12.24.2018

Бүстийн цэнхэр нуураа санаад байна аа /аяны тэмдэглэл/


Бид Цэнхэрийн халуун рашаанаас энэ жилийнхээ аялалыг эхлүүлэв. Янз бүрийн шалтгаанаас уван цуван халуун рашаан дээр цуглацгаахаар шийдсэн юм.
Цэнхэрийн халуун рашаан Улаанбаатар хотоос 510 орчим км зайтай. Монголдоо халууныхаа үзүүлэлтээр Шаргалжуутын рашааны дараа хоёрт эрэмблэгдэх тус рашаан нь ундарга дээрээ +86С градус халуун гардаг байна. ДТД 1860 метрийн өндөрт шүү дээ.  Монголчууд маань эртнээс л Цэнхэрийн халуун ус хэмээн нэрлэж рашаанд орж, өвчин зовлонгоосоо ангижирч байсан нөмөр нөөлөг ихтэй буян хурсан газар аж. Үнэхээр л рашаан гэдэг утгаараа олон төрлийн эрдэс бодистой биед эерэгээр нөлөөлөх ч халуун рашаанд сууна, тааваараа хэвтэж өнжинө  гэдэг өөрөө таатай, сэтгэл ханамжтай эерэг зүйл аж.  
Халуун рашаандаа Цэнхэр сум талаасаа ирж, бөөгнөрсөн манайхан Цэцэрлэг хотод , Могойтын голоор гарч, Булган уулынхаа чанх өмнөөс  нь шууд очлоо. 30 хүрэхгүй л км юм. Тэндээ сааталгүй Тайхар чулуугаар хальт шүргээд ,Тэрхийн цагаан нуур хүрч хонохоор цаашлан довтолгов. Одоо үед үзэсгэлэнт Цагаан нуур хүрэхэд зам, даваа асуудалгүй сайхан болж  дээ. Би явж Бээжин зогсож байгаа гэсэн эртний үг ул болж, хаана байна, хаана байна тэр нуур гээд л үтэр түргэн амжуулдаг болж.
Нуурынхаа хойд хөвөөнд хоног төөрүүлчихээд  Тарвагатайн нурууны томоохон даваануудын нэг Ороохын даваагаар давж Тойн голын эрэгт өдрийнхөө цайг ууж суухад минь  Хутаг уулаас эх аван боргиотох эл голын эрэгт байсан Арын хүрээний цогчин дуган руу өгсөх 108 шат тодхон харагдана. Далай Чойнхор вангийн хошууны шашин номын төв байсан Тариатын хүрээнээс салбарлан Тарвагатайн нурууныхаа ард байгуулагдсан болохоор,  Арын хүрээ хэмээн ард олон нэрлэдэг байсан энэ хүрээний номын нэр нь Үүрд хөгжүүлэгч сүм гэх ба энэ хүрээнээс одоо сэргээн босгосон жижиг дуган, энэ шат л үлджээ.
Жаргалант сумын төвөөр орж нэг дугуй янзлуулчихаад яарамгүй хөдөлж Идэрийн голын өмнөд эргийг  даган өгсөж, Цэцүүхийн голуудаа гарч Завхан нутгийн Их-Уул сумаар Тосонцэнгэл хүрч өдрийнхөө аялалыг өндөрлүүллээ.  Уг нь Цагаан нуураасаа Солонготоор давж явсан бол зам нь дардан шулуун ч бид амарч, газар үзэж яваа болохоор энэ замыг сонгосон юм.
Олон жилийн өмнө нэг автобустай Увс аймаг руу ялангуяа Өндөрхангай сум руу их явдаг байлаа. Нэг удаа Завханы 4 замын уулзвараас нилээн хойшоо хүн хүргэж өгсөн юм. Газар усных нь нэрийг одоо санахгүй байна. Тэгээд 1905 оны газар хөдлөлтийн ул мөр болсон газрын гав дагаад баруунш замаа хөөж билээ. Хавар жаахан орой цаг дор. Бүст нуурын араар гарч явахдаа “яасан сайхан нуур вэ? Зорьж нэг ирнэ дээ” гээд л бодож явснаас хойш 20 жил өнгөрчээ. Санаж явбал бүтнэ гэж... Сэтгэлдээ гээчихэлгүй эл бодлоо тээж явсаар энэ жил зориуд  Бүст нуурыг  зорин, замдаа яваа минь энэ билээ.

