3.31.2014

Түрэгийн мэргэн сайд Тоньюкукийн гэрэлт хөшөөний бичээс

                        
Түрэгийн гурван хаанд  зүтгэн мэргэн цолтойгоор зөвлөх хийж явсан Тоньюкукын гэрэлт хөшөө Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Баянцогт  уулын баруун хойно зүүн аймгууд руу явдаг төв замаас урагш 10 км, Налайхаас зүүнш 17 км, Ар жанживлангийн рашаан сувилалаас баруунш 4 км зайтай оршдог. Мэргэн Тоньюкук (646-732) бол түрэгийн хамгийн хүчирхэг Ашина овгийн язгууртан бөгөөд төрийн хэрэгт шоронд хоригдож байгаад  Кутулугийн (Элтэрэс) бослогын үеэр суллагдан түүнийг хаан болоход зөвлөх нь болжээ. 693 онд Элтэрэс нас барж түүний хүү Можо хаан ширээ залгамжлан улс төрийн шинэтгэл хийн хуучин язгууртан нарыг зайлуулахад хамт зайлуулагджээ. Хуучин сурвалжтануудыг Тоньюкук удирдан хуйвалдаан зохион байгуулж Можог зайлуулан Могиляныг Билгэ цолтойгоор хаанд өргөмжлөн хүчээ өргөж явсаар 86 насандаа өөд болжээ.
Мэргэн Тоньюкукын хоёр гэрэлт хөшөө нь нэг нь 170 см, нөгөө нь 160 см бөгөөд нийт 62 мөр бичээстэй. Уг хөшөөг Тоньюкук амьд сэрүүн ахуйдаа босгуулжээ. Уг хөшөөний бичээсийг сийрүүлбэл:
Би мэргэн Тоньюкук. Нанхиадын эрхэнд хүмүүжсэн минь тэр цагт Түрэг улс Нанхиадын эрхэнд агсны учир болой. Би Түрэг улсын хаантай болох цагийг үзээсэй хэмээн санах бөлгөө. Түрэг улс нанхиадаас хагацаж хаантай боловой. Харин тун удалгүй хаан юугаа тэвчиж дахин нахиадад дагаар оров. Тэр цагт тэнгэрийн зарлиг болсон нь “Би та нарыг хааантай болгоход та нар хаанаа орхин бусдад дагав” хэмээвэй. Тэнгэр эс таалж тэднийг үхүүлэхэд түрэг хүн үхэж бууран доройтов.
Түрэг улсын нутагт дахин гэр төр тогтсон нь үгүй. Бусдын эрхэнд ороогүй нь хурж долоон зуу болов. Тэдний хоёр хэсэг нь морьт бөгөөд нэг хэсэг нь явган авай. Энэ долоон зуун хүнийг төрүүлэн удирдах хүн нь шад билээ. Тэр над лугаа нийл хэмээв. Түүн лугаа нийлэгсдийн дотор мэргэн Тоньюкук би буй бөлгөө. Би түүнийг хаан болгоюу хэмээн сэтгэн санасан минь холоос туранхай буга, тарган буга хоёрын тарган туранхайг ялгахад бэрх хэмээжихүй. Хожим тэнгэр надад билэг өршөөсөн тул би түүнийг хаан болгов. Миний ойр Байла бага дархан мэргэн Тоньюкук бүхий учир би Элтэрэс хаан болсугай гэж өмнөдөд нанхиад, дорнодод хятан, умардад олон огусыг сөнөөв. Түүний билгийн нөхөр, алдрын нөхөр би авай. Тэр цагт бид Цугуй хожи ба Хар гомд сууж бөлгөө. Би тэнд гөрөөс, туулай идэж суувай. Иргэний хэвлий дүүрэн бөлгөө. Манай дайсан эргэн тойронд махчин шувуу мэт авай. Бидний байдал ийм эл боллоо.
Тэнд суух үед огус нараас туршуул ирсний үг нь “Төгс огус иргэнд хаан сууж нанхиадад Гуни Сэнгүнийг, Хятанд Тонра Самыг илгээж хэлүүлсэн нь: Цөөн түрэг хүмүүс хөдөлвэй. Тэдний хаан их зоригтой, түүний сайд мэргэн, энэ хоёр хүн амьд ахул танай нанхиадыг тэд ална хэмээн хэлсүгэй би. Дорнодод Хятан хүмүүсийг тэд ална хэмээн хэлсүгэй би. Бас манай огус нарыг тэд ална хэмээн хэлсүгэй би. Нанхиад та нар тэдний өмнөөс дараар ор. Хятан нар тэдний дорноос дараар ор. Би тэдний умраас дараар орсугай. Түрэгийн нутгийг ямар ч эзэн бүү эзэлтүгэй. Ийм эзэнг дарж болвол дарцгаая” хэмээжээ.
