Төв ба Баруун Монгол, хил залгаа Уулын Алтай, Минусын хотгор, Саян Тагны уулархаг нутагт тархсан Афанасьевийн соёл зэс чулууны үе буюу энеолитийн үеийн хамгийн сайн судлагдсан соёл юм. Энэ соёлтой холбоотойгоор үйлдвэрлэх аж ахуй Төв Азид түгэн дэлгэрсэн бөгөөд тэдэнтэй хамт гэрийн мал аж ахуй, төмөрлөг боловсруулах урлаг, шавар савны шинэ хэв маягууд, оршуулгын зан үйлийн өвөрмөц хэлбэр Ижил Уралын бүс нутгаас Төв Азийн гүнд орж ирсэн байна.
Афанасьевчууд өвөг индоевроп хэлээр яригчид байсан гэдэг
нь бараг эргэлзээгүй бололтой. Чухам энэ үед өвөг индоевроп хэлнээс салсан
Тохарын бүлгийн аялгууд хожим НТ-ын 6-р зуунд одоогийн Шинжааны нутагт торгоны
замын дагуу тэмдэглэгдсэн хэд хэдэн бие даасан хэлнүүд болж хөгжсөн болов уу.
Үндсэндээ Төв Азийн эртний европжуу төрхтнүүдийг бүхэлд нь афанасьевийн соёлтой
холбон тайлбарлах уламжлал түүх бичлэгт нэгэнт тогтжээ.
Алтай, Минусын хотгор, Төв ба Баруун Монголд тархсан
афанасьевийн соёлын гарал үүсэл маргаантай байдаг боловч олонхи судлаачид
Дорнод Европын “Нүхэн булшны соёл”-той (НТӨ
3600-2300 он) холбон
тайлбарладаг. Археологийн соёлын хувьд төдийгүй удамшил зүй, палеогенетикийн
хувьд энэ үзэл батлагдаж байгаа юм.
Нүхэн булшны соёлынхон мал аж ахуй эрхлэхийн зэрэгцээ
зээтүүт газар тариаланг хавсарга болгон хөгжүүлж байжээ. Тэдний булш оршуулга
болон цөөн тооны суурингийн үлдэгдэл илэрч судлагдаад байна. Ерөнхийдөө
нүүдлийн ба хагас нүүдлийн ахуйтай байсан, Европт хамгийн эртний тэрэг чухам
энэ соёлоос илэрсэн.
Нүхэн булшны соёлын оршуулгын дурсгал нь чулуу, шороон
овгор дараастай булшинд хүнээ нуруугаар нь дээш харуулан хэвтүүлж, хөлийг нь
өвдгөөр нь нугалж дээш босгон тавьсан байдаг ажээ. Хүнээ тавьсан байдал
төдийгүй ясан дээрээс нь зосыг их хэмжээгээр цацдаг заншил афанасьевийн
соёлынхтой адил юм. Мөн нүхэн булшнаас хүн дагалдуулан мал аж ахуй эрхэлдэг
байсныг нотолж, үхэр, гахай, хонь, ямаа, адууны яс илэрдэг байна.
Одоогийн байдлаар Орос Алтай, Минусын хотгор, Монгол
нутгаас нийтдээ 600 орчим афанасьевийн булш, оршуулгыг илрүүлж судлаад байна. Булш
нь голдуу дугуй хэлбэртэй битүү чулуун дараастай бөгөөд захаар нь хавтгай
чулууг хавиргалан босгох юм уу том чулуугаар хаяавч хийдэг байна. Дараасны дор
ихэвчлэн төв хэсэгт нь нэг булшны нүх байх боловч заримдаа хоёр, түүгээр ч
зогсохгүй гурван булшны нүх байх нь бий. Мөн түүнчлэн жижиг хүүхдийн оршуулгын
нүхнүүдийг хаяавчийн дагуу ухсан байх нь тохиолддог. Дараасны хэмжээ 5-18 метр
байна. Булшинд хүнээ ар нуруугаар нь тавьж, өвдгийг нь атийлган дээш сойсон
байдалтай олддог. Талийгаачийн энэхүү өвөрмөц байрлалыг магадгүй сандал дээр
суулгаж хөшөөсний дараа булшинд оршуулдаг байсан болов уу гэж таамагладаг.
