11.28.2020

Буган хөшөөний соёл


Буган хөшөө бол бичиг үсэг хараахан бий болоогүй байсан хүрэл ба төмрийн түрүү үеийн нүүдэлчдийн түүх, утга соёл, шашин шүтлэг, нийгмийн байгууллыг судлах чухал дурсгал юм. Мөн Монголын эртний түүхэн газар нутгийн дүр төрхийг сэргээн харуулах хамгийн тодорхой дурсгалын нэг бол буган хөшөөнүүдийг босгосон чулуун булш, хиргисүүрүүд мөн билээ.

2000 оны эхээр хийсэн судалгаагаар Евроазийн эх газарт 700 гаруй буган хөшөө бүртгэгдсэнээс 500 илүү нь Монголд байна гэж үзэж байсан бол эдүгээ 1000 гаруй буган хөшөө байгаа болох нь тогтоогдоод байна. Ялангуяа Монгол Алтайн баруун ба өмнөд хэсэг, Хангайн нурууны төв хэсгээс 200 орчим буган хөшөө шинээр илэрч судлагдаад байна.

Буган хөшөөг нас барсан хүнд зориулан , хүнийг төлөөлүүлэн үйлдсэн гэдэг нь тодорхой болоод байгаа бөгөөд үүнийг үйлдэхдээ тусгайлан 4 талт болгон зассан чулуунд хүний нүүр, эдлэл хэрэглэл зэргийг дүрсэлсэн байдаг. Уг чулууны оройн хэсэг ихэвчлэн налуу байх ба зүүн зүг хандуулан нарийн талыг нүүр болгож, дээд хэсэгт хүний нүүрийг төлөөлүүлэн ташуу 3 зураас, хоёр хажуугийн өргөн дээд хэсэгт цагираган хэлбэрийн дүрслэл (нар, сар гэх нь бий), эдгээрийн доогуур дугуй болон зуйван дугуй хэлбэрийн жижиг хонхруудыг бүрэн тойруулж, хөшөөний дунд хэсэгт бүс, бүснээс чичлүүр хутга, нум сум зэрэг зэр зэвсгийн эд зүйлсийг дүрсэлсэн байдаг. Эдгээр дүрслэлүүд нь нийт буган чулуун хөшөөнд дүрслэгддэг нийтлэг зүйлс юм.

Түүнчлэн 10 гаруй буган хөшөөнд хүний нүүрийг дүрсэлсэн байдаг нь уг дурсгал хүнийг төлөөлсөн болохыг баттай харуулсан баримт болдог. Буган хөшөөний хамгийн өндөр нь 4 метр орчим бөгөөд түүнээс доош янз бүрийн хэмжээтэй байх ба хамгийн намхан нь 40 см орчим өндөртэй байна.

Буган хөшөө Ази, Европ тивийг дамнан тархжээ. Тархалтын төв нь Монгол нутаг мөн бөгөөд нийт 1200 орчим буган хөшөө илрүүлэн судлаад байгаагаас дурсгалын 90 орчим хувь нь манай улсын нутагт байна. ОХУ-ын Буриад улсын Байгаль нуур орчимд 20, Алтай Саянд 80 орчим, Казакстан Дундад Азид 20 орчим, баруун тийш Оросын Оренбург муж, Кавказ, Украин, Германы Эльба мөрөн хүртэл 10 гаруй олджээ.

Буган хөшөө нь баатар дайчин эрийн бэлгэдлийн дүрслэл учраас зэр зэвсэг, тусгай хэрэгсэл зэргийг сийлбэрлэсэн байдаг. Хөшөөний дээд хэсэгт титэм юм уу малгай, хоёроос гурван ташуу зураас, хүний нүүр, ээмэг, хүзүүний зүүлт зэргийг дүрсэлсэн байна. Судалгааны өнөөгийн түвшинд буган хөшөөнүүдийн дээд хэсгийн дүрслэлүүд болох дугуй цагирагуудыг нар сар, түүний доогуур буй жижиг хонхруудыг од эрхсийн дүрслэл хэмээн тайлбарладаг байсан өмнөх үзлээс татгалзаж, хүний толгойн хэсгийн эд чимэглэл болохыг ихэнх судлаачид хүлээн зөвшөөрчээ.

Монгол орны нутагт оршиж буй буган хөшөөнүүд, тэдгээрийн бүх хэлбэрүүд тэдгээрт дүрсэлсэн хүний нүүр, ээмэг, хүзүүний зүүлт, бүс, зэр зэвсэг болон бусад эд өлгийн дүрслэлүүд нь уг дурсгал хүнийг төлөөлүүлсэн болохыг гарцаагүй нотолж байна. Өөрөөр хэлбэл хүрлийн үеийн нүүдэлчдийн нийгмийн тодорхой бүлэг хүмүүст буюу овог аймгийн толгойлогч – язгууртан хүмүүст зориулан бүтээсэн дурсгалын хөшөө болох нь баттай бөгөөд түүнд дүрслэгдсэн дүрслэл, тахилгын байгамжийн зан үйлд эртний нүүдэлчдийн ертөнцийг үзэх үзэл хийгээд бөө мөргөлийн үзэл санаа шингэсэн байдаг гэж үзэж болох ажээ.

Одоогийн байдлаар манай улсын нутагт хүний нүүрний дүрстэй буган хөшөө 13 байна. Эдгээр хөшөөнүүдээс Завханы Яруу сум, Төв аймгийн Өнгөт, Баян-Өлгий аймгийн Могойтын голын болон Алтай сумын 3-р баг, Хөвсгөлийн Тээл, Баянхонгорын Тэмээн хүзүүний буган хөшөөнүүд нь хожим Түрэгийн үед буган хөшөөг ашиглаж, хүний нүүр нэмж дүрслэн хүн чулуу болгон зассан нь илт мэдэгддэг. Харин бусад буган хөшөөнүүдэд дүрслэгдсэн хүний нүүрийг эрт үед дүрсэлсэн бөгөөд зарим судлаачид иймэрхүү хүний нүүр дүрсэлсэн хөшөөнүүд буган хөшөөний соёлын эхэн буюу эрт үед холбогдоно хэмээн үздэг.