Эл үгсийг сонсмогц шөнө нойр ирэхгүй, өдөр амрыг олохгүй боллоо, би. Үүний хойно хаандаа өчлөө, би. Өчсөн минь ийм. Нанхиад, хятан, огус гурав нийлбээс бид мөхнө. Заяаны эрхээр чулуунд дэлдэгдсэн мэт болно, бид. Ямар нэг юмыг зөөлөн ахуй дор нугалах хялбар. Нимгэн ахуй дор түүнийг урах хялбар. Хэрэв зөөлөн юм хатуу болохул түүнийг нугалахад баатар зориг хэрэгтэй. Бид өөрсдөө хоёр гурван мянган цэрэгтэй. Дорно зүгт Хятанд, өрнө зүг баруун Түрэгт умраад огуст морилцгооё. Яаваас сайн болъюу. Хаан миний өчгийг зөвшөөрсөнд мэргэн Тоньюкук би өөрөө үүнийг үйлдэн гүйцэтгэв. Бид Хүг жүнгээр явж, би тэднийг өдөөн ойн зүг удирдан одов. Тоглан голын дагууд огус нар адгуусанд ачаа ачин ирэв. Тэд нар гурван мянгаад бид  хоёр мянга бөлгөө. Тэнгэр манийг ивээх тул бид дайлалдаж тэднийг бутаргаснаас зарим нь усанд унаж, зарим нь оргохуй зуураа алагдав.  Тэднээс хамаг огус дагаар ирэв.
Бид хоёр мянга бөгөөд дайсанд орлоо. Түрэгийн иргэд байлдан эзлэхийг хичээж Шандунгийн хотууд ба далайн  зүг морилсон нь харин мөхөв. Үүнийг хаандаа өчиж түүнийг Шандунгийн хөндий ба далайн зүг дайлаар одох болгов. Тэр гучин гурван хотыг эвдэж Үшин, Будатуг хаав.
Нанхиадын хаан манай дайсан бөлгөө. Арван отгийн хаан манай дайсан бөлгөө. Бас Хиргисийн хаан манай хүчит дайсан бөлгөө. Энэ гурав зөвлөлдөж Алтан ууланд золгосугай хэмээлдэв. Зүүн  Түрэгийн хааныг дараар орсугай хэмээлдэв. Бид түүнийг эс дийлбээс тэр баатар хаан, түүний сайд мэргэн, тэр маныг мөхөөнө. Үүнээс бид гурав нийлж түүнийг дарахаар морилж мөхөөсүгэй хэмээлдэцгээв.
Энэ үгсийг сонсоод шөнө нойр ирэхгүй, өдөр амрыг олохгүй боллоо, би. Миний сэтгэсэн нь бид урьдаар Хиргисийг дайлваас... тэнд одоход Хөгмэнийг дайрах ганц зам буй нь цасанд  булагдсан хэмээн сонссон тул бид энэ замаар явж үл болно хэмээн би хэллээ. Би замч хүнийг эрсээр цөл Асын нутгийн хүнийг олов. Түүний хэлсэн нь “ Миний нутаг Ас...Би энэ замыг мэднэ. Хөгмэнийг дайран явах ганц зам болой. Тэнд амарч болох нэгэн газар буй. Энэ газраар явбаас цувж явна” хэмээв. Эл үгийг сонсож хэлсэн мину. Бид энэ замаар явбал хэрэг бүтнэ. Үүнийг би хаандаа өчлөө. Дайнд цэргийг засан мордуулж Агтрмелд нийл хэмээлээ, би. Цэргүүдийг морин дээрээ зогсоогоороо яв хэмээж, цаст газрыг гатлав. Би бас тэднийг мориноос буу хэмээж, тэд морио хөтлөн мод тулж явав. Өмнөх цэргүүд цасыг гишгэлэн мөр гаргасанд  би цэргүүдийг урагш давшуулан Иберийг давав. Бид арав хонож уулын хажуух бэрх газрыг өнгөрөв. Замч хүн маныг буруу удирдсан тул тэр алагдав. Тэр цагт ядаж зовж ахуйд хаан ийн өгүүлрүүн: Урагш давшъя, Ани мөрөн энэ амуй. Үүнийг уруудан явъя хэмээв. Бид энэ голыг уруудан явав... Өдөр шөнө моридоо хатируулан явж хиргис нарыг унтаж бүхийд тэднийг довтлон жадалж зам нээв. Хан болон тэдний цэргүүд хорсон тул бид тэдэнтэй дайлалдаж дийллээ. Бид тэдний ханыг алав. Хиргис улс хаанд ирж дагав. Бид буцаж Хөгмэн уулын нөгөө талаар даван Хиргисээс ангижрав.
