэлэ-г хаан өргөмжлөөд өмнө зүг Цоцзышань
уулаар нутаглажээ.
Тангийн шинэ хаан Уцзун, Ли Юн-ийг Уйгурт илгээж 840 оны
2 сарын 20-ноос эхлэн төр барих болсноо мэдэгдсэн байна. Уйгур улсын төр
доройтсныг энэ элч өөрийн хаандаа мэдэгджээ. 840 оноор Уйгурын төр мөхсөн гэж
үздэг.
“Монголын эртний түүх”
No comments:
Post a Comment