Хилийн чанадад цөөн тооны хүний нүүрний дүрслэлтэй буган хөшөөнүүд бий. Тухайлбал Орос Алтайн Чуй голд нэг, Кызыл-Джарынд нэг, Өвөрбайгальд нэг буган хөшөөнөө тус тус хүний нүүр дүрсэлсэн байдаг.

Мөнхүү буган хөшөөг хүнийг төлөөлүүлсэн хөшөө болохыг илтгэдэг өөр нэг дүрслэл бол Саян Алтай болон Евроазийн хэлбэрийн буган хөшөөнүүдийн оройн хэсгийг тойруулан бүслүүр мэт өргөн, нарийн ховил дүрслэл (заримдаа товойлгон гаргасан нь ч бий) юм. Энэхүү дүрслэлийг судлаачид титэм, малгай, толгойн боолт  гэхчилэн үздэг. Тэрчлэн зарим буган хөшөөний ар тал руу оройгоос доош унжсан үс юм уу малгайн бүч гэлтэй дүрслэл сийлсэн байдаг нь буган хөшөөний оройн хэсэгт хүний толгойн дүрслэл байгаа болохыг давхар баталдаг юм.

Түүнчлэн олон тооны буган хөшөөнүүдэд хоёр хажуу талын дугуй дүрснээс нэг болон хоёр салаа унжлага зүүж дүрсэлсэн байхаас гадна мөн хүзүүний зүүлтнээс амьтны соёо зүүснээр дүрслэн харуулсан байдаг нь нэмэлт баталгаа болдог.

Бидний өгүүлэн буй нэгээс гурван ташуу зураас, хүний нүүр, амьтны соёо зэрэг дүрсүүдийг ихэнх тохиолдолд буган хөшөөний наран ургах зүг харсан нарийн талд дүрслэн гаргасан байдаг бөгөөд эдгээр дүрслэлээр буган хөшөөний нүүрэн талыг таних боломжтой. Түүнээс гадна судлаачдын бамбай хэмээн үздэг “тагнай хээтэй таван талт” дүрс ихэнх тохиолдолд буган хөшөөнүүдийн зөвхөн ар талд дүрслэгдсэн байдаг. Буган хөшөөнүүдийн оройг ихэнх тохиолдолд нүүрэн талаас ар тал руу нь ташуу болгон зассан байдаг гэх мэт маш олон шинж тэмдгүүд бий.

Загварчилсан бугын дүрс бол буган хөшөөн дээрх хамгийн гол дүр ба дүрслэл юм. Монголын зарим эрдэмтэд буган хөшөөний бугын дүрсийг тайлбарлахдаа “Буга нь Төв Азийн нутагт өргөн тархсан арьс, мах, эвэр зэрэг бүтээгдхүүн өгдөг, хүнд ямар нэгэн хор хөнөөлгүй амьтан учраас түүнийг эрт цагаас эрхэмлэн шүтэх болсон” хэмээн үзэж байхад зарим нь “эртний хүмүүүс өөрсдийгөө тухайн овгийнхоо шүтэж ирсэн тотемоос үүсэлтэй хэмээн үздэг байсан бөгөөд эдгээр буган хөшөөний дурсгалыг үлдээгчид өөрсдийгөө буганаас гарсан гэж үзэж байсантай холбоотой” гэжээ.

Түүнээс гадна буган хөшөөний буга болон бусад дүрслэлийг эртний хүмүүсийн бие дээрх шивээс хэмээн үзэх хандлага бас байна. Тэдгээр эрдэмтэд Алтайн мөнх цэвдэгт хадгалагдан үлдсэн пазырыкийн соёлын булшнаас гарсан хүмүүсийн бие дээрх шивээстэй адилтган харьцуулан үздэг. Түүнчлэн скифүүдийн дунд өргөн дэлгэр байсан амьтны загварт урлагийн нөлөө хэмээн үздэг судлаачид ч олон бий. Хэдий тийм боловч буган хөшөөний соёлын холбогдох он цаг нь Скифийн соёлоос даруй хэдэн зуун жилээр эрт үед хамаарагдах нь сүүлийн үеийн судалгаанаас илэрхий болж байна. Үүнээс үзэхэд скифийн амьтны загварт урлаг буган хөшөөний амьтны загварт урлагт нөлөөлсөн биш харин эсрэгээрээ буган хөшөөний соёлоос амьтны загварт урлаг үүссэн тухай ярих нь үндэслэлтэй.

Ер нь буган хөшөөний буга болон бусад амьтдын дүрсний утга агуулга нь эртний шүтлэг, зан үйлийн илэрхийлэл болох тул бөө мөргөлийн зарим ойлголттой холбоотой болох талаар зарим судлаачид авч үздэг. Бугын шүтлэгийг тайлбарлахын тулд юуны түрүүнд тухайн үеийн хүмүүсийн шүтлэгийн ойлголтыг авч үзэх нь зүйтэй.

Евроазийн ард түмний дунд “тэнгэрийн буга”-ны үзэл санаа маш эрт үед бүрэлдэн тогтсон бөгөөд энэ нь бөө мөргөлөөр дамжин уламжлагдан үлдсэн аж. Энэ бүс нутгийн бөө мөргөлийн зан үйлд бугын холбогдолтой үзэл санаа, зан үйл баялаг бий. Тухайлбал Евроазийн олон угсаатнуудын бөө нарын малгай дээр бугын эвэрний дүрсийг төмрөөр хийж байрлуулсан байдаг. Бөө нарын малгай дээрх бугын эвэрний энэ дүрс нь “... тэнгэрийн буганы бэлгэдэл төдийгүй бөөг тэнгэр огторгуйд нисэхэд тусалдаг шидэт хүч..., ... буга хэлбэртэй туслагч онгодыг илэрхийлж байгаагаас гадна бөө нарыг тэнгэртэй холбоотой гэдгийн бэлгэдэл болдог” байна. Манж, түнгүс бөө нарын хувьд бөөгийн сүнс нь бугын дүрстэй байдаг төдийгүй бөөгийн өвөг дээдсийн сүнс нь бас буга хэмээн үздэг ажээ.