Түргэш хаанаас туршуулын хүн ирж хэлсэн нь “ Зүүн хааныг дараар орцгооё. Бид түүнийг дарахгүй ахул тэр баатар, түүний сайд мэргэн тул маныг мөхөөнө гэж хэлэв” хэмээв. Түргэш өдгөө айсуу хэмээв. Арван нутгийн хамаг улс нэг мэт болж айсуу хэмээн тэр хэлэв. Бас нанхиад цэрэг бэлэн буй хэмээв. Манай хаан эл үгийг сонсоод өгүүлсэн нь:  Би амраар гэртээ харьсугай хэмээв. Хатан хальсны учир болой. Би түүнийг оршуулсугай хэмээн хаан хэлэв. Та нар цэргийн хамтаар дайлаар ор хэмээн тэр хэлэв. Инель хаан ба Тардуш шад цэргийн түрүү бол хэмээн тэр хэлэв. Мэргэн Тоньюкук надад хэлсэн нь:  Чи энэ цэргийг удирд . Баруун Түрэгийг өөрөө мэдэж дар. Тэд инагш ахул чи надад мэдээ илгээ. Тэд инагш ирэхгүй ахул санаа амар тэнд хоцорч мэдээ чимээ хураа гэж тэр хэллээ.  Бид Алтан уулнаа бүхийд гурван туршуул ирэв. Тэдний мэдээ урьдын адил авай. Мэдээ нь ийн: Тэдний хаан цэргүүдийн хамтаар айсуу. Арван нутгийн цэрэг нэгэн мэт айсуу. Тэд Ярыш хөндийд золготугай гэв хэмээв. Би эл үгийг сонсож хаанд мэдээ хүргүүллээ. Хаанаас хариу илгээсэн нь: Та нар санаа амар тэндээ хоцор. Харуул манаагаа хичээ. Дайсанд битгий гэнэд хэмээн Бүгэхүй хаан надад зарлиг илгээв. Апа дархан цэргийн их жанжин надад нууц зарлиг илгээсэн нь:  Мэргэн Тоньюкук өөрөө мэднэ. Тэр цэргийн хамтаар дараар оръё хэмээхүл түүний санаагаар бол хэмээв. Би энэ мэдээг сонсмогц цэргийг урагш хөдөлгөж Алтан уулыг замгүй газраар давж, Ирчис мөрнийг оломгүй газраар гаталж шөнө явсаар Болчуд өглөө ирлээ.
Туршуулын хүнийг авчирваас түүний үг нь: Ярышийн хөндийд арван түмэн цэрэг хурвай хэмээв. Энэ үгсийг хамаг бэхи нар сонсож, буцъя. Ариунд бардамнахгүй бол сайн хэмээв. Мэргэн Тоньюкук би хэлсэн нь: Бид Алтан уулыг давж энд ирлээ. Бид Ирчис голыг гаталж энд ирлээ. Дайсан ману зоригтой, гэвч биднийг харсангүй. Тэнгэр умай,  Богд Зарсув тэдний нүдийг халхлав. Бид юуны учир дутаах гэж?  Бид цөөн авч юуны учир тэдэнд дийлэгдэх гэж? Бид тэднийг дараар оръё хэмээв. Маргааш өдөр нь тэд талын түймэр мэт ирэхүй дор бид дайлалдав. Тэдний хоёр этгээдийн жигүүр нь манай цэргээс нэгэн хувь олон авай... Тэнгэрийн ивээлээр бид тэднийг олон гэж эс айлаа. Бид Тардуш шадыг даган дайлалдаж тэднийг дийлэн хааныг нь олзлов. Тэдний явгу, шад нарыг тэд өөрсдөө алав. Тавиад хүнийг олзоллоо. Тэр шөнө тэдний улсад тунхаг тархаав. Эл тунхгийг сонсож  арван отгийн бэхи  нар ба улс иргэн дагалаа. Бид ирсэн бэхи ба улсыг хурааж дутаан явсан зарим улсыг нэхүүлээр одуулав. Бид бас явав. Янчуй голыг гаталж Тинаши, Огли, Затигман, Банлин уулыг даван Төмөр хапаг хүртэл нэхэж гүйцээд буцав.
Инель хаанд ... Согдын зарим улс, Сог тэргүүтэй ирж дагалаа. Эрт манай өвөг ба Түрэг улс эзгүй асан Төмөр хапаг ба Тинаши, Огли, Затигман ууланд ирсэн билээ. Би өдгөө манай цэргийг энэ газарт удирдан авчирсан нь шар алт, цагаан мөнгө, эмс охид ... үлэмж эрдэнэсийг аван буцав. Элтэрэс хаан мэргэн бөгөөд баатар тул хорин долоон удаа нанхиад лугаа дайлалдав. Долоон удаа Хятан лугаа дайлалдав. Таван удаа Огус лугаа дайлалдав, түүний сайд би агсан бөлгөө. Түүний цэргийн түрүү би агсан бөлгөө. Элтэрэс хаанд, Түрэгийн Билгэ хаанд.. Капган хаанд... шөнө нойр ирэхгүй, өдөр амрыг олохгүй, улаан цус, хар хөлсөө асгаруулан хүчин тэнхээгээ гаргаж хол замд тэднийг явуулав.
Элтэрэс хаан эс хөдлөн, бас би түүнийг даган эс хөдөлсөн ахул ямар ч төр улс үгүй аху бөлгөө. Тэр хөдөлж, бас би түүнийг даган хөдөлсний тул төр, төр болж, улс, улс боллоо. Өдгөө би өтөлж насан өндөр болов... Мэргэн Тоньюкук би үүнийг түрэгийн Билгэ хааны улсад зориулан бичүүллээ.

