12.03.2018

Өвөг монгол Сяньби нарын муюн овгийн Янь улсууд


Сяньбийн угсааны муюнчууд Түрүү Янь, Хожуу Янь, Баруун Янь, Умард Янь, Өмнөд Янь улсуудыг байгуулж явав.

Муюн бол Сяньбийн нэг аймаг бөгөөд тэдний тэргүүн Муюн нь Таньшихуайн байгуулсан улсын төвийн хэсгийн ахмадын тушаалыг хариуцаж байжээ. Цао Цаогийн Вэй улсын (220-265 он) үед муюн аймгийн тэргүүн Мохэба  аймгаа дагуулан зүүн өмнө зүг нүүдэллэн Ляосид очиж суужээ. Мохэба 238 онд Сюаньди хаанд цэргийн хүчээр тусалж, Шуайн ван цолоор шагнуулжээ. Мохэба-г Муюн Муянь залгамжилсан байна. Тэрээр зүүн сэцэн ван цолтой байсан бөгөөд 346 онд мөн л Вэй улсад цэргийн хүчээр тусалсан тул энэхүү цолоор шагнагдсан аж. Муянийг Шэгүй залгамжилсан бөгөөд тэрээр Сяньбийн шаньюй хэмээн өргөмжлөгдөж байв. Шэгүй аймгаа дагуулан Ляоси-г орхиж Ляодунгийн хойно очиж суужээ. 

Сударт “Шэгүйн өөр нэрийг Илохань гэдэг. Хоёр хүүтэй. Татвар эмээс төрсөн ахмад хүүг Түгүхэнь хэмээх бөгөөд бага хүүг нь Жологуй гэнэ. Шэгүйг нас барсны дараа Жологуй залгамжилж, муюн хэмээх тусгай овог үүсгэжээ” гэж тэмдэглэсэн байдаг.
284 онд Шэгүй нас барахад түүний дүү Муюн Най залгамжлахыг оролдон Жологуй-г алахыг оролдсон ч тэрээр зугтааж амжсан байна. Энэ үед тэр 15 орчим настай байжээ. 285 онд Муюн Най өөрийн хүмүүст алагдаж, Муюн Гүй (Жологуй) эцгийн орыг залгамжлав. Тэр Муюны төрийг 49 жил удирдаж бие даасан хүчирхэг улс болгож чадсан бөгөөд Муюн улсыг 285 онд байгуулагдсан гэж үзэж болох бөгөөд  хожим улсаа Янь хэмээн нэрлэсэн.

Муюн Гүй хаан ширээнд суумагц У-ди хааныг баруун хойд хөрш Юйвэнь аймгийг хамтран довтлохыг хүсэхэд нөгөөх нь татгалзсан байна. Тиймээс Муюн Гүй хятадын Ляоси мужийг довтолж, мөн Чанли мужид олонтоо халджээ. Муюн Гүй хойд хөрш Фүюй-г довтлон цохиход ван нь амиа хорлож, түүний дүү болон хүү нь зугтаажээ. Хот сууринг нь сүйтгэн 10000 гаруй хүн олзлон авчирчээ.

289 он зун Ляодунг халдан довтолж, 289 онд хятадын хааны ордонд  найрамдах элч илгээснээр хоёр улсын харилцаа хэвийн болжээ. Энэ ондоо муюнчууд Ляодунгаас Ляосигийн Түхэ голын Циншань ууландаа буцан иржээ.
294 онд Мюун Гүй нийслэлээ Зичэн рүү шилжүүлж, шинэ нийслэл хот байгуулж, газар тариалан, торгоны хүр хорхойны аж ахуй хөгжүүлсэн байна. Түүнчлэн хууль болон удирдлагын тогтолцоогоо шинэчлэн сайжруулжээ.

302 онд Юйвэний шаньюй Могүй 100000 цэрэг бүхий армиа Янь  улс руу илгээн довтолсон байна. Зичэн хотын дэргэд болсон шийдвэрлэх тулалдаанд Юйвэний цэрэг ялагдан, Муюн Гүй тэдний цэргийг 100 ли газар хөөн цохиж, 10000 гаруй цэрэг олзолжээ.