Түүнээс гадна ихэнх бөө нар онгод тэнгэрийн унаа хэмээн үздэг хэнгэрэгээ буга согоо болон бусад амьтдын арьсаар бүрдэг байсан бөгөөд монгол бөөгийн ойлголтоор бол “...Онгодын унаа бол  морь” хэмээн үздэг ч марал бугыг дээдлэн шүтдэг ойн монгол аймгуудын уламжлалаар марал буга буюу согооны арьсаар хэнгэрэгээ бүрдэг байсан нь тодорхой байна.

Бөө нар хэнгэрэгээ бугын арьсаар бүрэхийн сацуу хэнгэрэг амилуулах ёслол гэж тусгай ёслол үйлддэг. О.Пүрэвийн бичсэнээр “... ойн монгол аймгуудын бөө нар эртнээс нааш онгод тэнгэрийнхээ унааг буга, согоо” байсан гэдгийг бөөгийн хэрэглэгдхүүнээр нягталжээ.

Түүнээс гадна Сибирийн олон угсаатнуудын дунд бөөгийн гол өмсгөлүүдийн нэг малгай буюу титэм дээр бугын эвэрний дүрс байдаг бөгөөд энэ нь туслагч онгоны дүр төдийгүй бөөгийн онгод, сүнсний өвөг дээдэс нь гэж үздэг. Мөн Оросын Алтайд малтсан Пазырыкийн соёлын цөөнгүй ухмал модон авсны гадна ханыг бугын дүрстэй арьсаар  чимэглэсэн байжээ.

Эдгээр баримтаас харахад эртний шүтлэгийн ухамсраар буга нь энэ ертөнцөөс нөгөө ертөнцөд хүргэдэг, бөө хүнийг дээд ертөнцтэй холбодог, сүнс тээдэг шидэт онгод хүлэг, муу муухай зүйлээс хамгаалах шидэт амьтан болох ба энэхүү эртний үзэл санааны буга, буган хөшөөн дэх буга хоёрын хооронд ямар нэг холбоо хамаарал байгааг таамаглаж болно.

“Монголчууд нэн эртнээс 12-р зууны эхэн” номноос

11.25.2020

Шоргоолжин булшны соёл


Энэхүү содон нэртэй дурсгал нь бүтэц зохион байгуулалтын хувьд өвөрмөц, он цаг, угсаа гарвалын хувьд ээдрээтэй гэдгийг юуны түрүүнд дурдах нь зүйтэй. Шоргоолжин булш гэдэг нэрийг анх сонсоход гадаад зохион байгуулалтын хувьд шоргоолж хэмээх шавьжтай ямар нэг байдлаар адил болов уу хэмээх бодол төрөх нь дамжиггүй. Гэвч хэлбэрийн хувьд шоргоолжтой тэр бүр адилгүй бөгөөд ижилсэх ганц зүйл нь булшны хоёр талын хашлага дотогшоо нумран хотойсон өвөрмөц хэлбэр юм. Гэхдээ бидний хэрэглэж буй “шоргоолжин булш” хэмээх нэр томъёо нь нэг талаараа тухайн дурсгалыг бусад ижил төстэй дурсгалаас хэлбэр, он цаг, орон зайн хувьд ялгаатай болохыг зааж байгаа зөв нэршил гэж үзэж болно.

Шоргоолжин булшийг анх 1920-иод оны сүүл үед малтан судалсан бол манай улсад тус дурсгалын талаар анхны мэдээг Оросын судлаач В.В.Волков 1967 онд “Бронзовый и ранный железный век Северной Монголии” бүтээлдээ хэвлүүлсэн. 1964 онд Өвөрхангай аймгийн Богд сумын Тэвш ууланд хоёр шоргоолжин булш малтан судалж, эх хэрэглэгдхүүнийг нийтэлсэн байна. Хожим тэрээр Тэвш ууланд дахин түрүүлгэ нь харуулсан оршуулгатай, гурван шоргоолжин булш малтсан ба тэдгээр булшнуудад нас барагчийг нэг метр урт нүхэнд зүүн зүгт хандуулан оршуулсан байжээ.

Үүнээс хойш 30 жилийн дараа буюу 2000 оны эхээр манай улсад энэ төрлийн дурсгалын судалгаа  дахин сэргэж, түүний он цаг, угсаа гарвал, оршуулгын зан үйлийн талаар судлаачид өөрсдийн саналыг дэвшүүлж эхэлсэн юм.

Уг дурсгал нь Байгаль нуурын зүүн талаас Дорнод аймгийн зүүн хойд тал, Сүхбаатар аймгийн өмнөд тал, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймаг бүхэлдээ, Архангай аймаг, Төв аймгийн өмнөд тал, Баянхонгор аймгийн өмнөд тал, Өвөрмонголын зүүн хойд хэсэг гэсэн хагас дугуйрсан хэлбэртэй тархсан болох нь өнөөгийн судалгаагаар тодорхой болж байна. Хамгийн шигүү тархалттай газар нь Дорноговь, Өмнөговь аймгийн нутаг буюу Монголын өмнөд болон зүүн өмнөд хэсэг юм.

Дурсгалын тархалт хойшлох тусам сийрэгжих хандлагатай. Энэ нь нэг он цагт хамаарагдах афанасьев болон хиргисүүр, буган хөшөөний соёлынхонтой хил залган оршиж байсантай холбоотой гэж үзэж болно.

НТӨ 13-10-р зууны аж ахуй соёлын ялгаатай нүүдэлчид буюу шоргоолжин булшны соёлыг үлдээгчид баруун зүгээс ирсэн шилжилт хөдөлгөөний нэгэн салбар, өмнөхөн нь ирж суурьшсан хиргисүүр, буган хөшөөний соёлынхоны нутаг дэвсгэрийг тойрон, сул орон зайд нь нутагласан бололтой.

Тувагийн нутаг, Амар мөрний доод урсгал, Өвөр Монголын Алшаа уул, Мони уул, Улаан цав зэрэг газарт дүрслэгдсэн этгээд нүүр багийн дүрслэл нь шоргоолжин булшны шигүү тархалт бүхий Дорноговь, Өмнөговь аймгийн нутагт олонтаа таардаг. Ийм төрлийн дүрслэл Алтай, Хангай бүс нутгийн хадны зурагт тун цөөн, бараг байхгүй хэмээн судлаачид тэмдэглэдэг.

