Эргүнэ хунгийн
домог үргэлжилсээр... Алунгоо эхийн таван хүүхдийн бага нь Бодончир билээ.
Бодончирын хүү Хабич баатар, түүний хүү Мэнэн тудун билээ. Мэнэн тудуны бага
хүү Хайду,түүний гурван
хөвгүүний ахмад нь Байшонхор догшин билээ. Байшонхорын хоёр хөвгүүний ахмад нь
Хамаг монголын хаан Хабул.
Хабул ханы үед
Алтан улс мандаж Киданыг дарж зэвсгийг баруун тийш хандуулан монголыг сэргийлж
байсан цаг. Алтан улсын хаан Хабулыг хүчирхэгжиж буйг мэдэн элч илгээсэнд
тэрээр Алтан улсын нийслэлд ирэхэд ихэд найр хурим болон зочилжээ. Хабул хаан
хорлогдохоос сэрэмжилж ихэд хянуур байсан ч нэг өдөр согтож Алтан улсын хааны
сахлыг чангаан агсан тавьж ч үзэж.
Түүнийг буцсаны дараа зүрчид хаан Ху ша ху хэмээх жанжиндаа цэрэг өгч
монгол руу илгээсэнд Хабул хан нутгийн гүнд оруулан түүнийг бутцохиж цаашлаад
зүрчидийн хорин долоон цайзыг өөртөө хураан авч Алтан улсаас жил бүр үлэмжхэн
хэмжээний үхэр хонь амуу татварлаж байхаар болжээ. Хабул хаан долоон хөвгүүнтэй
ч хан орыг авга ах Сэнгүн билгэгийн хүү Амбагайд гэрээсэлжээ.
Хабул ханы хоёрдохь
хүү бол Бартан баатар. Бартан баатар дөрвөн хөвгүүнтэй бөгөөд гуравдахь хүү нь
Есүхэй баатар билээ. Есүхэй баатар монгол аймгийн зонхилогч эзэнтэн байв. Тэр
татар аймаг болон хятад цэргүүдтэй олонтой тулалдан дийлж явсан зоригтон баатар.
Тэр Өүлэн, Сочигэл хоёр эхнэртэй. Өүлэн эхээс Тэмүжин, Хасар, Хачиун, Тэмүгэ
гэж дөрвөн хүү Тэмүлэн нэрт нэг охин төржээ. Харин Сочигэл эхээс Бэгтэр,
Бэлгүдэй хоёр хүү төрж. Есүхэй баатар Тэмүжинг арван настай байхад түүнд бэр
гуйж Хонгирадын Дай сэцэнтэй сүй бэлэг тавиад буцаж харих замдаа татар иргэнд
хорлогдон үгүй болжээ.
No comments:
Post a Comment