307 онд Муюн Гүй өөрийгөө Сяньбийн их шаньюй хэмээн өргөмжлөв. Хятадын Зинь улсын Хуай-ди хаан Муюн Гүйд их жанжин, их захирагч, их шаньюй зэрэг цолыг давхардуулан шагнасан ч тэр хүлээн авахаас татгалзсан байна. Хятадын дараагийн хаад ч Муюн Гүйд цол хэргэм шагнаж байсан ч тэрээр хүлээн авахаас татгалзаж, Зинь улсын түшмэг бус тусгаар улсын хаан гэдгээ харуулж байв. Энэ үед умард хятадад олон жижиг улсууд бий болж хоорондоо байлдаж, тэр дайны хөлөөс зугтсан хятад дүрвэгсдийг Муюн Гүй хүлээн авч суурьшуулсаар байлаа.

333 онд Муюн Гүй нас барж хүү Муюн Хуан залгамжиллаа. Муюн Хуань эртнээс дайсагналцаж байсан сяньби угсааны дуань, юйвэнь аймгуудыг нэгтгэн авч, 337 онд өөрийгөө Янь улсын ван хэмээн өргөмжлөөд ( түүхэнд түрүү Янь улс гэдэг) Лунчэн (одоогийн Ляониний Чаоян хотод туурь нь буй) хотод нийслэлжээ. 

Муюн Хуаны хөвгүүн Муюн Зюн хойд Жао улсын Зю хотыг (одоогийн Бээжин хот) эзэлж, тэнд нийслэлээ шилжүүлсэн төдийгүй Жао улсын нийслэл Е хотыг эзэлж, Е хотыг дахин шинэ нийслэлээ болгосон  төдийгүй ард иргэдийг нь өөртөө нэгтгэн авчээ.
370 онд Е хот нь Цин улсын ван Фүзяньд  эзлэгдсэнээр түрүү Янь улс мөхжээ.

Муюнчуудын Хожуу Янь улс. Түрүү Янь улс нь Цин улсад эзлэгдсэн ч Муюн Хуаны 5-р хүү Муюн Чүй удалгүй тусгаар улсаа сэргээн байгуулсан билээ. Түрүү Янь улс мөхөхөд Муюн Чүй нь Цин улсын ван Фүзянийг дагажээ. Муюн Чүйгийн жанжны гайхамшигтай авъяасыг Цин улс үнэлэн жоу-и түшмэл улмаар цуан жоу-хоу хэмээн өргөмжилжээ. Түүний оролцсон байлдаан бүр амжилт гавъяагаар дүүрэн байсан гэдэг.

Фүзяний удирдлага дор Шуай голын тулалдаанд Муюн Чүй оролцож, Цин улсын цэрэг ихээхэн хохирол амсахад Муюн Чүйгийн цэрэг хохирол үзэлгүй тулалдаанаас гарч чадсан байна. Фүзянь 1000 гаруйхан морьт цэрэгтэй Муюн Чүйг хайж ирэхэд түүний хүү Муюн Бао: “Төр улс унаж, хууль ёс алдагдав... Эдүгээ Фүзянийг тэнгэр тэвчив. Дээд тэнгэрээс өгсөн сайхан завшаан бүгд бидэнд тохиожээ. Мянган жилд олдохгүй ховор завшаан эдүгээ яг цаг нь болсон байна. Цин нь бидний 3 нийслэлийг сүйтгэж, хааны эрхийг үгүй хийсэн. Үүнээс илүү өшөө хорсол болон ичгүүр гутамшиг хаана байх билээ” хэмээхэд: Муюн Чүй “чиний хэлсэн үг зөв. Тэгэвч тэр намайг үнэн сэтгэлээр хайгаад ирсэн байхад яаж алж болох билээ. Тэнгэр түүнийг мөхөөх гэсэн бол завшаан тохиол зөндөө байгаа биз” гээд Фүзянийг алах саналыг дэмжээгүй байна.