Сүхбаатар аймгийн Онгон сумын нутагт малтсан нэгэн шоргоолжин булшнаас европ төрхийн хүний оршуулга илэрсэн тухай нэгэн баримт байдаг. Энэ нь магадгүй баруун талаас нүүдэллэн ирсэн овог аймгийн төлөөлөл байж болох юм. Эсвэл овгийн бүрэлдхүүнд буй өвөрмөц төрхтөн байж болох тул палеоантропологийн судалгааг илүү нарийвчлах шаардлагатай аж.

Шоргоолжин булшны соёлынхон хиргисүүр, буган хөшөөний соёл, дөрвөлжин булшны соёлын эзэдтэй ямартаа ч угсаа гарвал, он цагийн хувьд тодорхой ялгаатай болохыг тухайн дурсгалууд хязгаарлагдмал орон зайд зэрэгцэн оршиж буй байдлаас харж болно. Говийн бүсийн жишээн дээр авч үзвэл шоргоолжин булш нь хавтгай судалтай хад чулуу ихтэй уулын энгэр бэл, говийн намхан даваа гүвээн дээр сондгойдуу ганц нэгээрээ эсвэл цөөн хэдээрээ бүлэглэн оршино. Хамгийн сонирхолтой нь хиргисүүр болон дөрвөлжин булшны оршуулгын газартай тэр бүр давхцдаггүй. Энэ нь он цагийн хувьд эрт бөгөөд тэдний хувьд оршуулгын газар сонгох анхдагч байх бүрэн боломжтой байсныг харуулна.

Шоргоолжин булш нь гадаад хэлбэрийн хувьд өвөрмөц байхаас гадна оршуулгын зан үйлийн хувьд ч гэсэн сонирхолтой. Уг булш нь ихэвчлэн өргөрөгийн дагуу сунасан байдалтай хойд болон урд талаараа хотойж нумарсан, дөрвөлжин хэлбэрийн чулуун хашлагатай байна. Хашлаганы зүүн хойд болон зүүн өмнөд талын буланд хөшөө маягийн өндөр чулуу босгодог хэдий ч он цагийн уртад газрын хэвгий даган унасан байдаг. Хашлаганы гадна болон дотор талыг чулуугаар битүү дарна. Хашлагыг хийхдээ дунджаар 0.3/0.5 см хэмжээтэй хавтгай чулууг үелэн өрж, дөрвөн тал нь дотогш нумарсан дөрвөлжин хашлага хийгээд түүнийгээ гадна талаас нь чулуугаар манадаг.

Дотоод зохион байгуулалтын хувьд хашлага чулууны төв хэсэгт 60-100 см нүх ухаад хүнээ түрүүлэг нь харуулан тэнэгэр байдалтай оршуулна. Хүнийхээ толгой, цээж, хөл талд хавтгай чулуугаар таглан, нүхийг шороогоор дүүргэсний дараа хашлаганы өндөртэй тэнцүүлэн бүхэлд нь жижиг чулуугаар дүүргэдэг байжээ. Шоргоолжин булшинд тун цөөн тохиолдолд хүнээ гэдрэгэ нь харуулан оршуулсан байдаг. Одоогоор нэг тохиолдолд буюу Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын нутагт малтсан зэрэгцээ хоёр шоргоолжин булшны нэг нь түрүүлэг нь, нөгөө нь гэдрэгэ харуулан оршуулсан мэдээ бий. Энэ түрүүлгэ нь болон гэдэргэ харуулсан оршуулга зэрэгцэн байгаа нь магадгүй оршуулгын зан үйлийн шилжилтийн үеийг харуулах нэгэн баримт байж болох талтай.

Оршуулгад эд өлгийн зүйл дагалдуулах нь тун ховор. Ихэвчлэн мал амьтны идээ шүүс дагалдуулдаг байжээ. Үүнийг гэрчлэх баримт бол Бага газрын чулуунд малтсан шоргоолжин булшинд ихэвчлэн бог малын яс байх боловч цөөн тохиолдолд бодын хавирга, араа шүдний зүйл олдсон байна. Өөр нэгэн сонирхолтой баримт бол Өмнөговь аймгийн Ханбогд сумын Ундайн голд малтсан нэгэн шоргоолжин булшинд тэмээний толгой, богино хавирганы хамт дагалдуулсан явдал юм. Харин хашлага чулууны орчмоос шавар сав суулгын хагархай, чулуун эдлэл, хүрэл эдлэл, малын яс зэрэг зүйлс гарах нь элбэг байдаг.

“Монголчууд нэн эртнээс 12-р зууны эхэн” номноос

11.24.2020

Дөрвөлжин булшны соёл


Хүрлийн үеийн томоохон дурсгалын нэг бол дөрвөлжин булш юм. Дөрвөлжин булш гэдэг нэр томъёог Оросын судлаач Г.И.Боровка анх гаргаж, ерөнхий тодорхойлолт, урьдчилсан ангилал хийсэн байдаг.

Дөрвөлжин булшны он цагийг тогтооход сүүлийн жилүүдэд байгалийн шинжлэх ухааны он цаг тогтоох арга өргөн хэрэглэх болсноор ямартаа ч Монгол нутагт малтан шинжилсэн дөрвөлжин булшны он цаг илүү тодорхой болж байна. Судалгааны үр дүнд дөрвөлжин булшны он цаг НТӨ 2-р мянганы төгсгөлөөс НТӨ 1 дэх мянганы эхний хагаст буюу хиргисүүр, буган хөшөөний соёлынхонтой 200-300 жилийн туршид зэрэгцэн оршиж байжээ.

