12.24.2018

Сяньбийн табгач буюу тоба аймгийн Дай болон Вэй улсууд


Сяньбийн олон аймгуудын хамгийн томоохон нь Тоба юм. Табгачийн Шийзянь 338 онд табгачийн Дай улсыг үндэслэн байгуулж, өөрийгөө ван хэмээн зарлаж, одоогийн ӨМӨЗО-ны Хорин гэр хошууны нутагт Шэнлэ хотыг нийслэлээ болгож, түүний хойчис  Табгач Гүй 386 онд ван болж, улсаа Вэй хэмээн нэрлэсэн нь түүхнээ Умард Вэй (386-534 он) гэж алдаршжээ. Хожим нь дотоодын зөрчил, бослогын улмаас задарч, Баруун Вэй (535-556 он) болон Зүүн Вэй (534-550 он) хэмээх хоёр улс болон хуваагдсан байна.

Табгач Сяньбийн Дай улс. Табгачийн хаан ургийг үндэслэгч нь Ливэй юм. Тэрээр 248 онд хаан өргөмжлөгдөөд 30 жил хаан ор сууж, 278 онд нас баржээ. 261 онд өөрийн залгамжлагч Шамоханийг Цао Вэй-гийн ордонд Лоян хот руу явуулжээ. Шамохань Цао Вэй улсын хааны ордонд хүндэт зочноор байж, хоёр улсын худалдааны ажлыг зохицуулж байв. Зинь улс хятадыг нэгтгэсний дараа 267 онд Шамохань буцаж ирэхэд Зинь улс хүндэтгэлтэйгээр хүргэж өгчээ. 

275 онд Шамохань дахин Зинь улсад очсон боловч түүний эсрэг хуйвалдаан гарч, тэр 2 жил саатуулагдсан ч буцаж иржээ. Гэвч дахин түүний эсрэг дахин хуйвалдаан гарч, алах ялаар шийтгэгдэн үхсэн бөгөөд Ливэй хаан үхэхээсээ өмнө түүнийг хилс хэргээр шийтгэснээ мэдсэн гэдэг. 278 онд Ливэй нас барахад түүний хүү Силю залган хаан болов. Түүний үед олон аймгууд бослого тэмцэл гаргасан хүнд үе байлаа. Силю 287 онд нас баржээ. Силю хааныг түүний дүү Чуо залгамжилж, 7 жил хаан суусан. Тэр зоригтой дайчин, ухаалаг нэгэн байв. Түүнийг Шамоханий хүү Фү залгамжилсан ч ганц жил хаан ор суужээ. Фү хааныг Ливэй хааны бас нэг хүү Лугуань залгамжлав.  

Лугуанийг нас барахад Шамоханий хүү И залгамжилж, 8 жил ор суув. Түүнийг Фү хааны хүү Юлю залгамжилж, 5 жил хаан суусан. Түүнийг нас барахад Шамоханий хүү Илю-гийн хүү Хэрү залгамжилж, 5 жил ор суув. Хэрү-г нас барахад түүний хүү Хэна залгамжлан 5 жил хаан суусан. Хэна-г Юлю хааны хүү Ихуай залгамжлан 5 жил ор суусан ба Хэна түүнийг огцруулж  дахин хаан суугаад 3 жилийн дараа Ихуай эргэн хаан болж 1 жилийн дараа нас баржээ.

Үймээн самуун намжиж, Юлю хааны бага хүү Шийзянь хаан болж, 38 жил их ор сууж, 57 насандаа нас баржээ. Түүнийг табгач Дай улсыг үндэслэгч хэмээн үздэг. Тэрээр оны цолоо Улсыг үндэслэгч (338-376 он) хэмээн нэрлэж байв.