Хүнээ голчлон баруун, баруун өмнө зүг толгойгоор нь хандуулан оршуулна.
Оршуулгын гол онцлог нь нас барагчдыг их бага хэмжээний улаан зосоор хучсан
байдагт оршино.
Оршуулгад дагалдуулан цөөн тооны эд өлгийн зүйлс тавьдаг
байна. Магадгүй анх тавихдаа илүү баялаг бөгөөд органик гаралтай эд зүйлс
тавьсан байсныг үгүйсгэх аргагүй боловч одоо нэгэнт үлдэж хоцорсон зүйлс үгүй
юм. Тухайлбал цөөн тооны зэс ялтсан эдлэл гарсан нь модон сав суулганы амсрын
бэхэлгээ байсан бололтой гэж таамагладаг. Нийт афанасьев булшны 70% нь ямар
нэгэн эд өлгийн зүйлтэй илэрчээ. Эдгээрийн дотор шавар сав суулга хамгийн их
хувийг эзлэнэ. Эдгээр сав суулгын олонхи нь өндгөн ёроолтой бөгөөд тасархай
зураасан хээ чимэглэлтэй байдаг ажээ. Мөн чулуу, яс, зэсээр хийсэн гоёл
чимэглэлийн зүйлс, чулуун нухуур, самбар чулуу зэрэг аж ахуйтай холбоотой эд
зүйлс тохиолддог.
Баруун Монголын энеолитийн үеийн хадны зургуудын томоохон
дурсгалуудын тоонд Чулуут голын хөндийд байх Чулуут голын хадны зургийн
цогцолбор, Өвөрхангай аймгийн Тэвш уул, Баян-Өлгий аймгийн нутаг Цагаан салаа,
Бага Ойгорын голын хөндийн дурсгалууд багтана. Энэ үеийн хадны зургууд Баруун
болон Өмнөд Монголоос олдож байгаа нь Өмнөговь аймгийн Арабжах, Увс аймгийн
Наранбулаг зэрэг болно.
Эдгээр зурагт овгийн эм үүтгэл, эмэг эх, хүний нүүрний
дүрстэй баг, дээш өргөсөн 3 хуруутай гар бүхий эмэгтэйчүүдийн дүрс, эх марал ба
эцэг бугын дүрс, саран хэлбэрийн юм уу урагш чиглэсэн эвэртэй нүсэр том үхрийн
дүрс, янгирын дүрс голлодог байна.
Афанасьевийн соёлын булш, оршуулгын газрууд, суурингийн
судалгаа тархалт зэргээс үзэхэд тэд харьцангуй жижиг бүлгээр буюу овгоороо
амьдарч байсан бололтой. Монголын афанасьевийн булшнууд ихэвчлэн ганцаараа,
цөөн тохиолдолд гурав хүртэл булш нэг дор байдаг бол Минусын хотгорт 66 хүртэл хүний
оршуулга нэг дор байдаг байна. Бүлэг оршуулганд талийгаачдыг нас хүйсийн
ялгаагүйгээр нэгэн том нүхэнд ижил хэмжээний үнэ цэнэтэй эд өлгийн зүйлс
дагалдуулан оршуулжээ. Оршуулгын энэ зан үйлээс харахад тэр үед өмч хөрөнгө ба
зэрэг дэвийн ялгаа төдий л гараагүй байжээ гэж таамаглаж болно. Зарим булшнаас
илэрсэн хүний чандар, хэсэгчлэн үлдээсэн хүний яснууд, толгой болон их биеийн
яснуудыг салгаж шуудайлсан хүний үлдэгдэл зэрэг нь тэдний оршуулгын зан үйлд
олон төрлийн оршуулах, оршуулгад бэлдэх ёс байсныг харуулдаг.
Афанасьевийн оршуулгын газраас гарсан хүмүүсийн нас
хүйсийг харьцуулан судлахад дунджаар 18 эрэгтэйд 12 эмэгтэй оногддог. Энэ
тооцоон дээр үндэслэн тэдэнд олон нөхөрт ёс буюу полиандр ёс байсан болов уу
гэж таамагладаг. Энэхүү ёс нь эхийн эрхт овгоос эцгийн эрхт овог руу шилжих
завсрын үед байсан ёс аж.
“Монголчууд нэн эртнээс 12-р зууны эхэн” номноос
No comments:
Post a Comment