Дөрвөлжин булшны тархалтын төв нь Дорнод Монгол бөгөөд түүнтэй хил залгаа Өвөрбайгаль, Хөлөнбуйр, Өвөр Монголын хойд хэсэг багтана. Тархалтын зүүн хязгаар нь Далай нуураас Шилка голын дунд урсгал, Халхын гол, Хянганы нурууны баруун бэлээр, өмнөд хязгаар нь мэдээлэл хомс байдлаас болж төдий л тодорхой бус боловч Нань-Шань уулын хойд биеэс Инь-Шань уулын хойд бэл хүртэл цаашдаа Монгол улсын хилийн дагуу үргэлжлэнэ. Баруун хязгаар нь Хөвсгөл нуурын хойд зах, Зэд голын хөндий, Хамар давааны урд бэл, Улаан-Үд хотын хойгуур Сэлэнгэ мөрний хөндийг оруулан Шилка гол хүрнэ. Дөрвөлжин булшны соёлын тархалт нь зүүнээс баруун тийш 1800 км, хойноос урагш 1400 км болох бөгөөд Евроазийн тал нутгийн зүүн зах юм.

Дөрвөлжин булшны оршуулгын газрууд дунджаар 3-5 эсвэл 10-15 булштай байдаг ч заримдаа 50 хүртэлх булшнаас бүрдэх нь ч бий. Дөрвөлжин булш нь үндсэн хоёр хэлбэр, энэ хоёрын холимог гэсэн 3 хэлбэртэй.

Нэгдүгээрт, дөрвөлжин булшнууд уртраг өргөрөгийн дагуу чиглэлтэй 1-7 эгнээгээр байрлана. Хоёрдугаарт, булшнууд тодорхой системгүй байрлахдаа зарим тохиолдолд хэд хэдэн бүлэг болж хуваагдана.

Мөн хиргисүүртэй янз бүрийн хэлбэрээр зэрэгцэн оршдог тохиолдол олон байдаг. Ингэхдээ хирэгсүүрийг тойрон, хиргисүүрийн төв овгор тойрог хоёрын завсар тохиолдоно. Энэ нь хиргисүүртэй нэг он цагт хамаарагдаж байгаа хэрэг бус бөгөөд зөвхөн түүний чулууг ашиглан хожим өөрсдийн оршуулгыг хийсэн байх өндөр магадлалтай юм. Учир нь хиргисүүрийн эмх цэгцтэй бүтэц зохион байгуулалттай үл авалцан хүрээний дотор талд ямар нэгэн зохион байгуулалттгүй оршиж байдаг.

Дөрвөлжин булшит соёлынхон гэж хэн бэ? Дөрвөлжин булшит соёл нь Өмнөд Сибирийн Карасукийн соёлтой зарим талаараа нийтлэг шинжтэй нэг ба хэд хэдэн соёлын үндсэн дээр бүрэлдсэн гэж зарим судлаачид үздэг бол зарим нь Манжуурын Дунбэйн соёлын оршуулгын байгууламжийн ижил төстэй зүйлд дулдуйдан дөрвөлжин булшийг Дунбэйн соёлоос эх үндэстэй бөгөөд тэдний шилжилт хөдөлгөөнтэй холбоотой гэж үздэг.

Түүнчлэн Өвөрбайгалийн Дворцов, Сяцзядяны болон дөрвөлжин булшит соёлд халбага маягийн зүүлт, олон товруут хүрэл товруу, шувууны дүрс, гурван хөлт хүлс, гараа алдлан зогсох хүмүүсийн дүрс зэрэг хоорондоо ижил төстэй эд өлгийн зүйлс олон байдгийг тэмдэглэсэн байна.

Сүүлийн энэ саналыг манай судлаачид дэмжин “...энэ нь он цаг болон түүхэн үйл явцтай зөрчилдөхгүй төдийгүй дөрвөлжин булшит соёлын зарим зангилаа асуудлууд, умардын овог аймгууд хаанаас гарч, хаана хүрснийг тандах сэжим болох юм” хэмээн өгүүлсэн нь бий.

Мөн цаашлаад НТӨ 3-р мянган жилийн эцсээс эхлэн Монголын баруун хэсэгт европжуу төрхтөн, төв ба зүүн хэсэгт монголжуу төрхт оршин суугчид сууж асан бөгөөд дөрвөлжин булшны соёлыг үлдээгчид Монгол дахь угсаатны үйл явцад идэвхтэй оролцогчид байсан гэж үзсэн байна.

Үнэндээ дөрвөлжин булшит соёлынхон түүхэн он цагийн хэлхээсээр эхэн үедээ хиргисүүр, буган хөшөөний соёлынхонтой баруун талаараа хиллэж, хугацааны дунд үед улам бүр баруун зүгт хил хязгаараа тэлэн хиргисүүр, буган хөшөөний соёлынхныг түрсэн нь тодорхой байна.

Зарим судлаачдын үзэж байгаагаар үнэхээр тэд Дунбэйн соёлоос эх үндэстэй бол тэднийг зүүн талаас орж ирэхэд хүчин суларч доройтсон шоргоолжин булшныхан хамгийн эхлээд нүүр тулсан нь дамжиггүй. Өөрийн гэсэн орон зай, хөрш зэргэлдээ оршин амьдрагчидтай харилцах асар их туршлага хуримтлуулсан шоргоолжин булшны соёлынхон тэднийг баруун зүгт түрэн урагшлахад чухал түлхэц үзүүлсэн биз ээ.

Мөн дөрвөлжин булшит соёлынхон Монголын анхны төрт улс Хүннү гүрнийг байгуулахад оролцсон бөгөөд цаашид Монгол угсаатныг бүрэлдэх үйл явцын гол дэвсгэр суурь болсон хэмээн судлаачид өөрсдийн саналыг олонтаа илэрхийлсэн байдаг. Хүннүгийн жирийн иргэдийн булш оршуулгын зан үйлийн явцад булшны гадаад байгууламж, хүнээ тавьсан байдал ба чиглэлийн хувьд дөрвөлжин булшны уламжлал хүннүгийн булшинд өвлөгдсөн байна. Энэ нь өөрөөр хэлбэл хүрэл ба төмрийн түрүү үеийн говийн өмнөх нүүдэлчдийн соёл, дөрвөлжин булшит соёлынхон харилцан холилдож нийлэгжсэний үндсэн дээр Хүннүгийн археологийн соёл бий болсон хэрэг юм. Энэ үйл явц НТӨ 4-3-р зууны үед болсон бололтой хэмээн таамагладаг.