Гэвч хожуу Цинь улс умард хятадыг нэгтгэн, 370 онд Сяньбийн мюун овгийн Янь улсыг, 376 онд Сяньбийн табгач овгийн Дай улсыг тус тус эзлэн авч, өөртөө нэгтгэсэн.  Табгач сяньби нарыг хоёр хуваан нутаглуулснаас,  Шар мөрний зүүн хэсгийг Шийзяний эгчийн хүү Дүгү захирч байв. 372 онд Цаньхупо-д төрсөн Ихуай хааны хүү Табгач Гүй энэ үед 6 настай, ээжийн хамт Дүгү-гийн өмгөөлөлд оржээ. Улмаар Табгач Гүй ээжийн ах Хэлянь-ний хамгаалалд очин түүний дэмжлэгээр өсөн өндийв. 383 онд Хожуу Цинь улс Зүүн Зинь улсад Фэй голд ялагдснаар бууран доройтож задарч эхэллээ. 386 оны 3 сард табгачууд Нючюань голын хөвөөнд цугларч Табгач Гүй-г Дай улсын хаанаар өргөмжилсөн. Тэрээр Дэнго хэмээх оны цол хэрэглэж, тэнгэр тахих ёслол үйлджээ. Удалгүй 386 оны 4 сард улсын нэрээ өөрчилж, Вэй улс хэмээн тунхаглажээ.

Табгач Сяньбийн Умард Вэй улс. Сяньбичүүд Дай улсын уламжлал дээр үндэслэн Умард Вэй улсыг байгуулсан. Табгач Гүй хааны сэргээн байгуулсан табгач сяньбийн Вэй улс нь түүхэнд Умард Вэй улс хэмээн алдаршжээ. Табгач Гүй-н хаанчлалын эхний жилүүдэд түүний ээжийн ураг Хэлань болон Дүгү ургийн гэр бүлийнхний нөлөө үлэмж их байв. 391 онд Табгач Гүй хаан Шар мөрний тохой дахь Ордос хавьд байсан тьефү хүннү нарыг өөртөө нэгтгэн авч 300 мянган адуу, 4 сая толгой хонь, үхэр олзолсон байна. Мөн тэрээр сяньбийн муюн овгийн Хожуу Янь улстай ураг барилдан, гадаад байдлаа бэхжүүлж авав. Гэвч Янь улс 395 онд Вэй улс руу довтолсон ба хариу болгон Табгач Гүй 396-398 онуудад Янь улс руу довтолж, үлэмж газрыг нь эзлэн авч, муюн болон когурьёгийн 360000 иргэдийг нүүлгэн шилжүүлж, 100 орчим гар урчуудыг шинэ нийслэл Пинчэн хотод авчирсан байна. Мөн Табгач Гүй хан хөвгүүдийн сургууль байгуулж, улмаар 399 онд номын сан үүсгэн, хятадын сонгодог бүтээлүүдийг заах багш томилж, төрд ажиллах хүмүүсийг бэлдэх болов. Табгач Гүй бурханы шашныг дэлгэрүүлэх зарлиг гаргаж, сүм хийд олноор барьж байгуулав.
Табгач Гүй хаан 409 онд 39 настайдаа нас баржээ.

Табгач Гүй хааныг Табгач Си (409-423 он) түүнийг Табгач Дао (423-452 он) хаан залгамжилсан байна. Дао хааны өргөмжилсөн нэр нь Тай У-ди. Табгач Дао хаан умард хятадыг нэгтгэн захирах бодлого явуулж, 424-425 онд нэрт жанжин Гуй Хао-гийн гайхамшигт стратегийг ашиглан Жужан улсыг довтолж, тэднийг говийн хойно шахан гаргаж, 431 онд Баруун Цинь улсыг, мөн ондоо Ся улсыг, 439 онд Умард Лян улсыг нэгтгэжээ . Умард Вэй улс 431 он гэхэд цагаан хэрмийн доторх умард хятадыг нэгтгэж дуусгасан байна.