Элтэрэс хаан эс хөдөлсөн буюу үгүй ахул Мэргэн Тоньюкук би эс хөдөлсөн аваас Капган хааны оронд Түрэгийн улс гэр, хүн иргэн эзэнгүй аху билээ. Элтэрэс хаан ба мэргэн Тоньюкук хөдөлсний  учир  Капган ба Түрэгийн улс мандаж өдгөөгийн энэ Билгэ хаан Түрэг улсын ба Огус улсын хаан суулаа.   

3.30.2014

Хойд сэнхэрийн агуй

 Хойд сэнхэрийн агуй бол Ховд аймгийн Манхан сумын төвөөс 25 км зайд ЗУ91 градус 00 минут, ХӨ47 градус 10 минутын солбилцолд орших 220 метрийн урт, 880 метр квадрат талбай бүхий манай орны аялал жуулчлалын чухал гайхалтай тогтоц билээ.
Тус агуйд 40,000 жилийн тэртээх хадны сүг зураг зэрэг түүхэн дурсгал бий. Энэ агуйн хана болон дээврийн хэсэгт олон янзын амьтдыг зурсны дотор тэмээн хяруул, тэмээ, арслан заан, одос үхэр, мод зэргийг дүрсэлжээ. Эдгээр зургийг өтгөвтөр улаан болон цайвар зосон будгаар зурсан байна.   