Үүнийг хүрэл ба хүннүгийн үеийн шавар савны зонхилох хээ ижил бөгөөд нэг янзын техникээр хийгдсэн байгаа, мөн зарим төрлийн хутга сумны зэвний хэлбэр адил байгаа зэрэг археологийн баримтаар батлах боломжтой хэмээн үзжээ. Энэхүү таамаглал нь батлагдах боломжтой хэдий ч дөрвөлжин булшит соёлынхон хүннүгийн соёлд уусан нийлэгжсэн шилжилтийн үеийн баримт сэлт одоогоор тодорхойгүй байна. Гэхдээ Булган аймгийн Эгийн голын хөндий, Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд хийсэн археологийн өргөн цар хүрээтэй малтлагын явцад хүннүгийн он цагийн өмнөхөн буюу түүний он цагийн эхлэлтэй давхцах дөрвөлжин булшийг илрүүлэн олсон нь ямартай ч энэхүү хоёр соёлын баримтууд шил даран байгааг харуулах баримт мөн билээ.

Он цаг, газар нутаг, угсаа гарлын хувьд дөрвөлжин булшит соёлынхон төрт улс байгуулагдах дэвсгэр суурь, үндсэн хөдөлгөх хүч болж байгаагаараа тэд нийгмийн бүтэц зохион байгуулалтын хувьд нилээд дэвшингүй байсан нь маргаангүй юм. Үүнийг батлах эсвэл сэргээн харах цонх бол яах аргагүй тэдний үлдээсэн булш оршуулгын дурсгал, бууц суурингийн үлдэгдэл буюу археологийн хэрэглэгдхүүн билээ.

Хэмжээний хувьд дөрвөлжин булшнуудаас нийгмийн дээд хэсгийнхний байр суурийг орон нутгийн төвшинд илэрхийлэхийн сацуу хол бүс нутагтай таваарын солилцоо хийж байсан болохыг харуулах баримтууд байдаг. Мөн үе удам дамжин залгамжилдаг нийгмийн дээд хэсгийнхний байр суурьтай холбоотой булшны  байгууламжийн ялгааг хүүхдийг хэрхэн оршуулсан байдлаас харж болно. Нас барах үед нийгмийн ямар нэгэн байр суурь эзлээгүй байсан өсвөр насны хүүхдийг үе залгамжлалын дагуу тодорхой төвшинд хүрсэн хүүхдийг оршуулсан байдалтай харьцуулахад илүү нарийн зан үйлийн дагуу оршуулсан баримт бий. Гэхдээ энэ нь мэдээж тэрхүү урт түүхэн цаг үеийг шууд төлөөлнө гэсэн үг биш юм. Ямартаа ч хүүхдийг оршуулсан байдал, тэдгээр булшны байгууламжийн нүсэр шинж, тодорхой харагдах овор хэмжээний ялгаа, харь гаралтай тансаг хэрэглээний зүйл олдсон зэрэг баримт нотолгоонууд нийлбэр дүнгээрээ хүрэл ба төмрийн түрүү үед их талд оршин сууж байсан бүлгүүд дотор давхараажилт явагдсан болохыг ямар нэг хэмжээгээр гэрчилж байгаа билээ.

Дорнод болон Төв Монголын нутагт суурьшин байсан дөрвөлжин булшит соёлынхон Хүннүгийн төр үүсэн тогтворжих, өмнөд зүгийн суурин соёлуудтай холбоо тогтоохоос өмнө өөрийн гэсэн өвөрмөц шинж чанар бүхий зохион байгуулалтыг бий болгож чадсан байсныг сүүлийн үеийн археологийн баримтууд тодорхой харуулж байна.  

“Монголчууд нэн эртнээс 12-р зууны эхэн” номноос  

11.23.2020

Афанасьевийн соёл


Төв ба Баруун Монгол, хил залгаа Уулын Алтай, Минусын хотгор, Саян Тагны уулархаг нутагт тархсан Афанасьевийн соёл зэс чулууны үе буюу энеолитийн үеийн хамгийн сайн судлагдсан соёл юм. Энэ соёлтой холбоотойгоор үйлдвэрлэх аж ахуй Төв Азид түгэн дэлгэрсэн бөгөөд тэдэнтэй хамт гэрийн мал аж ахуй, төмөрлөг боловсруулах урлаг, шавар савны шинэ хэв маягууд, оршуулгын зан үйлийн өвөрмөц хэлбэр Ижил Уралын бүс нутгаас Төв Азийн гүнд орж ирсэн байна.

Афанасьевчууд өвөг индоевроп хэлээр яригчид байсан гэдэг нь бараг эргэлзээгүй бололтой. Чухам энэ үед өвөг индоевроп хэлнээс салсан Тохарын бүлгийн аялгууд хожим НТ-ын 6-р зуунд одоогийн Шинжааны нутагт торгоны замын дагуу тэмдэглэгдсэн хэд хэдэн бие даасан хэлнүүд болж хөгжсөн болов уу. Үндсэндээ Төв Азийн эртний европжуу төрхтнүүдийг бүхэлд нь афанасьевийн соёлтой холбон тайлбарлах уламжлал түүх бичлэгт нэгэнт тогтжээ.

Алтай, Минусын хотгор, Төв ба Баруун Монголд тархсан афанасьевийн соёлын гарал үүсэл маргаантай байдаг боловч олонхи судлаачид Дорнод Европын “Нүхэн булшны соёл”-той (НТӨ 3600-2300 он) холбон тайлбарладаг. Археологийн соёлын хувьд төдийгүй удамшил зүй, палеогенетикийн хувьд энэ үзэл батлагдаж байгаа юм.

Нүхэн булшны соёлынхон мал аж ахуй эрхлэхийн зэрэгцээ зээтүүт газар тариаланг хавсарга болгон хөгжүүлж байжээ. Тэдний булш оршуулга болон цөөн тооны суурингийн үлдэгдэл илэрч судлагдаад байна. Ерөнхийдөө нүүдлийн ба хагас нүүдлийн ахуйтай байсан, Европт хамгийн эртний тэрэг чухам энэ соёлоос илэрсэн.

