12.16.2018

Өвөг монгол Сяньби нарын цифү овгийн Баруун Цинь улс


Цифү сяньби нар Баруун Цинь (385-431 он) улс байгуулж байлаа. “Зинь улсын судар”-ын 125-р бүлэг “Цифү Гожэний намтар”-т: “Цифү Гожэнь хэмээгч нь Лунсигийн сяньби хүн юм. Урьд жуфусы, чүлянь болон чилү хэмээх 3 аймаг байжээ. Говийн араас өмнөш нүүж их Иньшань (Мони уул) ууланд ирсэн” хэмээжээ.

Цифү зэрэг сяньбийн 4 аймаг говийн араас Иньшань ууланд ирэх замд нэгэн аварга могой тааралдсан бөгөөд дүр нь яст мэлхий мэт, хэмжээ нь үхээр булш мэт байсан учир морь алж тахилга өргөөд “хэрэв сайн савдаг бол зам нээж өг, муу савдаг бол зам хаагдаж битүүр” гэтэл даруй арилж, нэгэн нялх хүүхэд болон хувирчээ. Цифү аймгийн хүүхэдгүй нэгэн өвгөн авч тэжээе гээд Хэгань хэмээн нэрлэсэн байна. “Зинь улсын судар”-т Хэгань арваад настай байхдаа морь унаж, харваж намнахдаа гарамгай, 500 жингийн нум татах болсонд 4 аймаг нийтээр түүний баатар дайчныг бишрэн, ноёлогч эзнээр сонгон, Цифү хаган Тодо Мохэ хэмээн нэрлэв. Тодо гэдэг нь савдаг, хүний аль нь ч биш гэсэн үг аж” гэжээ.

Энэ нь хаан гэдэг нэр сурвалжид дурьдагдаж буй хамгийн эртний мэдээ бөгөөд Сяньбичүүд төрийн тэргүүнээ ийнхүү нэрлэж байж. Табгач сяньби нар тэргүүнээ хаан гэдэг байсны ул мөр сурвалжид үлдсэн ч “Вэй улсын судар”-т хуанди хэмээн хятадын төрийн уламжлалт нэрээр сольж бичсэн байна. Түгүхүнь сяньби нар мөн тэргүүнээ хаан хэмээдэг байсан ч сурвалжид тэмдэглэгдсэн нь нилээд хожуу үе болно.

Цифү сяньбичүүд хэзээ Иньшань ууланд ирсэн тухайд “”Цифү Гожэний намтар”-т: “...Юлинь хэмээгч нь Гожэний тавдугаар үеийн дээд өвөг бөгөөд Тай-шигийн (265-274 он) эхэн үед 5000 өрхөө дагуулан Ся-гийн хилд нүүн ирж хүчирхэгжжээ. Сяньби Лузе-гийн 7 түмэн өрх Гаопинчюаньд суух аж. Юлиньтэй харилцан дайтахад Лузе ялагдан өмнө зүг Люэян тийш зугтан одоход, Юлинь түүний овог аймгийг өөртөө нэгтгэн авч Гаопинчюаньд суурьшжээ.  Юлинь нас нөгчихөд түүний хөвгүүн Зецюань залгамжилж, Цянтуньд шилжин суув. 

Зецюанийг хүү Лина залгамжилж, Сяньбийн Тулайг Ушушаньд дайлж, Юйчийг Дафэйчюаньд цохиж, 3 түм илүү өрх хураан захирчээ. Лина-г түүний дүү Цини залгамжилсан бөгөөд түүнийг Линагийн хөвгүүн Шүянь залгамжлан Сяньбийн Мохоу-г Юаньчюаньд дайлан ихэд ялж, 2 түмэн өрхийг өөртөө нэгтгэн Юаньчюаньд суужээ” хэмээн нилээн дэлгэрэнгүй өгүүлжээ.

Шүянийг нас барахад хүү Нудахань залгамжилсан бөгөөд түүнийг хүү Сыфань залгажээ. 376 онд Сыфань нас барж, хүү Гожэнь залгамжилжээ. Гожэний үед цифү аймгууд үлэмж хүчирхэгжсэн байна.

383 онд Цифү Гожэнь түрүү Цинь улсын армийн бүрэлдхүүнд Фү Зянь жанжны удирдлага дор цэргээ захиран оролцжээ. Фэй голын байлдаанд Зинь улсын цэрэгт гутамшигтайгаар ялагдсны дараа Түрүү Цинь улс задарч, олон жанжнууд тусгаарласнаа зарласны адилаар Гожэнь тусгаар улс байгуулжээ.

385 онд Гожэнь өөрийгөө их захирагч, их жанжин, их шаньюйгаар өргөмжилж, оны цолоо Зянь И хэмээн нэрлэж, төрийн түшмэдүүдийн зэрэг дэвийг шинэчлэн тогтоож, харъяат газар нутгаа Учэн, Уян, Аньгу, Уши, Ханъян, Тяньшуй, Люэян, Цянчюань, Ганьсун, Куанпэн, Байма, Юаньчюань гэсэн 12 тойрогт хуваан Ёнши хотыг нийслэлээ болгожээ. Ийнхүү Цифү Гожэн төр засаг захиргааны шинэтгэл хийж, төр улсын хөгжлийг шинэ шатанд гаргаж, Баруун Цинь улсыг үндэслэн байгуулсан байна. Цифү аймгийн манлайлал дор сяньби, хүннү, цян угсааны аймгууд нэгдсэн байна. Цяньчюань тойргоос баруун ба баруун өмнө нь Сяньбийн Түгүхүнь нар төр улсаа байгуулсан байлаа.

