4.01.2020

Хожуу Уйгур улсын Кутлуг (795-805), Күлүг Билгэ (805-808), Бао-и (808-821) хаад


795 онд нас барсан Фэнчэн хаан үргүй бөлгөө. Уйгурын ордныхон сайд Кутлугыг хаан өргөмжлөв. Хаан өргөмжилсөн тухай мэдээг Тан улсад элчээр хүргүүлжээ. 795 оны 6 сард Тангийн төрөөс түшмэл Чжан Цзянь-ийг илгээж Кутлугт Ай Тэнли Лоюйлу Мумиши Хэхулу Бицзя Хуайсинь хаан цол өргөмжлөв. Кутлуг хаан багадаа өнчирч хоцорсон билээ. Нэгэн их ноёны гэрт өссөн бөгөөд цэрэг дайны хэрэгт гүн бодлоготой, авъяас билэгтэй нэгэн байлаа. Тун Бага хааны үед хэд хэдэн удаа цэрэг удирдаж явсан ба Уйгурын ноёд эмээн хүндэтгэдэг байжээ.

797 онд Кутлуг хаан Тангийн ордонд элч илгээсэн байдаг. 805 онд Уйгурын элч Тан улсын хаанд Кутлуг хаан нас барсныг мэдэгджээ.

Кутлуг хааны хүү Күлүг Билгэ 805 онд Тэнгри ябгу Күлүг Билгэ хаан цолтойгоор эцгийн суурийг залгамжлав. 806 онд Күлүг Билгэ хаан Тан улсад хоёр удаа элч илгээжээ. Хоёрдох удаагийн элч нарын дунд анх удаа манихейн шашинтан явсан ба Тангийн хаанаас Лоян, Тайюань хотод манихейн шашины сүм барих зөвшөөрөл гуйхад Тангийн хаан ёсоор болгожээ. Тэр цагаас манихейн шашин Тан улсад дэлгэрч эхлэсэн гэдэг. 
Энэ баримт нь Уйгурууд өөрсдийн нутагтаа, ялангуяа Хар балгасанд манихейн сүм хийдийг хангалттай олныг барьсныг харуулдаг.

808 онд Уйгурын ордноос Тан улсад элч илгээж өмнө нь Тан улсаас Уйгурын хатан болж ирсэн Сянь Ань гүнж  808 оны 3 сард нас барсныг мэдэгджээ. Түүний дараа Уйгараас дахин элч ирж Күлүг Билгэ хаан таалал төгссөнийг мэдэгдэв.  Сянь Ань гүнж Уйгурын ордонд 21 жил амьдарч 4 хааны төрийг үзжээ. Тангийн төрөөс гашуудал зарлав.

808 онд Бао-и хаан Ай Тэнгридэ Кут Болмыш Билгэ цолтойгоор сууринд суув. 809 онд Тангийн Сянцзун хаан Бао-и хаанд захидал илгээсэн байдаг. Уг захианд 806 онд Уйгурын хаанаас явуулсан элчийн хүссэн ёсоор манихейн сүмийг барьж байгаа ба адуу торгоны арилжаанд сэтгэл дундуур байгаагаа мэдэгджээ. 810 он, 813 онуудад Инаньчжу тэргүүтэй Уйгурын элч хоёр удаа Тангийн ордонд ирсэн байна. Хоёрдохь айлчлалаараа ураг барилдах тухай асуусан ч ямар ч хариу өгөөгүй ба харин дайлж цайлж, мөнгөн эдлэл торго бэлэглэн явуулжээ.

814 онд Идэмиши тэргүүтэй 37 элч Тан улсад ирж ураг барилдах тухай дахин асуув. 816 онд Уйгурын элч Тангийн хаанд 80 адуу, 9 тэмээ бэлэг болгон өргөв.
11 сард сард Тан улсаас Ли Сяочэн-г элчээр илгээсэн байна. 817 онд 8 хүн ураг барилдах тухай асуухаар Уйгараас, Тан улсад иржээ. Тэдний дунд манихейн шашинтнууд байсан гэдэг. Элч нарыг буцахаас өмнө найр хийсэн боловч ураг барилдах саналыг зөвшөөрсөнгүй.

Мөн онд Сянцзун хаан Ли Соячэн нарын хүмүүсийг Уйгурт илгээж ураг барилдах саналыг зөвшөөрөөгүй шалтгаанаа хэлүүлжээ. Шалтгаанаа үнэ өртөг өндөр байгаатай холбон тайлбарласан байна.

820 оны эхээр Хэ Таркан тэргүүтэй Уйгур элч нар мөн л ураг барилдах тухай асуухаар Тан улсад очжээ. Сянцзун хаан 2 сарын 14-нд нас барахаасаа өмнө тэднийг хүлээн авсан ба эцэст нь ураг барилдахыг хүлээн зөвшөөрсөн байна. Элч нарыг шинэ хаан Муцзун 4 сарын 17-нд хүлээн авч уулзсан ба элч нар тэр өдөртөө буцжээ. 821 оны эхээр Бао-и хаан нас барсан мэдээг Тан улсад Уйгарын элч хүргэжээ. Тангийн хаан Муцзун 3 сарын 31-нд гашуудал зарлав.
"Монголын эртний түүх"

No comments:

Post a Comment