Муюны хуучин нийслэл Е хотыг Фүзяний хүү Фү Пи захирч байв. Муюн Чүй Е хотод очиход Фү Пи түүнээс “Ди Бин манай вангийн цэрэг жаахан ялагдсныг далимдуулан дураараа аашлах боллоо. Миний доорхи чадваргүй цэрэг түүнтэй байлдаж дийлэхгүй... Та баатар зоригоороо хүнээс хэтийдсэн нэгэн тул тэднийг мөхөөж чадна. Цэргээ таньд захируулан тэдэнтэй байлдвал болно байх гэж найдаж байна” гэжээ. Фү Пи 2000 цэрэг, ди угсааны 1000 цэргийг Фү Пэй Лунаар захируулан Муюн Чүйг дагалдуулжээ.

Муюн Чүйгээс Е хотод байдаг дээдсийн сүмийг тахихыг хүсэхэд зөвшөөрөл олгосонгүй. Үүнд тэр асар их уурлаж, түшмэлийг алж, тэнхимийг шатаагаад явав. Е хотоос гарахдаа Муюн Чүй бослого гаргахаар аль хэдийн төлөвлөсөн байжээ. Тэрээр Хэнэй хүрээд Фү Пэй Лун болон ди угсааны цэргүүдийг алж, хол ойроос цэрэг цуглуулж, 30000 цэрэгтэй болов. Мөн муюн угсааны итгэлтэй хүмүүс болох Муюн Нун, Муюн Жоу, Муюн Кай, Муюн Шао нарт хэл хүргүүлж дэмж гэж хэлүүлжээ.

Муюн Чүй цэргээ аван Синян хүрээд 384 онд өөрийгөө их жанжин, Янь ван хэмээн өргөмжилж хаан ширээнд суужээ. Оны цолоо Яньюань гэв. Ийнхүү муюнчууд Янь улсаа сэргээн байгуулсныг Хожуу Янь улс гэнэ. Хаан суумагц дүү Муюн Дэ-г цэргийн жанжин Фань Янь ван болгож, ахын хүү Муюн Кай-г барууныг түвшитгэх их жанжин, Тайюань ван болгов. Мөн Муюн Чүй өөрийн хүү Муюн Бао-г залгамжлагчаараа зарлаж, гавъяа байгуулсан 100 гаруй түшмэлийг цол хэргэмээр шагнажээ.

Муюнчуудын хувьд нийслэл Е хотоо эргүүлэн авах нь их ач холбогдолтой байсан бөгөөд цэргийн хүчин чадал нь өсч 200000 болоод байсан тул Шар мөрнийг гаталж, Е хот руу шууд довтолж бүсэлсэн байна. Е хотын захирагч Фү Пи элч илгээн Муюн Чүйд хэлүүлсэн нь: “уул мэт гавъяа зүтгэлээ огоорч, хэрээс хэтэрсэн хэргийг үйлдээд яах вэ. Алдаа гаргасан бол засваас сайн. Урьдын мэргэд бүгдээр үүнийг магтдаг. Сайн тунгаана уу” гэсэнд Муюн Чүй хариуд нь: “Янь улсын дээдсийн сүмийг засч, Цин улстай найрсаг хөрш больё гэж бодлоо. Чи яагаад аз тохиолыг ойлгож, Е хотыг бидэнд буцааж өгөхгүй байгаа юм бэ... хэргийн учир чиний хэлснээр болох биш” хэмээгээд мөн Фүзяньд “Е хот болбоос түшмэл миний улс гүрний урьдах нийслэл болно. Түүнийг надад бэлэглэж өгвөл сайн.  Түүний дараа баруун талыг таны захиргаанд хүлээлгэн, зүүн харъяатыг үүрд сахин хамгаалъя... цэрэг тулалдах юм бол эзэн таны хөвгүүн тэнэмэл суманд өртөх болов уу гэж зовниж байна” гэж хэлүүлжээ.