Гэхдээ бас шууд давхиад хүрэхийг бодсонгүй. Нөмрөг сумын Холбоо нуур, Хунт нуур, Улаан нуур, Цэнэгт нуур гээд холбоо олон нууруудын дэргэдүүр аялан  Бүст нууранд хүрэхээр хөдлөв. Нөмрөг суман дээр нэг танкалж аваад, хур бороо дагуулсаар олон нууруудын дэргэдүүр өнгөрч Галуутайн голд тулж ирлээ. Бүст нуурынхаа бараг дэргэд ирлээ л  гэсэн үг. Энд жаахан будлив. Газрын гаваа харангуут л багын дурсамжандаа хөтлөгдөн, голоо хойш гараад, газрын ангархай ил харагдах Буга өндөрийн нуруу руугаа зүтгэлээ, зам муу юмаа. Газрын гавынхаа дэргэдэх зам руугаа нийлж аваад айлаас сайн сураглалаа. “Очих нь очино, гэхдээ нэг их хазгай, эвгүй газар нэг бий. Жаахан тойрох ч нуурынхаа баруун өмнөд хэсгийн уулсыг ороож давхиад, нэг даваад л орно. Зам нь цагаан” гэв. Бид энэ замыг сонгож, буцаж голоо гараад, нуураа ороож хэсэг  давхиад, нээрээ л нэг даваан дээр гараад л нуур маань мэлтэс гээд гараад ирэв. Юутай сайхан... Баруун өмнөд үзүүрээс нь очсон бид, нуураа тойрч, ой дундуур хоёр ч даваа давж, модныхоо зүүн үзүүрт газар сонгон буудаллан, хоёр  өдөр амарч тухлахаар төхөөрлөө. Одоо ингээд эргээд  дурсахад үзэсгэлэнт нуурын хөвөөнд тааваараа амарч, сэлж шумбан, дуулж хуурдаж өнгөрөөсөн энэ хоёр өдөр сэтгэлд таатай, сайхан мэдрэмж төрүүлнэ.
Бүст нуур нь 22 ам км талбай эзлэн орших ба өмнүүрээ модтой уулсаар хүрээлэгдсэн дундаа том арлан уултай, усны шувууд чуулсан, байгалийн үзэмж бүрдсэн газар юм. Төв замаасаа алс зайдуу болохоор онгон дагшин байдлаа хадгалан үлджээ. Нуурын хойгуур 1905 оны аймшигт газар хөдлөлт болсны илрэл газрын хагарал дайран өнгөрнө. Тэр цагт газар хөдлөлтөнд өртсөн хүн, малын дуу, газрын дор хэдэн өдөр тасралтгүй шуугилдаж байсан гэдэг. Бүст нуурын дундах уулыг Алтан тэвш гэх нь шадар ван Чингүнжавтай холбоотой. Шадар ван Цагаан түнгээс гараад Орос орныг зорин, манж нараас зугтан явахдаа эл нууранд хоног тааруулсан гэдэг. Өглөө нь айсан үргэсэн амьтад нуурын мөсөн дээгүүр дундах уулыг чиглэн сүрэглэн давхиж байхыг харсан шадар ван “айсан үргэсэн амьтдыг орогнуулдаг, ачтай буянтай уул юм” гээд дунд ууланд нь өөдөө харсан сав гээд алтан тэвшээ булуулж, харин нуурын мөсийг цоолж, товчлуур мөнгөн бүсээ өргөжээ. Энэ үеэс Бүгсэнхэн газар нь Бүстийн дунд уулаа гээд дуу ч хүртэл гарч. Ийм л сайхан үүх түүхтэй үзэсгэлэнтэй сайхан нуурын хөвөөнд  дурсамжаа сэдрээн, саатан амрав.
Жаргалтай хоёр өдөр маань дуусч, ачаалж аваад, нуураа зүүн талаар нь ороож, газрын гаваа дагаж, Жарантайн голынхоо хойд биеэр зүүнш чиглэн хэсэг яваад, газрын хагарлаа хөндлөн гарч, чанх хойшоо давхисаар Могойн голоо гарах үед цаг агаарт зааж байсан бороо ч орж эхэллээ. Гэхдээ энэ түр зуурынх байх ёстой. Бороон дундуур шуугиулсаар Тэсийн голын гүүр хүрэхэд бороо ч ард хоцорч, тэнгэр гийж, нар наашлав. Цэцэрлэг сумын дэргэд шахуу Тэсийн голын хөвөөнд хальт  цай ууж аваад цаашлан яаравчлан хөдлөв.