3.28.2014

Монгол нутаг дахь чулуун зэвсгийн үеийн дурсгалууд

Хүн төрөлхтөн бий болоод  хамгийн  урт удаан үргэлжилсэн үе бол чулуун зэвсгийн үе. Энэ үеийг дотор нь хуучин үе буюу палеолит, дунд үе буюу мезолит, шинэ үе буюу неолит гэж хувааж үздэг.
Хуучин чулуун зэвсгийн үе буюу палеолитын үе мөн л хамгийн урт удаан үргэлжилсэн. Энэ үеийг эрдэмтэд  доод палиолет, дунд палеолит, дээд палеолит гэж ангилдаг байх нь.
Хуучин чулуун зэвсгийн үе буюу  палеолитын үеийн олдворууд. 
Доод палеолит. Монгол нутагт анх хүн 800000 жилийн тэртээгээс амьдарч ирсэн гэж үздэг. Баянхонгор аймгийн Баянлиг сумын Цагаан агуйн суурин бол энэ үеийн чухал олдвор. Эндээс гол төлөв бор шаргал өнгийн чулуугаар хийсэн дурсгалууд олдсон ба давхрагуудад хийсэн шинжилгээгээр тухайн бүс нутаг шилмүүст ойтой чийглэг дулаан уур амьсгалтай байсан нь тогтоогдсон ба  730000 жилээс өмнөх үед хамаарна гэдэг нь  батлагдсан.
Бас нэг дурсгал бол Баянхонгор аймгийн Өлзийт сумын Нарийн голын хөндийн суурин. Эндээс ногоон саарал өнгийн хайрган чулуугаар хийсэн 212 ширхэг олдвор олдсон ба бусад дурсгалтай харьцуулан насжилтыг нь 500000 жил гэж тогтоосон байна. Мөн Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутаг Ярх уулын суурин. Энэ нь одоогоос 300000 жилийн өмнөх дархны газар бөгөөд хасын хольцтой цахиурын төрлийн чулуугаар хийсэн зэвсэг их олдсон.  Өмнөговь аймгийн Ханбогд сумын Оцон мааньтын суурингийн олдворуудыг хар өнгийн чулуугаар хийсэн байдаг. Өөр нэг өвөрмөц дурсгал бол Өвөрхангай аймгийн Богд, Өмнө-говь аймгийн Булган сумын заагт байх Цахиуртын хөндий. Ойролцоогоор 20 квадрат киломер талбай бүхий энэ суурин хөрсөн дээрээ чулуун зэвсгийн доод үеэс дээд үе хүртэлх үеийн дурсгалыг хадгалсан Төв азидаа төдийгүй дэлхийд ховор олдвор.
Дунд палеолит. Энэ үе бол дэлхийн цаг агаар хүйтэрч мөстлөгийн үе байлаа. Амьтан ургамлын аймагт өөрчлөлт ороод зогссонгүй хүний бие хүртэл өөрчлөгдсөн үе. Энэ үеийн хүний арга яс олдсон германы газрын нэрээр энэ үеийн хүмүүсийг неандертал хүн гэдэг. Энэ үеийн холбогдолтой дурсгалуудаас нилээд эртнийх нь Ховд аймгийн Барлагийн голын дурсгал юм. Мөн Их богд уул Орог нуурын дурсгал гэж байна. Дунд палеолитын үеийн том ололт бол хүн гал гаргаж түүнээ ашиглаж сурсан явдал. Доод палеолитын үед байгалын бэлэн гал - галт уулын болон аянга цахилгааны гал хэрэглэж байж.
Дээд палеолит. Энэ үе одоогоос 40000-35000 жилийн өмнө эхэлж 12000-10000 жилийн өмнөх хүртэл үргэлжилнэ. Хүний гавлын яс томорч үг ярианы эрхтэн хөгжиж эрүү одоогийн хэв шинжийг олж орчин үеийн хүн хомосапейнис үүсчээ. Огтлох цоолох хусах зэрэг багажууд энэ үед модон бариултай болжээ. Дээд палеолитэд холбогдох дурсгал манай орны бараг бүх нутгаас олдож байна. Тухайлбал Хархорины дэргэд Орхон голын баруун эрэгт буй Мойлтын ам, Улаанбаатар хот орчим Шархад, Сонгино хайрхан уулан дахь дурсгал, Баянхонгор Түйн голын сав, Өвөрхангайн Хужирт зэрэг газруудад бий. Сүүлийн үед олдоод байгаа Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын Чихэн агуйн хонгилд хийсэнмалтлагын явцад хөрсний доод давхрагаас дээд палеолитын чулуун зэвсгүүд олджээ. Малтлагаас олдсон ясанд хийсэн шинжилгээгээр 27000-24000 жилийн өмнөх үед холбогдох нь тогтоогджээ.
Палеолитын үеийн урлагийн дурсгал. Ховд аймгийн Манхан сумын Хойт Сэнхэрийн агуйн зураг - Агуйн цайвар өнгийн хананд улаан зосоор олон тооны ан амьтан тэмдэг зэргийг зурж үлдээжээ. Ховд аймгийн Буянт сумын Чандмань Хар үзүүрийн зураг - Чандмань хар үзүүр гэх толгойн баруун талын том толигор хаднаа олон тооны амьтдыг хонхойлгон цохиж сийлжээ.  Ишгэн толгойн хадны зураг - Урд, Дунд, Хойд цэнхэрийн голууд Манхан сумын орчим нийлэх ба уг хөндийн дунд байх  хоёр толгойн нэгийг Ишгэн толгой гэнэ. Энэ толгойн хаднаа 150-иад дүрс бий. Эдгээрээс гадна Баян-Өлгийн аймгийн Улаан-хус сумын нутаг дахь Бага Ойгор, Цагаан салаа голын савд олон мянган хадны сүг зураг бий. Бас эрдэмтэд Хэнтий аймгийн Батширээт сумын нутаг дахь Рашаан хадны ихэнх зураг энэ үед хамаарна гэж үздэг.
