10.31.2014

Уйгарын хаан Моюнчурын хөшөө буюу Могойн шинэ усны дурсгал

Архангай аймгийн Хайрхан сум, Булган аймгийн Сайхан сумын нутгийн зааг дээр Могойн Шинэ ус хэмээх газар эртний Уйгурын үеийн гэрэлт хөшөө, булшны цогцолбор байдаг. Энэхүү дурсгал ДТД 1477 метрийн өндөрт орших ба гэрэлт хөшөө нь дундуураа хоёр хуваагдсан, хөшөөний суурь болох чулуун яст мэлхийний толгой хугарч алга болсон байна. Уг дурсгал судалгааны ном зохиолуудад “Моюнчурын хааны хөшөөний түрэг бичээс” гэсэн нэрээр орсон байдаг.

Могойн шинэ усны энэ дурсгал нь Уйгурын  хаан  Моюунчурт  зориулан босгосон тахилын онгон юм. 25х47 м хэмжээтэй тус тахилгын онгон нь гонзгой дөрвөлжин хэрэм, түүний дотуур усан шуудуутай. Төвийн хэсэгт нь дүгрэг чулуугаар голдоо хонхортой овоо босгосон бий.

Дурсгалын хойт хэсэгт, яст мэлхийн нуруунд суурилуулсан урт том хөшөө байсан нь Орхон-Енисейн руни бичээстэй. Уг бичээст Уйгурын хаан Моюнчурын амьдрал үйл явдал хийгээд уйгур улсын түүхэнд холбогдох гол гол үйл явдлын талаар өгүүлжээ. Энэхүү дурсгалыг 759-760 оны үед босгосон гэж үздэг.

Моюнчур хааны тахилын онгоны энэхүү бичигт хөшөөг 1909 онд Финлянд улсын их эрдэмтэн Г.И.Рамстедт нутгийн ард олноос олж мэдэн илрүүлэн судалсан бөгөөд түүнээс хойш энэхүү дурсгал гадны эрдэмтэдийн дунд Сэлэнгийн бичээс хэмээн ихэд алдаршжээ.

Моюнчур хааны гэрэлт хөшөөний хугарсан хоёр хэсэг нь 3.9 метр болох бөгөөд углуургаараа  яст мэлхийн сууранд суусан байдлаараа 4 метр гаруй өндөртэй байжээ гэж үздэг.

Эл хөшөөг олон орны нэрт судлаач эрдэмтэд судлан шинжилж тайлан уншиж, учир утгыг тодруулан нийтэлж ирсэн бөгөөд анх бүтэн байхдаа 6750 орчим үсэг зурлагатай байсан нь одоо гэмтэж муудсаар 5000 орчим нь хадгалагдан үлджээ.

Уг хөшөөнд, уйгурууд, Түрэг улсыг бутцохиж өөрийн төр улсыг төвхнүүлэн байгуулсан тухай үйл явдлыг тэмдэглэн бичсэн ажээ. 
Бичээсийн дотор,
“Өтүкэний орчин тойронд хоёр уулын дунд нутагладаг. Тэдний ус Сэлэнгэ бөлгөө”. “Тэнд улс нь нүүдэллэн агсан” бөгөөд “...арван уйгур есөн огузыг зуун жил захиран ”, ”Сэлэнгийн эрэгт Байбалык хотыг байгуулахыг согд, табагач нарт даалгалаа би” гэхчлэн гардаг нь эл улсын нутаглан суусан газар орон, тэдний бүрэлдэхүүнд байсан овог аймгийн нэр усыг тэмдэглэн бичсэн түүхэн сурвалж төдийгүй, нүүдэлчдийн утга соёлын үнэт дурсгал болно.


Энэхүү хөшөөг, түрэгийн “орхон-енисейн”  хэмээх руни бичгээр бичсэн нь, уйгурууд түрэгийн захиргаанд явах үеэсээ эл бичгийг хэрэглэсээр ирсэн ба хожим өөрсдийн бичиг үсэгтэй болсныг илтгэнэ.

No comments:

Post a Comment