Гэвч Цин улсын ван Фүзянь Муюн Чүйгийн саналыг хүлээн авсангүй. Муюн Чүй Е хотыг бүслэн байлдаж, Фү Пи хотыг хамгаалан эсэргүүцсээр байв. Муюн Чүй Е хотын гаднах хэрмийг эзлэхэд Фү Пи хотын дундах хэрмийг хамгаалан суусан тул голоос ус татан усанд автуулах арга сэдэв. Гэвч ди угсааны Ди Бин урвахаар шийдэн Фү Пи-тэй нууцаар харилцаж, сувгийг сэтэлж усыг гадагш урсгажээ.

Муюн Чүй шинэ нийслэлээ Жуншаньд байгуулж, хаан суудалд заларч, оны цолоо Зяньсин хэмээн өөрчилж, улсын доторхи ялтнуудад өршөөл үзүүлж, их ёслол хийжээ. Цин болон Янь улсын цэргүүд  Е хотын төлөө тэмцэлдсээр байсан бөгөөд эцсийн дүнд Фү Пи Е хотыг орхихоос аргагүй болж, Цин улс руугаа зугтснаар Е хотыг Янь улс эзлэн авчээ.

Муюн Чүй барууныг түвшитгэх жанжин Муюн Кай, умардыг түвшитгэх жанжин Муюн Лин, өмнөдийг түвшитгэх жанжин Муюн Шао, барсыг номхотгогч жанжин Муюн Мяо нарыг томилон Цин улсын жанждын удирдсан цэргийн байрлал руу довтлуулж, олон хот тосгодыг эзлэн авчээ. Улмаар Ди Жоу-г дайлан бутцохиж, түүний захиргаанд байсан 7 тойргийн 38000 өрхийг өөртөө хураажээ. Улам хүчирхэгжиж байсан Муюн Чүй муюн угсааны Чуны байгуулсан Баруун Янь улсын нийслэл Чанзи хотыг эзлэх шаардлага гарлаа.

Муюнчуудын Баруун Янь улс. Анх Муюн Чүйгийн Янь улсыг сэргээн байгуулах тэмцлийг дэмжсэн Муюн Хун, Муюн Чун нар удаан түүнтэй хамтарсангүй. Түрүү Цин улсын нийслэл Чанань хотыг эзлэн амжилт олсноо ашиглан, Муюн Чун нар одоогийн өмнөд Шэньси мужаар төвлөрсөн тусгаар улс байгуулан Баруун Янь улс (384-394 он) хэмээн нэрлэжээ. Гэвч 384 ондоо цэргийн жанжин Дуан Сүй нь Муюн Чунг алж, хаан ширээг булаан авчээ. Үүнийг Муюны удмынхан эсэргүүцэн, Дуан Сүйг алсан байна. Гэвч хаан ширээний төлөөх тэмцэл үргэлжилсээр Муюн И, Муюн Яо, Муюн Жун нар 386 онд алагдсанаар, энэ тэмцэлд Муюн Ён ялж нийслэлээ Чанань-аас шилжүүлж, Чанзи-д нийслэлжээ.

Хожуу Янь улсын Муюн Чүй 70000 цэргээ аван Баруун Янь улсыг дайлахаар ирэхэд Муюн Ён 50000 цэргээ удирдан тосон очжээ. Муюн Чүй хаан Муюн Нун, Муюн Кай нарыг хоёр жигүү болгож, Муюн Гуогийн цэргийг хавцалд бүгүүлээд, өөрөө гол хүчээ удирдан байлдсан байна. Муюн Чүйгийн цэрэг ухарч эхлэхэд Муюн Ён мөшгөн хөөгөөд отолтонд оров. Ухрах замыг нь Муюн Гуо хааж, хоёр жигүүрээс нь Муюн Нун, Муюн Кай нарын цэрэг довтолсноор Муюн Ён ихээхэн хохирол амсаж, өөрөө цөөн цэргийн хамт зугтжээ. Муюн Ёны захиргаанд байсан 76800 өрхийг Муюн Чүй нэгтгэн авав. Ийнхүү Хожуу Янь улсын Муюн Чүй хаан хэд хэдэн амжилттай дайн хийж, 394 онд Баруун Янь улсыг мөхөөж, өөртөө нэгтгэн авч, Шар мөрний зүүн болон умард хөвөөгөөр газар нутгаа үлэмж өргөтгөжээ.