Өмнөөс умрыг чиглэн ингэж хурдлан яваа нь  Дэдэн Түмбэн уулын өмнөд биед буй Ус хийсдэгийн хүрхрээ гэж сонин содон нэртэй Монголынхоо нэгэн өвөрмөц газрыг зорьж яваа минь энэ. Сумын төвөөр орон, газраа сайн заалгаж аваад, Зуун модны гол хүртэл асуудалгүй сайхан давхиад хүрчихлээ. Голоо гараад, дагаад дээшээ өгсөв. Сайн заалгасан ч, салах газраа өнгөрч, өгссөөр Хул азаргын нурууны Хаснэгтийн даваан дээр гараад ирлээ. Даваан дээр үнэхээр сайхан, хэлэх үггүй гайхалтай сайхан.  Алсад  өвгөдийн минь эзэн сууж байсан Тува нутаг харагдана. Хэсэг байгалийг биширч,  идээ цагаагаа өргөлөө. Буцах ёстой тул буцлаа. Тэрнээс бус энэ даваан дээр алсыг дурандаад л суугаад баймаар үзэсгэлэнтэй юм.
Даваанаасаа бууж, салах байсан байх гэж таамаглаж байсан голын цаана, тэртээд  харагдах өвөлжөөнийхөө доохноос дахин сум руу утсаар ярьж, лавшруулан сайн заалгаж аваад, Зуун модныхоо голыг гарч, өвөлжөөний өмнүүр шахан өнгөрч, Дэдэн Түмбэн уул руугаа лавшран оров. Энэ хэсгийн зам бол тун бэрх, намаг устай, том том чулуутай. Явж байгаад зам арай гайгүй болох ч ховил, ирмэг ихтэй. Явахад төвөгтэй ч  машинаа аажим мөлхүүлсээр тултал явуулаад, алхалтаа эхлүүллээ. 3 орчим км голцуу өгсөж явсаар хүрхрээндээ хүрч байна. Хүрхрээ хүртэл чардайн алхах ч, холоос түүнийг хараад ядарснаа умартан, нэг л мэдэхэд дэргэд нь хүрчихсэн зогсож байж билээ.  6-р сарын эхээр бороо ус  багатай үе тул хүрхрээний ус нь бага байсан ч мөс цас нь хайлаагүй үзэсгэлэнтэй, бахдам сайхан харагдах аж. Бэрхийг туулж зорьж очсон доо харамсахааргүй, хожим хойно дурсгалтай сайхан аялал бол энэ оройн аялал байсан. Цаг оройтсон ч энэ өдрийнхөө ажлыг амжуулсан бид Цэцэрлэг сумын төвд буудлын эгчийн “нутгийн бид ч очиж амжихгүй юм даа” гэсэн үгийг сонссон шигээ бахдалтайгаар өнгөрүүлсэн өдрийнхөө сайхныг хуучилж, урамтайгаар амарч тухлахаар бужигналдлаа.
Маргааш эртлэн Цэцэрлэг сумаас Мөрөн хотыг чиглэн гарч, төв замаасаа бага зэрэг өмнүүр даялан давхиж, үд гэхэд  Тунамал нуурын хөвөөнөө цай уун сууж байв. Эндээсээ Цагаан-Уул сумын өмнүүр, түүний барааг харан өнгөрч, Хөх Хөтөлийн даваанаас Дэлгэр мөрөнтэй нийлэн, түүнийг даган шуугиулсаар, Улаан богочийн даваа уруудан Бүрэнтогтох сумаас  их мөрний уужим хөндий рүү орж, уралдан давхиулсаар Мөрөн хотод ирж алжаал юугаа тайлав.
Мөрөн хотоос Эрчимийн нурууг Цагаан Бургастайн даваагаар давж, Төмөрбулаг сум хүрч Бүгсэйн голын эрэгт отоглосон нь Олон голын бэлчир гэх Сэлэнгэ мөрний эхийг зорьж яваа минь билээ. Төмөрбулаг сумаас Олон голын бэлчир холгүй ч өглөө эрт очино гээд “Таван гол” жуулчны баазад захиалга өгчихсөн, мөн Мөрөн хотоос  яарамгүй гарсан тул замдаа хоног төөрүүлэхээр шийдсэн юм.