Гэвч умард Вэй улсын ордонд Гуй Хао-гийн нөлөө улам ихсэж, түүний зөвлөснөөр бурхны шашныг хориглож, Даогийн сургаалийг төрийн зүгээс дэмжих болжээ. Табгач Дао хаан төр захиргааны зохион байгуулалтыг өөрчлөн, хүнд суртлыг бий болгож эхлэв. Хятадын уламжлалт засаг захиргааны муж, тойрог, сум гэсэн нэгжийг авч хэрэгжүүлэв. Тэрээр күнзыг боловсрол олгодог их сургууль байгуулж, төрийн албаны хүмүүсээ бэлдэх болсон байна. Хууль цаазыг журамлаж, стандарт тогтоон мөрдүүлж эхлүүллээ.

Дао хааныг Табгач Зүн (452-465 он)залгамжилж,  Вэньчэн хаан хэмээн өргөмжлөгдөв. Тэр төвлөрсөн засаглалыг улам хүчирхэгжүүлж, Дао болон бурхны шашин аль алиныг дэмжих бодлого явуулжээ.

Табгач Зүн хааныг Табгач Хун залгамжлан, Сяньвэнь (465-470 он) хэмээн өргөмжлөгдөв. Сяньвэнь хааны үед хатан хаан Вэньмин үлэмж нөлөөтэй байсан байна. Сяньвэнь хааныг түүний балчир хүү залгамжилж, Сяовэнь (471-799 он) хаан хэмээн ор суув. Сяовэнь хааныг Вэньмин хатан болон түүний талын түшмэдүүд, күнзын суртлынхаа нөлөө хяналтан доор байлгаж байлаа. Энэ хааны үед олон шинэтгэл хийж, хятадчлах бодлого явуулсан гэж судлаачид үздэг. Гэтэл үнэн хэрэгтээ Вэньмин (441-490 он) хатан нас барах хүртлээ засгийн эрхийг барьж байв. Вэньмин нь муюн сяньбийн Умард Янь улсын сүүлчийн хааны ач охин бөгөөд ээж нь солонгос угсааны хүн байсан ба түүний амьдралд сяньби, солонгос, хятад соёлын нөлөө ихэд шингэж түүгээр хүмүүжсэн нэгэн аж.

484 онд Умард Вэй улсын хааны ордноос албан ёсны цалингийн систем бий болгож, 485 онд газрын шинэтгэл хийсэн нь эдийн засгийг сайжруулжээ. Түүнчлэн сяньбийн олон уламжлалыг халж, хятадчлах бодлогыг явуулж эхэллээ. 494 онд Умард Вэй улс нийслэлээ Пинчэн хотоос хятадын уламжлалт нийслэл Лоян хот руу шилжүүлж, мөн оноос хятад бус хувцас өмсөхийг, 495 оноос хааны ордонд сяньби хэлээр ярихыг, 496 оноос табгачийн язгууртнуудад хятад маягийн овгийн нэр авахыг хүчээр тулган, сяньбийн овгуудыг ганц үет нэрээр солисон байна. Тухайлбал тоба-гийн язгууртны 10 овгийн нэрийг Тоба-г Юань, Хэгу-г Ху, Пу-г Жоу, Баба-г Чансунь, Даси-г Си, Илоу-г И, Цюдунь-г Цю, Хоу-г Хай, Ижань-г Шусинь, Чэгунь-г Чэ болгон өөрчилжээ.

Хятадчилах бодлого улам эрчимжсэн ч табгач хүмүүс хятад хэл сайн мэдэхгүй тул Сяовэнь хаан хятадын сонгодог уран зохиолыг сяньби хэлээр орчуулан гаргахад хүрч байв.
Сяовэнь хааныг нас барахад Юань Кэ залгамжилж, Сюань-У (499-515 он ) хаан хэмээн өргөмжлөгдөв. Түүнийг 515 онд Гао Жао болон Юань Ю хэмээх хоёр сайд нь хаан ширээнээс нь буулгаж, түүний хүү балчир Юаньсюг хаан ширээнд залж, Сяомин (515-528 он) хаан хэмээн өргөмжлөв.