Энэ үед Хожуу Янь улстай өрсөлдөх нэгэн хүчирхэг улс гарч ирсэн нь сяньби угсааны табгач нарын байгуулсан Умард Вэй улс байв. Муюн Чүй хүү Муюн Бао болон Муюн Нун, Муюн Лин нарт 80000 цэрэг өгч Умард Вэй улсыг дайлав. “Зинь улсын судар”-ын “Муюн Чүйгийн намтар”-т бичсэнээр “Вэй улсын цэрэг Муюн Бао-г цэрэглэн ирж явааг сонсоод, голын баруунд шилжин байрлаж бэхлэн суув. Муюн Бао Цаньхэ-д голын эрэгт  хүрсэн ч гол гатлалгүй цэргээ буудаллуулжээ. Гэтэл  манантай байсныг ашиглан Вэй улсын цэрэг гол гаталж, шөнөөр Янь улсын цэргийн хуаранг бүслэн, гэнэдүүлэн довтолж хядсан байна. Янь улсын цэргүүд ямар ч эсэргүүцэл үзүүлж чадсангүй. Муюн Бао нар хэдэн мянган цэргээ дагуулан давхар давхар бүслэлтийг сэтлэн зугтаасан. Цэргийн 10-ны нэг хоёр нь л бүслэлтээс амьд гарсан бөгөөд Муюн Шао алагджээ” гэжээ. Үүний хариуд Муюн Чүй өөрөө цэрэг удирдан Умард Вэй улсыг довтолж, Пинчэн хотыг эзлэн 30000 Вэй хүмүүсийг олзлон нутагтаа авчирчээ.

Муюн Чүй цэргээ аван буцах замдаа Цаньхэ хүрээд урьд жилийн дайн болсон газар хүний ясаар овоорон байхыг хараад тахилга үйлджээ. Сурвалжид “Муюн Чүй ичиж дотроо уйлаад цусаар бөөлжиж, тэгээд өвчлөв” гэжээ. Муюн Чүйгийн бие улам бүр муудахад тэрээр “Хүчтэй дайсан тохиол завшаан хүлээж байдаг. Та нар энэ бүгдийг нууцлах хэрэгтэй. Гашуудлын зар гаргасны хэрэггүй. Нийслэл хотод хүрсний дараа гашуудал хийвээс болно” гэсэн байдаг. Ийнхүү Хожуу Янь улсын хаан Муюн Чүй 396 онд 71 насандаа нас баржээ.

Муюн Чүй нас барахад түүнийг хүү Муюн Бао хаан ор залгаж (396-398 он) оны цолоо Ёнкан хэмээв. Тэрээр нийслэлээ Янь улсын хуучин нийслэл Лунчэн руу шилжүүлж, Умард Вэй улстай тэмцсэн байна. Умард Вэй улс Бинжоу руу довтлоход Муюн Нун цэрэг авч байлдаад ялагдан зугтаав. Муюн Бао хотын хэрмийг засаж, амуу хүнсээ базаан дайсантай урт удаан хугацаагаар дайн хийхэд бэлтгэж эхлэв. Вэй улсын цэрэг Жуншань хотыг эзэлж чадалгүй урагшилж, Болины Лукоу хотыг эзэлжээ. 

Ийнхүү шийдвэрлэх тулаанд бэлдэж байх үед Вэй улсын дотор үймээн гарсан мэдээ авангуут Муюн Бао хотоос гаран байлдах шийдвэр гаргажээ. Энэ нь том алдаа болов. Тэр 120000 явган цэрэг, 37000 явган цэргээ удирдан Вэй улсын цэргийг тосон очив. Вэй улсын цэргийг хараад Муюн Бао болон түүний жанжид сүрдэн айж шууд тулгаран байлдсангүй. Шадар нөхөд нь Жуншань руу буцахыг зөвлөснөөр Муюн Баогийн цэргийг ухрахыг харсан Вэй улсын цэргүүд довтлон бут цохижээ. 

