3.17.2014

Алтай нутгаар нэг удаа

Бид Баянхонгор аймгийн Баянбулаг сумаас Отгон сумын замаар гарч нэгэн худаг хүрч хоёр салсан замын зүүн гар талын замаар орж хэсэг явж байгаад  Гуулингийн их тал руу ороод ирлээ. Гуулин тэнд харагдаад л байна, яваад л байна бас харагдаж л байна. Гуулин бол сум баймаар газар байна лээ. Завхан голоос шуудуу татсан усалгаатай тариан талбайтай, Мод бут тарьсан сайхан газар. Өргөн татсан шуудууны дээгүүр тавьсан гүүр засвартай байсан тул бид нилээн өгсөж гармаар гараад Завхан голоо хөвөөлөөд  Тайшир сумыг чиглэн давхилаа. Давхилаа ч гэж харвасан дөө, зам бол ширээ л гэсэн үг. Байгаль бол ёстой үлгэрийн орон, өнгө өнгөөр алагласан уул тал ёстой хараа булаам.
Тайшир сумын дэргэд Завхан голын гүүрээр дөнгөж гараад баруун гар талд байх Монгол орны нэгэн өвөрмөц тогтоцуудын нэг болох Хомбого толгойд ирлээ. Тэгш талт үүсгэсэн харандаа хэлбрийн ийм тогтоцтой газар гурав байдаг гэж дуулсан. Нэгийг нь сайн мэдэхгүй байна, хоёрдохь нь бол Цонжийн чулуу. Харагдац нь Хомбого толгойгоос илүү тэгш зургаан талт үүсгэсэн Цонжийн чулуу Дорно-говь аймгийн Дэлгэрэх сумын нутагт буй. Миний аав сургуулиа төгсөж ирээд анх геологийн анги авч гарч байсан газар. Бас л үзэх ёстой газруудын маань нэг.
За бид Хомбого толгойгоо тойроод зураглаж зураглаж буцаж голоо гараад харандаан чулууныхаа харалдаа майхан саваа буулгаж Завхан голоор ундалж хонолоо. Өглөө босоод Тайширын усан цахилгаан станцыг үзэж сонирхохоор хөдөллөө. Хүний гараар бүтсэн зүйлс үнэхээр бахархмаар сайхан юм. Тэр том хиймэл нуур, хадтай уулыг нүхэлж гарсан туннель, өндөр далан гээд харууштай. Чехэд нэг усан цахилгаан станц сонирхон үзэж байсан л юм. Тэр бол том станц байсан гэхдээ ингэж сэтгэлд үлдээгүй л юмдаа. Анх усыг нь боогоод ажил явагдаж байхад янз бүрийн хэл ам дагуулж байсан. Одоо ашиглалтанд ороод хэвийн ажиллаад ирэхээр Завхан гол маань урсдагаараа урсаж байна. Бүр усны түвшин тогтворжиж Эрээн нуурын ус хүртэл ихэссэн гэж хүмүүс нь ярьж байв. Монголдоо уулан дундуур туннелээр 400 м газар ч гэсэн давхих сайхан байлаа.
Буцаж Тайшир орж бензин цэнэглэх гэсэн боловч баяр тэмдэглэсэн гэх  түгээгч олдсонгүй шууд Алтай хотыг чиглэв. Замдаа хоёр тэрэг маань салж төөрөөд дүү охин маань аймагт  хүлээж бид хэд хээрээр хайж жаахан адал явдалдаж байгаад Алтай хотод ирж өөрсдыгөө эхлээд дараа нь машинуудаа цэнэглэж, ээждээ захисан эмээ авах онгоц хүлээнгээ аймгийн төвын “Зайсан толгой” дээр гарч хотыг жаал тольдов. Толгойн жижүүр бид хэдэд зориулан усан оргилоо ажиллуулж сонирхуулав. Сайхан тохижуулсан газар байна лээ. Онгоц ч ирж эм хүлээгээд зогсож байтал дүүгийн маань хүү эмээ халааслаад буугаад ирдэг байна даа. Хүн нэмбэл хүнс нэмнээ гэж Алтайн дэлгүүрээр жаал хэсэж байгаад  Ээж хайрхан уул руу хөдөллөө. Хан тайширын нурууг Жаргалантаар даваад сайхан хавцал дундуур явж байгаад төгсгөлд нь зам сална. Цагаан голоор Цогт сум руугаа явж болох ч саяхан бороо орсон зам муу нуранги ихтэй байх гэж хүмүүсийн зөвлөснөөр зүүн гар талаа барьж Бигэр сум руу явсан юм. Алтайд нилээд удсан бид бүрэнхий болж байхад алдарт Бигэр номун ханы хийдийн туурин дээр ирсэн байлаа. Бигэр лүү дахиад 20 гаран км зам муу саяхны борооны усанд идэгдээд тойрч наана цаана гэсээр  цаг их орж байлаа. Хийдийн туурин дээр буусан нутгийн ах хүү биднийг сумын төвд байгаа гэртээ хоноглохыг урьж хүүгээ бидэнтэй хамт явуулсан юм. Шөнө оройтсон бид айлын гэрт сайхан унтаж амарсан. Энэ өдрийн оройн хоол бэлэн гоймон байв.
Өглөө босож цайллаа. Нутгийн ахын зөвлөснөөр бид  Цогт сум орохоос өмнө Цагаан хаалганы хүрхрээ үзэж сонирхохоор болов. Бигэр сумаас Дөтийн даваа чиглээд давхиж явахад баруун гар талд Бурхан буудай уул сүртэй харагдана. Бурхан буудай уул Хан тайширын нурууг даваад л харагдсан, өнгө өнгөөр алагласан сайхан уул.  Дөтийн даваа бол Бигэр сумаас Цогт сум руу явахад давах Бурхан буудай уул, Хаалган цахирын уулын дундах өндөр том даваа. Цагаан хаалганы хүрхрээ бол даваа руу яг өгсөхөөс өмнө зүүн гарлуугаа салж 5 км хүрэхгүй яваад хүрэх нутгийнхны очиж амардаг үзэсгэлэнтэй гэхэд дэндүү үзэсгэлэнтэй газар байна. Хаалга аятай хадан хавцалд машин тулж очно. Жинхэнэ цэвэр уулын устай голтой,устай үед есөн газар хүрхрээ бууна. Бид дуу алдан зураглаж яваад эхний хүрхрээн дээр очсон, тун бага устай байсан. Өө азгүй юм гээд буцах гэж байтал нутгийн нэг нөхөр ирээд ус авангаа  гол ийм устай байхад устай хүрхрээ байлгүй яахав гээд  мотоциклээ асааж аваад яваад өгөв. Тэгээд л бид хүрхрээний эрэлд гарна биз дээ. Өгсөөд л байсан хааяа нэг ус буусан нойтон мөр тааралдана. Ядарч унаталаа явж байж 10 орчим метрээс унаж байгаа хүрхрээтэй тааралдаж сэтгэл ханав. Үнэхээр ядарсан, зоригтнуудын хамгийн бага Молор найман настай байлаа. Сайн явсан, магтая.