Нүхэн булшны соёлын оршуулгын дурсгал нь чулуу, шороон овгор дараастай булшинд хүнээ нуруугаар нь дээш харуулан хэвтүүлж, хөлийг нь өвдгөөр нь нугалж дээш босгон тавьсан байдаг ажээ. Хүнээ тавьсан байдал төдийгүй ясан дээрээс нь зосыг их хэмжээгээр цацдаг заншил афанасьевийн соёлынхтой адил юм. Мөн нүхэн булшнаас хүн дагалдуулан мал аж ахуй эрхэлдэг байсныг нотолж, үхэр, гахай, хонь, ямаа, адууны яс илэрдэг байна.

Одоогийн байдлаар Орос Алтай, Минусын хотгор, Монгол нутгаас нийтдээ 600 орчим афанасьевийн булш, оршуулгыг илрүүлж судлаад байна. Булш нь голдуу дугуй хэлбэртэй битүү чулуун дараастай бөгөөд захаар нь хавтгай чулууг хавиргалан босгох юм уу том чулуугаар хаяавч хийдэг байна. Дараасны дор ихэвчлэн төв хэсэгт нь нэг булшны нүх байх боловч заримдаа хоёр, түүгээр ч зогсохгүй гурван булшны нүх байх нь бий. Мөн түүнчлэн жижиг хүүхдийн оршуулгын нүхнүүдийг хаяавчийн дагуу ухсан байх нь тохиолддог. Дараасны хэмжээ 5-18 метр байна. Булшинд хүнээ ар нуруугаар нь тавьж, өвдгийг нь атийлган дээш сойсон байдалтай олддог. Талийгаачийн энэхүү өвөрмөц байрлалыг магадгүй сандал дээр суулгаж хөшөөсний дараа булшинд оршуулдаг байсан болов уу гэж таамагладаг. Хүнээ голчлон баруун, баруун өмнө зүг толгойгоор нь хандуулан оршуулна. Оршуулгын гол онцлог нь нас барагчдыг их бага хэмжээний улаан зосоор хучсан байдагт оршино.

Оршуулгад дагалдуулан цөөн тооны эд өлгийн зүйлс тавьдаг байна. Магадгүй анх тавихдаа илүү баялаг бөгөөд органик гаралтай эд зүйлс тавьсан байсныг үгүйсгэх аргагүй боловч одоо нэгэнт үлдэж хоцорсон зүйлс үгүй юм. Тухайлбал цөөн тооны зэс ялтсан эдлэл гарсан нь модон сав суулганы амсрын бэхэлгээ байсан бололтой гэж таамагладаг. Нийт афанасьев булшны 70% нь ямар нэгэн эд өлгийн зүйлтэй илэрчээ. Эдгээрийн дотор шавар сав суулга хамгийн их хувийг эзлэнэ. Эдгээр сав суулгын олонхи нь өндгөн ёроолтой бөгөөд тасархай зураасан хээ чимэглэлтэй байдаг ажээ. Мөн чулуу, яс, зэсээр хийсэн гоёл чимэглэлийн зүйлс, чулуун нухуур, самбар чулуу зэрэг аж ахуйтай холбоотой эд зүйлс тохиолддог.

Баруун Монголын энеолитийн үеийн хадны зургуудын томоохон дурсгалуудын тоонд Чулуут голын хөндийд байх Чулуут голын хадны зургийн цогцолбор, Өвөрхангай аймгийн Тэвш уул, Баян-Өлгий аймгийн нутаг Цагаан салаа, Бага Ойгорын голын хөндийн дурсгалууд багтана. Энэ үеийн хадны зургууд Баруун болон Өмнөд Монголоос олдож байгаа нь Өмнөговь аймгийн Арабжах, Увс аймгийн Наранбулаг зэрэг болно.

Эдгээр зурагт овгийн эм үүтгэл, эмэг эх, хүний нүүрний дүрстэй баг, дээш өргөсөн 3 хуруутай гар бүхий эмэгтэйчүүдийн дүрс, эх марал ба эцэг бугын дүрс, саран хэлбэрийн юм уу урагш чиглэсэн эвэртэй нүсэр том үхрийн дүрс, янгирын дүрс голлодог байна.

Афанасьевийн соёлын булш, оршуулгын газрууд, суурингийн судалгаа тархалт зэргээс үзэхэд тэд харьцангуй жижиг бүлгээр буюу овгоороо амьдарч байсан бололтой. Монголын афанасьевийн булшнууд ихэвчлэн ганцаараа, цөөн тохиолдолд гурав хүртэл булш нэг дор байдаг бол Минусын хотгорт 66 хүртэл хүний оршуулга нэг дор байдаг байна. Бүлэг оршуулганд талийгаачдыг нас хүйсийн ялгаагүйгээр нэгэн том нүхэнд ижил хэмжээний үнэ цэнэтэй эд өлгийн зүйлс дагалдуулан оршуулжээ. Оршуулгын энэ зан үйлээс харахад тэр үед өмч хөрөнгө ба зэрэг дэвийн ялгаа төдий л гараагүй байжээ гэж таамаглаж болно. Зарим булшнаас илэрсэн хүний чандар, хэсэгчлэн үлдээсэн хүний яснууд, толгой болон их биеийн яснуудыг салгаж шуудайлсан хүний үлдэгдэл зэрэг нь тэдний оршуулгын зан үйлд олон төрлийн оршуулах, оршуулгад бэлдэх ёс байсныг харуулдаг.

Афанасьевийн оршуулгын газраас гарсан хүмүүсийн нас хүйсийг харьцуулан судлахад дунджаар 18 эрэгтэйд 12 эмэгтэй оногддог. Энэ тооцоон дээр үндэслэн тэдэнд олон нөхөрт ёс буюу полиандр ёс байсан болов уу гэж таамагладаг. Энэхүү ёс нь эхийн эрхт овгоос эцгийн эрхт овог руу шилжих завсрын үед байсан ёс аж.

“Монголчууд нэн эртнээс 12-р зууны эхэн” номноос

11.22.2020

Анхны малчид – Энеолит буюу зэс чулууны үе

 


Төв Азийн хувьд одоогоос 5300 - 4600 жилийн тэртээ үйлдвэрлэх аж ахуй бий болж, шинэ соёлууд үүсэн бүрэлдсэн байна. Энэ бүс нутгийн оршин суугчид мал аж ахуй, газар тариаланд шилжин орж, зэс ба хүрлийн төмөрлөг эзэмшиж байсан бол уул-тайгын оршин суугчид анчид, загасчид хэвээр үлджээ.

