11.25.2020

Шоргоолжин булшны соёл


Энэхүү содон нэртэй дурсгал нь бүтэц зохион байгуулалтын хувьд өвөрмөц, он цаг, угсаа гарвалын хувьд ээдрээтэй гэдгийг юуны түрүүнд дурдах нь зүйтэй. Шоргоолжин булш гэдэг нэрийг анх сонсоход гадаад зохион байгуулалтын хувьд шоргоолж хэмээх шавьжтай ямар нэг байдлаар адил болов уу хэмээх бодол төрөх нь дамжиггүй. Гэвч хэлбэрийн хувьд шоргоолжтой тэр бүр адилгүй бөгөөд ижилсэх ганц зүйл нь булшны хоёр талын хашлага дотогшоо нумран хотойсон өвөрмөц хэлбэр юм. Гэхдээ бидний хэрэглэж буй “шоргоолжин булш” хэмээх нэр томъёо нь нэг талаараа тухайн дурсгалыг бусад ижил төстэй дурсгалаас хэлбэр, он цаг, орон зайн хувьд ялгаатай болохыг зааж байгаа зөв нэршил гэж үзэж болно.

Шоргоолжин булшийг анх 1920-иод оны сүүл үед малтан судалсан бол манай улсад тус дурсгалын талаар анхны мэдээг Оросын судлаач В.В.Волков 1967 онд “Бронзовый и ранный железный век Северной Монголии” бүтээлдээ хэвлүүлсэн. 1964 онд Өвөрхангай аймгийн Богд сумын Тэвш ууланд хоёр шоргоолжин булш малтан судалж, эх хэрэглэгдхүүнийг нийтэлсэн байна. Хожим тэрээр Тэвш ууланд дахин түрүүлгэ нь харуулсан оршуулгатай, гурван шоргоолжин булш малтсан ба тэдгээр булшнуудад нас барагчийг нэг метр урт нүхэнд зүүн зүгт хандуулан оршуулсан байжээ.

Үүнээс хойш 30 жилийн дараа буюу 2000 оны эхээр манай улсад энэ төрлийн дурсгалын судалгаа  дахин сэргэж, түүний он цаг, угсаа гарвал, оршуулгын зан үйлийн талаар судлаачид өөрсдийн саналыг дэвшүүлж эхэлсэн юм.

Уг дурсгал нь Байгаль нуурын зүүн талаас Дорнод аймгийн зүүн хойд тал, Сүхбаатар аймгийн өмнөд тал, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймаг бүхэлдээ, Архангай аймаг, Төв аймгийн өмнөд тал, Баянхонгор аймгийн өмнөд тал, Өвөрмонголын зүүн хойд хэсэг гэсэн хагас дугуйрсан хэлбэртэй тархсан болох нь өнөөгийн судалгаагаар тодорхой болж байна. Хамгийн шигүү тархалттай газар нь Дорноговь, Өмнөговь аймгийн нутаг буюу Монголын өмнөд болон зүүн өмнөд хэсэг юм.

Дурсгалын тархалт хойшлох тусам сийрэгжих хандлагатай. Энэ нь нэг он цагт хамаарагдах афанасьев болон хиргисүүр, буган хөшөөний соёлынхонтой хил залган оршиж байсантай холбоотой гэж үзэж болно.

НТӨ 13-10-р зууны аж ахуй соёлын ялгаатай нүүдэлчид буюу шоргоолжин булшны соёлыг үлдээгчид баруун зүгээс ирсэн шилжилт хөдөлгөөний нэгэн салбар, өмнөхөн нь ирж суурьшсан хиргисүүр, буган хөшөөний соёлынхоны нутаг дэвсгэрийг тойрон, сул орон зайд нь нутагласан бололтой.

Тувагийн нутаг, Амар мөрний доод урсгал, Өвөр Монголын Алшаа уул, Мони уул, Улаан цав зэрэг газарт дүрслэгдсэн этгээд нүүр багийн дүрслэл нь шоргоолжин булшны шигүү тархалт бүхий Дорноговь, Өмнөговь аймгийн нутагт олонтаа таардаг. Ийм төрлийн дүрслэл Алтай, Хангай бүс нутгийн хадны зурагт тун цөөн, бараг байхгүй хэмээн судлаачид тэмдэглэдэг.