Дунд чулуун зэвсгийн үе буюу мезолитын үеийн дурсгалууд.
Энэ үеийн онцлог нум сум хэрэглэж эхэлсэн байна. Баянхонгор аймгийн Шинэжинст сумаас хойш 30 км-т байх Чихэн агуйн дурсгал энэ үед хамаарна. Мөн Дорнод аймгийн Хэрээ уулын сууринг малтахад мөн л энэ үед хамаарагдах олдворууд олдсон ба ялтсаар хийсэн сумны зэвнүүд Хэнтий аймгийн Баян-овоо сумын Гүрмийн нуур, Батхаан уул зэрэг газраас олдсон байна.
Дорноговь аймгийн Эрдэнэ сумын төвөөс баруун урагш 50 км-д Дулааны говь хэмээх элсэн довцгууд, загийн шугуйтай хотгор газар байх бөгөөд эргэн тойрон уулаар хүрээлэгдсэн энэ газар бол эртний нуурын сав байсан ажээ. Дулааны говиос олдсон чулуун зэвсгийн дотроос хамгийн олон тоотойгоор олдсон зэвсэг нь сумны зэв билээ.
Мезолитын үеийн урлагийн дурсгалаас онцлох нь Рашаан хадны зураг. Рашаан хадны зүүн ёроолд орших 6 м урт, 2-3 м өргөн, 60-70 см зузаан том хавтгай хадны өвөр талд 180-аад, ар талд 40-өөд, сэрвээн дээр нь 50-иад, нийт 270-аад тэмдэг дүрс сийлжээ. Түүнээс гадна тэр орчим хаданд энд тэнд хэсэг бүлгээр нь 220 орчим тамга буюу нийтдээ 500-гаад тамга сийлсэн байна.  Мөн Можоогийн хадны зураг. Увс аймгийн Сагил сумын Түргэний нурууны ар биеийн салбар уулаас эх авч Үүрэг нуурт баруунтайгаас цутгах уулын нарийн голыг Цагаан гол гэнэ. Цагаан голын нарийн хөндийн  эхэнд хойноос уруудсан хоѐр салаа амны уулзварт буй хадтай хошууг Можоо гэж нэрлэнэ. Можоо нь ногоон саарал, саарал өнгийн хадтай бөгөөд тэнд аргаль, янгир, тэмээ, хүн, нохой, үхэр зэргийг ганц нэг ба хэсэг бүлгээр нь сийлсэн хэдэн зуун зурагтай.
Шинэ чулуун зэвсгийн үе буюу неолитын үеийн олдворууд.
Энэ үеийн  гол онцлог нь чулууг сайтар зүлгэж билүүдэх, өнгөлөх, хөрөөдөж ховил гаргах, өрөмдөж цоолох аргыг сэдэж олсонд оршино. Олс, дээс зэрэгт нарийн ширхэгтэй элс шигүүлээд түүгээрээ хөрөөдөж чулуун эдлэлд ховил гурив гаргах, модон өрөмний үзүүрт мөн нарийн ширхэгтэй элс шигтгэн өрөмдөж чулуун зэвсгүүдэд нүх гаргаж цоолох болжээ. Ийм аргаар гол төлөв сүх, ооль хийдэг байсан байна. Өмнөговь аймгийн Булган сумын Баянзагийн олдворууд чулуун зэвсгийн энэ үетэй холбогдоно. Дорнод аймгийн Тамсагбулагт неолитын үеийн хүний булш, сууц бүхий суурингуудыг нээж судалсан нь манай орны төдийгүй Төв, Умард Азийн чулуун зэвсгийн судлалд онцгой байр суурь эзлэх дурсгал болно. Эндээс олдсон бас нэг сонин олдвор нь булш юм. Тэрхүү хүнийг сууцны хойд хананы шалны дор хоёр хөлийг нь өвдгөөр нь ихэд атийлган, гарыг нь унжуулан явган суугаа байдлаар оршуулжээ. Энд МЭӨ IV-III мянган жилд холбогдох 15 орчим насны, 1,20 м өндөр, монгол төрхийн эмэгтэй хүнийг оршуулахдаа 200 гаруй сувсан зүүлт, 20 гаруй бугын соёогоор хийсэн зүүлт, бог малын чөмөгний ясан гэртэй, дотроо 1 ширхэг нарийн хурц үзүүртэй ясан зүү, 20 см урт, 2,5 см өргөн ясан хутга хоёрыг  тус  тус дагалдуулан тавьжээ.
 Энэ үеийн урлагийн дурсгалд Өвөрхангай аймгийн Дэлгэрэх сумын Цоорхойн агуй, Уянга сумын Шурангийн улаан хад, Арвайхээр хотоос баруун урагш 32 км-т орших Баглуур хад, Төв аймгийн Зуун мод,  Архангай аймгийн Жаргалант сумын Улиастын гол, Дулааны үзүүр, Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Зоргол хайрхан, Хэнтий аймгийн Биндэр сумын Бичиг хад, Баянхонгор аймгийн Баянлиг сумын Цагаан агуй, Баян-Өндөр сумын Саальтын агуй, Цагаан магнайн агуйгаас олдсон хадны зосон зургууд орно.

