10.05.2014

Таньшихуай хаан

Монгол угсааны хүчирхэг хаадын нэг Таньшихуай бол Сяньби буюу Сүмбэ улсыг байгуулж улмаар Сүмбэ нарыг төв Азид гайхамшигтайгаар мөнхөлсөн их хаан билээ. Таньшихуай Хүннүгийн цэргийн жанжин байсан Сүмбийн  зүүн этгээдийн цэргийн ноён Толухоугийн  гэрт 141 онд төржээ

15 настайдаа Таньшихуай бие бялдар том, сэргэлэн, чадал ихтэй, зоригтой нэгэн болж төлөвшсөн ба хүмүүс түүнийг гайхан бишрэх болжээ. Таньшихуайн түүхэнд их эзэн Чингис хааны түүхтэй адил нэгэн үйл явдал тохиолдсон байдаг нь аймгийнх нь адуу малыг дээрэмчид хөөж явахад ганцаар араас нь хөөж очин адуу малаа эргүүлэн авчирсан гэдэг.

Энэ нь түүний нэр хүндийг ихэд өргөн 156 онд Сүмбэ нарын толгойлогч болсон бөгөөд Сүмбэ нь 200 орчим том жижиг овгоос бүрдэж байсан ба зарим нь ямар ч эсэргүүцэлгүйгээр Таньшихуайд дагаар оржээ.

Таньшихуай ийнхүү нэн хүчирхэгжиж аян дайн хийх бололцоотой болсон байна. 156-173 оны хооронд Таньшихуай  өмнө зүгт нанхиадын  хилд  цөмрөн, умардад Динлин аймгуудын довтолгооныг няцаан, баруун зүгт Усунь нарыг бут цохижээ. Сүмбэчүүд  өмнөд Сибирийн ихэнх хэсгийг эзлэн авч, Тарвагатайн нуруу, Солонгосын хойг хүртэл давшжээ. 

177 онд нанхиадын  зүгээс гурван замын цэрэг хөдөлгөн Сүмбийн эсрэг аян дайн хийсэн боловч амжилтгүй болж, улмаар Хятадууд цэргийнхээ ихэнхийг  алдан ухарсан байна. 

Таньшихуай өөрийн улсыг гурван гарт хувааж, 12 их толгойлогч томилж хүннү нарын эзэгнэж байсан өргөн уудам нутгийг цөмийг түвшитгэн, дорноос өрнө зүгт 14000 гаруй газар (7000 орчим км) үргэлжилсэн нутгийг эзлэн авч маш хүчирхэг улсыг бий болгожээ.   



Таньшихуай хаан 181 онд нас барж түүнийг хүү Хэлань нь залгасан ч аль ч талаараа аавын зэрэгт хүрэхгүй сул дорой нэгэн байв. Эндээс Сүмбэ улс задран суларсан ч Азийн зүрхэнд 100 гаруй жил оршсоор байлаа. 

No comments:

Post a Comment