Зэс чулууны үед Төв Азид бие биеэс харилцан хамааралтай болон эс хамааралтай 4 угсаа соёлын бүс нутаг зэрэгцэн оршиж байсан байна.

-Дорнод хээр талын (Дорнод Монгол ба Өмнөд Өвөрбайгаль)

-Дорнод ойн (Дорнод Монгол Өмнөд Өвөрбайгаль)

-Өмнөд (Монголын говийн бүс ба Умард Хятад)

-Өрнөд (Баруун Монгол) болно.

Эдгээр нь тус бүрдээ дурсгалуудын шинж төрх, соёлын ерөнхий төрх, соёл түүхийн хэлхээ холбоо зэргээрээ ялгаатай юм.

Сэлэнгэ мөрний дунд урсгал, Шилка, Эргүнэ голын хоорондох хөндий, Онон голын сав нутаг, дорнод Монголын хээр тал зэрэг өргөн уудам нутгийг хамарсан угсаа соёлын нийтлэг энеолитийн үед бүрэлдсэн байна. Энэ үед Дорнод Монгол ба Өвөрбайгалийн хээр талын оршин суугчдын хувьд мал аж ахуй аажмаар голлох аж ахуйн нэг болсон бололтой. Үүний зэрэгцээ Өвөрбайгаль ба Дорнод Монголын оршин суугчдын амьдралд энэ үед анх удаа төмөрлөг – зэс ба хүрэл орж ирсэн билээ. Төмөрлөгтэй дөнгөж танилцсан төдийгүй түүнийг боловсруулж байсан болохыг зарим нэгэн олдворууд болон зэс-хүрлийн баас, дуслууд гэрчилдэг юм.

Зэсийг боловсруулах арга ажиллагаа 4 үе шатыг дамжин хөгжсөн байна. Эхэндээ зэсийг чулууны адил давтаж боловсруулдаг байсныг “хүйтэн боловсруулалт” гэж нэрлэдэг. Хоёрдугаар шатанд цул зэсийг хайлуулж задгай хэвэнд цутгах болсон бол гуравдугаар шатанд зэсийн хүдрийг хайлуулж эхэлжээ. Дөрөвдүгээр шатанд зэс дээр нэмэлт төмөрлөг хийж зохиомол төмөрлөг гаргасан нь хүрэл юм.

Тухайн бүс нутагт энеолитийн үед гэрийн тэжээмэл малыг оршуулгын зан үйлд ашиглах явдал үзэгдэх болжээ. Неолитийн үед булшин дээр ямар нэгэн танигдах тэмдэг тавьдаггүй юм уу эсвэл сийрэг байрласан цөөн чулуу тавьдаг байсан бол энеолитийн үеэс булшнуудыг том хавтан чулуугаар дарж тавьдаг болсон нь хээр талын дунд холоос үзэгдэх бараатай болсон байна. Ингэснээрээ тэд малчдын овгийн болон гэр бүлийн оршуулга байгаа газраа бэлчээр нутаг болгон эзэмших эрхтэйг баталгаажуулсан тэмдэг болж байгаа мэт юм.

Умард Монгол, Өвөр байгалийн соёлын суурингуудаас илэрсэн ясны олдворууд дотор загас (хэлтэгэ, улаан нүдэн, алгана, цурхай), зэрлэг амьтан (хар сүүлт, хандгай, буга, гахай, зээр, туулай, нугас, галуу), гэрийн тэжээмэл амьтад (адуу, үхэр, хонь) тохиолддог байна. Булш ба суурингаас нохойны оршуулга, ан агнуурын болон загас агнуурын багаж хэрэгсэл олдож байгаа нь, мөн зэрлэг ан амьтдын яс гэрийн тэжээмэл амьтны яснаас илүү олон олдож байгаа нь Өмнөд Өвөрбайгаль ба Дорнод Монголын оршин суугчдын хувьд ан агнуур урьдын адил голлох үүрэг гүйцэтгэж байсныг харуулж байна. Мал аж ахуй магадгүй газар тариалан үндсэн аж ахуй болж хараахан чадаагүй байна.

Гэтэл мөн цаг үеийн Говийн дурсгалуудаас тариа нухах самбар чулуу, нүдүүр, нухуур олноор олддог юм. Эдгээр нь зээтүү хэлбэрийн зарим эдлэлийн хамтаар аж ахуйд томоохон өөрчлөлт гарч газар тариаланд шилжин орж байсныг харуулдаг. Энэ үеийн дурсгалууд томоохон хотгор газарт хатсан гол , нуурын эргээс олдож байгаа нь тухайн үед одоогийнхоос илүү дулаан, чийглэг уур амьсгалтай байсныг гэрчилж байна.

Хүн амын төрхийн хувьд Өмнөд Өвөрбайгаль ба Дорнод Монголын ойн ба тал хээрийн бүсэд монголжуу төрхийн хүмүүс оршин амьдарч байжээ. Ойн анчид, загасчид хүрээлэн буй орчиндоо дасан зохицох урьдын хэлбэрээ боловсронгуй болгож байсан бол талын оршин суугчид мал аж ахуй магадгүй газар тариаланг эзэмшиж байжээ. Үүнд НТӨ 3-р мянганы сүүл үеэс 2-р мянганы эхэнд болсон цаг уурын өөрчлөлт чухал үүрэг гүйцэтгэсэн байна. Энэ үед Монгол ба Өвөр байгальд цаг агаар хуурайших үйл явц явагдсан нь эцэстээ хөгжингүй мал аж ахуйг голлох аж ахуй болгон сонгоход шийдвэрлэх үүрэг гүйцэтгэжээ. Аж ахуйн өөрчлөлт нь улмаар эдийн соёл ба оршуулгын зан үйлд өөрчлөлт гараад зогсохгүй аажмаар угсаа соёлын ялгаа болж гүнзгийрсэн гэж үзэж болно.

“Монголчууд” номноос