Ийнхүү Цифү Гожэнь хүчин чадал өсөн хүчирхэгжих болсон тул Сяньбийн Пилань 5000 өрхөө дагуулан ирж нэгдэв. 386 онд Ми-и-гээр удирдуулсан Наньаны цянчууд цифү нарыг довтолсон ч ялагдан Ми И үхэж, түүний дүү Мохоути 30000 өрхөө дагуулан бууж өгчээ.

Гожэнь 30000 цэргээ дагуулан Лючюаньд нутаглаж байсан сяньбийн Мигүй, Юйгоу, Тилунь нарын 3 аймгийг довтолжээ. Ялагдсан 3 аймгийн толгойлогчид албат иргэдээ дагуулан бууж өгөв. Пинсян хавьд нутагладаг сяньбийн Юэши Чили-г эзлэн өөртөө нэгтгэв.
388 онд Цифү Гожэнь нас барахад түүний хүү бага балчир тул Гожэний дүү Ганьгүй залгаж оны цолоо Тай Чү  хэмээн нэрлэн нийслэлээ Зиньчэнд шилжүүлжээ.

400 онд Хожуу Цинь улсын хаан Яо Син 50000 цэргээр Баруун Цинь улсыг довтлоход цифү Ганьгүй өмнөд Лян улс руу зугтаан очиж, Түфа Лилүгү-д дагаар оржээ. 400 оны 8 сард цифү Ганьгүй Өмнөд Лян улсаас зугтан гарч, Чананьд очин Хожуу Цинь улсад бууж өгөв. Хожуу Цинь улс түүнийг баяртайгаар хүлээн авч, Юаньчюаньд буцаан суулган, аймг олныг нь захируулжээ.

402 онд Хожуу Цинь улс, табгач сяньбийн Умард Вэй улстай хийсэн Цайбу дахь их тулалдаанд Яо Син ихээр ялагдан 2 түм гаруй цэргээ олзлуулан хүчин чадал нь суларсан үед  409 онд Цифү Ганьгүй, түүний хүү Чипань нар цэрэглэн босож, 7 сард Ганьгүй өөрийгөө Цинь ван өргөмжилж, оны цолоо Гэнши хэмээн нэрлэж, Баруун Цинь улсыг сэргээн байгуулжээ.
Цифү Ганьгүй төр улсаа сэргээн мандуулсны дараа Хожуу Цинь улс руу хэд хэд довтолж, нэлээд хэмжээний газар нутгийг эзлэн авсан бөгөөд 409-412 оны хооронд Хожуу Цинь, Өмнөд Лян, Түгүхүнь улсуудтай хийсэн дайнаар газар нутгаа өргөтгөн, зүүнш Пинсян, Люэян, баруунш Зиньчэн, Байду, өмнө зүгт Дэнчэн, Чишүй умар зүгт Дузяньшань-аас хойшх нутгийг эзэмшжээ.

412 онд Чипань эцгээ залгамжлан их сууринд сууж, оны цолоо Юнкан хэмээв. Түүхэнд тэмдэглэснээр нь Чипань нь эрэлхэг баатар, эрс шулуун зантай, хэрэг шийтгэхдээ цэгц мэргэн, арга ухаан бусдаас хэтийдсэн нэгэн байв.  Тэрээр хаан болмогцоо юуны өмнө дайсагнагч хүчнүүдийг даран устгах бодлого явуулж, өөрийн байр суурийг бэхжүүлсний дараа Хожуу Цинь улсын эсрэг тэмцлээ эхлүүлжээ.  Тэрээр нийслэлээ Баохань руу шилжүүлж, Өмнөд Лян улсад олон жил ган зуд болсныг далимдуулан 414 оны 5-р сард нийслэл Лэду хотыг эзлэн түфү сяньби нарын байгуулсан өмнөд Лян улсыг мөхөөн өөртөө нэгтгэжээ.

Гэвч 416 оноос өмнөд хөрш Зүүн Зинь улстай зөрчилдөх болов. Зүүн Зиньгийн цэргийн жанжин Лю-юй Вэй голын хөндийг эзлэн авчээ. Чипань бүрэн сүйрэхээс зайлсхийж, зүүн Зинь улсын түшмэг улс гэдгээ хүлээн зөвшөөрөв.
426 онд Умард Лян улстай байлдаж байхад нь Ся улсын хаан ХэляньЧан, Баруун Цинь улсын нийслэл Баохань-ийг гэнэдүүлэн довтлоход Чипань арга буюу Динляньд нийслэлээ шилжүүлжээ. Ся улсын цэрэг улам бүр түрэн Нанань, Юаньчюань тойргийг эзлэн авч, Баохань, Хуанхэ болон Сипинийг бүслэн 2 түм илүү өрх булаан авчээ. Ийм үед Уши, Даояны өмнө ууланд суурьшдаг уулын цян нар Баруун Цинь улсын ноёрхлыг эсэргүүцэн бослого гаргав. Улс орны байдал эгзэгтэй хүнд үед 428 онд Цифү Чипань нас барж, түүний хүү Мумо залгамжилж, оны цолоо Юнхон хэмээв. 429 онд Хэси, Хуанхэ зэрэг газрыг Умард Лян улс эзлэн авч, Баруун Цинь улсын зарим жанжид бууж өглөө.

431 онд Ся улсын хаан Хэлянь Дин Баруун Цинь улсыг дахин довтолж, Мумо хаан алагдан Баруун Цинь улс мөхжээ.



No comments:

Post a Comment