Муюн Бао, Муюн Нун нар их цэргээ орхин 2 түмэн цэрэг дагуулан зугтаажээ.  Энэ ялагдлын дараа Янь улсын хаан ширээний төлөөх тэмцэл өрнөсөн ч амжилтгүй болж, Муюн Хао нь Вэй улсын зүг зугтаж, Муюн Лин динлиний зүг явжээ. Муюн Бао цэргийн авъяас билэггүй нэгэн байсан бөгөөд түүний нэр хүнд унаж, саяхан хүчирхэгжин байсан Янь улс сулран доройтов. Муюн Бао нь өөрөөсөө илүү авъяаслаг муюн ургийн ах дүү нартаа атаархан тэднийг хардаж, алахыг завдах зэргээр зүй бус авирлах болсны улмаас түүнд үнэнч муюн ургийн язгууртнуудыг өөрөөсөө хөндийрүүлсэн байна. Муюн Хуй, Муюн Дэ зэрэг авъяаслаг жанжидыг тэрээр дэмжсэнгүй. Муюн ургийнхны хоорондын тэмцлийн явцад 398 онд Муюн Бао алагджээ.  

Муюн Бао-г түүний хүү Муюн Шэн (398-401 он) залгамжилж зарим шинэтгэл хийсэн ч түүнийгээ сайн хэрэгжүүлж чадсангүй. Тэрээр 401 онд алагдаж, хаан ширээг Муюн Сы залгамжилсан ч 407 онд Муюн Бао-гийн өргөмөл хүү Гао Юньд алагджээ.

Гао Юнь Хожуу Янь улсын нэрийг халж, Умард Янь (407-436 он) хэмээн нэрийдэв. Гао Юнь хаан ширээг булаан авсан ч өөрөө цэргийн жанжин Фэн Ба-д 409 онд алагджээ. Фэн Ба 430 он хүртэл хаанчилжээ. Түүнийг дүү Фэн Хун залгамжилсан бөгөөд умард Вэй улсын удаа дараагийн довтолгоонд өртсөөр 436 онд Умард Вэй улсад эзлэгдсэнээр муюн нарын байгуулсан Хожуу Янь улсын үргэлжлэл Умард Янь улс мөхөв.

Муюн нарын Өмнөд Янь улс.  395-397 онуудад Умард Вэй улс Хожуу Янь улсын үлэмж газар нутгийг эзлэн авсан ба энэ үед Муюн Чүйгийн бага дүү Муюн Дэ нь Е хотыг амжилттай хамгаалан Умард Вэй улсын довтолгоог няцаажээ. Гэвч 397 онд нийслэл Жуншань хот эзлэгдэв. Вэй улс Е хотыг дахин довтлоход Муюн Дэ хотыг орхин зугтан явсаар, зүүн Зинь улсад харъяалагдаж байсан Чинжоу, Яньжоугийн газрыг эзлэн суув. Тэнд Муюн Дэ өөрийгөө Янь улсын хаанаар өргөмжилсөн бөгөөд түүнийг түүхэнд Өмнөд Янь улс (398-410 он) хэмээн нэрлэдэг. Муюн Дэ-г түүний хүү Муюн Чао 405 онд залгамжилсан. Зүүн Зинь улсын хүчин чадал сэргэж 410 онд Өмнөд Янь улсын нийслэл Гуангү-г эзэлж Муюн Чао олзлон авснаар Өмнөд Янь улс мөхжээ.

Сяньби угсааны муюнчууд зүүн хойд хятадыг хяналтандаа байлгаж, олон Янь улсуудыг байгуулж, умард хятадын улс төрийн түүхэнд чухал үүрэг гүйцэтгэж байв. Муюнчуудын байгуулсан Янь улсууд табгач Сяньби нарт ялагдснаар тэдний байгуулсан Умард Вэй улсын захиргаанд оржээ.

No comments:

Post a Comment