Улаагчны хар нуурыг зорив

Завхан голын хөвөөн дээр амарч алжаалаа тайлсан бидний хэдэн аялагчид цааш  Завхан нутаг хөл тавилаа.  Завханы гүүрнээс 65 орчим км яваад Хүнгүй голын хөвөөн дээр байх Ургамал сумын төвд ирэв. Байгалын сайханд  Хүнгүй голын эрэгт байх энэ сум хүнгүй шахуу эл хуль. Бид эндээс Бор хярын элснийхээ араар тойрч Баяннуурыг сонирхоод Сантмаргац сумаар дайран Улаагчны Хар нуур орох төлөвлөгөөтэй улс. Сумын төвөөс гараад Гүн нуурынхаа араар төв замаа дагаж явахаар зам заалгасан бид арай дутуу эргэж жинхэнэ  элсэн дундуур дайрсаар  Гүн нуур луугаа шууд ороод ирлээ. Нутгийнхан энэ дундуур гараад ирлээ гэж үү гэж гайхаад л, бид ч яахав дандаа элсээр явсаар байгаад ирсэн царай гаргаад л ...


Тэгээд замаа ч бараадсангүй Бор хярынхаа элсний араар  хөвөөлж явсаар Баяннуурт ирлээ. Өмнөд эрэг нь Бор хярын элсэн манханд тулсан араараа задгай үнэхээр сайхан нуур юм.  Салхилбал бас задгай салхилна.  Хэсэг бороо орж салхилаад бидэнд бяцхан байгалийн гамшиг үзүүлсэн гэж байгаа.  Уг нь ч нуурын ус давалгаалаад сүртэй сайхан байсаан.
Усны шувууд элбэгтэй энэ сайхан нуурын хөвөөнд хоносон бид маргааш өглөө нь Сантмаргац сумын дэлгүүр хоршоо хэссэн шигээ явцгааж байлаа. Сумын төвийн дэргэдэх Холбоо нууран дундуур зүсэж гарсан нь энэ өглөөний сэтгэл сэргээсэн явдал байлаа. Гол туулан гарч байснаас биш ямар нууран дундуур гарч байсан биш. Борооны дараа Холбоо нуур устай ч үе байв.
Сантмаргац сумаас Цэцэн уул сумын замаар гарч хэсэг яваад Галуутайн голоо гармаар гарч Аалзтын элсээр дайрч Хар нуур луугаа араас нь шууд очих замыг сонголоо. Цэцэн уул сумаар дайрч явснаас зам нь татуу тэгээд ч төв зам дагаснаас зам нь бартаалаг адал явдалтай. Галуутайн гол элсэн дундуур чимээгүй урсах бас л нэг өвөрмөц тогтоцтой гол. Голоо гараад гурван ч хэсэг элсээр гардаг ч бид элсэнд асуудалгүй болжээ. Бүр дунд нь зогсож зураглаж явав.
Хар нууртаа Багануур талаасаа ирлээ. Улаагчны Хар нуур элстэй, хадтай, модтой монголын маань байгалын бүхий л хэв шинжийг агуулсан өвөрмөц содон ёстой сайхан гэж үг багадмаар  сайхан нуур. Ханийн маань төрсөн газар, хадмуудын нутаглаж байгаа нутаг. Нууран дундаа их бага хоёр аралтай, загас элбэг энэ нуурын өнгө нь харсан хүн мартахын аргагүй нэг л тод сонин. Олон л нуур харсан гэхдээ ийм сайхан өнгөтэй нуур санагдахгүй байгаа юм.  Тээлийн голын эхэнд дүүгийндээ айлчиллаа.


Маргааш өглөө нь дүү хүүг газарчнаар  дагуулж аваад Сэнжит хад, Мухартын голын эхийг зорив. Элст булгаар давж Бургастай аманд  зусаж буй бас нэг дүүгийндээ буув.  Элстэй, модтой, хадтай, голтой өөр юу дутуу гэж гэмээр сайхан газар байлаа. Эндээсээ шууд өгсөж Сэнжит хадан цохион дээр ирлээ. Миний мэдэх хамгийн том сэнж, сүртэй сайхан цохио. Эргэн тойрон хараа булаам. Ер нь аялсан тухайгаа бичээд харж суухад сайхан гэсэн үг л их хэрэг болох  юм даа.
Сэнжит хаднаасаа доош бууж Асгатын элсэн манханг туулж гарав. Машин бараг явдаггүй тул бид зам харж харж манханы оройг сүлжиж явахаар замаа сонгож аваад  дайраад гарчихлаа. Бор хярын их элсэн манхан дундуур урсах Мухартын голоос наахна машинуудаа орхиж хэсэг алхалт хийж аваад голынхоо эхэнд ирэв. Дуу алдан бахархгүй байхын аргагүй тийм л газар. Элсний ёроолоос гарч буй ус цуглаж аваад Мухартын голыг бий болгож байгаа нь, хагас тойрог бүхий ус шүүрч байгаа өндөр элсэн манхан нь ер нь бүх зүйл гайхалтай байлаа. Буцахдаа бид  Мөсөнгөөр давж Тээлийн голдоо ирж хоноод маргааш нь эртлэн гарч Улаан шанааны хөтөл дээрээс Хар нуураа хэсэг зураглаж аваад Улиастай хотыг чиглэн хөдөлсөн юм.