Буцаж иртэл нутгийн хэдэн нөхдүүд амраад янз бүрийн амьтан боож байна. Бидэнд харин  ямааныхаасаа л амсуулсан. Тэгээд харилцан хоол солилцоод бид хөдөллөө. Цогт сумаар дайрч машинуудаа дүүргэж аваад  Ээж хайрхан руу шууд гарлаа. Хайрханыхаа барааг хараад бүрэнхий болж хээр хонохоор шийдэв. Хэвтэж байгаа эмэгтэй хүний хэлбэртэй хайрхан маань сайхан харагдаж байлаа. Гар сунгахад л хүрэх газар хоносон доо. Өглөө хайрханыхаа дэргэд элсэнд сууваа. Халуун элсэнд суух асуудалтай юм байна лээ. Гуталтай халууцаад, хөл нүцгэн бол түлэгдээд.. Ам цангана гэж найгүй. Тэгж тэгж Ээж хайрханыхаа машин зогсоол дээр ирлээ. Элсэнд явах сайхан дасгал болсон доо. Ээж хайрхан маань хүмүүс амрах тоосгон байшинтай, саравчтай эвтэйхэн тохижуулсан газар байна. Даанч худалдаа байхгүй. Бид элсэнд хэсэг суухдаа усаа дуусгажээ. Хүмүүс ихтэй байсан, бүр толгой түрүүгээ угааж байсан. Манайхан усны үнэ цэнийг мэдэрсэндээ энд. Уг нь бүгд уул руу явцгаасан ч уван цуван буцаж ирсээр хамгийн тэвчээртэй дөрвөн хүн хайрханаа тойрох аялалаа дуусгасан. Тэр дунд манай Молор ээжтэйгээ бас байсан. Сайн байсан гэж магтая, дахиад.
Дараа  бөөн устайгаар эргэж ирнэ гэж амлаад бид тэндээс шуурга мэт  хөдөллөө. Замдаа усан оргилуур шиг олгойдож байгаа их устай таарсан ч мод усалдаг хүн ууж болдоггүй ус гэнэ. Ээж хайрханаас Цээл сум 130 гаруй км, зам нь дажгүй. Яарсан бидэнд хол ч үдээс хойш эрт энэ суманд орж ирсэн. Шууд дэлгүүр орж нэг нэг ундаа ус гээд уух төрлийн юм юу байна шууд барьж авав. Худалдагч их гайхсан даа, хөөрхийс гэж бодсон байх. Тэгээд л эргэн тойронтойгоо жаал харьцаатай болоод хараад байсан сонин сум байна. Дандаа хад чулуун дээр байшин барилгаа барьсан байх юм. 1945 оны үед гоминдануудаас  зугтаж энд ирээд суурьшсан сум гэнэ. Манай нөхдүүд ус цасанд орж ариун цэвэр сахиж аваад гуанзанд хоол захиалсан шигээ өрөө хөлсөлж сайхан амрав. Миний хувьд нутгийн нөхдүүдтэй зам харгуй ярьсан шигээ эрүүл агаар + эм хэрэглээд бас л сайхан амрав.                                

Өглөө Таянгийн нурууны араар уурхайн гаргасан сайжруулсан замаар хэсэг шидэж өгөөд Сухайн төгөлийн орчим замаасаа гарч Бугат сумыг чиглэн давхилаа. Бидний маршрут Бижийн тал орж хулан тахиар нүдээ баясгаад Барлагын хавцалаар хөшөөтийн уурхайн засмалаар Ховдын Цэцэг сумаар Дарви орох байлаа. Бугат орохын наахна айлаас зам асууснаар бидний чиглэл өөрчлөгдсөн. Мааньтын хөтлөөр даван Говь-Алтайн Дарви сум орохоор болов. Бид энд хүртэл гаргасан маршрутынхаа дагуу, амрах хоёр хоногоо нөөцөлсөн хэвээр л явсан. Эндээс  Бугатаар ч орсонгүй Төгрөгөөр ч орсонгүй бид Шаргын говийн захаар хөндлөн гарч Дарви сум Ихэс нуурын хөвөөн дээр ирж хонолоо. Нуур нуурын цаана Сутай хайрхан, жаахан яваад аавын нутаг. Алтай нутаг сайхан нутаг юмаа таалагдлаа, ахиж дараа эргэж ирнээ.












No comments:

Post a Comment