Сүхбаатар аймгийн Онгон сумын нутагт малтсан нэгэн шоргоолжин булшнаас европ төрхийн хүний оршуулга илэрсэн тухай нэгэн баримт байдаг. Энэ нь магадгүй баруун талаас нүүдэллэн ирсэн овог аймгийн төлөөлөл байж болох юм. Эсвэл овгийн бүрэлдхүүнд буй өвөрмөц төрхтөн байж болох тул палеоантропологийн судалгааг илүү нарийвчлах шаардлагатай аж.

Шоргоолжин булшны соёлынхон хиргисүүр, буган хөшөөний соёл, дөрвөлжин булшны соёлын эзэдтэй ямартаа ч угсаа гарвал, он цагийн хувьд тодорхой ялгаатай болохыг тухайн дурсгалууд хязгаарлагдмал орон зайд зэрэгцэн оршиж буй байдлаас харж болно. Говийн бүсийн жишээн дээр авч үзвэл шоргоолжин булш нь хавтгай судалтай хад чулуу ихтэй уулын энгэр бэл, говийн намхан даваа гүвээн дээр сондгойдуу ганц нэгээрээ эсвэл цөөн хэдээрээ бүлэглэн оршино. Хамгийн сонирхолтой нь хиргисүүр болон дөрвөлжин булшны оршуулгын газартай тэр бүр давхцдаггүй. Энэ нь он цагийн хувьд эрт бөгөөд тэдний хувьд оршуулгын газар сонгох анхдагч байх бүрэн боломжтой байсныг харуулна.

Шоргоолжин булш нь гадаад хэлбэрийн хувьд өвөрмөц байхаас гадна оршуулгын зан үйлийн хувьд ч гэсэн сонирхолтой. Уг булш нь ихэвчлэн өргөрөгийн дагуу сунасан байдалтай хойд болон урд талаараа хотойж нумарсан, дөрвөлжин хэлбэрийн чулуун хашлагатай байна. Хашлаганы зүүн хойд болон зүүн өмнөд талын буланд хөшөө маягийн өндөр чулуу босгодог хэдий ч он цагийн уртад газрын хэвгий даган унасан байдаг. Хашлаганы гадна болон дотор талыг чулуугаар битүү дарна. Хашлагыг хийхдээ дунджаар 0.3/0.5 см хэмжээтэй хавтгай чулууг үелэн өрж, дөрвөн тал нь дотогш нумарсан дөрвөлжин хашлага хийгээд түүнийгээ гадна талаас нь чулуугаар манадаг.

Дотоод зохион байгуулалтын хувьд хашлага чулууны төв хэсэгт 60-100 см нүх ухаад хүнээ түрүүлэг нь харуулан тэнэгэр байдалтай оршуулна. Хүнийхээ толгой, цээж, хөл талд хавтгай чулуугаар таглан, нүхийг шороогоор дүүргэсний дараа хашлаганы өндөртэй тэнцүүлэн бүхэлд нь жижиг чулуугаар дүүргэдэг байжээ. Шоргоолжин булшинд тун цөөн тохиолдолд хүнээ гэдрэгэ нь харуулан оршуулсан байдаг. Одоогоор нэг тохиолдолд буюу Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын нутагт малтсан зэрэгцээ хоёр шоргоолжин булшны нэг нь түрүүлэг нь, нөгөө нь гэдрэгэ харуулан оршуулсан мэдээ бий. Энэ түрүүлгэ нь болон гэдэргэ харуулсан оршуулга зэрэгцэн байгаа нь магадгүй оршуулгын зан үйлийн шилжилтийн үеийг харуулах нэгэн баримт байж болох талтай.

Оршуулгад эд өлгийн зүйл дагалдуулах нь тун ховор. Ихэвчлэн мал амьтны идээ шүүс дагалдуулдаг байжээ. Үүнийг гэрчлэх баримт бол Бага газрын чулуунд малтсан шоргоолжин булшинд ихэвчлэн бог малын яс байх боловч цөөн тохиолдолд бодын хавирга, араа шүдний зүйл олдсон байна. Өөр нэгэн сонирхолтой баримт бол Өмнөговь аймгийн Ханбогд сумын Ундайн голд малтсан нэгэн шоргоолжин булшинд тэмээний толгой, богино хавирганы хамт дагалдуулсан явдал юм. Харин хашлага чулууны орчмоос шавар сав суулгын хагархай, чулуун эдлэл, хүрэл эдлэл, малын яс зэрэг зүйлс гарах нь элбэг байдаг.

“Монголчууд нэн эртнээс 12-р зууны эхэн” номноос

No comments:

Post a Comment