Эртний хот Улиастайд  бид онгоц хүлээж хоёр хоносон. Хадмуудаараа айлчилж Чигэстэйн гол  Богдын голын уулзвар  дээр боодог хийж идэв. Хайрхан даваан орой дээрээс Очирвааний орон  Отгонтэнгэр хайрхандаа мөргөв. Жавхлант  толгойн дээр гарч Жалханз хутагт тэргүүтэй Завханы хутагт хувилгаадтай танилцав. Эцэст нь Донойн хөндий, Дэнхэн чулуугаар зугаалж онгоцоо тосож ажлаа амжуулаад нутгийн зүг хөлгийн жолоо залахад бэлэн боллоо.




Улиастай хотоос эрт гарсан манайхан Загастайн даваагаа давж Тэлмэний хөндийгөөр дэржигнүүлсээр  Тосонцэнгэлд хооллочихоод халзан болтлоо харамсмаар шатсан Солонготын давааны орой дээр бууж хийморио сэргээж аваад замын хүн саатмаар Завхан нутгийг ардаа орхиж арын сайхан хангай нутгийн Хойд тэрхийн гол дээр буудаллаа. 

3.27.2014

Бага газрын чулуу


Дунд-говь аймгийн Адаацаг Дэлгэрцогт сумын дунд орших Бага газрын чулуу бол урт нь 15 км өргөн нь 10 гаруй км үргэлжлэх боржин чулуун уул юм. Хамгийн өндөр цэг нь далайн түвшнээс дээш 1768 м өндөрт өргөгдсөн Тахилгын хавцал.
Энд түүхийн янз бүрийн үед хамаарах 200 гаруй булш хирэгсүүр бий. Сонин хэлбэртэй хад цохио элбэг. Ажиглаад явбал бүхий л зүйлийн амьтан нэрлэж болно. Бага газрын чулууны их хөндийн зүүн хойд төвд жижгэвтэр чулуун толгодын ёроолд Жаргалантын агуй бий. Энэ нутагт ганц ямаатай хөгшин суудаг байгаад ямаа нь агуй руу ороод алга болж, араас нь орсон эмгэн ч эргэж гарч ирээгүй тул агуйд дахин хүн оруулахгүйн тулд 3 метр орчмын нарийхан хэсэгт таглаж битүү болгосон гэж ярьдаг. Жаргалантын агуйгаас 1 км орчим зайд эгц элгэн хадан дээр зориуд өрөмдсөн мэт харагдах хагас метр орчим гүн нарийнхан цооног нүхэнд хурын ус тогтсоныг нутгийнхан нүдний рашаан гэж нэрлэдэг. Сөдөтийн амны чулуун хавцал дунд ургасан улиасан төгөлийн дунд 300 гаруй жилийн өмнө хоёр лам даяанчлан сууж, тус тусын гэрийг барихдаа уулын бяцхан горхийг гэрийнхээ дундуур урсаж байхаар байрлуулж, гэрээсээ гаралгүй ус авч цай хоолоо зэхдэг байжээ. Лам нарыг өөд болоход нь туурвисан бүтээлүүдтэй нь зэрэгцүүлэн эл хавьд бунхалсан гэдэг яриа бий. Сөдөтийн аманд нэгэн хийдийн туурь байх бөгөөд түүнийг Ловончомбын хийд гэдэг. Хожим эрдэмтэн лам Зава Дамдин хэсэг суун бүтээл туурвиж байжээ.



 

3.25.2014

Их газрын чулуу

Дундговь аймгийн Говь-Угтаал, Баянжаргалан сумдын нутагт орших Их газрын чулуу нь хурц шовх оргил, хадан цохио бүхий өвөрмөц тогтоцтой монголын үзэсгэлэнт газрын нэг.
Мандалговь хотоос зүүн урагш 80 километрт оршдог. Их газрын чулуу нь хойноос урагшаа чиглэлтэй 30 орчим километр орчим үргэлжилсэн, өргөөшөө 15 километр сунаж тогтсон тогтоц.
Их газрын чулууны бүсэд Тоонот, Агуйт, Эхийн умай, Рашаант зэрэг 40 гаруй агуй байдаг бөгөөд тэдгээр нь зүүн хэсгийн Өлзийт, Сүмбэр уулын урд хэсэгт байдаг.