Олон голын бэлчир бас Таван голын бэлчир ч гэх ус ундарганы эх болсон энэ газарт Бүгсэйн гол Дэлгэр мөрөнд цутгана. Чулуутын гол Идэрийн голд  нийлнэ. Дэлгэр мөрөн, Идэрийн гол хоёр Бүгсэйн нурууны зүүн бие дор усаа тунаруулан бөөгнөрүүлж, Сэлэнгэ мөрний эх болж Байгаль далай тийш хөврөнө. Монгол орны усан сүлжээний гол цөм нь болсон Сэлэнгэ мөрөн ДТД 1145 метрээс эх аван урсдаг байх нь. Энэ хавьдаа ганц буй жуулчны бааз нь хоол унд, үйлчилгээ сайтай, тун дажгүй газар биднийг угтаж авлаа. Дэлгэр мөрний хамгийн гүнзгий цэг (15 м) Буур хаднаас Сэлэнгэ мөрний эх Дэлгэр мөрөн, Идэрийн голын өнгө ялгаран нийлж байгаа хэсэг хүртэл 10 гаруй км завиар аялуулна. Мөн бяцхан тохойд сургалт явуулж байгаад каяк завиар зугаацуулна. Хэд хоногоор бол өөр олон сайхан аялалын боломжууд байна. Бид ч боломж бүрийг л ашиглаж байлаа.
Хоёр ч өдрийг уул хад, ус мөрнөөр аялаж, зугаацаж  өнгөрөөсөн бид ээжийн минь нэртэй ижил нэртэй Сэлэнгэ мөрний эхээс нутгийн зүг хөлгийн жолоог эргүүллээ. Энэ удаа буцахдаа олон удаагийн аялалаас дандаа сугарч үлддэг,  Эг тарвагатайн бэлчрийг  заавал үзнэ гэсэн төлөвлөгөөтэй замаа хөөсөн юм. 
Намнангийн нурууны арын Хужиртын даваа уруудаад л төв замаасаа салж, умрыг зорин Тээлийн голоо гармаар гаран, Уст нуурынхаа зүүн биеэр Айрхан нуураа чиглэн давхисаар, нуурынхаа араар тойрон, Хонгор багаа зүүн гар талдаа үлдээн давхисаар Эгийн голын гүүрэнд  тулав. Гүүрээ дөнгөж гараад, Тэшиг сум руу хүрэх төв замаа орхин,  баруун гараа барин салж, цаашлан үзэсгэлэнтэй нуга хөндий, даваа гүвээг туулсаар Харлангийн гол хүрнэ. Харлангийн голоо гарчТөмөрөнгийн гол хүрнэ. Эндээс  голоо даган уруудан Тарвагатайн гол хүрч болох ч зам муутай гэж сонсоод, Хужирт багийн замаар хөдлөн, эхний дөрөлж дөнгөж даваад л баруун талаа барин уулаа ороох маягтай урагшлав. Энэ хавь бол суурин иргэншилтэй нутаг аятай тариалангийн жижиг талбайнуудыг гамгүй хашаалж хороолжээ. Тэдгээрийг сүлжиж давхина гэдэг асуудалтай юм билээ. Эсвэл мухардана эсвэл поле-н дундуур сэгсчүүлнэ. Гэхдээ л явсаар байгаад Төмөрөнгийн голоо дахин гарч Тарвагатайн гол Эгийн голд нийлэх бэлчирт тулж очив. Үнэхээр сайхан газар.
Майхан саваа буулгаж төвхнөж авав. Хүүхдүүд саяхан үерлээд ус нь татарч буй Тарвагатайн голд тоглож, шуугих нь нэн таатай байгаа бололтой. Тарвагатайн гол хүүхдүүд тоглоход яг таарна, Эгийн гол харин ус ихтэй, хүүхдүүд тоглоход тохиромжгүй ч хараа булаан хажууд  дөлгөөхөн урсана.  Энд ялаа шумуул ихтэй юм. Аргагүй байх, энэ их өвс ногоонд гэртээ байгаа амьтдыг бид ад үзээд яахав дээ. Аргал түүж отогоо тойруулан зуллаа. Аргалын утаа үнэртсэн, аглаг зэлүүд энэ газар амар амгаланг л мэдэрнэ. Үүнээс илүү жаргал гэж юу байх вэ дээ?  
Энэ тансаг газар бас л хоёр өдрийг өнгөрөөгөөд байгалийн сайхныг бишрэн шагшсаар, Булган аймгийн хамгийн том нуур болох Харгалын хөвөөгөөр Тэшиг сумын төв орж аялалынхаа сүүлчийн цэгийг хатгаж, ачаа бараагаа хуваан цэгцэллээ. Тэшиг сумаас Айрхан нуураар төв зам хүрэхэд ердөө 100 хүрэхгүй км, тэгээд шинэ замтай нийлж аваад, Булган-Эрдэнэт-Улаанбаатар гээд л хот руугаа ширүүхэн гишгээд л орчихно. Зам харгуй сайхан болж, хол нь ойр болж, улс орон аажим боловч урагшилж л байна.

No comments:

Post a Comment