520 оноос  Умард Вэй улсад бослого тэмцэл ихээр гарах болсон нь улс орны байдлыг ихэд доройтуулж байв. 523 онд цэргийн томоохон бослого гарсныг 6 хуарангийн бослого гэдэг. Умард Вэй улс даяар 93 хуаран тархан байрладаг ч 433 онд Шар мөрний тохой Иншань уулын араар байрлах 6 хуаран онцгой ач холбогдолтой байв.

Язгууртан жанжид бослого гарган тусгаарлах болсонд табгачийн Эржүжун (493-530) хааны ордныг хяналтандаа авч, хатан хааныг ширээнээс нь буулгаж, Юань Зи-ю-г Сяожуан (528-529 он) хаан хэмээн өргөмжлөв. Гэвч удалгүй Сяожуан хаан Эржүжуныг алсан бөгөөд Эржүжуны хүү Эршүжао өшөөгөө авч, хааныг хороож, Юань Гүн-ийг Земинь хаан хэмээн өргөмжилсөн байна. Эржүжуны жанжин Гао Хуань (496-547 он) өөрийн цэргийн хүчинд тулгуурлан Земинь хааныг алж, Юань Сю-г Сяо У хаан (532-534 он) хэмээн өргөмжлөв. Гао Хуань цэргийн удирдлагын төвийг Тайюаний ойролцоо байгуулан, 6 хуарангийн хүчийг нэгтгэн, цэргийн хүчийг дангаар барьж байв. Түүнчлэн Гао Хуань жанжинаас Сяо У хааныг өөрийн хяналтандаа  байлгахыг оролдсны улмаас зөрчилдөж, улмаар Сяо У хаан 534 онд Чанань-д байсан Юйвэнь Тай (506-556 он) жанжин руу зугтан очжээ. Гао Хуань жанжин Юаньшаньзянь-ийг Сяозин хаан хэмээн өргөмжилж, Е хотоор нийслэллэх болсноор Зүүн Вэй (534-550 он) улс байгуулагдав.

Юйвэнь Тай жанжин 535 оны эхээр Сяо У хааныг алж, Юань Баозү-г Вэньди хаан хэмээн өргөмжилж, Баруун Вэй (535-556 он) улсыг байгуулсан байна.
Ийнхүү 534 оноос Умард Вэй улс хоёр хуваагдан  Зүүн Вэй, Баруун Вэй улсууд бий болов. 550 онд Зүүн Вэй улсын хаан ширээг Гао Хуаний хоёрдохь хүү Ян хүчээр булаан авч, шинэ улс үүсгэн Умард Ци (550-577 он) хэмээн нэрлэжээ. Харин Баруун Вэй улсыг 557 оноос Юйвэнь Тай-гийн удмынхан Умард Жоу (557-581 он) хэмээн нэрлэн хаан ширээ залгамжлах болжээ. Зүүн Вэй улс болон залгамжлагч Умард Ци улсад сяньбийн уламжлалыг сэргээж, голлох хэл нь сяньби хэл болж байв. Баруун Вэй болон Умард Жоу улсад мөн адил сяньбийн уламжлалыг сэргээн, хятадчлах үйл явцыг зогсоосон бөгөөд 549 онд Сяньбийн хуучин овгийг сэргээсэн төдийгүй хятад угсааны язгууртнуудад  ч гэсэн сяньби овог өгч байв.

Хэдийгээр Умард Вэй улс нь Зүүн Вэй, Баруун Вэй улс хэмээн бутарсан ч гэсэн сяньбийн соёлын уламжлалыг сэргээн, хятадчлах үйл явцыг зогсоосон байна. Түүнчлэн Баруун Вэй улсыг залгасан Умард Жоу, Зүүн Вэй улсын үргэлжлэл  Умард Ци улсууд  нь Умард Вэй улсын төрт ёс болон соёлын уламжлалыг шууд  залгамжилсан улсууд байв.
“Монголын эртний түүх”



No comments:

Post a Comment