3.14.2014

Хонгор нутгийн хойгуур аялсан минь

Манайхан аав ээжийнхээ нутгийг үзэж сонирхох, энерги эрч хүчээ сэлбэх зорилготой эцэг өвгөдийнхөө нутгийг эргэхээр 2012 оны зун 7 сарын 6-нд үдээс хойш ээжийгээ суулгаж аваад Улаанбаатараас гарсан юм. Аав ээж маань нутгаасаа бага залуудаа гарсан болохоор нутгийнхаа тухай бидэнд ярьсан нь төрсөн газрынхаа нэрнээс цааш нээх ихгүй. Аав маань Ховд аймгийн Дарви сумынх, ээж маань Баянхонгор аймгийн Баянбулаг сумынх. Бидний төлөвлөгөө цаад цэг нь Ховд хот, буцахдаа Завхан нутгаар дайран тойрч ирэх.
Хотоос аажуухан гарсан бид эхний хоногоо элсэн тасархайд өнгөрөөн эртлэн босож төрсөн өдрийн тортоор цайлж  жаал зураглаж аваад цааш хөдөллөө. Шартын даваа өгсөөд явж байтал аян замдаа сайн яваарай гээд хэн нэгэн бидэнд хайрцаг боов бэлэглэжээ. Нилээд олон тооны дажгүй амттай, олны танил тэр боовоор хөдөөний олон айлыг дайлсан даа... Олзыг олуулаа гэж.
Арвайхээр хотоос машинуудаа цэнэглэж аваад  хотын хаяанд байх манай гэрийнхний амьдралд  аймшигт толбо болон үлдсэн  газарт босгосон овоогоо засаж, янзлан, сэргээж идээ ундааныхаа дээжийг өргөлөө. Энд аавтай минь холбоотой таагүй гунигт дурсамж байдаг юм.
Эндээс холгүй замын гуанзанд бууз захиалж савлуулж аваад  Арвайхээрийн талд байх Арвагар хээрийг хоймортоо залсан монгол морины цогцолборт очиж өдрийнхөө хоолоо идэв. Өрөөд тавьчихсан тэр олон морины толгой аймаар ч юм шиг, гэхдээ монгол түмний шүтээн мориндоо зориулсан сайхан цогцолбор байна лээ.
Баянхонгор аймгийн төвд ирээд Номгон хайрханаа бараадан Түйн голын хөвөөнд хонох төлөвлөгөөтэй байсан ч өглөө эрт гарахаа бодон Баянбулаг зочид буудалд буулаа, бидний хэдэн аялагчид.
 Өглөө эрт аймгийн төвөөр жаал алхаж хөгжил цэцэглэлттэй нь нийлүүлэн зураглах ажлаа хийж авав. Хөх толгойн доорх динозарын цэцэрлэг гээд нүд хужирлах юм байна,байна. Даанч эрт болохоор бүгд хаалттай. Аймгаасаа Баян-Овоо сум чиглэн гараад бид Галуутын хавцлыг зорилоо. Юу юугүй л бид Олон нуурын хөндий дэхь Олгой нуурын хөвөөнд ирэв. Хээрийн цай чанаж нуурын хөвөөн дээр цайлж эргэн тойрныхоо байгаль дунд өөрсдийгөө баахан патиардлаа.
Газрын зургаар Галуутынхаа хавцлыг шууд чиглэн явж байгаад замын айлаас  ажиг сураг тавихад  Өлзийт голыг Овоотын гармаар гарч хавцлынхаа хойноос нь очвол дээр гэж зөвлөснөөр  буцаж тойроод гармаараа голоо гараад хавцал дээрээ ирлээ. Үнэхээр сайхан, бахадмаар. Өндөр газраа доош тонгойход эвгүй гэж. Манай зарим нь айгаад буугаагүй ээ. Машин тэргээ болгоомжтой сайн байрлуулахгүй бол эвгүй, эвгүй. Харин тэр доор урсаж байгаа гол маань нөгөө уул уурхай алт эрдэнэсээс болоод зэгэл саарал юм урсаж байна. Харамсалтай хайран санагдаж байлаа. Тэгээд нөгөө л үндсэн ажлаа жаал хийж аваад Жаргалант сум ороод Заг сумын хажууханд Байдрагын голоо гатлана гэсэн ойлголттой хөдөллөө. Тэгсэн чинь нөгөө сайхан Байдрагийн гол маань байдаггүй ээ, тасарчихаж. Нөгөө л уул уурхай алт эрдэнэс. Голын эхээд алтны уурхай ажилдаг гэнэ. Дэндүү хайран.
Заг сумаасаа Баянбулаг сум руу зам нь цагаан гишгээд л байдаг газар байна. Гэхдээ энэ зун ийшээгээ гандуу шав шар, намар аятай л байлаа. Сумын төвөөр дайран шууд Хангалын давааны өвөрт Бугатын аманд Бугатын хүрээний туурьны урдхан талд ээжийн минь төрсөн буурь байдаг гэх, хайлаа...олдоггүй ээ. Зуншлага оройтоод даваагаа давж айлууд орж ирээгүй болохоор ямар ч айлгүй эл хуль. Бид нар Хангалынхаа давааг даваад ээжийн нэг дүүгийнд очиж хоноод өглөө эрт ирэхээр боллоо. За тэгээд олон жил уулзаагүй эгч дүүс уйлаан шуугиан, хоол унд гээд нэг шөнө өнгөрлөө.
Өглөө эрт нэг дүү хүү хулгар шар энэ тэр гээд гоё гоё юм яриад явсан, гэнэт ууланд очоод тарвага хориотой гэж санасан уу, хангай хишгээ хайрлаагүйд санаа нь зовсон уу ирдэггүй дээ. Үд боллоо, бид хөдлөхөөс өөр арга байсангүй. Нагац эгчийгээ дагуулж аваад ээжийнхээ төрсөн бууцан дээр ирлээ. Бид өчигдөр хажууханд нь эргэлдээд байж. Сайхан газар байлаа. Бугатын гол нь урсдагаараа урсаж байна, тэр хавьдаа байхгүй ногоон дэнж дээр миний ээж төржээ. Мэдээж ирснийх ёс төрөө гүйцээж хэсэг саатлаа. Ээж маань ундалж өссөн Бугатын голоосоо ундааллаа, унаж босож хөлд орсон хөрс шороондоо хөрвөөлөө. . Ээжийн нутаг сэтгэл татам, хараа булаам  нутаг юм. Сүрлэг өндөр Хангалын даваа, цэвэр тунгалаг Бугатын гол, Хөдөө нуур хөөрхөн нуур гээд сайхан гэдэг үг багадмаар  тийм л газар миний ээж төржээ.

Энэ өдөр Баянбулаг сумын наадам болж байсан юм. Гэхдээ урьд сумын төвийн наадам сайхан сайхан эмээл хазаартай  морьд л багширч байдагсан. Одоо үед мотоцикл машин л чихээстэй болж дээ. Монгол ахуй маань жаахан холдоод байна уу даа, биднээсээ. Эгчийгээ наадмын талбайд буулгаад машинуудаа цэнэглэж аваад Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Гуулин тосгоныг чиглэн хөдөллөө.






3 comments: