10.03.2014

Сүмбэ

Хүчирхэгжин мандаж байсан хүннү нарын дотроос хэсэг монголчууд тасарч зүүн тийш нүүн Сяньби ууланд хүрч Сяньби улсыг байгуулсан билээ. Сяньби буюу Сүмбэ нарыг монголчуудын өвөг болохыг судлан тогтоосон бөгөөд Хүннүгийн олон отог аймгийг нэгтгэн захирч өнөөгийн Монголчуудын генийн санг бvрдvvлэхэд чухал хувь нэмэр оруулсан гэж үздэг. Зарим түүхчид Өвөг Монголчуудыг Хүннү эцэгт Сүмбэ эхт аймгууд хэмээн нэрлэсэн байдаг.

Сүмбэ нар умард хүннүг удаа дараа байлдаж байснаас гадна өмнөд хүннү нартай нийлж нанхиадыг довтлон сандаргаж байв. Хүннүг мөхөх үед түүний газар орныг эзэгнэж арван түмэн хүнийг нь оруулсан боловч өөр зуураа нэгдэлгүй тархай оршиж байсан ба нэгэн цэргийн зүтгэлтэн Тулухоугийн хүү Таньшихуай өөрийн  аймгийн холбоодыг нэгтгэн МЭ 150 онд хаан ширээнд сууснаар энэ улс 100 гаруй жил Төв Азийг эрхшээсэн билээ.

Таньшихуай богино хугацаанд хүннүгийн эзэмшиж байсан нутгийг оруулж нанхиад нарыг байн байн довтолж хүннү нарыг нэр төртэй залгамжлан гарч ирсэн ба угаас сэргэлэн авхаалжтай, алсын хараатай хүчирхэг хүмүүн байсныг түүх шаштирт тэмдэглэн vлдээсэн байдаг. Нанхиад нар 

Сүмбэ нар гэнэт хүчирхэгжихэд сандран гурван замаар цэрэг илгээснийг Таньшихуай бут ниргэсэн тул Хан улсын хаан нэн болгоомжлон охиноо эхнэр болгон өгч, ван цол олгож Сүмбэтэй аль болохоор найрамдахыг хичээх болжээ.

Таньшихуай нь ойролцоогоор МЭ181 онд 45 орчим насандаа насан эцэслэсэн бөгөөд энэ үеэс Сvмбэ улсын хаан ширээний төлөөх тэмцэлд өрнөж нэг хэсэгтээ уналтын байдалд оржээ

Сүмбэ аймгуудын хvн ам өсөн нэмэгдэх болсноор дан ганц мал аж ахуй, ан агнуураар өөрийн хэрэгцээг хангаж чадахгvйд хvрч 7 түм гаруй үхэр, адууг Хятадад арилжиж байсан мэдээ бий. Мөн газар тариалан ч эрхлэх болж Таньшихуайн үед урд зvгт довтлон Во нар загас сайн барьдаг сургаар тэднийг эрхэндээ оруулж мянга гаруй өрхийг нутаг заан суулгаж загас бариулан татварлаж байж.

МЭ III зууны эхээр Сүмбэ нар бутран сарнихад хvрсэн ч сүмбэ  угсааны Мужун, Тоба, Того нар өөрсдийн улсыг байгуулан оршиж байв. Эдгээр нь Сvмбэ нарын голлох аймгууд бөгөөд эдгээрээс бусдыгаа мөхөөж  Тоба нар хүчирхэгжин монгол угсааны Тобавэй улсыг байгуулжээ.

Сүмбэ нарын тухай эртний нанхиад сударт "Хүннү нар зугтан зайлснаас хойш Сүмбэ нар хүчирхэгжин мандаж, тэдний хуучин нутгийг эзэлж, буман цэрэгтэй хэмээн бардамнаж байна. Тэд чийрэг хүчтэй, авхаалж самбаа сайтай... Хүннүг бодвол зэвсэг нь хурц, морь нь хурдан" хэмээн болгоомжлон бичиж үлдээжээ.


Мөн Сүмбэ хэлээр бичсэн vгийг галиглан уншихад өнөөгийн Монгол хэлээр тайлан уншиж болохуйц байдаг байна. Үүнд: тvшмэл хvнийг чжичжэнь буюу цэцэн, зэвсэг хоромсог авч явах хvнийг хулочжэнь буюу хорчин, хоол хийгч хvнийг фучжэнь буюу буурч зэргээр нэрлэдэг байсан байна. Бас нэгэн сонирхолтой түүх бол Сүмбийн "Ахын дуу" хэмээх дууг Хятадын сурвалж бичигт бичсэнийг харахад Ахан хэмээх Монгол vгийг Хятадаар галиглажээ.

No comments:

Post a Comment